#

Wednesday, May 9, 2007

Ади буцаж ирсэн нь... - I

Зөөлхөн, илчтэйхэн гараа аль...
Зөрүүд, бардамхан амраг минь
Дахиад л чамаасаа хагацахаас даа...


Борооны жижигхээн дуслууд уйлагнан дусалсан тэнгэрийн доогуур, шалбааг шалчиг болсон явган замаар онгож гандсан урт цувтай замын хүн үүргэвчиндээ түүртэж, үл ялиг бөхөсхийн алхасаар нэгэн гацааны зах руу орж ирэв. Замын хажуугаарх моддын мөчирт хэсэг бусаг манан орооцолдоно. Алхах тусам шалбааг үсчиж, явдалд үрчсээр цоорчихсон бор бааздуухан гар хийцийн үхрийн ширэн гутал дотор нь ч тэрхүү шалбааг шалчигнан, оймсгүй нүцгэн хөлөөс нь зууралдаж, хүндрүүлэх аж. Энэ өнчин тэнүүлч энэ хар усан борооноор хааш, юуны учир зоринов... Бүдчин, сөхчин хааш зүтгэлнэв гэн хөндлөнгөөс харсан хэн нэгэн өрөвдөн халагламаар... Духдуулж дарсан юүдэнгийн доороос зүрхшээнгүй, алжааж туйлдсан царай төрх тодрох нь хөөрхий, юутай танил төрх байв.
Замын хүн шалбааг үсчүүлэн алхсаар суурингийн төврүү чиглэн чулуу дэвссэн замаар оров. Тэрээр энэ замыг сайн мэдэх нэгэн аж. Ийш тийш харалгүй өнөөх замаар шулуухан бөгтөгнөн алхсаар үүдэн дээрээ сүрхий том саравч-дачтай уушны газрын үүдэнд ирж, юүдэнгээ буулган усыг нь нэгэнтээ сэгсрээд өнөөх дачны нүүрэн талд байх бас л сондгой өнчин ганц ширээнд суулаа. Үүргэвчээ буулган хөлийнхөө дэргэд тавчихав. Бороо үргэлжилсэн энэ өдрүүдэд уушны газарт нэг хоёрын зэрэг үйлчлүүлэгч байсан ч тэд живэргэн сэрүүнээс дайжин, дотор тухалцгаагаад, тэрхүү асарын доорх ширээ сүүлийн хэдэн хоногт тувт эзгүй... Уушны газрын үүдэнд хэвтсэн гувчгар жингэр гян гян дуугарахад эзэн эр шинэ үйлчлүүлэгч ирсэнийг сая л нэг харж, энэ хүйтэн сэрүүнд гадаа суусанд нь амандаа мажарын хуучны хараалыг үглэсээр, тэгэхээс тэгэг гэсэн шиг хөлөө зөөж ядан дэргэд нь очив. Үргэлж гайхсан царайлж явдаг энэ урт эрүүтэй дохигор эр шинэ зочныхоо дэргэд очоод өнөөх гайхагч царай нь гэнэтхэн зэвхий даан, эгдүүцэн бухимдсандаа арайтай л тэр тэнүүлчийн нүүр өөд нулимаад авчихсангүй. Гайхаж мэнэрсэн нь туйлгүйн дээр уурлаж эгдүүцсэн эзний тэрхүү хачин төрхтэй болчихсон царайг шинэ зочин харсан ч үгүй, харсан ч тоох ер шинжгүй, гудамжны цаадтай байх багашаархан дүнзэн байшингийн зүг хараа тавьсан хэвээр эгэлдсэн шар элгэн хэтэвчээсээ бүхэл зоос гарган ширээн дээр хангир хийтэл шидчихэв. Уушны газрын эзэн зоосыг ухасхийн шүүрч аваад шалмаг эргэж, удалгүй хэв нь алдагдаж, далбийж дэлбийсэн том цар дээр будаг нь халцарч, ирмэг нь эмтэрч, мөлийсөн модон аяга тавьж, мөн хөх тарианы бараашиг-квас хөөсөртөл нь дүүргэсэн гуулин данхны хамт авчирч шинэ зочныхоо ширээн дээр чимээгүйхэн тавьчихаад буцлаа. Тэгээд цонхныхоо цаана зогсож, бас ч үгүй орсон дариудаа хэн ирсэнийг ойр хавийнхандаа зарлаад амжиж, бүгдээр цонхны цаана эрээгүй овооролдон хөөрхий тэр тэнүүлчийн хөдөлгөөн бүрийг хомхойрон ширтэцгээж эхлэв.
Мөнөөх эр модон тагшаар браашиг дүүргэн түүнээ удаан шимэн шимэн ууна. Урт холын замд чилж, ядарсан хөлөө ширээний доогуур сул жийжээ. Долгиолсон урт нойтон үс нь нүүр царайг нь халхлан унжих агаад, уг нь эмэгтэй хүнийх, гэхдээ бүүр уран цэмцгэр, эсвэл зураач, хөгжимчин хүнд л баймаар цэвэрхэн уран гоолиг хуруу бүхий гараараа хааяа нүүрээ шувтран илнэ. Харин энэ хооронд тэрээр өнөөх гудамны цаадтайх байшингаас огтхон ч хараа салгасангүй. Тэрх байшин хямд эдээр хийсэн ч цэвэрхэн цагаан хөшиг татаастай, гудамж руу харсан хоёр цонхтой бөгөөд эзэн нь тийм хангалуун, тансаг биш ч нямбай, чамбай хүн болохыг илтгэн илүү дутуу юмгүй, энгийн даруухан, цэмцгэр аж.
Тэнүүлч эр суусаар, энэ хооронд уушны газрын дотор хурц ширүүн үг улам тод дуулдах болж, хүмүүс маргалдан, өнөөх муу тэнүүлчийг шүүн хэлэлцэж эхлэв. Өглөөнөөс хойш уушны газрын буланд покер эргүүлэн суусан, нэг нь хөдөх царайны бүдүүн эр, нөгөө нь ч мөн түүнээсээ дээрдэх юмгүй, гэвч нөгөөхөө бодвоос илүү амгалан, магадгүй цайлган ч байж болох царайтай эр хоёр тэдний дундаас хамгийн ихээр эгдүүцэн хашгиралдацгаана. Тэдний нэг нь
- Энэ тэнүүлч хаа нэгтээ үхэж хатчихаагүй бас явсаар л байдаг юм байх даа... Муу юмнууд үхэж далд ордоггүй, энэ ч долоон голтой байгаа л даа, харваас....
- Хүнийг зовоож ханадаггүй энэ муу тэнүүлчийг дахин харсан энэ муу хоёр цийхэмэрдээ гомдож байна гэв. /Харахгүй ч байж болно ш тээ гэж би дотроо бас тэнүүлчийг өмөөрөөд хэрэлдээд байгаа, хэ, хэь даанчиг тэд сонсохгүй нь гачлантай/ Уушны газрын эзэн өнөөх гайхсан царайт эр:
- Энэ тэнэмэлийг ирэх бүр манай квас огтхон ч исэхээ байчихна шүү, гэн халаглав. /Яг үнэндээ бол харин ч улам сайн исч, бас болоогүй орлого нь ч нэмэгддэгийг тэр дотроо хүлээн зөвшөөрдөггүй гэжийгаан.../
- Энэ одоо яах гэж, юугаа хайж дахиж наашаа доншуучлаа вэ? гэхэд... нэг нь уушны газрын эзэнд хандаж
- Ханс аа, чи үүнд яах гэж квас зөөн бөгтөгнөнө вэ? үүдээрээ ч шагайлгахгүй хөөж байх хэрэгтэй. Тэгээд байвал дахиж үзэгдэхгүй байж мэднэ.
- Яг тийм, үүнийг ер нь дахин манай нутгаар ирэхээргүй болтол нь хашраагаад хөөж явуулах хэрэгтэй. Хөөрхий түүнийг бүүр алж гүйцлээ. Хөндлөнгөөс нь харж байгаа бидэнд ч хэцүү байх юм аа. /Би бас дотроо эдэнтэй маргасан, яг ш тээ, та нарын хэн ч тэр тэнүүлчийн өөдөөс эгцэлж харж чадахгүй байж, ганц гарынх нь ширвэлтэнд ханараад өгөхөө мэдэхгүй байж бас том том бүлтэрцгээх юм аа, та нар яг хөөж зүрхлээч.... Худлаа л сүрийг үзүүлцгээгээд/
- Биднийхээ ганц сүр сүлд болсон хүн маань тэгээд ийм амьтаныг хүлээсээр цэцэг шиг сайхан насыг барлаа шүү дээ. Тэр ганцаар түүгээрээ өнгөрдөг бол ч бас яая гэхэв. Манай суурингийн хамаг сайхан залуус ч түүнийг харсаар бас хатаж гүйцлээ. Тэр Максын дунд хүү, багш Жиоржиа гээд бидний сор болсон залуус түүнээс болж амиа алдлаав шүү...
- Юүхэв, юүхэв... Манай хүү энэ хүүхнээс болоод эхнэр хүүхдээ харахаа болиод, энэ нэг юм нь нийлж ханилаад явдаг бол муу хүү маань хаанаас тийм юм болоов гэж..
- Ганц танай хүү ч биш ээ, манай залуус эхнэртэй эхнэргүй, хүүхэдтэй хүүхэдгүй бүгдээрээ шүлсээ гоожуулсаар бүүр сүүлдээ гоожуулах ч шүлсгүй болсон. Тэр чүү хэл манай Ханс ч бас гуйгаад авсан.
Уушны газрын эзний царай зэвхэсхийж, гал тогооны өрөө рүүгээ хяламхийснээ,
- Би бас хэн хэн гуйгаад, сөхөрч, уйлсаныг нь мэднэ шүү. Чамайг хараагүй юм гэж бодно уу. Чиний дараа том хүү чинь ....
- Ханс аа больё... би хэлээгүй шүү...
- Тэр ч үнэн шүү. Энэ хүүхэн хэрвээ эр нөхөртэй болчихсонсон бол юунд манай залуус дэмий юм харж, үймэлдэцгээх вэ дээ.... Хөөрхий эхнэрүүдийн, бэрүүдийн маань сэтгэл ч нэг амрахсан билээ.
- Энэ манай түүнд байгаа юм биш ээ, хөөрхий түүнийг илбэдчихээд байгаа энэ муу тэнүүлчид л хамаг учир нь байгаам....
- Ганц түүнийг биш ер манай тосгоныг ч сүйрүүлж байгаам, энэ муу тэнүүлч...., муу ер шингэсэн... чөтгөр шулмын бүрэлбаа, та нар хараарай, нүдийг нь нэг тийм, дотор зарсхиймээр....
Эдний яриаг хэрвээ хөөрхий тэр тэнүүлч сонсдогсон, өөрт нь энэ тосгоныхон ийм их алергитай болчихсоныг мэддэгсэн болов уу. Гэнэт
- Хохино, хохино, тэр өөрөө ийм тэнэмэл амьтаны юунд нь болоо вэ, хохино ээ, хохино гэж түрүүнээс хойш дуугүй, гэхдээ хорсож занасан нүдээр тэнүүлчийг тасралтгүй ширтэж зогссон хүрэн сахалтай гоогохор залуу гэнэт багтран хашгирав.
Өнөөх тэр нэгнийг өрөвдөцгөөж байгсадын ярианы хандлага нэлээд хазайж,
- Нээрээ тийм,
- Өө, тэгэж байхтайгаа таарсан...
- Энэ муу тэнэмлийгээ дагаад яваад өгөхгүй, тэгвэл бидний сэтгэл ч амарна.
- Тиймээ,
- Хоёуланг нь холбож хөөгөөд....
Харин энэ яриа цааш өрнөж чадсангүй. Яг үнэндээ тэнд цуглагсад тэрхүү хэн нэгэн бүсгүйг байхгүйгээр энэ суурингаа төсөөлж чадахгүй болчихсон хүмүүс.
Тэгээд ч тэд тэрхүү тэнүүлчид улайм цайм халдаж чадахгүй хүмүүс. Нэгэнтээ, хоёр жилийн өмнө зүүн фермерийн эзний хүү, өмнөд фронтоос энгэр дүүрэн одонтой ирсэн гунагар шар залуу тэргүүтэй тав зургаан залуус энэ тэнэмэлийг хөөх гэж үзээд хөгөө чирсэн түүх суурингийнханы ой дурсамжаас хараахан арчигдаагүй яваа. Тэнэмлийн тэр эмэгтэй хүнийх мэт ганган цагаан гар хуруунд ямар их тэнхээ чадал нуугдаж байгааг тэд айж, мэгдэж, сүрдэж бахдаж харсан нь одоо ч тов тодхон ажээ.
Энэ хооронд өнөөх тэнэмэл өөрийнх нь тухайд ийм таагүй зүйл хэлэлцэж буйг огтхон ч төсөөлөөгүй, ер нь энэ суурингийнхан өөрийнх нь тухайд хэрхэн яаж хандах нь огтхон ч хүртээлгүй мэт браашигаа шимэн суусаар л, өнөөх байшингийнхаа зүг ширтсээр л байв. Харин байшингийн цонхны хөшиг нэгхэн удаад үл ялиг хөдөлсөнөөс өөрц юм өөрчлөгдсөнгүй.
Суусаар, нэлээд удсаны эцэст тэнүүлч эр босч, бүсээ даран цээжээ түхийлгэн нэг сайтар амьсгал авсанаа, үсээ хойш нь яран хуруугаараа самнамар болов. Түрүүнээс хойш нэг бол юүдэнд, эсвэл урт гогцоорсон үсэнд нь халхлагдаад байсан тэрхүү танил царай харин нэг ил болоход, тэгсэн тэр муу гадуурхагдсан тэнүүлчин чинь хөөрхий би байж байх юм. Ингэхэд би яагаад тийм тэнүүлч болчихсон, одоо хэнийг зорьж, энэ суурингийнханы хараал зүхлийг барах болсоор байгаагаа ч ойлгохгүй нэгэн. Яах л аргагүй би сууж байна даа, хөөрхий. Түрүүнд би хөндлөнгөөс л өөрийгөө хараад байж. Одоо бол би өөрийгөө хөндлөнгөөс харахгүй байна аа, тэр намайг зүхэж байгаа ард түмнүүдийн зүг ч харах шаардлага алга. Саяхан намайг хэлсэн үгийг нь би хажуухнаас нь сонсочихсон юм чинь.
Харин би яах гэж энд ирсэнээ, юуны тулд энд байгаагаа ойлгох гэж буцаад хэсэг суув... Ер нь ийм хачин тохиолдолд надад үе үед учирдаг, гайхаж хачирхаад байх ч юмгүй, харин ямар зорилготойгоо л ойлгосонгүй.
Тэгээд би бослоо. Үүргэвчээ авч мөрөвчлөөд, юүдэнгээ гартаа базаад даачнаас буув. Сүүлчийн шатан дээр гишгэхдээ тэсгэлгүй эргээд, араас минь ширтэж байгаа тэдгээр хүмүүсийг хараад авав. Цонхны цаана бөөгнөрөлдөж байсан хөөрхий хүмүүс хүний нүүр харсан чонын гөлөг шиг л гөлөгнөцгөөж, зарим нь дав дув хийн, доош суун тусаад, зарим нь нэгнийхээ ардуур орох гэж ядах аж. Гашуунаар тачигнатал хөхөрмөөр болж ирсэнээ, тэгсэн ч үгүй, нэг муухан мушилзаад, тэдэн рүү гараараа дохичохоод зам хөндлөн гарч өнөөх түрүүнээс хойш харж суусан байшингийнхаа үүдэнд очлоо. Зүрх догдлон, жингүйдэж буй мэт, гар салганан буйгаас өөр юу ч би мэдрэхгүй байна.
/Үргэлжлэл бий/

#

17 comments:

Nana said...

Зөөлхөн, илчтэйхэн гараа аль...
Зөрүүд, бардамхан амраг минь
Дахиад л чамаасаа хагацахаас даа...

gedeg chin neeh ikh tanil muruud bna daa, sanadaggui ee?

ene tenuulchin chin neg tiim "zevuun", tsaanaa l neg uvurmuts, ter saikhan busguinh l baimaar, uur hund tohiroorgui tenuulchin bna,

A.Амарсайхан said...

Дүрслэл гэдэг гайхамшиг шүү

A.Амарсайхан said...

Цэнхэр Номингийн говь, Шар хулсны баян бүрд, Цагаан бургасны баян бүрд ...
Нутаг минь нүдэнд буучихлаа. Ай даа...
Хүмүүний сэтгэлийг уужруулагч зах хязгааргүй цэнхэр алс...

Зүүдний тэмдэглэл said...

Амарсайхан нутгийн "хүү" байна уу даа. Цэнхэр Номингийн говь, Шар хулсны баян бүрд, Цагаан бургасны баян бүрд ... Аж Мянган, Алаг нуур, Шарга, Хүйс, Говь Хонь усан, Захуй зарман - өлгий болсон их говиуд нэг дурсая л... 10 сарын сүүлчээр даанчиг нэг сайхан шүү. Хорвоогийн өнгө бүхэн бүгдээрээ тэгэхэд тэнд л нэг хуран чуулж, хуримлан цэнгэдэг дээ.

Аж богд, Алаг хайрхан, Бурхан Буудай, Буга хайрхан, Их-Бага Таян, Хар-Бор Сэрх, ХанТайшир, Хасагт хайрхан, Хар Азарга, Мянган Угалзат, Хөндлөн Хөвч гээд нээрээ нэр нь хүртэл шүлэг шиг өмөг болсон их уулсаа нэг харахсан...

Хар Азаргын нуруу гэвэл Халиун, Цээл, Төгрөгийн аль нэг нь болох нь... Аль талаасаа вэ? Сүрлэг дээ, Зун, Могой, Гурван Шарын бэлээс харахад... Цахирын овоо чинь Баян-Өндөрөөс нэлээд хойхнуур харагддаг санагдана.

A.Амарсайхан said...

Тэр овоо бол миний нагац эгчийн өргөмөл аав болох Адиа Ламгаа гээд их номтой хөгшний шүтэж байсан овоо. Тэр хөгшин амьд ахуйдаа 5-6 дугаар ангийн жаахан хүү намайг тоож их зүйл ярьж өгдөг байсан юм аа.
Шарга Халиуны хоолойгоос цэнхэртээд л маш гоё харагддаг шүү дээ.
Аавын талаараа бол Баян-Уулын Баян Богд уулаа шүтнэ шүү дээ.
Гэхдээ энэ Улаанбаатараас нутгийн минь бүх хайрханууд ижил түшигтэй санагдах юм.
Алтайн хөх уулсдаа залбиръя аа.

A.Амарсайхан said...

Нүдэндээ нулимстай л бичиж сууна шүү дээ.

Зүүдний тэмдэглэл said...

Uu, ter Adia Lamhai gedeg hunii tuhai sonsoj baisiim baina. Bi buruu sanaagui bol Olonbulagiin hun baikh aa. Haliunii.
Govi-Altai gej - govi, ALtai hoyor ni en tegshhen hosolson er busiin nutag shuu. Ene Huh baitsat ikh uulsiin heveld budchij, ene aglagt ikh goviudiin heeld tenuulchilj yavj l er bie usuj dee, hu...
Bi ch yag Haliunii hooloid unasan hun baigaam... Uvuld javar ni gej hushssun mod tashiideg, zund chuluud ni ulaidchikhaad hul nutsgen gishguuldeeggui, havar namart ni salhi els hoyor ni nudeed nud neelgedeeggui, hatuu shiruun ch gej jigteihen atlaa hachin eeltei, elgemsuu nutag baidgiimsan...

Жаагий said...

Ene delhiig jijighen geltsdeg neeree l vnen yum daa. Nutgiin hoyor end taaraldaj baihiin.

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Тиймээ. Олонбулаг миний ээжийн төрсөн нутаг байгаа юм аа.
Сайхан нутаг шүү.
Зун Олонбулагийнхан Хадаасан, Хайчин гээд Алтайн төвөөс 5, 10 км газар ирж зусна. Би тэднийд очиж хэд хононо. Намарт гол руу орно гээд л нүүцгээдэг. Олонбулагийн намар их гоё шүү.
Адиа маань оройд ном уншаад л сууж байдаг хөгшин байлаа. Түүх, шашинтай холбоотой сонин юм их хуучилна.
Чөтгөр гээд л ярихаар нь би дооглоно. Тэгэхээр "Чамд хэлд орохоос чинь эхлээд л бурхан гэж байхгүй гээд итгүүлчихсэн. Тэгээд л чи ингэж бодоод байгаа юм" гэхчлэн бид хоёр их маргана аа. Далан хэдэн хуушуур нэг суурин дээр иддэг ламын тухай, ертөнцийн бүтцийн тухай буддын сургаал гээд л их юм ярьдаг байж. Тэр номтой хүнээр илүү ихийг яриулахын оронд үг сөргөөд сууж байдаг тэнэг хүн байж гэж өөрийгөө одоо буруутгадаг.
Шүтэж дээдэлдэг бурхан шашныг нь доог тохуу хийж хүлээж аваад байгаа хэт "гэгээрчихсэн" 5-6 дугаар ангийн нусгай хүү намайг загнахын оронд их тоож юм ярьж өгдөг байж дээ.
Тэр хүн бурханы орноосоо биднийг харж л байгаа. Номтой хүн ойр дотно байсан хүмүүсээ тэндээс харж, муу юмыг зайлуулж байдаг гэдэгт би одоо итгэх болсон. /Мухраар сүсэглээд байгаа биш, амьдралд минь тохиолдсон олон зүйл тэрхүү далд ертөнц байдгийг батлаад байгаа учраас/

Amaraa said...

. . .Зvvдээ манах шөнөөр зvрхэнд буйлдаг говь минь
Зуугаар наславч уйдамгvй зул шиг шаргал нутаг минь

Foreign language said...

Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.

http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html

Arsun said...

За Засагт ханы хөх харчуул сайн байцгаана уу? Энэ дэлхийг хавтгайраад байгаа гэдэг үнийн байна.

Зүүдний тэмдэглэл said...

Anun bas huhuudiin neg uu, tegvel havtgai bolood zogsokhgui togoo shig dotogshiigii humbaij baigaam baina aa, ene delhii chini

Arsun said...

Тиймээ. Би арай гилгир /хихи/

ZAYA said...

Амарсайханд хандахыг зөвшөөрнө үү.
Мухар сүсэг бишээ. Итгэл бишрэл байх ёстой.
Намайг сургуульд ороогүй байхад манай хөгшин ээж нэг хүн дээр надтай хамт ном уншуулж байсан юм. Нэг өдөржингөө л хонх дамар болоод их ном уншсан. Лав нэг номыг нь сайн санадаг юм. "Дүнчүүр маани" байсан шиг санагдаад байдаг юм. Жаахан хүүхэд байсан болохоор их л ядарсан санагдана. Харьж байхдаа хөгшин ээжээс юу билээ дээ юм асуутал
"Ингэж ном уншуулсан гэж хүнд хэлж болохгүй, ээж аав чинь хэрэгт орно" гэж билээ. Сүүлчийн тэр үг миний сэтгэлд тодоос тод үлдэж дээ.
Тэр хүнийг манай нутгийнхан "цээжиндээ номтой" гэдэг байсан юм. Хандмаа байсан байх.
Одоо бол та дуртайгаа шүт гэдэг сайхан цаг ирсэн...

Anonymous said...

zuudnii temdeglelee, ene zuudnii urgeljleliig unshmairainnnn