Баригдчихжээ, би. Ямар хэрэг тариад, хэзээ, хэрхэн баригдсан юм бол, мэдэхгүй. Нэг их том хүнхэр таазтай зааланд хоригдож байх юм. Надтай хамт бас хэдэн хүн байна. Нэг хар толгойтой, уйгур юм уу, казак юмуу нөхрөөс бусад нь бүгдээрээ шарууд. Тэдэн дотор нэг л их үзсэн царайтай туранхай чөргөр, хэдэн сөрөвгөр хар сахалтай, хөнхөр нүдтэй, нэлээд яхирдуу байж мэдэх нэг нөхрөөс өөр миний таньдаг хүн нэг ч алга. Тэдний хэнийг нь ч гэмт хэрэгтэн гэхээргүй, бүгдээрээ буяны байгууллага, эсвэл сүм хийдийн төлөөлөгчид шиг амгалан дөлгөөн царайтай хүмүүс байх. юм. Харин нөгөөх миний зүс мэдэх нөхөр бол тэднээсээ арай өөр, өвчтөн шиг байдалтай байх юм. Миний хувьд ч бас нэг их баригдлаа, хоригдлоо гээд гутраад, гуниад байсан юмгүй, нэг жаахан хөнгөн, дэвэргэн сэтгэлд автчихсан байх юм аа.
Том том булиа цагдаа нар үүдээр цахилгаан бороохой барьчихсан холхицгоогоод л....
Гэтэл манайхан /би тэднийгээ шууд л манай тал гэж ойлгосон/ нэг жиг жуг гээд явчихлаа. Тэдэн дотор нэг бүдүүн гүзээтэй, амгалан царайтай хүн ярьж байх юм. За, одоо цаад Буш, Энхбаяр хоёр чинь бид нарыг дүүжлэх юм гэнэ, нөгөөх Саддамыг дүүжилсэн олс, шат, ялыг нь гүйцэтгэсэн иракуудыг аваад ирсэн, энэ доод давхарын бээсмэнтэд бэлтгэж байгаа юм байна гэж байна. Бүгдээрээ шуугиалдаад л явчихлаа. Нөхдүүдийн маань нөгөөх амгалан тайван царайд нь айдас түгшүүр тодроод ирэх шиг болж, зарим нь шууд л тураад, нөгөө бүдүүн гүзээ энэ тэр нь нүдэн дээр л алга болчих юм. Эсэргүүцэл зарлана гэж байна. Маргарет Тетчерт захидал бичих хэрэгтэй, эсвэл Дээд шүүхийн Болдбаатар хаана байгаа юм бол гэх юм. Нөгөөх миний зүс сайн мэдэх чөргөр нөхөр бүр уурлаад, туранхай хатингар гараа гозолзуулаад тааз өөд юм хашгираад эхлэх юм. Оросоор ярьж байна. Аа, би түүнийг одоо л таньдаг байна ш тээ. Тэр нөгөөх Чернышевский билүү, Оросын нэг нөхөр мөн байна. "Яах вэ?" гээд роман, бас утга зохиол, нийгмийн философийн номууд бичсэн нөхөр мөн байна аа.
Тэр болохоор үүний цаана Путин байгаа, Путиныг Дубайн /бодвол Арабын Дубай хот юм болов уу/ зах дээр л буудчих байсан юм гэх юм.
Тэгэж байтал цагдаа нар ирээд биднээс 4-ийг нь аваад гарлаа. Тэд нар дуугүй, үлдсэн бид хоёртой салах ч ёс хийлгүй тонгойчихоод гараад явчихлаа. Нэг цагдаа хэл байна. Та нар цонхоор хар,, цонхоор хар ... Та хоёрыг 30 минутын дараа ирж авна гэж байна.
Цонхоор нь харлаа. Гэтэл бидний байрлаж байгаа шорон далайн эрэг дээр байгаа юм байна. Далайн эргийн зөөлөн шаргал элсэн дээр 4 шон босгочихсон, тэндээс нөгөө дөрвийг маань дүүжилж байгаа бололтой юм. Хэдэн цагаан хувцастай, толгойдоо мөн том цагаан чалма ороочихсон хүмүүс тэднийг маань нухаад л байх юм. Гарыг нь хүлээд, хүзүүнд нь гогцоо оруулаад... Гадаа их сайхан нартай, тэнгэрийн өнгө далайн өнгөтэй нйилэн суунаг хөх униар татсан байх юм. ийм сайхан байхад үхнэ гэж юу байхав дээ гэж бодогдоод явчихлаа.
Тэгээд оргочихдог юм байна. Харин яаж хэрхэн оргосноо мэдэхгүй юм. Юутай ч оргосон байна. Индиануудын хэрэглэдэг нэг жижигхэн ухмал гуя завин дээр ганцаараа далайд хөвж явах юм. Нөгөөх нар яг түрүүчийнхээрээ, тэнгэр мөн л нөгөөх сиймгэр саарал хөх униартай хэвээрээ, халуун гэж харин жигтэйхэн. Би бодож байх юм. За , би Флоридагийн эргээс хөдөлсөн, нарны тойрог хөндлөн огтлоод л явах учиртай. Фидель дээр л очихгүй бол дэлхийн өөр хаана ч очоод аврагдахаасаа өнгөрсөн хүн дээ би.
Тэгээд сэлээд байх юм. Ямар их удаан сэлэв ээ. Эргэн тойрон далай цэлэлзэж байхад хатаж үхэх гэж байх нь ямар гачлантай вэ? Үхчихгүй л юмсан. Гайгүйдээ, амьд гарчихаад Буш, Энхбаяр хоёрын амыг нь нэг асуух юм хуна даа. Та хоёр муу луйварчингийн гараас амьд мултарчихдаг хүн бас байдаг юм шүү гэж бодитойгоор үзүүлэх юм шүү. Өнөөх Фидель хаана байна аа, гай болж, бие нь муу сонсогдоод байсан, уг нь намайг тосоод л авах учиртайсан. Би ч ингэж яваад арал хүрч чадахгүй нь дээ. Хөөе Фидель, Фидель чи хаана байна аа
Фидель, Фидель гээд л хашгираад явлаа. Очсон эсэхийг мэдэхгүй, сэрсэн чинь нүүрэн дээр 100 лааны гэрэл мэлтийчихсэн, нээрээ ам хачин ангачихсан байх юм. Ёо, ёо, Буш, Энхбаяр хоёрын гараас үнэхээр л мултарсан байгаасай гэж залбирав шүү.
Saturday, February 24, 2007
Буш, Энхбаяр хоёр нийлээд намайг дүүжлэхийг шахав
Posted by Зүүдний тэмдэглэл at 6:31 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
НОМЫН ЦАГААН СОЛИО ТУССАН ХҮН ЮМ БИШ ҮҮ....
bichsen zuil chine taalagdlaa. bi ch bs zuudleh durtai bsn, odoo ch durtai bgaa. bs Inception uzsenees hoish ygd ch yum buur durtai bolson
Post a Comment