#

Saturday, July 21, 2007

Муу найзынхаа араас зул өргөе дөө


Олоон жилийн өмнө нас барсан муу найз маань нэлээд тэвдүү давхиж ирээд надад нэг ваадантай юм өгчихөөд буцаад давхичихлаа. Хөөе гээд хоёр үеийн солио ч өгсөнгүй, юундаа ч тийнхүү яарсан юм бол мэдэхгүй. Юу өгсөнийг нь мэдсэнгүй, болхидуу, хам хум ороосон, өлөн хир суусан ороолтыг нь нээж ч үзсэнгүй, цээжиндээ чанга тэврээд л хоцрох шив. Гэхдээ тэр ваадантай зүйлийг нь би сэтгэл зүрх нь гэж мэдрээд байгаа.

Муу найз маань, хөөрхий насан багадаа наадаж тоглож явсан юмсан. Чих нь их хатуу, хашгирч ярих хэрэг гардаг, түүнээсээ болоод хоёрдугаар ангиа ч дүүргэлгүй сургуулиас гарчихсан юм. Нэг муухан үсэглээд уншмар болно. Намайг нэгдүгээр ангиа төгсөх жил шилжиж ирэхэд нэг түнтгэр бор бандитай нэг ширээнд суулгасан нь тэр муу найз маань. Багш түүнийг надад даалгасан ухаантай, би түүнээ уншиж сургах гэж үзэж тарна. Хоёулаа аргаа барахаараа өөд өөдөөсөө хараад дэмий л инээдэгсэн. Тэгэж байгаад 2 дугаар ангийн 3 дугаар улирлын буюу хаврын амралтаар хөдөө гэрлүүгээ яваад эргэж сургуульдаа ирээгүй юм. Чих нь л дүлий болохоос биш уг нь их сэргэлэн, хөдөлгөөнтэй. Гэр нь хөдөө, хярд/хол гэсэн үг/ нутаглана. Хааяахан сумын төв орж ирэхээрээ надтай заавал уулзаж байж явдагсан. Хэрэг болгоод, хамт ирсэн аав нь, эсвэл ээж нь дагачихсан... 10 гаруйхан настай бүстэй хүүхдүүдэд ярих юм юу л байв гэж дээ, зүгээр л бие биенээ хараад л сэтгэл ханачихдаг байсан юм болов уу даа. Нүд нь гялалзчихсан, байдгаараа маасайтал инээчихсэн ирнэ. Тэгээд намайг гадаа тоглож байвал жоохон хамт тоглож байгаад, эсвэл түлээ хагалж байвал хамт хагалалцчихаад тэгээд л сэтгэл нь ханасан юм шиг яваад өгнө. Одоогийн хүүхдүүд шиг тэврэлдэж уулзалдах, баяртай энэ тэрээ гээд салах ёс гэх юм ч байхгүй ээ. Ядахдаа би явлаа ч гэж хэлэхгүй. Тэгээд л яваад өгнө, харин далд орохын өмнөхөн ёс юм шиг нэг эргэж хардагсан. Тэгэж эргэж харахад нүүрэнд нь нэг л их гуниг дүүрэн харагддаг байж билээ. Чих нь хатуу болохоор түүнийг бүгдээрээ “ДҮЛИЙ ГАМБАА” гэнэ, хөдөөгийнхөн шооч нь дэндүү улс, муу найзыг маань хааяа сумын төв ороод ирэхээр эвэртэй тэмээ үзчихсэн юм шиг хэдэн банди нар чулуугаар шидлээд явуулахгүй, нэг удаа хөмсгөн дээрээ хэгз цохиулаад цусаа гоожуулчихсан ирсэн, түүнээ ч ер юманд бодохгүй инээгээд л ирж байж билээ. Охидууд бол эгнэж зогсож байгаад дүлий балайгаар нь хашгичаад зовоочихно. Түүнээсээ болдог байсан юм болов уу даа, ер өөр хүүхэд шуухадтай наадаж тоглохгүй, найзалж нөхөрлөхгүй, за тэгээд хөдөө бол ямар үеийнхэн нь байх биш, бүгдээрээ сургууль гээд сумын төврүү ороод ирцгээчихсэн юм чинь.

Зуны амралтаар бол би хааяа хөдөө гарахаараа тэднийхээр очино оо. Хэдэн сайхан морьдтой айл байсан. Надад тэр морьдоосоо аль дуртайгий минь унуулна. Муу найзынх маань тарваганы бор тос ханхигар хар гэрийнх нь хаяагаар халгиж урссан айл байж билээ. Би тарваганы маханд баахан сүжиггүй. Амсах нь бүү хэл үнэрлэж ч чаддаггүй, тарвага алсан, тарваганы махтай айлаас цээрлээд ордоггүй хачин цээрч хүүхэд байсан хирнээ харин ганцхан тэднийд хээв нэг харайгаад орчихно, хойморт нь тухалж байгаад ээжийнх нь чанасан цайг цагаан гамбир, өрөмтэй даруулж байгаад амтархан иддэг байж билээ. Тэр гамбир, өрөмнөөс нь хүртэл тарваганы үнэр ханхийнэ. Аавынх нь ганц чаддаг юм нь тарвагачилах. Аавынх нь алаад ирсэн тарвагыг ээж нь сурмаг өвчиж байгаа харагддагсан.

Ээж нь гараа хондлой дээрээ хаясан бөгтөр, гэсэн ч сууж босох нь харагдахгүй гув шув хийсэн шалмаг хөгшин. Намайг очихоор бригадын дарга шиг заавал хоймроо суулгана, би сүүлдээ сурчихаад шууд л аавынх нь урдуур алхаад хойморт нь гараад шомбойчихдогсон. “Аги хүү ирлээ, Аги хүү ирлээ. Алив хөгшөөн наад бозлогноосоо өөр юм бодно байгаа” гэнэ. Энэ нь тарваганаас өөр хонь ч юм уу гаргана байгаа гэж буй нь. Хонь гаргахгүй бол авдарнаасаа борц гаргана. Би бол борцонд нь илүү дуртай. Үүнийг нь бодвол зун намрын улиралд тэднийх голдуу тарвагаар л хооллодог байсаншиг байгаа юм.

Аав нь ирмэг нь сэтэрхий далбигар хар аягандаа цай оочлоод л суух, найз маань ганц хүү нь, аавдаа их эрх, сууж байгаа аавынхаа нуруу өөд л асчихна. Би бас дуурайгаад л хоюулаа аавыг нь ноолчихдогсон. Хоёр бандийг ууц нуруу, мөр хондлой дээр нь тонгочиж байхад аав нь ер юу ч болсон шинжгүй цайгаа оочилсоор л суух, тийм л уул алтай шиг ханхар сайхан эр байсансан.

Эзгүй хээр зүс танихгүй хүн таарвал айж сүрдмээр хүн байж билээ. Талийгч Дашбалбар найрагч шиг нээг их урт орог саарал үс намируулна, том монхор хамартай, өтгөн саарал хөмсөг нь том эргэлдсэн улаан нүдийг нь бараг халхалчихсан, хатуу ширүүн царайтай. Залуу зандан насандаа алдаж эндэж яваад, аавын хаалгыг татаж/шоронд орсон гэсэн үг/ залуу насаа шоронд эсвэл оргож хээр өнгөрөөсөн гэдэг. Шоронгоос оргож хээрээр гэр, хэцээр дэр хийж явахдаа чонын үүрэнд орж, азарган чоныг бавнагдаж алж байсан гэдэг. Тэгээд “БАВНАГ” хочтой болсон гэж байгаа. /Бавнагдана гэдэг нь чонын төмсөгнөөс атгаад авахаар чоно эргэж хазаж чаддаггүй, цаашаа л зүтгээд байдаг юм гэнэ лээ/ Нэлээд насжсан хойноо нутагтаа ирж, эхнэр аваад гарсан хэнз хүү нь тэр муу дүлий найз маань юм. Залуудаа бол байдсан гүү цохиж унагачихаад тэврээд алхчихдаг тэнхээтэй эр явсан гэдэг. Хожим, олон жилийн орон шоронгийн дараа сумандаа нэг удаа барилдаж сумын цол авсан. Наадам болохоор онгож гандсан цэнхэр зодог шуудаг бүсэлчихээд л, хүүгээ хөтөлчихөөд халбайгаад, ханхайгаад наадмын талбайгаар хөндлөн гулд алхдаг, гэхдээ барилдахгүй. , яаж байгаа юм гэхээр хүүгээ бөх болгох гэж, бөхөд дуртай болгох гэж л тэр... Хүссэн нь ч биелж муу найз маань арван зургаа ч хүрээгүй байхдаа сумын наадамд зодоглож, дөрөв даваад манай сумын хамгийн сайн бөхөд нь унаж байж билээ. Сумын бөхчүүд муу дүлий найзад маань жаахан дургүйцэж, баахан бөөрөлхсөн юм шиг байгаа юм.

Даахан дор морь, дахан дор эр гэгчээр муу найз маань өдөр өдрөөр суга өссөөр нэг л мэдэхэд хашааны мухарт тэвэг өшиглөж, айлын янданг чавхаар дангинуулж явдаг сумын сургуулийн бидний хажууд хавхийсэн хэлбүүхэн залуу болоод ирдэг байгаа. Ардаг морины нуруун дээр хөндөлдсөн, авгай эхнэр ярьсан шиг, адуу мал эргүүлсэн шиг энгэр задгай, эрэмгий хэгжүү... Гэхдээ Муу муудаа, муна гадсандаа гэгчээр сумын төвийн хэдэн муу банди нар бүүрэлхээд муу найзыг маань миний нүднээс далдуур дээрэлхчих гээд байна. Мань хүн гэнэн л дээ. Хэлбүүрхэж, хаагиж байгаад зодуулчихна. Нөгөөдүүл нь муу санаа суучихсан юмсууд, гэнэт нүүрэн дундуур нь байлгаад авна, тэгээд ар өврөөс нь ноцчихно. Гэхдээ хаширна аа, зүрхшээнээ л гэж байхгүй. Өширхөнө, хонзогноно ч гэж байхгүй. Намайг шаралхаад нөгөө хэдтэй нь хөөцөлдөх гэхээр “Ойхоо хө, төвөг төвөг” гэнэ. Энэ “Оохоо хө” гэдэг үг нь орчин үеийн хэллэгээр бол “Найз минь дээ” гэсэнтэй ойролцоо утгатай манай нутгийн ёстой л жалгын хэллэг дээ. Одоо ч бараг энэ хэллэгийг хэрэглэдэг хүн байхгүй болоо биз дээ. Намайг бол нэрээр минь ер дуудаж байсангүй, “Ойхоо хө” л гэнэ. “Ойхоо хө, Ойхоо нь нэг сармаа даага арилжиж, цорводоод аваад ирлээ” гэнэ. Орчин үеийн хэллэгээр бол “Найзаа хө, найз нь нэг том биетэй эмнэг даага юмаар сольж аваад, чирээд ирлээ” гэсэнэрхүү... Ер нь дүлий хүмүүсийн нийтлэг шинж л дээ, их чанга хашгирч ярина. Би ч гэсэн сая сарын өмнө хэсэг хугацаанд чих дүлийрчихсэн чинь, хэлж байгаа үг маань аяархан юм шиг санагдаад, хашгирч яримаар болоод байна билээ. Бас хашгирч хариу өгөх хэрэг гарна. Ямар одоогийнх шиг чихний аппарат энэ тэр гэж байсан биш.

Муу найз маань удалгүй бас нэлээд чих хатуутай хөдөөний түнтгэр бор, хув чихтэй охинтой гэрлэв ээ. Товхийсэн айл болсон юмдаг. 1993 оны зун би сургалтынхаа төлбөрт нэмэрлэх санаатай, ууланд гарч хэдэн тарвага буудах юм болов оо. Тэр үе бол ёстой тарваганы арьсны оргил үе байсан даа. Тэгэхэд ямар хөлсний ажил энэ тэр гэж олдох биш, дээр нь тэр үед миний ганц чаддаг юм тэр буу буудах, амьтны амь таслах л байв. Дүлий найзынх маань тарваганы мараанд нутаглана. Өөрөөр хэлбэл хамгийн их тарвагатай газар л тэднийх нутаглана. Мэдээж тэр нь алс хол, машин унаа хүрэхгүй газрын мухарт байх. Намайг ирсэнд баярлаад л хөл нь газарт хүрэхгүй, энд тэнд дэндэгнэж гүйгээд л, гарынхаа алгыг тэнийлгэж тэнгэр өөд зааж байгаад эхнэртээ дахин дахин “Манай ойхоо чинь базарваань оюутан байхгүй юу” гэж хашгична. Хонь гаргаж, хорхог хийж, доод голынхон луу шурдхийж, шимийн юм олж ирээд л... “Ойхоо хө, хэд хоног амарнаа, тэр эрдэм номын алжаалаа тайлнаа, тэгээд хоёулаа гараад хоёрхон өдөр л ар өврийн бурхинуудыг буулгаад ирнэ, ойхоо нь хэдэн юм тоншиж өгөлгүй яахав” гэж ярив. Бараг л дөрөв тав хоног хоюулаа идэж, уугаад л, нүцгэлж байгаад хүүхэд шиг зүлгэн дээр барилдаж ноцолдоод л, арын царманд гарч шүдээ балбатал тошлог идэцгээгээд, цагаан шиндүү унаж уралдаад л ёстой эрх дураараа хэд хоног тарвалзлаа. Гэвч хоног хугацаатай байсан болохоор хоёулаа тарвагачилхаар гарав. 3 хоног яваад гавьтай юм чадсангүй, нийлээд хотил голдуухан 30-аадхантай бууж ирэв. Нэг л болохгүй байв. Заримдаа ан тэгдэг юм. Тийм эгзэг нь таарсан бололтой. Найзын маань санаа баахан зовниж, намайг хорьсоор атал шөнө дөлөөр гарч давхиад хойт урд голынхоноо нэвт хэсэж, юугаар ч наймаалцсан юм мэдэхгүй 50-иад арьстай өдөр дунд инээд алдсаар уяан дээр бууж билээ. Тэгээд л би буцлаа.

Намайг жолооноос минь барьж байж мордуулаад, “Хойтон жил заавал ирдгийм шүү, Ойхоо нь хэдэн юм далд хийчихээд хүлээж байна” гээд ташаалдаад зогчихсон, муу хув хар эхнэрийнхээ мөрөн дээр нэг гараа тавиад нэг гараараа ташаагаа тулаад уяан дээрээ гуниггүйхэн, бас сэтгэл хангалуун исгэрсээр хоцорсонсон

Түүнийг харсан сүүлийн агшин тэр байж. Тэр өвөл муу найз маань бас нэг баахан болж бүтэхгүй явдалд орооцолдоод, аавын хаалга татаж, тэгээд шоронгын овгорууд дохио зангаан дороо байлгах гэж, мэдээж аглаг хээрийн атар онгон салхи шиг хүн чинь хөгц ханхалсан шорон санаатнуудын санаснаар яаж ч сөгдөхөв дээ, цохих тусам шүд нь хяхнаж, шажуураа зууж, улам уур, эгдүүг нь хүргэсээр тархиндаа хүнд гэмтэл авч, түүнээ даалгүй нас барсан байж билээ, хөөрхий. Аав ээж нь ч хүүгээсээ хойш удаагүй, эхнэр нь ч өөр хүнтэй суугаад явчихсан байсан. Энэ хорвоо энэрэлгүйдээ бол даанчиг энэрэлгүй дээ. Аав маань нэгэнтээ “Юу үнэн бэ, зовлон л үнэн” гэж хэлж байсансан. Зовж үзсэн, түүнийг туулж, гэтэлж чадсан хүний үг. Нээрээ зовлон л үнэн юм даа, бусад нь юухан ч билээ.

Тэгээд тэр муу дүлий найз маань өнөөх баадантайгаа надад бариулчихаад яаран сандран буцаад харайлгачихлаа. Тэнгэрийн хаяа руу. Тэнгэрийн хаяа уг нь уужим саруул байдагсан, Харин тэр тэнгэрийн хаяа дээрээс нь намсаад, газар нь доороосоо ч өгсөөд, хажуугаасаа ч хавчигдаад нэг үл мэдэгхэн хахуул ухаа өнгөтэй хонгил болчихсон байх юм. Тийшээ л, тэр хонгилын гүн лүү давхичихдаг юм байна. Надад нэг юм өгнө дөө л гэж бодож явсаар амжихгүй энэ хорвоогоос явчихаж ээ дээ, муу найз маань, одоо түүнээ аль ч ертөнцөөс юм бэ, нэг сиймхий гарахаар нь шурдхийгээд/оргочихсон ч байж мэднэ, их сандруу явсан юм/ зүүдэнд минь авчирч өгчихөөд буцах шиг боллоо.

Би тэрхүү баадантайг нь элгэндээ тэвэрчихээд л зогсоод байх юм. Элэгнээс нэг л таатай халуу дүүгэж мэдрэгдээд, би мэгшиж байгаа бололтой, гэхдээ нулимс нүүрэн дээгүүр минь урсахгүй юм, тэр нулимс лав сэтгэл зүрхний минь гүнлүү урссан байх даа.

Муу найзынхаа араас зул өргөе дөө. Үйл үйлийн үрээ энэ насандаа хэлтэлж дуусгасан байгаасай, тэгээд хойт насандаа буян жаргалангийн оронд төрсөн байгаасай гэж залбирнам.

#

34 comments:

Anonymous said...

wow

Anonymous said...

neg tiim gej helj chadamgui setgeliin uyanga hanginaad l...

Anonymous said...

bas zovlon, yu gashuu amtagdaad l...

A.Амарсайхан said...

Хүн гэдэг араатан. Хүний ертөнц гэдэг араатны үүр юм уу даа. Тэр сайхан цагаан цайлган, хиргүй тунгалаг амьтан араатны дунд ямар их сэтгэлийн дарамтад хорин хэдэн жилийг бараа бол. Хоёр зуун жил мэт л удаан там байсан даа... /Зүүдчинтэй үеийнх, тэгээд оюутан байхад нь өнгөрсөн гэдгээс хорин хэд гэдэг тоог гаргалаа/

Та санаж байна уу? 80-аад онд Алтайн төв дээр Гонжоон гээд залуу аж төрдөг байсныг. Хүнд гэмгүй, уурын зуухны галч нарт зарагдаж, уут нүүрс олоод муу ээждээ яарах мэт түргэн түргэн алхалсаар холддогсон. Нүүрсээ үүрээд очихдоо ээжийнхээ магнай тэнэгэр царайг харж яасан их баярладаг байсан бол, хөөрхий. Түүн рүү хүүхдүүд чулуу нүүлгэдэг байж билээ... Одоо бодоход тэр гэмгүй амьтанд яах гэж тэгж араатан авир гаргадаг байсийм бол доо...

Amaraa said...

Saihan naizuud baijee

Зүүдний тэмдэглэл said...

Нана-д
Энд сэтгэлийн мухарт дуугарах төдий байгаа сулхан аялгууг тэнд сонсчихдог, "чиний чих бас их урт байна шүү"

Амарсайхан-д
Харин тийм ээ. Би боддог юм. Хүний бүх зовлонгийн бараг 99 хувь нь хүнээс хүндээ авчирсан, өөрөөс нь үүдсэн зовлон байх шиг ээ. Энэ эцэс төгсгөлгүй орчлонд хомхын төдий бөөрөнхий дээр инчдэх төдий хоромд хамтдаа амьдрах хувь тохиочихоод нэг нэгэндээ яагаад дандаа зовлон авчирдаг юм болоо гээд л... нийгэмд бол Ална, хядна, тамлана, тарчлаана, мөрдөнө мөшгөнө, мөлхүүлнэ, өлсгөнө, ойр зуурханд бол хараана, зүхнэ, муучлана, дээрэлхэнэ, илүүд үзнэ, хардана, хуурна, хулхидна, зодно, булаана, дарамтлана, хорсоно, хулгайлна, дээр нь гарах гэнэ, итгэл эвдэнэ, шунана гээд л эцэс төгсгөлгүй. Хүмүүс яагаад нэг нэгэндээ ингэнэ вэ, энэ тэнгэрийн дор хүнээс өөр хүнд бурхан үгүй л баймаар... Энэ их гэнэн бодол байх өө. Магадгүй би муу найз шигээ бас жаахан шаариг дутуу болоод тэгээд дэмий юм бодоод байж магадгүй.
Тэр Гонжооныг би нүдээр үзээгүй, зүгээр тэр үеийнхэн нэгнээ муучлахдаа түүнтэй зүйцүүлж, "Энэ нэг юмны байж байгааг, Гонжоон шиг, хэ, хэ" ч гэх юм уу, "Битгий Гонжоон царайлаад бай" гэхийг маш олонтаа сонсож, бас дуурайгаад хэлж ч явлаа.
Харин тэр үед Алтайн төвд Жижиг Толгойт, Том толгойт гэж хоёр цуутай хүн байсныг бол сайн мэдэх юм. Жижиг толгойт нь тэгээд удалгүй нас барсан бйах. Харин Том Толгойт нь саяхан болтол байсан. Алтайн төвийн арын Түмэнгийн ганган дотор орчихсон, бидний хүүхдүүд зүггүйтээд хормойноос нь зуурчихсан, нөгөөх чинь нээх олон чиргүүлтэй машин болоод л, бид чиргүүл нь болоод л, тэгээд ганганаас гарах гээд "үүд нь үүд нь, ххх-рр, дүүн" гээд л хүч алдаад, урхаад л, хаазлаад л нохой шиг дорооо шавж тоос босгоод л зогсож байдагсан. Нээг том халзан данхар толгйтой, таг солир нүдтэй, шүлсээ үсчүүлж, бага зэрэг тультраа ярьдаг, жижигхээн хүн байсан. Сайн уу гэхээр гараа өгнө, гарыг нь алгадчихаар тэр алгадуулсан гараараа хацраа тас хийлгэчихдэг, Гарыг нь хичнээн чанга алгадна, тэр хацраа төдий чинээ чанга алгаддаг. Годуу хүүхэдүүдтэй л явж байдаг. Цэцэн цэлмэгийн хувьд бол домог шиг л юм ярьдаг бйасан. Анх ЗИЛ130 машин ирж байсан юм болов уу, түүнийг заагаад энэ юу вэ гэхээр
Брежневийн бэлгийн цэнхэр
Бэлдэж ирсэн ганган цэнхэр
Даваа үзээд дааналздаг цэнхэр
Давсан хойноо годройтдог цэнхэр гээд л эцэс төгсгөлгүй урсгачихдаг... Бараг л толгой холбож ярьдаг байсан байх.
Арван жилийнхэн түүгээр улсынхаа шалгалтын билетийг таалгадаг, яг таадаг байсан гэлцдэг, том толгойт билет 4-10-ын хооронд унш гэсэн гээд манай эгч л лав уншаад 8 билүү 9 ирсэн гэсэн. Тэр үеийн Нам, Шүүх түүнийг бүүр зөнд нь орхичихсон. Элий балай гээд... Уг нь хамгаас эрүүл хүн шиг байсан ч байхаа магадгүй. Тэгээд цаг үедээ таарахгүй болохоороо балай болоод л явдаг байсан юм болов уу.
90 он гараад хотод ороод ирчихсэн, хааяа Гандан орохоор Гандангийн арын хийдийн /нөгөө өвдөгөө нухдаг хана/ ард хөлөө жийгээд суучихсан хүмүүс шавчихсан мэргэлүүлж байдаг байж билээ. Говь-Алтайн Том толгойт гэхээр хүмүүс анддаггүй, нэг тийм тун өвөрмөц, 6 дахь мэдрэхгүй нь хөгжчихсөн хүн байсансан. Нээрээ энэ хүний тухай юм хум цуглуулж бйагаад бичих юм байна шүү% Санаа.

АМраа-д
Тийм сайхан найзууп байсан гэхэд бас хаашаа ч юм бэ дээ. Хөөрхий түүний хувьд ганц найзалж нөхөрлөж байсан нь би байсан бйаж магадгүй.
Би тэмдэглэлийн дэвтэрээсээ нэг хуулбар зураг орууллаа. Пастелаар татсан юм. Нэг иймэрхүү төрхтэй, нэлээд төстэй байж магадгүй ээ

Uunee said...

Сум орондоо инээд доог болсон
Суут тэнэг манай нутагт байдаг юм
Хүй цөглөх багадаа авсан нэрийг нь мартаж
Хүмүүс түүнийг зүгээр л тэнэгээ гэж дуудна
Ганц муу морьтой өнөөх тэнэг чинь
Гангийн халуун наранд алдуул адуу усалж
Гар нь нэл цэврүү хөлсөө урсгаж зогсоход
Гаргуун тэнэг хүн ээ дээ гэж ухаантай улс шагшина...
Тавилын найр өндөрлөж тэртээ намар
Тал тал тийшээ найрчид тарсан юм
Цээлийн голдоо зартай ганц ерөөлч
Цэцэн Самбууг дагаад өнөөх тэнэг чинь арилж өгвөө
Гэрээс гарсан тэд айл хүрээгүй явтал
Гэнэтин шуурга тавьж аюул болсон юм
Ерөөлч тэнэг 2 сүйд боллоо гэлцээд
Есөн булгийн хяраас арай гэж олтол
Өмссөн хүрмээ ерөөлчид нөмөргөөд
Өөрөө харин амь алдсан байлаа
Өлгийтэй хүүхэд шиг элгэндээ түүнийг тэврээд
Өршөөлд нь ерөөлч дөнгөж голтой үлдсэн юм
Ерөөлчийг авраад өөрөө үхжээ гэхэд
Ёроолгүй тэнэг хүн ээ дээ гэж ухаантнууд аанай л гайхацгайсан гэдэг

Д.Цоодол найрагчийн дээрх мөрүүд санаанд орж байна.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

hun hunee dursan sanaj yavna gedeg saihan yum daa.

Anonymous said...

Hun shig saihan yavsan uls ene delhiig orhiloo ch Zuudchin geh met ulsuudiin setgel ergeed l irne. Muu sanaj munhaglaj yavsan uls hend ch uguilegdehgui.

Батсайхан said...

yamar goe yaruuu nairagch zohiolch shig bichij bnaa. setgel hudulchluu.

Anonymous said...

Та их гоё бичжээ. Биширч байна. Бас уйлах нь.

Anonymous said...

taniig zohiolch gej bodood baigaa shuu

Anonymous said...

bi ch bur uilsan l daa..

odoo inges gej bgaad 1 bichleg nemegdeh bh geel haraad l bna.

PS: The Sunchaser (1996-1997)
g uzsen uu? Uzeegui bol uzeerei, zuvhun VHS l bh daa..

eebee said...

yneheer setgel hodolmoor saihan bichchee, medehgyi goe ygs ch olon baina, amtarhan unshilaa

gegeen said...

balai yum olj unshsanaas hol deer baina shuu. huuye avyaasaasaa heregluuleh arga baina uu. bi yum bichmer ayadahaaraa hun urgeeheer yum bolgood baih shigee. chi neg zavaaraa haraarai za. www.gegeen.com

Anonymous said...

saihan denduu saihan bichij,
oird mgl hel deer iim saihan bichleg unshsangui...
unshaad setgel duurch bas hoosroh shig boldiim bn

tatah

Anonymous said...

saixan bichjee

Anonymous said...

sereechee, blogoo urgeljluulie eee

Anonymous said...

zuudleel untaadaigaamyy, yasan unu untdiim be, sereechee, serkuu bol senhen unseed uzii, serehn uu gsn,hehe.

Anonymous said...

Uuchlaarai. Tanii ene blogt setgegdel bicheed baigaa Nana gedeg chini yamar muuhai yum bichdeg huuhen be? Tegeed bas yamar ch yos surtahuun, medleg bolovsrolgui yum uu haashaa yum, mongol hel meddeg yum uu, yasan muuhai eh helee evdej "toglodog" buduuleg zavaan hun be??? Bichsen yum ni tiim saihan yum uu, yundaa unshdag yum? Blog hutulnu gedeg chini ih tom soyol shuu dee. Tiim zavaan hogiin sav shig yum ruu buu orooch.

Мика /美香/ said...

Гайхалтай. Би энэ бичлэгийг чинь 4 дэх удаагаа уншлаа. Унших тусам сэтгэлд их дотно санагдаад байх юм.
Энэ бичлэгээрээ дамжуулж хүн хүнээ хайрлах ухамсарыг бусдад өгч байгаад чинь баярлалаа.

Nana said...

neeree Govi-Altain biluu, Bayan hongoriin geluu, ter zugiinh shtee, tom tolgoit geed gandangiin tend suugaad yum uzdeg hun baidag geed hun zaaj ogchiisii, bi neg uzuulluu, yalaa, lav l neg ikh oishoogooguim dag...tiim hun baisiin baijildee, hoorhii.

Anonymous said...

HULEEGEED L BAIGAA SHUU

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Зүүдний тэмдэглэл said...

Найзийн маань араас надтай хамт зөндөөн олон сэтгэлийн зул өргөсөн та бүхэндээ маш их баярлалаа

artagnan- артаньян said...

Дасархай бичдиймбээ. Нулимс гаран алдлаа. Бараг гарчлуу.

Anonymous said...

Bi uilaad l ba. Huurhii duu. Bur iim hovorhon saihan setgeltei humuus bg yum aa. Zoduulsan hirnee honzognoson yum baihgui. Yah ve yah ve orhi geed. Huurhii duu. bodohoor l uruvduud baih yum. Zuudchin tand naiziin tani ter dur zurag ni bodogdood l dotor chini neg yum teegeldeg baih daa.

Ajlaa taraad gyls komputeree asaagaad tanii zuudeer ayldag. Margaash ih ajiltai ch. Za gants neg erch huch avaadahie geed l. daraa daraagiin zuudiig unshina...

Anonymous said...

denduu goyo bichij chamd murgug 10 unshiv

алтаргана said...

ямар ч гунигтай тавилан бэ...сэтгэл хөндүүрэлчихлээ. Хаа газар нэг тийм, гэмгүй хирнээ олонд илүү үзэгдсэн хөөрхийлөлтэй хүмүүс байх юм даа

Anonymous said...

Бичсэн dambar, September 02, 2009
Yostoi Altain xo'x xarchuudiin niitleg dur baina daa.

Бичсэн sANAA, September 02, 2009
saihan bichsen l baina sh dee. Iim l gunduugui saihan mongol er hovor baikh shuu. Hoorhii

Бичсэн ynen yg, September 02, 2009
mon ch saihan bichij dee

Бичсэн sain baina, September 02, 2009
Yamar sain bichee ve. Zuudcheen ho chi neg il garna baigaa.

Бичсэн sanal, September 02, 2009
gaihaltai, uur heleh ug alga! Ene deer ineed ni hursen bol Baagii bol soliotoi!

Бичсэн tiimee, September 02, 2009
engiin mortoo yamar saihan hun baigaa ve

nudend haragdtal bichjee. ehnii hun iim yum oilgohgui. tantai taniltsaj huuch hooroh yumsan.

Бичсэн saihan, September 02, 2009
Saihan bichjee. Nulims garlaa.

Бичсэн hoorhii doo ter hun, September 02, 2009
nudend haragdtal bichsen bn. nulims garch bn.

Бичсэн ganaa, September 02, 2009
estoi 1 yum unshsan yum shig bolloo.Saihan bichjee.oor heleh yg alga

Бичсэн BC, September 02, 2009
genet uilmaar sanagdchilaa. nadad bas iim naiz baij bilee, ter namaig tegj ix xairlaj, xundeldeg baixad bi busad xuuxduudtei niileed xaaya gomdoochixdog baij bilee. tsag xugatsaag erguulj boldogson bol.

terentei xamt deeshee taazruu xaraad xevtej baisan maani yaagaad ch yum sanaanaas ogt gardaggui, ter nadad neg yum xelex geed baixshig sanagdaj bilee. bi tuuniig urgelj boddog.

Бичсэн www.mglaus.com, September 02, 2009
oo tegeed ter baadantaig ni zadlahgui baisaar duusgachihlaa.

Бичсэн 1 nomeriin hund, September 02, 2009
ta iim yum unshaad ineej baigaa bol hunii mon chanar gedgiig daan ch medehgui hun bna daa. odoo ch iim hooson tolgoinuud ih bolj bna daa.Daanch saihan bichjee. Gehdee ta naiziigaa muu yumand oroh uyd ni tusalsan bol amid ch baih baijuu. um ma ni bad mi hum.

Anonymous said...

Бичсэн Dogoo, September 02, 2009
Egelhen heg naiziinhaa tuhai engui saihanaar nudend haragdtal , setgel hodoltol uneheer saihan bichsen bayar hurgie ! Saihan naizaa, saihan hunii setgeliig bichsend bayarlalaa. Neeree deer bichsen shig yum unshsan yum shig boloo .Hunii saihan setgel gedeg jijighen hariltsaan deer hergdaj baidag yum shuu . Odoo iim saihan genen hongor setgeltei saihan humuustei heseghen ch bolowch yariltsah san . olon saihaniig bichij baigaarai ! Sain saihaniig husie !

Бичсэн Jijgee, September 03, 2009
Ineedtei yum aa, Yasan ch yuhan humuus ve. jaahan nastology l hudluu biz. surtei sh te, he he

Бичсэн hun, September 03, 2009
zondoo yarch uillaa.saixan bichjee.bayarlalaa.

Бичсэн Emegtei, September 03, 2009
Uneheer l nudend haragdaltal bichsen baina. Egel jiriin bolovch tsanaa l hunii saikhan setgeliin hugiig hundsen tiim neg ariuhan zuiliig saikhan bichsen baina. Unshihad bas l neg tiim hungun gunig turj baina.

Бичсэн guns, September 03, 2009
Namaig bagad manai nutagt humuus iim saihan engiin baij bilee.Huuhed ahui nasiig min sanagalzuulsan saihan oguulleg bichsend chin bayarallaa.90 heden onii oyutan geheer minii uyiinh bololtoi.Chamd amjilt husie Bayarallaa

Бичсэн 1 mongoloos Jijgee-D, September 03, 2009
Jijgee Chi bol noxorlol andiin setgel gedgiig uzeegui urgelj gantsaaraa baisan boloxooroo end bichsen shig naiztai baix tavilanguiee urgelj gutarch baidag boloxoor tuuniigee nuuj xeneggui ix medegch xooson tolgoit xondii zurxten gedgee xaruullaa daa.

UNEXEER SAIXAN NOXORLOLIIN TUXAI BICHJEE. Muu naizuudiigaa zondoo sanaj baina daa

Бичсэн Сайн уу, September 04, 2009
Сайхан бичжээ. Надад их таалагдлаа. Монгол хүний сайхан сэтгэлээ гэж...

Бичсэн sleepy, September 04, 2009
saixan naizuud baijdee,,. yer sain naizuud gej jildee gants uulzaj uldsen udruuded ni setgeleeree holbogddog shuu dee tiimee?

Бичсэн ..., September 04, 2009
...Aya and mini chi haalgiig mini togshooch

Бичсэн usa, September 04, 2009
neg l goe bichjee ug helleg ntriig ni haraad deer ue bh gej bodson sorry yostoi l nuguu songodog zokhiol unshsan yum shig bolloo dursamj unshsan hernee

Бичсэн USA-s, September 04, 2009
Yamar saihan bichee ve? Ene zuudchin gedeg chin' harin saihan avyastai garuu ugui yu... Oor bichsen yum hum baidag bol taviach. Unshaad orovdood nulmis garah shahav shiv. Tun ih bayarlalaa.

Бичсэн kl, September 04, 2009
Òàëèéãàà÷ íàéç íàðàà áè ÷ ãýñýí èõ ñàíàäàã þìàà.Òýãýõýýð ç¿¿äýíä èðýýä áàéäàã þì.Èõ ãóíèãòàé ø¿¿

Бичсэн Uk-ees, September 07, 2009
Nudend uzegdej, chihend sonsogdoj, setgeld honogshison saihan oguulleg boljee and mini. Martah arga alga....

sol@ce said...

мэдэхгүй үг хэллэг нэлээд байна шүү..баярлалаа. сэтгэл хөндүүрлэж, харамсах сэтгэл төрчихлөө. хорвоо заримдаа хэтэрхий шударга бус байх юм.. амар амгалан тайван нойрсог

Anonymous said...

yamar goyo bichee ve, buur 1 saihan mongol, tarvaganii tos hanhalsan anchnii gert amraad aavd ni hamt erhelsen yum shig l bolloo.

Anonymous said...

гайхалтай сайхан зүйл олж уншлаа, машид их гялайв