Тоо томшгүй олон чулуун баганатай цэлгэр уудам танхимд чи бид нэг учир битүүлэг хүнтэй уулзаж байх юм. Тэр том танхим босоо гурвалжин, яг л сүмийн гонх шиг цор ганцхан цонхтой. Тийм уудам бишсэн бол сүмийн гонхонд сууж байна гэмээр... Гэвч Хутагт Софийн сүм л биш бол тийм уудам гонхтой сүм гэж баймгүй, цонхны эсрэг тал хаана дуусч байгаа нь ч харагдахгүй харанхуйлж, хүнхийсэн адар дээрээс нөмөрнө.
Тэр учир битүүлэг хүн надтай нэг гэрээ хийх юм гэнэ. Гэрээнд гарын үсэгний оронд 10 хурууны өндөгний болон шүдний хазалтийн дардас авах юм байна. Надтай гэрээ хийж буй тэр хүнийг би эхлээд чөтгөр байна гэж бодов. Намайг дунд сургуульд байхад манай сургуулийн захирлыг “Дуугүй чөтгөр” гэдэг байсан юм. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, хүйтэн зэвүүн харцаар өөрийн харьяанд байдаг бүхний хөлсийг чийхартал ширтдэг, хонгилд ямар ч чимээ гаргахгүйгээр явж чаддаг, хаалга огтхон чихруулахгүйгээр ангид орж ирдэг түүнээс учиргүй зодож нүдээд байхгүй ч бид айх гэж сүнсээ тавьчихдаг байж билээ. Тэр гэрээ хийгч хүний байж буй байдал төрх, биеэ авч яваа нь түүнтэй их төстэй санагдсанаас надад чөтгөр байна гэсэн бодол төрсөн байх. Эрэгтэй ч юм шиг, эмэгтэй ч юм шиг, хүйсийг нь ялгаж чадсангүй. Харин гэрээ нь тун энгийн... Надад тусгай бэлтгэсэн хос цаас, шовхолж үзүүрлэсэн харандаа, бас бийр будаг өгөв. Будаг нь мөн бидний багад их ховор байсан “Ленинград” гэдэг будагтай төстэй жижиг жижиг хайрцагтай, 5 өнгийнх.
Би тэрхүү фото зургийнх шиг гөлгөр гадаргатай атлаа циллод шиг цаадах нь гэрэлтдэг зузаан цаасан дээр нь чамайг зурах юм байна. Тэгээд хичнээн сайн зурнав, тэр хэмжээгээр бидэн хамтдаа байх, муу зурах юм бол бид дахиж хэзээ ч уулзахгүй юм гэнэ. Чиний нүүр царайнд ямар их итгэл, тайван бардам байдал, түүнийг дагасан баяр баясгалан байгааг би хараад маш их балмагдав. Би чамайг нэг бус удаа зурж байсан, суулгаж байгаад ч, зурагнаас чинь ч, бас зүүднээсээ ч ургуулан янз янзаар л.... Тэднээс харандаагаар татсан, сурагчийн цагаан хормогчтой байгаа нэг таталбартаа би их хайртай, бараг 10 гаруй жил тэр зургийг чинь нандигнан хадгалж явсансан. Нүдний чинь шилэн дээр би өөрийнхөө бүжиглэж буй дүрсийг чиний харцтай давхацуулж зурсан юм. Чи намайг тэр л үеийнхээр минь бодож, энэ гэрээний нөхцөлийг харин ч баяр баясгалантайгаар хялбархаан биелүүлчихнэ гэдэгт бат нот итгэж буй аж. Гэтэл одоо бол бурхан тахиж, буян амлаад ч тэр 20 жилийн өмнөх шигээ зурж чадахгүй шүү дээ.... Аль хэдийнэ зургаа хаячихсан, бийр будаг маань орны хөндийд хэвтсээр, үжрэхээр нь хожим хэн нэг нь гаргаад хаячихсан байсан. Бийр барьдаг гар маань одоо хар бор ажилд эвэршсээр аль хэдийнэ төсөөрч, алх сүх барихдаа л дадамгай болж... Хараа маань муудаж, сүүдэр гэрлийг ч муухан ялгах болж. Гэтэл чи минь намайг ийм ядруухан амьтан болчихсон байгаа гэдгийг огтхон ч мэдэхгүй байгаа бололтой. Шалгалтан дээр ганц сайн мэддэг асуулт нь аз таарч сугалагдсан охин шиг л хөөрчихсөн, гялалзсан нүдээр надруу ямар баясгалантай, итгэлтэй ширтэнэ вэ? Тэр гал цогтой, ааг, авьяас багтаж ядсан залуу нас аль хэдийнэ ард үлдчихсэн шүү дээ. Гэрээний эх хувь болох ямааны илгэн дээр би гарынхаа хээг дарж чадахгүй тээнэгэлзэн байгааг минь чи огтхон ч анзаарахгүй юм, надруу аяархан налсхийснээ, “БУШУУЛАЛ ДАА” гэж эрхлэнгүй шивнэлээ. Би салганасан гарынхаа арван хурууны хээг тэрхүү нойтон илгэн дээр үлдээж, бас хүзүүний зузаан арьсыг нь амандаа сайтар зууж, шүднийхээ ормыг гаргав. “Чөтгөр”-ийн нүд нэг л зальхай гялсхийгээд, ямааны илгэн гэрээг хормын дотор тас хуйлан, Санта Клаусын авч явдаг шиг том улаан уутны амруу чулуудчихсанд ямар нэгэн ёзооргүй ангал руу гуалин унагачихсан мэт дүн-дан, дүн-дан гэх дуу сонсогдсоор аажмаар замхарав. Зүрх пал пал хийнэ. Одоо надад зөвхөн сайн муу, болсон болоогүй 150 гаруй хөрөг бүтээсэн туршлагадаа л найдах үлдэж. Гэвч жинхэнэ уран бүтээл бол дан ганц туршлагаар бүтдэг зүйл биш, харин ч цэвэр онгодийнх байдаг билээ. Гэхдээ сандарч болохгүй, тайван, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэдгийг би сайн ойлгож байгаа. Надад гомдоод, аль хэдийнэ гээж одсон онгод авьяас маань энэ амьдрал, хувь заяа, хайр дурлалыг маань шийдэх нэн эгзэгтэй мөчид хормын төдий ч болов эргээд буцах хувь ерөөл хайрлах болтугай.
Ингээд өнөөх “Чөтгөр”-ийн зааж өгсөн тойрог дотор чамайг суулгаад зурж эхлэв। Чи яг хэвээрээ байна। Аль 20 жилийн өмнө надад зуруулахаар ангидаа хоёулаа үлдчихээд ширээ тохойлдоод сууж байхдаа ямар байсан бэ, яг л тэр төрхөөрөө, инээмсэглэх, наалинхайтах чинь ч хүртэл яг шүү। Тэгэхэд чи 10-аад минут сууснаа, тэсэлгүй годхийн босч ирээд зурж байгаа руу маань нэг сүрхий өнгийж харсанаа нялх хүүхдийнх шиг зөөлхөн алгаар хацрыг маань аяархан илчихээд буцаад сууж билээ। Хожим чамайг санах бүрдээ тэр чиний илсэн ормыг чинь дарж, хэрхэн халуу шатахыг нь мэдэрдэг байсансан। Би чиний тэр хайрыг мэдэрч, чухам тэр хайрын мэдрэмжээ зураас, татлага, хаялага бүхэн дээр ямар тод томруун шингээж өгсөнийг би хожим анзаарч, тэр зургаа дахин давтагдашгүй бүтээл болсоныг нь ойлгосон. Харамсалтай нь хадгалж чадсангүй, гээгдэчихэж. Одоо ч гэсэн би чамаасаа яг л тэр энхрий дотно хайрыг чинь мэдэрч байна. Чиний харцнаас, нүүр царайнаас, үйл хөдлөл, дуу авиа бүрээс чинь би чинийхээ сэтгэлийг мэдэрч, би эргээд залуу халуун насандаа оччихсон мэт болж байна. Тэр хирээр онгод минь эгэн ирж, хүнд хүчир ажилд хөшүүн гүжир болсон гар маань тэр хайрыг мэдэрсэн мэдрэмжийг дуулгавартайяа, хүлцэнгүйеэ даган намирна. Цэг, зураас, татлага бүхэн хосгүй хайрын дотно сэрлээр хөтлөгдөн тодорч буйг би мэдэрч, зүрхшээн байж эхэлсэнээ мартаад, амандаа нэгэн ая гиншэн, хөнгөн хурдан зурлаа. Чи намайг чадна гэдэгт ямар их итгэлтэй байна вэ, ийм хялбархан гэрээ гэж байдгаа, тэр “Чөтгөр” чухам бид хоёрыг хамт байлгахын тулд л ийм гэрээ хийсэн байна шүү дээ, алдагдсан бүх аз жаргалаа 30-хан минутын дотор эргүүлээд бүгдийг нь буцаачихна гэдэг бол чухам аз гэхэд ч багадалгүй яахав гэж буй янзтай, жуумагнана...Хоёр хувь зургийг хормын дотор л зурав. Би тийм хурдан шуурхай зурж байснаа ер санахгүй юм. Гэхдээ бүрэн гүйцэд хөрөг болоход нэг л юм дутаад, ердөө хоёр гуравхан л зураас дутаад байх шиг. Сүүлчийнхээ цэгийг хатгаж чадсангүй, яг гацлаа. Хаана нь, альхан хэсэгт дутуу илэрхийлсэнээ харж чадахгүй байна. Яагаад ч харж чадахгүй байна. Магадгүй, энэ гэрэл муутайнх байх. Ойрын ч, холын ч хараа муудчихсан би гэрэл гэгээ муутай бүүдгэр саарал орчинд чиний царайнаас гэрэлтэх итгэл хайрыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байгаа байж болно. Ингээд би зурсан хоёр хувь зургаа элгэндээ тэврээд өнөөх цор ганц босоо гурвалжин цонх руу очлоо. Тэр цонх огт шилгүй агаад, тэртээ дээр өнгөгүй саарал тэнгэр сүүмэлзэх нь ёозгүй хомхой хүний нүд шиг санагдав. Би цонхы дор очоод зургаа хартал.....
Миний гарт байгаа цаасан дээр мөчийн өмнө миний зурсан чиний зураг алга. Огт өөр нэг эмэгтэйн зураг байж байх юм. Би давхийн чочив. Бүх бие сулран, өвдөг салганан сөхрөх шахав. Бүх хармай халаасаа, хормой хотоо нэгжиж үзлээ. Надад өөр ямар ч цаас алга. Өнөөх зургаа дахин харлаа. Яах аргагүй өөр хүний зураг... Буцаад сууж байсан газраа ирлээ. Тэр хоосон цулгуй танхимд өөр ямар ч цаас алга. Чамруу зүрхшээгээд харж ч чадсангүй. Буцаад гишгэсэн мөр бүхнээ үнэрлэх нь холгүй тэмтэрсээр өнөөх цонхны дор очив. Дахин байдаг бүхнээ нэгжиж үзэв. Дахин өнөөх зургаа харлаа. Яах ч аргагүй өөр бүсгүйн зураг зурагджээ. Энэ гарцаагүй болохыг би мэдэрч, тэрхүү “Чөтгөр”-ийн харц нэг л зальтай гялсхийснийг санав. Тэгээд би тэр бол Гётегийн Мефистофиль шиг ”Чөтгөр” биш “ХУВЬ ЗАЯА” өөрөө мөн болохыг ухаарав. Танхимын харанхуй гүнээс намайг дуудах чинь сонсогдож, хүнхэр адарийн нугалаа, талст бүр чиний дууг түрэн цуурайтна. Харин би чамруу явсангүй, тэрхүү зурагдсан бүсгүйн хэн болохыг нь таних гэж хичээн зогслоо.
12 comments:
aimaar taalagdlaa, tugsguliig ni bur ch sanaand oromgui goyo tugsgujee, ...taalagdsan, taalagdsan (duu ayalj, hipoop bujig hiiseer garch odoh)
Soninoos ter Mefostofeltoi taaraw
Tegsen ingej bna ter:
-2uulaa gaduur jaahan yaway namaig zugaatsuul ! Herew chadkuu bol chamaig awch yawna shuu
gej bna
Bi terend hamag saihniig uzuulev
Ter "yamar ch kife alga" geed
Tegeed suuliin naidvar geed tanii blogt avchirsan chin ter:
-Bi end buumaar bna
gedeg bna sh dee.Minii bayarlasan gej...
hahaha, yostoi tasarhai goyo comment baina daa, boloog ch boloog, komment ch gej kommeent boljee, amraad chi boloog bichuul tolgoi deer tsahiur hagalakh ni dee, huuhee.
iim goyo boloogt iim l kommeent zohino.
За, ёстой нэг мөсөн алдгийм байна. Тэр нойтон хамуу шиг нөхөр чинь одоо надаас салахгүй, шаналгачихнаа, яая даа байз....
Ийм юм болно гэж зуудлээ ч угуй байсан уу?Та аргална ш дээ
Mefostofel nad deer ch bas irsen. Sonin yum uzuulie gej bain bain zuudend irseer namaig iish ni chireed irchihlee. Odoo hajuud suuchihsan, za yamar baina hemeen bain bain asuuh yum...
Mefostofel nad deer ch bas irsen. Sonin yum uzuulie gej bain bain zuudend irseer namaig iish ni chireed irchihlee. Odoo hajuud suuchihsan, za yamar baina hemeen bain bain asuuh yum...
Нээрээ ийм юм болно гэж ёстой зүүдэлсэнгүй ээ. Гэтэл дээр нь бас Одко гэдэг нэг цоо шинэ Mefistofel нэмэгдчихдэг. хэ, хэ. Гэхдээ аргална даа, аргалчихна. Амраа шиг л хуурчихна, та хоёрыг......
Мефистофоль хүмүүсийг гоё газар авчирч байсныг би огт мэдээгүй юм байна. Хэрвээ над дээр ирсэн бол Одкогийн дүрээр иржээ.
Зүүдээ манаж сурах юмсан. Мартсаар залхаж байна.
Монгол Фауст болсон бн ш дээ. :D
Post a Comment