#

Friday, August 14, 2009

Зүүдгүй сэтгэл гэдэг Намрын нуур шиг ээ

Шувууд нь буцчихсан нуур хоосрол, эзэнгүйдлийн гунигаар цалгилан байдаг даа. Тэр цалгисыг өнгөөр ялгах, үг болон авиагаар илэрхийлэхэд бэрх, болхи толхихон болох мэт. Намрын гунигийн талаар найраг шүлэг олон. Ер нь олонхи найрагчид намар л илүү хөглөгддөг. Гэвч тэр бүхэн зөвхөн гарчиг, хар зураг төдий болдог. Хэр дээд түвшинд хийсвэрлэнэ тэр хэмжээгээр тэр эзэнгүйдлийн гунигийн мөн чанарт ойртоно.

Зүүд заримдаа яг үүнтэй адил. Зүүд хэдийчинээн хийсвэр, бодигүй байна тэр чинээгээрээ нууцлаг бөгөөд илэрхийлэхэд бэрх, тэр чинээгээрээ ер бусын нууц цэцэрлэгийн хаалганд ойртож очсон байх нь бий.

Гэхдээ би энэ талаас нь биш өөр талаас нь өөрөөр хэлбэл зүүд нь орхиод явчихсан сэтгэл зүрх яг л тэр шувууд нь буцчихсан нуур лугаа адил гэдэг талаас нь санаа илэрхийлэх гэсэн юм. Хадуурчихлаа. Сүүлийн үед зүүд маань хаа нэгтээ хулжин одоод, сэтгэл зүрх маань яг л тэр намрын өнчин нуур шиг цалгилан байна. Тэгээд ч тэр юм болов уу, блогоо ч ховорхон эргэх юм даа.

Мэдээж, огт зүүдлэхгүй байгаа хэрэг биш. Өдөр бүр шахам зүүдэлсээр л байгаа. Гэхдээ зүүдэнд ялгаа их бий. Зүгээр л шөнө бүр шахам зүүдлэгдэж байдаг, юу ч үгүй, сэтгэлд зүрхэнд тэмтрэгдэх юу ч үгүй тийм зүүднүүд бол мэдээж хэрэг тасрахгүй л дээ. Шинжлэх ухааныхны, материалистууд тухайн өдөр нь ч юм уу, сэрүүн байх аль нэг үед нь нүдэнд нь өртсөн ямар нэгэн дүрс, сэтгэлд нь торсон ямар нэгэн мэдрэмж, санаа бодлынх нь илэрхийлэл, далд ухамсрынх нь үргэлжлэл гэж тодорхойлцгоодог нь ийм өдөр тутмын шахуу зүүднүүдийн хувьд яах аргагүй үнэн зөв юм.

Харин, юу ч гэмээр юм, жинхэнэ зүүд ч гэмээр юм уу, өөр нэг оршихуйд хөтөлдөг ч гэж хэлж болохоор тийм зүүднүүдийн хувьд бол өөр хэрэг. Тийм зүүд их ховор, зарим тохиолдолд 1/999 ч байж болох байх. Тэгэхээр миний зүүдлэхгүй байгаа гэж буй маань тийм ховор зүүднүүдийн тухай яриа юм.

Надад нэг ийм бодол байдаг. Шинжлэх ухаан зүүдний нууцыг тайлсан гэдэг, бас зарим нь тайлж чадахгүй байна ч гэдэг. Аль аль нь үнэн.

Зүүдний нууцыг тайлсан нь үнэн гэдгийн учир нь дээр өгүүлсэн тэр анхан шатны гэмээр зүүднүүдийн тухайд юм. Тэрийг бүр тархины бор хальсны түвшинд хүртэл судалсан байх. Өөр нарийн судалгаанууд ч хийгдсэн.

Тайлж чадаагүй гэдэг нь ч бас үнэн. Энэ нь өнөөх арай өөр гээд буй тэр өөр оршихуйн мэт нарийн түвшиний зүүдний тухайд юм. Олонхи судлаачид нийтлэг байдаг тэр энгийн зүүднүүд дээр тулгуурласан ойлголтоороо ийм нарийн зүүдэнд ханддаг нь буруу юм. Хүн бүрийн бие эрхтэн адил тул дурын 10 хүнийг туршилтанд оруулахад л элэг бөөрний ямар асуудал байдгыг амархан тодорхойлж болдогтой адилгүй. Судлаачид яг тэр нарийн зүүдийг тэр бүр олж судлаад байсангүй, зарим судлаачдын анхааралд тийм зүүд өртсөн байдаг ч түүнийг тохиолдол гээд тоохгүй өнгөрөөчихсөн нь бий.

Өөр нэг алдаа нь тэр нарийн зүүдийг зүгээр л 2+2=4 гэдэг шиг тодорхойлчих гэж зорьсонд байгаа юм. Гэтэл зүүд хэдий чинээ нарийн байна тэр чинээгээрээ бидний оршин буй гурван хэмжээст оршихуй хийгээд нэг урсгалт цаг хугацааны үйлчлэлээс хальж явчихсан байдаг. Өөрөөр хэлбэл 2+2= 99 юм уу, эсвэл 37-ын 13 зэрэгт ч гарч болно гэсэн үг. Диваажингийн хоригдлын зүүдэндээ зүүдэлж, зүүдээ хулгайд алдсанаа буцаагаад яг л тэр зүүдэндээ зүүдэлж олж авдагтай адилаар тэр нарийн зүүдний учрыг тийм түвшинд нь судалж үзэх хэрэгтэй байх. Түүнээс биш зүгээр нэг бор тархи, инстикт энэ тэртэй зууралдаад түүний нууцаас хэлтлэх ч үгүй. Хүний оюун санаа улам нарийсах тусам орчлон ертөнц дээшээ хязгааргүйн адилаар хүний оюун ухаан дотогшоо хязгааргүй байгааг мэдэрдэг гэдэг. Эцэст нь энэ хоёр хязгааргүйн мөн чанар нэг болохыг, үзүүр хаяа нь нэгдэж байдгыг мэдрэх болно. Одоо бидний авч үзээд буй тэр нарийн зүүд нь ийм оршихуй руу ойртож байх шиг санагддаг.

Нөгөө нэг Москва ороод ирсэн чукчагийн онигоо байдаг даа. Бусад нь түүнээс ямар сонин сайхан үзсэнийг сонирхож асуудаг. Тэр онгоцоор ниссэнээ ярихад нь чукча нар онгоц гэж юу болохыг огтхон ч төсөөлж чадсангүй. Мань эр Москвагаас хэдэн алим авчирчээ. Онгоц гэж юу болохыг бусаддаа ойлгуулж ядаад мань чукча маань өнөөх хэдэн алимаа зааж “Үүнээс шал өөр юм” гэсэн гэдэг. Яг үүнтэй адилаар тэр нарийн гэгдэх зүүд нь бидний шөнө бүр шахуу зүүдэлж байдаг тэр зүүднүүдтэй харьцуулахад шал өөр юм.

Зүгээр маш энгийн, ойлгомжтой тайлбарлахын тулд Сент Экзьюперийн нэгэн постулатийг ашиглая. “Чи өөрийгөө оршин байгааг мэдэрч байна аа гэдэг чинь би чамайг зүүдэлж байгаа хэрэг”

#

3 comments:

bolor7erdene said...

Тиймээ, тун сонирхолтой байна. Магадгүй чиний өгсөн хулгайд алдчихлаа гэдэг сэдэл надад тэр зүүдийг илгээсэн ч байж болох. Мэдээж би хэрхэн олж авах аргаа бодож тооцоололгүй нойрссон хэдий ч далд ухамсар маань save-лээд авчихсан байж болох л юм. Нэг хэсэг зүүдэндээ их нисдэг байлаа. Энэ тухай би Нислэг өгүүлэгтээ тодорхой бичсэн байгаа. Тэр нислэг яг л бодит үйл явдлуудыг араасаа дагуулдаг байсан нь гайхалтай санагддаг. Харин сүүлийн 10-аад жил ниссэнгүй. Учрыг нь ухаад бодоод байхаар сэтгэл санаа минь энэ он жилүүдэд илүүтэй амарлингуй болчихоо юу гэж санагддаг. Магадгүй хаа буухаа мэдэхгүй залуу насанд ирдэг зүүд юм болов уу? Дахиад нэг нисэж үзэхсэн.

Зүүдний тэмдэглэл said...

Далд ухамсарын агуулахыг ухвал их л сонин юмс гарч ирэх байх шүү, нээрээ.
Нислэг өгүүллийг чинь уншина аа.
Тийм шүү, нисэж зүүдлэх сайхан. Нас явж, багийн төрх эвдрэх тусам нисэх чадвар муудан муудсаар одоо ч бараг нисэж чадахаа больжээ дээ. Одоо ч их сайндаа жилдээ нэг хоёроос хэтрэхгүй газраас хөндийрөх аядах юм. Нисээд сэрэхэд тэр дариудаа гараа дэвээд өндөсхийвэл нисчихмээр, гэвч хүн амьтан шоолох бий гээд, бас нэг л гүйцэд итгэхгүйгээс тэгэж үзсэнгүй. Одоо тийм хурц мэдрэмж дахин ирвэл алдахгүйгээр оролдоод үзэх юмсан гэвч тэр нь алга болчихож ээ.

bolor7erdene said...

Харин тийм ээ, газраас дөнгөж хөндийрөөл лаг хийтэл буучихаад байх болсон. Нас нэмэх хэрээр тархины жин нэмэгддэг бололтой. Тиймээс л хөнгөн чанараа алдчихсан байх гэж таагаад байгаа. Хэхэхэ, би ч таамаглаж, эрэгцүүлэхээс цаашгүй л юм дөө