#

Thursday, April 26, 2007

Уйдашгүй мөнхийн Амьдралийн дунд...


Шөнө бороо оржээ. Нээлттэй цонхоор борооны жижигхэн бүлээхэн дуслууд ганц нэгхэн унахыг нойрон дундаа мэдэрч, урь, чийг ханхалуулсан агаарыг нь таатайяа үнэртэн үнэгчилсээр үүр цайлгасан. Өглөө харин нар мандах үед тэнгэр нялх тугалын нүд шиг мэлтийж, зүлэгсийн үзүүр, моддын мөчирсөөс хөнгөн манан салж ядан орооцолдоно. Энэ өглөөний агаарын сайхныг ээ. Борооны дуслууд үзүүрт нь бөнжигнөх сахлаг ногоон зүлгэн дундуур хөл нүцгэн алхалж, гарах хаалганы харалдаа байх саглагар гацуурханы мөчир дээрээс надруу далжийн гайхан харах жижигхэн бор шувуу руу нүдээ ирмэчихээд ландр зүглэн алхлаа.
Хөрш авгай Наташа нойрмог нүдээ нухалсаар цонхоороо хальт цухуйгаад, бас надруу гараа даллаад авахаа мартсангүй, харин Ньюёорк үүлдрийн эгдүү хүрэм хөөрхөн гөлөг Тетрит нь цонхоныхоо тавцан дээр соосойтол зогсоод нялх шингэн дуугаар жов жов хэмээн надтай мэндэлж байна. Бас нэг хөрш маань болох Майкл урт хэлхэгэр шортныхоо халаасанд юугаа ч хийчихсэн юм, савчуулан алхах агаад хонжогны нь ац ил гарчихаж, хэ, хэ. Өчигдөр орой Чадтай хамт, хоёул нэг нэг авдар Будвайзерь пиво тэврээд, бас болоогүй хоёр чилгэр сайхан шар хүүхэн дагуулчихсан орж яваа харагдсан. Энэ өглөө лавтай ажлаасаа хоцорчээ. Тэрээр хуучин Пикап-даа суугаад хоёр сүрхий хаазалсанаа давхиж одох... Дэргэдүүр маань өнгөрөхдөө ёс болгон чагнаалаа хангинуулаад авав. Ландр орж, ойр зуурын хувцасаа угаагч руу шидчихээд, гэртээ орсонгүй, явган зам даган алхлаа. Замын хажуугийн моддын мөчироос ганц нэгхэн том том дуслууд зам дээр под под хийтэл унана. Навч шилмүүс бүрд нь бөлтөгнөн тогтсон борооны дуслууд дээр өглөөний тунгалаг тод наран тусч, болор чимэглэл мэт гялтагнуулах сүглэгэр өтгөн мододын дундуур энэхүү явган зам шурган оржээ. Энэ зам магад үлгэрийн орны зүг очдог байх аа. Энэ замаар би өдөр бүр хаашаа ч юм алхалж, энэ нарыг би өдөр бүр цоо шинээр баясан харж, энэ агаар тэнгэрийг өдөр бүр цээж тэнийлгэн ширтэж, мододтой, тэр бяцхан шудвуудтай, өвч навчистай өдөр бүр ямар нэгэн нууцлаг шивнээ хийж, Наташатай, Майктай найрсагаар мэндэлж, бас өдөр бүр хаа нэгтэй очиж, ямархан нэгнийг хийж, оролдож, хааяа нэг санаа алдаж, бас санаашран тэнгэрийн алс хаяаг ширтэж, өдөр бүр найз нөхдөө дурсан, бас хэн нэгэнтэй танилцан нөхөрлөж, өдөр бүр зүүдээ, зөнгөө чагнаархан тэмтэрч, ... ийнхүү мянга мянган жил улирсан мэт сэтгэгдэж байх юм. Мянга мянган жил бас ингэж өдөр бүр үргэлжилсэн ч уйдамгүй ажээ.

# # Read more! #

Thursday, April 19, 2007

Хаузны уралдаан & Хайрын мессеж...


Хүндтэй суудалд залагдах ч бас аятайхан л юм байна. Болдогсон бол дахин дахин л залраад баймаар... Энэ дарга, мээрүүдийг би одоо л ойлгож эхлэх нь бололтой.

Олон том том данхар хаузууд өргөн дардан замаар уралдаж байна гээд төсөөлөөд үз дээ. Яг л галзуу хулгана шиг хурдална. Бидний хөлөглөсөн хауз шинэ юм аа. Дөнгөж л ашиглалтанд өгсөн бололтой. Бойлуурынх нь тос ч арилаагүй байна. За, би гал тогооных нь ширээн дээр суугаад залуурдаж явна. Жолоодлогын механизм нь тэр гал тогоо хавиар л байгаа бололтой юм. Манай багийнхан гэхээр миний их дээр үеийн, нэгэн цагт зовлон жаргалаа нэгтгэж явсан сайн найз охин маань/найз охин гэхээр эр, эм гэдэг утгаар нь буруу ойлгочиховуузай, зүгээр л хатуу бэрхийг сөрсөн амьдрал дунд хүмүүс хэрхэн бие биедээ дотносож, нөхөрлөдөг билээ, тийм л жаягаар нөхөрлөсөн юм/, бас яг одоо манай хөрш болдог их сургуулийн профессор эмэгтэй, бас бус хоёр гурван сайн танихгүй хүн байна.

Тэд ливинг рүүмд холхицгоогоод, зарим нь цонхоор харж, одоо тийм хаузыг бид гүйцэж түрүүллээ, тийм гудамжаар жирийлгэж явна гэх мэт тэртэй тэргүй миний харж буй зүйлийг надад давтан мэдээлнэ.

Аа, тийм тэдний нэг чухал үүрэг бол намайг унтуулахгүй, ядраахгүй, хөгжүүн байлгах юм байна. Байн байн надад саахар нь ихэдсэн баахуу цай авчирна. /Би кофе ууж чаддаггүй юм/ Бас миний дуртай дарк шокаладийг бол бөөн бөөнөөр нь амруу хийчих юм. Ливинг рүүмний том цэлгэр цонхоор би урьдах замаа хараад л жолоогоо мушгиад л, хазлаад л... ёстой жирэлзүүлж өгч байна даа.

Миний багийн найз маань харин надад борц хаясан хайруулдсан цай чанаж авчирч өгч байна. Ойрд ийм цай уугаагүй, хөлс гараад л.., Тэгээд тэр маань хэлж байх юм, “За чи минь бүүр америкжиж гүйцжээ. Биднийг хамт байх үед юун ийм амттанаар булхах нь бүү хэл сахартай баахуу гээчийг ч амсаж үзээгүй явсан шүү дээ” гэж намайг ялимгүй зэмлэсэн, бас өхөөрдсөн, тэр хүнд цаг үеэ ч дотно сайхнаар дурссан өнгөөр хэлэх юм.

Би, “Тийм шүү, хааяа нэг олддог байсан Дарханы 22-ийн чихэр маань одоо энэ америкийн ямар ч амтатныг дагуулахгүй амттай байж дээ” гээд л хэл амаа долоож байна.

Гэтэл нөгөөх их сургуулийн профессор маань ганган дийзэн дээр сийлүү цагаан шаазанд баахуу цай тавиад, хажууд нь сахар, хутгах алтан халбага, бас шокаладыг нямбай жижиглэн хуваагаад тавьчихсан, бас болоогүй баарны үйлчлэгч шиг хормогч өмсчихсөн ирээд, миний нөгөө хуучны найзыг маань жаахан төвөгшөөсөн янзтай, “Хойшой, хойшой, наад борцтой цайг чинь уухайр нойр нь хүрдэг юм байгай биз дээ, За, Хэйн/нэрээр минь дуудав/, Энэ халуун байхуугай уугаарай” гээд л намжирдах, нахилзахыг хослуулж байна.

Энэ хаузнууд чинь тийм хурдан давхиж явахдаа ер огтхон ч донсолгоо, доргио байдаггүй юм байна. Аягатай цай ч цалгихгүй шүү. Манай багийнхан миний жолоодлогын ур чадварыг шагшицгаагаад л... Тэд энэ бооцоо нь Биль Гийтс ч атаархамаар асар өндөртэй, уралдаанд манай баг түрүүлнэ гэдэгт ямар ч эргэлзээгүй итгэцгээсэн, ямар нэгэн уралдаан тэмцээнд тэмцэлдэж буй огтхон ч төлөвгүй байцгаана. Гэхдээ надад нэг зүйл ажиглагдсан нь нөгөөх миний багийн найз охиноос бусад нь бүгдээрээ ямар нэгэн байдлаар сэтгэл нь тавгүй байцгаа бололтой, нүд нь нэг л итгэлгүй гөлөгнөж, тийм атлаа надад учиргүй тал засацгаана. Харц тулгармагц, инээгээд л..., эрхий хуруугаа гозойлгоод “Чи шүү...” гэж хашгирах нь нэг л хуурамч.... Тэр инээмсэглэл нь америкчуудынх шиг засдаг инээд юм. Ийм үед уг нь засдаг инээд хэрэггүй л юмсан. Тэд өөрсдөө юу ч хийцгээхгүй, ТВ үзэж, диван дээр хөндөлдөн хэвтэж, цонхоор харж гайхацгааж байгаад энэ бооцоо өндөртэй уралдаанд ганц миний авьяас, ур чадварын хүчээр түрүүлчихэж байгаа тул надад ямар нэгэн байдлаар өртэй ч юм шиг эвгүй сэтгэгдэл төрөөд байгаа байж магад юм гэж би эхлээд бодсон юм. Би мэдээж хэрэг юу гэж өр нэхэх вэ дээ, тийм эвгүй байгаа бол түүнээ л хэлчихгүй, харин ч тэдэндээ тийм сэтгэгдэл төрүүлчих вий дээ гэж би их болгоомжилж, байдгаараа хичээж, аль болох хошин, найрсаг байдалтай, болж буй бүх явдалд бүгдийг хамруулан ярьж яваа юмсан. Харин өнөөх миний багийн найз маань л тэр бүхнийг огтхон ч тоохгүй, тэртэй тэргүй тэр намайг мэдэх юм чинь, ер нь хүмүүс тийм хүнд хэцүү зовлон дунд л бие биенээ их сайн таниж мэдэх юм даа. Бид 4 жилийн турш тун хүнд нөхцөлд, товчхондоо бол цөллөгт хамт байсан юм. Тэгэхэд дөнгөж 18-тай залуус байлаа шүү дээ. Орших уу, эс орших уу гэдгээ л шийдэж явсан даа. Айлын хөлийн авдарнаас шивэртэй гуталны түрүүнд санамсаргүй унаад хаягдчихсан ганц годгор борц олчихоод бид хичнээн их баярлаж, айлын үнс, хогоо гаргадаг, энд тэндээ хонхойж, ёонхойчихсон цагаан түмпэнг угааж байгаад нөгөө ганц годгор борцоо чанаж, шөл гаргаад хөлсөө гартал оочилж суусан улс шүү дээ, бид чинь. Нэг талаар дэргэд өөрийг маань сайн мэддэг, ойлгодог, би ч бас түүнээ сайн мэддэг тийм хүн байхад хичнээн түшигтэй, давшгүй даваа ч намхан, давчуухан өрөө ч уудам цэлгэр болчихдог юм.

Яваандаа би багийнханыхаа сэтгэл юунд чилээд байгааг нь гадарлаж эхлэв. Тэдний маань сэтгэл хамаг ачааг ганц хүн үүрч яваад зовсоноос илүүгээр манай баг түрүүлээд, алдрын тавцанд гарч, өнөөх өндөр шагнал авсаны дараа би гэдэг хүн элдэв хэл ам болж, өнөөх шагналынхаа ихэнхийг үүрэг оролцоогүй бусаддаа өгөхгүй, ганцаараа л авна, эсвэл маш бага хувийг тэдэнд өгнө гэж л учир зүггүй зүтгэх вий гэж л нөхдүүд маань санаа зовоцгоож байгаа ажээ. За, одоо яая гэхэв.

Гүжир үгэнд сөөм хариугүй гэдэг юутай үнэн үг билээ. Тэднийхээ энэ гүжир санаад өгөх хариу надад ер алга. Бодогдоогүй юмыг бодогдуулж байна. Шагналаа аваад адил тэнцүү хуваахаар тэд чинь бас зүгээр ч үгүй, бид л үүнийг сэтгэл зовсон царайгаараа байн байн сануулж байсны хүчинд ингэж тэгш хувиарлахад хүргэлээ гэж бодоцгооно, бас л муухай гүжир гүтгэлэг шүү. Уг нь бид нэг баг, шагнал авбал дундаа л хуваана гэсэн бодол л надад байгаа нь үнэн юм. За, за би ер авахгүй, та нар авцгаа гэхээр ав ав гэнэ. Бүүр уйлж байгаад гуйна шүү. Тэгэхээр би бас гуйлгаж байгаад авах гэсэн болж таарна. Ер огт авахгүй, эсвэл өөрт ноогдсоноо ямар нэгэн хандив, буянд олны өмнө өглөг болгочихсон нь л энэ гүжир гүтгэлэгт санаанд өгөх ганц няцаалт юм даа. Ингэвэл би бодит байдал дээр хохироод үлдэж байгаа мэт боловч цаанаа сэтгэл дотроо бол ялаад гараад ирж байгаа байхгүй юу... За тэр ч яахав, өнөөх алаагүй үнэгний арьсыг хуваав гэгч шиг юм болох нь ээ. Одоо түрүүлэх яагаа ч үгүй байгаа.

Ингэхэд би яахаараа ганцаараа л жолоодох ёстой гэж... Тэмцээний маань журам тийм юм байна. Нэг баг 5 хүнтэй байна. Тэднээс зөвхөн нэг нь л Хаузаа жолоодоно. Бусад нь түүнтэй энэ тэмцээн үргэлжлэх 3 сарын хугацаанд хамт амьдарна. Шагнал нь бол Билл Гийтс ч атаархамаар их гэж байгаа. Харин нэгэн зүйлийг нэмэхэд Хауз жолоодох бол машин жолоодохоос амаргүй. Тэгээд уралдааны зам дээр шүү. Шумахер ч зүрхшээмээр, ур чадвар, эр зориг, туршлага энэ бүгд лаг байх учиртай.

Гэтэл манай баг түрүүлэхэд зөвхөн дээрх бүгд ч биш бас миний зөн мэдрэмж маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Яг л мөрийтэй тоглоомчин шиг...юм боллоо.

Уралдааны замд таарах нэг том саад бол үргэлж асаж унтрах ойр ойрхон зайтай гурван давхар гэрлэн дохио гатлаад зөрөлдсөн төмөр зам, түүний цаана бас давчуу далангаар давхиад бас зөрөлдсөн төмөр зам, 7 давхар гэрлэн дохио. 1000 майл тутамд яг ийм саад учирна. Уралдаанд оролцогчид бүгд тэр олон гэрлэн дохион дээр ирээд гацчихна.Эхний уулзвар дээр ногоон гэрэл нь асаж байхад, нөгөөд нь улаан гэрэл асч, эсвэл төмөр замаар 10 вагонтой галт тэрэгнүүд зөрөлдөж байна. Яг өнөөх Одисейн Энейн хавцалаар хөлөг онгоцтойгоо гардаг шиг л гарах хэрэгтэй. Тэгээд л олон том данхар хаузууд чигнаалаа хангинуулаад л овооролдчихно. Одоо Улаанбаатарын маань гудамжинд тийм юм болдог гэсэн. Гэрлэн дохион руу дөхөөд ирэхэд Ногоон асна, яг гарах гэхээр улаан болчихно, эсвэл Галт тэрэгнүүд түжигнээд л зөрөлдөөд эхэлнэ дээ. Эхний хэдэн саадан дээр би ч мөн тэгэж гацсан юм.

Харин сүүлийн хэдийг нь бол огтхон ч хурдаа сааруулалгүй хар эрчээрээ давхиад өнгөрдөг болчихсон. Эхнийх нь ногоон гэрэл яг унтарч байхад ороход нөгөөх нь дөнгөж авч байна, гол нь ямар эргэлзээгүй яг 100 майлын хурдтайгаар эхнийхээ гэрлэн дохиог яг унтарч байх мөчид л гарах хэрэгтэй, тэгээд яг тэр хурдаараа, нэг ч сааруулалгүй, нэмэлгүй явбал бүх саадыг яг номоор нь туулчихаж болохыг би ойлгосон юм. Энэ бол аз, эз шийдсэн хэрэг. Галт тэргэнд мөргүүлээд, эсвэл даланруу хийсэх риск байнга дэргэд яваа. Эхнийхээ эрсдэлтэй дайралтыг хийхдээ би цэвэр зөн билэгтээ найдсан хэрэг л дээ. Байгаа бүхнээ тавьчихсан хүн 5 дахь хөзөр юу эргэхийг нь мэдэрч чадахгүй бол Покерт тоглоод ч хэрэггүй л дээ.

Ингээд л манай баг тасархай түрүүлж яваа юм। Нөгөөх үлгэрт гардаг шиг бид бүр хэдэн долоо хоногоор тасарчихжээ। Тэгээд өдөр сараар унтаад, эсвэл найр наадам хэсээд явчихдаг шиг л бид замдаа Австрийн Вена хотын ойролцоо зогсоод энэ хотыг үзээд гарьяа гэсэн чинь манайхан, манай найз охиноос бусад нь “Өө, чи минь л ганцаараа үзчихээд ир, бид Хаузаа сахиад, хараад байцгааж байя” гэж байна. Тэгээд найз охинтойгоо хоёулаа Автрийн Вена хотоор зугааллаа. Метронд нь сууж үзэв. Харин метрон дотор аль 80-аад оны танил ахтайгаа таардаг юм байна. Жил орчим хугацаанд манай хоёр нэг хашаанд байсан юм. Тэгэхэд олон жижиг хүүхэдтэй, тээврийн жолооч, гэртээ тогтохгүй, эхнэр нь сайхан шаргал гэзгээ намируулсаар түлээ хагалж зогсох, мөс үүрээд явах нь олонтаа. Ном их уншдаг. Тэдний номын сангаас би маш олон сайхан ном олж уншиж билээ. Их сайхан залуу. Нуруу, туруу, зүс царай гэж одоогийн энэ загвар үзүүлдэг залуус хажууд нь хөгийн хөгийн. Чадал тэнхээтэй ч гэж хачин. ЗИЛ130 машины нуухтайгаа, хийтэй дугуйг биедээ огтхон ч хүргэхгүйгээр машины тэвшин дээр шидчихдэгсэн. Би энэ ах яагаад барилддаггүй юм бол доо гэж боддог, хэрвээ барилдвал Улсын Начин мачин бол энүүхэнд л дээ. Тээврээс буусан үедээ сайхан тас хар гонжоом, цагаан цамц өмсөөд хүүхдүүдээ тэврээд эхнэрээ хөтлөөд гарч явах нь хичнээн сайхан харагддаг байв даа. Хожим эхнэрээсээ салаад, эндэж осолдоод явсан сураг сонсогддог юм. Тэр ах маань тааралдлаа. Би түүнтэй таарах болгондоо л учиргүй баярлан хөөрдөг маань яг хэвээрээ, баярлаад л байгаа. Харин ах маань нэг их юм болсонгүй, өчигдөрхөн бид хоёр уулзаад салсан мэт байдалтай, “Чи хаа хүрч яваа юм бэ” гэж байна. Уралдаанд оролцоод яваагаа хэлбэл, тэр уралдааны тухай сонссон бололтой “Аан” гэж тоомжиргүй дуугараад, “Тэгээд яаж явна даа” гэлээ. Тасархай түрүүлээд явж байгаагаа хэлбэл, “Тэгэж эрт баярлаж болдоггүй юм даа, уг нь. Хар, цагаан хэл амнаас гэдэг нэг хэцүү саад их бий шүү, хө. Гэхдээ чи ч багын адтай байсан, хэвээр л байна даа” гээд миний ямар нэгэн хоржоонтой түүхийг санав бололтой хөхөрч байна. Бас “Ахынх нь хуучиндаа л байгаа шүү дээ, чи боломжтой бол очихгүй юу” гэж байна. “Тэгэе” л гэлээ. Метроноос буутал хүмүүс намайг өнөөх дэлхийд алдартай уралдаанд тасархай түрүүлж яваа ХАУЗНЫ ИД ШИДТЭЙ ЖОЛООЧ мөн гэдгийг маань мэдчихээд хүн болгон л надруу цэцэг чулуудаад л, хэдэн мулзан толгойтой залуучууд бүр намайг өргөж, мөрөн дээрээ суулгаад Вена хотын төв талбайгаар явцгаалаа. Хүн болгон намайг харах гэж зүтгэлж, бас гар барих гэж сарвайцгаана. НҮБ-ийн Ерөнхий биеэр ирж, тэмцээнийг амжилттай тэргүүлж яваа надад мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэхээр 15 минутын дараа Венад буух юм гэнэ ээ. Мөн Монголын Энхбаяраас Цахилгаан утас ч ирсэн байна. Өмнө нь бид бие биенээ сайн мэддэг, таньдаг л даа, гэхдээ би түүнийг намайг бараг мартсан байх дөө гэж бодож байсан юм. Гэтэл тэрээр илгээсэн цахилгаандаа намайг их танимхайрч, хамт ажиллаж байсан үеэ ч халуун дотноор дурсаад авсан байна. Австрийн Ерөнхий сайд нь надад зориулсан хүлээн авалтанд бэлтгэж байгаа гэнэ. Гудамжаар дүүрэн хаузаа жолоодоод дүүлж яваа миний зурагтай плакатаар дүүрч, тийм зурагтай цамц, пубволка хүртэл хүмүүс өмсчихсөн байна.
Учир нь энэ ХАУЗНЫ УРАЛДААН бол зүгээр нэг спорт уралдаан биш гэнэ ээ, хүн төрөлхтөний хөгжлийг тодорхойлох, магад шийдвэрлэх ч ач холбогдолтой уралдаан юм гэнэ. Дэлхий нийт маш анхааран ширтэж байгаа ажээ. Дэлхийн бүх орнуудаар хөндлөн гарч байгаа юм байна. Би нөгөөх багын найзаа хартал тэр маань надаас ч илүү баярлачихсан, хүүхэд шиг нэг хөл дээрээ догонцоод л дэргэд маань дэгдэж явна. Надад учиргүй их хайр төрөөд, /энэ бас эр эмийн хайр биш шүү, зүгээр л хүн хүнээ хайрладаг хайр/ тонгойн найзынхаа гэзгийг халуун дотноор илээд авав. Уярсандаа нулимс ч цийлэгнээд ирж байна. Зовлонг минь нэгэн цагт хуваалцсан юмсан, бас амжилтыг маань ч ингэж хуваалцах хувь ерөөлтэй ажээ, муу найз минь... Одоо бол яг бодит байдал дээр тэр найз маань Алтайн уулсын аль нэгэн жалганд хэдэн ямаагаа л хариулаад, эр нөхрийнхөө цайг чанаад, хүүхдүүдийнхээ уранхай ноорхойг цойлдоод л сууж байгаа даа. Ертөнцийн нөгөө бөөрөн дээрээс өөрийг нь зүүдэлж байгаа гэдгийг мэдрээ болов уу. Тэр маань хэлж байна,

- “Зүүний үзүүр дээр тогтох арвай шиг ховор учрах амьдралд, хязгааргүй цаг хугацаанд, бас зах хярхаггүй ертөнцөд нэгэн цагт, нэгэн дор төрчихөөд, найзалж нөхөрлөж, дутуугаа дүүргэлцэж яваа маань бидний хичнээн ч урьдны мянган төрөлдөө тавьсан ерөөл юм бол доо, гэж...

Тэгээд бас хэлж байна.

  • Чи жаргалтай байна уу?”,

  • Ейс, ейс”,

  • Юу гээд байгаа юм бэ? Хүнээр битгий тоглоом хийгээд бай! Хөдөөний л бүдүүлэг хүн байгаа биз”,

  • Тийм, тийм гэж байгаа юм аа”,

  • Тэгвэл би чамайг жинхэнэ баярлуулах нэг зүйл өгөе.”

  • Тэгээд удаагаад байлгүй өгөөч дээ”

  • Одоохон одоохон, хайж байна”

  • Юу юм бэ?”

  • Тэвчиж бай.”

  • Хурдлаач ээ?”

  • Тэр маань энгэрлүүгээ нэг юм ухсаар байгаад нугалаасаараа салбарч сангирчихсан цаас гаргаж ирлээ.

  • Үүнийг олоон жилийн өмнө чамд өгөөрэй гэж нэг хүн өгсөн юм.”

  • Тэгээд яагаад одоо өгч байгаа юм бэ?”

  • Чамайг жаргалтай байна гэсэн тэр мөчид л өгөөрэй гэсэн юм”

  • Хэ, хэ..., Би тийм удаан зүдэрч явжээ дээ...?”

  • Мэдэхгүй ээ, би ямар дандаа чиний дэргэд байсан биш дээ”

  • Алив тэгээд өгөөч дээ?”

  • Чи чинь дав дув гээд юу болчихоо вэ? Өгөх л гэж байна” гэж ирээд нөгөөх маань эгч шиг намайг дал мөрөн дундуур маань халуу дүүгтэл байлгаад авлаа. Хар бор ажилд эр хүнээс дутуугүй түүний гар хатуу, хатуу. Ийм нудралтыг нь би олонтаа хүртэж байсан, хөхөртөл нь цохичох ч энүүхэнд шүү. Нөгөөх манай фэн европууд чинь бид хоёрын тэр харьцааг хараад нүд нь ёстой бүлтэрч гарч байна аа. Энэ одоо нөгөөх СУПЕР ОДЫГ маань нэг зэрлэг индиан эмэгтэй цохиж нүдээд, юу болчихов оо гэж байгаа бололтой, ер бид хоёрын ийм харьцааг дотно ойрын илрэл огтхон ч ойлгохгүй байна. Байгаагаа хуваачихдаг, бас бйахгүйгээ ч хуваачихдаг бидний харьцаа тэдэнд даанчиг харь байгаа л даа. Гэрэл зургийн спийчикүүд гялс гялс гээд л, Камермэнүүд нэгнээ дайрчих шахан зураг авцгаана.

    Түүний өгсөн өнөөх зурвасыг задаллаа. Сурагчийн дөрвөлжин шугамтай дэвтэрийн цаасны гол дээр бичсэн 4-хөн мөр шүлэг байна. Тэнд ингэж бичсэн байх юм.

Чамтай хамт нэгэн агаараар

Чухамхүү амьсгалах хувьтай бол

Үхэл, амьдралын аль нь ч түүгээр ирсэн

Үнэндээ надад ялгаа алга аа

  • Ердөө л энэ үү? Гэж би түүн рүү гайхан харав

  • Ердөө л..., илүү чамд юу хэрэгтэй юм бэ?

  • Хм... Хэн бэ?

  • Би яаж мэдэх юм бэ?

  • Яагаад?

  • Дэнгийн галд татагддаг эрвээхэй шиг чамайг тойрсон тэр олон охидынхоо дундаас л чи санахгүй юу?

  • За, тоглоод байлгүй хэл л дээ?

  • Би үнэхээр хэн болохыг нь мэдэхгүй, нэг хүүхэн л өгсөн юм.

  • Хэзээ?

  • Санахгүй байна, олон жил болж...

  • Үнэхээр гэж үү? Чи тоглоод...?

  • Намайг тоглоогүй гэдгийг чи өөрөө мэдэж байгаа шүү дээ. Нэг тийм цагаан цувтай, малгайгаа дарж өгсөн, гял цял хөдөлгөөнтэй л туранхайвтар, надаас бас өндөр хүүхэн байсан.

  • Хаана чамд өгсөн юм бэ?

  • Зүүдэнд...?

  • Солиотой юм...

    Би нөгөөх зурвасыг анхаарч харлаа। Тийм ч жижиг биш үсгээр хайш яайш бичдэг юм байна। Нэлээд шийдмэг татлагуудтай юм। Миний мэдэх гарын үсэгнүүд биш ээ। Өө, энэ чинь миний л бичиг байна шүү дээ। Хэ, хэ. Миний захидал явсаар эргээд надад хүрээд ирдэг гэнэ дээ. Тэгээд энэ шүлэг чинь хэзээ нэгэн цагт миний хэн нэгэнд бичиж байсан шүлэг шиг байх чинь... Ээ, биш байна. Томас Мурийнх... Тэр тэгэхээр Мурийг мэддэг байх нь уу. Мурийг мэддэг хэн билээ. Цаасныхаа баруун буланд миний захианд хариу болгож хөх харандаагаар жижигхээн хөх шувуу зурчихаж. Харин тэр хөх шувууг бол би маш сайн таниж байна. Байн байн зүүдэнд минь ирж, пансан алчуур шиг дэрвэж, сэнгэнэсэн анхилуун үнэрт салхи сэвэлзүүлж байдаг тэр жижигхээн хөх шувуу мөн байна.

      Би тэрхүү зурвасыг нь салганасан гараараа эвхээд зүрхэндээ наалаа. Надад нэгэн хайрын зөн төрж, эсвэл өнө эртний тэр нэгэн зөн үргэлжилж байх шиг. Тэр энэ бужигнасан олны хаа нэгтэй л байгаа даа. Гэнэтхэн надад юун тэр толгой эргэм шагнал, урамшил, тэр их хүндлэл, хөөрцөглөл юу ч биш санагдаж байна. Энэ бүхэн аз жаргал гэж үү. Бушуухан энэ бүх хөл хөөрцөгөөс зугтаагаад, түүнийг олж хөтлөөд энэ ертөнцийг хамгийн бөглүүд мухар луу зугтаачихмаар болж, гасалж гангинуулан уйлан чарламаар, орилж хашгирмаар ч болж байна. Амьдрал ч бас хүнээр тоглож ханахгүй юм аа.

# # Read more! #

Sunday, April 15, 2007

ХҮН-ЧОНО-ын авд /Хоёрдугаар хэсэг/



Дэлчгийн байж буй энэ байдал төрх миний өвөрдөх, энэрэх мэдрэмжийг маань ор мөргүй хөөж орхив. Харин ч ой гутаж, дургүй минь хүрлээ. Хүн айж, мэгдэж болно гэхсэн, гэхдээ ийм арчаагүй, ой гутам байдалд ордог гэдгийг би ер төсөөлж байгаагүй юм байна. Түүний энэ ухаан мэдрэлгүй айдас өөрийгөө төдийгүй намайг ч, хамаг итгэл найдвараа өгчихөөд, айх эмээхээ, амь насаа ч даатгачихаад ард хөшиж хүлээж үлдсэн нөгөөх заяа тавилан нэгт гээгдмэл суурингийнхнаа ч давхар баллаж орхих нь... Юун амь өршөөх билээ. Айх айдас нь түүнийг болж буй үйл явцыг бодитойгоор эргэцүүлэн харах, дүгнэх ямар ч боломж олгохгүй байгааг нь ойлгож, өршөөж болох ч чухам өмгөөлөн хамгаалагч руугаа эргээд ноцно гэдэг даанчиг шоглоомтой. Дэндүү арчаагаа алдсан явдал л даа. Өмнө нь би нэг удаа иймэрхүү арчаагүй ариншингийн илрэлийг мэдэрч байсан юм.
***
Хэдэн жилийн өмнө 10-аадхан хүнтэй нэг жижигхээн албан газар ажиллаж байлаа. Төрийн байгууллага л даа. Манай байгууллагын дарга уг нь эхлээд надад таалагдсан, аятайхан биеэ авч явдаг, боловсролтой, хэнтэй л бол хэнтэй дээр доорыг ялгалгүй харьцдаг. Тэрээр надад итгэл үзүүлж, нэлээд хүнд гэгдсэн асуудлуудынхаа талаар надтай зөвлөдөг, бас надаар зарим шийдлүүд гаргаж, гүйцэтгүүлсэн ч удаатай. Гэвч тун ч удалгүй нөгөөхийн маань тар нь танигдаад эхлэв. Тэр байгууллагад надаас гадна тэтгэвэрт гарах өдрөө хоног тоолон хүлээж суудаг “Мягу” хочтой нэг хөгшинөөс бусад нь бүгд бүсгүйчүүд. 21-тэй дөнгөж сургууль төгссөн залуухан охидоос эхлээд 50 дөхсөн 6 хүүхэдтэй нэг эгч хүртэл бий.. Харин яг үнэндээ ажлаа хийдэг нь нэг ч үгүй. Бүгд л нэг ингэж тэгэж байгаад цалин авчихна. Зүгээр ч авахгүй, бүүр шагнал урамшилтай авцгаана шүү.
Нэг өдөр шинэ ажилтан бүсгүй ирэв. Царай зүсээр тийм сайханд орохгүй, ажилдаа ч бас тийм сайн биш, харин шударга, шулуухан зантай. Ажилд ороод хоёр л долоо хонож байсан байх даа, нэг өдөр тэр шинэ бүсгүй маань баахан хэрэг мандуулж хаячихаад ажлаа хаяаад гараад явчихав. Дарга маань түүнд янз бүрийн санал тавьж, татаж чангаасан юм байх аа. Хамт ажилладаг үеийнхээ нэг бүсгүйд хэлтэл өнөөх нь ер нь байгууллага дээр болж байдаг зүйлсийн зах зухаас дуулгажээ. Өнөөх шазруун бүсгүй нэгэнт атгасан олсныхоо үзүүрийг хөвсөөр манай байгууллага дээр болдог бүхнийг нэгд нэгэнгүй мөрөөр нь орж, дэлгэж чадсан байна.
Манай дарга харьяандаа байдаг 8 бүсгүйтэй бүгдтэй нь амрагын холбоотой ажээ. Бүгдээрээ түүнийгээ харилцан мэдэлцдэг, гэвч нэг эр нөхөртэй хүмүүс шиг аль аль нь хүлцэнгүй, хүлээцтэй, зөвхөн хааяа нэг гардаг зөрчил нь илүү цагийн мөнгө, шагнал энэ тэр дээр л чи их авлаа, би бага авлаа гэсэн маргаан гардаг боловч, манай дарга ийм мэт асуудлыг нь тэр дор нь л эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй зохицуулчихдаг байсан ажээ. Яг л олон хатантай хаан шиг... Өнөөх Мягу хөгшин ч энэ бүхнийг сайн мэддэг, тэр надад хэлэхдээ “Ах нь уг нь энэ бүхэнд дургүй хүрээд л явдаг, гэхдээ одоо тэтгэвэрт гарахын хооронд хэл ам татлаад яахав дээ, амьтантай тангараг тасрахын нэмэр” гэж билээ. Би ороод 2 сар болохдоо үүнийг огтхон ч анзаараагүй явсан байгаа юм даа. Ингээд нэг үдэш манай байгууллагынхан бүгдээрээ цуглаад энэ талаар ярилцлаа. Мэдээж даргаасаа нууцаар... Бүгдээрээ л даргыгаа үзэн яддагаа илэрхийлцгээв. Зарим нь бүүр уйлж, унжиж, харааж зүхэж, хэрвээ дарга хажууд нь байвал маажиж малтахад бэлхэн байв. Энэ явдлын талаар дээд газарт мэдэгдэж, өөрчлүүлэх нь зүйтэй, ингээд байгаад байж таарахгүй гэдэг дээр ч бас санал нэгдэв. Тэгээд дээд газарт, шүүхэд бүгдээрээ захидал бичих юм болцгоож, би тэр захидлынх нь эхийг гаргалаа. Мягу хөгшинөөс бусад нь бүгдээрээ гарынхаа үсгийг зураад явуулчихлаа.
Маргааш өглөө нь би даргатайгаа энэ асуудлаар ярилцлаа. Надад түүнээс нууцаар хийсэн нэг л зүй бус хуйвалдаанд оролцчихсон мэт сэтгэгдэл төрөөд болоогүй юм. Тийм учраас эр улс шиг л илэн далангүй ярилцах нь зүйтэй гэж бодсон хэрэг л дээ. Өнөөх өргөдөл захидал бичсэн хүмүүсийг ч олиж, матсан юм байхгүй ээ. Миний даргатайгаа ярьсан гол яриа нь байгууллага дээр ийм зүй бус явдал архагшсанд маш их харамсаж байгаагаа хэлж, одоо энэ нь нийтэд нэгэнт ил тод болж, бүгдээрээ илэн далангүй ярьцгаах болсон, ийм нөхцөлд цаашид ажиллахад хэцүү болсоноо хэлсэн юм.
Манай дарга харин огтхон ч сэтгэл зовсон шинжгүй хүлээж авч байхыг хараад би хачин их гайхаж билээ. Тэр ч бүү хэл, “намайг юм үзээгүй нусгайгаа”-раа байгаад маань санаа зовинож байгаагаа хэлж, амьдралд энэ бүү хэл өчнөөн юм үзэх болно гэж тавлаж, бас зөвлөж байна. Тэгэн гэмц л миний гэдэн хөдөлж, даргадаа дайн зарлачихдаг юм байна. Таны энэ булай явдлыг дэлгэнэ, дээд газраар шүүлгэнэ, байгууллага дээр шударга ёс тогтооно энэ тэр гэлээ. Дарга маань огтхон ч цочсонгүй. Мэдээж хэрэг дээд газарт, шүүхэд тэр өргөдөл очоод таг дарагдсан, мөн миний гүйж, дарга даамлуудад энэ тухай хэлсэн бүхэн харин ч буруугаар эргэж, даргыгаа онхолдуулж, албан тушаал улайран хөөцөлдсөн амьтан гэсэн пайзтай болчихдог юм байна. Найз сэтгүүлч залуугаа авчраад өнөөх бүсгүйчүүдтэй уулзуулсан чинь бүгдээрээ нэг ч үг хэлж өгсөнгүйгээр барахгүй харин ч эсрэгээр даргыгаа магтаж гардаг байна шүү дээ. Тэгээд болсон бүх явдлыг нь дэс дараатай нэлээд дэлгэрэнгүй бичээд сонинд өгтөл эрхлэгч нь тэр материалыг хав дарчихаад нийтэлсэнгүй. Дарга бид хоёрын хэрүүл маргаан бүүр шүүх прокурор дээр очих дээрээ тулав. Харамсалтай нь шүүхийн өмнө надад ямар ч нотлох баримт байсангүй. Нөгөөх бүгдээрээ уйлан, харааж зүхэж байж бичсэн өргөдөл дээд газарт таг дарагдаад, дахиад өнөөх бүсгүйчүүд маань тэр талаар нэг нь ч гарын үсэг зурж өгдөггүй шүү.
Нэг сарын дараа өнөөх манай байгууллагын 8 бүсгүй бүгдээрээ миний эсрэг босоцгоож, чухам л тэдний хамаг булай булхай бүхнийг нь дэлгэх гэсэн хорон муу санаатан, тэдний энэ зовлонгоор нь дөрөөлж, албан тушаалд хүрэх гэсэн өөдгүй амьтан болж хувирав аа, би. Ингээд аргагүйн эрхэнд тэдгээр бүсгүйчүүдийн харааж зүхсэн дуун дор ширээнээсээ өөрт хэрэгтэй ганц хоёр дэвтэр номоо цүнхлээд ажлаасаа гарч байж билээ. Тэгэхэд тэдгээр бүсгүйчүүдэд гомдохоос илүүгээр өрөвдөх сэтгэл надад төрж байсан юм. Чухам тийм өрөвдөх сэтгэгдэл надад байгаагүйсэн бол би тэр ялагдалынхаа гашууныг тийм амархан дааж гарч чадахгүй л байсан болов уу даа. Үүдэн дээр дарга тааралдаж, огтхон ч юм болоогүй мэт, далан дээр алгадаад “Энэ чинь амьдрал шүү дээ” гэж хэлж билээ. Хэд хоногийн дараа Мягу хөгшинтэй гудамжинд тааралдахад тэрээр “Ах нь хэлсэн шүү дээ, дэмий юмаар оролдох дэмий л байдаг юм” гэж билээ. Би тэгэхэд 100 хувь ялагдсанаа мэдэрч, ямар бат бэх хана мөргөснөө ойлгосон юм. Гэхдээ нэг л итгэлээ орхиогүй, тэр нь тэр хана огтхон ч хөдлөшгүй биш, хөдөлж л таарна, харин яаж вэ? Нөгөөх төрсөн ах Улянов нь Хааны амь насанд халдах гэсэн хэргээр цаазын ял авсаныг сонсоод залуу Ленин “Бид өөр замыг сонгох болно” гэдэг шиг л би өөр замыг, гэхдээ маш бэрх, урт замыг сонгох ёстой юм байна гэдгийг л ойлгосон юм.

***
Харин энэ удаад надад Дэлчгий хөгшинийг огтхон ч өрөвдөх, нигүүлсэх сэтгэгдэл төрсөнгүй. Тэрхүү ичих ичгүүрээ давж гарч зүрхлээгүй, тэрхүү гутаагдал, доромжлолтойгоо дотоод сэтгэлдээ аль хэдийнэ эвлэрчихсэн, хүлээн зөвшөөрчихсөн байсан хөөрхий бүсгүйчүүдтэй энэ Дэлчгий хөгшинийг харьцуулах ч аргагүй л дээ. Амь өршөө гэнэ шүү. Ой гутсан дургүйцэл маань хүч нэмж, Дэлчгийг солгой гараараа ширүүхэн ширвэж орхисонд тэрээр тэр хамрын уруу тонгорцоглон өнхөрсөөр одлоо. Тэгээд өнөөх чононууд руугаа хартал тэд аль хэдийнэ сэжиг авчихсан, над руу эгнээд чихээ байдгаар нь сортойлгочихсон хараад зогсоцгоочихсон, дайрах эсэхээ шийдэн ядан буй бололтой байв. Чонын хэзээ ч бүрэн гүйцэд таниж мэдээгүй юм руу улайран дайрдаггүй хэтэрхий болгоомжтой ариншин нь энэ удаад бидний амийг аврав бололтой. Хэрвээ биднийг хоёулахнаа байгааг нь мэдвэл тэд ямар ч эргэлзээгүйгээр дайрах нь тодорхой. Хэрвээ 10 чоно тийм давчхан зайнд дайрвал би их сайндаа л 5-ыг нь буудаж унагаж чадна. Энэ тэгэхээр ямар амь өрссөн явдал болж буйг хэлүүлэлтгүй.
Харин өнөөх ХҮН-ЧОНО алга болчихож. Дэлчгий бид хоёрын хооронд болсон зууралдаан их сайндаа л 10 секунд болсон байх. Ийм богино хугацаанд тэр аймшигт араатан-ХҮН чухам газар нь цөмрөөд л орчихоогүй бол ойр хавьд тийм хурдан бие далдалчихаар бут, сөөг, хад чулуу, гүвээ, хонхор тэр хавьд байгаагүй юм. Гэвч надад одоо гайхаж, түүнийг хаа нэгтэйгээс эрэн хараа бэлчээж байх боломж даанчиг нэг байсангүй. Хором ч алдаж, санаачилгыг чононуудад алдаж болохгүйг би зөнгөөрөө ч, туршлагаараа ч мэдэж байв. Ингээд чононуудын голд байгаа нэгэн рүү нь онилон гохоо дарж орхив.
Ер нь олон чонотой таарвал хаанаас нь эхэлж буудах вэ гэдэг нь бас анчин хүний нарийн тооцоо юм। Чононуудаас аль болох олныг, болбол бүгдийг нь алах боломжтой, давуу нөхцөлд буй бол хойноос нь, аль муугаас нь эхэлж бууддаг, үймүүлж үргээх гэж буй бол голд байгаагаас нь эхэлдэг, хэрвээ галыг өөр дээрээ дуудах гэж байгаа бол өлигчиныг нь, өлигчин байхгүй бол аль томыг нь эхэлж бууддаг юм. Энэ удаад сэжиг авчихсан, надруу дайрахад бэлэн байгаа эдгээр чононуудыг үймүүлж, сандаргах нь чухал байлаа. Түрүүнд Дэлчгий хөгшин маяглаж байж хар сэр өгчихөөгүйсэн бол хойноос нь эхлээд л цувуулчих байсан юм. Буун дуунаар нэг нь “ган” гэсээр мушгиран унаж, бусад нь тал тал тийш пурхийлээ. Би ч хамрынхаа ирмэг дээр харайж гарчихаад тал тал тийш таран чавхадацгаасан тэдний араас хэдэн сум тавиатхав. Хэд ч гэж дээ, Карибин бууны замганд 3 сум багтдаг ба хүхээгэнд байсантайгаа нийлээд нэг дор дахин цэнэглэхгүйгээр зөвхөн замгаа л татаж, 4 угсран буудаж болдог. Юутай ч нүдэн дээр минь дахиад хоёр чоно эвхрээд өглөө. Дахиад буугаа сумлах гэтэл бууны маань мөрөвчинд байсан сумны дайз алга болчихож. Өнөөх Дэлчгий хөгшин гартай маань зууралдаж байхдаа л сумны дайзыг унагачихаж. Яг энэ мөчид ард талд Дэлчгий хөгшиний амь тавих бархирах, Сэгсгэр Халтар морины маань унгалдах, хуурсаа татан газар чавчилах чимээтэй хослон сонсогдож, эргэн харвал өнөөх ХҮН-ЧОНО миний ард, хамрын бэлд ирчихсэн, Дэлчгий хөгшний шилэн хүзүүнээс бахим том савраараа атган, агаарт хий сарвагануулчихсан зогсоно. Сэгсгэр Халтар морь маань хэдий их зоримог, чононоос үргэж, бусгадаггүй, тэр ч бүү хэл цавчлан дайрч ордог атал, энэ удаад огтхон ч үзэж харж байгаагүй тэр аймшигт ХҮН-АРААТАН-аас цочин үргэж, дайран орж, хурц туурайгаараа цавчлан хөөж чадахгүй ч харин түүний надруу явах замд нь хөндөлдөн, газар чавчлан, хий тангараэ сүрийг үзүүлэн цамнаж байлаа.

Энэ “завшаан”-ыг ашиглан би ХҮН-ЧОНО-ыг сайтар ажиглав. Тэрээр миний тооцоолж байсан шиг тийм 2 метр орчим өндөр нуруутай биш ч маш бахим хүчирхэг биетэй юм. Хоёр гар нь өвдөгнөөсөө өнгөртөл урт агаад ялангуяа шуу нь ер бусын хүчирхэг, яг л дүнз гуалин шиг харагдана. Горилл сармагчингийнхтай төстэй урт бүдүүн сарвуун дээр нь дотогш махийж ургасан бүргэдийнх шиг махигар хурц хумс нэмэгджээ. Булчин шөрмөс болсон ширүүн үсэрхэг арьстай цээжин бие нь үл ялиг бөхөгөр агаад хоёр мөр нь харин их унжуу нь түүний богино бахим хүзүүг чонынх шиг харагдуулна.
Хоёр хөл нь биетэйгээ харьцуулахад ялимгүй богиновтор, бас ялимгүй майгавтар бөгөөд асар том парвийсан тавхайтай юм। Тэр хоёр майгадуу хөлийнх нь хооронд чухам эм хүйстэн бүхэн нэг бол түүнээс үүдэх өвчинийг мэдэрч айсандаа, эсвэл хүссэндээ чарлан ухаан алдамаар аварга том улаан гуур санжигнана. Азарганых түүний дэргэд шальгүй мэт. Бүх биеийг бүрхсэн шингэн тачирхан үс нь гарынхаа шуу, хөлийн шилбэ, бас цав гэдсээрээ ноолордсон өтгөн урт болжээ. Данхагардуу толгойных нь бараг духан дээр чоных шиг хоёр чих соотойж, шаргал сортой бүдүүн ширхэгтэй үс нь тал тал тийш арзайн сэгсийжээ. Тэр хоёр чих нь ямар нэгэн багт наадамд оролцоод гарахдаа мартчихсан яваа өмсгөл мэт санагдсаныг ч бас нэмэх хэрэгтэй. Харин JPM дэлгүүрт харсан маш сайн чанарын элгэн цээживч шиг юм цээжиндээ хайш, яайш өмссөн ч энэ нь түүнийг чонотой гэхээсээ хүнтэй ойр дөт болохыг илтгэнэ. Эрүү түүшин томтой, хамар сартгар агаад хоёр завжаараа доош уншсан том ам нь түүний ер бусын шийдмэг, түрэмгий ариншинг илтгэнэ. Түүний царай төрх надад их сайн танил аж, чухам хэн гэдгийг нь хараахан хэлж чадахгүй цээжин дээр гацчихаад байгаа мэт тийм танил төрхийг олж харав. Харин нүд нь бол өмнө нь надтай нэгэнтээ учирсан тэр нүд яг мөн байлаа. Тийм нүдэнд ямар ч хараа, харц байхгүй, цаашаа хязгааргүй нэвт, огт өөр ертөнц рүү өнгийх цонх, эсвэл огторгүйн хязгааргүй уудам руу тавьсан галт хонгил мэт тийм гал улаан нүд билээ. Тэр нүд цаашаа нэвтийнхээ адил мөн наашаагаа ч нэвт ажээ. Бид хоёрын харц тулгарч, тэрх галт нүд намайг нэвт өрөмдөн түлээд, нэвтлээд өнгөрч буй мэт болж байна. Аль 1989 оны намар Алтайн өвөр говьд адуу хайж яваад би яг ийм харцтай хүнтэй учирсан юм. Тэр харц одоог хүртэл санаанаас маань гардаггүй хийгээд үе үе зүүдэнд үзэгддэг. Харин энэ хугацаанд надад ямар нэгэн муу урхаг авчирч байгаагүй юм. Энэ ХҮН-ЧОНО, тэртээх оны говь-цөлийн эзэн бүсгүй хоёрын харц нь адил, нэг төрөл гарвалынх байж магад ч эд бол нэг хүн биш, тус тусдаа болохыг би мэдэж байв. Тэр говь цөлийн эзэн бол ганирч цөхөрсөн, номхон хүлцэнгүй, хүнд гэм халгүй бүсгүй байсан бол энэхүү ХҮН-ЧОНО бол шийдсэн, хүний,,,цусанд,,,улайрсан, аймшигтай бас маш нууцлаг араатан билээ.
Харин тэр амьтаны хүчирхэг гарт ишиг шиг тас базуулсан Дэлчгий маань арвагнан тийчэгнэмэр болж, хааяа цөхөрсөн сөөнгө хоолойгоор өнөөх “Амь өршөө” гэдгээ давтан хашгирсаар байлаа। Би түүнийг чухам хормын өмнө золгүй, аймшигт үхэл рүү нь түлхэж орхижээ. Тэр энэ ХҮН-ЧОНО аминд нь хүрэхийг, бас түүний амруу би түлхэж орхихыг зөнгөөрөө мэдэрч тийнхүү миний гараас “Амь өршөө” хэмээн зууралдсан ажээ.
/ Үргэлжлэл бий/

# # Read more! #

Sunday, April 8, 2007

Алдагдсан мөрий



Тоо томшгүй олон чулуун баганатай цэлгэр уудам танхимд чи бид нэг учир битүүлэг хүнтэй уулзаж байх юм. Тэр том танхим босоо гурвалжин, яг л сүмийн гонх шиг цор ганцхан цонхтой. Тийм уудам бишсэн бол сүмийн гонхонд сууж байна гэмээр... Гэвч Хутагт Софийн сүм л биш бол тийм уудам гонхтой сүм гэж баймгүй, цонхны эсрэг тал хаана дуусч байгаа нь ч харагдахгүй харанхуйлж, хүнхийсэн адар дээрээ
с нөмөрнө.
Тэр учир битүүлэг хүн надтай нэг гэрээ хийх юм гэнэ. Гэрээнд гарын үсэгний оронд 10 хурууны өндөгний болон шүдний хазалтийн дардас авах юм байна. Надтай гэрээ хийж буй тэр хүнийг би эхлээд чөтгөр байна гэж бодов. Намайг дунд сургуульд байхад манай сургуулийн захирлыг “Дуугүй чөтгөр” гэдэг байсан юм. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, хүйтэн зэвүүн харцаар өөрийн харьяанд байдаг бүхний хөлсийг чийхартал ширтдэг, хонгилд ямар ч чимээ гаргахгүйгээр явж чаддаг, хаалга огтхон чихруулахгүйгээр ангид орж ирдэг түүнээс учиргүй зодож нүдээд байхгүй ч бид айх гэж сүнсээ тавьчихдаг байж билээ. Тэр гэрээ хийгч хүний байж буй байдал төрх, биеэ авч яваа нь түүнтэй их төстэй санагдсанаас надад чөтгөр байна гэсэн бодол төрсөн байх. Эрэгтэй ч юм шиг, эмэгтэй ч юм шиг, хүйсийг нь ялгаж чадсангүй. Харин гэрээ нь тун энгийн... Надад тусгай бэлтгэсэн хос цаас, шовхолж үзүүрлэсэн харандаа, бас бийр будаг өгөв. Будаг нь мөн бидний багад их ховор байсан “Ленинград” гэдэг будагтай төстэй жижиг жижиг хайрцагтай, 5 өнгий
нх.
Би тэрхүү фото зургийнх шиг гөлгөр гадаргатай атлаа циллод шиг цаадах нь гэрэлтдэг зузаан цаасан дээр нь чамайг зурах юм байна. Тэгээд хичнээн сайн зурнав, тэр хэмжээгээр бидэн хамтдаа байх, муу зурах юм бол бид дахиж хэзээ ч уулзахгүй юм гэнэ. Чиний нүүр царайнд ямар их итгэл, тайван бардам байдал, түүнийг дагасан баяр баясгалан байгааг би хараад маш их балмагдав. Би чамайг нэг бус удаа зурж байсан, суулгаж байгаад ч, зурагнаас чинь ч, бас зүүднээсээ ч ургуулан янз янзаар л.... Тэднээс харандаагаар татсан, сурагчийн цагаан хормогчтой байгаа нэг таталбартаа би их хайртай, бараг 10 гаруй жил тэр зургийг чинь нандигнан хадгалж явсансан. Нүдний чинь шилэн дээр би өөрийнхөө бүжиглэж буй дүрсийг чиний харцтай давхацуулж зурсан юм. Чи намайг тэр л үеийнхээр минь бодож, энэ гэрээний нөхцөлийг харин ч баяр баясгалантайгаар хялбархаан биелүүлчихнэ гэдэгт бат нот итгэж буй аж. Гэтэл одоо бол бурхан тахиж, буян амлаад ч тэр 20 жилийн өмнөх шигээ зурж чадахгүй шүү дээ.... Аль хэдийнэ зургаа хаячихсан, бийр будаг маань орны хөндийд хэвтсээр, үжрэхээр нь хожим хэн нэг нь гаргаад хаячихсан байсан. Бийр барьдаг гар маань одоо хар бор ажилд эвэршсээр аль хэдийнэ төсөөрч, алх сүх барихдаа л дадамгай болж... Хараа маань муудаж, сүүдэр гэрлийг ч муухан ялгах болж. Гэтэл чи минь намайг ийм ядруухан амьтан б
олчихсон байгаа гэдгийг огтхон ч мэдэхгүй байгаа бололтой. Шалгалтан дээр ганц сайн мэддэг асуулт нь аз таарч сугалагдсан охин шиг л хөөрчихсөн, гялалзсан нүдээр надруу ямар баясгалантай, итгэлтэй ширтэнэ вэ? Тэр гал цогтой, ааг, авьяас багтаж ядсан залуу нас аль хэдийнэ ард үлдчихсэн шүү дээ. Гэрээний эх хувь болох ямааны илгэн дээр би гарынхаа хээг дарж чадахгүй тээнэгэлзэн байгааг минь чи огтхон ч анзаарахгүй юм, надруу аяархан налсхийснээ, “БУШУУЛАЛ ДАА” гэж эрхлэнгүй шивнэлээ. Би салганасан гарынхаа арван хурууны хээг тэрхүү нойтон илгэн дээр үлдээж, бас хүзүүний зузаан арьсыг нь амандаа сайтар зууж, шүднийхээ ормыг гаргав. “Чөтгөр”-ийн нүд нэг л зальхай гялсхийгээд, ямааны илгэн гэрээг хормын дотор тас хуйлан, Санта Клаусын авч явдаг шиг том улаан уутны амруу чулуудчихсанд ямар нэгэн ёзооргүй ангал руу гуалин унагачихсан мэт дүн-дан, дүн-дан гэх дуу сонсогдсоор аажмаар замхарав. Зүрх пал пал хийнэ. Одоо надад зөвхөн сайн муу, болсон болоогүй 150 гаруй хөрөг бүтээсэн туршлагадаа л найдах үлдэж. Гэвч жинхэнэ уран бүтээл бол дан ганц туршлагаар бүтдэг зүйл биш, харин ч цэвэр онгодийнх байдаг билээ. Гэхдээ сандарч болохгүй, тайван, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэдгийг би сайн ойлгож байгаа. Надад гомдоод, аль хэдийнэ гээж одсон онгод авьяас маань энэ амьдрал, хувь заяа, хайр дурлалыг маань шийдэх нэн эгзэгтэй мөчид хормын төдий ч болов эргээд буцах хувь ерөөл хайрлах болтугай.
Ингээд өнөөх “Чөтгөр”-ийн зааж өгсөн тойрог дотор чамайг суулгаад зурж эхлэв। Чи яг хэвээрээ байна। Аль 20 жилийн өмнө надад зуруулахаар ангидаа хоёулаа үлдчихээд ширээ тохойлдоод сууж байхдаа ямар байсан бэ, яг л тэр төрхөөрөө, инээмсэглэх, наалинхайтах чинь ч хүртэл яг шүү। Тэгэхэд чи 10-аад минут сууснаа, тэсэлгүй годхийн босч ирээд зурж байгаа руу маань нэг сүр
хий өнгийж харсанаа нялх хүүхдийнх шиг зөөлхөн алгаар хацрыг маань аяархан илчихээд буцаад сууж билээ। Хожим чамайг санах бүрдээ тэр чиний илсэн ормыг чинь дарж, хэрхэн халуу шатахыг нь мэдэрдэг байсансан। Би чиний тэр хайрыг мэдэрч, чухам тэр хайрын мэдрэмжээ зураас, татлага, хаялага бүхэн дээр ямар тод томруун шингээж өгсөнийг би хожим анзаарч, тэр зургаа дахин давтагдашгүй бүтээл болсоныг нь ойлгосон. Харамсалтай нь хадгалж чадсангүй, гээгдэчихэж. Одоо ч гэсэн би чамаасаа яг л тэр энхрий дотно хайрыг чинь мэдэрч байна. Чиний харцнаас, нүүр царайнаас, үйл хөдлөл, дуу авиа бүрээс чинь би чинийхээ сэтгэлийг мэдэрч, би эргээд залуу халуун насандаа оччихсон мэт болж байна. Тэр хирээр онгод минь эгэн ирж, хүнд хүчир ажилд хөшүүн гүжир болсон гар маань тэр хайрыг мэдэрсэн мэдрэмжийг дуулгавартайяа, хүлцэнгүйеэ даган намирна. Цэг, зураас, татлага бүхэн хосгүй хайрын дотно сэрлээр хөтлөгдөн тодорч буйг би мэдэрч, зүрхшээн байж эхэлсэнээ мартаад, амандаа нэгэн ая гиншэн, хөнгөн хурдан зурлаа. Чи намайг чадна гэдэгт ямар их итгэлтэй байна вэ, ийм хялбархан гэрээ гэж байдгаа, тэр “Чөтгөр” чухам бид хоёрыг хамт байлгахын тулд л ийм гэрээ хийсэн байна шүү дээ, алдагдсан бүх аз жаргалаа 30-хан минутын дотор эргүүлээд бүгдийг нь буцаачихна гэдэг бол чухам аз гэхэд ч багадалгүй яахав гэж буй янзтай, жуумагнана...Хоёр хувь зургийг хормын дотор л зурав. Би тийм хурдан шуурхай зурж байснаа ер санахгүй юм. Гэхдээ бүрэн гүйцэд хөрөг болоход нэг л юм дутаад, ердөө хоёр гуравхан л зураас дутаад байх шиг. Сүүлчийнхээ цэгийг хатгаж чадсангүй, яг гацлаа. Хаана нь, альхан хэсэгт дутуу илэрхийлсэнээ харж чадахгүй байна. Яагаад ч харж чадахгүй байна. Магадгүй, энэ гэрэл муутайнх байх. Ойрын ч, холын ч хараа муудчихсан би гэрэл гэгээ муутай бүүдгэр саарал орчинд чиний царайнаас гэрэлтэх итгэл хайрыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байгаа байж болно. Ингээд би зурсан хоёр хувь зургаа элгэндээ тэврээд өнөөх цор ганц босоо гурвалжин цонх руу очлоо. Тэр цонх огт шилгүй агаад, тэртээ дээр өнгөгүй саарал тэнгэр сүүмэлзэх нь ёозгүй хомхой хүний нүд шиг санагдав. Би цонхы дор очоод зургаа хартал.....
Миний гарт байгаа цаасан дээр мөчийн өмнө миний зурсан чиний зураг алга. Огт өөр нэг эмэгтэйн зураг байж байх юм. Би давхийн чочив. Бүх бие сулран, өвдөг салганан сөхрөх шахав. Бүх хармай халаасаа, хормой хотоо нэгжиж үзлээ. Надад өөр ямар ч цаас алга. Өнөөх зургаа дахин харлаа. Яах аргагүй өөр хүний зураг... Буцаад сууж байсан газраа ирлээ. Тэр хоосон цулгуй танхимд өөр ямар ч цаас алга. Чамруу зүрхшээгээд харж ч чадсангүй. Буцаад гишгэсэн мөр бүхнээ үнэрлэх нь холгүй тэмтэрсээр өнөөх цонхны дор очив. Дахин байдаг бүхнээ нэгжиж үзэв. Дахин өнөөх зургаа харлаа. Яах ч аргагүй өөр бүсгүйн зураг зурагджээ. Энэ гарцаагүй болохыг би мэдэрч, тэрхүү “Чөтгөр”-ийн харц нэг л зальтай гялсхийснийг санав. Тэгээд би тэр бол Гётегийн Мефистофиль шиг ”Чөтгөр” биш “ХУВЬ ЗАЯА” өөрөө мөн болохыг ухаарав. Танхимын харанхуй гүнээс намайг дуудах чинь сонсогдож, хүнхэр адарийн нугалаа, талст бүр чиний дууг түрэн цуурайтна. Харин би чамруу явсангүй, тэрхүү зурагдсан бүсгүйн хэн болохыг нь таних гэж хичээн зогслоо.

# # Read more! #

Friday, April 6, 2007

Зvvдийг ангилах нь...

Энэ ертөнцийн аливаа юмс дэс дараа, эрэмбэтэй, зүйл ангиар, зэрэг дэвээр харилцан адилгүй ялгамжтай байдгыг хэлэх юун. Үүн лүгээ л адил зүүдэнд бас зэрэг дэв гэж байх юм аа. Би өөрийнхөөрөө зүүдийг хэдэн ангилалд хувааж болмоор санагдаж, тэгээд ангилал хийлээ. Мэдээж хэрэг, энэ дэлхийн шинжлэх ухаан, шинжлэх ухаанч-судлаач, шинжээч, сонжооч эрхэмүүд зүүдийг ч бас олон талаас нь шинжиж сорьж судалсан нь гарцаагүй биз, тэд хэрхэн ангилж, зүйлчилж, ялгасныг мэдэхгүй, бодвол бас нэг юм хийгээ л байх.
Ингээд зүүдийг чанар, ааш ариншингаар нь ийм 4 ангилалд хуваав.


Нэг. БУДАНТ ЗҮҮД...
Энэ бол юу нь ч мэдэгдэхгүй, их бүдэг бадаг, мэдэгдсэн ч тэр бүхэн нь өөр хоорондоо холион бантан болоод, тодорхой тоймтой юм юу ч үгүй, эрэмдэг зэрэмдэг болчихсон, олонхи тохиолдолд нойрноос сэрсэн дариуд замхарч арилаад нэг мөсөн мартагдчихдаг тийм зүүд. Санаа бодол, сэрэл мэдрэмж будан дунд будангуйрсан мэт байдалд түр зуур ороод гардаг тийм зүүд.... Харин нийтлэг, нийт зүүдний бараг 50-60 хувийг эзэлнэ дээ. /Буданд Альбион гэдэг шиг, хэ, хэ/ Ийм зүүдэнд тэмдэглэж бариад байх юм байдаггүй учир “судалгаа”-нд ер өртөхгүй “хувь заяатай”


Хоёр: ЕРДИЙН ЗҮҮД
Байдаг л нэг зүүд. Олон тайлбарын ч хэрэггүй байх. БУДАНТ ЗҮҮД-ийг бодвол нэлээд тодорхой, бас сэтгэл хөдөлгөсөн, эмзэглүүлсэн зүйлс дотор нь мэр сэр бий. Бас их нийтлэг, 40-50 хувь байх. Гэхдээ эдэн дотор бас өлгөөд авчихмаар, тэмдэглээд үлдээчихмээр зүүд ч мэр сэр бий шүү.


Гурав: БОШГОТ ЗҮҮД
Энэ бол зөн билэгтэй зүүд гэж байгаа. Цөөхөөн тохиолдоно. 2-5 хувь л байх. Учир бүрхэг өнгөрсөн явдлын тайлал, оньсыг зурайтал нь тайлаад, гаргаад өгнө. Тухайлбал энэ явдал бидний бодож, санаж байснаас тэс өөрөөр яагаад ингэж өрнөв гэдгийг.... Уулзах ёстой хүн маань ирсэнгүй, яагаад ирээгүйгээ маш дэлгэрэнгүй сэтгэл хөдлөм захидал бичиж, уучлал хүсэн учирласан. Харин зүүд маань тэр хүний ирээгүйн жинхэнэ учир шалтгааныг бичсэнээс нь огт эсрэгээр тайлж байх шиг. Хожим зүүднийх зөв болох нь батлагдсан. Нэг хаваржин би өвчинд ороогдож, хэвтэрт орсон юм. Өвчины учрыг харин хожим зүүд тайлж, гаж буруу үйлдлийнхээ төлөөсийг тэгэж эдэлсэн байсан, мөн нэг удаа улсын шалгалтанд ирж унагаасан огторгуйн геометрийн нэлээд адармаатай бодлогын хариуг зүүд маань хялбархаан гаргаж өгсөн гэх мэт. Хаа нэг, урьд өмнө огтхон ч ирж байгаагүй газраа, эсвэл айлдаа ирэхэд гэнэтхэн өмнө нь ирж байсан, их сайн мэддэг ч шиг, тэр ч бүү хэл тэр хаалганы цаана юу байгааг, тэр авдарных нь араар юу уначихсан байгааг нь яг таг мэдэж байгаагаа, тэндээс үнэртэх үнэр нь ч содон танил байх. Мэдээж хэрэг энэ газартай өмнө нь зүүдэндээ танилцсан болоод л тэр. Шалгаад үзэхэд авдарных нь араас миний тооцож байсан, мэдэх зүйл гарч ирэх... Зөв тайлж, оноож чадвал уг нь амьралд их хэрэгтэй. Учирч ирэх явдлыг - гамшиг бэрхийг, баяр учралыг ч хэлээд өгчих нь бий. Гол нь зөв л тайлахад байгаа юм. Талийгаач нартай бол энд олонтаа учирна. Ердийн зүүдэнд ч мөн зөн билэгтэй гэмээр зүүд бий. Гэвч түүнийг БОШГОТ зүүднээс ялгах нь мэдрэмж, сэтгэл хөдлөл юм. Ердийн зүүднийх бол ердийн, сэтгэлд торох ямар ч юмгүй байдаг бол БОШГОТ зүүднийх нэг л дотор давчдуулаад, нэг юм мэдрэгдээд, байж сууж ядаад ирдэг юм. Гэхдээ би бол зүгээр л нэг “ЗҮҮДЧИН” болохоос Бошгоч, Вавингардич биш шүү дээ, эндүүрч хөөрцөглөв...
Дашрамд хэлэхэд ер нь эдгээр 4 ангиллын бүх зүүд ШИДЭТ... Учир нь зүүд бол бидний бодот орчлонгоос ангид ертөнцийнх тул БОДОТ орчлонгийн хэмжүүрт шидэт байхаас аргагүй.


Дөрөв: ҮРГЭЛЖЛЭЛТЭЙ ЗҮҮД
Нэр нь нэг их оноогүй байж магад. Тун ховор тохиолддог зүүд, энд бүхэл бүтэн амьдрал өрнөж, төрж, өсөж, үхэж ч болно, хамгийн гол чанар нь ийм зүүд дахин дахин үргэлжлээд байдагт л байгаа юм. Нэг хүнтэй ярьж байсан яриа маань, эсвэл нэг адал явдал нэг өдөр, сарын дараа, заримдаа хэдэн жил, бүүр 10 гаруй жилийн дараа ч дахин давтагдаж, үргэлжилж болно. Заримдаа огт өөр оршихуйд ч үргэжлжилж мэднэ. Мөн тэр нь бодит амьдрал дээр ч үргэлжлэх, эсвэл бодит амьдрал дээрх маань зүүдэнд үргэлжилж, өрнөөд, мандан бадраад, хөгжиж дэвжээд эсвэл сөнөж мөхөөд л үргэлжлээд байх. Тухайлбал энд буй “Үнэтэй байх тусмаа л ҮНЭТЭЙ”, “Хүн-ЧОНЫН авд...” гэх мэт... Дуусдаг нь ч байна, дуусахгүй одоо бол бараг 20-иод жил үргэлжилж байгаа нь ч бий. Үргэлжлээд л байх, үргэлжлээд л байх. Заримдаа орой унтаад, өглөө сэрэхдээ зуун зуун жил амьдарчихсан мэт, амьдралыг гэтэлж туулчихсан мэт сэтгэгдэлээр бүх сэрэл мэдрэмжийг маань хав дарчихсан ч байх. Харин нэг хэцүү зүйл бий нь ийм зүүдийг бодит амьдралаас сайтар ялгаж зааглаж байхгүй бол заримдаа зүүд, энэ амьдралын явдал хоёр хоорондоо хутгалдчихаад, бусдын өмнө тун ч эвгүй байдалд оруулж мэднэ шүү. Бодит амьдрал дээр хүний эсвэл өөрийнхөө хэлээгүйг хэлсэн, хийгээгүйг хийсэн болгож андуурч будилаад алдаа оноо гаргах явдал бол энүүхэнд. Анхаарал болгоомжтой, хянуур байхгүй бол их эвгүй

# # Read more! #

Sunday, April 1, 2007

Хавар ээжийн барьсан төрсөн өдрийн бэлэг

Сэртэл анхилуун тансаг үнэр сэнгэнээд, унтлагын өрөө маань ер бусын гэрэлтэй болчихсон байх юм. Би гарлаа. Гадаа хэн ч байхгүй, гудамж талбай нэг ч хүнгүй, машингүй. Гудамж талбай, манай муу хуучин улаан тоосгон байшин, барагшин замууд, модод, ойролцоо гольфын талбай, тэнгэр, нар хүртэл ер бусын солонгорсон гэрэл гэгээнд умбажээ. Ийм ер бусын гэрэл гэгээнд булхасны, тэр анхилуун тансаг үнэрийн учрыг би ойлгов. Гудамжны хоёр талаарх буйлаасны модод өчигдөр өглөө босоход л бүгд нялх цагаан дэлбээгээ дэлгэчихсэн байсан юм. Харин энэ удаад тэдгээр буйлаасны нялх ухаа цагаан дэлбээс модод төдийгүй бүхий л зам талбай, байшин барилгыг хүртэл хучжээ. Үл ялиг сэвшээ салхи хөдлөх төдий л тэдгээр дэлбээс эрх нялхамсагаар хуйлран салхины ширхэгийг тодорхойлох аж. Үлгэрийн орон болжээ, энэ буй орон зай маань... Тэгээд би эндээс нэг зүйлийг ойлгов. Энэ бүхэн бол хавар ээжийн надад өгсөн төрсөн өдрийн бэлэг гэдгийг ойлгож, сэтгэл зүрхэнд хүртэл тэрхүү нялх энхэр цагаанхан дэлбээс дэлбээгээ дэлгэснийг мэдэрлээ. Баярлалаа, хавар ээжээ. Би хаврыг ээжээ гэдэг юм. Жил жилийн хаврыг ээжийгээ харуулдан хүлээх шиг л хүлээдэг юм. Хавар болоход хамар бие сэтгэл нялхарч, сэтгэл хөнгүүн зугаатай болчихдог, хайр дурлал, эрх чөлөөг мэдэрдэгсэн. Би төрсөн өдрөөрөө хэзээ ч ийм тансаг, хосгүй бэлэг авч байсангүй билээ. Ер нь ч төрсөн өдрөө огтхон ч тэмдэглэж үзээгүй, амьдралдаа өмнө нь нэг л удаа төрсөн өдрийн бэлэг гэж авч байсан юм. 4 сарын нэгэн болж, би төрсөн өдөр гэсэн нэгэн сэтгэгдэлтэйгээр гадагш гарахад л эхний таарсан хүүхэд намайгаа унаж тустал хууран, “4 сарын нэгэээээн” гэчихээд доогтой тохуутай нь инээсээр дэгдэн оддогт нь би хүүхэд бага насандаа төрсөн өдрөө болоход ер тийм баярлах хөөрөх сэтгэгдэл төрөхөө больчихсон байсан юм.
Харин хожим нас биед хүрээд ирэхэд энэ төрсөн өдөрт ер нь нэг их ач холбогдол өгөхөө больчихсон, дурсдаг ч үгүй, хааяа найз нөхөд дурсаж л байдаг юм, тэр бүгдийг ер тоосон шинжгүй, нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг болохоор манайхан ч тэгэж, ингэж тэмдэглэе, энэ тэр гэдэггүй, нэг бодлын их амар байдаг юм. Тэгээд ч дээр нь бурханы номоор ч юм уу, манай дорнын сэтгэлгээгээр бол уг нь төрсөн өдөр гэдэг нь нэг их баярлаж хөөрөөд байхаар ч өдөр биш, нөгөө талаар эхийн хэвлийд анх бий болж, хүн болох хувь авсан нь өөр цаг өдрөөр хэмжигддэг ч гэх шиг... Мөн тэгэж төрсөн өдөр энэ тэр гэж сэмбэгнээд байх зав зай, боломж нөхцөл ч тун ховор байлаа шүү дээ.
Гэхдээ л бас сэтгэлд нэг юм байдаг бололтой юм билээ। Тр нэг удаад төрсөн өдрийн бэлэг авсан маань ер санаанаас гардаггүй, жил бүрийн 4 сарын нэгэнд ямагт дотно халуунаар дурсагддаг юм। Тэгэхэд би 19 настай байсан санагдана। Алтай өвөр Говьд өвөл, хавар хөл толгойгүй их зуд болж, хавар болоход хүн малгүй зутарч гуринхайтчихсан байж билээ। Тэгээд зуднаас арай чүү амьтай голтой гарсан хэдэн муу төлөг борлонгоо туугаад, уулын өндөрийг зорин нүүдэл хийсэнсэн। Бараг 7 хоног зутарсан их нүүдэл хийсний эцэст нэгэн хүйтэн хавсаргатай өдөр зорьсон газраа дөхөж, би найзтайгаа ачаа даах тэнхээтэй үлдсэн ганц соёогор тэмээндээ ханхай панаг аччихаад алхаж явлаа। Бид хоёр хэн хэн маань олон өдрийн хүнд хэцүү нүүдэл, хоол унд, нойргүй явдалд ядарч, мал шигээ сульдчихсан амьтад байсансан। Тэгээд ээлжилж хөлөө амраахаар ачаан дээрээ ээлжилж суугаад, нөгөөх нь хөтлөөд алхана. Миний ачаан дээр суух ээлж таарч, би ачаан дээр дарсан зуух дэрлээд зүүрмэглэтэл найз маань дуудаж байна. Тэгээд би чамд нэг дуу зааж өгөе гэлээ. Хэдийгээр юун дуутай шуутай манатай байсан ч найзынхаа тэр сэтгэлд нь урамшиж, “Тэгээч дээ” гэлээ. Тэгээд найз маань нэгэн дууг надад аялан зааж өгсөн юм. Тэгэхэд дөнгөж шинэ гарч байсан дуу. Хэд аялаад сурлаа, аятайхан үг, аятай хөөрхөн дуу юм. Нөгөөх ядаргаанаасаа жаал сэргэж, би ачаан дээрээ өндийж суучихаад хоёулаа дуулаад л явж билээ. Тэгээд, найз маань, энэ дууг би чиний төрсөн өдөрт бэлэг болгож байгаа юм шүү гэж хэлэхэд нь би нулимсаа сэм сэмхэн арчиж байсансан. Тэгэж л нэг төрсөн өдрөөрөө бэлэг авсан юм. Түүнээс хойш олон олон 4 сарын нэгнийг өнгөрөөжээ. Найз маань одоо Алтайн хөглөгөрИх уулсынхаа альхан сугад нь дуулж л явдаг бол доо. Би тэр дууг нь хайрлаад, харамнаад хүмүүсийн дэргэд дуулдаггүй, зөвхөн ганцаараа байхдаа л дуулдаг юм. Харин энэ удаад Хавар Ижийгээсээ ийм өвөрмөц санамсаргүй бэлэг авдаг юм байна.

# # Read more! #

ХҮН-ЧОНО-ын авд... /нэгдүгээр хэсэг/


Дөрвөн хүн барьчихжээ. Ганцхан шөнийн дотор. Шөнө ч гэж, өчигдөр орой нь гурвыг нь, нэгийг нь өглөө барьчихжээ. Дөрвөн хүнээ, гэхдээ бүр аль чадалтай, сортоотой гэсэн бүхнээ чонын аманд өгчихсөн тэр жижэгхээн суурингийнханы хэн нь ч яах, юу хийх, хэрхэхээ мэдэхээ байчихаж. Бидний ярьдагаар бол Шооконд орсон байна. Энэхүү суурин бол үсрээд л 20 гаруйхан хүнтэй, бөөрөөр нь нийлүүлж барьсан хоёр муу шавар тагз болон суурингийнхаа Сорсгой Хэн гэдгийн шүд шиг болчихсон саравчтай чулуун хорооныхоо нөмөр нөөлөгт бөөвийлдсөн 7-8-хан гэртэй, ер нь хэн ч тийш зорьж тоож ирдэггүй, мөн тэндээс хэн ч хаашаа ч явдаггүй, ертөнцийн амьдралаас мартагдаж гээгдсэн тийм суурин аж. Би урьд өмнө энэ сууринд огт ирж байгаагүй, ер мэдэхгүй газар юм. Нэг их хүнхийж, ханхайсан арсгар хадтай хар уулын ар хормойг дэрлэж, нөгөө талд нь оорог цоорог аараг бүхий зах хязгаар нь мэдэгдэхгүй уудам цэлгэр хөндий байх юм. Суурингийнханы эмх замбараагүй яриан дундаас миний ойлгосноор бол урьд орой унтахын өмнө шавар тагзны доод хэсэгт байх гурван гэрийнхэн хамгийн түрүүнд чонын дайралтанд өртжээ. Тэр гэрүүдийн нэгнээс нь Өндөр гэнүү, Ёнхор гэнүү, нэг тиймэрхүү нэртэй хүн бие засахаар гараад маш муухай хашгирч, бархирчээ. Тэр дуунаар нь тус болох гэсэн ч юмуу, эсвэл сониуч зандаа ч хөтлөгдсөн юм уу тэр Ёнхорын хүү нь, мөн нөгөө хоёр гэрээс нэжгээд хүн гарч ирсэн бололтой юм. Гэтэл тэр дороо л хоёр нь, нэг нь нөгөөх Ёнхорын хүү, чононд хага татуулсан байна. Амь зулбан гэртээ шургаж амжсан Дэлчгий, дашрамд хэлэхэд энэ суурингийнхан бүгд нэг хоч шиг сонин нэрстэй юм, гэгчийн ярьж буйгаар бол суурингаар дүүрэн чонын улаан нүд гялалзаж, гарсан дариуд л тэдэн рүү шууд дайрсан гэнэ. Гэртээ байгсад нь хэдэн арав, магад зуу зуун жилээр тэрх гээгдмэл сууриндаа даарах, халахыгаа хамтатган ирсэн нэгнийхээ гадаа чонотой амь тэмцэн ноцолдож, аргаа баран бархирч, сүүлчийнхээ цахиртсан хоолойгоор аврал эрэн тэнгэр бурханыг дуудан хашгирахыг нь, өвдөж зовсондоо ёолон гасласаар байсныг нь, бас чононууд хэрхэн тэднийг нь хэмхэлдэн урж тасдахыг, хоорондоо архиралдан, хоолоо булаалдахыг, шал пал хийтэл амтархан идэх, долоох, тас няс хийн яс хуга хазахыг нь айн мэгдэн сонсож, ухаан нь орон гаран байцгаасан гэнэ. Тэд хэзээ л гэрийнх нь аль л талаар чонын хурц шүд хага яран орж ирэх бол хэмээн чичирчгээж, хаалга үүдээ ч бөхлөхийг мартаад, бие биенээ тас тэврээд ухаантай ухаангүй хоёрын хооронд хоноцгоосон гэнэ. Харин нэг жаахан сүйхээтэй нь болох Шоовүү гэгч эмгэн галаа ихээр түлэн, түүндээ галынхаа илүүр, бас төмөр гадас зэрэгхэнийг дүрж улайтгаад, хэрвээ чонын толгой ханынх нь аль нэг нүдээр шургалах юм бол улайдсан төмрөөр нүд рүү нь дүрэхээр бэлтсээр, шөнө дундын үеэс гэрт оруулсан түлээ нь дуусч, авдар, эрэгнэг, сандал, ер нь гэрт байсан түлж болох бүгдээ галдаад дуусгажээ. Шөнө дунд ч юм уу, хэзээ юм бэ, ер нь эдгээр айж ухаанаа алдсан хүмүүс хэзээ болохыг нь мэдэхгүй, бүгд өөр өөр цаг хугацаа хэлж буй, суурингийн арын жалганы ирмэг дээрээс дотор зурж, ухаан алдуулмаар аймшигт их дуугаар нэгэн чоно уртаар татан ульжээ. Тэр дууг сонссон Согсоо гэгч ухаан тавьж, доороо өтгөн нойтноо алдаж, намайг өглөө тэр сууринд очиход ч ухаан ороогүй байсан ба мөн нэг 20 гаруй насны хүүхэн аль хэдийнэ элий балай болчихсон, гараа учиргүй савчин уруулаа цохилон нэг хачин эвгүй авиа гаргадаг болчихсон байв. Түүний нүд нь хаашаа ч, юу ч харахгүй болчихсон, аль хэдийнэ амь тавьчихсан хүнийх шиг байлаа.
Харин энэ суурингийн хамгийн дээд талд буюу өнөөх Саравчирхуу юмтай хашааны баруун дээд буланд сондгойдуу гэртэй байх Борной гэсэн үү, Борлон гэсэн үү, нэг тийм хачин нэртэй дүлий самганых л шөнө юу болсоныг мэдэлгүй, бусад шигээ ухаан тавьтлаа айж дагжин, барагдашгүй урт шөнийн турш уйлж, мэгшиж чичирч хоносонгүй амар тайван шөнийг нойртой өнгөрөөжээ. Гэвч тэр амар тайван хоносныхоо төлөөсийг үүр дөнгөж цайсан даруйд л хүртсэн байна. Тэрхүү Борлон гэгч дүлий эмгэний ганц хүү, 16-17 насны хэрийн насны, баахан тэнэгдүү, зүүн талруугаа мэдрэлгүй татаж унжсан дарвагар завжаараа ямагт шүлсээ савируулж явдаг, харин хачин сайхан дуулчихдаг Том Бөөсгий нэртэй хүү өглөө сэрэнгүүтээ ээждээ аяга цайны цас авчирч өгөхөөр гэрээс гүйж гараад, арынхаа жалганы эхэнд очоод, жалганы ирмэгт хунгартан тогтсон цаснаас модон халбагаар халбагдахаар яг тонгойх мөчид л аймшигт том соёо шилэн хүзүүг нь тасар татан хаяж, хөөрхий хүү шүлсээ савируулсан дарвагар амаараа “ээжээ” гэж сулхан дуугараад, нэг ч их айж мэгдэх ч чөлөө гарсангүй, бас өвчин зовлонг ч мэдэрсэнгүй их хурдан, тэр дороо л амь тавьсан байна. Харин хөөрхий самган хүүгээсээ үлдсэн хэдэн баастай гэдэс доторыг нь сөхөрч суугаад цус, нөжтэй нь холилдсон цас, хайргатай хамт хаман хормойлон суулаа. Сөхөрч суусан эл атигар өчүүхэн дүлий самганы нүүр царай учир утгагүй татвалдан, шүдгүй ам нь ямар нэгийг бувтнана. Элэгдсээр өсгий нь цоорчихсон эсгий гуталных нь цорхойгоор үдээр шиг хатингар хар хөлийн үрчгэр өсгий цухуйж байхыг хараад тэрх жаахан самганыг өрөвдөөгүйгээрээ өрөвдөж, өр дотор эмтрээд л, хэмхрээд л явчихдаг юм байна. Харин би уйлсангүй, уйлах цаг ч биш байлаа. Тэр самганыг өрөвдөхийн хэрээр чононуудыг өширхөн занасан ер бусын өшил, хорсолдоо гар минь салганан чичирч, шүд маань хагшин зуурч байсан юм. Ер нь би урьд өмнө чононд бариулсан хүний тухай ганц нэгхэн дуулж л байснаас биш бариулчихсан хүний сэг харж байсангүй. Харин малын сэгийг бол харахаараа л нэг болсон. Гэтэл яг адилхан байдаг юм байна билээ. Чоно бүр өөр өөрийн сурсанаараа малыг барьдаг. Зарим чононууд хонины зөвхөн сүүлийг нь юуны түрүүнд тас татаад залгичихдаг бол зарим нь нурууг нь хөндлөн хуга хазна. Зарим нь шууд л багалзуурт нь асчихна. Бүүр мэргэшсэн нэг нь багалзуурыг нь ганцхан дайралтаар тас татчихдаг юм. Харин би нэг өвөрмөцөөр мал барьж сурсан чонотой таарч билээ. Тэр чоно бол хөөж буй хониныхоо зүүн урьд хаанаас нь хазаад харвуулж унагана. Унангууд шууд амьдаар нь өвчүүг нь хадарчихдаг юм. Тэгээд цээжний хөндий рүү нь толгойгоо шургуулаад амьд лугшиж байгаа зүрхийг нь залгидаг. Тэр бол их том азарган чоно байж билээ. Бараг гурван сар гаруй хөөцөлдөж байж би тэр чоныг арай гэж нэг юм дарж байсан юм.
Харин энэ чононууд бол эхний гурван хүнийг эхлээд хөлнөөс нь эхэлж идсэн байх юм. Нөгөөх амьд цээж нь амь тавитлаа их удаж, гараараа хөлдүү газар самардаж, бас чонын үс зогдорноос ч зулгаагаад авсан бололтой туг туг үс энд тэнд цацчихсан, зарим нь өөрийнхөө үсийг ч үгтээсэн бололтой байсан. Ямар ч чоно барьсан малаасаа хэсэг бусагхан ноостой арьснаас гадна гэдэс дотрыг нь бүрэн бүтэн, бүүр баас, сэвстэй гүзээг нь огтхон ч хагалалгүй, хөндөлгүй үлдээдэг. Хүнийг ч мөн яг тэгсэн байна билээ. Хүний гэдэс чинь гүзээгүй л болохоос биш яг л малын гэдэс шиг, ялгаа нь харин шар өөхтэй байх юм. Урьд орой идүүлсэн гурвын гэдэс дотор нь аль хэдийнээ газартайгаа наалдан хөлдчихсөн байсан. Сайн муу юм нэлээд үзэж явсан ч, ийм нүд хальтирмаар юм үзэж байсангүй, бас тийм хөөрхийлөлтэй ард түмэнтэй ч учир байсангүй.
Тэр өглөө тэгэхээс тэгэг гэсэн юм шиг, тэдгээр хүмүүсийн зовлон гаслан дээр нь нэрмээс болог гэсэн юм шиг ер бусын хүйтэн байлаа. Тэнгэр таг бүрхэг, юу юугүй цасан шуурга тавих гэж буй янзтай. Хөөрхий тэр гэлмэсэн хүмүүс дэмий л гасалцгааж, золгүй талийгаачдаасаа үлдсэн сэгийг ч яах ийх тухай ухаан сэхээ байхгүй, дахиад нөгөөх чононууд хэзээ ирж, хэнээс нь эхэлж, хэрхэн идэх бол л гэхээс өөр зүйл тэдний толгойд ер байхгүй бололтой. Намайг хараад зарим нь уйлж байна. Яг нөгөө үргэлж дээрэлхэж байдаг дээрэлхүү ярдаг нэгнээс ээлжит зодуур, доромжлолоо дөнгөж амсчихаад байж байтал хэн нэгэн өмгөөлөх, өмөөрөх хүн гэнэтхэн гараад ирэхэд учиргүй өмөлзөн уйлдаг шиг л уйлж байх юм, хөөрхийс минь....
Харин би цэл залуухан, яг л нөгөөх галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан хорин настай хонгор зүстэй үеийнхээрээ байх юм, аз байхгүй юу. Гарт минь аавын минь авч өгсөн Карибин буу байна. Тэр бууг намайг 15 настай байхад, анх удаа бие дааж чонын авд явахад аав минь “Одоо, миний хүү ийм буу барих болсон” гээд өмнө барьдаг байсан 250-ын хараатай Калибр бууг маань тэрхүү морин цэргийн оготор Карибинаар сольж өгч билээ. Буу ч гэж буу л даа, барьсан хүн л мэддэг, ёстой эр хүний нөхөр болсон буу. Дэлхийн Нэг, Хоёрдугаар дайныг элээсэн буу билээ. Хожим би буу саадагтай нөхөрлөхөө больж, амьтны амь хөнөөхгүй гэж өөртөө тангараг тавиад, өнөөх сайхан буугаа замын нэг зүс таних төдий тууварчинд зүгээр өгчихөж билээ. Нөгөөх тууварчин “Яаж хүний энэ ховор нандин эдийг зүгээр ингээд авахав дээ” гээд, санаа зовсондоо өвөртөө явсан хоёр толгой лаа, нэг хайрцаг чүдэнзээ гаргаж галын ширээний өнцөг дээр гэмшингүй тавьчихаад гарч байсан юм. Одоо эргээд бодохоор харамсамаар л байдаг. Аав маань л харин их харамсаж байж билээ. Одоо байж байвал ааваас минь үлдсэн юм гээд дурсгалтай байж л байхгүй юу, ямар хоол нэхэх биш. Гэхдээ тэр буугаар би олон амьтны амь хөнөөсөн болохоор, тэр бүхэн эргэж санагдаад, нүгэл бодогдоод, сэтгэлд тээртэй ч байх байсан байж бас магад юм.
Мөн би Сэгсээхэй Халтар морио уначихаж. Миний Сэгсээхэй Халтар ч морины хүү л дээ. Эрмэг ч гэж жигтэйхэн, номхон ч гэж таатай. Нүд нь яг л нялх хүүхдийн нүд шиг байдагт нь би мал малаас түүнд илүү их хайртай, мал гэж биш хүн шиг ханддаг, хамгийн дотнын анд нөхөр шигээ аливаа хүнд бэрх шийдлээ хүртэл түүнтэй зөвлөдөг байсансан. Хөөрхий, тэр жилийн зуднаар алдагдаж, хавар цас хайлахад цасан доороос зогсоороо үхчихсэн, нүд нь хараатай хэвээр гарч ирж, миний нулимсыг ганц барж байж билээ. Азарга шиг эрэмгий зоримог болохоор нь би дэлийг нь засдаггүй байсан учир Сэгсээхэй хоч авсан юм. За, ингээд би Сэгсээхэй Халтар морио уначихаад, Оготор цагаан Карибинаа үүрчихсэн байхад нэг биш нэлээд хэдэн чонын чацгыг нь ч савируулна л даа.
Дээр нь хөөрхий тэр гээдмэл суурингынханы төлөөх өш хорсол намайг хэд дахин ирлэж хурцалж өгчээ.
Тэгээд би юуны түрүүнд суурингийн эргэн тойрны хараа хүрэх газар бүрийг нягталж үзлээ. Нүдэнд торох амьтай голтой юм алга. Дөрвийн дөрвөн хүнээр гүнцэг барьчихсан тэдгээр чононууд аль нэгтээ жалгын мухарт хэл амаа долоолдон, ирэх шөнийнхөө зоогийг зүүдлэн унтаж хэвтээ биз. Мөн суурингийн тойрноос мөр үзлээ. Арваад, миний тоолсноор яг арван нэгэн чоно байсан бололтой юм. Тэдэн дотроос нэг нь чоно чонынхоос онцгой өөр, арваад жил би хээр гадаа тэнэж, ан ав гэж явахдаа тийм том атлаа өвөрмөц галбиртай чонын мөртэй таарч байсангүй. Уртаараа сайн тохой хирийн, чонынх гэхээсээ хүний нүцгэн хөлийн мөртэй их төстэй, хэрвээ түүнийг хүн гэвээс лавтай 2 метрээс багагүй нуруутай хүн байх нь. Чикагод миний нэг найз байдаг, тэр 2 метр 3 см өндөртэй, харин хөл нь миний яг тохойны хэмжээтэй таардаг билээ. Энэ бол жир нэг чоно биш, ямар нэгэн далдын хүчинтэй, муу ёртой хэлхээ холбоотой байж магад гэсэн хар сэжиг, таамаг надад төрж байна. Өнөөх дүлий самганы элий хүү дээр найрлачихаад тэд суурингаас зүүн урдуур өнгөрөх саартай хөвөөг дагаад явчихсан мөр нь зурайж байна аа. Би суурингынханыг жаахан тайвшруулав, мэдээж тэднийг тайвшруулахын тулд би тэдгээр чононуудыг ямар ч нөхцөлд алж чадах аймшиггүй, гайхалтай эрэлхэг анчин, чонын ганц эрлэг нь болсон хүн гэж танилцуулах шаардлагатай нь болсон юм. Тэгээд юутай ч айж мэгдэлгүй тайван байж, талийгаачдынхаа шарилыг яах ийхээ бодоцгоо гэдгийг хэллээ. Мөн чононууд суурингаас зүүн урагшаа өглөөгүүр явсан халуун мөр нь байгаа ба тэд ойр хавьд байхгүй болсон, тэднийг би энэ мөрөөр нь мөрдөөд одоохон хөөж гүйцээд бүгдийг нь амьдаар нь өвчиж, арьсыг нь хоншоор дээр нь тохчихоод тууж ирж та нарт үзүүлнэ гэж ам гарлаа. Энэ бол хий хоосон аархал, бардам ам, шалдан гуяа биш, хөөрхий тэр айсандаа сүнс нь гарчихсан хүмүүсийг тайвшруулж, аргадахын тулд л хэлсэн үг юм. Өөрөөр тэднийг аргадах ухаанаа би олоогүй юм, ер нь ч өөрөөр аргадах, тайвшруулах боломжгүй ч байсан байх аа даа. Яг үнэндээ нөхцөл байдал өмнө надтай учирч байснаас огт өөр байгааг, урьд өмнө огт тулж үзээгүй цоо шинэ, нууцлаг, хүчирхэг араатантай тулах болсоныгоо би маш сайн ойлгож байсан юм. Урьд өмнө би хэзээ ч хүн барьсан чонотой хөөцөлдөж үзээгүй. Мэдээж хэрэг мал барьсан чононоос арав дахин аймшигтай, аюултай нь ойлгомжтой. Тэгээд дээр нь тэрхүү хүн шиг урт мөртэй чоно надад нэг л хачин сэжигтэй санагдаад байх... Харин суурингынхан маань балчир хүүхдүүд шиг л миний тэр үгэнд эргэлзээгүй итгэцгээж, юу юугүй л энэхүү шавилхан биетэй, шингэхэн царайтай, жаахан шантгар хамартай нэр үл мэдэх, үл таних ганц гозгор залуу тэдгээр аймшигт чононуудын арьсыг нь хамар дээр нь тохчихсон гаслуулан гангинуулсаар, цулбуураараа тас няс ороолгочихсон хөөгөөд ирнэ гэдэгт яг таг итгэцгээсэн нь харцанд нь илт, тэр ч бүү хэл суурингаасаа амьд үлдсэн ганц эр сүвтэн болох, өнөөх шөнө чонын амнаас амь зулбан гэртээ шургаж амжсан Дэлчгий хэмээх үнэхээр дэлчгэр нэг эрийг надад хань, бараа болгохоор томилж байна аа, бас. Ингээд би Дэлчгэрийгээ дагуулаад гарлаа даа, хөөрхий.
Ямар ч үед, халуун цус ууж мэнэрсэн чоныг улаан мөрөөр нь мөрдөж болдоггүй. Тэд ирсэн замаа юу юунаас илүү ямагт сэрэмжлэн нягталж, хэрвээ амарч хэвтэхээр бол замаа отож хэвтдэг юм. Мөрөөр нь, мөн үнэр, салхи хийгээд гулгидасаар нь явсан чигийг нь баримжаалан тогтоогоод алсуур амдан тосож агнадаг билээ. Чоно авлах эрдэмийг, уучлаарай эрдэм, энэ тэр гэж өөрийгөө өөд нь татлаа гэж хэн нэгэн надтай санал нийлэхгүй байж магад, гэвч үнэхээр чонын ав гэдэг бол нэг төрлийг эрдэм юм, хэн дуртай нь чаддаггүй, мэддэг ч үгүй, тийм нарийн нандин эрдэм, хүнээс авхаалж самбаа, эр зоригоос гадна маш нарийн гярхай ухаан, хянуур нямбай тооцоо, ажигч сортоолог чанар, тэсвэр тэвчээр, олон төрлийн эрдэм мэдлэг, ядахдаа салхи тааруулах, мөр ул унших, гол горхи, цас бороог таних, цаг хийгээд хол ойрын зайг яг таг баримжаалан тогтоох гээд олон эрдэм мэдлэг шаарддаг. Яагаад гэвэл чоно гэдэг өөрөө асар нарийн уран ухаантай, дээд хэмжээний хартай, дээр нь ямар ч адгуусан амьтанд байдаггүй авхаалж самбаа, эр зоригтой амьтан билээ. За, тэгээд чонын анчины хамгийн гол “эрдэм” бол сүр-хиймор. Чонын өөрийнх нь нэг ийм үг байдаг гэлцдэг шүү дээ. “Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагдана” гэж. Харин сүүлийн үеийн чонын авчид, нөгөөх Ерөнхий сайд байсан болдгор Ц.Элбэгдоржоос эхлээд л бүгдээрээ моторт хурдан унаа, хурдан бууны хүчээр, заримдаа ч нисдэг тэргээр чоно алдаг болчихсоноос тэрхүү чоно авлах эрдэм мэдлэг маань үнэндээ гадуурхагдан, өнөөх гээгдсэн суурингийнхан шиг л гээгдчихээд байгаа л даа.
Ингэхэд би тэрхүү чоно авлах эрдэмийг Чоно хочтой Бааваа гэдэг нутгийн хөгшнийг 2 жил хээр дагаж явж заалгасан юм. Бүгдийг нь сураагүй нь мэдээж, гэвч юутай ч чоно авлах бага ч гэсэн эрдэмтэй л үлдсэн. Би сайндаа, санаачлагатайдаа ч Чоно Бааваад шавилсан юм биш. Тэр бүхэн аавын маань санаа. Үүний учрыг заавал тодруулж гаргах хэрэгтэй санагдана.
Би багийн их эрх, айлын отгон л доо, аавынхаа 48, ээжийнхээ 44-н дээр гарсан, хэнз бяцхан, аймхай бүлтгэр үр нь байлаа. Аймхай гэж хэнтэй ч, юутай ч зүйрлэмгүй, гэгээ тасарсанаас хойш бол үеийн хүүхдүүд гадаа ишиг хурга хөөцөлдөн, үймэлдэн тоглож байхад аавынхаа, эсвэл ээжийнхээ хормойноос зүүгдэчихээд уйлагнаад салдаггүй, тооноор харагдах харанхуй тэнгэр өөд ч харж чаддаггүй байсансан. Манай эгч нар намайг айлгахад тун амархан, зүгээр л харанхуйлан харагдах авдарын хөндий юм уу, орны доогуур хуруугаараа зүглүүлэх төдийд л салганаж чичрээд, ухаан алдчихна. Шөнө бүр аймшигтай их хар дарж зүүдлэнэ, орилж бархираад унтдаггүй, аав маань байнга нэг өргөстэй харгана, тарнитай давс хоёрыг дэрэн дээрээ зүүлттэй байлгадагсан. Тэгээд байнгын өвчин зовлон ороогоостой, эмч домч залаастай. Тэр ч бүү хэл аав маань ширүүн дүртэй, улаан нүдтэй хүнийг гэртээ оруулдаггүй байсан юм. Тийм хүн харахаараа л би хэдэн өдрөөр бархирчихдаг, өвдчихдөг. Аавын маань багын найз, нэг гол усны Улаан Дэмчиг гэж хөгшин түүнээс болоод аавд маань гомдоод, тангараг тасарч байсан юм гэнэ лээ. Үеийн хүүхдүүд өдөржин гадаа тоглож, наадаж байхад, ганцаараа хонь малд явж, морь мал унаж байхад би гэрээс ч гарахаас айж, бас гэртээ ч ганцаараа үлдэж чадахгүй, хөөрхий муу ээж минь айл саахалтынхандаа зочилсон ч, аргал түлшинд явсан ч арван нас хүрсэн том тэнтгэр намайг байнга үүрч явдагсан. Нүүдэл, суудал хийх, явдал зам болоход надад тусгайлан ачаа хөсөг гаргаад аав маань хөтөлж, зөвхөн өглөөгүүр явдаг, гэхдээ их зам голж шилдэг. Тэгэхгүй бол нэг жаахан л харанхуй эрэг, гангатай газар, эсвэл хөдөөгийнхөний ярьдаг өнөөх гүйцтэй, энэ тэртэй гэгддэг газрын ойролцоогуур л гарах юм бол би орилж чарлаад сүйд болчихно. Би том болсон байсан учир өөрөө түүнээ одоо ч сайн санадаг юм. Тэгээд өвдөөд, хавдаад хэвтчихнэ. Манай нутгийнхан намайг нөгөө “тэдний өвчит, солиот” гэлцдэг, намайг эрүүл биш өвчтэй, солиотой гэж бодоцгоодог, харин аав маань л ганцаараа тэр бүхний эсрэг байсан байх. Сэтгэлийн ямар их тээр, тээгтэй явдаг байсан болдоо, хөөрхий муу аав минь. Мэдээж би сургуульд ороогүй л дээ.
Тийм л аймхай, хэврэг, эмзэг хүүхэд бүүр арван нас хүртлээ тэгэж явсан юм. За тэгээд, тэнгэрийн дуунаас бол сүнс гарчихна, олон ч удаа ухаан алдаж байсан. Тэгээд арван нас хүрсэн хойно аав намайг эр хүн болгохоор шийдэж... Тийм нялцгар, тийм арчаагүй аймхай үртэй аав маань нэг том шийдвэр, сонголт хийхэд хүрсэн байна. Аав маань Дайчин Хөх Тайжын үр хойчис болдог, өөрөө ч Байтаг богдод хасаг, гоминдануудтай цавчилдаж, Жанчхүүгийн даваанд Самуурай нартай нэгийгээ үзэж явсан, Цусан гавьяаны хошой одонтой, Улсын баатарт хүртэл нэр нь дэвшээд амжсан, нутаг орондоо эр зориг, эрэмгий чанараараа гайхагддаг, шагшигддаг хүн. Тийм атал удам залгах эр ганц үрийнх нь байж буй царай тэр. Нөгөөх Францын зохиолч Проспер Мариме-гийн нэг өгүүллэг байдаг даа. Корсик арлын Матью Палькон ч билүү нэг сүрхий анчин эр, голомт залгах ганц хүүгээ яг над шиг 10 настай байхад нь эр хүн шиг эр хүн болж чадахгүй нь гээд, ээжийг нь гаслуулан гангинуулж байгаад хээр аваачаад өөрийн гараар буудчихдаг даа. Маримегийн дуртгалыг уншиж байхад энэ өгүүллэгийг бодит түүхээс сэдэвлэж бичсэн гэсэн байсан. Аавд минь яг л нэг тиймэрхүү сонголт тулгарсан санагддаг юм, одоо бодож байхад. Тэгээд аав маань намайг маш хатуу чанга сорилтоор оруулсан юм. Хүү нь тэр сорилтыг давж чадвал жинхэнэ эр хүн болно, эс давбаас тэгээд галзуурч солиороод, эсвэл үхэж хатаад л дуусахаар.... Юуны өмнө аав надад гаанс тамхи бэлдэж өгөв. Гашуу оргиод эхлээд хэцүү байсан ч гуравхан өдрийн дараа под хийтэл нэрчихдэг болж сурсан. Дараа нь архи уулгав. Гэхдээ өдөр бүр... Хахац цацаад, уйлж майлаад хэцүү байсан ч гурван сарын дараа 50 граммыг бол нэг амьсгаагаар татчихдаг болсон.
Дараа нь надад калибр буу авч өгөөд, буу буудуулж сургав. Буун дуунаар л доороо нойтоглочихно. Эхлээд аав маань цөхөрсөн байх. Буу буудах нь бүү хэл буунаасаа айгаад ойртохгүй. Архи, тамхи энэ тэртэй элбэж байгаад сүүлдээ буудаж сурав. Аав надад өдөрт 50 сум/нэг хайрцаг/-аар буудахийг шаарддаг. Хавирганы яс, хар хэрээ, аргал, хоргол, зурам мөндөлнөөс эхлээд л харагдсан бүхнээ буудна. Нэг удаа хотны захад хэвтэж байсан үхрийн эвэр буудчихаад сүрхий сайн ташуурдуулж билээ. Аа, тийм, тэр цагаас эхлээд аав нэг гурамсан ташуур бэлдэж аваад, ямар нэг буруу, болохгүй юм болсон үед түүгээрээ намайг хайр найргүй, гурвуу гартал ороолгоно. Ээж нүдээ дараад бушуухан холддогсон.
11 настайд маань манай нутгийн хамгийн хэцүү, бартаатай төдийгүй гэгээн цагаан өдрөөр ч барагтай хүн айгаад ойртдоггүй чөтгөр шуламтай гэгддэг Хавчигийн Голомт нэртэй хойшоо харсан хадтай бургастай, чонотой, ирвэстэй харанхуй их хавцалын гүнд намайг аваачаад төөрүүлээд хаячихаж билээ. Гэхдээ буутай минь хамт, чүдэнз, гаанс тамхи, жаахан борц, цай чанах данх, хутга, бас ч болоогүй хар ваартай литр орчим нэрмэл архи үлдээсэн байгаа юм. Эхлээд аавыгаа дуудсаар хоолойгоо сөөлгөөд, дараа нь хавцалаас гардаг гарцыг нь олохгүй харанхуй хавцалд хоёр хоноод, гурав дахь хоног дээрээ арай гэж нэг гараад, өдөржин гүйсээр гэрийнхээ арын давааруу орж ирэхэд аав араас байдгаараа нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадаачихсан давхиж ирээд, буун харайн намайг тэврээд л эхэр татан татан ихээр уйлж билээ. Би аавыгаа өөрөөр нулимс гаргах нь бүү хэл уярч байхыг нь дахиж хараагүй. Тэгэж л би эр хүн болсон юм даа. Мэдээж хэрэг аав маань алсаас биеэ далдалчихаад нууцаар намайг дурангаар ажиглаж байсан байгаа юм. Тэрнээс хойш аав надтай яг л үеийн хүн шигээ харьцдаг болсон. Намайг дахиж ташуурдах нь бүү хэл нэг ч удаа ширүүн үг хэлээгүй. Хоёулаа Ар Цайдмын айлуудыг хэсч архидаад л..., авгай хүүхэн ярьсан шиг л явдагсан. Хүмүүс нөгөө “тэдний өвчит, солиот“ гэж ярьдагаа больчихоод “тэдний том толгойт, данхар” гэдэг болж билээ. Би ч хээр гадаа насанд хүрсэн эрээс ч илүүгээр ганцаараа тэнэчихдэг, адуу мал хөөчихдөг, архи уугаад бас хөөрхөн агсамначихдаг, гэртээ ирэхгүй 7 хоногоор ч тэнэчихдэг болсон. Аав маань насан туршидаа миний архины хамгийн сайн найз болсон юм. Би жаахан юм олдвол аавтайгаа хуваах гэдэг, аавд хүн жаахан юм өгвөл хүүд гээд талыг нь заавал үлдээдэг. Тэглээ гээд би архичин болсонгүй. Одоо бол ханасан, ер тоох ч үгүй. Хожим эхнэр авсаны дараа нөгөөх багын ариншингаараа гэрээс гарч хэдэн хоногоор гадуур архи дарс уугаад алга болчихно. Эхнэр аавд очоод ховлохоор харин аав намайг өмөөрөөд залуухан бэрээ тас хангинаад, уйлуулаад буцаачихна. Эр хүн архи, хүүхэн хоёрыг тойрч гардаггүй, дайрч гардаг юм гэж хэлдэг. Ингээд би 15 насанд хүрэхэд өнөөх аймхай бүлтгэр хүүхэд төрөл арилжсан юм шиг болж, архи уудаг, тамхи нэрдэг, чоно авладаг, эмнэг сургадаг, нутаг нугынханаа нүүлгэж суулгаж өгдөг, алдагдсан адуу малыг нь ойртуулж хурааж явдаг, үеийнхээ охидуудыг харамлаад цэргийн насны ах нартай ясаа хэмхэртэл нүдэлдчихдэг хэгжүүхэн, хэлбүүхэн банди болон өсч билээ. Аав маань намайг 14 настайд минь дагуулан тэрхүү Чоно Бааваад хэрэг болгон их говь гаталж зорьж очсон юм. 4 жилийн өмнөсөн бол би харангуутаа л ухаан алдаад уначихмаар час улаан нүдтэй, яриа хөөрөө муутай жижигхээн дэрчгэр хөх өвгөн байх. Гэвч тэр шавилхан дэрчгэр хөх өвгөн бол баруун гурван аймагтаа алдар цуугаа дуурсгасан чонын жинхэнэ эрлэг нь болсон хүн дээ. Түүнийг оцойж суугаад улихад дуу нь гурван голын цаана сонсогддог, өнөөх үхэх үйлтэй чононууд сүүлээ хавчаад л, хамраа шурд шурд татаад л шогшоод ирдэгсэн. Өөрөө ч яг чоно шиг. Хоёр өдөр, хоёр шөнө булгын хүйтэн ус залгилчихаад л юу ч болоогүй юм шиг исгэрээд шогшочихно. Тэгэхэд 70 гаруй настай байсан. Харин миний бол гэдэс тасарчих шахна. Нөгөөх Тунгалаг Тамир кинон дээр Цахиур Төмөрийг дагаад давхиж яваа Түгжил “Гэдэс тасарлаа” гээд орилж байдаг даа. Харин 14 настай би хичнээн хэцүү байсан ч, морин дээрээсээ ерхөгний толгой шүүрч зажилчихаад, тэгэж орилоогүй л явсан юм даа. Ямаа/Янгирыг манай нутгийнхан ингэж дууддаг юм/ буудчихаад амь нь тасраагүй тийчигнэж байхад гэдсийг нь хүү татаад, уур савссан халуун элгийг нь базаж гаргаж ирээд завжаараа тод улаан цусыг нь савируулан савируулан амтархан сордогсон. Надад заасан олон юмнаас нь сураагүй нэлээд зүйл үлдсэний нэг нь тэр. Чоно Бааваа хөгшинийг хоёр жил дагаж, 15 насандаа би бие даасан чонын анчин болчихсон байж билээ. Чоно Бааваа ч тээршаасан янзтай “Одоо, чи яв, яв” гэж билээ. Буу эзэмших эрдэмийг ч чамгүй сайн сурсан. Түүндээ эрдэж, эрэмшиж хулгана зурамнаас эхлээд хулан тахийг нь хүртэл мөн ч олон гэмгүй номхон амьтаны амийг сүйтгэсэн дээ, ум мани пад ми хум. Одоо бол би сохор хорхой ч алахгүй гэж өөртөө тангарагласан хүн. Гэхдээ энэ удаад бол онцгой тохиолдол болж байгааг эрх биш хэн нэгэн нь ойлгох байх аа.
Хэдийгээр би жирийн нэг анчиныг бодвол нэлээд бэлтгэгдсэн гайгүй сайн чонын анчин ч гэсэн одоо тэрхүү хүн барьдаг аймшиггүй, дээр нь чоно чононоос гаж том ХҮН-ЧОНО-оор толгойлуулсан сүрэг чонын авд айснаасаа болоод юу хийгээд, хаана яваагаа ч ойлгохоо байчихсан нэг гөлчгий хөгшинтэй хамт гарч байна даа. Бас хоёулаа нэг мориндоо сундлаастай.
Бид хоёр чононуудын мөрийг дагаад сууриангаас 3 км орчим явлаа. Тэгээд ер нь ойлгомжтой болов. Тэдгээр чононууд эргэж ирэхгүйгээр явжээ гэдэг нь үлдээсэн мөр, хаялагнаас нь тодорхой болов. Баруун өмнө зүгийг бариуд шулуухан явчихаж. Гэхдээ бас их хачин. Өмнө нь би мөн тийм зүйлтэй бас таарч байгаагүй. Яг жагсаалаараа яваа цэрэг шиг хоёр эгнээ болоод, нэгнийхээ мөр дээр яг гишгээд явчихсан байгаа юм. Сайн анзааргагүй хүнд бол ердөө хоёр чоно л зуузай холбоод шогшчихжээ гэмээр.... Гэхдээ хичнээн шулуухан явцгаасан ч гэсэн чоно л бол чоноос хойш ирсэн мөрөө заавал хянаж байгаа. Тийм болохоор тэднийг мөрдөөд хэрэггүй, харин амдах, амдахдаа нэлээд алсуур амдах хэрэгтэй. Гай болоход тэр орчины газар нутгийг би огтхон ч мэдэхгүй, хар таамгаар явахаас аргагүй. Нөгөөх Дэлчгий маань ер намайг хормойдоод л шогшихоос өөр ухаан байхгүй, яг л нөгөөх миний аймхай багийнх шиг. Ингээд газрын баримжааг багцаалан тооцоод нэгэн дэл хадтай урт хамрын араар тойрон амдахаар морио шавдуулав. Миний Сэгсээхий Халтар ч ийм үед л хэрэг болдог морь л доо. Зөөлөн сул хайргатай нарийн сайр даган давхиулсаар яваад нөгөө үзүүрт нь хүрч, морио орхиод, буугаа түлхэн дэл хамраар өнгийлөө. Ялимгүй л жаахан, 10 секуд л хоцорсхийсэн болохоос яг л зөв тооцоолж. Нөгөөх дэл хамартай параллел үргэлжлэх хөх дэнжийн хөмөг дагаад нөгөө хэд чинь шогшиж явна аа. Би тэднийг хараад гайхаагүйгээрээ гайхаж, чочоогүйгээрээ чочлоо. Эр хүн болсоноосоо хойш би тэгэж айж, чочиж үзээгүй юм. Арван чоно тав таваараа хоёр эгнээ болоод яг цэрэг шиг шогшиж явна. Харин тэр хоёр эгнээний дунд нөгөөх онцгой том чоно явна. Түүнийг би чоно уу, хүн үү гэдгийг ялгаж чадсангүй. Нэг харахад чоно шиг, нөгөө харахад хүн шиг. Тархи толгой нь бол ялимгүй жаахан ойлон л болохоос биш яг л хүний толгой. Их дэл зогдортой ч юм шиг, эсвэл нөгөөх манай яруу найрагчид шиг үс гэзгээ ургуулчихсан ойлон толгойтой нэгэн шиг. Чоно шиг урт шөвгөр хошуу алга. Гэхдээ жирийн хүнийхээс нэлээд том хүчирхэг эрүү түүшинтэй юм. Урд хоёр хөл нь газарт хүрээд ч байгаа юм уу, үгүй ч юм уу, сайн мэдэгдсэнгүй. Харин бүх биеэрээ ухаа хүрэн тачирхан халиурсан үстэй атлаа цээжиндээ ягаан элгэн цээживч маягын юм өмсчихөж. Тэр нь бүүр ардаа оноотойг нь яана. Харин сүүл гэхээр юм бараг байхгүй, гахайны сүүл шиг нэг жоохон годгор юм ар хондлой дээр нь гогцоорч байна. Өмнө нь мөр харахад яагаад энэ чонын мөр хоёр эгнээ чонын мөрний дунд гараагүй байсан юм бол гэдгийг ойлгосонгүй. За, юутай ч тэр бүгдийг харж, гайхаж хугацаа алдалгүйгээр хурдлах хэрэгтэй. Тэр томоос нь эхлээд л түүгээд буудчихья. Би бол угсраад 15 буудахад их сайндаа л 3 алддаг бууч хүн. Дахиад л 10 секунд алдвал тэд холдоод явцгаачихна.
Тэгээд би замгаа дараад шагайх гэтэл нөгөөх Дэлчгий чинь миний гарнаас зуураад авлаа.
Эрүү нь хагшчихсан, нүд нь аяганаасаа юу юугүй бүлтэрчих шахсан, намайг гуйсан аргадсан, энэрэл, хайр өршөөл хүссэн, бас үзэн ядсан харцаар тас ширтээстэй. Царай нь мэнчийж хөхрөөд, моорогт хонуулчихсан юм шиг болчихож. Би эхлээд гайхлаа. Дараа нь айх ч шиг, энэ дэлчгэр нөхөр чинь арай энэ хүн-чонотой ямар нэгэн сэжмээр холбоотой юм биш байгаа гэж....
Арай ч биш ээ. Тэгээд тэр зуурчихсан шүднийхээ завсараар сийгүүлэн байж ингэж хэлж байна. “Амь өршөө”, “Амь өршөө”
Үргэлжлэл бий.

Энэ дөнгөж эхлэл нь. Энэ зүүднийхээ төлөөсөнд өдөржин толгой янгинаж өнжлөө. Шөнө ер унтаж амарсан шинжгүй ээ.

# # Read more! #