#

Thursday, April 9, 2009

Øèäòýíèé ÷óëóó

Шидтэний чулуу
Хязгааргүй шуналтай атлаа хязгааргүй эрх мэдэлтэй хүмүүний өмнө хаашаа ч зугтах аргагүйгээр зогсох ямар хэцүү юм бэ. Эрх мэдэлдээ бүрэн итгэж, ханасан харц нь намайг хайлуулчих шахна. Миний хувьд асуудал ямар хэцүү, гарцгүй байх нь хамаагүй, гагцхүү тэр хүний хүсэлд нийцэж байх учиртайг олон юм ярилтгүйгээр тэр харцнаас нь мэдэрч байх юм.

Тэр надад “Чи чад, харин юу хийхээ өөрөө мэд...” гэв. Гүйцээгээгүй үг нь ч ойлгомжтой. Би эргэж харлаа. Ард асар том морин тойруулга байна. Түүнийг тойрон өнөөх эрх мэдэлтний, эзэн захирагчийн харьяатууд бөөгнөрөн шавааралджээ. Тэд бол манкуртууд, эрх мэдэлтний хүсэл зоригт нь үйлчилж, түүнээсээ аз жаргалаа олж авдаг хүмүүс. Өөрөөр ч байж чадахгүй биз, тийм найдлага даанч хомс санагдана. Эзэн захирагчийн хязгааргүй шуналынх нь хэрэгцээ болдог тэр хөөрхий хүмүүс баясан цэнгэхээ ч гэсэн зөвхөн эзэн захирагчийнхаа ивээлээс л хүртдэг аж. Ээлжит нэгэн шуо, нэгэн золиос нь би болжээ гэдгээ ойлгож байгаа маань надад эмгэнэлтэй. Хэрвээ үүнийг мэдэхгүй, мэдрэхгүй тэнэг мунхаг байсан бол надад их амархан, хөнгөн байхсан, тэдэнтэй маасагнаад л, маазраад л, эзнээ баясгаад, “Сэцэн мэргэн удирдагч мандтугай, мөнх насалтугай” гэж хашгиччихаад л сэтгэл ханаж, амьдралынхаа утга учрыг олж хараад явж байхгүй юу.

Захирагч тэднийгээ баясгахаар энэ удаа намайг сонгожээ. Харин яагаад заавал би гэж... тохиолдол байв уу, хувь заяа юу. Тохиолдол бол хохь нь, хувь заяа байсан ч ялгаагүй.

Ямар шид үзүүлж тэр цугласан олныг цэнгүүлэхээ, эзэн захирагчийн хязгааргүй шуналынх нь нэг эд эсийг баясгахаа мэдэхгүй ч би нэг л шийдмэг хөдөллөө. Дотроо өөрийгөө шоолон инээмээр байв. Тэгээд би халтар мориныхоо далан дээр пад хийтэл алгадаад тэргэний арал дээр үсрэн гарлаа. Тэргэн дээр дунд зэргийн модон торхонд хар чулуунууд дүүргэжээ. Чухам хэзээ гэдгээ би санахгүй байна. Ихээ олон он жилийн өмнө урт далбагар навчсынх нь завсраар нар солонгорсон ойд өнө мөнхөд аялгуу эгшиг хайрлан мэлтрэн урсах бяцхан шулганаа горхины хөлд энэ хар чулуудаар тоглож сууснаа санаж байх юм. Харин яаж яваад тэдгээр чулуудыг энэ бурангуй ёс ноёрхсон газарт аваад ирсэн юм болдоо. Чулуу байрнаасаа нэг хөдөлбөл гурван жил зовдог юм гэнэ лээ. Ойн тэр бяцхан горхины аялгуу нэгэн хөгөөр дутаа даа гэсэн харамсал тэдгээр чулуудыг таниад төрж байх юм.

Тэгээд би мориныхоо жолоог дугтраад толгойгоо золбоолог өргөн, сэнгэнэтэл исгэчлээ. Морь маань цовоолгоор толгойгоо дохин, дэжигнэтэл хатируулсаар морин тойруулга руу орж явчихлаа. “Агуу их шидтэн өнөөдөр та бүхэнд агуу их ид шидээсээ үзүүлэх гэж байна. Манай их энэрэнгүй, өгөөмөр эзэн захирагч та бүхэнд энэ агуу их ид шидийг үзүүлэхийг хүссэн юм шүү” хэмээн зарлагч чанга дуугаар зарлан тунхаглахад ард түмэн түрхэрэлдэн шуугилдлаа. За ингээд агуу их идтэн гэдгээ сонссон би анх удаагаа, бас сүүлчийн ч удаа байж магад олны өмнө ид шидээсээ үзүүлэхээр хөгшин халтар морины хамт гарч ирлээ дээ. Халтар моринд маань хөллөсөн тэрэг хөнгөн, яг л эртний кидүүдийнх шиг хоёр дугуйтай, нэг хүний зогсоолтой, харин миний өмнө өнөөх тунгалаг горхины хар чулуугаар дүүргэсэн модон торхтой. Харин миний хувьд шидтэн гэдгээ дөнгөж сая л сонсож байгаа хүн чинь, инээдтэй биз дээ, ямар ид шид үзүүлж, тэр их эзнийхээ хишгийг горилсон олон амьтныг хэрхэн баясган бахархуулахаа яаж мэдэх билээ. Дэмий л гараа алдалчилхаад, агуу их шидтэн биш, нөгөө хаан шалдан байна гэдгийг үлгэрт гардаг шиг агуу их залилагч шиг амьтан морин тойруулгыг тойрсоор байв. Толгойд юу ч орж ирдэггүй шүү. Хүмүүс эхний хэдэн тойрог дээр баярлалдан, уухай хашгирч шуугилдаж байснаа сүүлрүүгээ дуу хоолойнх нь өнгө нэг л биш болоод явчихлаа шүү. Аргагүй шүү дээ, амаа ангайчихсан амьтан морин тойруулгыг арван хэд тойрохдоо гараа алдлах, нэг хуурамчхан инээхээс өөр юу ч үзүүлж харуулахгүй байхад... Хүмүүс бухимдаж, ууртай хилэнтэй дуу сонсогдоод, энд тэндээс хараал урсаад эхэлвээ. За ингээд өнөөх хүслээр биш хүчээр болсон хөөрхий “Царцаа Намжил” –ийн түүх өнгөрч буй бололтой. Эзэн захирагчийн итгэл даагаагүй бол энэ ертөнцөд хөдөлгөх тоосны нь тоо дуусч байгаа гэсэн үг. Түүний шаардангүй, захирангүй хүсэл дүүрэн өнөөх харц харагдах шиг..., гэвч ядаж байхад яр гэгчээр яагаад ч юм дотроос айдас гэхээсээ илүү нэг л хоржоонтой инээд юу юугүй дэлбэрчих гээд байх юм.

Гэнэтхэн дэргэтэл хатируулж явсан муу халтар морь маань морин тойруулгын сул хөрсөнд бүдчээд харуулчихлаа. Би өнөөх чулуутай торхон дээгүүрээ даваад мориныхоо хойт хоёр хөлрүү хийсчихэв. Миний араас торх бөмбөрөн орж ирээд, чулуунууд харжигнан цацарсанд халтар морь маань туйлаад пижигнэчихлээ. Морь маань нэг талдаа өрөөсөн арал нь хугарчихсан тэргээ бөөрөөр нь чирээд, нөгөө талдаа сүүл, хөмөлдрөгө хоёроос нь зуурчихсан намайг чирээд морин тойруулга дундуур ёстой нэг дураараа туйлж, тоос манангаар дүүргэж орхив. Үзэгч олон агшин зуур таг болсноо уухай хадуулаад явчихав. За ингээд нөгөөх агуу илбэчин, шидтэн маань энэ уухайн дунд мориндоо чирэгдэж үхдэг байж дээ. Морин тойруулгыг дахин нэг тойртол гай юу, аз уу, мэдэхгүй, өнөөх унахдаа хагарсан торх морины хөлөөр тээ дээр хөөрсөнөө буухдаа яг морины маань толгойд очоод углагдчихдаг байна шүү. Морь тэр чигтээ морин тойруулгын хашааг зад дайраад тэртээд сүүхийх аглаг уулсын зүг чигээрээ давхиуллаа. Араасаа бөөрөөрөө унасан тэрэг чирч яваа болохоор бөөн тоос, утаан сүүлтэй гэж байгаа. Харин би мориныхоо хөмөлдрөгөөс зуурсан чигтээ чирэгдэж явахдаа ард үлдсэн олны гайхаж, бахархсан нүдийг тодоос тод харж байв. Тэд намайг үнэхээрийн агуу ид шидтэн гэдэгт итгэцгээжээ. Ганц хоёр наалдас нь төмөр бүснийхээ дээгүүр сэртийсэн эвдэрхий торх толгойдоо угласан морь маань тэдний нүдэнд арван хоёр салаа эвэр бүхий буга болон харагдсаныг, араас минь ханаран боссон их тоос шороо сүүн зам болон харагдсаныг ч мэдэж байв.

Хамгийн сонирхолтой нь мөдхөн өнөөх асгарсан хар чулуудыг Шидтэний чулуу, хишиг хэмээн бөхийн цацсан боорцог булаалддаг шиг бүгдээр дайран орж, булаалдан, бужигналдана гэдгийг ч би мэдэж байлаа. Наран мөнхөд гийсэн нам гүм ойн дундах аялгуут бяцхан горхины тэр чулууд энэ мунхарсан олондоо бол бурхны бэлэг л дээ. Тахиж шүтээд явбал тархи оюунд нь гэрэл гэгээ өгч ч магад юм.

Харин эзэн захирагч их талын дунд тоос манаруулан алсарч яваа миний араас ёжтой хүйтнээр мушийсхийсэн нь нэг л зэвүүн бөгөөд нууцлаг байлаа.

#

8 comments:

нана said...

сонин зүүд байна. бошигт зүүд гээчийм болуу, ккк

Anonymous said...

zuudiig tailya.
1. Ezen zahiragch bol Enhbayar baina aa. Mun uu.

2. Morin toiruulga bol amidraliin toirog baina aa. Mun uu.

3. Hursan olon bol hursan olon baina aa. Mun uu.

4. Haltar mori bol ongod hiimori baina aa. Mun uu.

5. Har chuluud bol goo saihnii ertuntsuus tuuj irsen buteel tuurviluud baina aa. Mun uu.

6. Mori buderdeg ni hui zayanii tohuu yum aa. Tim tohuu hursan olond dandaa esregeer haragddag yum aa. Mun uu.

7. Hursan olon uuriig tani shidten gej itgedeg ni bol amidral dandaa tiim huurmag uzegdleer duuren baidagiinh yum aa. Mun uu.

8. Harin etsest ni neg l zuil tailj chadsangui, Als uul ruu yavaa araas chini ilgeesen ter nuutslag, huiten ineediin uchir yu bilee.
ZUUD TAILAGCH

uka said...

Үл мэдэг дундуурхал, бас өгөө авааны дэнсэн дээр зугатааж болохгүй нэг хүч...

Гүйцээгээгүй үг бол "Чамд өөр сонголт байхгүй"

Бодь сэтгэл биеийг амраавч, хүслийг үл гүйцэлдүүлнэ. Түүнд Зүүдчин бухимдаастай.

Халтар морь- амьдралаас олж авсан туршлага, юуг ч үл хайхрахыг хичээж байгаа шаналан...

Хөдөлсөн чулуу-нууцхан боддог бүсгүй, магад тэр одоо байхгүй...

Зөрчил, гэвч эвлэрэхээс аргагүй эзэн. Зүүдчин ч бас өөрөө өөртэйгээ зөрчилджээ. Хүсэл эрмэлзлээрээ эхэлсэн нь одоо түүнд ял мэт санагдах үе ирж. Нэгэнт өнхрүүлсэн дугуйг зогсоох хүчин хаана буй?

Өөрийнхөө төгсгөлийг мэдэрчээ, гэвч энэ нь одоо байгаагаас ч илүү амирлал, тайтгарал авчирч мэдэх...

Ертөнцийг зөвхөн нүдэнд харагдаж байгаагаараа төсөөлдөг хүмүүсээс тэр залхжээ. Тоосонд нь торойж хоцрох нэгэнд бяцхан хорсол үлдэнэ. Гэвч, золиос болгон зовлон тарьдаггүй.

Зүүдний тэмдэглэл said...

Huuye, zuudiig maani tailj ugsun ta buhend bayarlalaa

Yalanguya mash sonirholtoi tailsan UKA-d ikh bayarlalaa. Neeree bodood baisan chini uuriin chini olon zuil ikh unen bana shuu, ter zurchil, ene ter geed

Зүүдний тэмдэглэл said...

Huuye, zuudiig maani tailj ugsun ta buhend bayarlalaa

Yalanguya mash sonirholtoi tailsan UKA-d ikh bayarlalaa. Neeree bodood baisan chini uuriin chini olon zuil ikh unen bana shuu, ter zurchil, ene ter geed

Зүүдний тэмдэглэл said...
This comment has been removed by the author.
oyunaa said...

aihtar zuud bna daa, tiimee ter zevuun nuutslag torh yag l chamd yamarch songolt bhgui gej helj bgaa bh daa ....

Peter Hartman said...

Great readding