#

Sunday, April 15, 2007

ХҮН-ЧОНО-ын авд /Хоёрдугаар хэсэг/



Дэлчгийн байж буй энэ байдал төрх миний өвөрдөх, энэрэх мэдрэмжийг маань ор мөргүй хөөж орхив. Харин ч ой гутаж, дургүй минь хүрлээ. Хүн айж, мэгдэж болно гэхсэн, гэхдээ ийм арчаагүй, ой гутам байдалд ордог гэдгийг би ер төсөөлж байгаагүй юм байна. Түүний энэ ухаан мэдрэлгүй айдас өөрийгөө төдийгүй намайг ч, хамаг итгэл найдвараа өгчихөөд, айх эмээхээ, амь насаа ч даатгачихаад ард хөшиж хүлээж үлдсэн нөгөөх заяа тавилан нэгт гээгдмэл суурингийнхнаа ч давхар баллаж орхих нь... Юун амь өршөөх билээ. Айх айдас нь түүнийг болж буй үйл явцыг бодитойгоор эргэцүүлэн харах, дүгнэх ямар ч боломж олгохгүй байгааг нь ойлгож, өршөөж болох ч чухам өмгөөлөн хамгаалагч руугаа эргээд ноцно гэдэг даанчиг шоглоомтой. Дэндүү арчаагаа алдсан явдал л даа. Өмнө нь би нэг удаа иймэрхүү арчаагүй ариншингийн илрэлийг мэдэрч байсан юм.
***
Хэдэн жилийн өмнө 10-аадхан хүнтэй нэг жижигхээн албан газар ажиллаж байлаа. Төрийн байгууллага л даа. Манай байгууллагын дарга уг нь эхлээд надад таалагдсан, аятайхан биеэ авч явдаг, боловсролтой, хэнтэй л бол хэнтэй дээр доорыг ялгалгүй харьцдаг. Тэрээр надад итгэл үзүүлж, нэлээд хүнд гэгдсэн асуудлуудынхаа талаар надтай зөвлөдөг, бас надаар зарим шийдлүүд гаргаж, гүйцэтгүүлсэн ч удаатай. Гэвч тун ч удалгүй нөгөөхийн маань тар нь танигдаад эхлэв. Тэр байгууллагад надаас гадна тэтгэвэрт гарах өдрөө хоног тоолон хүлээж суудаг “Мягу” хочтой нэг хөгшинөөс бусад нь бүгд бүсгүйчүүд. 21-тэй дөнгөж сургууль төгссөн залуухан охидоос эхлээд 50 дөхсөн 6 хүүхэдтэй нэг эгч хүртэл бий.. Харин яг үнэндээ ажлаа хийдэг нь нэг ч үгүй. Бүгд л нэг ингэж тэгэж байгаад цалин авчихна. Зүгээр ч авахгүй, бүүр шагнал урамшилтай авцгаана шүү.
Нэг өдөр шинэ ажилтан бүсгүй ирэв. Царай зүсээр тийм сайханд орохгүй, ажилдаа ч бас тийм сайн биш, харин шударга, шулуухан зантай. Ажилд ороод хоёр л долоо хонож байсан байх даа, нэг өдөр тэр шинэ бүсгүй маань баахан хэрэг мандуулж хаячихаад ажлаа хаяаад гараад явчихав. Дарга маань түүнд янз бүрийн санал тавьж, татаж чангаасан юм байх аа. Хамт ажилладаг үеийнхээ нэг бүсгүйд хэлтэл өнөөх нь ер нь байгууллага дээр болж байдаг зүйлсийн зах зухаас дуулгажээ. Өнөөх шазруун бүсгүй нэгэнт атгасан олсныхоо үзүүрийг хөвсөөр манай байгууллага дээр болдог бүхнийг нэгд нэгэнгүй мөрөөр нь орж, дэлгэж чадсан байна.
Манай дарга харьяандаа байдаг 8 бүсгүйтэй бүгдтэй нь амрагын холбоотой ажээ. Бүгдээрээ түүнийгээ харилцан мэдэлцдэг, гэвч нэг эр нөхөртэй хүмүүс шиг аль аль нь хүлцэнгүй, хүлээцтэй, зөвхөн хааяа нэг гардаг зөрчил нь илүү цагийн мөнгө, шагнал энэ тэр дээр л чи их авлаа, би бага авлаа гэсэн маргаан гардаг боловч, манай дарга ийм мэт асуудлыг нь тэр дор нь л эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй зохицуулчихдаг байсан ажээ. Яг л олон хатантай хаан шиг... Өнөөх Мягу хөгшин ч энэ бүхнийг сайн мэддэг, тэр надад хэлэхдээ “Ах нь уг нь энэ бүхэнд дургүй хүрээд л явдаг, гэхдээ одоо тэтгэвэрт гарахын хооронд хэл ам татлаад яахав дээ, амьтантай тангараг тасрахын нэмэр” гэж билээ. Би ороод 2 сар болохдоо үүнийг огтхон ч анзаараагүй явсан байгаа юм даа. Ингээд нэг үдэш манай байгууллагынхан бүгдээрээ цуглаад энэ талаар ярилцлаа. Мэдээж даргаасаа нууцаар... Бүгдээрээ л даргыгаа үзэн яддагаа илэрхийлцгээв. Зарим нь бүүр уйлж, унжиж, харааж зүхэж, хэрвээ дарга хажууд нь байвал маажиж малтахад бэлхэн байв. Энэ явдлын талаар дээд газарт мэдэгдэж, өөрчлүүлэх нь зүйтэй, ингээд байгаад байж таарахгүй гэдэг дээр ч бас санал нэгдэв. Тэгээд дээд газарт, шүүхэд бүгдээрээ захидал бичих юм болцгоож, би тэр захидлынх нь эхийг гаргалаа. Мягу хөгшинөөс бусад нь бүгдээрээ гарынхаа үсгийг зураад явуулчихлаа.
Маргааш өглөө нь би даргатайгаа энэ асуудлаар ярилцлаа. Надад түүнээс нууцаар хийсэн нэг л зүй бус хуйвалдаанд оролцчихсон мэт сэтгэгдэл төрөөд болоогүй юм. Тийм учраас эр улс шиг л илэн далангүй ярилцах нь зүйтэй гэж бодсон хэрэг л дээ. Өнөөх өргөдөл захидал бичсэн хүмүүсийг ч олиж, матсан юм байхгүй ээ. Миний даргатайгаа ярьсан гол яриа нь байгууллага дээр ийм зүй бус явдал архагшсанд маш их харамсаж байгаагаа хэлж, одоо энэ нь нийтэд нэгэнт ил тод болж, бүгдээрээ илэн далангүй ярьцгаах болсон, ийм нөхцөлд цаашид ажиллахад хэцүү болсоноо хэлсэн юм.
Манай дарга харин огтхон ч сэтгэл зовсон шинжгүй хүлээж авч байхыг хараад би хачин их гайхаж билээ. Тэр ч бүү хэл, “намайг юм үзээгүй нусгайгаа”-раа байгаад маань санаа зовинож байгаагаа хэлж, амьдралд энэ бүү хэл өчнөөн юм үзэх болно гэж тавлаж, бас зөвлөж байна. Тэгэн гэмц л миний гэдэн хөдөлж, даргадаа дайн зарлачихдаг юм байна. Таны энэ булай явдлыг дэлгэнэ, дээд газраар шүүлгэнэ, байгууллага дээр шударга ёс тогтооно энэ тэр гэлээ. Дарга маань огтхон ч цочсонгүй. Мэдээж хэрэг дээд газарт, шүүхэд тэр өргөдөл очоод таг дарагдсан, мөн миний гүйж, дарга даамлуудад энэ тухай хэлсэн бүхэн харин ч буруугаар эргэж, даргыгаа онхолдуулж, албан тушаал улайран хөөцөлдсөн амьтан гэсэн пайзтай болчихдог юм байна. Найз сэтгүүлч залуугаа авчраад өнөөх бүсгүйчүүдтэй уулзуулсан чинь бүгдээрээ нэг ч үг хэлж өгсөнгүйгээр барахгүй харин ч эсрэгээр даргыгаа магтаж гардаг байна шүү дээ. Тэгээд болсон бүх явдлыг нь дэс дараатай нэлээд дэлгэрэнгүй бичээд сонинд өгтөл эрхлэгч нь тэр материалыг хав дарчихаад нийтэлсэнгүй. Дарга бид хоёрын хэрүүл маргаан бүүр шүүх прокурор дээр очих дээрээ тулав. Харамсалтай нь шүүхийн өмнө надад ямар ч нотлох баримт байсангүй. Нөгөөх бүгдээрээ уйлан, харааж зүхэж байж бичсэн өргөдөл дээд газарт таг дарагдаад, дахиад өнөөх бүсгүйчүүд маань тэр талаар нэг нь ч гарын үсэг зурж өгдөггүй шүү.
Нэг сарын дараа өнөөх манай байгууллагын 8 бүсгүй бүгдээрээ миний эсрэг босоцгоож, чухам л тэдний хамаг булай булхай бүхнийг нь дэлгэх гэсэн хорон муу санаатан, тэдний энэ зовлонгоор нь дөрөөлж, албан тушаалд хүрэх гэсэн өөдгүй амьтан болж хувирав аа, би. Ингээд аргагүйн эрхэнд тэдгээр бүсгүйчүүдийн харааж зүхсэн дуун дор ширээнээсээ өөрт хэрэгтэй ганц хоёр дэвтэр номоо цүнхлээд ажлаасаа гарч байж билээ. Тэгэхэд тэдгээр бүсгүйчүүдэд гомдохоос илүүгээр өрөвдөх сэтгэл надад төрж байсан юм. Чухам тийм өрөвдөх сэтгэгдэл надад байгаагүйсэн бол би тэр ялагдалынхаа гашууныг тийм амархан дааж гарч чадахгүй л байсан болов уу даа. Үүдэн дээр дарга тааралдаж, огтхон ч юм болоогүй мэт, далан дээр алгадаад “Энэ чинь амьдрал шүү дээ” гэж хэлж билээ. Хэд хоногийн дараа Мягу хөгшинтэй гудамжинд тааралдахад тэрээр “Ах нь хэлсэн шүү дээ, дэмий юмаар оролдох дэмий л байдаг юм” гэж билээ. Би тэгэхэд 100 хувь ялагдсанаа мэдэрч, ямар бат бэх хана мөргөснөө ойлгосон юм. Гэхдээ нэг л итгэлээ орхиогүй, тэр нь тэр хана огтхон ч хөдлөшгүй биш, хөдөлж л таарна, харин яаж вэ? Нөгөөх төрсөн ах Улянов нь Хааны амь насанд халдах гэсэн хэргээр цаазын ял авсаныг сонсоод залуу Ленин “Бид өөр замыг сонгох болно” гэдэг шиг л би өөр замыг, гэхдээ маш бэрх, урт замыг сонгох ёстой юм байна гэдгийг л ойлгосон юм.

***
Харин энэ удаад надад Дэлчгий хөгшинийг огтхон ч өрөвдөх, нигүүлсэх сэтгэгдэл төрсөнгүй. Тэрхүү ичих ичгүүрээ давж гарч зүрхлээгүй, тэрхүү гутаагдал, доромжлолтойгоо дотоод сэтгэлдээ аль хэдийнэ эвлэрчихсэн, хүлээн зөвшөөрчихсөн байсан хөөрхий бүсгүйчүүдтэй энэ Дэлчгий хөгшинийг харьцуулах ч аргагүй л дээ. Амь өршөө гэнэ шүү. Ой гутсан дургүйцэл маань хүч нэмж, Дэлчгийг солгой гараараа ширүүхэн ширвэж орхисонд тэрээр тэр хамрын уруу тонгорцоглон өнхөрсөөр одлоо. Тэгээд өнөөх чононууд руугаа хартал тэд аль хэдийнэ сэжиг авчихсан, над руу эгнээд чихээ байдгаар нь сортойлгочихсон хараад зогсоцгоочихсон, дайрах эсэхээ шийдэн ядан буй бололтой байв. Чонын хэзээ ч бүрэн гүйцэд таниж мэдээгүй юм руу улайран дайрдаггүй хэтэрхий болгоомжтой ариншин нь энэ удаад бидний амийг аврав бололтой. Хэрвээ биднийг хоёулахнаа байгааг нь мэдвэл тэд ямар ч эргэлзээгүйгээр дайрах нь тодорхой. Хэрвээ 10 чоно тийм давчхан зайнд дайрвал би их сайндаа л 5-ыг нь буудаж унагаж чадна. Энэ тэгэхээр ямар амь өрссөн явдал болж буйг хэлүүлэлтгүй.
Харин өнөөх ХҮН-ЧОНО алга болчихож. Дэлчгий бид хоёрын хооронд болсон зууралдаан их сайндаа л 10 секунд болсон байх. Ийм богино хугацаанд тэр аймшигт араатан-ХҮН чухам газар нь цөмрөөд л орчихоогүй бол ойр хавьд тийм хурдан бие далдалчихаар бут, сөөг, хад чулуу, гүвээ, хонхор тэр хавьд байгаагүй юм. Гэвч надад одоо гайхаж, түүнийг хаа нэгтэйгээс эрэн хараа бэлчээж байх боломж даанчиг нэг байсангүй. Хором ч алдаж, санаачилгыг чононуудад алдаж болохгүйг би зөнгөөрөө ч, туршлагаараа ч мэдэж байв. Ингээд чононуудын голд байгаа нэгэн рүү нь онилон гохоо дарж орхив.
Ер нь олон чонотой таарвал хаанаас нь эхэлж буудах вэ гэдэг нь бас анчин хүний нарийн тооцоо юм। Чононуудаас аль болох олныг, болбол бүгдийг нь алах боломжтой, давуу нөхцөлд буй бол хойноос нь, аль муугаас нь эхэлж бууддаг, үймүүлж үргээх гэж буй бол голд байгаагаас нь эхэлдэг, хэрвээ галыг өөр дээрээ дуудах гэж байгаа бол өлигчиныг нь, өлигчин байхгүй бол аль томыг нь эхэлж бууддаг юм. Энэ удаад сэжиг авчихсан, надруу дайрахад бэлэн байгаа эдгээр чононуудыг үймүүлж, сандаргах нь чухал байлаа. Түрүүнд Дэлчгий хөгшин маяглаж байж хар сэр өгчихөөгүйсэн бол хойноос нь эхлээд л цувуулчих байсан юм. Буун дуунаар нэг нь “ган” гэсээр мушгиран унаж, бусад нь тал тал тийш пурхийлээ. Би ч хамрынхаа ирмэг дээр харайж гарчихаад тал тал тийш таран чавхадацгаасан тэдний араас хэдэн сум тавиатхав. Хэд ч гэж дээ, Карибин бууны замганд 3 сум багтдаг ба хүхээгэнд байсантайгаа нийлээд нэг дор дахин цэнэглэхгүйгээр зөвхөн замгаа л татаж, 4 угсран буудаж болдог. Юутай ч нүдэн дээр минь дахиад хоёр чоно эвхрээд өглөө. Дахиад буугаа сумлах гэтэл бууны маань мөрөвчинд байсан сумны дайз алга болчихож. Өнөөх Дэлчгий хөгшин гартай маань зууралдаж байхдаа л сумны дайзыг унагачихаж. Яг энэ мөчид ард талд Дэлчгий хөгшиний амь тавих бархирах, Сэгсгэр Халтар морины маань унгалдах, хуурсаа татан газар чавчилах чимээтэй хослон сонсогдож, эргэн харвал өнөөх ХҮН-ЧОНО миний ард, хамрын бэлд ирчихсэн, Дэлчгий хөгшний шилэн хүзүүнээс бахим том савраараа атган, агаарт хий сарвагануулчихсан зогсоно. Сэгсгэр Халтар морь маань хэдий их зоримог, чононоос үргэж, бусгадаггүй, тэр ч бүү хэл цавчлан дайрч ордог атал, энэ удаад огтхон ч үзэж харж байгаагүй тэр аймшигт ХҮН-АРААТАН-аас цочин үргэж, дайран орж, хурц туурайгаараа цавчлан хөөж чадахгүй ч харин түүний надруу явах замд нь хөндөлдөн, газар чавчлан, хий тангараэ сүрийг үзүүлэн цамнаж байлаа.

Энэ “завшаан”-ыг ашиглан би ХҮН-ЧОНО-ыг сайтар ажиглав. Тэрээр миний тооцоолж байсан шиг тийм 2 метр орчим өндөр нуруутай биш ч маш бахим хүчирхэг биетэй юм. Хоёр гар нь өвдөгнөөсөө өнгөртөл урт агаад ялангуяа шуу нь ер бусын хүчирхэг, яг л дүнз гуалин шиг харагдана. Горилл сармагчингийнхтай төстэй урт бүдүүн сарвуун дээр нь дотогш махийж ургасан бүргэдийнх шиг махигар хурц хумс нэмэгджээ. Булчин шөрмөс болсон ширүүн үсэрхэг арьстай цээжин бие нь үл ялиг бөхөгөр агаад хоёр мөр нь харин их унжуу нь түүний богино бахим хүзүүг чонынх шиг харагдуулна.
Хоёр хөл нь биетэйгээ харьцуулахад ялимгүй богиновтор, бас ялимгүй майгавтар бөгөөд асар том парвийсан тавхайтай юм। Тэр хоёр майгадуу хөлийнх нь хооронд чухам эм хүйстэн бүхэн нэг бол түүнээс үүдэх өвчинийг мэдэрч айсандаа, эсвэл хүссэндээ чарлан ухаан алдамаар аварга том улаан гуур санжигнана. Азарганых түүний дэргэд шальгүй мэт. Бүх биеийг бүрхсэн шингэн тачирхан үс нь гарынхаа шуу, хөлийн шилбэ, бас цав гэдсээрээ ноолордсон өтгөн урт болжээ. Данхагардуу толгойных нь бараг духан дээр чоных шиг хоёр чих соотойж, шаргал сортой бүдүүн ширхэгтэй үс нь тал тал тийш арзайн сэгсийжээ. Тэр хоёр чих нь ямар нэгэн багт наадамд оролцоод гарахдаа мартчихсан яваа өмсгөл мэт санагдсаныг ч бас нэмэх хэрэгтэй. Харин JPM дэлгүүрт харсан маш сайн чанарын элгэн цээживч шиг юм цээжиндээ хайш, яайш өмссөн ч энэ нь түүнийг чонотой гэхээсээ хүнтэй ойр дөт болохыг илтгэнэ. Эрүү түүшин томтой, хамар сартгар агаад хоёр завжаараа доош уншсан том ам нь түүний ер бусын шийдмэг, түрэмгий ариншинг илтгэнэ. Түүний царай төрх надад их сайн танил аж, чухам хэн гэдгийг нь хараахан хэлж чадахгүй цээжин дээр гацчихаад байгаа мэт тийм танил төрхийг олж харав. Харин нүд нь бол өмнө нь надтай нэгэнтээ учирсан тэр нүд яг мөн байлаа. Тийм нүдэнд ямар ч хараа, харц байхгүй, цаашаа хязгааргүй нэвт, огт өөр ертөнц рүү өнгийх цонх, эсвэл огторгүйн хязгааргүй уудам руу тавьсан галт хонгил мэт тийм гал улаан нүд билээ. Тэр нүд цаашаа нэвтийнхээ адил мөн наашаагаа ч нэвт ажээ. Бид хоёрын харц тулгарч, тэрх галт нүд намайг нэвт өрөмдөн түлээд, нэвтлээд өнгөрч буй мэт болж байна. Аль 1989 оны намар Алтайн өвөр говьд адуу хайж яваад би яг ийм харцтай хүнтэй учирсан юм. Тэр харц одоог хүртэл санаанаас маань гардаггүй хийгээд үе үе зүүдэнд үзэгддэг. Харин энэ хугацаанд надад ямар нэгэн муу урхаг авчирч байгаагүй юм. Энэ ХҮН-ЧОНО, тэртээх оны говь-цөлийн эзэн бүсгүй хоёрын харц нь адил, нэг төрөл гарвалынх байж магад ч эд бол нэг хүн биш, тус тусдаа болохыг би мэдэж байв. Тэр говь цөлийн эзэн бол ганирч цөхөрсөн, номхон хүлцэнгүй, хүнд гэм халгүй бүсгүй байсан бол энэхүү ХҮН-ЧОНО бол шийдсэн, хүний,,,цусанд,,,улайрсан, аймшигтай бас маш нууцлаг араатан билээ.
Харин тэр амьтаны хүчирхэг гарт ишиг шиг тас базуулсан Дэлчгий маань арвагнан тийчэгнэмэр болж, хааяа цөхөрсөн сөөнгө хоолойгоор өнөөх “Амь өршөө” гэдгээ давтан хашгирсаар байлаа। Би түүнийг чухам хормын өмнө золгүй, аймшигт үхэл рүү нь түлхэж орхижээ. Тэр энэ ХҮН-ЧОНО аминд нь хүрэхийг, бас түүний амруу би түлхэж орхихыг зөнгөөрөө мэдэрч тийнхүү миний гараас “Амь өршөө” хэмээн зууралдсан ажээ.
/ Үргэлжлэл бий/

#

16 comments:

Nana said...

urgeljleliig ni huleeseer... hehe aimaar shahamduulsan, komment yu gej ch bichsen bagadmaar: bichlegees chin aguu hair uhaarliin medremjuud, zun bilig nevt hanhlaad, deer ni nemeed orchin tsagt uzej harah ni buu hel olonh hunii ogt medkvv, tusuulkvv saikhan mongol ahui amidraliin mongol uhaan, mongol hel, ug helleg!!! asar ih huleelt,uyaral hair duuren udur bur blog ryy chin shagaihiim.

Зүүдний тэмдэглэл said...

Bodit amidralaas olooguigee zuudneesee l haikh yum baina shuu dee. Tegeed l tiim baigaa baikh uu., he , he

Цогоо said...

Даргатайгаа тэмцэлддэг, ганцаар хоцордог бол дэндүү танил мэдрэмж. Амьдрал л юм даа гэж бодогддын шүү. Хүмүүс ч өөдгүй дээ. Нэг тийм араа даадаггүй ч гэхиймүү.

Amaraa said...

Үнэхээр сайхан зүүд байна. Үргэлжилэлийг нь тэсэн ядан хүлээе.

Mergen Bolorbold said...

Sainuu? Zuudchin!
Chinii zuudnuudiig unshih tutam ooriin baga zaluu nas, amidraliin tolooh temtseld aldaj onoson buhen maani yag l taaraad gaihal toruuleed baih bolloo. Argaguil niitleg mongol dur bainadaa. An av hiihiig har baga nasnaasaa surch alaagui amitangui shahuu bolj ih nugel hiisen mini, odgoo minii setgeliin mini honduurel bolj yavdag yum.Darga, nam hoertoi terselddeg bol gem bish zan baij.
Yagaadch yum chinii ene zuuden dund chini ali hediine hogshin chini dund ni orchihson l tuuj yavah yum. Uneheer saihan bichih yumaa. Bishirch baina andiigaa...

Anonymous said...

Үргэлжлэл яасан бэ олон хоног хүлээж байна. Ямар нэгэн арга бодоочээ гуйж байна

namuunaa said...

Hamgiin sonirhiltoi heseg deer zogschih yomaa hurdan bicheechee odrin bodol shoniin zuud bolj ba
amjilt husie

Bumbuulei said...

Тэр харцны тухай дүрслэл их таалагдлаа.Нэг л тийм зэвүүн харц..

Үргэлжлэл нь яасан бэ? Бүр эхнээс нь уншсан ш дээ.

Anonymous said...

Чонын нулимс

Цахиур Төмөр
CRI

Шөнийн бүрэнхийд Чонотын овоо эгээ л их жанжны дуулга шиг сүртэй харагдана. Тэнгэр дүүрэн түгсэн одод наранд гялбах нарны хэлтэрхий гэмээр хүйтэн гэрэл цацруулна. Сэрүүн салхи үе үе сэвэлзэж хааяа нэрийг нь үл мэдэх шувуудын дуунаас өөр анир алга. Галсан ау ау гэж улив. Түүний дуу шөнийн амгалан тэнгэрийг зүсэн уулсын хяр дамжин цуурайтаж холдсоор тасарч орчин тойрон дахин нам гүм. Галсан Чонотын овоо өөд нухацтай ширтсэн хэвээрээ. Сайн сургасан саарал морь чихээ сортолзуулан ойр хавиа сэрэмжтэй харна. Гэнэт ау ау гэх дэлт чонын улилт шөнийн нам тайванг эвдэв. Чонотын овооны оройд хөх гэрэл бадран гэрэлтлээ. Тэр гэрлийн цаана урагш хандан цогнойн суусан том чонын бараа сүүдэгнэнэ. Тэгж байтал үй түмэн агтын төвөргөөнд газар дэлхий дйавалзан цөмрөх шиг, тахир сэлмийн хангинах дуу ч шиг, салхи зүсэх дуу ч хангинах шиг. Олон эрчүүд дөрөөгөө давиран уухай хашгиран дайрах ч шиг болж ирэв. Саарал морь чихээ сэртийлгэн юунаас ч юм үргэх шиг болж таг таг чичирхийлэхэд ганзага дөрөө харшин хангинан дуугарч байлаа. Сахиус шүтээн минь чулуунд тамгалагдсан тэр мөр миний зүрхэн дээр сийлээтэй шүү гэж Галсан амандаа нам үглээд мориндоо гялсхийн мордож ташуураар дөрөөгөө тогшин тэрхүү дуун гарсан зүгт морины жолоо заллаа. Нилээд байзнасны дараа хад үйрэх мэт нүсэр дуун гарсанаа аажмаар замхрав. Жаргах нарны цацсан улбар туяанд Дүнгэнэхийн хайрханы орой шижир өнгөөр булагдсан байлаа.

Хааяа сэвэлзэх сэрүүн салхинд өвсний толгой найган навч ногооны соргог үнэр ханхийн сэрүү татаж Төмрөөгийн сэтгэл нэг л хангалуун таатай. Түг түмний минь сүжиг бүхий Чонотын овоо өнөө л янзандаа сүглийнэ. Чонотын овоог харах тутам цагаан сахалтай хатингар хар өвгөн гаанстай тамхиа шуналтайхан сорж гүн бодлогшрон өмнө нь зогсож буй шиг санагдана.

Өндгөн чулуу дэвсэж гаргасан амьтны хүрээлэнгийн муруй зөрөг замаар нуруугаа үүрч хөлөө түргэн түргэн солбицуулан майжигнан алхах Галсан өвгөний ноднин намрын тэрхүү байдал кино зураг лугаа Төмрөөгийн санаанд амилан тодров. Энэ сараалжин дотрох нь европынх, тэр сараалжин дахь нь африкийн чоно гэхчлэн ярьж байтал Галсан өвгөн тэр бүхнийг сонссон янзгүй харин эртээс болзоотой юм шиг монголын өндөрлөгийн чонын сараалжны дэргэд хэдийнээ хүрчихсэн шинжин зогсох нь тэр. Чоно сүүлээ салтаандаа хавчуулж цээжээ өргөсхийн хэвтэнэ. Зовхи нь унжиж нуухтаад өр өвдөм харагдаж байлаа. Үс нь бүрзийж шавар балчигтай хутгалдаад энд тэнд нь өвсөн сүрэл наалдаж, өмнө хөлийн нь шилбэ халцарчээ. "Миний буудсан тэр дэлт чоноос ч дахин бага юмаа. Гэвч бурхан өршөө, тэр буун дуу анч хүний хийдлээс давсан шүү" гэж Галсан өвгөн шаналангуй хэллээ. Төмрөө Галсан өвгөний дэргэд хүрч "Өвөө энэ чинь миний нөгөө хэлж байсан чоно шүү дээ. Та тайлбарыг нь харалгүй таньж байна гээч. Анчин хүн ч аргагүй гярхай юмаа" гэхэд Галсан өвгөн "анчин ч гэж дээ, нутгийнхаа чоныг бол нүдээр биш сэтгэлээрээ танилгүй дээ. Хөөрхийс дөө, уул тайгаар шидсэн чулуу шиг цахилан гүйдэг амьтан. Ингэж ч төрхөө алдан түмний нүд баясгах үзмэр төдий болчих гэж дээ, даанч хайран.

Anonymous said...

Энэ пайзан дээр нь юу бичиж вэ" хэмээн тайван дуугаар ярьж байвч хоолой нь үл мэдэг чичирхийлж байлаа. "Монголын өндөрлөгийн чоно. Монголын өндөрлөг, өргөн уудам нутгаар тархан амьдардаг. Өвөлдөө олноороо сүрэглэж зундаа цөөнөөр сүрэглэнэ. Сэрэл хурц, хурдан шаламгай бөгөөд хэрцгий догшин, хатуу бэрхэд тэсвэртэй. Монгол үндэстэн эрт цагт тотем шүтээнээ болгож байжээ. Ховордож, улсын хамгаалалтанд орсон амьтан" гэж Төмрөө товч тайллыг монголчилж өгөв. Галсан өвгөн хариу өчилгүй чоныг мэлрэн ширтэж байснаа уртхан гэгч санаа алдлаа. Энэ үед нэг зугаацаж явсан хүн хатаасан үхрийн мах мөнөөх чононд шидэж өгөхөд яг сайхан чонын хөл дор таарчээ. Чоно босч дөрвөн хөлөө жийлгэн хэд суниаснаа биеэ шилгээн хатаасан махыг ховдоглон үмхэв. Тэгээд нөгөөх зугаацагч өөд дахин юм горилон оцойн суув. Үүнийг харсан Галсан өвгөн "чоно хэзээ хүний өгсөн юмыг нүдний нь өмнө идэж байлаа даа. Дэлт чоно гэдэг чинь хичнээн өлсөж байсан ч өөрийн барьсан амьтнаа идэхээс бусдын барьсан сэгийг иддэггүй шүү. Ай даа" хэмээн үглэв.

Ноднин зуны амралтаар нутагтаа хариад Чонотын овооны домгийг нутгийн буурлуудаас сонсч явахдаа Галсан өвгөнийхөөр буусан юм. Тэгээд "Таныг Чонотын овооны домгийг сайн мэдэх хүн гэлцэх юм" гэж яриа өджээ. Галсан өвгөн түүнийг харсан ч үгүй ээтэн гутлынхаа хоншоор дээр гаансаа хүчтэй балбан цогыг нь унтраагаад дүнсгэр царайлан суув. Төмрөө буруу юм ярьчихавуу гэж хэлсэн үгээ шинжвэл ёс алдсан үг хэлээгүй шиг. Галсан өвгөн тамхиа хойно хойноос нь залгуулан нэрж нэг л хөгөөр сорсоор сууна. Монгол гэрт зүү унасан ч сонсдмоор нам жим. Тэгж байтал Галсан өвгөн Төмрөөгийн хумсаа оролдон арга алдарч суугааг ажаад "Чингисийн нэг жанжин нь дайнд ялж дархан цолоо мандуулан буцаж яваад энэ Дүнгэнэхийн хайрханд ирээд өөд болжээ. Тэгээд дагуул нь уудам нутгаа аугаа сүнс нь харуулдан хамгаалж амар заяагаа үзэг хэмээн чандрыг нь Дүнгэнэхийн хайрханы оройд онголоод олон жанжин цэргүүд нь өөр өөрийн чадлын хирээр чулуу зөөж чандрын дээр том овоо босгон тавьсан гэж намайг бага байхад нутгийн буурлууд ярьдагсан. Тэгэхээр энэ Чонотын овоог тэр үед л босгосон байж таарна. Түүнээс хойш овоонд гарсан хүн бүр даах хирээрээ чулуу нэмэрлэсээр иржээ. Он жилүүд өнгөрч Чонотын овоо томорсоор байгаа нь энэ. Гэвч юунд чухам Чонотын овоо гэж нэрлэснийг би сайн мэдэхгүй. Гэтэл Чонотын овоо, тэр дэлт чоно хоёр ...." гэснээ яриагаа таслав.
-Манай нутгийн хайрханаар одоо чоно бий юу гэж Төмрөөг үгний сэжим эргүүлэхэд Галсан өвгөний гаанс атгасан гар үл мэдэг чичирхийлснээ:

-ай хүү... чонын мөр нутгийн хөрснөөс бараг арчигдсан. Өвөө нь тэр амьтны барааг харалгүй хичнээн жил боллоо гэв.

-Бээжингийн амьтны хүрээлэнд олон чоно байдаг. Монголын өндөрлөгийн чоно гэж хамгийн биерхүү, сээр хүзүүндээ шингэвтэр дэлтэй амьтан бий гэж Төмрөөг сонирхуулахад Галсан өвгөн цочмог харсанаа:

Anonymous said...

-аа юу гэнээ хүү, тэр чинь дэлт чоно мөн үү, Бээжинд үү, лам гончигсүм гэж алгаа нийлүүлэн залбирсанаа ямар нэгэн юм шийдэх шиг шуурхай гэгч нь босч алхав. Төмрөө ч ухааны нь ололгүй араас нь босч гарвал өвгөн хар хурдаараа майжигнан явсаар шонд уяатай мориндоо хүрч мордоод төдөлгүй тэртээ дов даван бараа тасрав.

"Тэр жил нэг удаа авд явж ирээд дахин ав хийхээ болъё. Тэнгэр бурханд амлаж тангараглая. Бурхан тэнгэр өршөө гээд буугаа эвдэж хаясан юм. Түүнээс хойш зан ааш нь ч өөрчлөгдсөн" гэж Галсангийн хүү Жаргал ярив.

Намар нь сургууль цуглаад хэд хонож байтал Галсан өвгөн Төмөрөөд утас ирүүлэв. Утсаар анх удаа ярьж байгаа бололтой сандчин "...Хүүгээ, өвөө нь нөгөөдөр Бээжинд хүрнэ. Тосоод аваа..." гэчихээд хариу хэлэхийн завдалгүй тасалчихав. Нас ахисны дээр хошууныхаа хилийг ч бараг давж үзээгүй хүн газрын холоос Бээжин зорино гэдэг амаргүй. Чухам ямар хэргээр юм болдоо гэж Төмөрөө ихэд гайхлаа. Гэтэл Галсан өвгөн "өвөө нь гагц дэлт чоныг л үзэх гэж хүүхдүүддээ ч дуулгалгүй ирлээ. Явж үзээгүй энэ хотод хэл ус ч авалцахгүй цөхрөнгөө барлаа" гэх үг нь Төмрөөг ихэд цочоов. Тийм холоос чоно үзэхийн төлөө ирнэ гэдэг нас ахиад ухаан бүүдийснийх үү, эсвэл насаараа чонын анчин байснаас ангийн хий суугаа юу гэж Төмрөө гайхашран бодонгоо улаан сараана цэцгийг тасдан авч ишийг нь имрэхэд сараана цэцэг салхинд хүрд лугаа эргэлдэж байлаа.

-Өвөөгийн хэлдэг дэлт чоно гэж энэ үү гэхэд өвгөн:

-Үүнээс хавьгүй том байсиймаа. Уул нь манай нутагт олон байсаан. Одоо харин оргүй болж. Цагийн өнгийг юу гэх вэ гэж өөртөө гэмээр үглэв.

Галсан өвгөн савхин гутлынхаа түрийнээс гаансаа гаргаж тамхи нэрээд утаа савсуулан сороход хажууд нь байсан хэдэн зугаацагч тамхины утаанд дургүйцэн холдоцгоов.

-Энэ дэлт чоныг Дүнгэнэхийн Хайрхандаа тавибал даа. Болдог бол би оронд нь энд үхтлээ хэвтсэн ч гомдолгүй. Гэтэл над шиг хамшгар хар өвгөнийг хэн сонирхох аж дээ гэж хэлээд гачигдсан байдалтай дуугаа хураав. Гэвч хэлсэндээ бол эзэн шүү гэх тайван бөгөөд тасархай омог тодорч байлаа. "Чоно малын эрлэг, Галсан чонын эрлэг" гэж олонд алдаршиж явсан анч хүн цаг нь ирэхэд чоныг бууны амаар биш өрөвдлийн харцаар шагайж суудаг гэж Төмрөө бодож байтал Галсан өвгөн гаансаа түрийлээд "Хүүгээ, тэр жил өвөө нь хэдэн хүнтэй Дүнгэнэхийн хайрханд чонын авд явсан юм гэж урт яриагаа эхлэв.
...Алсад жирвэлзэх зэрэглээнд юмны дүрс сүүмийн харагдсан эеэргүү салхитай хаврын нэг өдөр гурван морьтон Дүнгэнэхийн Хайрханыг зорилоо. Жороо саарал морины нуруун дээр ташаа хажуулдан буу үүрч яваа нь Галсан.

Anonymous said...

Хээр морины жолоог татасхийн морины сайврыг даган ёнхолзон хөдлөх мариалаг эр бол сумын дарга Балдан. 3 дахь нь оодон сүүлтэй жижиг хул морь унан мориныхоо аяар өвс хазлуулан явах тул нөгөө 2-соо нилээн хаягджээ. Тэгээд өмнөх хоёроо гүйцэх гэж морио давирвал хул морь сүүлээ ширвэн шогшуулахад нөгөөх эр бүүргээ тас зууран өвсөн хүн шиг өндөлзөх нь ёоз муутай. Хашин морь алба гүйцээх мэт хэд шогшсоноо дахиад л амгай булаан өвс хазлан зогсч зам хороохгүй байлаа. Газрын хуян нухах мэт мориндоо захирагдан яваа эр бол чонын арьс олж бэлтрэг ч нэжгээдийг суйлах хэмээн Бээжингээс ирсэн Жан Мин аж. Тэр 3 Дүнгэнэхийн Хайрханы хэдэн гууг самнаж эрсээр жин үдийн алдад уулын оройд гарав. Дүнгэхэнийн хайрханы орой бол даага уралдавч гүйцэхээр сайхан тэгш талтай. Дунд нь Чонотын овоо бий. Уулын оройн цас хайлаагүй байлаа. Жан овогт монгол хэлээр хазгай муруй яриа үүсгэн нөгөө хоёртоо тамхи түгээснээ асаагуур гаргаж хүрэмнийхээ энгэрээр нөмөрлөн Галсангийн тамхийг ноцоов. Дараа нь Балдангийн зүг гараа сунгахад Балдан бас хариу ноцоохыг завдтал Жан овогт Балдангийн галыг пүл хийтэл унтрааснаа тамхиа өөрөө ноцоогоод ханамжтай инээмсэглэв. Ядаргаагаа түр тайлсан гурав мордож Чонотын овооны зүүн талаар тойрч явтал Галсан зүүн хойш хяр даган уруудан буусан чонын мөртэй таарав. Тэгээд эргэн тойрноо дурандаж байтал Галсангийн сууж байх хяраас баруунш байх хярын дунд хэсгийн гүтцэг дээр нэгэн хөх юм байх нь хараанд орлоо. Лавлавал чоно гарцаагүй мөн. Нөгөө 2 нь заасан зүгт нь дурандсанаа том чоно байна гээд ихэд хөөрцгөөв. Тэгж байтал хүглийсэн хөх юм босоод хяр хөндийн наад руу шогшин бууж шугуйд орон алга болов. Алга болох нь дээ гэж бодож байтал удалгүй наадах хярын униар гарч ирээд түр зогссоноо яаралгүй хяр өгсөн шогшив. Тэд яаравчлан хяр өгсөж нэг хэсэг шугуйг нэвтлэн гараад дурандвал нөгөөх Чонотын овооны орой дээр өмнө тийш хандан шоншийн сууж байгаа нь харагдлаа.

-Яахаараа овоон дээр гардаг золиг вэ, нутгийн хийморь хэвтэх нь. За салхин дороос нь мярааж очно, дуу шуугаа намдаа, чоно сэргэг амьтан шүү гэж Галсан нөгөө 2-тоо захив. Тэгээд морьдоо тэнд нь чөдөрлөж тавиад овоо өөд мацан гарч Галсан буугаа сумлан овоо харааг нь тааруулаад:
-За овооноос буухаар нь тонилгож орхъё. Тахилгын овоогоо буудвал онгон сахиус цочно гэж Балданд өгүүлэхэд "Одоо ч ганц буудаад унагана даа" гэж бодож байсан Балдан:

-Овооны эзэнг дээрэнгүйлсэн чоныг тонилгочихвол онгон сахиус сэтгэлдээ багтаах бишүү. Дөнгөж олсон юмыг алдчихав даа. Тэгвэл нэг өдрийн зүдэл талаар болно гэж шалав. Галсан буудалгүй хүлээв. Нэг цаг өнгөрлөө. Чоно хөдлөлгүй суусаар

Anonymous said...

–Овоон дээр хадаатай юм шиг хөдөлдөггүй золиг вэ, одоо зүгээр буудчихаа гэж Балдан тэсгэл алдан шалахад Жан овогт ч толгой дохин нэмэр өглөө. Галдан буудчихдаг юм билүү гэж бодов. Гэвч энэ овооны дор Чингис хааны жанжных нь чандар, уулын сахиус 2 бий гэж бодоход гар нь сулраад ирнэ. Хөх гайхал гэнэт босоод алга болвол Жан овогтын өгөх 2000 төгрөг, 7 хүрсэн омболынх нь ам өрхөд бүртгүүлэх учир тэгээд талаар болно. Балдан өглөө ирэх замд үглэн учирлаж байснаар "... хаврын тарчиг цагт зоос чухал. 7 хүрчихээд өдий хир ам өрхөд бүртгүүлж нутгийхаа жинхэнэ эзэн нь болж дийлээгүй омболынх нь учир бүтэх юм бол ч..." гэж бодогдмогц Галдан шийдэж буугаа онилов. Овоон дээрх чоно, бууны овоо хараа, Галсангийн нүд 3 нэг л цэгт төвлөрч хуруу хөдөлмөгц чоно тонгойж унахад бэлэн боллоо. "Муу Галсан олзонд шунаж овоогоо буудах нь гэж хэн нэг нь хашгирах шиг болоход Галсан өөрийн эрхгүй хуруугаа гохноос холтгов. Ингээд буудах уу байх уу гэсэн эз бодолдоо автсаар дахин нэг цаг боллоо. Балдан Жан овогт хоёр буудуулах гэж ам нэгсэнэ. Би ямар овоогоо буудаж байгаа биш овоон дээрх чоныг буудаж байна гэх бодолтой зэрэгцэн буу тасхийв. Чоно овооны оройгоос навсасхийн уналаа.

-Манай Галсан мэргэн шүү. 100 алхамын тэртээх зоосны нүхийг алдахгүй эрхийдээ эрдэмтэй анчин даа гэх Балдан, Жан овогт нарын магтаалтай хөгсөн Галсан ангийн олзоо үзэхээр овоонд дөхөж ирлээ. Гэтэд сая унагасан чоно алга. Нүдэндээ ч итгэсэнгүй. Тэгээд нөгөө хоёроосоо

–Та хоёул сая чонын унагахыг хараа биз гэж асуухдаа хоолой нь огшиж билээ.

-Харсаан харсан. Буун дуутай зэрэг л унасан. Энэ чинь тэгээд хаа орчихов гэж нөгөө хоёр гайхна. Цастай энэ тэгшхэн оройд нүднээс бултах аргагүй тул чоно чухам хаачдаг байнаа. 50 жил ан хийхдээ ганзага хоосон буцаж үзээгүй Галсан өнөөдрийн энэ хачин явдалд гайхаш тасран дүнсийн сууна. Овооны оройд шавар балчигт гишгэсэн савраараа томоос том мөрөө үлдээсэн байх. Тэгээд гурвуул ойр хавиараа эрээд юу ч олсонгүй. Галсан нар шингэхийн алдад:

-За гэртээ буцъя. Хайрхан уулыг цас дарж, хайран биеийг нас даржээ. Нүд, гар бүр санаагаар зарагдахаа больж гэж цөхрөнгүй хэллээ.

Алдашдаа гутарсан Галсангийн сэтгэлийг Балдан засч:

– Том нь зайлавч бэлтрэг нь хаа холдоо аж. Бэлтрэг суйлъя гэхэд Жан овогт:

-Бэлтрэг их үнэтэй шүү. Амьтны хүрээлэнд аваачиж худалдвал өндөр үнэ хүрнэ гэж бувтнахад анч хүнд ганзага хоосон буцах шиг хэцүү зүйл үгүй тул Галсан толгой дохив.

Дүнгэнэхийн хайрханы чонын нүх хаа байхыг Галсан андахгүй тул мухар эрэлд хатсангүй хэдэн нүх шуудхан олж нэгжив. Гэвч бэлтрэг бас олдсонгүй. Тэгж явсаар нар жаргахын алдад 1 бэлтрэг суйлав. Сээр хүзүүндээ шингэвтэр дэлтэй том бэлтрэг хараад нүдэндээ итгэж ядлаа. Галсан хичнээн жил бэлтрэг суйлахдаа ийм томыг үзэж өнгөрсөнгүй. Жан овогт олзондоо баярлан нөгөө бэлтрэгийг чанд гэгч шуудайлж авлаа.

-За та 2 урьтаж буц даа. Би тэр чоныг олчих шиг байна гэж Галсан хэлээд морины жолоо эргүүлэв. Өвгөн энэ хүртэл яриад гутлынхаа түрийнээс гаансаа гарган тамхи нэрэв. Тэгээд хэсэг байзнаснаа "...шөнө болж ........бурхан гончигсүм минь..." гэж алгаа нийлүүлэн залбирахдаа бие нь чичирхийлж байлаа.

-Тэрээд гэж Төмрөөг шавдуулахад:

Anonymous said...

- ...тэр чинь дэлт чоно ч биш харин.....бурхан тэнгэр өршөө.... гээд Галсан дахин юм ярьсангүй. Нилээн удаж байж Галсангийн сэтгэл тогтлоо. Тэгээд хоригдол чоныг зөөлөн нүдээр ширтэж "хөөрхий энэ чоныг Дүнгэнэхийн хайрхандаа тавьсан болдоо" гэж хоригдсоор уулын төрхөө алдаж байгаа чонын хувь тавиланг өөрчлөх санаа байвч унаа хүрэхгүйдээ харамссан дор дуугаар өгүүлэв. Явахын цагт Галсан чонын сараалжинд ойртон ау ау гэж улилаа. Чоно чихээ хулмайлган байснаа хүрээгээ тойрон гасалсаар шогшин гүйв. Сараалжин дотрох овор товор хиймэл өвстэй шар хөрсөн дээр сарвууны мөр гарчээ. Хоригдол заяанаас мултарч эрх чөлөөгөө олоход нь саад болсон төмөр сараалжыг давах гэж тавгаа элэгдтэл гүйсний дүнд гарсан тэрхүү шаргал тойрог зам чонын амьдрахуйн хамгийн том хүрээ хэмжээ болж үлджээ. Нүх малтлаа ч сараалжин ирмэгийг газарт гүн шааж суулгасан хатуу бэхлэлт төмөрт чонын савар басамжлагдсан нь илт. Чоно гаслан гүйсээр хиймэл үүрнийхээ амсарт хүрээд Галсан өөд харан оцойн сууж өндөр дуугаар ау ау гэж хэдэнтээ улив. Зовлон, уйтгар, хүсэл гурамсалсан энэ улилт Галсангийн зүрх сэтгэлийг тас зүсэн цуурайтав. Ойр хавийн хүмүүс эвэртэй туулай үзсэн шиг, сүрдэх, айх, зэвүүцэх хослон харцгаана. Тэдгээр түг түмэн гайхаж цочсон харцнаас хүн, чоно 2-ын ойлголцол хийгээд сэтгэл мэдрэхүйн хувьд хүмүүс хоорондоо маш их зөрүүтэй байдгийг гүн таних шиг. Хүн чоно хоёр нэг нэгнээ зэрэг харвал хийморь сэргэнэ гэж өвгөдийн хэлэлцдэгийг Төмөрөө санаж чонын нүдийг эгцлэн ширтвэл чонын нүднээс нулимс гялганан урсах нь харагдав. Галсан гал нь буусан нүдээрээ ахин дахин лавласанаа тэр нулимсыг олж үзсэн бололтой:

-Чоно гэдэг тэнгэртэй хүйгээ холбож газарт мөрөө тамгалдаг амьтан шүү дээ гэж ханцуйгаараа нүдээ арчихын завсарт өгүүлэв. Галсан тэндээс зайлан нилээн явсанаа хөдөлгөөнгүй оцойн суугаа тэр дэлт чоныг дахин нэг харсанаа "... өвөө нь их эндэл хийсэн хүн. Тэр алдашдаа би.... за за хүү синь нутгийхаа овоог сүсэглэн биширч явдаг юм шүү гэж сэтгэлийн гүнээс аяархан өгүүлээд үүдний зүг эрс алхлаа........
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shij

Anonymous said...

Дараагийхийг нь хэзээ тавих бэ?

Chirurgus said...

Энэ зүүднийхээ үргэлжлэлийг оруулахгүй юмуу?