#

Thursday, April 30, 2009

Зүүдний тухай хосгүй арван баримт

Зүүд бол олон зуун жил, тэр ч байтугай олон мянган жил хүн төрөлхтөний хамгийн шилдэг ухаантнуудын оюун санааг бужигнуулж байгаа тэр зүйл юм. Яаж ч мэрийлээ гэсэн, албан ёсны шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа тэр зүйл бол зүүд мөнөөс мөн. Зүүд нь бидний ирээдүйг зөгнөдөг гэж олон хүн итгэдэг. Тиймээс эрдэмтэд зүүдний бүх учир битүүлэг асуудлыг тайлбарлахыг эрмэлзэж байгаа нь мэдээж хэдий ч, бас олон зүйлийг ойлгох аргагүй л байна. Гэвч зүүдний тухай хамгийн ссонирхолтой хэдэн баримтыг энд зүгээр л дурдая.

10. Хараагүй хүмүүс зүүдэлдэг

Энэ нь ямар нэг шалтгаанаар сүүлд хараагүй болсон тэр хүмүүст хамаарна. Хэрвээ хүн төрөхдөө хардаггүй байсан бол, тэр зүүдлэж чаддаггүй, тэр дуу чимээний болон "үнэрийн" зүүд зүүдлэдэг. "Олдмол" хараагүй болсон хүмүүс бусад
бүх хүний адил хар-цагаан өнгөөр болон бусад элдэв өнгөөр зүүдлэдэг байна.

9. Хүн өөрийн бүх зүүдний 90 орчим хувийг мартдаг

Маш цөөхөн зүүд санаанд үлдэгийг бүх хүн мэднэ дээ. Зүүдний гуравны нэг нь биш, тал нь биш, бүтэн 90 хувь нь мартагддаг нь ерөөс сонин. Хичнээн сонирхолтой зүүд мартагддагийг төсөөлөн бодоод үзье л дээ. Өөрийнхөө зүүдийг санавал зарим хүн олон зүйл амлах нь лавтай. Харин бусад хүний зүүдийг зүүдэлвэл бүр илүү сонирхолтой байх болно. Мэдрэлийн мэс засал болон нанотехнологи бага зэрэг хөгжихийг л хүлээх үлдэж байна...

8. Бүх хүн зүүдэлдэг

Бид өөр өөр хүн болохоор өөр өөрөөр зүүдлэж таараа. Гэхдээ дээр өгүүлснээр, зүүдний 90 орчим хувь нь мартагддаг. Энэ бол статистикийн дундаж утга, өөрөөр хэлвэл зарим хүн бусдыг бодвол зүүдээ илүү сайн санадаг, гэвч
зүүдээ ерөөс санадагүй заяа нь хаячихсан хүмүүс ч бий. Ийм хүмүүс ерөөс зүүдлэж үзээгүй хэмээн өөрийн найз нөхөд болон танил хүмүүст ярьдаг. Үнэндээ бол тийм биш.

7. Зүүд нь сэтгэл санааны элдэв хямралаас сэргийлдэг


Зүүд нь бидний байнга санаж байдаг болон санаж явсан хүслийн тусгал юм. Чухамхүү зүүд нь сэтгэл санааны системийг хямрахаас хамгаалахад тусладаг байна. Саявтархан сэтгэл судлаачид нэг туршилт хийж, түүнд оролцсон сайн дурын хүмүүст 8 цаг унтахыг зөвшөөрч, харин яг "зүүдлэдэг" үе болохоор нь тэднийг сэрээж байжээ. Туршилтад оролцогчид хэсэг хугацааны дараа өдрийн цагаар дэмийрч, ямар ч шалтгаангүйгээр цухалдаж, эвгүй байдал гаргаж эхлэсэн байна.

6. Зүүдэндээ бид хаа нэгтээ харсан тэр хүмүүсийг л зүүдлэдэг.

Тархи шинэ хүмүүсийг "санаанаасаа зохиодоггүй". Та эргэлзэж байна уу? Үнэндээ хүнд зүүдлэгдсэн тэр хүн өмнө нь өөртэй чинь уулзаж байсныг аль эрт нотлосон юм. Жишээ нь, 35 жилийн өмнө таны өвөөгийн машинд шатахуун өгч байсан хүн 40 настай байхад зүүдлэгдэж болно. Бид амьдралынхаа туршид олон мянган хүнийг хардаг, тэд дараа нь зүү-дэнд орж ирдэг.

5. Зарим хүн хар-цагаан өнгөөр зүүдлэдэг.

Бүх хүн зүүдлэдэг, гэхдээ барагцаалвал 12 хувь нь хар-цагаан өнгөөр зүүдлэдэг байна. Яагаад ингэдгийг эрдэмтэд хараахан илрүүлж чадаагүй байгаа ч, баримт бол баримт, өнгөтэй зүүд хэзээ ч зүүдлээгүй хүмүүс бас бий.

4. Зүүд бол ер нь л зэрэглээ.

Бага зэрэг ойлгомжгүй хэлсэн байж магад, гэхдээ зүүд шиг тийм хачирхалтай, учир битүүлэг зүйлийн талаар онцгой тодорхой юм хэлэх аргагүй. Зүүд бол бэлгэдлийн өвөрмөц хэл юм. Бидний зүүдлэдэг олонхи зүүд бол сэтгэл хөдлөлийн аль нэг талыг илэрхийлдэг.

3. Нэг сонин баримт байна аа, тамхи татахаа больсон хүмүүс тамхичид юмуу хэзээ ч тамхи татаж байгаагүй тэр хүмүүсийг бодвол, хавьгүй илүү хурц өнгөтэй зүүд зүүдлэдэг байна. Тамхи татахаа больсон архаг тамхичид бүр хурц өнгийн зүүд зүүдлэдэг ажээ. Дашрамд тэмдэглэхэд, ийм хүмүүс ердийн зүүдийг бодвол, тамхи татсан үеийн зүүдийг хавьгүй цөөн зүүдлэдэг байна.

2. Гаднын хүчин зүйлс бидний зүүдэнд нөлөөлдөг

Үнэхээр гаднын авиа, үнэр, шүргэлт, бидний унтаж байгаа өрөөний температур юмуу тэр ч байтугай хатуу дэрийг санагдуулдаг тэр зүйл бидэнд байнга зүүдлэгддэг. Энэ бүгд нь хүний зүүд, физиологийн үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлдөгийг харуулж байна.

1. Хүнийг унтаж байхад, түүний бие ямар ч "хөдөлгөөнгүй" болдог.

Энэ бол үнэхээр тийм. Бидний тархи нойрон дундах хөдөлгөөний үед өөрөө өөртөө муу юм хийхгүй юмсан гэхдээ биеийн идэвхитэй хөдөлгөөний төвүүдийн үйлдлийг таслахыг мэрийдэг байна.
За одоо, жаахан юм нэмж хэлмээр байна:
- бид хурхирч байхдаа зүүдэлдэггүй
- хэрвээ таныг хамгийн хурц өнгөтэй зүүд зүүдлэж байх яг тэр үед сэрээсэн бол, ийм зүүд сайн санагддаг байна.
Я.Сүхбаатар

# # Read more! #

Thursday, April 9, 2009

Øèäòýíèé ÷óëóó

Шидтэний чулуу
Хязгааргүй шуналтай атлаа хязгааргүй эрх мэдэлтэй хүмүүний өмнө хаашаа ч зугтах аргагүйгээр зогсох ямар хэцүү юм бэ. Эрх мэдэлдээ бүрэн итгэж, ханасан харц нь намайг хайлуулчих шахна. Миний хувьд асуудал ямар хэцүү, гарцгүй байх нь хамаагүй, гагцхүү тэр хүний хүсэлд нийцэж байх учиртайг олон юм ярилтгүйгээр тэр харцнаас нь мэдэрч байх юм.

Тэр надад “Чи чад, харин юу хийхээ өөрөө мэд...” гэв. Гүйцээгээгүй үг нь ч ойлгомжтой. Би эргэж харлаа. Ард асар том морин тойруулга байна. Түүнийг тойрон өнөөх эрх мэдэлтний, эзэн захирагчийн харьяатууд бөөгнөрөн шавааралджээ. Тэд бол манкуртууд, эрх мэдэлтний хүсэл зоригт нь үйлчилж, түүнээсээ аз жаргалаа олж авдаг хүмүүс. Өөрөөр ч байж чадахгүй биз, тийм найдлага даанч хомс санагдана. Эзэн захирагчийн хязгааргүй шуналынх нь хэрэгцээ болдог тэр хөөрхий хүмүүс баясан цэнгэхээ ч гэсэн зөвхөн эзэн захирагчийнхаа ивээлээс л хүртдэг аж. Ээлжит нэгэн шуо, нэгэн золиос нь би болжээ гэдгээ ойлгож байгаа маань надад эмгэнэлтэй. Хэрвээ үүнийг мэдэхгүй, мэдрэхгүй тэнэг мунхаг байсан бол надад их амархан, хөнгөн байхсан, тэдэнтэй маасагнаад л, маазраад л, эзнээ баясгаад, “Сэцэн мэргэн удирдагч мандтугай, мөнх насалтугай” гэж хашгиччихаад л сэтгэл ханаж, амьдралынхаа утга учрыг олж хараад явж байхгүй юу.

Захирагч тэднийгээ баясгахаар энэ удаа намайг сонгожээ. Харин яагаад заавал би гэж... тохиолдол байв уу, хувь заяа юу. Тохиолдол бол хохь нь, хувь заяа байсан ч ялгаагүй.

Ямар шид үзүүлж тэр цугласан олныг цэнгүүлэхээ, эзэн захирагчийн хязгааргүй шуналынх нь нэг эд эсийг баясгахаа мэдэхгүй ч би нэг л шийдмэг хөдөллөө. Дотроо өөрийгөө шоолон инээмээр байв. Тэгээд би халтар мориныхоо далан дээр пад хийтэл алгадаад тэргэний арал дээр үсрэн гарлаа. Тэргэн дээр дунд зэргийн модон торхонд хар чулуунууд дүүргэжээ. Чухам хэзээ гэдгээ би санахгүй байна. Ихээ олон он жилийн өмнө урт далбагар навчсынх нь завсраар нар солонгорсон ойд өнө мөнхөд аялгуу эгшиг хайрлан мэлтрэн урсах бяцхан шулганаа горхины хөлд энэ хар чулуудаар тоглож сууснаа санаж байх юм. Харин яаж яваад тэдгээр чулуудыг энэ бурангуй ёс ноёрхсон газарт аваад ирсэн юм болдоо. Чулуу байрнаасаа нэг хөдөлбөл гурван жил зовдог юм гэнэ лээ. Ойн тэр бяцхан горхины аялгуу нэгэн хөгөөр дутаа даа гэсэн харамсал тэдгээр чулуудыг таниад төрж байх юм.

Тэгээд би мориныхоо жолоог дугтраад толгойгоо золбоолог өргөн, сэнгэнэтэл исгэчлээ. Морь маань цовоолгоор толгойгоо дохин, дэжигнэтэл хатируулсаар морин тойруулга руу орж явчихлаа. “Агуу их шидтэн өнөөдөр та бүхэнд агуу их ид шидээсээ үзүүлэх гэж байна. Манай их энэрэнгүй, өгөөмөр эзэн захирагч та бүхэнд энэ агуу их ид шидийг үзүүлэхийг хүссэн юм шүү” хэмээн зарлагч чанга дуугаар зарлан тунхаглахад ард түмэн түрхэрэлдэн шуугилдлаа. За ингээд агуу их идтэн гэдгээ сонссон би анх удаагаа, бас сүүлчийн ч удаа байж магад олны өмнө ид шидээсээ үзүүлэхээр хөгшин халтар морины хамт гарч ирлээ дээ. Халтар моринд маань хөллөсөн тэрэг хөнгөн, яг л эртний кидүүдийнх шиг хоёр дугуйтай, нэг хүний зогсоолтой, харин миний өмнө өнөөх тунгалаг горхины хар чулуугаар дүүргэсэн модон торхтой. Харин миний хувьд шидтэн гэдгээ дөнгөж сая л сонсож байгаа хүн чинь, инээдтэй биз дээ, ямар ид шид үзүүлж, тэр их эзнийхээ хишгийг горилсон олон амьтныг хэрхэн баясган бахархуулахаа яаж мэдэх билээ. Дэмий л гараа алдалчилхаад, агуу их шидтэн биш, нөгөө хаан шалдан байна гэдгийг үлгэрт гардаг шиг агуу их залилагч шиг амьтан морин тойруулгыг тойрсоор байв. Толгойд юу ч орж ирдэггүй шүү. Хүмүүс эхний хэдэн тойрог дээр баярлалдан, уухай хашгирч шуугилдаж байснаа сүүлрүүгээ дуу хоолойнх нь өнгө нэг л биш болоод явчихлаа шүү. Аргагүй шүү дээ, амаа ангайчихсан амьтан морин тойруулгыг арван хэд тойрохдоо гараа алдлах, нэг хуурамчхан инээхээс өөр юу ч үзүүлж харуулахгүй байхад... Хүмүүс бухимдаж, ууртай хилэнтэй дуу сонсогдоод, энд тэндээс хараал урсаад эхэлвээ. За ингээд өнөөх хүслээр биш хүчээр болсон хөөрхий “Царцаа Намжил” –ийн түүх өнгөрч буй бололтой. Эзэн захирагчийн итгэл даагаагүй бол энэ ертөнцөд хөдөлгөх тоосны нь тоо дуусч байгаа гэсэн үг. Түүний шаардангүй, захирангүй хүсэл дүүрэн өнөөх харц харагдах шиг..., гэвч ядаж байхад яр гэгчээр яагаад ч юм дотроос айдас гэхээсээ илүү нэг л хоржоонтой инээд юу юугүй дэлбэрчих гээд байх юм.

Гэнэтхэн дэргэтэл хатируулж явсан муу халтар морь маань морин тойруулгын сул хөрсөнд бүдчээд харуулчихлаа. Би өнөөх чулуутай торхон дээгүүрээ даваад мориныхоо хойт хоёр хөлрүү хийсчихэв. Миний араас торх бөмбөрөн орж ирээд, чулуунууд харжигнан цацарсанд халтар морь маань туйлаад пижигнэчихлээ. Морь маань нэг талдаа өрөөсөн арал нь хугарчихсан тэргээ бөөрөөр нь чирээд, нөгөө талдаа сүүл, хөмөлдрөгө хоёроос нь зуурчихсан намайг чирээд морин тойруулга дундуур ёстой нэг дураараа туйлж, тоос манангаар дүүргэж орхив. Үзэгч олон агшин зуур таг болсноо уухай хадуулаад явчихав. За ингээд нөгөөх агуу илбэчин, шидтэн маань энэ уухайн дунд мориндоо чирэгдэж үхдэг байж дээ. Морин тойруулгыг дахин нэг тойртол гай юу, аз уу, мэдэхгүй, өнөөх унахдаа хагарсан торх морины хөлөөр тээ дээр хөөрсөнөө буухдаа яг морины маань толгойд очоод углагдчихдаг байна шүү. Морь тэр чигтээ морин тойруулгын хашааг зад дайраад тэртээд сүүхийх аглаг уулсын зүг чигээрээ давхиуллаа. Араасаа бөөрөөрөө унасан тэрэг чирч яваа болохоор бөөн тоос, утаан сүүлтэй гэж байгаа. Харин би мориныхоо хөмөлдрөгөөс зуурсан чигтээ чирэгдэж явахдаа ард үлдсэн олны гайхаж, бахархсан нүдийг тодоос тод харж байв. Тэд намайг үнэхээрийн агуу ид шидтэн гэдэгт итгэцгээжээ. Ганц хоёр наалдас нь төмөр бүснийхээ дээгүүр сэртийсэн эвдэрхий торх толгойдоо угласан морь маань тэдний нүдэнд арван хоёр салаа эвэр бүхий буга болон харагдсаныг, араас минь ханаран боссон их тоос шороо сүүн зам болон харагдсаныг ч мэдэж байв.

Хамгийн сонирхолтой нь мөдхөн өнөөх асгарсан хар чулуудыг Шидтэний чулуу, хишиг хэмээн бөхийн цацсан боорцог булаалддаг шиг бүгдээр дайран орж, булаалдан, бужигналдана гэдгийг ч би мэдэж байлаа. Наран мөнхөд гийсэн нам гүм ойн дундах аялгуут бяцхан горхины тэр чулууд энэ мунхарсан олондоо бол бурхны бэлэг л дээ. Тахиж шүтээд явбал тархи оюунд нь гэрэл гэгээ өгч ч магад юм.

Харин эзэн захирагч их талын дунд тоос манаруулан алсарч яваа миний араас ёжтой хүйтнээр мушийсхийсэн нь нэг л зэвүүн бөгөөд нууцлаг байлаа.

# # Read more! #