#

Sunday, August 16, 2009

Хоёр зүүдлэгч

Арабын түүхч Аль Иксахи энэ явдлыг тэмдэглэн үлдээжээ. Нэр хүнд бүхий эрхэмсэг хүмүүсийн /хэдийгээр гагцхүү Аллах л бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч, энэрэл нигүүсгэлтэй, алжаалыг үл мэдэгч боловч/ яриагаар хэзээ ч юм бэ, Каир нутагт нэгэн сайхан сэтгэлт, баян, эр зоригтой хүн амьдарч байжээ. Тэр асар удалгүй бүх өмч хөрөнгөө алдаж, эцгээс өвлөж ирсэн ганц байшингаас өөр эд хогшилгүй, зүсэм талхныхаа төлөө борви бохисхийлгүй ажиллах тавилантайгаа эвлэрэн үлджээ. Нэг удаа цэцэрлэгт ажиллаж байгаад нойр нь хүрч, хонологын саравчин дор ороод унтаад өгч.

Гэтэл зүүдэнд нь нэг үл таних хүн үзэгдэж, амнаасаа алтан зоос гаргаад хэлэв:
-Персийн Исфаханд чамайг баялаг хүлээж байна, түүний хойноос одоохон яв!
Маргааш өглөө нь тэр холын аянд гарлаа. Замд нь элсэн цөл, түргэн урсгалт гол, муу санаат хүмүүс, зэрлэг араатан гээд зүсэн зүйлийн аюул тааралдсан боловч замаасаа буцалгүй явсаар Исфаханд хүрч, нэгэн дэн буудлын газар хоноглохоор буув. Тэр дэн буудлын газар, Аллах тэгж таалснаар, тэр шөнө бүлэг хулгайчид хонож байжээ. Шөнө тэд зэргэлдээ айлын гэр лүү хулгай хийхээр орсонд гэрийнхэн мэдэж, тусламж хүсэн хашгиралдав. Хөршүүд сэрж, үймээн шуугиан болсонд төд удалгүй шөнийн эргүүлийнхэн хүрч иржээ. Хулгайчид энэ зуур дээвэр дамжин алга болов. Шөнийн эргүүлийнхэн дэн буудлын газрыг нэгжиж, нөгөө кайр хүнийг олж, хулсан саваагаар хайр найргүй занчсанд золтой л амь тавьчихсангүй. Шоронд хоёр хоносны эцэст сая ухаан оржээ. Дарга түүнийг дуудаж байцаав.
-Би гайхамшигт хот Каирын хүн, Магрибын удмын Мохаммед байна хэмээсэн түүнээс дарга:
-Чамайг ийшээ, Перс рүү юу дуудаа вэ? гэж асуув.

Каир хүн үнэн санаагаа нуусангүй:
-Миний зүүдэнд нэг хүн Исфахан руу явбал баялаг хүлээж байгаа гэсэн юм. Тэгээд энд иртэл юун баялаг байтугай, зодуур, шорон гээд үйлийн мууг үзэв гэжээ.

Үүнийг сонссон дарга тачигнатал инээж:
-Юун ч гэнэн юм билээ дээ! Надад Каирт нутагт, эргэн тойрондоо цэцэрлэгтэй, цэцэрлэгтээ нарны цагтай, хажууд нь хуучин муу хонологын саравчтай, тэр саравчин дор нь их эрдэнэ нуусан байшин гурвантаа зүүдлэгдсэн. Тэглээ гээд би худал зүүдэндээ итгэж тийш явсангүй. Гэтэл чи чөтгөрт ховсдуулчихсан юм шиг зүүдэндээ итгээд хотоос хот руу хэсүүчилж явдаг! Май, энэ сохор зоосыг аваад шалавхан тонилж үз! гэжээ.
Каир хүн сохор зоостой гэртээ буцаж ирлээ. Тэгээд шөнийн эргүүлийн даргад гурвантаа зүүдлэгдсэн өөрийнхөө байшингийн цэцэрлэгт очиж, хуучин муу хонологын саравчин дороосоо их эрдэнэс ухаж авав. Тийнхүү Аллах түүнийг харж үзээд өндөр шан хүртээжээ.
“Мянга нэгэн шөнийн үлгэрээс”

#

4 comments:

bolor7erdene said...

Нээрээ 1001 шөнийн үлгэр дээр зүүд тайлах явдал олон бичсэн байдаг. Эргээд сөхөж үзье байз

Anonymous said...

Paulo Coelho-giin Alchemist zohioliin undsen uil yavdaltai ijilhen ulger baishd

Anonymous said...

Alhimich zohioliin gol baatar honichin zaluud yag iim yavdal tohiolddog sh dee. Olon jil erdenes haij yavsanii etsest deeremchdiin ahlagchiin zuudendee zaluugiin Ispanid honi hariulj baisan gazar bulaatai baigaag harsan tuhai sonsdog.

Anonymous said...

alhimchiig unshaad paulo coelho 1001 shoniin ulgerees tuuchihaj dee gej bodogdson dog.