#

Tuesday, February 16, 2010

Мөнхийн хөдөлгүүр

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт мөнхийн хөдөлгүүр бүтээсэн монгол хүний тухай хэдэн нүүр дамнасан томоохон ярилцлага, сурвалжлагын хослол гарчээ. Зургийг нь харвал таньдаг хүн байх. Намайг багад манай аймгийн Пионерийн зөвлөлийн дарга хийдэг байсан, нутгийн ах хүү байна. За тэр үеийн эвлэл, пионерийн ажилтнууд ч адтай хийгээд элдэвтэй л дээ. Одоо энэ бизнес, улс төрийн томчуудаас чинь зөндөө нь эвлэл, пионерийнхэн. Баярцогт, Арвин, Үржинбадам, Ням-Осор, Энхмандах, өө.. бас хэн хэн билээ. Олон л хүний нэрийг дурдах болох нь.

Тэгээд тэр сонины материалыг ч уншилгүй шууд нөгөө нөхөр дээр давхиад очиж буй бололтой юм.
Тэр надад мөнхийн хөдөлгүүрээ үзүүллээ. Багашиг тавагний хэмжээний диаметртэй (15 см орчим), хоёр хуруу хэрийн зузаантай хоёр талдаа нүүртэй цаг л байна. Гэхдээ нэг талынх нь нүүр надад сайн харагдсангүй. Голдоо бол үзэгний хэрийн бүдүүнтэй нэвт гарсан ганц голтой юм.

Ах хүүгийн надад хэлсэн үгийн нэлээдийг нь мартчихаж. Санаж байгаа зарим нэгийг чадан ядан буулгая.
“... Юуны өмнө нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цаг хугацааны урсгалыг... Цаг нэг чигтэй урсаж байгаа цагт мөнхийн, эцэсгүй хийгээд төгсгөлгүй байх боломжгүй. Энэ нэг чигт урсдаг цаг хугацааны хэлбэр бол цаг хугацааны 374(би энд буруу санасан, эсвэл буруу тогтоосон байж магадгүй) хэлбэрээс хамгийн энгийн хийгээд болхи, бэзик түвшнийх нь юм. Өөрөөр хэлбэл дөрвөн аргын тоо л гэсэн үг.
Бид бол зөвхөн энэ түвшинд л цаг хугацааг мэдэрдэг. Ядуухан байгаа биз”
“Үгүй, тэгээд мөнхий хөдөлгүүртэй энэ цаг хугацааны хэлбэр маань ямар учир холбогдолтой юм бэ?”

“Хамгаас учир холбогдолтой. Би үгийнхээ эхэнд чамд хэлсэн дээ. Нэг чигт урсаж буй цаг хугацааны хэлбэрт мөнхийн, төгсгөлгүй байх боломжгүй тухай. Хүмүүс бид хэдэн мянганы турш яг энэ хэлбэр дээр л мөнхий хөдөлгүүр бүтээх гэж оролдоод байсан учир бүх туршилт нь бүтэлгүйтэж байсан юм.
Харин би хоёр урсгалтай цаг хугацааны боломжийг ашиглаж (яг боломжийг ашиглаж ч гэж хэлээгүй юм, ерөнхий утга нь иймэрхүү, би тэр хэллэгийг нь санадаггүй, энэ талыг мэдлэг мөхөс тул тэр мэргэжлийн хэллэгийг нь огтхон ч тогтоож авсангүй) энэ мөнхийн хөдөлгүүрийнхээ зарчмыг босгосон юм. Чи энэ дугуй хайрцган дотор гуравхан оньс байгаа гэдэгт итгэх үү?” гэж тэр надаас асуугаад, намайг хариу хэлэхийг хүлээгүйгээр дээрээс минь тонгойн духаараа харж байгаад үргэлжлүүлэн ингэж хэлэв.

“Энэ цагийг нэг хөдөлгөхөд л бүтэн жилийн турш зогсолтгүй явах боломжтой. Огтхон ч хөдөлгөөнгүй байлгахад шүү. Хөдөлсөн тохиолдол бүрд оньс нь өмнөх чиглэлээсээ эргэж үйлчилнэ”.

“Хөдөлгөхгүй бол зогсчихно гэсэн үг үү? Тэгвэл яаж мөнхийн хөдөлгүүр болж чадах юм бэ?”

Ах хүү намайг өхөөрдсөн мэт эгдүүтэй харцаар харж байгаад
“... хэ, хэ... Хүмүүс бидний хамгийн энгийн эндүүрэл энд байгаам. Хөдөлгөөнгүй юм гэж огтхон ч байдаггүй. Оршихуй өөрөө хөдөлгөөн” гээд ..... да да, зөндөө олон юм ярьсан, санадаггүй ээ. Санаж байгаагаас Кант-ын 3 дугаар постулат гэв үү, нэг юм хэлсэн. Сайн ойлгоогүй юм чинь толгойд тогтож үлдэх нь их муу юм байна.
Товчхондоо бол тэр оньс нь хөдөлгөөн бүрд эргэж үйлчилдэг зарчим дээр тулгуурласан юм аа даа, янз нь. Тэгэж байж мөнхийн хөдөлгүүр болох юм байна. Оньс гээд л байгаа болохоос биш уг нь орооцолдсон гурван пүрш л харагдсан. Нэг нь спираль хэлбэртэй ч юм уу даа гэмээр. Тэгээд ах хүү надаас бага сага юм ойлгогдож байна уу гэж асуулаа.
“Ойлгох шахаж байна” гэвэл
“Манай нутгийн хялар Эрдэнээ (яг ингэж хэлсэн шүү. Тэгэхээр нь би шууд л судлаач Ч.Эрдэнэ агааг байна гэж ойлгосон. Насны хувьд тэд ойролцоо хийгээд мэдээж хэрэг нэг нутгийнх учир бие биенээ сайн мэдэж байгаа байх. Тэгээд л ингэж дотно хүмүүс бие биенээ хээ шаагүй, хамаагүй хэлдэг дээ) нэг юм нухаад байгааг чи мэдэж байна уу?”
“Тийм тийм, мэдэж байгаа”
“За тэр чинь л уг нь энэ хөдөлгүүрийн онолынх нь суурь үндэс нь байгаа юм”

Би тэр цагыг нь аваад эргүүлж тойруулж жаахан үзэв. Нэг харахаар цагийн зүү нь буцаад цохиж байх, дахиад нэг харахаар зөв ч явж байх шиг. Ах хүү надад нэлээд олон зүйл ярьсан ч олонхийг нь мартчихаж, нэгд угаасаа миний ойлгоход хэцүү сэдэв байсан, дээр нь сэрсэн дариудаа тэмдэглэж аваагүй учир, ер нь зүүдийг сэрсэн дариудаа 80 хувийг нь санаж байдаг, 5 минутын дараа 30 хувийг нь л санадаг, цагийн дараа 96 хувийг нь мартдаг гэсэн судалгаа байна лээ, ортой л байх.

#

10 comments:

Arsun said...

Сонин зүүд юм аа.

MW said...

Guy Pearce-iin togloson umnuh hedhen minutiin zuilee sanadagggui hunii tuhai kino baidag. Teren shig yum bolj de.

Anonymous said...

MW-d. zuudchin zuudnii tuhai yaraiad bn l daa.
Z-chin, iordoo er uzegdsengui. welcome back gemeer boljiina shuu.

Anonymous said...

Hello. And Bye.

Anonymous said...

Хэ хэ хэ, аймаар өнөр өтгөн зүүд байна даа. Нэг хүн зүүдэндээ эхээс мэндлээд өсөж торниод нас биенд хүрээд, сургууль соёл төгсөөд ажил төрөлтэй болоод гэр бүлтэй болоод үр хүүхэдтэй болоод нас нэмээд өтлөөд тэгээд бурхан болоод тэгээд зүүднээсээ сэрж байгаа юм шиг. Тэгээд цагаа харсан чинь орондоо орсноос хойш дөнгөж 30 минут өнгөрсөн байдаг. Хэ хэ хэ.

Т.Насанжаргал said...

Sain baina uu. Bi blog hesej yavaad negen blog deerees tani "muu naiziinhaa omnoos zul orgoyo doo" hesen oguullegig unshaad ih taalagdsan tul ooriin blogtoo oruulchihlaa. Tanias zovshoorolgui oruulsand uuchlaarai. Hervee bolohgui gevel bi ustgachihnaa. Tanid amjilt huseye

Anonymous said...

Nasaa-d
Bolno bolno. Link-ee bichchikhvel bur zugeer.

Zuudchin

Хүн санаа said...

Хүүеэ хүсэн яагаад таг чиг алга болчихдийн бээ? Харах үзэх юмгүй болох гээд байдаг. Хэл чимээ дуулгаач?

Хүн санаа said...

Хүүеэ хүсэн хүлээдэг блогчин маань яагаад таг чиг алга болчихдийн бээ? Харах үзэх юмгүй болох гээд байдаг. Хэл чимээ дуулгаач?

Anonymous said...

Гудманд залуус үнсэлцэхээ больжээ
Гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга
Уйтгартай байна.
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож
Харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж
Өрөвдөлтэй байна.

Салалт ойрдоо ихэсч байна гэнээ
Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх
Хачирхалтай байна.
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна.

ЗҮҮДЧИН ч ойрд зүүдлэхээ больчиж.
Эмгэнэлтэй байна.
Зүрх гижигдэж, сэтгэл баясгах юм алга.
Ирээдүйгүй байна.