Нэг чоно алав. Гэхдээ түүнийг ХҮН-ЧОНО-той холбоотой гэж ер бодогдохгүй байна. Сайн танихгүй нэг хижээл хар хүн нэг нүцгэн толгойн өвөрт байх айлын хотонд намайг дагуулж оччихоод гэрийн эзэнд нь ч хэлэлгүйгээр тэдний сэтэртэй шар халзан иргийг нь барьж аваад нэг богинохон бөхимдуу шиндүүгээр сээр сэрвэн рүү нудраад л амандаа нэг юм уншаад байх юм. Би эхлээд яагаад байгааг нь огт ойлгосонгүй ээ. Гэрийн эзэн эр нэлээд яхир, хэцүү хүн бололтой юм, бид хоёрыг байцаагаад л байх... Надтай хамтрагч маань түүнд хэдэн үг хэллээ. Гэрийн эзэн тэр дороо зөөлрөөд л явчихлаа. Тэндээс миний ойлгосон зүйл бол, энэ хавиар нэг ТОМ ЧОНО байнга эргээд байгаа юм байна. Хүмүүс түүнийг хөөцөлдөөд алж чадахгүй ядчихсан бололтой. Харин нөгөөх миний хамтрагч түүнийг алдаг аргыг нь мэдэх юм байх өө.
Тэр айлын сэтэртэй шар халзан ирэгт нь өнөөх чонын хоол болох тарни дуудаж уншсан нь тэр юм гэнэ. Тэгээд чоно тэр тарнинд хөтлөгдөөд өнөөх ирэгийг идэхээр ирэхэд нь л барьж авах юм байна.
Удалгүй харанхуй болоод, гэхдээ тас харанхуйлсангүй ээ, сар мэлтийгээд байгаа. Гэтэл нээрээ хотны урд жалга дагаад нэг чоно улайн цайм шогшоод ирдэгийм байна. Хонь малууд үргээд л хойт нүцгэн толгой өөдөө хошууран гарцгаахад үнэхээр өнөөх тарнидуулсан шар халзан ирэг нь хотны хөлд шургаж унаад явж чадахгүй ганцаархнаа хоцорчих юм.. Хоёр гурван хүн хотны захад сүүдийтэл зогсож байгааг харсаар атлаа өнөөх чоно шууд л тэр шар халзан ирэг рүү шогшоод ирэх юм. Гэрийн эзэн бачимдаж хашгираад л, бид хоёрыг зүхэж хараагаад эхэллээ. Ганц сэтэртэй шарыг маань харсаар байж чонын хоол болголоо гээд л... Ямар ч тавьтиргүй нөхөрөв дээ. Би нөгөөх хамтрагчаа л хараад байгаа. Бидний алинд нь буу саадаг, хутга шөвөгний юм байхгүй ээ. Манай хамтрагчийн хэлсэнээр бол тэр чоныг цус гаргахгүйгээр алах учиртайм гэнэ Яагаадийг мэдэхгүй ээ. Яг нөгөөх шар халзан ирэгийг очоод хүүлээд авахынх нь өмнөхөн манай хамтрагч болох хар хүн гэнэт ухасхийж өнөөх огтор хөх шиндүүгээрээ шар халзан ирэгийг цохиод авлаа. Бүдчиж унаад явж чадахгүй байсан шар халзан ирэг чинь гэнэтхэн ухасгээд хойт толгой өөд хошуурсан сүрэг рүүгээ дэгдэчихдэг юм байна. Өнөөх чоно ч араас нь шурдхийв.
Бариад аваарай ... гэж хэн ч юм, нэг нь бачимдсан хоолойгоор шахамдуулан хашгирав. Мэдээж, надад л хэлсэн бололтой. Тэр шар халзан ирэг яг миний хажуугаар өнгөрсөн болохоор өнөөх чоно яг л миний хажуугаар гарах шинжтэй. Би амдаад ухасхийтэл чоно ялимгүй зайлхийгээд гэрийн арын чөлөөгөөр дайрав. Яг алдах нь ээ. Би яаж ч хичээгээд тэр чонын урдуур амжиж орж чадахааргүй боллоо. Сандрахдаа гарт тааралдсан юм аа аваад амдуулаад шидсэн нь өнөөх тарнитай шиндүү таарч... Чоно түүнээс бусгаж, эргээд яг миний хажуугаар гарахаар дайрав.
Би ч шийрдээд авлаа. Яг төлөг шиг л шийрдчихсэн гэж байгаа. Нэг их хүчтэй угзарч татсан юм мэдэгдсэнгүй. Амаа ангайлгаад, шүдээ арзайлгаад цээжээ надруу эргүүлэн дайрах агшинд нь муриж хий цохиод газар савж орхив. Унангуут нь багалзуур дээр нь өвдөглөөд авлаа даа, хөөрхий. Манай хамтрагч ч хамжилцаад дараад авлаа. Харин нөгөөх гэрийн эзэн ирчихээд бидэн хоёрт туслахийн оронд нэгэнт бидний доор байгаа чоныг урт доёогор хөлөөрөө өшигчөөд л муухай орилоод байх юм. Манай хамтрагчийн дургүй нь хүрсэн бололтой түүнийг хойш нь суун тустал нь түлхэж орхиод өнөөх чонынхоо багалзуур дээр нь хөх шиндүүгээ тавьж байгаад өвдөглөөд дарлаа. Боож л алах нь бололтой. Би хоёр чихийг нь гартаа ороогоод газарт наалдуулаад дарчихсан. Чонын маань том ам нь яг улаан нүүрэн дээр л ангалзаад байх. Энэ тэр үмхий самхай юм огтхон ч ханхалсангүйг бодоход тэр чоно лавтай нэг учиртай бололтой.
Чонын хоёр нүд нь гөлтгөнөөд л хоолой нь хяхнаж дуугараад байхаас биш үхдэггүй ээ। Зөндөө л нухлаа, хөөрхийг॥ Түүнийг тийм том чоно л гээд байсан, биеэр л их том болохоос биш уг нь гөлгөн чоно байх юм। Хэдий араатан чоно ч гэсэн гөлөг, нялх амьтан болсон хойно тэр нүд энэ тэр нь хөөрхий, бас их гэнэн бүлтэгнээд л...
Та нар намайг яагаад л байгаам бэ дээ гээд ч байх шиг...
Энэ амьтаныг ингэж зовоож байх гэж, бушуухан амийг нь тасалчихаж чадахгүй гэсэн юм бодогдоод, Нөгөөх хамтрагч маань амин газраас нь арай л өөр, хүнээр бол төвөнхнөөс нь нэлээд доохнуур дараах байх шиг санагдсан тул чонын чихийг түүнд бариулж байгаад өөрөө хөх шиндүүг нь авч, яг багалзуур, аман хүзүү, хатан хүзүү хоёрынх нь заагаар нужигнатал нь дарж орхив। Чонын дөрвөн хөл хэд хүчтэй сарвагнаснаа аажмаар суларч эхэллээ. Хөөрхий, хэдий чоно ч гэсэн бас өрөвдмөөр юм аа॥ Одоо амьтан энэ тэр алахаас нээрээ зүрх халирдаг болчихжээ. Харин энэ чоныг яах гэж алсанаа ер ойлгосонгүй. Яагаад тэр чонын цусыг нь гаргалгүй, өнөөх Жамуха сэцэн шиг битүү алж байгааг нь ч бас ойлгосонгүй. Юутай ч тэр чоно тэнгэрийн чоно байсан байх гэж санагдлаа... Одоо араас нь маань уншаад л суужийна даа... Харин энэ чоно өнөөх надтай өнө удаанаар хөөцөлдөөд байгаа ХҮН-ЧОНО-той ямар ч холбоогүй байх гэж бодогдоод байгаа.
3 comments:
ene zuudchin haachyy geel bodood bailaa gsn.zuudiig chin oilgohgui bna aa, davtalag avii.
tulburtei shtee, davtlaga
tolboriin hemjee, tolboriin helber, dansnii dugaar mugaaraa ... davtlagiig shuud une tsohij avna.
Post a Comment