#

Friday, April 11, 2008

Нутаг дуудаа юм болов уу даа

Миний багад манайх зарим зун Бугын толгойт гэдэг газар зусах. Говийн хүн намайг хар модон дунд өссөн гэхээр худлаа ярьдагыг маань эсвэл алиа хошин занг маань гайхах хүн захаас аван. Гэвч үүнд худал юм үгүй, алиалж хошигносон ч юм үгүй, үнэхээр миний төрж өссөн Хантайшир уул бол өвөр талаараа битүү хар модон шугуй шуугисан, янгир гөрөөс, үнэг туулайд булталзан гүйлдсэн, буга согоод нь адуу үхэртэй хамт хотолж л байдаг, сархиаг жалга бүрээс нь харз ус боргилон урссан, зуны сардаа цэцгүүд нялхарсан, түмэн зүйл шувууд шулганасан үзэсгэлэн төгс нутагсан.

Тэр Бугын толгойт гэдэг зуслан бол өргөн хар модон хаялганы тана дээр байх өвөртөө өвөөгийн сахал шиг хэдэн өрөвгөр жодоо, хар мод, бургас санжуулсан бяцхан болдог толгойтой газар л даа. Түүний доод бэл нь тавиу талбиу хийгээд зуны дэлгэр цагаар тэр дэлгэр хормойгоор нь зусланчдын гэрүүд бөмбийлдээд, өглөө эртээ болдог толгой дээрээс харахад цэцгийн үзүүрт тогтсон шүүдэрс шиг нарны гэрэл ойлгон байдагсан. Харин зүүн энгэрт, нэлээд дээхнэ байх цавчим цохио хадны хэвлээс ус бургилан гардаг, хур ихтэй жил бол тэр дээрээс хүрхрээ аятай мэлтэлзэн урсдаг, ус багатай жилээ хадны оёор луу нэлээд шургаж байж, уртхан иштэй шанагаар хутгаж ундныхаа усыг авдагсан.

Хадан ус нэртэй тэр усыг рашаан ч гэх. Тэр Бугын толгойн нэрийг хоёр янзаар хэлэлцэх агаад нэг нь дээр цагт нэг хүн буга бугуйлдачихаад, түүнээ модноос уячихаад, гэртээ очиж, хутга сүхээ бэлдэж аваад иртэл бугын толгой нь тасраад үлдчихсэн, бие нь алга байсан гэдэг, нөгөө нэг нь болохоор буг чөтгөртэй болохоор тэгэж нэрлэсэн ч гэх. Би бол эхнийхэд нь үнэмшдэг юм, тэр толгойн шилд нарлаг, налгар, дурсамж, хайр, гэрэл гэгээ халгисан жаргалтай дэлгэр зуныг хэдэнтээ үдэж явсаны хувьд буг чөтгөртэй ер таарч байсангүй, ер саар муу дурсамж тэр газар байсангүй ээ.

Харин энэ удаад тэр багын зуслангийнхаа нутгыг зүүдлэв.

Бугын толгойтын эхний үргэлжилсэн шивээ ойг Бага зураа гэх, жаахан намхан хөтөлтэй дунд хэсгийг нь Тасархай, толгойн хойруу байх моддын зураа өргөссөн хэсгийг нь Өргөн харын зураа гэх. Нээрээ л алсаас харахад Алтайн сүрлэг хийморлиг эрийн өтгөн хүмсүг шиг харлан зурайж харагддагсан. Тэр зураадад тошлог, улаалзай жимс ихээр ургадагсан, харин би өнгөрдөг шөнө тэр зураанд очлоо. Хөвөн зулчихсан мэт байдаг хөвд өвс нь чандар шиг болоод, өнөөх Бага болон Өргөн зурааны бүх модод нэг ч амьд ногоон мөчир шилмүүшгүй, хав хар болоод, зөвхөн сэрийсэн сэрийсэн хар хар мөчирнүүд л үлдчихсэн нь арзайсан төмөр тор татчихсан мэт аймшигтай. Тэр амьгүй сэргэр хар моддын мөчирсийн завсараар өнгөгүй саарал тэнгэр сүүмийнэ. Энэ чинь юу болж байна вэ, гээд хашгирчмаар, хачин их харуусал цээж зураад ирэх юм.

Амьд үлдсэн нэг ч мод, бүүр нэг ч өвс алга, хөлд пургих тэр саарал үнсийг ухан төнхөн, нэг ч болсон амьд үлдсэн цэцгийн үндэсийг олчихсон гэж хичээлээ. Эрх багадаа модны тан дээр байх миний л нугалж чадах хэмжээний нэгэн өсвөр шивээг нугалж, дээр нь тохом тохчихоод морь болон булгиулж мөн ч их тоглодог байсансан. Бүүр хожим арван хэдэн жилийн дараа тэр моддын тангаар явж байхад миний тэр бөхийлгөн морь болгон толодог байсан шивээ яг тэр бөхийсөн чигээрээ ургаж, бүдүүрээд, нас биенд хүрсэн намайг өлхөөн даачихаар болсон байж, гэхдээ л тэнгэр өөд цоролзон боссон эгц шулуун, гоолиг ганган бусад ижлүүдийнхээ дэргэр цор ганцаар бөхгөр, бусад нь салхины аясаар тэнгэрт цоролзон найгадаг бол тэр л орь ганцаар амьдралын хүндэд бэрхшээж бөхөлзөх мэт дохилзон буйг нь хараад балчир багынхаа тэр гэнэн томоогүйтлийнхээ төлөө зүрх шимшрэн, тэр бөхийн ургасан залуу Шинэсэнд сөхөрч, наминчилж билээ.

Харин тэгтэл одоо бүр нэг ч амьд мод алга болчихоор энэ сэтгэл зүрх яаж тэсэх вэ дээ, харуусан халаглаад барахгүй, дэмий л энэ сайхан орон дэлхийгээ ийм болгочихдог суугуул нутгынханаа сайн муугаар нь дуудаж, хүмүүний амин хувиа хичээх гэгч ямархан үр дагавартай болоход нь халаглан, ялангуяа орон нутгийн удирдлагуудыг байж болох хэмжээгээр баалж үзэв. Уг нь сүүлийн 10-аад жилд манай авга талын ах хүү тасралтгүй Засаг даргаа хийж байгаамсан. Яачихаараа нутаг орноо ингээд цөлбөчихдөг, эсвэл цөлбүүлчихдэг байна аа гээд л. Харь газар хэдэн халтар төгрөг хөөцөлдөж, болсон болоогүй аижл хийж, хөлсөө урсгаж явах хооронд эргээд хэзээ ч заяахгүй, бас юугаар ч сольж, орлуулашгүй үнэ цэнэтэй бүхэн маань энэ мэтээр устаж, мөхөж явсан байх нь дээ.Ядахдаа үүнийхээ төлөө харамгүй урсгасан хөлсөө зориулсансан бол...

Модод тэгэж олноороо үхэж хатах чинь ямар эвгүй харагддаг юм бэ. Хааяа кинон дээр л нэг тийм үхмэл намгийн гүнд үхмэл ойн дунд ямар байдгыг харуулдагсан. Тэгээд өгссөөр моддын сэрвэн дээр гараад ирлээ. Гэтэл моддын ар сэрвэнгээр нь төмөр зам тавьчихаж. Хүүе, энд яахаараа төмөр зам байдаг билээ гээд, гэтэл нэг эр эм хоёр төмөр замын ойролцоо ажиллаж байна, эм нь яг нөгөө моддын сэрвэн рүү орж биеэ засихаад гарч ирж буй бололтой, зузаан ноосон өмдөө татсаар ирж явна, эр нь нэг л үзсэн ч хүн шиг, харин эм нь яах аргагүй хятад гүүня байна аа. Тэгтэл тэд намайг хөөж байна, "манай ажлын зоноос холдваа, чи" гэж байна. Одоо нас ахиад Далай багш шигээ их хүлцэнгүй болчихсон би\хэ хэ\ хөөгдөөд л, залбираад л гүйлээ, уг нь хэдэн жилийн өмнөсөн бол аль хэдийнэ тэр хоёртой барьцалдаад авах байсан л даа.Тэгээд зам дагаад гуниг, гомдолтойхон алхаж байтал араас галт тэрэг дайрчих шахаад, дуу чимээ болсоор хүрээд ирдэгийм байна.

Тэр тэргээр дүүрэн мод аччихаж, орилж чарласаар умард зүгт одов. Яг энэ мөчид би тэдгээр модод яагаад бүгдээрээ үхчихсэний учрыг ойлгов. Амин голоор нь, ар дагзаар нь төмөр зам тавьчихаж, бас хүмүүсийн бузар гар тэр эмзэг нандин бүхэнд хүрчихэж... Амьсгаагаа ч хүргэж боломгүй ариун дагшин юм гэж байтал, харь хүмүүсийн бузарт өртөхөөр гутарч, гундалгүй, хиртэж, бузарталгүй яахав дээ. Уг нь бид чинь, жалганд очиж морь хардагсан, хэзээ бидний өвөг дээдэс уулын орой, модны сэрвэнгээр биеэ засдаг байлаа даа. Гэтэл захын нэг хятад гүүня хэн бүхний хүрээд байдаггүй сэрвэнд очиж биеэ хөнгөлөөд байхаар чинь аргагүй юм биз.

Нутаг маань намайг араас нэхэж, дуудаж байгаам болов уу, за удахгүй буцлаа даа.
Харин зүүд тайлдаг хүмүүн байвал туслаарай.

#

15 comments:

Anonymous said...

Za hamgiin ehnii komentiig unshihaasaa umnu uldeelee.
khaka.blogspot.com

ZAYA said...

Бид өөрсдөө өөдтэй байхгүй бол болохгүй нь...
Ариун дагшин оронд минь шаахайны мөр арай хэтэр ч байна. Бид дотроо бодолтой байвал, шаахайтангуудад муугаа үзүүлэхээргүй хувьтай хүмүүс. Муу зүүдийг сайн гэж тайлбал, сайн сайхан үйлээр эргэдэг бизээ.

Боорчи said...

Аавийн минь нутгыг нүдэнд харагдтал сайхан бичсэн байна. Жил болгон тэнд очиж амардаг их сайхан газар шүү. Сүүлийн үед газар усны нэр нэлээд солигдоод гээд аав жаахан дуу муутай л байна лээ. Нутгийн тахилгад овоон дээрээ гараад нутгаа хараад сууж байхад их сайхан л байна лээ шүү. Нутгын хүнтэйгээ таарах сайхан л байна шүү.

Arsun said...

Nutag us chini duudaad baigaa busuu? Bushuuhan ochoo.

ganga said...

Manai nutagt ingej uilj hailj baigaa gazar oron olon baigaa baih daa.Zaluusiin zarim ni gadaadad heden bor caasni toloo nutgaa ezgui orhiod, nutagtaa baigaa hed ni bas l heden bor caasni toloo baigal ehee emtleed yamar hecuu cag ue geech ve. Huuli ni changa, irgen ni eh oronch bol eh gazar mini ingej uilahgui sen.

Arsun said...

Nutgaa zuudleed ireh zun yawahaar tuluwluud baina. Nutgiin uuls amitai yum shig duudah yum baina shuu dee

Anonymous said...

Зүүдчин, чиний блог маш сонирхолтой юм. Би бас их зүүдэлдэг, хачин хачин юм зүүдэлнээ. Зүүдэлж байхдаа би шал өөр ертөнцөд байгаагаа мэдэрдэг, заримдаа нөгөө астрал аялал гэдгийг мэдрээд ч байх шиг. Чи яаж зүүднүүдээ ингэж санаж эмхтгээд бичиж чаддаг юм бэ, сэрэнгүүтээ тэмдэглэдэг юм уу? Би дөнгөж сэрээд байхдаа бүх болсон явдлыг санаад байгаа мөртлөө удалгүй мартчих юм, тэр бүр бичээд байж чадахгүй юмаа, залхуураад. Дээр үед бичдэг л байсан. Хуучин цагийн зүүдний тэмдэглэлээ уншсан чинь ёстой сонин байна лээ.
Чи зүүд болгоноо бичээд байгаарай. Их сонирхолтой байна шүү. Баярлалаа.

Anonymous said...

nutaguuu, saihan saihan, ylanguya zun och my nz, uneer saihan, ohid ni gej ynzaga sogoo shig , tasartsan yumnuud l yvjiilee, zaluus ni bas zorigtoi daj bolson bsn... aida amidral gej sonirholtoi shd, uilj duulsan ch nulims hurtel amttai gej ...kkkk

zorgoorooo duraaraa, tanidag meddeg gazar chini magadgui oor bolson ch bj medeh l yum, gehdee yaahudee haaya neg tsochroogoo gargaj, sandalnaasaa unaj bsn deer gej helii... oo neer by the way, manii blogoor zochilsond aygui bayrtai bgaa shoo,,, bi ch udaan uugeer tuugeer haalga uud erguulj yvsangui , biiizii blaa..

and gl&hf

tatah

Зүүдний тэмдэглэл said...

khaka
Уншсаныхаа дараа нь үлдээхгүй байсан юм уу,

Заяа
Харин тийн, хэтэрч байх шиг байна, манай тэр уулсаар хятад хүмүүс бугын эвэр, бас нэг өвс түүгээд явж байсан гэсэн мэдээлэл сонссон юм, тэгээд тэгэж зүүдэлсэн байж магад. Муу зүүдийг минь сайнаар тайлж өгч байгаарай

Боорчи,
Нутгийн охин байна даа. Аягүйдвэл манайхан айл саахалт нутагладаг ч байсан байж магад. Нутаг ч сайхан шүү. Өвгөн овоон дээрээ нэг гарна даа, удахгүй. Хэний анаагүй харийн газар нутгийн хүнтэйгээ уулзах сайхан байна шүү

Арсун.
Харин тийм дуудаад байна. Ер нь уулс амьтай гэдэгт бат итгэх болсон. Хүмүүс түүнд итгэхгүй байх бүр тэр уулсын амь сулардаг, итгэх бүр амь нь сэргэдэг юм шиг.

Гангаа
Харин тийн, уйлж хайлж байгааг нь сонсох, мэдрэх амин хүүхдүүд нь бас алсад одоод алга болчихоор бүр ч хэцүү байдаг байх даа.

Анон.
Ер нь зүүднүүдийн ихэнх нь сэрээд л мартагддаг. Гэхдээ зарим зүүд ер мартагдахгүй, хэдэн жил сараар санагдаж, бодогдож, өөр юм хийж байсан ч хатгаад байдаг юм. Би ч зүүд болгоноо нэг хэсэг тэмдэглэдэг байсан. 10 гаруй жилийн өмнө. Одоо онцлог хэсгийг нь тэмдэглэдэг болчоод, дээр нь энэ блог гээч нэг аятайхан юм гарада ирсэн чинь түүнд оруулдаг болчоод байгаа. Энэ алга болохгүй, бас бусадтайгаа хуваалцаад зүгээр юм, боломжтой бол чи бас зүүдээ тэмдэглэж байх хэрэгтэй шүү. Харин ямар үр дүнтэйг нь, ашигтайг нь, хэрэгтэйг нь би хэлж мэдэхгүй юм, юутай ч нэг юм байгаа байх, тайлж, мэдэрч сурах нь л хамгийн чухал нь бах, гэхдээ би бол дандаа буруу тайлж будилна аа

Татах
Баярлалаа, ойрд чи нээрээ бийзий байгаа бололтой байсан шүү. амьдрал сонирхолтой, уйлж дуулсан ч нулимс хүртэл амттай даа, нээрээ.
Чиний зөвлөснөөр хааяа нэг санамсартай сандалаасаа унаж байхаас, хэ хэ

A.Амарсайхан said...

Энд байгаа би 1000 км-ээс нутгаа зүүдлээд, унтаж чадахгүй байхад, 10 мянган км алсаас ингэж зүүдлэх нь арга ч үгүй юм уу?
2000 оны зудны дараа Хантайшир хайрханд маань буга ховор харагдах болсон доо. Тарвага нь буцалж байгаа юм шиг байдаг сан. Одоо бол алсаас өдөржин дурандаад ганцыг харвал их юм болсон.
Алт ухагч "нинжа"-тангууд шуналын нүдээ улаанаар эргэлдүүлэн, Дөтийн арын хөрсийг улаанаар нь эргүүлж буй.

Дeстини said...

хууль цаазаа цоорхойтой байлгах, түүгээр далимдуулан дээр дооргүй өнөөдрийн таван төгрөгийн ашиг харан сохор доголон хөдлөх, тэр зуршилыг нь урд улс тэргүүтэй хүмүүс гаатай сайн ашиглах - ийм л юм болоод байна даа. Хүүеэ, би яагаад зүүдэлдэггүй юм бэ?

Anonymous said...

Амраа маань бас уул Алтайдаа уяатай сууна уу хө. Буга ховор болсон дуулдана билээ, миний багад аав маань анд явж байгаад буга таарахаар буугаа нуугаад харуулдаггүй байсансан. Тэгэж л хайрладаг байж, Буга нь ч хүнээс үргэдэггүйсэн, Тарвага ч мөн их байсан, Мараан нуруу, Овоон нурууг дагаад, одоо алга болчихсон юм шиг байна лээ, уул усны эзэд дотор нь яаж харлаж харанхуйлж суудаг болдоо гэж бодогдох юм, Дөтийн ард алт гараа юу, алт байтугай л их юм гарах газар даа, Хүлэр гээд нэг шатдаг хөрс их байдагсан.

Дистини
Хүүе Дистини зүүдээ манах хэрэгтэй, огт зүүдэлдэггүй хүн гэж байдаггүй байх аа, манаад үз, бүсээ зангидаад, түүндээ хүслээ сайн шившиж шивнээд дэрэн доороо хийгээд унтаад үз. Нэг биш нэлээд хэд тэгэж байж зүүд ирэх байх. Ер нь зүүд нь төөрчихсөн хүн гэж байдаг юм гэсэн. Сайн мууг нь мэдэхгүй юм, зүүд дуудна гээд л хөгшчүүл ярьж байсныг багадаа сонсож байсан, харин яаж дуудаж байсныг нь мэдэхгүй юм, нөгөө сүнс дуудна гэдэг шиг л юм болдог байсан байх.
Зүүдчин

arsun said...

Destiny-д хандахыг зөвшөөрнө үү.
Анд минь чи зүүдэлж байгаа, бүр шөнөдөө 5-7 удаа гэнэ шүү.

Зүүдчээн, зүүдний тухай жаахан юм орчууллаа. 2 хуваагаад гаргах санаатай байна. сүүл хэсгийг нь орчуулж амжсангүй. Тэр зүүд дуудах талаар бас байсан шүү.

zamagtai said...

Таныг байнга уншдаг юм. Бүр байнга, өдөр бүр. Таны бичлэгт, таны зүүдэнд эгэл биш нэг юм буй.

Anonymous said...

бас нэг юм байна уржигдар унтаж байгаад бас зүүдэлсэн зүүдэндээ би жирэмсэн болчихжээ. гэхдээ хүүхдийн эцэгтэй хамт амьдармааргүй байх юм. жирамсэн хэрнээ өөр хүнд сэтгэлтэй болчихоод хүүхдээ авхуулах гээд яваад байх юм. уг нь бол би бодит байдал дээр хэзээ ч тийм бодлогоггүй алхам хийхгүй гэж өөрийгөө их хянадаг болохоор тэр талаар санаа зовох зүйл нэг ч байхгүй. тэгээд зүүдэндээ миний гэдэс томроод байдаг. ээж аав маань ч намайг жирэмсэн гэдгийг мэдээд баяртай байна. гэтэл би хүүхдийн аавыг ээж аав дээрээ авчирж танилцуулмааргүй байдаг бас өөр хүнд хайртай гээд тэр хүнрүүгээ явах гэхээр жирэмсэн байдаг тэгээд яахаа мэдэхгүй сууж байгаад гэнэт сэрчихлээ. сэрээд л юу билээ гэж бодоод өөн тийм саяхан сарын тэмдэг дууссан гэдгээ саналаа. энэ зүүд гэдэг юм ерөөсөө байхгүй бол амар байхгүй юу