#

Thursday, December 17, 2015

Саруул ухаантны дунд ганцаар мунхаг галзуу явах
Сайн буясад нь өчүүхэн дэм үгүй ч нэгэн биеийн зорго буюу
Мунхаг галзуусийн дунд харин ганцаар саруул гэгээн явах
Муу бүхний ачааг үүрэн зовох ч, буман төрлийн буян буюу

# # Read more! #

Monday, December 14, 2015

Зүүдний хорвоо


Эрдэнэ олж баяжих ба
Эрлэгт очиж үгүйрэх,
Эвлэж, салах бүгдээрээ
Эндүү сэтгэл төдийхөн.

Ноён хутагт Данзанравжаа


Хүмүүс гүн нойронд автаастай. Энэ нойр биеийн биш, дотоод ахуйн нойр. Хэдийгээр хөдөлж, ажиллаж, бодож төсөөлөх боловч хүний амьдрал турш зүүд нойр үргэлжилсээр байдаг. Сэрүүн тунгалаг агшин даанч ховор. Далан жилийн амьдралд нь сэрүүн агшин долоо байвал их юм. Хүн робот шиг амьдардаг. Маш дадмаг механик атлаа ухамсар сэрэхүй үгүй. Эндээс л бүх зовлон зүдүүр үүсдэг. Хүний бүх зовлон түүний зүүд нойрны бүтээл.

Юун түрүүнд энэ зүүд нойроо ойлгох учиртай. Зэн буюу бясалгалын зам мөр бол уг нойроос сэрэх чармайлт юм. Хүний амьдрал хоёр төвшинтэй. Эхнийх нь мөн чанарын, удаах нь тохиолдлын. Мөн чанар төрдөггүй, үхдэггүй. Харин тохиолдлын хорвоо төрж, нөгчдөг. Мөн чанар үүрдийн бол тохиолдлын амьдрал зуурдын. Бид тохиолдлын юмст хэт автаж, мөн чанараа умартдаг. Эд хөрөнгө, мөнгө төгрөг, гэр бүл, холбоо сүлбээ бүхэн зуурдын бөгөөд бидний мөн чанарт хамаагүй. Өнөө үед хүмүүс зуурдын юмст улам бүр уягдаж, ижил дасал болжээ. Та нар явахдаа бүхнийг орхиод явна шүү дээ. Энэ дэлхийг эзэлсэн хаан ч бай гар хоосон буцна. Төрөхөөс өмнө байсан, нөгчсөний дараа байх жинхэнэ дүрээ тань гэж Зэн хэлдэг. Төрөл, үхэл хоёрын дунд өөрийн дүр төрх гэж бодож байгаа бүхэн чинь зуурдынх юм шүү.

Ийм нэг жүүд онигоо сонссон юм. Унтамхай хүний тухай. Угтаа бол хүн бүхний тухай:

Тэр хүн үргэлж нойрмоглож явдаг байлаа. Гэрт, гадаа, үдэшлэг цэнгүүн, хурал цуглаан, сүм, театр, гудамжинд хаа ч бай, суугаа, зогсоо ямар ч байрлалаар унтаж орхино.

Нэгэн удаа мань эр гэртээ дуг нойрондоо дугжирч байлаа. Нойрон дунд аянга нүргэлж, ор нь хөдлөх шиг болжээ. Гадаа дуу цахилгаантай бороо орж байна даа гэж унтаагаараа бодоод, хөвөн хөнжилдөө улам шургав. Нойрон дундаа юмсыг хөрвүүлж тайлбарладгийг чи юу эс андах вэ. Сэрүүлэг дуугарч байхад өөрийгөө сүмд байгаагаар харж, сүмийн хонх дуугарч байна гэж зүүдлэх жишээтэй. Энэ бол нойроо хамгаалах гэсэн сэтгэхүйн заль.

Залуу тийнхүү дугжирсаар сэртэл хачин хоосон оргив. Дэргэд эхнэр нь ч алга, ор нь ч алга, хөвөн хөнжил нь ч алга. Цонхоор харах гэсэн чинь цонх байдаггүй. Шатаар доош гүйх гэтэл шат байдаггүй. Хаалгаар гаръя гэтэл хаалга нь ч бас алга. “Туслаарай!” гэж орилох гэтэл дуу гарах агаар ч байдаггүй. Бүх юм алга болчихжээ. Юу болсныг ойлгохгүй, гайхшаа баран хэсэг алмайрснаа “За, за, зүгээр унтдаг юм бил үү?” гэсэн бодол төрөв. Гэтэл дээр нь унтаж хэвтэх газар дэлхий ч байхгүйг харлаа. Тэр агшинд мань эр хуруугаа гозойлгож, “Унтаж байх хооронд дэлхий сөнөчихсөн юм биш үү? Унтаж байсан тулдаа мэнд үлдэж...” гэсэн санаа цахив.

Тэгснээ үймэрч эхэллээ: “Дэлхий байхгүй бол би одоо яах юм бэ? Ажилдаа яаж явах вэ? Амь зуулгын мөнгөө яаж олох вэ? Тэр тусам одоо үед амьдралын өртөг ийм өндөр, сагс өндөг хорин доллар хүрчихсэн үед... Эхнэр ядахдаа хааччихваа? Дэлхийтэй цуг, хармаанд байсан цалинтай минь хамт алга болчихлоо гэж үү? Тэр хүүхэн ч хүйтэн загнаж байна даа.”

Нэг өдөр дэлхий гэнэт алга болчихвол та нар ч бас иймэрхүү бодолд автсаар байх вий. Сагс өндөгний үнэ, ажил алба, мөнгө төгрөг, эхнэр... Өөр бодох юм та нарт байдаггүй. Ертөнц хэдийнээ алга болчихсон байхад дадал болсон бодол үргэлжилсээр байна.

“Унтъя гэвэл одоо яадаг юм билээ? Хөлөө жийх газар ч алга. Нуруу чилбэл хаанаа хэвтэж амраах вэ? Дэлгүүр дэх дутуу ажлаа яаж гүйцээнэ ээ? Шил юм уумаар санагдвал хаанаасаа олох уу?” гэхчлэн түмэн өнгийн бодолд дарагджээ.

Ийм юм байх уу даа гэж эргэлзэх байх. Эрт, орой нэгэн өдөр хүн бүхэнд ийм зүйл тохиолдоно. Хүн бүхэн үхдэг. Гэв гэнэт бүх ертөнц замхарч, өөр хэмжээсэнд ордог. Зөвхөн гадар хүрээгээ мэддэг хүн бүр ийм бэрхшээлд орно. Үхэл дунд хүрээ алга болж, төв рүүгээ чи шидэгдэнэ. Гэтэл чи төвийнхөө хэлийг мэддэггүй, түүнийг огт ойлгодоггүй. Тэр чамд зүгээр л эл хуль, эзгүй хоосон санагдана.

Манай баатар шалдан гуя болоод, юу хийхээ мэдэхгүй гайхширч зогссоноо: “Чөтгөр аваг. Ямар ч ертөнц байхгүй хэрэг үү? Тэрүүгээр ер нь яадийм. Арилбал арилна л биз. Зүгээр сайхан цаг нөгчөөе. Явж кино үзье.” Гэвч ертөнцтэй цуг кино ч алга болсныг сэхээрлээ. “Ээ, тэнгэр минь, юу болоод байна даа? Би ямар золгүй юм бэ? Хэрэв чанга хурхирч унтсан бол өөрийгөө сонсоод сэрэхгүй юү? Тэгсэн бол бусад бүх юмтай цуг алга болох байж дээ. Одоо яана аа? Өглөө ганц дүнз шар айраг уудаг сан. Хаанаас олох вэ? Эхнэр хааччихваа? Арай надаас зугтчихаагүй байгаа? Олбол чамд үзүүлээд өгнө дөө! Ингэхэд цаг хэд болж байгаа юм бол?”

Тийнхүү үглээд цагаа харах гэтэл цаг нь алга. “Хоёр доллараар авсан цаг шүү дээ” гэж санагалзав. “Дэлхий ертөнц арилаа л биз. Над падлийгүй. Харин цаг алга болчихдог нь юув дээ. Дахиад шинийг авъя гэвэл хоёр доллар шүү дээ... За байз, хаанаас ганц шил пиво олох вэ? Эхнэр яачихваа? ... Би ингээд орь ганцаараа үлдлээ гэж үү? Ээ халаг, ийм гай зовлонд унах гэж?”

Хөөрхий эр гасалж, толгойгоо шаах гэтэл толгой нь байдаггүй, торох барих юу ч олдсонгүй...

Энэ бол хүний сэтгэхүй хэрхэн ажилладаг тухай үлгэр. Та нар өөрсдийн төсөөллөөр ертөнцийг бүтээдэг. Хэзээ нэгэн цагт алдуурч одох зүйлст ижил дасал болон ээнэгшдэг. Тийм болохоор Дорнын арш нар хорвоо ертөнцийг “илбэ” буюу Маяа гэж хэлдэг. Энэ нь жинхэнэ ертөнц биш, харин та нарын зүүд нойрноос бүтсэн хуурмаг ертөнц гэсэн үг...

Улам мөн чанарлаг болж, зуурдын амьдралаас ангижир. Үүрдийнх л үнэн, зуурдын бүхэн хуурмаг болохыг санаж яв. Зуурдын юмстай ижилсэх хэрэггүй, зүгээр л ажигла. “Миний”, “минийх” гэдэг тоглоом үнэхээр утгагүй, тэгсэн мөртлөө хүний амьдралыг бүхэлд нь хамардаг. Энэ дэлхийд чи хоосон ирсэн, явахдаа хоосон буцна. Дэлхий ертөнц чамайг ирэхээс өмнө байсан, явсан хойно ч байх болно. Өмчилж буй алт эрдэнэ, алмааз чулуу чинь өмнө байсан шигээ эндээ үлдэнэ. Тэд чамайг санах ч үгүй. Өмчилж явааг чинь өнөө ч бас анзаарахгүй.

Юмстай ижилсэхээ болиод эхэлбэл эрт, орой нэгэн цагт чи мөн чанартаа нэвтэрнэ. Энэ бол ангижралын утга. Ангижрал нь хорвоо ертөнцөөс зугтаж, Хималайд юм уу сүм хийдэд бүгэхийн нэр биш. Хаашаа ч явсан нөгөө л сэтгэлээ өвөрлөж явдаг. Энд байхдаа эхнэр хүүхэд, орон гэрээ өмчилж байсан бол тэнд очоод сүм хийд, шашин суртлыг өмчилнө. “Минийх” гэсэн үзэл хэвээрээ болохоор дүндээ дүн.

Ангижралын жинхэнэ утга бол: Хаана ч байсан юмсыг орхих шаардлагагүй, учир нь анхнаасаа чи тэднийг эзэгнээгүй. Хэрэв үнэхээр эзэгнэж байсан бол орхиж хаях нь утга учиртай. Угаасаа чинийх биш зүйлийг яаж орхих билээ? Юуг ч эзэгнэж чадахгүйгээ мэдэх нь жинхэнэ огоорол юм. Сайндаа л чи юмсыг ашиглаж болох, түүнд талархах учиртай. Харин эзэгнэж чадахгүй. Тиймээс өмчийг биш, өмчирхөх сэтгэлээс салах нь ангижрал юм. Зэнгийн хэлдгээр төрөлх дүрээ танихын нэр.

 “A Sudden Clash of Thunder” - Ошо
П.БАДРАЛ

# # Read more! #

Thursday, November 5, 2015

ОРГИЛ ӨНДРИЙГ САНААШРАХУЙ


Агдаж багтарсан үй олны дунд амь тэмцэн, гайхаш тасран
Алхам бүрд бачимдал, хяслаант дажины орилоон сонсогдохуй дор
Алс уулын цасан хялмаант халил цагаан оргилыг 
Аяа, амгалан зөвхөн тэнд л буй хэмээн эрхгүй санааширнам...
.
Цасан хуйларч, шуурга нижигнэн буй за, тэнд
Цахилах аянгын нүргээн дор аадар асгарч буй за, тэнд
Нарны гэрэл дураар наадах тэнд 
Навчис хийсэн хийсэвч үл хүрэх буй за, тэнд
.
Худал хуурмаг үгүй буй тэнд, хатуу бөгөөд гашуун үнэн л бий
Хувьчхан мунхаглал үгүй буй, эрэмгий хурц л зөвхөн бий
Атаа хорсол, жөтөөрхөл үгүй билээ тэнд, асралт сэтгэл л бий
Амь тэмцсэн тэчьяадал ч үгүй тэнд алдар нэр, гавьяа ч хэрэггүй буй
.
Жавар хялайж эр тэвчээр шалгах тэр халил оргилд
Хорсол, доромжлол хийгээд мунхаг бүхэн үл тэснэм
Салхин исгэрч, хүч зориг шавхах тэнд 
Хоосон ихэмсэглэл, бардамнал хийгээд өчүүхэн бүхэн хийсэн одном
.
Оргил өндрийн цавчим элгэнд нь омголон бүргэд үүрээ заснам
Оготно зурамхан мэт оор цоорхон дор үл харагднам
Орь ганцаардал нь харин эрхэмсэгээр чимнэм түүнийг
Орчлонгоос халихдаа ч энгүүн хийгээд идэрхэг золбоолог байнам тэнд...
.
Хөлчүүрхэж, анд минь хэмээн хэн ч тэнд дотносдоггүй,
Хөөрхий минь, тэр минь гэж хэн ч тэнд өрөвдөлт дуугаар гоншигнодоггүй 
Хөхрөгч тэнгэрт, хязгаар үгүйд тэмүүлэгч гэж харин мэргэд шивнэнэ
Хүй олны бачимдалт хашгираан, түүний цуурай, алга ташилт ч үл хүрнэм тэнд...
.
Оргил өндрөөс зөвхөн оргил өндөр л ихэмсэгээр харагдах буй за,
Оргилд өндөрт зөвхөн орь ганцаардал л эрхэмсэгээр орших буй за,
Оргил өндрөөс зөвхөн орчлонгийн аугаа нь гайхам нээгдэх буй за
Оргил өндөр өөд зөвхөн осолгүй үнэн зоригтнууд л тэмүүлэх буй за,
.
Цасан хуйларч, мөнхөд гялтагнах оргил гэгч
Цайлган тэнэгийн үл мэдэх, хувь дутах оршихуй...
Өршөөл үгүй шударга хууль тэнд буй учир
Өнөд зүрх сэтгэлийн минь орь хүслэн болдог буй за...
2015.11.03
.

# # Read more! #

Saturday, October 3, 2015

Хайку

Хоосорсон ч муу үүргэвч минь
Учиргүй хүнд санагдах нь
Хол аяны төгсгөл буюу...
2015.7.27

# # Read more! #

РУБАЙ


.
Билэг эрдэмд шамдан юу хийнэ вэ, дүү минь...
Битүүхэн дотроо шаналж, ганцаардахыг хүсээ юу??
Үстэй булган малгай сэцэн ухаанаас үнэтэй орчлонд
Үнэндээ чи түүгээр яах ч юм бэ, дүү минь?
.
Зол жаргалыг тэсэлгүй эрэвч олж чи чадахгүй.
Золгүй хувь тавилангаас зайлж чи чадахгүй
Зовлон чинь зугаа болохын цагт л
Зоргоор үйлдсэн бүхнийг чинь хэн ч буруутгаж чадахгүй...
.
Ариухан дурлалын домогт анд минь чи юунд итгэнэ?
Ашиггүй, насан туждаа гиюүрч явахыг хүсээ юу?
Хилэн хөнжил дурлал хайраас үнэтэй болчихсон орчлонд
Хэнэггүйхэн, Дон ахай шигээ байвал дээргүй юу?
1993.10 сар...



# # Read more! #

Блок-т

Уй гунигийн яруу дууч Блок чи
Уйлах ч нулимс үгүй чи
Урсах ч цус үгүй, мөсөн зүрхтэй чи
Унтах нойронд минь ч болов тайван байлгаач..

# # Read more! #

Tuesday, September 1, 2015

нэргүй шүлэг

...
Гудамжны голд чамайгаа торойтол нь орхичихоод
Гунигт шөнийн гүн рүү дахиад л алхсан би...
Баяртай ч гэж хэлээгүй, шүүрс ч алдсангүй
Бахдал болоод гунигийн тухай ч дурссангүй
...
Чи бидэн дандаа хамт байдаг учраас

Чимээгүй, нулимсаа нуун залгилаад ч яанам, чи минь
Ярьж хэлэх зүйл хичнээн их байсан ч
Яг энэ мөчид юу ч хэлэх хэрэггүй ээ...
Хуучирсан үүргэвч минь харин ямархан хүнд байгааг
Хуурмагхан инээмсэглэлээрээ л өгүүлнэм би...
1995.12.
/хуучин тэмдэглэлээс/

# # Read more! #

Sunday, August 30, 2015

ГАЗЕЛЬ - 7


Дурлалын цэцэгс анхилам дэлбээгээ дэлгэнхэн байж, би мэдсэнгүй
Дуулим хорвоо хайрын уянгыг тэнгэрийн бошгоор аялан байж, би мэдсэнгүй

Даамай гэнэхэн сэтгэлээр бидэн бие биедээ дассан байж, би мэдсэнгүй
Дахин эргэхгүй хайрын хавар дэргэд минь ирчихээд нялхран байж, би мэдсэнгүй
.
Сунгасан гарыг чинь ч тосолгүй, чамаас салан одохдоо ч би мэдсэнгүй
Сувдан үрэл харцанд чинь бөнжигнөхөд гайхан зогсознохдоо ч би мэдсэнгүй
.
Зүрхэнд минь чи нэгэнт байраа олон төвхнөсөнийг ч би мэдсэнгүй
Зүүдэнд минь чиний харц хайр нэхэн мэлмэрэхийг ч би мэдсэнгүй ээ
.
Чамаас салан одсон тэр хормоос хойш хичнээн ч өдрүүд урсав..
Царай барайн үлдсэнийг чинь санахад зүрхэнд мэс хүрэх шиг ээ, би мэдсэнгүй
.
Анзааралгүй гишгэчээд өнгөрсөн хайрын хаврын цэцэгс
Ахин дэлбээлдэг юм уу?, тэнгэр минь надад хэлээч, би мэдсэнгүй
.
Гунихарсан сэтгэлийг чинь би одоо юугаараа нөхдөг билээ?
Гуйж сөхчин унавч цагийн эрхээр сэдэрсэн байвал яанам, би мэдсэнгүй
.
Уулзал үгүй чи надаас эгнэгт нүүр буруулсан бол би хаачих билээ?
Увиагүй зангийнхаа горыг эдлэн шаналанг үүрд тэврэх хувьтай гэж үү? би мэдсэнгүй
.
Салан одсон тэрхэн хоромд нүдэнд чинь нулимс тунарч байсансан...
Санаж сэхээрээд одоо гиншихэд Навой минь, миний зүрх цусаар уйлах шиг ээ, би мэдсэнгүй дээ...
...
1993.4.3

# # Read more! #

Sunday, August 2, 2015

Нэргүй баллад



Асар тэнгэрт шадар асга хадны шилд 
Аглаг уулсын цавчим босоо энгэрт, 

Чилгэр гоо эгц шулуун цэл залуу шинэсүүд 
Чин үнэнчээр биесээ түшин шивээлэн ургана... 
Сүр жавхлангаа гайхуулан гунхалзах тэдний
Сүрлэг гоо үзэмж хорвоогийн найрлыг аялана..
Намар арвантаа буцаж, хавар арвантаа ирэхэд
Наранд тэмүүлэн суналзах тэднээс хэдхэн нь үлдэнэ...
Цаазын ял мэт хөрөө сүхэнд хяргагдан унасан нь үгүй
Цагийн жамд сөхрөн өмхөрч унасан ч үгүй...
Өөдөө цойлон чадсан цөөн хэдийнхээ сүүдэрт
Өсөх залуухан насандаа олонхи нь гундан хатжээ...
Тэмүүлэн ургах тэднийхээ тэлэх зайг нь суллаад
Тэнхээ алдран унахдаа тэмдэг мөр ч үлдээсэнгүй...
Хавар зуунтаа ирж, намар зуунтаа буцахад
Ханагар том хэдхэн модод салхинд исгэрсээр
"Тэртээ нэгэн цагт бид чилгэр гоо, цэл залуухан
Тийм л олуулаа, тийм л сайхан байлаа" хэмээн бахдан дуулна...
.

# # Read more! #

Thursday, May 21, 2015

ЧИНИЙ ҮГҮЙ ОН ЖИЛҮҮДЭД БИ...

Чиний үгүй он жилүүдэд би...
Сиймэн навчис эргэлдэхэд дэгэн дэрвэсэн
Сэмжин үүлс нүүдэллэхэд дэгэлзэн гүйсэн
Нүүдлээс гээгдсэн ганганагч ганц галуу байлаа...
Цасан бударч, жавар тачигнаад 
Цан татаж, нуур тэшихэд
Цахираа өнчин ганганаанд минь 
Цаг хугацаа гацсан мэт байлаа...
Чиний үгүй он жилүүдэд би...
...
Он жилүүд гэвч улиран улирсаар л байж... 
Ор үгүй хоосныг ойлгож, огт үгүйг мэдэрч
Охь ганцаар гэдэгтээ эргэлзэхийг байж 
Орж гарч, уйлж дуулж, 
Олонтой бужигнаж, бас гиюүрэн тэнэж
Онож алдаж тэссээр л байсан ч
Орь дуун минь харин тамирдан суларсаар байж
Орчлонгийн хэвд таараагүй даль живэр минь хугарчихаж...
Санчиганд минь уулсын цас тогтоод
Санаанд минь хорвоогийн гуниг хургаад
Сарны туяанд дуу аялан суудгаа мартаад
Саяны хийгээд өнийн явдлыг ч ялгахаа байж ээ
Тийм л олон он жилүүд улирааж
Тийм ихээр дуудан дуудан ганганаж ээ...
...
Чиний эзгүй тэр он жилүүд улирч одоод
Чиний дүр зэрэглээн дундаас тодроод
"Чи минь" гэх дуу чинь яруухан сонсогдоход 
Чи намайг олохооргүй болчихсон байх юм
Хаврын цас болон хайлаад 
Чиний гишгэсэн мөрд шингэчихэж би
Намрын шувуу болоод 
Чиний явсан зүг зөрөөд одчихож би
Элсэн ширхэг болоод 
Салхинд хийсэн сарничихаж би
Эртний хүн чулуу болоод 
Сарны хүйтэн туяан дор хөшчихөж би
Чиний үгүй он жилүүдэд би
Сэрэмгүй зүүдэндээ л найдаж байсан минь
Зүүд чигтээ үлдчихэж...
Чиний үгүй тэр он жилүүдэд
Зүрх минь үлдчихэж...

# # Read more! #