#

Tuesday, November 13, 2007

Монгол руу ярьж нэг сураг гаргахаас...


Ойрд дандаа л өнгөрсөн цаг үед уулзаж, учирч явсан найз нөхдөөсөө зүүдлээд байх чинь. Дотор сэтгэл маань жаал ганцаардаж, гансараад байгаа ч юм болов уу, эсвэл...

... Говийн жавартай өвлийн үдшийн тэнгэрийн хаяа ямар харагддаг гээч... Жавар тас няс хийж, сормуус цантан, хацар чимчигнэх тэр цагаар тэр тэнгэрийн хаяанаас эрч хүч амтагдаж, гоо сайхан анхилдаг...

Тийм нэгэн үдшээр, жаргаж байгаа нарны сүүлчийн туяа жавар ойлгож, хүүрэг санжуулсан хүлэмжийн төмөр хананаас салж ядан байх үест үстэй малгайгаа ар шилэн дээрээ шидчихсэн, ид зургаан сарын наран доор яваа мэт сэнгэнэтэл исгэрчихсэн явж байх юм, ТЭР. Тийм л хүн л дээ. Түүнтэй хөдөөгийн нэгэн буйд суманд Эвлэлийн хорооны дарга хийж байхад нь анх танилцаж нөхөрлөж билээ. 80-аад оны сүүлч шиг билээ. Сумын клубын зааланд сардаа ганц болдог нийтийн бүжиг түүнгүйгээр ер амилахгүй. Жижигхэн можгор хөлөө ачиж суугаад Баян хуур хөгжмөө татаад эхлэхээр хорвоо дэлхий дээр түүн шиг хөгжүүн хүн үгүй мэт болчихно. Үүдээр бөөгнөрөн, нэг нэгнийхээ араас зориггүйхэн булталзаж байсан, хөвөнтэй дээлээ жимбийтэл нь бүсэлж, алчуур хүзүүндээ зангидсэн хөрслөг улаан хөдөөний охид бүү хэл сумын клубын муу чихарсан банзан шал хүртэл түүнийг дагаад хөгжүүн болчих шиг болдогсон. Баянхуур хөгжмийг бол ёстой эдэлнэ дээ, эдлэнэ. Можгор бор хуруунууд нь хөгжмийн дарвуул дээгүүр үен хулгана мэт жирэлзэн, ачиж суусан хөл нь заримдаа баянхуураасаа ч дээгүүр можигноно.

“Чи ч энэ муу баяаныг нээрээ нэг эдлэх юм аа, атаархмаар...”

Аймагтаа л ах нь нэг номерийн баяанист...”

“Улсад бол...?”

Улсад бол Тэрбиш гавьяатын дараа даа...”

Энэ нь ортой байх аа. Би түүн шиг Баяаныг тэгэж уйлуулж, дуулуулж, үг хэлүүлж чаддаг хүнтэй хожим нь таарч байсангүй. Хааяа нэг хөдөөгүүр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ганц Автолок уначихсан хэдэн кино аччихсан, суурь айлуудаар орж, киногоо гаргаж, бас баяанаа татаж, дуулж, хуурдаж, худалдаагаар үйлчилж явна. Тэр цагт хадлан тэжээл, сүү сааль, отор, хашаа, хаврын тариалалт, мал төллөлт, зуд турхан гээд л хөдөөгийн сумын аль л сайн муу бүх ажилд “нохойд барьдаг мод” гэдэг шиг Сумын Эвлэлийн хорооны дарга л явж байдаг байж билээ. Тийм ч цаг үе байж дээ. Мань хүн тэр бүхэнд хамгийн түрүүнд баяанаа үүрээд л гарч өгнө. Хэнээр ч хэлүүлж шавдуулахгүй, эх орныхоо хөгжил, социализмын гэрэлт ирээдүйн төлөө гэсэн бат итгэл нь тэр бүх хүнд хүчир хөдөлмөрийн ард гарах ганц хөдөлгүүр нь болно. Олон ч сайхан залуус ингэж үнэнхээсээ итгэж хөдөлмөрлөж, зүтгэж, залуу насаа золиж, зориулж явсан даа. Тэдний буруу ч гэж байхгүй, харин өнөөдөр зарим нэгэн нь тэднийг социализмын гэрэлт ирээдүйд чин сэтгэлээсээ итгэж, чин сэтгэлээсээ зүтгэж явсаныг нь элэглэн шоолж байгааг харахаар эрхгүй ой гутах ч багадах нь бий. Ер хүн гэдэг бол хэзээд л цаг үеийнхээ боол нь байсан шүү дээ. Одоо тэд ч энэ цагийнхээ үеийнхээ боол нь болчихоод л тийн донгодож байгаа ш тээ. За тэр яах вэ, цаг нь ирэхээр энэ бүх дэмийрэл аяндаа замхарна.

Миний үеийн нэг дүүтэй, аав ээжээсээ хоёулааахнаа, дүүтэйгээ нийлж хааяа зав чөлөөгөөрөө зураг зурна, гэрийн мод, авдар сав цоохорлоно. Юм юмтай эр л дээ. Бас шүлэг ч оролдоно. Анх танилцаж байхад би хорь шүргэж, тэр маань гуч гарч явсан байх. Гэвч насны энэ зөрөө бидний нөхөрлөлд саад болсонгүй. Түүнийг би “Чи” гэж дуудах атлаа эхнэрийг нь “Эгч” ээ гэхээр тэд намайг ихэд шоолдогсон. Дахин дахин хэлүүлээд л инээлдээд байх. Эхнэр нь сайхан ааштай, хоол ундтай, наануу цаануутай эгч байсан даа. Хүүхэдгүй.

Гэтэл энэ найз маань говийн тэр жавартай үдшээр таардаг юм байна./зүүдэнд/ Хаана ямар сууринд юм бол, бүү мэд. Урьд өмнө үзэж харж байгаагүй нэг жижигхээн суурины уурын зуухны дэргэд бид тааралдлаа. Тэр жавар тачигнаж буйг ер анзаарсан шинжгүй жижигхэн онигор нүдээрээ инээмсэглээд 5 кг-ын том хүрзээр нүүрс хутган задгай зуухны ам рүү шидлэнэ. Хуучнаар бол уурын зуухны галч /Гочгар/ хийж ч байгаа юм болов уу. Тэр ийн үйлдэж буйдаа бас л чин сэтгэлээсээ итгэсэн шинжтэй. Энэ хүйтэн тэнгэрийн дор тэр жижигхэн суурингынханаа галаар тасалчихгүймсэн гэж зүтгэж буйг нь харахад хайр төрнө. Тэр насан туршидаа ингэж л хэн нэгний төлөө зүтгэж ирсэн байж магад, ямар нэгэн гавьяа шагнал, урамшил, эд хөрөнгө түүнд зорилго нь болж байсангүй, хэн нэгний, нэг хэсгийн нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах нь ерөөс түүний яс цусанд шингэсэн авир ариншин. Хуучин цагт бол яг л өөрт оноогдсон ажлаа олж хийж байсан аж, тэр Эвлэлийн хорооны дарга гэдэг бол. Харин энэ цаг үед чухам юу хийж, юу бүтээж яваа юм бол доо, сураг ажиг гаралгүй бараг 10-аад жил болж дээ. Миний лавтай мэдэхээр ганц дүү нь мотоциклийн аваарт ороод нас барчихсан, эхнэр нь төрөхийн хүндрэлээс гэл үү, юунаас гэлээ бас өнгөрчихсөн, одоо ганцаараа үлдсэн гэснийг л сонсож байсан юм байна.

Намайг хараад хүрзээ тулаад жаахан бодлогширлоо. Өнгөрсөн үеэ дурсав бололтой. Тэгээд нэг том санаа алдсанаа нэрээр минь дуудаад, “Чи аан гээч...” гэв.

“...Ааан”

“Чи хө, ингээд хүрээд ирдэг чинь юутай сайн юм бэ, хүн чинь ер нь өнгөрсөн дурсамжаараа л амьдардаг юм байна шүү дээ”

“Тийм байж магадгүй ээ, гэхдээ энэ бас бидний нас баахан явчихаад байгааг л хэлээд байгаа юм болов уу даа”

“Нас ч явж байна аа, хө. Би ч удахгүй 50 хүрлээ”

“Хэ хэ, гэхдээ залуугаараа харагдаж байна даа, хө. Хөдөөгийн уул талаар соёлын үрийг цацаж явсан үеийнхээсээ огтхон ч өөрчлөгдөөгүй байна шүү дээ, чи минь”

“Чамд тэгэж санагдаж байгаа байх аа. Дотуураа бол найз нь их хөгширч байна. Их ч ганцаардаж байна. Би чинь сүүлийн арван хэдэн жил цор ганцаараа амьдарлаа шүү дээ. Хоёр талийгаачаасаа хойш ёстой орь ганцаараа л явлаа. Залуухан байхад тэсээд туулаад байж чаддаг байсан, одоо бол тэсвэр минь тун ч шавхарч байна даа...” тэр ингэж хэлээд өнөөх жижигхэн нүдэнд нь нулимс гялталзаад ирэх юм. Би ч мэгдчихлээ. Яахаа, юу хийхээ ч мэдэхгүй, дэмий л нөгөөх нулимсыг нь арчиж өгөх гээд гараа сунгатал нулимс нь хөлдөөд ч тэр юм уу жижигхэн гэрэл ойлгосон сувдан үрэл болоод хөлдүү газар дээр унаж, жин жин ойгоод явчих юм.

Дахиад уртаар шүүрс алдаад “Хөгшин нь одоо нээрээ цөхөрч байна аа. Надад яагаад амьдрал үр хүүхэд заяасангүй вэ? Ханийгаа өнгөрхөд би энэ талаар нэг их бодож байсангүй. Харин одоо тэр маань намайг яагаад ганцааранг минь орхиод явчихав аа гэж бодохоор л гол өөд харанхуйлаад байх юм. Надад нэг үр үлдээгээд л явчихсан ч болоосой...ийн ийн”

Тэр уйлж эхлэв. Би дал мөрөөр нь тэврээд нүүрсний хог асгарсан хөлдүү газар дээр хоёулаа хөлөө жииж суучихаад, түүнээ цээжиндээ улам цанга тэврэв.

“Би яагаад, би яасан юм бэ...”

Тэр цээжинд маань нүүрээ нааж хэсэг мэгшиж байснаа гүн амьсгаа аваад “Би одоо харамсаж байна аа хө, ханийгаа өнгөрхөд би дахин эмэгтэй хүнтэй харьсахгүй гэж өөртөө, бас түүндээ амласан юм. Өнөөдөр би түүндээ, тэр амандаа их харамсаж байна. Би дахиад амьдрал зохиогоод явсан бол өнөөдрийнх шиг ингэж туйлдаж, ганцаардаж, тамирдаж явах уу даа. Надад одоо энэ байдал маань өдөр өдрөөр л улам хүнд хэцүү болоод байна. Хөгшин чинь удахгүй 50 нас хүрлээ, чи мэднэ ш тээ. Чадал тэнхээ муудаж эхэллээ. Миний хорвоо зөвхөн минийхаар л дуусах нь байна. Ядахдаа нэг энэ насандаа үрийн зулай үнэрлэх хувь надад байсангүй дээ”

Би түүнийхээ нурууг нь илж, “Тайвшир даа хө, чи минь орь залуугийнхаараа л, тэр 80-аад онд хөдөөгийн уул талаар манаргаж явсан янзаараа л байна ш тээ. Чамд одоо хань олдох боломж бий, бас үр хүүхэдтэй ч болох боломж байна шүү дээ”

“Үгүй дээ хө. Тийм биш юм байна. Хүүхэн шуухан эргүүлэе гэхээр чинь угаасаа тийм юмнаас хол төсөө хүн чинь ер нэг л эв дүйгүй, тэгээд ч, чи бод л доо, би одоо хэнийгээ гэж хайж явах юм бэ, намайг ойлгож, хайрлачих хүн олдоггүй юм аа гэхэд миний хайрлачих, ханьсчих тийм хүн одоо өдий насанд олдоно гэж үү, тэгээд над шиг ийм хүнийг чинь”

“Битгий цөхөр дөө, хөгшин минь... Чам шиг ийм зүрх сэтгэлтэй хүн ганцаардах учиргүй ээ хө.”

“Хүүеэ гал унтрах гэж байна, хөгшин чинь ажлаа хийе। Уйлж унжаад чамайгаа жаахан зовоочихов уу даа” гээд тэр маань нүүрснийхээ хүрзийг аваад ухасхийлээ. Босохдоо над руу нэг гэмшингүй мушийв.

Тэгээд л би сэрчихэв. Үүр цайж ээ. Тэр маань яасан юм бол, тэр холоос намайг дурссан юм болов уу, хаахна явдаг юм бол доо. Монгол руу ярьж нэг сураг гаргахаас...

#

15 comments:

Nana said...

..... zaa noirnoosoo sersend thanks....Тэр ийн үйлдэж буйдаа бас л чин сэтгэлээсээ итгэсэн шинжтэй. Энэ хүйтэн тэнгэрийн дор тэр жижигхэн суурингынханаа галаар тасалчихгүймсэн гэж зүтгэж буйг нь харахад хайр төрнө. Тэр насан туршидаа ингэж л хэн нэгний төлөө зүтгэж ирсэн байж магад, ямар нэгэн гавьяа шагнал, урамшил, эд хөрөнгө түүнд зорилго нь болж байсангүй, хэн нэгний... geel shuud nerj ehellee... tom tom botgoniih shig nulims ursaal... tegsen orshil deer ni uilsiim baijee... gej... zuudcheen ter zaluugaa nadtai taniltsuulchih gsn.

Anonymous said...

zarimdaa bolox jum uridaas zuudlegdeed bdag,.. chamaig bodson bx...

Arsun said...

Нутгаа санаад байгаа юм байна даа. Уул усаа зvvдэлбэл сvv өргөх ёстой юм байна лээ шvv хө.

бж said...

ta yer ni ih saihan naizuudtai hun yumaa. Udahgui zzudend orson naiztaigaa uulzah yum bolov uu...
Saihan bichleg bainaa. Hunii chin setgeliin tuhai ih saihan bichjee.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хүн өөрийнхөө үед итгэл төгс амьдарч чадна гэдэг үнэхээр бахархмаар. Тэгж итгэл үнэмшилтэйгээр амьдарч явсан өмнөх үеэ муу үзээд байдаг хүмүүс байх л юм даа. Дээх нь нэг зохиолч "бид ч гэсэн бас хайрлан дурлаж, түүнийхээ эрч онгодоор туутвиж бүтээж л явсан хүмүүс шүү дээ. Одоо биднийг бүгд л үгүйсгэх юм" гэж ярьж байсныг сонсон чинь нэг юм огшиж л бна лээ. Найз чинь байдаг бол асууж сурах л хэрэгтэй юм бна даа. Гайгүй байгаа байхаа.

Зүүдний тэмдэглэл said...

нана-д
Тухтай унтуулахгүй энэ тэрүүгээр сэрвэгнүүлсээр байгаад сэрээсий шүү чи. Тэр ботгоных шиг нулимсаа жаахан гамнаж байгаарай хө. Ботгоны нулимс гэснээс Ботгондоо хоргодсон ингэний нулимс нэг удаа харж билээ, хөөрхий. Ботго нь үхээд илжрээд, хатчихсан. өнөөх ээж нь ботгоо тойрсоор байгаад 100-аад мертийн тойргийг цагаан түйрэм болгочихсон, бас өөрөө эцээд, усгүй хатаад, харангалах болчихсон байсансан. Хэд ч хоносон юм бэ, 10-аад хоног болсон байх. Бурантаглаж хөтлөөд явах гэтэл өнөөх ботгоныхоо шарилруу эргэж хургаад, гун гун дуугараад, том том нулимс унагаад байж билээ. Тийм том том нулимс урсгаж чаддаг амьтаныг адгуус гэхэд их хэцүү. ХҮн чиг тэгэж нулимс унагаж чадамгүй санагдсан шүү. хэцүү л юм билээ.

Тэнэмэл-д
Баярлалаа. Би ч бас тэнэх дуртай нэгэн. Хаагуур л тэнэж явна даа. Найз нөхөд маань нээрээ л намайг дурссан байх гэж би бас бодоод байгаа. Монгол руу залгаж сураг гаргасаан.

Арсунд.
Нутгаа саналгүй яах вэ. Зүрхнээс аргамжаатай юм чинь. Ойрд нээрээ нутаг ус, хуучин найз нөхөд зүүдлэгдээд байх боллоо. Өнгөрөгч шөнө бас нэгийг нь зүүдлэв. Хөгширч байгаам болов уу гэсэн хэ хэ. Уг нь нэг 40 хүрчихээд тэгэж хэлэхсэн.
Би нэг хэсэг Алаг хайрханийг хэдэн удаа зүүдэлсэн, сүрдэж бахардмаар бйадалтай. Нээрээ сүү өргөж байх юм бйана шүү. Би Алаг хайрхан дээр гарах гэж хоёр ч удаа оролдоод чадаагүй юм. Зарим хүмүүс зүгээр л харайгаад гарчихдаг юм билээ. Би л болохоор нэг л сүрдээд, бишрээд бахардаад гарч чадахгүй юм билээ. Бас Бурхан Буудай өөд нэг удаа зүтгээд чадаагүй.
Бүс хайрхан дээр бол нэлээд хэд гарчихсан. тарвагнаас нь ч бас хэдийг хороосон. Нэг нутаг явахаараа нэг сайхан тэнэнэ дээ. Хуучин сайхан дурсамжууд... гал шиг дэрвэж явсан 20 насны минь цуурай Алтайн уулсын тэр аглагын хаа нэгтэйд л бий дээ. Эргээд очиход минь байж байх болов уу гэж горьдох л юм.

Ганаа-д
Баярлалаа. Энэ инчдэхийн төдий амьдралийг гэгээн гэрэлтэй нөхөрлөл шиг тэтгэж тэжээж өгдөг юм өөр хаа байхав дээ хө. Ерөөлөөр чинь болж, хуучин анд нартайгаа нэг уулзах байх аа.
Хадсан тариалангийн талбай дундуур яаралгүйхэн.
Хуучин андын хамт мөрөө түшин алханам... гээд А.Блокын гэгэлгэн шүлгүүдээс санаанд орж байна шүү.

Бумаа-д
Харин тийм ээ. Үе үеэрээ л байх юм даа, хүмүүс гэдэг. Цаг цагаараа цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг яасан мундаг үг билээ, манай энэ ардын ухааныг яндаж болшгүй шүү. Задлавал бараг бүтэн боть ном ч хүрэлцэмгүй санаа даа.
Өмнөх үеийнхэнд гэгээн гэрэлтэй юм их байсан шүү. Ховор нандин сайхан хүмүүс ч их байсан.
Эх орны дайн эхлэхэд 18 настай байж, ангиараа фронтод явсан нэгэн орос эмгэн ангийнхаа 42 хүүхдийнхээ тухай дурсаж билээ. Тэдний ангиас тэр эмгэн ганцаараа үлдсэн юм билээ. Тэгээд цаг үе өөрийнхөө ачааг даах хүнийг төрүүлдэг, манай ангийхан ч тэр ачаагаа үүрсэн юм гэж хэлсэн нь яасан мундаг ухаан бэ гэж биширсэн шүү.

Pearle Deppsu said...

Хөөх, ёстой сонин хүн нойрноосоо сэржээ.

peakfinder said...

Setgel uimerch, geree sanahaar ingeed yanz buriin yum zuudleed baidag shig sanagddag. Setegl jigteihen gunigtai bolood yavchihdagsan. Neeree l bid chin' cagiin zolios bolson humuus yum uu daa gej sanagdaad baigaa. Ugui baisan bol oron gertee setgel taivan amidrahgui yu?

ZAYA said...

Хоорондоо ямар ч байсан холбоотой болоод л зүүдэнд орсон биз ээ.

Uunee said...

Үнэхээр Монгол руу ярьж сураг гаргасан бол сайн байна даа. Хүнээ хүнээ санан дурсаж, бүүр зүүдэлж явна гэдэг юутай сайхан билээ дээ. Үүнд хүмүүний мөн чанар оршдог юм бол уу даа.

A.Амарсайхан said...

Таньдаг хүн шиг санагдчихлаа.

A.Амарсайхан said...

Би ч гэсэн асууж, сурагламаар санагдаад байна.

Anonymous said...

Hun ungursnuuruu amidarch bolohgui ee. Neeree bi haniigaa ogt tanidaggui baihdaa zuudendee harsan yum daa. Ih sonin shuu. Odoo tegeed nudiig ni harah bolgondoo minii ter zuudelsen hun shuu gej uuriin erhgui bodogddog hun.

enkhee said...

бугатыхан зураг яаж оруулах вэ надад алаг хайрхан буга бага хайрханы сайхан зургууд байна.

enkhee said...

enkhee_bb@yahoo.com ene minii id