#

Tuesday, March 13, 2012

Хоёр гараа өвдөгнийхөө завсар хавчуулаад унтчихаж

“Даарч байна уу” гэж зүүдэнд минь чи юунд асуув
Дагжтал чичирч байсан ч би “Тийм” гэж хэлээгүй
Цан хүүрэг угалзарсан цонхны цаад руу ширтээд
Цас чихрахыг сонсооч гэж гунигтайхан шивнэсэн

Чамгүй өдөр хоногууд будрах цас мэт лавссаар
Чиний одсон мөрийг нэвсийтэл дарахыг би чимээгүй л харж суусан
Дагширч хатууртал нь харь хүмүүс холхихыг ч харсан
Даарна гэдэг юу ч биш болохыг би тэгээд мэдсэн

Тийм хүйтэн өдрүүдийг орь ганцаар үдсээр байхад
Тийм орь ганцаардал цасан шуурга мэт исгэрч байсан
Цас чихруулсаар чамайг хүрээд ирлээ гэж зүүдэлсээр
Цан хүүргэн дунд зүүрмэглэхдээ ч халуун бүлээнийг мартсан

Хөлдөж цантсан сормуусан дээр минь бүлээхэн уруулаа наавал
Хөшиж царцсан биеийг минь халуун хайраар тэвэрвэл
Тэсгэл алдан, хэрвээ би “Даарч байна” гэж шивнэх аваас
Тэр магад, чамайгаа хүлээж чадаагүйнх ээ
2012.03.14

# # Read more! #

Monday, March 12, 2012

Руб

Асгарах нулимсаа хурааж нэрээд
Аягалж чамдаа барьюу гэсэн юм
Шаналахуйн тулганд чи минь тэгтэл гал нэмэн өрдлөө
Сархад бус хорз л гарах нь, яанам бэ би...

# # Read more! #