#

Wednesday, December 19, 2018

Зэтгэрт хууртчихав уу даа...

Би нэг айлд байх юм. Их цэвэрхэн халуу дүүгсэн, саяхан гал түлсэн бололтой6
Зуухныхаа дээд талд нэг том ширээг хөндлөн биш хоймор өөдөө өгсүүлж тавьжээ. Нэлээд өндөр хөлтэй юм.
Тэр айлын гэргий бололтой нэг сэлдэн хар хөх торгон дээлтэй бүсгүй байна. 40 орчим настай. Тэднийх баруун хоймрынхоо урт авдран дээрээ 2 ширхэг нугастай тол зэрэгцүүлээд тавьчихсан нь их тод. Учир нь тэр бүсгүй, одоо ингэсгээд энэ толин дотор үзэгдэнэ л гээд толь руугаа нүдээ гялалзуулж дохиод байх юм. Нэг л юм үзэгдэх бололтой. Чөтгөр ч юм уу, ямар нэгэн тийм ад зэтгэрийн амьтан.
Би толиных нь эсрэг талд, өнөөх өндөр ширээний ард, зуухны үүдэнд суугаад буугаа бэлдээд байна. Нэг тосорхуу юм галд халаагаад буундаа түрхээд байх юм, бодвол тэр бууг л шидэлж буй бололтой. Үе үе тэр толь руу хяламхийгээстэй. Тэр бүр зуухны буланд өрөвдөлтэй өвдөглөөд суучихсан өөрийгөө л харна. Гэр бүдэгдүү гэрэлтэй, бүрий үдэш болж буй бололтой. Тэгтэл ч удалгүй үнэхээр өнөөх толинд үзэгдэх нь өөр болоод ирэв. Эхлээд тэр толинд яг өнөөх өндөр ширээ, түүний доод талд байх зуухны булан, түүний цаана буугаа бариад сууж байгаа би, миний ард байгаа цагаан авдар дээр бас нэг багашиг нугастай толь харагдаж байсан юм. Тэгснээ уужраад уужраад, бүр цаашаа хүнхийсэн юу нь мэдэгдэхгүй олон харанхуйлах өрөө, хаалгатай ордон шиг юм болчихлоо.
Тэр толин дотор л тэгэж харагдаад байгаа хэрэг шүү дээ. Одоо л нөгөө чөтгөр ч юм уу, юу нь ч юм бэ нэг хий шидтэй юм тэр толин доторх өнөөх орон зайд үзэгдэх нь ээ гээд би хүлээгээд буугаа зэхээд байлаа.
Тэгтэл гэнэтхэн миний ар талд нэг эм амьтан их зэвүүн, доогтой, бас дотор зарсхиймээр хяхарган инээдэг юм байна. Эргээд хартал өнөөх айлын эзэгтэй өөрөө миний ардах хайрцган дээр байсан жижигхэн толин дотроо орчихсон намайг шоолоод хөхөрч байх юм.
Буудах гэтэл тэр толь ханараад л бутраад л уначихлаа. Би ч бараг буудчих шиг л болсон. Тэгтэл тэр хагарсан хэлтэрхий бүрээс өнөөх хүүхний нүүр царай булталзаж харагдаад могойнх шиг хоёр салаа хэл гозолзоод явчихлаа. Хичнээн ч олон хэсэг бутардаг юм. Өнөөх хяхарган дуу хадаастай. Цогон дээгүүр харайж буй мэт л цовхроостой. Арай гэж сэрэв шүү. Үнэхээр л их цовхочсон шинжтэй байдгаараа аахилаастай.

#

No comments: