#

Tuesday, August 18, 2009

Колриджийн зүүд

“Хубилай хаан” /тэгш бус хэмнэлтэй ч гайхамшигт уянгатай тавь гаруй мөр/ хэмээх уянгын хэсэглэл Английн яруу найрагч Сэмюзл Тейлор Колриджид 1797 оны зуны нэгэн өдөр зүүдлэгдсэн байдаг. Колридж хожим бичсэнээр тэр үед Эксмур орчмын хөдөөгийн нэгэн байшинд ганцаараа амьдарч байсан тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар мансууруулах бодис хэрэглэсэн аж. Хэдхэн минутын дараа нойронд автах хүртлээ баруун зүгт Марко Пологийн буянаар алдаршиж амжсан Хубилай хааны ордон байгууламжийн тухай бичсэн Пэрчесийн номноос уншиж байжээ.

Санамсаргүй уншсан зүйл нь зүүдний хэлээр өрнөн, үржиж хуваагдан, унтаж байгаа хүний нүдний өмнө дүр зураг зэллэн үзэгдэж, тэр ч бүү хэл тэднийг илэрхийлж буй үгс өрөгдөн бичигдээд өөрөөр хэлбэл мань хүн хэдэн цагийн дараа гурван зуу гаруй мөр найраглал зохиож эсвэл хаа нэгтээгээс хуулбарлан хүлээж авлаа гэсэн итгэлтэйгээр сэрж иржээ. Сэрж ирсэн хойноо ч нэгд нэгэнгүй санаж байсан бөгөөд зөвхөн энэ хэсэглэлийг буулгаад байтал гай дайрч, гэнэтийн зочин айлчилсанд бичгийн ширээнээсээ холджээ. Харамсалтай нь дараа нь юу ч санаж чадсангүй.

“Миний үзсэн зүйлийн ерөнхий дүр зураг үлдсэн авч тэр гайхамшигт найраглалын найм есөн мөрөөс бусад нь чулуу гүйлгэн шидэхэд усны мандал дээр үүсдэг төгрөг догио шиг хоромхноо үзэгдээд арилсныг, тэднийг яагаад ч сэргээх боломжгүйг би багагүй гайхаж бас их харамссаар мэдэрч билээ” гэж Колридж халаглан бичсэн нь бий.

#

No comments: