#

Monday, February 26, 2007

Тарвагачилж яваад Цагаачлалын албаныханд...

Энэ америкийн тарвагнуудын хошгирох гэж, ёстой алаад хаячих юм аа. Манай монголын тарвагыг бодвол биеэр арай багавтар, манайх бондгор байдаг бол эндэхийн баахан гувчигардуу, урт мөчтэй, урт үстэй, хар бараан сортой юм. Тэгээд энэ америкад монгол шиг хошгируулж тарвага агнадаггүй болоод тэр юм болов уу, даллаад гүйхээр ёстой нэг муурч унатлаа хошгирох юм. Манайхан, тэдэн дотор нэг нь миний бүүр дунд сургуулийн маань нэг найз тэргүүтэй арваад залуучууд тарвагыг ёстой нэг хядаж өглөө дөө, хөөрхий. Даллаад наанаас нь очихоор хоёр гурваараа дошнийхоо аман дээр шоволзоод, зарим нь бүүр хүн шиг өнхөрч ирээд л хошгирно, нүхрүүгээ орно гэж байхгүй юм, зарим нь дэргэд нь очоод бариад авах гэхээр урд хоёр мөчөөрөө яг зодолдож байгаа юм шиг өмнөөс нь сарвагнаад л хошгироод байх. Манайхан сумаа хайрласных уу, эсвэл ерөөсөө буу ч үгүй байгаа юм уу, барьж аваад л газар гуядаад, эсвэл нугасалж алаад л ардаа хаяад явах юм. Заримдаа нүд хальтираад хэрхэн нугасалж байгааг нь харж ч чадахгүй байна. Би нэг нөхрийн хамт хуучин муу Бuick уначихаад алсан тарвагыг нь ачаад явах юм. Багаж нь дүүрээд, заримыг нь хойт суудалруугаа хаяж байна. Манайхан андаа улайраад бүүр хэтрүүлж байна. Одоо боллоо, болноо гэж намайг хичнээн хашгирсан ч тэд сонссонгүй. Сүүлдээ машин маань даахаа байгаад, нэг хонхорт зогсчихоор нь би нөгөө залуучуудынхаа араас аллагыг нь зогсоохоор гүйж очлоо. Тэр хэсэг газар бол тэрүүхэндээ нэг нугархуу байдалтай, хажуухан талд нь нэг REST AREA байх юм. REST AREA таарсан дээр нь ороод гарьяа гэж бодоод орчихоод гараад иртэл тэр нугаар дүүрэн цэрэг цагдаа болчихож. Манай залуучуудыг хоёр эгнээ болгоод туугаад явж байна. Нөгөө манай муу 8 жилийн найз маань баахан уруу царайтай яваа харагдана. За, ингэж балардаг юм байж, хамаг хүүхдүүд баллаад хаячихлаа, одоо яадаг хэрэг вэ. Эртнээс ч болиулдаг байсан юм гэсэн харуусал цээж зураад ирж байна. Тэгтэл би ч бас баригдаж болох юм байна, нуугдая гэж бодогдоод явчихлаа. Яах аргагүй хэдэн цагдаа REST AREA чиглээд ирж явна. Буцаж ороод "Яах вэ" гэж бодтол нэг мексик залуу бас REST AREA руу орж ирээд эрэгтэй 00 руу орчихдог юм байна. Тэгэнгүүт нь эмэгтэй 00 роо орчихлоо. Хэд хэдэн секцтэй том 00 юм. Захын нэг секцд нь ороод түгжээд, усыг нь татаад суулаа. Суугаад л байлаа. Үүдний зааланд хүмүүсийн хөл, чимээ намдахаар нь гараад цонхоор харвал нөгөө муу мексик залуугаас л юм асуугаад байгаа бололтой, хоёр цагдаа зогсож байснаа орхиод цаашаа явчихлаа.
Дараа нь нэг хөл ихтэй пивоны газар сайн таньдаг эмэгтэй маань намайг пивоор баахан дайлав. Тэр маань санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалтай байгааг нь би сайн мэдэх юм. Олон бага хүүхдүүдтэй, дээр нь нөхөр ажилгүй. Тэгээд хоюулаа зүгээр нэг нэг аяга баахуу цай л ууя гэсэн чинь, үгүй ээ, яадаг юм, өнөөдөртөө надад хоёр лааз пивоны юм байгаа. Дандаа гуриа царайлаад яваад байж болохгүй шүү дээ, хааяа ингэж сэргэж, бүхнээ мартаж байя, тэгэхгүй бол стресстсээр байгаад хурдан хөгшрөх нь байна гэж байна. Яадаг юм, яадаг юм, хоёулаа жаахан пиводчихоё гэсээр намайг бараг чирээд орсон юм. Миний хувьд нөгөө баривчилгаанаас зугтааж ирсэн болохоор юу ч үгүй л амьтан. Хоёулаа 3, 3 грушик хайнекин пиво уулаа. Овоо донхойж байгаа бололтой. Надад баахан зовлонгоо ярьж байна. Нээрээ миний сэтгэл жаал сэргээд ирж байх юм. Хоюулаа гадаа гараад хүүхдийн тоглоомын талбай дээр очиж, гулгуураар нь баахан гулгаж тоглолоо. Яг л балчир жаалууд шиг тас тас хөхөрцгөөгөөд л.. Заримдаа нөгөө их хошгирдог тарвага ч шиг....

#

3 comments:

Док said...

хэхэ, гарчгийг нь л уншлаа, одоо цаашаа. инээдтэй юм аа

Док said...

хэхэхэ

D.Sainbayar said...

wow, I am quite impressed! Yostoi sonirholtoi bichleguud baina. Tsainii tsagaar haaya haayaa shagaij unshij baina aa. Zuudee sain urgeljuuleed baigaarai and mini! Aa tiim, minii blogiig tooj sanal bolgosond talarhaya!