#

Wednesday, June 5, 2013

Зүүдчинд зориулсан зүүдний бичээс

Нэлээд дээрийн бичлэг олоод ирлээ.

Зүүдчин анд аа, чиний үлдээсэн бичиглэлийг уншаад ихэд цочирдон орондоо орсон билээ. "Хулгайд алдчихаж" гэсэн айдас л намайг тойрон эргэлдэнэ. Тэгээд өнөөх зүүдээ мартагнасан өдрөөс хойшхи бүх нойроо нэгжиж үзээд нэгийг нь ч нэхэн санаж чадсангүйдээ харамсаад "Заавал эрж олно доо" хэмээн шийдээд хөнжилдөө гүн шурган нойрсов. Хэдэн жилийн өмнө нэг танил бөө минь надад "Би чиний зүүдийг сандаана. Айх хэрэггүй шүү. Өөрийнхөө зөн совинг дагаад хийх гэснээ хийгээрэй" гэж хэлж байсныг л санаад байлаа. Тэр нөхөр зүүдэнд минь ирж, урт үсээ задлан нүүр лүү тонгойж, үр хүүхдүүдийн минь өрөөний үүдээр сэлгүүцэж эхлэхэд би зүүдэндээ түүнтэй хэрэлдэж байсан юм. "Чи хүүхдүүдийн өрөө рүү л битгий ороорой" гэж эсэргүүцсэн хэдий ч би босож, түүнийг зогсоож дийлэхгүй байгаагаа ойлгож байв. Тэр мөчийг нэхэн санаад "Арай тэр золиг аваад явчихсан юм биш биз дээ" гэсэн харыг дэрэн дороо лавхан шургуулж аваад нойрсов.

Одоо энэ бүхнийг бичиж суугаа нь өнгөрсөн шөнийг нүдэндээ тов тодорхой харж байгаадаа баярласных гэж тааж байгаа биз дээ, хонгор оо. Ингэсэн юм аа.

Би хэзээ ч хулгай хийх тухай бодолд автаж, гүйцэлдүүлж байсан удаагүй. Нэг удаа нагац эгчийн тушаалаар нагац ахын өмдний халааснаас ширхэг тамхи хулгайлахдаа учиргүй чичирч, айн дагжиж байсан тэр мэдрэмж зүүдэнд дахин босож ирэв. Би дунд сургуулийнхаа урт хонгилоор алхаж явах юм. Ангийн багштайгаа хэдэн үг солиод зөрж өнгөрөхдөө сургуулийн хананд суурилуулсан нэгэн хайрцагнаас ямар нэгэн зүйл сэмхэн авчихав. Яг юу болохыг одоо бол хэлж мэдэхгүй байна. Нэг тийм хүүхдүүдийн хадгалдаг зэвэрсэн хэрнээ эртээ урьдын цагт эрээлэн будсан байж мэдэх жижигхэн төмөр хайрцагтай зүйл байсан. Тэрнийгээ сургуулиас авч гарахаар алхаж явахдаа таазанд камер байгааг анзаарав. Гэсэн ч юу ч болоогүй мэт хаалга руу дөхөж явтал ашгүй хонх дуугарч хүүхдүүд шаагилдан гарч ирсэнээр би үүдээр амар тайван нэвтэрч гарлаа. Тэндээс гараад нөхөртэйгээ тааралдаж байна. Тэгээд өнөөхдөө хайрцагтай юм аа дамжуулж өгөөд "Маш чухал юм шүү, сайн хадгалж байгаарай. Битгий нээж үзээрэй" гэж аминчлан шивнэж байх юм. Бодвол хамгийн их итгэдэг хүндээ л хадгалуулж санаа амарч байгаа бололтой. Тэгээд сургуулиа нар зөв яг бүтэн тойрсон. Чухам ямар шаардлагаар, ямар зорилгоор тийм үйлдэл хийснээ хэлж мэдэхгүй байна. Ингээд дараагийн хонхны дуугаар эргэн дотогш орлоо.

Тэнд би олон сонирхолтой адал явдалтайгаа учирсан. Манай сургуулийн өргөтгөл уртын урт хонгил байдаг юм. Гэрэл нь бүдэгхэн. Тэр хонгилоор ямар нэгэн гэрлэлтийн бүртгэл хариуцсан ажилтныг хайсаар яваад нэгэн мухрын өрөөнд очлоо. Нэг сонин бор дээлтэй, үе тэнгийн залуу диван дээр налайгаад хэвтэж байв. Би тэр үед л надтай нэг эмэгтэй хүн хамт яваад байгааг анзаарсан юм. Бид хоёрыг харсан дээлтэй эр огло харайн босоод их л намжиртайгаар сээтэн хаях зуураа бичиг цаасаа эрж онгичино. Гаднаас хэн нэг нь орж ирэхэд мань эр хэсэг ярилцаж байснаа дахиад л диван дээрээ залхуурсан байртай хэвтээд өгөх аж. Би дотроо бухимдаж байна аа. Тэгээд "Хэдхэн үсэг тавиад л боллоо шүү дээ. Та дүү нарыг маань бүртгээд авчих л даа" гэж гуйж байхдаа би өөрийн дүү нарынхаа хэн нэгний гэрлэлтийг бүртгүүлэх гэж байгаагаа ойлгов. Мань эр цаг уях гэсэн байртай цааргалсаар байлаа. Гэтэл би бухимдахдаа тэндээс гарч явсаар нэгэн онгорхой хаалгаар яваад орчих нь тэр. Тэнд миний бага насны дурсамж болсон үеийн нөхөд минь бүгдээрээ сууцгааж байлаа. Би одоо ч тэд нарыг үргэлж тодхон зүүдэлдэг. Ямар нэгэн зүйлд тэр үедээ сэтгэл дундуур үлдсэн байх гэж боддог юм. Тиймээс л тэрнийгээ гүйцээх гэж тэдгээр нөхдийг эргэн эргэн зүүдлээд ч байдаг юм болов уу гэж хааяа өөрөө таамагладаг. Мэдээж тэр тааламжтай, сайхан мөчүүд тэр ангид орох үеэс эхлэсэн. Нууцхан ширтэлтүүд, нийлүүлсэн тохойноосоо цочwww.divaagin.blog.inet.mn ин сандарсан ариун сэтгэл, инээмсэглэл гээд л... Үүнээс цаашхыг дэлгэрэнгүй бичих хэрэггүй биз. Багш нэрээр минь дуудаж самбар дээрх асуултанд хариулахыг шаардах мөчид би сэрчихэв. Тэгээд "Сонин юм аа, зүүдэн дотроо зүүдэллээ гээд би Зүүдчинтэй ярьж байсан. Гэтэл сая бас зүүдлэхдээ хулгай хийж зүүдэлдэг байна шүү" гэж бодсоор өндийв. Хүүхдүүд ангид нам жимхэн болоод юу хэлэхийг минь хүлээнэ. Би гэнэт чангаар "Багш аа, та зүүдэн дотроо зүүдэлж үзсэн үү?" гэж асууж орхилоо. Би инээмсэглээд "Болороо минь, юугаа яриад унав аа. Энэ асуултанд хариул" гээд хэтэрхий сайн мэддэг сэдвийг маань онцлон хэлж байх юм. Би тас зөрөхөөр шийдээд эхлээд миний асуултанд хариулахыг шаардана. Багш хариулсан эсэхийг мэдэхгүй ч тэр гэнэт ангийн хаалга нээснээ "Энэ хайрцагт байсан юм хааччихав аа?" гэж сүртэйгээр асуухад би жинхэнээсээ сэрчихэв.

Харин одоо тэдгээрийг тааламжтайгаар нэхэн санаад чамд зориулан буулгаж байна. Баярлалаа, анд аа. Алдсанаа буцаагаад авчихлаа. Гэхдээ энэ бүхний ард олон асуулт үлдэж байна. Амьдралдаа зүүдлэхгүйгээр нэг ч шөнийг өнгөрүүлж үзээгүй би яагаад гэнэт бүтэн сарын турш зүүдлэлгүй хоносон. Бүгдийг санадаг байсан хэрнээ яагаад нэгийг ч санахаа больсон. Чиний хэлсэнээр хэн нэг нь хулгайлчихсан юм бол би яагаад өөрөө буцааж авахдаа хулгайн аргаар авсан гээд л... Тайлалыг нь хоёулаа эрж олноо хөө. Ийм сэдэв үргэлж сонирхолыг минь татдаг.

www.divaagin.blog.inet.mn

#

2 comments:

Segsger said...

Үнэхээр гайхалтай. Би үүнийг зүүдэндээ уншиж байна уу л гэж бодлоо.

Unknown said...
This comment has been removed by the author.