#

Thursday, May 3, 2007

Энэ удаад нууцыг хараахан нээж чадсангүй... Гэхдээ нэг алхам...

Алтайн өвөр говьд, яг тодруулбал Захуй Зармангийн говийн цаадтай, Идрэнгийн хөндлөн хөх нурууны яг зоон дээгүүр нь даваад нэлээд явж, өнөөх алдарт Цэнхэр Номингийн говийн зэрэглээ захлах тэр л хязгаарт нэгэн нууцлаг орон зай буй. Ердийн цагтсан бол байдаг л нэг зэрэглээ наадсан, зээр хулан гүйлдсэн, заг бударгана нь оолон цоолон үргэлжилсэн улаан хоолой байх, гэвч заримдаа ....
Би тэр газарт хэрэг болгож хэдэнтээ зорьж очсон юм. Очих бүрдээ тэрхүү нууцлаг орон зайд нэвтрэхийн туйлын их хүслэнгээр яг л тэр хатмал ангамал говьд ус эрсэн тэнүүлчин шиг л ангаж цангаж тэмүүлдэгсэн. Гэвч нэгэнд нь ч тэр надад үнэн дүр төрхөө нээж үзүүлээгүй билээ. Тэндээс буцах бүрдээ цээжиндээ балар балар таамаг, түнэр түнэр гунигтай ирдэгсэн. Мэдээж хэрэг, бодит байдал дээр биш л дээ...
Хүмүүсийн бодит гэдэг тэр байдал дээр бол би тэр Идрэнгийн нурууг алсаас Баянтооройгоос дурангаар нэг харсан, харин Захуй зармангийн говийн хойт захыг эмжээд морь, тэмээтэй ч, мотоциклотой ч, өвөл ч, зунаар ч нэлээд хэдэн удаа тэнүүчлэн явсан юм. Тэгэж явахдаа Цэнхэр Номингийн говийн хараа алдрах хээл рүү өөрийн эрхгүй санаашран ширтэж, тэнд ямархан нэгэн нууцлаг совин буй, магад хэн нэгэн буй мэт зөн төрж, санаа алдан алдан, хөмсөгөө зангидчихаад нэгэн битүүлэг тэгшитгэлийн хариуг олох гэсэн мэт удаан суудаг байж билээ. Тэр баларлаг нууцат говь цөлийн хээл рүү надтай хамт зүрхлэн, эсвэл тэнэгрэн тэнүүчлэх бүдүүн зүрхтэйгээс гадна бүтэлгүй сонирхолтой хань нөхөр надаас өөр надад олдоогүй учир би тэрхүү цаг ямагт сэтгэлийн үзүүрээс хөвөрхий утас хөвчих шиг тийм гуниг сэмрүүлэн даллах тэр аглаг руу ганцаар зорьж зүрхлээгүй юм. Тэгсээр хэдэн жилийг үдэж, дараа нь тэр хязгаараас холдон одож, одоо бол энэ бөмбөрцөг дээр холдож болох хамгийн хол зайд, яг бөмбөрцөгийн нөгөө эсрэг талд нь гарчихсан, зөвхөн санамж, дурсамжин дотроо л тэрхүү аглагийг эрэлхийлэх бөлгөө.
Харин би зүүднийхээ ертөнцөд бол тэр газар луу зүрх зориг гарган хэдэнтээ зорьж билээ. Тийш очих зам ганцхан. Зам ч гэж дээ, ямар ч зам байхгүй, зүгээр л тэр газар луу ганцхан талаас нь л, тодруулбал зүүн хойт талаас нь нэгэн хадархаг үргэлжилсэн намхан гүвээ дагасан нарийн цагаан хоолойг дагаж очих ганцхан боломжтой. Харин тэр боломжийг хэн анх надад зааж, газарчилсаныг би одоо санадаггүй юм, анх удаа тийш зорин зүтгэснээс хойш их олоон жил, бараг хориод жил болжээ. Тэр үед би ямар зүүд мүүдээ одоогийнх шиг тэмдэглэдэг байсан биш.. Машинтай явбал тэр цагаан хоолойг яг 13 хоногт туулдаг, анхны удаа би ямар унаагаар тийш явсанаа санадаггүй юм, харин сүүлчийн удаа, 4 жилийн өмнө АНУ-д ирсэн хойноо тийшээ би Орос ах нарын бүтээсэн ГАЗ – 66 гэдэг машинтай явсан юм. Энэ ч ёстой л хад, бартаа, цөл говь, хэцүү бэрхийг гэтлэхэд л бүтээгдсэн унаа юм билээ. Тэр 13 өдөр явж туулдаг урт цагаан хоолойн яг тэхий дундаас нь өнгөрөөд цааш нэг бүтэн өдөр, хагастай явахад бяцхан хар дэнж дээр хэдэн хуучин дүнзэн байшин бий. Ийм их цөл говийн гүнд хаанаас нь тийм хар мод авчирч байшин барьсан нь сонирхолтой ч түүнээс илүү нь тэдгээр байшингууд бүгд эзгүй атлаа өглөө орой, өвөл зун хэзээ ч очсон дөнгөж минутын өмнөхөн л хүмүүс цай хоол болж, гал түлш өрдөж байсан нь илт, хуучин цагаан орны шар цэмбэн бүтээлэг дээр сууж байгаад боссон хүний суудалд дарагдсан цэмбэний ширхэгүүд дөнгөж босч байх, хэрвээ алгаараа түүн дээр нь дараад үзвэл бүв бүлээхнээрээ байх, бас гал нь түжигнэтэл асч, бас хэн нэгний санаа алдсан хэнгэнэлтийн цуурай дүнзэн байшингийн хүнхэр таазнаас хараахан замхараагүй байж байдаг юм. Харин, бараг 7 жилийн өмнө шиг санагдаж байна, нэгэн удаа намайг шөнөөр тийш очиход байшингийн гадаа хүүхдүүдийн шуугилдах дуу нь сонсогдож, дугуйтай хүүхэд хажуугаар сүрдхийн өнгөрсөн юм. Гэвч би аанай л хэнтэй ч тааралдаагүй, нэгэн байшингийн цонх гэрэлтэй харагдсанд очиход дотор хүмүүс шуугилдаж байвч, орж очиход хэн ч байхгүй, зөвхөн ширээн дээрх лааны дөл л дэргэдүүрээ гарсан хэн нэгний салхинд дальдичин байсансан. Тэр төмөр замын өртөөнд байдаг шиг эгнүүлж барьсан арваад байшингаас цаашаа хагас өдөрчийн газар явахад нэг нүсэр том балгас бий. Тэр бол хот суурингийнх гэхээсээ аварга том үйлдвэрийнх гэмээр.... Би Эрдэнэтийн ГОК-оос өөр том үйлдвэр үзээгүй хүн, гэтэл тэр балгас ГОК-ийн хэмжээнээс даруй 10 дахин том. Түүнийг тойроод гарчих газар бий, тэр нь тэрүүхэндээ их нууцлаг учир анхааралтай явахгүй бол анзааралгүй өнгөрчихөөд, тэрхүү балгасан дундуур орохоос өөр аргагүй болно. Тэгээд тэр балгасан дундуур орчихвол хэсэгтээ л хараал, ширээлээ барж, зовох болдог юм. Би хоёр ч удаа тэгэж орчихсон. Харин тэр балгаснаас гарч явахдаа, чухам одоо яг нарийн санахгүй байна, нааш буцахдаа билүү, очихдоо ч билүү, хоёр жаахан хүүхдийн барааг хараад л алдсан юм. Том нь охин хүүхэд байсан, 7-8 насны орчим л болов уу, харин бага нь хүү, охины алин болохыг би ялгаж чадаагүй, тэдний араас хашгиран дуудан гүйсэн маань тэднийг айлгачихсан уу, эсвэл угаасаа тэд тийм үргэмтгий, чочимтгой юм уу, намайг харангуутаа л хэсэг нуранги хананы цаагуур орчихсон, намайг дэгдсээр тэнд нь очиход мөр, ул ч үгүй хичнээн хашгичин дуудсан, өхөөрдөн энхрийлсэн ч хариу өгөөгүй билээ. Гэхдээ би тэгэхэд тэр хоёр хүүхэд аль нэг нурангины цаанаас намайг маш анхааралтай ажиглаж буйг мэдрээд л байсан юм.
Тэрнээс цаашаа хэсэг явбал өнөөх урт нуруу маань шувтарч, түүний үзүүрээр, яг л нөгөөх Алтайд бол Төмөр хавын үзүүрээр тойрдог шиг, эсвэл далайгаар бол Сайн итгэлтийн хошууг тойрдог шиг л жижигхээн хөх довцогын шилээр даваад тойрчихно. Харин тэр хөх довцогоос урагшаа юу байгаа нь мэдэгдэхгүй, харанхуй хар манан хөшиг, эсвэл хачин сонин зэрэглээн хөшиг өдөр ч, шөнө ч үргэлж мөнхөд татаастай байна.
Өнөөх яг зорьж тэмүүлээд байгаа газар маань тэр л Хөх довцогын шилээр даваад л байх учиртай. Цаашаа, өөр ямар нэгэн газар байх боломжгүй. Зам бүхэн Ром хүрнэ гэдэг шиг зөн бүхэн зөвхөн тэр жижигхээн хөх довцогын цаана байх хонхорыг л заадаг, яг л луужингийн улаан зүү умард зүгийг алдалгүй заадаг шиг.... Би тэр шилээр хэдэнтээ давсан, давах бүр ямагт умар зүгийг зааж байсан луужингийн улаан зүү өнөөх умард туйл дээрээ яг яваад очихоор зүг чиггүй болон төөрчихдөг шиг л миний зөн хаашаа ч үгүй төөрчихдөг юм. Зорьж ирсэн газар маань мөн болохыг би хичнээн сайн мэдэж, мэдэрч байвч, түүнээс ч илүүгээр тэнд буй тэр зүрх сэтгэлийг минь цаг ямагт даллан дуудаж, зөн совинг минь үргэлжийн мөнхөд тарчлаан зовоогч тэр зүйл надад харагдахгүй, нууцаа нээхийг хүсэхгүй байгааг мэдэрдэг юм. Тэгээд л аргагүйдэн буцдаг билээ. Ийн хэдэнтээ тэндээс буцсан. Буцах бүрдээ дахин ийш зүглэхгүй хэмээн өөртөө бат нот итгүүлж явдаг ч нэг л мэдэхэд тийшээ зүглэчихсэн байдагсан.
Харин энэ удаа би тэрхүү газар юу юу байгааг хальт ч болох хараад амжлаа. Харин юу харсанаа хэлье юу, байя уу, эргэлзээд байна. Учир нь хоёр зүйлд, нэгд тийм зүйл харсан гэдэгт маань итгэх хүн олдох болов уу, Би уг нь хаширлаад зургийн аппараттай явсан юм. Тэгээд үзэгдсэн бүхний зургийг дарсан ч харамсалтай нь бүх кард цав цагаан... Нөгөө нэг учир нь хүн ер нь тийм зүйл харсан үзсэн гэдгээ хүн амьтанд хэлдэггүй юм гэнэ лээ, сайн муу болдог гэж нэгэнтээ сонсож байсан шиг санагдаад...
Гэхдээ энэ удаад миний харсан зүйл бол тун хальтхан.... Харин энэ удаагийн аяны маань хамгийн чухал нь, бас миний сайн мэдэж, мэдэрсэн нь би тэр нууцын оронд нэвтэрч болох юм байна, тийм боломж байгаа юм байна гэдгийг л мэдэрсэн маань хамгийн чухал байна. Зүрх сэтгэл маань хөндүүрлэж байгаа цагт цөхөрч л болохгүй нь ээ.

#

10 comments:

Nana said...

"...Тэр баларлаг нууцат говь цөлийн хээл рүү надтай хамт зүрхлэн, эсвэл тэнэгрэн тэнүүчлэх бүдүүн зүрхтэйгээс гадна бүтэлгүй сонирхолтой хань нөхөр надаас өөр надад олдоогүй учир би тэрхүү цаг ямагт сэтгэлийн үзүүрээс хөвөрхий утас хөвчих шиг тийм гуниг сэмрүүлэн даллах тэр аглаг руу ганцаар зорьж зүрхлээгүй юм..."
Bi yer ni ikh savaagui, soniuch, tegeed bas bukh zurkhtei, buduun khuzuutei shtee, namaig hani bolgood avaad yaval daa, ter nuutslag yumiig chin uzmeer l bna, ene zuudnees chin yu gedgiig ni oilgosongui .

Зүүдний тэмдэглэл said...

tegey l

A.Амарсайхан said...

Баянтоорой - Зармангийн баян бүрд - Идрэнгийн шил /Хоёр худаг билүү дээ, тэмдэглэлийн дэвтэр маань хол байна л даа. Зарим нэрийг ташаарсан байх ахул өршөөгөөрэй/ - Цэнхэр Номингийн говь - Зараа уул - Шар хулсны баян бүрд - Цагаа Тохой - Цагаан Бургасны баян бүрд - Замын билгэхийн хилийн харуул - ... - Атас Ингэс - ... - Гантөмөрийн худаг -- ... гээд л 14 хоног аялж билээ. Алтайн цаадах говь гэдэг үнэхээр гайхалтай нутаг. Говийн Их дархан цаазат газрын дарга, доктор Мижиддорж ах манайхаар ТВ нэвтрүүлэг хийлгэхээр намайг авч явж байж. Хавтгай, хулан, сүүлтий, янгир гээд баахан амьтан үзэж заримынх нь зургийг авч амжсан. Гайхамшигтай үзэсгэлэн бүрдсэн газруудаар явж нүдээ баясгаж, хийморио сэргээсэн.
Шар хулсны баян бүрдийн ойролцоо байх газар гэрт Дархан газрын 10 гаруй хүн мазаалайд тэжээл тавих, баян бүрдийн дундуур гарсан замыг хаах ажлаар очоод байсан. Мартын 8-ныг тэмдэглэдэг юм байна. Дархан газрын мэргэжилтэн Баянмөнх найзын маань гэр бүл л цор ганц эмэгтэй.
Тэр зэлүүд аглаг говьд дэлгүүр хоршоо гэж байх биш. Бэлэггүй гацаад, гурван зураастай үрлэн сум нэгийг "бэлэг тэмдгийн" чанартай бэлэг хэмээн өргөн барьж байв. "Хүү гарах нээ" билэгшээн хүлээж авч билээ, тэр хачирхалтай бэлгийг минь. Найрлаад, хүн бүрийн ганзаганы ганц "Хараа" задраад л, уртын дуу цангинаад л. Алтайн цаадах говийн Мартын баяр...

Зүүдтэй холбогдох нь: Магадгүй баяр тэмдэглээд буцсаны дараа, тэр дүнзэн байшингуудад та очсон байх аа. Их гоё борцтой будаатай хуурга ханхалж байна уу?

Зүүдний тэмдэглэл said...

He he, amarsaikaahn neeree tiim bainsa shuu, neekh ikh bortstoi tsainii uner sengeneed baisniig odoo l sanadag baina sh tee. Ta nariin yag araas ni orchikhson bian l. Tegekhed 1999-2000 onuudiin ali negen shig sanagdaj baina. Gekhdee namaig ochikhod namar baisan shig bilee, esvel havar baisan yum bolov uu, ...

A.Амарсайхан said...

Нээрээ тийм, өдөр нь борцтой цай хийж хамрын хөлсөө бурзайлгасан санагдана. Явахдаа хаалгыг нь цуургаар түгжээд, тоонон дээр нь сарампай тавьж чулуугаар даруулсан билүү дээ.
Аргалын дөрвөлжинд нь заг дүүргэсэн шүү. Сайхан цай чанаж уусан биз дээ?

Nana said...

ataarhtal chatladag baishtee, amraa ah daraa bi bas ochikjoogoo, uridchilj ochood aj ahuin ajliig tsohitsuuldag hun ni ta bsiim bii, bi ochij uzheer garaad alhsan shuu.

Nana said...

ataarhtal chatladag baishtee, amraa ah daraa bi bas ochikjoogoo, uridchilj ochood aj ahuin ajliig tsohitsuuldag hun ni ta bsiim bii, bi ochij uzheer garaad alhsan shuu.

тэнэмэл said...

nuutsiig ni tailaad daxin bicheerei..bartaa ixtei bol byyr sonin shd..;-)

Хүслийнжигүүр said...

Ёоо. атаархчихлаа байлаа. Хэзээ дахиж зүглэхийн. Хамт явий л даа.

Egel1n said...

Ke ke ke
... Нөгөө нэг учир нь хүн ер нь тийм зүйл харсан үзсэн гэдгээ хүн амьтанд хэлдэггүй юм гэнэ лээ, сайн муу болдог гэж нэгэнтээ сонсож байсан шиг санагдаад...

bas ho'orhon muhar su'segtei. Za za nargia. Gehdee ter zuiliig il gargaj heleed demii. bichsenees chini haraad yu gedeg talaar neg taamag bna. U'nen bsan eseh talaar ni zaaval hariu bicheed yaahav. Minii bodloor shambaliin ornii zah zuhtai l holbootoi bol uu....