#

Friday, May 3, 2013

ТЭНЭГ ХҮНЛЭГ ҮЗЭЛ ГЭЖ БАС БАЙХ ЮМ ДАА...


Нэг ийм зүүд зүүдлэв.
Намайг нэг хаан хатан хоёр урьж байх юм. Европ зүгийнх бололтой.
Миний хувьд юм таадаг, одоо энэ “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт ороод байдаг нөхдүүдийн нэг өрөөсөн дугуй бололтой дог. Юу гэвэл эцэг эхээ олохоо байгаад төөрчихсөн хүүхдүүдийг эцэг эхийг нь олоод, гэрийг нь олоод өгдөг, ийн алдалгүй олдгоороо нэлээд сайн нэр олсон бололтой. Тэр хаан хатан хоёр надаас ийм зүйл хүсжээ. Тэдний улсад гэр орноо, аав ээжээ олохоо больчихсон маш олон тэнэмэл, гудамжны хүүхэд, хүн байгаа юм байна. Тэгээд надаар тэр олон орон гэргүй хүмүүсийг гэр орондоо очиход нь туслах, эцэг эхгүй гудамжаар тэнүүчлэх жаалуудыг эцэг эхээ олоход нь туслах ажил хийлгэх гэнэ. Надад багагүй шан өгнө гэнэ.
Би “Үгүй” л гэлээ.
Хуурамч хүнлэг үзэл гэж байдаг. Ийм хуурамч хүнлэг үзэл хортой. Харин тэнэг хүнлэг үзэл гэж бас байж болох юм байна. Ийм тэнэг хүнлэг үзэл бүр ч эмгэнэлтэй хортой байж болох юм байна.
Тэр орон гэргүй тэнэмэл хүмүүс яагаад тийн яваагийн үнэн мөн чанарыг тэр хаан, хатан хоёр ер огт харахгүй, зүгээр л гэрээсээ, эцэг эхээсээ төөрчихсөн тул тийн гудамжных болсон гэж ойлгож буй бол түүн шиг тэнэглэл алга. Нөгөө нэг онигоо байдаг даа. ТВ-ээр хүүхдүүд өлсгөлөнгөөр үхэж буй тухай мэдээ харсан саятны охин их гайхаж, “Тэд яагаад үхээд байгаа юм бэ?. Хоолоо яагаад иддэггүй юм бэ?” гэсэн шиг...
Аливаа үзэгдлийн мөн чанарыг олж хараагүй байж хүнлэг үйл хийх гэж зүтгэх нь огтоос хүнлэг үзэл биш бөгөөд харин ч доог тохуу, доромжлол болдог байна. Яг иймэрхүү сэтгэлгээний хэв төрх бидний зүүдэнд биш харин бодит амьдрал дээр, бүр миний монголд маань эргэн тойронд зөндөө болж байгаа юм биш үү, Хараад байхад. Энэ Элбэгээгээс авхуулаад л...
Сэрээд орондоо иймэрхүү юм бодож жаал хэвтэв.

#

3 comments:

Сэгсгэр said...

аанха

Tulgaa beagli said...
This comment has been removed by the author.
Tulgaa beagli said...

Сайхан эргэцүүлэл байна. Хүмүүс баян хүн шиг харагдах гэж, Буянтай өрөвчхөн хүн шиг харагдах гэж үхэн хатан тэмүүлдэг, шал худлаа. Хүн чин сэтгэлээсээ бусдад туслая гэж бодоогүй л бол хэн нэгэнд алтан ордон барьж өгөөд ч үр шим юув. Өмсөх хувцас, идэх хоол, амьдрах гэр төдийхөн өгсөнөөрөө бусдад үнэнхүү тус болоод буянтан болчихож байгаа хэрэг огт байхгүй л дээ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө зовох нэг жаргах нэг шалтгаан тээсээр хорвоод мэндэлдэггүй гэж үү?...