#

Monday, October 29, 2012

Зүүдэнд хууртсан хүмүүсийн үлгэр

Эрт цагт нэгэн илбэчин хүн гадаа нарлан суух хэсэг хүмүүсийн дэргэд очих үед нэгэн хүн:
-  Илбэ нь яавч худал юм гэжээ. Тэр даруйд өнөөх илбэчин нэгэн сайхан хүлэг морь хөтөлсөн хүн хувилгаж тэр хүний дэргэд очоод, 
-  Энэ морийг худалдаж авна уу гэсэнд тэрээр: 
-  Худалдаж авахын тулд эхлээд унаж үзье гэв. Худалдаачин ч зөвшөөрч гэнэ. Түүнийг морин дээр мордсон хойно морь нь гэнэт амаа аван давхиад хэдэн олон уул, голыг давж есөн улсыг хэтэрсэн хойно хүнгүй зэлүүд нутгийн далайн захад хүрчээ. Гэвч унасан морь нь амаа татуулалгүй далайд явж орохоор байсан тул тэсэлгүй морин дээрээс шувтарч унаад хоцров. Морь усанд ороод үзэгдэхгүй болж гэнэ. Тэндээ гайхан зогсож байтал хаа нэгтээгээс нэгэн үзэсгэлэнт бүсгүй гарч ирээд: 
- Чи хаанаас ирсэн бэ? хэмээн асуусанд,
-  Би ирсэн зүгээ мэдэхгүй. Одоо хаашаа явахаа ч мэдэхгүй байна. Унасан морь минь энд авчирлаа гэв. Бүсгүй түүнд: 
-  Энэ нутагт чи бид хоёроос өөр хүн байхгүй. Хоёул эхнэр, нөхөр болон ханилан сууж, жарган амьдаръя гэсэнд зөвшөөрч түүнийг эхнэрээ болгон суулаа. Халамжит сайхан эхнэрийн хамт дөрвөн жил ханилан сууж жаргах цагт нэг охин, хоёр хүү төрсөн байжээ. Эд хөрөнгө ч арвин их болсон байв. Нэгэн өдөр гурван настай хүү нь усанд тоглож байгаад уснаа живж үхэв. Түүнийг охин дүү нь хараад: 
-  Хайртай ах минь үгүй болов гээд хичнээн хоривч үл дийлдэж ахынхаа хойноос усанд үсэрч үхэв. Тэгтэл эхнэр нь:
-  Миний хүү, охин хоёр минь үгүй болов хэмээн уйлан гансарч мөн адил усанд үсэрч үхжээ. Ингэсэнд тэрээр асар их гомдон шаналж, дөнгөж төрсөн нялх хүүхдээ тэврэн хүнгүй хоосон ээрэм талд ганцаар цөхрөнгөө барж гунигт тавиландаа харамсан уйлан суулаа...
... Гэнэт хэн нэгэн хүн дугтчин татсанд тэрээр зүүднээс сэржээ. Сэрмэгцээ хамаг болсон явдал бүгд зүүд байсныг мэдээд итгэж ядан машид гайхаж гэнэ. Тэр өөрт үзэгдэж харагдсан, тохиолдсон бүхий л явдлыг бусаддаа өгүүлэв. Гэтэл тэнд цугласан хүмүүс түүнийг гэнэт унтсаныг харснаас бус илбэчний морь тэргүүтэнг нэгээхэн ч үзээгүй аж. Мөн тэр хугацаанд нарны сүүдэр дөрвөн хуруу төдийхнөөс хэтрээгүй атал өнөөх хүнд дөрвөн жил өнгөрсөн мэт удаан санагдаж байсныг гайхан хэлэлцэж улмаар үзэгдэл юмс бүгд илбэ мэт болохыг мэдлээ хэмээмүй.

Тиймийн тул энэ насны эд хөрөнгө хэдий ихийг хураасан ч ашид мөнх эдэлж, хэрэглэж чадалгүй үхэж оддог нь түүн лүгээ адил билээ. Мөн энэ насандаа зовж зүдэрч олсон эд хөрөнгө нь хойд насанд нойроос сэрсэн мэт зүүд мэт хоосон зүйл болох тул энэ насны хөрөнгө хогшилд шуналгүй буян үйлд хэмээсэн утга болой.

Хутагт Нагаржунайн “Ардыг тэжээхүй рашааны дусал”-аас...

Эх сурвалж:  http://tuvshintogtokh.posterous.com/

# # Read more! #

Wednesday, October 17, 2012

Зүүд бол ирээдүйд болох зүйлсийн зөгнөл байдаг

Чингэлтэй дүүргийн XV хорооны иргэн Ц.ДАМДИНСҮРЭН
Юуны өмнө танай со­ни­ны хамт олонд үзэл бодлоо хуваалцахад бо­ломж олгосонд баяр­ла­лаа. Би 13 наснаасаа өөрийн зүүдээ зурж эхэл­сэн юм. Одоо надад 50-иад жил зурсан зүүдний тайлал болох зургууд бий. Тэдгээрийгээ хааш хаашаа нэг метрийн хэм­жээтэй цагаан давуун дээр зурсан. Ийм хэм­жээний 15 зураг байгаа. Нийтдээ зургаан мянган зураг багтсан. Хүмүүс зүүдээ өглөө нь босоод эргэж бодолгүй март­чи­хаар оюуны дархлаа тогт­доггүй юм байна гэдэг. Тийм учраас л гадны янз бүрийн шашин эсвэл хэн нэгний хэлсэн үг, хийсэн үйлийг шүтсэнээс өвчин зовлон салахгүй байгаа хэрэг. Иймд хүмүүсийн оюунд дархлаа тогтооё гэсэндээ "Дотоод ертөн­цийн судлалын төв" хэ­мээх ТББ байгуулсан юм. Мөн 152583 гэх тусгай дугаарт хүмүүсийн зүүд­ний тайллыг хэлж өгөх үйлчилгээ үзүүлэхээр тө­лөв­лөөд байна. Энэ зүүд­ний тайлал зургуудаараа таньд өнөөдөр юу то­хиол­дох, юунаас бол­гоомж­лох ёстой зэргийг хэлж өгнө гэсэн үг. Эхнэрээ "Чи хоолны хорд­­лого авчихав" гэхэд хордлого болчихоод л хүрээд ирдэг байхгүй юу. Тэгэхээр зайлшгүй ирэх эрсдлийг зүүдэндээ хар­сан болохоор анхаа­руулж хэлж байгаа хэрэг. Зүүдний тайллыг судлах тусам тусгай арга, техно­логи, ухагдахуунтай бие даасан шинжлэх ухаан болох нь харагдах бол­сон. Тэгтэл манайхан үүнийг мэддэггүйгээсээ болж "Есүс Христ минь авралдаа багтаа", "Бур­хан минь өршөө" гээд л аль нэг сүм хийд, цуглаан руу хошуурдаг. Олон жил элдэв шашин номлол дор балбуулчихсан хүмүүс чинь сайн сайхан амьд­рах, өөрөө өөрийгөө зөв залах ухааныг бусдаас биш өөрөөсөө хайхаа мэддэггүй юм байна. Мэ­дүүлж, мэдрүүлэх гээд хажуугаас нь хичнээн хэл­сэн ч гэсэн үг авахгүй юм. Зүүд гэдэг чинь хүний зургаа дахь гайхамшигт мэдрэхүй юм байна.

Би эх орны хишгийг өгнө гэдгийг тэр тухай яригдахаас өмнө би ма­шин дээр алт зэс ачаад гэрийн зүг явж байна гэж зүүдэлж байсан. Тэр бүү хэл хаа холын Японд га­зар хөдлөхийг хүртэл зүү­дэн­дээ харж байлаа. Мэ­дээж яг Японд газар хө­дөлж байснаар биш өөрий­гөө дээр доор, хаз­гай муруй шатан дээр явж байгаагаар зүүдэлсэн. Энэ чинь л газар дэлхий шилгээхийг л хэлээд бай­сан хэрэг. Зүүдээ зөв тайлж унших нь их чухал.

# # Read more! #

Saturday, October 13, 2012

Дахиад нэг зүүдний тухай

http://zereglee.blogspot.com/-оос зээлдчихэв
 
Нацүмэ Соосэки
Эхний өдрийн зүүд
Ийм нэгэн зүүд зүүдлэв
Гараа урдаа эвхчихээд олбог дээр сууж байтал хажууд дээш харан хэвтэх бүсгүй “амьсгаа хураах цаг иржээ” гэж намуун дуугаар хэлэв. Бүсгүйн урт гэзэг дэр бүрхэж, тэр дунд зөөлөн төрхтэй, зууван цагаан царай нь тодорно. Цав цагаан хацар нь үл ялиг улаа татна. Уруулын өнгө нь хэлүүлэлтгүй улаан. Яаж ч байсан амьсгал хурааж буй хүн лугаа үл харагдана. Гэтэл бүсгүй намуухан дуугаар “би удахгүй үхнэ” гэж тод гэгч нь хэлэв. Нээрээ үхчих вий дээ гэж бодогдоод ирэв. Тэгээд “үнэн үү? удахгүй үхнэ гэж үү?” гэж байдлыг нь шинжин дээрээс нь тонгойн харж асуулаа. Тийм ээ гэж хэлэнгээ бүсгүй нүдээ том нээв. Үл мэдэг нулимс гүйлэгнэсэн нүд байлаа. Урт дэрвэгэр сормуус, хав хав нүд. Тэрхүү хар нүдний угт би өөрийнхөө тусгалыг олж харав.
Миний дүр нэвт тусаж харагдах хар нүдий нь ширтэн “ингээд үхчих юм гэж үү?” гэж бодлоо. Тэгээд хацарт нь амаа ойртуулан “Үгүй байлгүй дээ. Бие чинь зүгээр үү?” гэж асуулаа: Бүсгүй хар нүдээрээ ширтсэн хэвээр “амьсгаа хураах болжээ. Арга алга даа” гэж аяархан хариуллаа.      
Намайг харж байна уу гэж ойртон асуувал “харалгүй яахав. Хар даа, миний нүдэнд чиний царай тусаж байгаа биз дээ” гэж хөхрөн хариулав. Би дуугаа хурааж, нүүрээ холдуулав. Гараа энгэртээ зөрүүлж эвхсэн хэвээр “нээрээ үхчих юм байх даа” гэж бодлоо.
Хэсэг байснаа, бүсгүй дахин ам нээлээ:
“намайг үхвэл булшилж оршуулаарай. Томоос том хясааны хавтас ясаар нүх ухаарай. Тэнгэрээс бууж ирэх оддын хэлтэрхийг булшин дээр тавиарай. Тэгээд дэргэд нь намайг хүлээгээрэй. Би чамтай уулзахаар эргэж ирнэ”
Хэзээ эргэж ирэхийг нь лавлалаа.
“Өглөө нар мандаж, орой нар жаргадаг бус уу. Маргааш нь бас л нар мандаж, жаргана буй. Түүний маргааш нь бас нар жаргах буй. Ув улаан нар дорноос өрнө рүү одож, дахин дорноос өндийн өрнө рүү доошлох үед эргэж ирнэ. Чи намайг хүлээж чадах уу?”
Би дуугүй толгой дохив. Бүсгүй намуухан дуугаа өндөрсгөн “Зуун жил намайг хүлээгээрэй” гэж тов тод хэлэв. “Зуун жил булшны минь дэргэд хүлээж суугаарай. Заавал эргэж ирнэ ээ”
Би хүлээнээ гэж хариуллаа. Тэгтэл хар нүдэнд нь тодхон тусах миний дүрс бүдгэрээд ирэв. Нүдэнд нь гялтагнах нулимсанд бүрэлзчихэв үү гэж бодтол бүсгүй нүдээ анив. Урт сормуусны завсраас нулимс самсаа руу нь урсав. Бүсгүй амьсгал хураажээ.
Би цэцэрлэгт очин хясааны хавтас ясаар нүх ухлаа. Ирмэг нь хурц, том зөөлөн яс таарчээ. Газар ухах зуур хясааны ясны дотор талд сарны гэрэл тусаж гэрэлтэх ажээ. Нойтон шорооны үнэр сэнхийнэ. Нүх бэлэн болж, бүсгүйн цогцсыг дотор нь хийлээ. Тэгээд зөөлөн шороогоор буллаа. Ийнхүү шороо дээрээс нь хийх үед хясааны хавтас ясны ар талд сарны гэрэл тусан гэрэлтэж байв.
Дараа нь оддын унасан хэлтэрхийг түүн булшны дээр дэвслээ. Оддын хэлтэрхийн ирмэг дугираг ажээ. Тэртээх холын тэнгэрээс унах зуур одны хэлтэрхийн дөрвөлжин өнцөг элэгдэн дугуйрчээ гэж бодов. Оддын хэлтэрхийг булшин дээр дэвсэх зуур миний цээж, гар дулааслаа.
Би хөвдөн дээр суун, ингээд зуун жил хүлээх нь ээ гэж бодонгоо гараа урдаа эвхэн суунгаа булшны дүгрэг чулууг илэв. Энэ зуур бүсгүйн хэлсэнчлэн нар зүүнтэйгээс мандлаа. Том улаан нар байв. Нар бүсгүйн хэлснээр өрнө зүгт жаргалаа. Нар ув улаан хэвээр аажмаар доошлон одов. Нэг өдөр өнгөрлөө гэж би дотроо тоолов.
Удалгүй ув улаан нар дахин мандаж, чимээгүйхэн жаргалаа. Хоёр дахь өдөр өнгөрлөө гэж дотроо тооллоо.
Ийнхүү би өдөр хоног тоолох зуур улаан нар хэдийг ч харав даа, мэдсэнгүй. Хоног тоолох бүр, өдөр өнгөрөх бүрд улаан нар толгойн дээгүүр алгасахгүй өнгөрнө. Тэгсэн ч зуун жил болоогүй л байв. Эцэст нь хөвд ургасан бөөрөнхий чулууг илэн бүсгүйг худлаа хэлж хуурсан биш байгаа даа гэж бодогдов. Тэгтэл чулууны доороос намайг чиглэн нэгэн ургамлын ногоон иш цухуйн гарч ирэв. Харсаар байтал урт урган миний цээжний харалдаа ирээд зогсов. Юу билээ гэж бодтол үл ялиг нахилзах ишний үзүүрт бөхөлзөх ганцхан урт нарийн цоморлиг аажмаар дэлгэрэн нээгдэв. Цав цагаан сараана цэцгийн үнэр хамрын гүн рүү нэвт цоргин үнэртлээ. Тэртээх тэнгэрээс шүүдрийн дусал унаж, сараана цэцэг ийш тийш дохилзон ганхав. Би ургаш тонгон хүйтэн шүүдэр дуслах цагаан дэлбээнд уруулаа хүргэв.Сараана цэцгээс нүүрээ холдуулах зуур холын тэнгэрийг санаандгүй хартал тэнд ганцхан үүрийн цолмон л гялалзаж байлаа.
“Зуун жил хэдийн болжээ” гэж тэр үед анзаарч мэдвэй.     
Эх сурвалж
http://zereglee.blogspot.com

# # Read more! #

Thursday, October 11, 2012

Зүүдний тухай нэгэн үлгэр


- Насан өндөр болсон эзэн хаан цор ганц хүүтэй. Хүү нь эдгэрэшгүй өвчин тусаж эзэн хааны нүдэн дээр хүү нь үхэж байлаа, цорын ганц удам залгах хүү нь... Амьсгал хураах мөч нь улам дөхсөөр. Эмч нар түүнийг ямар найдлагагүй гэж хэлжээ. Эзэн хаан хүүгийнхээ дэргэд гурван хоног сахин сууж ахуйд түүний хүү үхэж байв, амьсгал бүр сүүлчийнх мэт үнэтэй бас хайран... Тэр өөрийн хүүдээ их хайртай, түүний биелүүлж амжаагүй бүхий л мөрөөдөл, итгэл найдвар түүн дээр байлаа... Өвгөн хаан уйлж хайлан, одоо юу ч хийж чадахгүйдээ өөрийн зүхэн хүүгийнхээ төлөө хийж болох бүгдийг хийсэн гэдгээ өөртөө итгүүлэхийг оролдох мэт гэрэвшин уйлж амандаа элдвийг өгүүлнэ... Нэг ч эм тус болохгүй, нэг оточ эмчилж чадахгүй, эдгэрэшгүй аймшигт өвчин. Тэр нэгэнт ӨНГӨРСӨН байлаа.
- Эзэн хаан хүүгийнхээ дэргэд суусаар байлаа. Тэгээд дөрөв дэх хоног дээр нь зүүрмэглэчихжээ. Тэр гурав хоног унтаагүй, хөөрхий хүүгээ бодон шаналсаар ядарсан, туйлдсан. Тэр з
үүдлэж байхын гэнэ. Зүүдэндээ олон орд харштай байх бөгөөд... дэлхий даяарыг захирсан агуу их эзэнт гүрнийг захирах бөгөөд... тэр ганцаараа ертөнцийг захирч байна... арван хоёр эрүүл саруул хүүтэй... тэдний оюун ухаан хүч чадал харьцуулашгүй юм... орд харшынх нь шал гишгүүр очир, маргадаар чимэглэгдсэн юм... тэр их жаргалтай байна... ямар ч зовлон гуниг байхгүй... Түүнийг унтаж байхад нь хүү нь нас барж, эхнэр нь чангаар цурхиран уйлж гэнэ. Түүний зүүд тасалдан, өмнөө байгаа цогцсыг харж гэнэ. Тэр тэрүүхэн хоромд нөгөө зүүднийхээ нөлөөн доор байлаа... орд харшууд бүдгэрэв, наранд гялалзан харагдаг алтан харшууд... хүч чадал, эрүүл мэнд, үзэмж төгс арван хоёр хүү, тэр зүүдэнд бий болсон баяр баясгалангын сүүлчийн гялбааг харж байлаа. Гэтэл түүний хүү түрүүхэн үхчигдэг. Бүгд уйлаад л хашгиралдан үймэж байв.
- Эзэн хаан бүүр балмагдаж орхилоо. Тэр юм бодож чадахгүй байв. Нэгэн эгшинд гайхаш тасран, эхнэр нь түүнийг солиорчихоогүй байгаа гэж бодов, яагаад гэвэл түүний нүдэнд нулимс байсангүй, тэр уйлахгүй байв, яаж ч гуниг зовлонгоо гаргасангүй, ямар ч хүнд хэцүү байдал үзүүлсэнгүй. Эхнэр нь айн нөхрөө сэгсрэн:
Яасан бэ? - гэж асуусан

- Хүүгийнх нь үхэл түүнийг маш их зовоохыг тэр мэдэж байлаа. Тэр: "Яанаа, энэ лав галзуурчихсан байхаа!! Ухаангүй байгаа юм болов уу? Хэл яриа байхгүй болчихов уу? " гэж бодов. Тэгээд тэр:
Ямар нэг юм хэлээч! - гэлээ

- Гэтэл эзэн хаан инээд алдав. Тэр:
- Би нэг агуу диллемын өмнө байна: хэний хойноос гашуудах ёстой юм бэ? Тун саяхан надад арван хоёр залуу хүү байлаа, алтан орд харш байлаа, янз бүрийн жаргал цэнгэлүүд байлаа. Гэтэл энэ бүхэн нэг агшинд л алга болов. Би үүний хойнооё уйлах ёстой юм уу, эсвэл сая нас барчихсан хүүгийнхээ хойноос уйлах ёстой юм уу? Яагаад гэвэл, надад тэр арван хоёр хүү байхад би энд бас хүүтэйгээ мартчихсан байсан. Одоо би энэ хүүтэйгээ байхлаараа тэр арван хоёр хүүгээ мартаж байна.
Үнэн нь аль юм бэ? - гэв...

By ADN.

http://www.facebook.com/bilgvn
Facebook-ээс авав

# # Read more! #

Tuesday, March 13, 2012

Хоёр гараа өвдөгнийхөө завсар хавчуулаад унтчихаж

“Даарч байна уу” гэж зүүдэнд минь чи юунд асуув
Дагжтал чичирч байсан ч би “Тийм” гэж хэлээгүй
Цан хүүрэг угалзарсан цонхны цаад руу ширтээд
Цас чихрахыг сонсооч гэж гунигтайхан шивнэсэн

Чамгүй өдөр хоногууд будрах цас мэт лавссаар
Чиний одсон мөрийг нэвсийтэл дарахыг би чимээгүй л харж суусан
Дагширч хатууртал нь харь хүмүүс холхихыг ч харсан
Даарна гэдэг юу ч биш болохыг би тэгээд мэдсэн

Тийм хүйтэн өдрүүдийг орь ганцаар үдсээр байхад
Тийм орь ганцаардал цасан шуурга мэт исгэрч байсан
Цас чихруулсаар чамайг хүрээд ирлээ гэж зүүдэлсээр
Цан хүүргэн дунд зүүрмэглэхдээ ч халуун бүлээнийг мартсан

Хөлдөж цантсан сормуусан дээр минь бүлээхэн уруулаа наавал
Хөшиж царцсан биеийг минь халуун хайраар тэвэрвэл
Тэсгэл алдан, хэрвээ би “Даарч байна” гэж шивнэх аваас
Тэр магад, чамайгаа хүлээж чадаагүйнх ээ
2012.03.14

# # Read more! #

Monday, March 12, 2012

Руб

Асгарах нулимсаа хурааж нэрээд
Аягалж чамдаа барьюу гэсэн юм
Шаналахуйн тулганд чи минь тэгтэл гал нэмэн өрдлөө
Сархад бус хорз л гарах нь, яанам бэ би...

# # Read more! #

Wednesday, February 15, 2012

Мур

Хөхөмдөг уулсын салхин шанлууны минь утаа болон сүүгэж
Хэлж өгүүлээгүй бодлууд минь далдын залбирал болон үлдсү

# # Read more! #

Friday, January 27, 2012

Хуучин захидлаас

Б.Н-д

Цаг мөч иргэж ирэхээс өмнө
Цасан шуурга надаас холдож байна
Хаашаа тэр вэ гэж асууж шалгаахгүй
Хажууд минь үлдэх бүсгүй гэнэн хонгор
Хамтдаа биднийг амьд байхад
Хайр сэтгэлийн минь цэцэрлэг үргэлж зунаараа

Исгэрэн одох шуурга салхин дунд
Итгэлийн минь модод шив шинээр цэцэглээд
Ирт мэсээр тас цавчуулсан сэтгэлийн шарх
Илбэх мутрын аясаар зөөлөн аньдаг аа

Цасан шуурга надаас холдох бүр
Нөмөр сүүдэр хэрэггүй болно
Цаг мөчийн амгалан тайван байдал
Цаазлагдахын өмнө тэвчиж хүлээхтэй адил аа

Өвөл зунаар ч ялгаагүй өнгө бүрийн цэцэгстэй
Өтгөн ногоон модод сэтгэлийн минь гүнд цэцэглээд
Хэнхдэг цээжиндээ хадгалсан мөнхийн ус минь
Хэн хүний алган дээр адилхан дусалж буй

Цасан шуурга надаас холдох бүрийд
Хаашаа тэр вэ гэж асууж шалгаахгүй
Арван зургаатай охин хонгор
Агшин зуурын цас минь ганцхан будраад замхрахад
Түүнтэй хамт шуурга болон одсон сэтгэл зүрхээ
Түүдэг гал шиг дахин хөгжөөхийг минь хараач дээ
Б.Ц. 1993 оны 5 сар

# # Read more! #