#

Monday, October 29, 2012

Зүүдэнд хууртсан хүмүүсийн үлгэр

Эрт цагт нэгэн илбэчин хүн гадаа нарлан суух хэсэг хүмүүсийн дэргэд очих үед нэгэн хүн:
-  Илбэ нь яавч худал юм гэжээ. Тэр даруйд өнөөх илбэчин нэгэн сайхан хүлэг морь хөтөлсөн хүн хувилгаж тэр хүний дэргэд очоод, 
-  Энэ морийг худалдаж авна уу гэсэнд тэрээр: 
-  Худалдаж авахын тулд эхлээд унаж үзье гэв. Худалдаачин ч зөвшөөрч гэнэ. Түүнийг морин дээр мордсон хойно морь нь гэнэт амаа аван давхиад хэдэн олон уул, голыг давж есөн улсыг хэтэрсэн хойно хүнгүй зэлүүд нутгийн далайн захад хүрчээ. Гэвч унасан морь нь амаа татуулалгүй далайд явж орохоор байсан тул тэсэлгүй морин дээрээс шувтарч унаад хоцров. Морь усанд ороод үзэгдэхгүй болж гэнэ. Тэндээ гайхан зогсож байтал хаа нэгтээгээс нэгэн үзэсгэлэнт бүсгүй гарч ирээд: 
- Чи хаанаас ирсэн бэ? хэмээн асуусанд,
-  Би ирсэн зүгээ мэдэхгүй. Одоо хаашаа явахаа ч мэдэхгүй байна. Унасан морь минь энд авчирлаа гэв. Бүсгүй түүнд: 
-  Энэ нутагт чи бид хоёроос өөр хүн байхгүй. Хоёул эхнэр, нөхөр болон ханилан сууж, жарган амьдаръя гэсэнд зөвшөөрч түүнийг эхнэрээ болгон суулаа. Халамжит сайхан эхнэрийн хамт дөрвөн жил ханилан сууж жаргах цагт нэг охин, хоёр хүү төрсөн байжээ. Эд хөрөнгө ч арвин их болсон байв. Нэгэн өдөр гурван настай хүү нь усанд тоглож байгаад уснаа живж үхэв. Түүнийг охин дүү нь хараад: 
-  Хайртай ах минь үгүй болов гээд хичнээн хоривч үл дийлдэж ахынхаа хойноос усанд үсэрч үхэв. Тэгтэл эхнэр нь:
-  Миний хүү, охин хоёр минь үгүй болов хэмээн уйлан гансарч мөн адил усанд үсэрч үхжээ. Ингэсэнд тэрээр асар их гомдон шаналж, дөнгөж төрсөн нялх хүүхдээ тэврэн хүнгүй хоосон ээрэм талд ганцаар цөхрөнгөө барж гунигт тавиландаа харамсан уйлан суулаа...
... Гэнэт хэн нэгэн хүн дугтчин татсанд тэрээр зүүднээс сэржээ. Сэрмэгцээ хамаг болсон явдал бүгд зүүд байсныг мэдээд итгэж ядан машид гайхаж гэнэ. Тэр өөрт үзэгдэж харагдсан, тохиолдсон бүхий л явдлыг бусаддаа өгүүлэв. Гэтэл тэнд цугласан хүмүүс түүнийг гэнэт унтсаныг харснаас бус илбэчний морь тэргүүтэнг нэгээхэн ч үзээгүй аж. Мөн тэр хугацаанд нарны сүүдэр дөрвөн хуруу төдийхнөөс хэтрээгүй атал өнөөх хүнд дөрвөн жил өнгөрсөн мэт удаан санагдаж байсныг гайхан хэлэлцэж улмаар үзэгдэл юмс бүгд илбэ мэт болохыг мэдлээ хэмээмүй.

Тиймийн тул энэ насны эд хөрөнгө хэдий ихийг хураасан ч ашид мөнх эдэлж, хэрэглэж чадалгүй үхэж оддог нь түүн лүгээ адил билээ. Мөн энэ насандаа зовж зүдэрч олсон эд хөрөнгө нь хойд насанд нойроос сэрсэн мэт зүүд мэт хоосон зүйл болох тул энэ насны хөрөнгө хогшилд шуналгүй буян үйлд хэмээсэн утга болой.

Хутагт Нагаржунайн “Ардыг тэжээхүй рашааны дусал”-аас...

Эх сурвалж:  http://tuvshintogtokh.posterous.com/

#

1 comment:

Anonymous said...

Sainuu zuudcheen taniig yamarhuu hun bdag bol gej boddog shuu ene blogoo facebook deer neg communnity ch yumuu bolgood oruulbal bi bolon olon humuus unench fan ni bna bhaa bayrlalaa