#

Wednesday, October 2, 2019

- Эх оронгүй л болох гээгүй бол бууд...

- Эх оронгүй л болох гээгүй бол бууд...
Ард хэн нэг нь тэвдүү, шаргуугаар ийн хэлэв. Өмнөөс уулын хөтөл даваад, наад налуу руу баахан хүмүүс адуу мэт пижигнүүлэн тоос манан татуулаад дуутай шуутай бууцгаана. Айж цочирдохоор хашгиралдана. Архан талд хэдэн зулзагануудын минь хоргодож буй муу өмгөр байшин минь байдаг. Орон гэрийг маань цөлмөж хоослоод, хэмхчиж дайраад өнгөрөхөөр ирж буй тэднийг зогсоох ямар арга байгаа юм бэ? Гарт минь ганц муу карбин. Хүхээгэнд нь их сайндаа 5 сум байх биз.
- Гохоо дараач ээ, Аймхай хог вэ?
Өнөөх дуу улам агдуу шаарданги сонсогдов. Их танил дуу, эргэж харсангүй. Тэр бол манай нэртэй эх орончдын нэг мөн тул үгэнд нь итгэхээс өөр яахсан.
Хамгийн түрүүнд зэрэгцээд гүйж яваа хоёрын арай том биетэйг нь онилов. Ойрын хараа муудчихсанаас бууны хараа давхардаж харагдаад ер олигтой харагдахгүй юм. Гэхдээ л сурц гэж нэг юм бий, гохоо дарж орхилоо. Өнөөх том биет дайсан зүүн мөррүүгээ хүчтэй цохиулсан аятай цээжээ савлаад гуйвав. Гэхдээ унасангүй. Сум мөрийг нь л шүргээд гарах төдий болов бололтой. Дотроо хараал хэлэх зууртаа замгаа татаад түлхэх гэтэл нэг нь шуунаас бариад авах юм.
- Чи чинь яаж байна аа... Галзуураа юу?
- Наад гар тавь, муу урвагч...
- Чи нүдээ нээгээч ээ. Наадуул чинь дайсан биш манайхан байна.
Энэ хооронд нөгөө пижигнэсэн, буу саадаг агссан хүмүүс бүр ойртоод ирэв. Хажуугийн хүний хэлсэн үнэн ажээ. Дандаа таньдаг дүр төрхүүд...
- Ээ халаг гэж... Би хэнийгээ буудчихав аа...
Эх оронч ах гараа дэлгээд өнөөдүүлийн өмнөөс гүйж явна.
Би газарт үсэрсэн сумныхаа хонгиог авав. Бас буугаа байшингийн булан луу шидчихэв. Төдөлгүй өнөөдүүл ирцгээлээ. Ахлагч нь бололтой гурвалжилсан нүдтэй нэг ширүүн нөхөр,
- Өмнөөс хэн буудав... хэмээн муухай хахирган хашгирч байна.
Намайг хурдан буудаач хэмээн араас ёвроод, эх орноо алдлаа гээд шогшроод байсан өнөөх эх оронч ах нүдээрээ сэм сэмхэн дохиж, намайг тэр ширүүн даргад заагаад байх нь тэр.
- Чи юу, муу урвагч хэмээн сахалтай хөрзгөр нүүрээ нүүрэнд маань тулгаж байгаад дарга улам муухай хашгирч байна.
Би үг хэлж чадсангүй, ер юу ч гэж хэлэх билээ. Дэмий л алгаа дэлгэлээ. Алган дээр маань сумны өнчин хонгио шаргалтана...
Гэтэл өнөөх ширүүн дарга гэнэтхэн тонгойгоод сахлаа сөрвөгнүүлэн байж тэр хонгиог хайрлан үнсэх юм. Бүр алга маань нойтон оргиод явчих шиг болов. Лавтай нулимс унагасан байх.
Ээ дээ, энэ зүүд үү. Элдэвтэй шүү.
Үймж сандарсан тулсан хэцүү цаг үед Эх оронч байх тийм ч амар биш, андуураад андыгаа ч буудаж мэдэхээр. Ялгаж салгахад хэцүү, үнэхээрийн эх оронч хийгээд үймүүлэн хутгагчийг таньж ялгахад бүр ч хэцүү нь үнэн дээ. Тэгээд бүр сүүлдээ юугаа ч ойлгохоо байна. Яг энэ зүүд шиг. Тэр дарга яагаад алган дээрх өнчин хонгиог үнссэнийг би л лав ойлгоогүй

#

No comments: