#

Friday, June 19, 2009

Зүүдэнд нэгэнтээ учирсан нүдээ ТВ-ээр харлаа

Өнгөрдөг дөрвөн сарын 9-нд нэг их эрх мэдэлтэй хүнийг зүүдэндээ харсан юм. Түүнээ “Шидтэний чулуу” http://zuudchin.blogspot.com/2009/04/eaoyiee-oeoo.html#comments гэдэг бичлэг хийж оруулсан. Тэр зүүдэнд тэрхүү их эрх мэдэлтний нүүр царай нь төдий л сайн тод харагдаагүй ч эрх мэдэлдээ эрдсэн, эрээгүй, яавал ч яаж мэдэх бүлтгэр харц нь маш тод байсан учраас мартагдахааргүй хоногшиж үлджээ. Гэтэл өчигдөр ТВ нээнгүүтээ цочихын ихээр цочив. Хаана, хэзээ харсан билээ, энэ нүдийг гэж хэсэгхэн зуур эргэлзсэнээ өнөөх зүүдэнд үзэгддэг нүд болохыг санав. Мэдээж хэрэг ТВ-ээр үг хэлж буй тэр хүн бол шинэ ерөнхийлөгч байсан билээ.
Тэгэхээр өмнөх тэр учир битүүлэг зүүдний тайлал огт өөрөөр гарч ирэх болж байна аа, даа.

Өмнөх зүүднээс...
“... Тэр надад “Чи чад, харин юу хийхээ өөрөө мэд...” гэв. Гүйцээгээгүй үг нь ч ойлгомжтой. Би эргэж харлаа. Ард асар том морин тойруулга байна. Түүнийг тойрон өнөөх эрх мэдэлтний, эзэн захирагчийн харьяатууд бөөгнөрөн шавааралджээ. Тэд бол манкуртууд, эрх мэдэлтний хүсэл зоригт нь үйлчилж, түүнээсээ аз жаргалаа олж авдаг хүмүүс. Өөрөөр ч байж чадахгүй биз, тийм найдлага даанч хомс санагдана. Эзэн захирагчийн хязгааргүй шуналынх нь хэрэгцээ болдог тэр хөөрхий хүмүүс баясан цэнгэхээ ч гэсэн зөвхөн эзэн захирагчийнхаа ивээлээс л хүртдэг аж. Ээлжит нэгэн шуо, нэгэн золиос нь би болжээ гэдгээ ойлгож байгаа маань надад эмгэнэлтэй. Хэрвээ үүнийг мэдэхгүй, мэдрэхгүй тэнэг мунхаг байсан бол надад их амархан, хөнгөн байхсан, тэдэнтэй маасагнаад л, маазраад л, эзнээ баясгаад, “Сэцэн мэргэн удирдагч мандтугай, мөнх насалтугай” гэж хашгиччихаад л сэтгэл ханаж, амьдралынхаа утга учрыг олж хараад явж байхгүй юу.....”

# # Read more! #