#

Wednesday, December 29, 2010

Зарим нэгэн нууцлаг гайхалтай газрын тухай


Хаа нэгтээ байх нэгэн нууцлаг оршихуйн зүг мөн ч олон удаа зорьж, зүтгэсэн боловч одоог хүртэл би тэнд хүрээгүй л явна. Гэхдээ өөрийн мэдэлгүй хараа минь тийш чиглэж, хөлийн минь гишгэлт тийш хазайгаад байдаг болохоор, тэндээс ирэх хуурай хөх салхины үнэрийг хааяа ч болов санадаг болохоор өнгөрүүлж буй мөч хором бүрээрээ би тийш чиглэж, тийш зорьж яваа гэдгээ сайн мэдэрдэг юм.

Гэхдээ энэ удаад би юу болохыг нь үзээгүй, хараагүй, зөвхөн балар нууцлаг зөнд л найдаж буй тэр нууцлаг орших газрын тухайд биш, харин тийш очих замд таардаг зарим нэгэн нууцлаг сонин газрын тухай өгүүлье.

Их говийн урд үзүүрийг хэжиж ороон эмжсэн их өндөр сүрлэг цахир үзүүр байдаг юм. Тэр үзүүрийн төгсгөл хэрд бодит оршихуйд бол цахир сэрвэнгийнх нь урд мөрнөөс доош буусан хэсэгхэн улаан асга байдагсан. Сайтар анзаарвал л харагдахаар тун бага газарт бүдэгхээн өнгөөр ялгарах бөгөөд намрын тунгалаг үдшийн нарны дор бол харин нэлээд тод харагдах нь хааяа. Тэр улаан асганы яг хөл тушаа, уулын бэлд байх аараг тоорог дотор мөн хэдэн улаан хурууд бий.

Өнөөх нууцлаг ороны зүг явах зам яг тэр цахир үзүүрээр ямагт тойрч гардаг ба өнөөх цахир сэрвэнгийн мөрөн дээр байх хэдэн улаан асганаас бэлд нь байх тэр хэдэн улаан хурууд хүртэл битүү улаан хамбан хилэн хөшиг унжуулчихсан мэт тов тод, ямар ч өө сэвгүй,гилгэр төдийгүй яг л хөшигний нугалаа мэт гурван үе нугалсан шулуун урт улаан элсэн хамар бууж ирэх бөлгөө. Цахир хадан үзүүрийг оргилоос нь зааглан унжих аварга улаан хүрэн хөшиг мэт харагдах агаад тэрхүү шулуун уналтын өндрийг лавтай хэдэн зуу, магад 1000 орчим метрээр хэмжих болов уу.

Харин би өнгөрөгч шөнө тэрхүү цахир үзүүрийг тойрч бүхийдээ хамт яваа хэдэн хүнд тэр гайхамшигтай харагдах гоо сайхныг бахдан хэлтэл бүгд намайг гайхан харах юм. Юун улаан хамар, хуруу, юун хөшиг шиг юм яриад байна, хаана байна гэхчихлэн. Гайхсан би тэдэнд тэр улаан элсэн хуруудыг зааж, дүрсэлж нотолж чадсангүй. Тэгээд өөрөө гүйж очоод хуруудын бэлээс нь нэг атга шороо авлаа. Гэтэл миний атгаад авсан газар хонхойгоод үлдсэнгүй, цаанаасаа дүүрэн түрээд ямар ч ор мөргүй болчих юм. Юутай ч сайхан гоо сайхан билээ, тийм өндөр уулын халз хажууруу буусан тийм сайхан тунгалаг тод өнгөтэй өө сэвгүй үзэгдлийг бахдахад ч багадам гэтэл харин ч түүнээс илүү гайхашруулсан зүйл нь миний атгаж авсан шороо байх аж. Тэр бол шороо биш юм. Элс ч биш. Булуу цагаан загасны түрс шиг бөмбөлөг хэлбэртэй, бүгд нэгнээсээ юугаар ч ялгарамгүй ижилхэн том ширхэгтэй элсэн чихэрний хэмжээтэй, хуурайгаараа яг л говийн элс шиг, асар цэвэрхэн тийм “шороо” байх юм. Шороо гэхэд шороо биш, элс гэхэд ч элс биш, чухам юу гэхийг мэдэхгүй тэр эрдэс алган дотор минь халуу дүүгүүлэн халиж асгарчихээд байсан тул халаасанд байсан цаасан уутанд хийчихээд өнөөх надтай хамт явж байсан үл итгэгчиддээ үзүүлэхээр гүйлээ.

Тэдэнд очоод үзүүлэхээр цаасан уутынхаа амыг яртал дүүрэн хурц хүрэн өнгийн жимс гэрэлтэж байх нь тэр. Өнөөх сонин шорооний ширхэг бүр нь говийн хармаг шиг жимс болоод хувирчихаж. Бас хажуугаар нь хармагнаасаа хоёр дахин бага цав цагаан, бөв бөмбөлөг үрэлнүүдтэй гээч. Амсаад үзвээс араанд өөрөө уусаад, сэтгэл санаа сэвэлзээд л дуулмаар, дурламаар ч болоод явчих шиг. Нөгөө хамт яваа нөхдүүд маань “Чи хаанаасаа хармаг түүгээд ирэв” гэлцээд хуваагаад идчихээд, хаана байна очие, түүе, идье гээд унах юм.

Эндээс би нэг л юмыг ойлголоо. Тэр газрыг хүнд үзүүлж, зааж өгөхийн ч хэрэггүй юм байна. Дэргэд нь очоод ч үзэж харахгүй байгаа хүмүүст заавал мэдрүүлэх гэж хичээх хэрэггүй юм байна гэдгийг ойлгов.



***

Мөн Алтайн их уулсын нэгэн харгиатай голын хөндийн энгэр талын ихийн их хөх алаг хадан хясаанын доор нэгэн ер бусын орон байдаг юм. Хэдэн жилийн өмнө би тэр хадан дунд замаа олохгүй төөрч яваад нэгэн сэрүүн салхи хүүгэсэн ангал руу унаж, санамсаргүй тэр ордон дотор орж орхисон билээ. Цул ногоолин чулуугаар ямар ч зүүдэлгүйгээр сийлсэн багануудтай зөөлөн ногоон гэрэл нилдээ туяарсан тэр уудам их танхимыг гайхаж бишрэхгүй байхын аргагүй.

Туркийн Истанбулын төвд байх өнөөх газар доорх гайхамшигт танхим Basilica Cistern-ийн дотор ороод хүний гараар бүтээж босгож болдог тэр гайхамшигт бишэрч байсансан. Тэр бол тус бүр нь 9 метрийн өндөртэй уран сайхан хийцтэй 336 гантиг баганаар чимэглэсэн 138 х 64 метрийн хэмжээтэй уудам танхим бөгөөд хол доогуур зүйл бүрийн гэрэлт загас сүлжилдэн, тэртээ дээрээс под хийтэл дусаж ирэх усан дусал нь хүртэл цаг хугацааг эзэмдэж байх шиг санагдуулдаг гайхамшигтай сайхан танхим. Манай эриний 3 дугаар зуунд барьсан гэж байгаа юм даа.

Харин манай Алтайн уулсын хадан байцын дор нуугдан орших тэр танхим бол, зүйрлүүлж хэлвээс, юун энэ алим бэ, онгоц гэдэг чинь огт өөр юм л гэмээр.

Тааз нь тэртээ дээр харагдах авч хүсвэл гар хүрч болдог. Тэдгээр олон ногоолин баганууд нь угаасаа тааз хийгээд шалтайгаа цуг үргэлж, толь мэт өнгөлөг хийгээд мушгирсан талст бүрээс нь арван талаас нь гэрэл тусгачихсан мэт тунгалаг ногоон гэрэл ойлгох бөлгөө. Агаар нь Basilica Cistern-ийн шиг чийг татсан биш, Lotus Temple-ийн доторх шиг анхилуун хуурай. Миний эргэн тойронд тийм ч олон багана харагдахгүй агаад хэрвээ би нэг баганы цаана гарч харвал дахиад л өмнө минь шинэ бага гарч ирэх бөгөөд миний өмнө дэргэд нь байсан багана үзэгдэхгүй болж орхино. Тиймээс баганын тоог гаргахад хэцүү. Яг л эргэн тойронд баахан босоо том толь тавьчихаад, дунд нь нэг багана тавьчихвал тэдгээр толинд туссан дүрс бие биенээ эцэс төгсгөлгүй мэт дамжуулж, аль ч зүгт хязгааргүй үргэлжилж болох мэт, тийм л ер бусын харагдана. Гэвч нүдэнд үзэгдэж буй энэ үзэгдэлд автахгүйгээр байгаа газраа тодохойлж чадах аваас тэр танхимын зах хязгаартай болохыг нь үзээд зогсохгүй зэргэлдээ орших цагаан гантиган танхимд орох хаалга бүдэг цагаан гэгээ цацруулан сүүмэлзэж байхыг ч олж харах болно. Энэ хоёр дахь танхим бол жижгэвтэр, өмнөх ногоон танхим шигээ тийм дүрс хугарсан олон үзэгдлээр толгой эргүүлж гайхашруулсангүй ч би тэр танхимд өөрийнхөө биеийн жинг мэдрэхгүй байсан юм. Цаашлах тусам танхимуудын өнгө өөрчлөгдөн жижгэрсээр, сүүлдээ гил хар өнгөт жижиг хонгилд орж ирсэн бөгөөд хонгилийн үзүүрт нарны бүдэг гэрэл гялалзаж, би тийш зүтгэлсээр газар дээр гарч ирсэн билээ. Тунгалаг нартай, миний сууж буй хадан цохионы доогуур уулын түргэн урсгалт гол жавхаатай хүрхрэн бууж бүхийд хормын өмнө миний үзэж байсан тэр олон гайхамшигт чулуун танхимууд энэ амар амгалан дүнсийх хадан хясаадын чухам альхан хэсэгт нь буйг ухаарч чадаагүй юм. Тэгээд тэрхүү газрыг сайтар нүдэлж тогтоосон ч хожим би хоёр ч удаа очоод орох орцыг нь олж чадаагүй билээ. Хэдхээн шөнийн зүүдний өмнө сүүлчийн удаа очсон ч би аанай л орж чадсангүй. Харин одоо бол тэр уулын голын ус хөлдөж тэлээд хоёр талынхаа хадан хясаанд хэдийнэ тулж, тошин нь цан хүүрэн татуулсан савсаж байсан ба тэр савсаж буй тошингийн өрх дор халуун амь амьдрал өрнөж байх шиг санагдсан ч орж зүрхлээгүй.

За юутай ч ийм хоёр нууцлаг ер бусын газар байдаг л юм даа. Дараа нь огт өөр ер бусын цаст оргилуудын тухайд бичих болно. Учир нь нас явах бүрээр би тэр цаст оргилуудаар аялж чадахыг байж, тэр үеийн мэдрэмж, санамж мохож, бүдгэрч байгаа учир хагас дутуу ч гэсэн бичих, чадвал зурж үлдээх юмсан гэж бодох юм.

# # Read more! #

Thursday, December 2, 2010

Хэн нэгэн хүн надад “Чи одоо зүүдлээгүй байна аа” гээд хэлээд өгөөч

Улаан тоосгон байшин чиглээд зам хөндлөн тайван гарч явтал хальтираад тас гэдэргээ савж уналаа. Гэтэл нэг машин галт тэрэгний яндангийн дуу шиг чангаар сигнаалдсаар яг тулаад ирэх юм. Босьё босож болдоггүй, хашгиряа хашгирч болдоггүй, дугуйных нь эргэлтээр цас хайрга шидэгдсээр, тэр нь удаашруулсан дүрс зураг мэт, улам ойртсоор...

За ашгүй дээ, энэ зүүд байсан нь яамай, сэрсэн даруйдаа хэсэгтээ л нөгөөх хөшүүн байдлаасаа гарч чадсангүй, цаг хартал хэдийнэ өглөөний 7.30 болж байна. Цонхоор үүрийн гэгээ хэдийнэ гэрэлтэж эхэлжээ.

8 цагт ажил дээрээ бэлэн байх учиртай хүн шүү дээ, би чинь. Хам хум хувцаслаад, нэг стакан ус залгилаад гүйн гарлаа.
4 давхарын шатаар гүйж буугаад, гадаах хаалгаар гарч, 50 метрийн цаана байх зам руу гүйв. Гэтэл мөчийн өмнөхөн би энэ замаар гүйж байсан мэт санагдахад гэнэт зог тусан, юу билээ гэхүл замын цаана гүйцэд гэгээ ороогүй өглөөний утаан дундаас харагдах 3 давхар улаан тоосгон байшин нь хэдхээн минутын өмнө хар дарж байсныг маань сануулж, гайхасхийн зог тусав.

Гүйц явснаа больж, тайван алхлаа. Зам дээр очиж явтал машин зам дагаад замын хамгийн дотуур эгнээгээр хашлага талаар нь нэг суугаа хүний тэргэнцэртэй хүн явж байх юм. Тэр зам яг тэрүүхэн хэсэгтээ жаахан өгсүүр, манайхан мэднэ дээ, Модон овооноос Офицеруудын ордон өөр хэсэг өгсдөг дөө. Ялангуяа Петровисийн клонкийн тэндээс онгоцтой тойрог хүртэл өгсүүр ш тээ.

Тэр тэнгэцртэй хүн хоёр гараараа дугуйгаа эргүүлэх авч, замын захаар мөстсөн тул урагшаа явахаасаа илүү нөгөө муу тэргэнцэрийн дугуй нь дороо хий эргэх нь илүү талдаа. Тэр өгсүүр өөд ёстой л яст мэлхийн хурдаар зүтгүүлж байх юм. Куртканыхаа малгайг өмссөн тэр хүний энгэр зах нь нил цан хүүрэг болжээ. Одоо ч өглөөд бас яггүй жавартай байх болж.
- Хаа хүрэх нь вэ?
- Аан, энүүхэн Улаанхуарангийн хийд.

Явж ядаж байхад гэж төвөгшөөсөн байдалтай байх юм.
- За би түрээд, тэр тойрог өнгөрөөгөөд өгөе. Тэрнээс цааш өгсүүр биш байх аа.
- Тийм, тийм.
- Хүйтэн байна шүү.
- Тийм тийм.

Дуу нь зөөлөрчихөж. Тэгээд түрээд алхлаа. Хаанаас ингэж явааг нь асуувал Модон овооноос гэнэ. Өрөөсөн хөлтэй тэр хүнээс хир, нүүрс ханхийнэ. Муу саарал куртка нь их муудаж, ганц хөлдөө дээр үеийн 45-ын гутал шиг юм өмсөж. Царайг нь сайн хараагүй ч 40 орчим насны эр хүн бололтой. Муу тэргэнцэр нь хөдлөх бүр чихран дуугарч, дугуй нь яйжигнана. Ямар амьтны үр энэ хүйтэн өглөөгүүр ийн байдалтай явдаг юм болдоо.

Нөгөөхөө түрсээр өгсүүр дуусч, зам хоёр салаалан нэг нь Улаанхуаран луу зүүн тийш эргэн урууддаг эргэлт дээр хүргэж өгөөд,
- Одоо явчихна биз дээ
- Тэгнэ, баярлалаа.

Тэгээд такси барихаар гар өргөн зогсов. Хөдөлгөөн тийм ч их байгаагүй. Өглөөний 7.50 орчимд л болов уу. Өнөөх 8.00-д ажил дээрээ гозойж байх ч худлаа болов.
Нэг минут... Гэтэл нэг ачаатай хөх портер миний өмнүүр дөнгөж өнгөрөөд, ордон тийш эргэтэл араас нь яг тулж явсан нэг цагаан Тoyoto prius улаан хуаран тийш огцом эргэж ухасхийв. Тэгэхдээ замын баруугаар сажилж явсан өнөөх тэргэнцэртэй хүнийг шууд л улаан халз дайрчихлаа. Хүн нь чухам хаашаа унасан нь харагдсангүй, зөвхөн тэргэнцэр нь тар няр хийн замын хашлага даван үсэрч байгаа нь л харагдав.
- Аа ... иии, уууййөөө....

Ёо ёо, ашгүй зүүд байж. Тэгээд цагаа хартал яг 7 цаг 30 минут. Яаран босож, хувцаслаад гүйлээ. Дөрвөн давхрын шатаар үсэрч буугаад, гадаах хаалгаар гарч, 50 метрийн цаана байх зам руу гүйв. Гэтэл өнөөх таагүй мэдрэмж давтагдаж, өнөөх 3 давхар улаан тоосгон байшин замын цаана утаан дундаас сүүдийж, гайхалтай нь замаар өнөөх тэргэнцэртэй хүн яг урд минь зүүдэнд минь үзэгдсэнийхээ адилаар хөдөлж ядан зүтгэлж байна.
Өнөөх яриа давтагдаж, би түүнийг түрлээ. Гэхдээ би зүүдээ сайтар санаж буй тул бид хоёр замаас гарч, хэдий тэргэнцэр явахад тун хэцүү ч гэсэн замын хажуугийн энхэл донхолоор түрэв. Их ч хүч гарган түрсээр Улаанхуаран руу эргэдэг дээр хүргэж өгөөд, зам руу орж болохгүй, ингээд замынхаа хажуугаар яваарай гэж сайн гэгч нь хэлэв. Тэр толгой дохиж байх. Дөнгөж эргэтэл миний өмнүүр өнөөх ачаатай хөх портер өнгөрч, өнөөх цагаан Тoyoto ч араас нь мулт үсрэн Улаанхуарангийн зам руу оров. Балмагдсан би эргээд хартал өнөөх тэргэнцэртэй хүн маань замруу тэргээ буулгаж байх нь тэр.
- Хүүе эээ,
Гэвч нэгэт хоцорчээ. Тар няр хийх чимээ хадаж, тэргэнцэрийн дугуйны хигээс гялалзсаар агаарт эргэлдэн тээр тэнд шидэгдлээ.
- Аа ... иии, уууййөөө....

Хөнжил нэг нь хуу татахад сэрэв.
- Хар дараад байгаа юм уу, босох цаг чинь болчихож.
Ашгүй, зүүд байж.. Ёох... Ухасхийн босоод гурван аяга ус залгилав.
Тэгээд яаран шатаар бууж, өнөөх зам руу гүйлээ. Дахиад л бүх юм давтагдаж байна. Ингэхэд би нойрноосоо сэрээгүй хэрэг үү. Харин энэ удаад би өнөөх тэргэнцэртэй эрийг түрсэнгүй. Түүнийг би үхэл рүү нь дахиад түрэхгүй. Тэр хэцүү ч гэсэн өөрөө яваг, даарч байгаа ч гэсэн, тамирдаж буй ч гэсэн энэ нь түүнд машинд дайруулж эрэмдэг дээрээ улам эрэмдэг болсноос л дээр. Тэр өөрөө удаан явснаараа тэр эргэлт, тэр цагаан машин, тэр агшин бүгд зөрөх болно. Ийн бодоод би такси барихаар гар өргөн зогсов. Харамсалтай нь тийм амар машин ирсэнгүй. Зогссоор. Өнөөх тэргэнцэртэй эрийнхээ араас нь нүд тавьсаар...Тэр удаан ч гэсэн явсаар өнөөх тойрог дээр бараг хүрчээ. Нэг цагаан машин дэргэд ирээд зогссоныг ч анзаарсангүй, цонхоо хагас онгойлгосон залуу – Хаа хүрэх юм гэн уцаартай асуухад л сая анзаарч, машинд үсрэн суув.

Арын суудалд суусан, дээр нь залуу урд шилэн дээрх цасаа гүйцэд арчаагүйгээс надад өмнөх зам харагдах нь бага. Өмнө нэгэн ачаатай тэрэг зам бөглөн удаан яваагаас жолооч залуу “П..., новш гэж” хэмээн хараахад л сая гэнэт ямар машин дотор суучихсан юм бэ хэмээх хариулт нь тодорхой боловч, өөртөө хүлээн зөвшөөрөхөд бэрхтэй асуулттай тулгарах нь тэр. Тэрхэн зуур, намайг ийн самгардаж байх хооронд өмнөх тэрэг зүүн тийш эргэхэд ар хударгаар нь миний сууж яваа машин ухасхийж.... Дахиад л тар няр хийгээд явчихлаа.
- Аа ... иии, уууййөөө....

Энэ үнэхээр зүүд байсан байгаасай. “Түй Шорт шорт” гэн хараасаар яаран хувцаслаж, дахин хэдэн аяга ус залгилаад гарч гүйлээ. Гэтэл дахиад бүх зүйл давтагдах нь тэр. Гэхдээ энэ удаад би огт өөр тооцоо хийв. Би замын наад талаас такси барихгүй юм байна. Хэрвээ би тэр цагаан тэргийг зогсоохгүй бол тэр Тoyoto хэдэн сек, магадгүй нэг минутаар түрүүлж, ачаатай өнөөх хөх портерийн ард орохгүй, өмнө ч гарсан байж болох, тэгэх аваас дахиад тийм муу ёрын тар няр хийсэн чимээ гарахгүй... Үгүй ээ, би ингэж тооцоолж байсан ч дотор хүн маань харин энэ бол гарцаагүй зайлшгүйн үр болж буйг, би ямар ч хувилбарыг сонгосон юу ч өөрчлөгдөхгүй болохыг мэдэрч байв. Энэ тооцоо маань зүгээр л би өөрөө өөрийгөө цайруулах, тэр үйлийн үрийн хамаатан болохоос зайлсхийх гэсэн дотоод хамгаалалтын систем маань ажиллаж байгаагийнх болов уу.

Ингээд би тэр баруун хойт зүгт биш, өөр зүгт явахаар шийдэж, замын нөгөө талд гарч такси барихаар ухасхийв. Гэтэл гутал хальтираад үсрээд өглөө. Унаж байх тэр агшинд замын цаана өнөөх улаан тоосгон байшин мэлсхийн харагдах нь тэр. Энэ удаад анхны зүүд давтагдаж, цас үсчүүлсэн машины дугуй эргэлдсээр нүүрэн дээр минь тулаад ирлээ. Хөдөлж чадахгүй, бүр хашгирч ч чадахгүй.
Машины дугуй их л удаан эргэлдэж, тэндээс үсэрч буй замын хатуурсан цасны хэлтэрхийнүүд жингүйдэх мэт дунгуйлдан удаан эргэлдэнэ. Арай гэж “Аааа, иии” гэсэн дуу гаргав. Машины дугуй мөрөнд хэдийнэ хүрч, хүчтэй даралт, сэгсрэлт мэдрэгдэнэ.

Ашгүй. Эхнэр маань мөрнөөс угзчин, “сэрээч ээ” хэмээн хашгичиж байх нь тэр. Энэ үнэхээр жинхэнэ зүүд байсан байгаасай. Хэсэгхэн зуур шоконд байсны дараа босож харвал цаг бас л 7.30. Энэ цаг дандаа, үргэлж мөнхөд 7.30-ийг заасаар байх мэт сэтгэгдэл төрнө.
Тэгээд аажуухан хувцаслаж, гарлаа. Гэтэл дахиад өнөөх тэргэнцэртэй хүн өмнүүр минь хөдөлж ядсаар зам дээр явж байх....
......... ??!! !!
Ингэхэд би зүүдэлсээр л байгаа хэрэг үү. Эсвэл энэ нь жинхэнэ сэрүүн цагийн, энэ ертөнцийн бодит явдал уу? Бурхан минь гэж эрхгүй дуу алдаж байх юм. Би ер нь хэн нэгнээс бүү хэл тэнгэр бурханаас ч тусламж гуйгаад байх дургүй хүн.
Буцаад гүйчихлээ. Гэртээ буцаж ороод, жинхнээсээ сэрж, жинхнээсээ бодит амьдралд орохоо хүлээн, хөнжилдөө толгойгоо шургуулан хэвтээд өгөв. Эхнэр ихэд гайхаж, юу болсныг дахин дахин асуусан ч энэ зүүд гэдэгт итгэсээр буй би хариу өгсөнгүй. Тэгээд үд өнгөртөл хэвтсэн авч юу ч өөрчлөгдсөнгүй. Бодвол жинхнээсээ сэрчихсэн нь энэ юм болов уу. Тэгээд л босоод үүнийг бичиж сууна. Би жинхнээсээ бичиж байгаа гэдэгтээ одоо ч сайн итгэж чадахгүй л байна. Юутай ч нэг л зүйлийг маш ихээр хүсэж байгаа нь энэ зүүд л биш байгаасай билээ.

Хэн нэгэн хүн надад “Чи одоо зүүдлээгүй байна” гээд хэлээд өгөөч.

# # Read more! #

Saturday, November 6, 2010

Зүүдний нууцуудаас

Дэлхий дахинаа гайхамшиг болсон аугаа нээлт, зөн билгүүдээ зүүдэндээ нээсэн эрдэмтэд хүн төрөлхтний түүхэнд бишгүй. Иймэрхүү зүүдний учир шалтгаан юу вэ? Хүн бүр зүүдэндээ харсан зүйлээ авъяасаа нээх болон бусад оюуны гайхамшгийг бүтээхэд ашиглаж чадах болов уу. Зүүдний ертөнцөд оршиж байх ахуйд хэчнээн олон аугаа нээлт хийгдсэнээс жишээ дурдахад л хангалттай. Тухайлбал,

-Оросын аугаа эрдэмтэн Дмитрий Менделеев үечилсэн элементүүдийн системийг дуустал боловсруулах гэж өчнөөн их цаг хугацаа зарцуулсан хэдий ч дуусгаж чадахгүй байжээ. Гэвч тэрбээр нэгэн удаа уг системийнхээ элементүүдийг бидэнд танил болсон үечилсэн байрлалаар нь зүүдэндээ олж харсан байна. Яг л ийм байрлалыг тэр хайсаар байсан тул ийнхүү бидний мэдэх химийн элементүүдийн үечлэлийн систем зүүд эхтэйгээр "мэндэлсэн" байна.

-Цахилгаан чийдэнгийн эцэг гэгддэг Томас Эдисон аугаа бүтээлийнхээ бүтэц тогтолцоог мөн зүүдэндээ олж харсан.

-Орчин үеийн физикийг үндэслэгчдийн нэг, Данийн физикч Нильс Бор атомын загвараа зүүдэлснийхээ ачаар гаргасан.

-Шотландын нян судлаач Александр Флеминг хэдэн арван мянган хүнд амьдрал хайрласан пенициллин гэх бэлдмэлийг хэрхэн бүтээх загвараа зүүдэндээ үзсэн.

-АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч, улстөрийн нэрт зүтгэлтэн Авраам Линкольн өөрийг нь үхэл хүлээж буйг зүүдэндээ харсан гэдэг. Тэрбээр авсан дотор нүүрийг нь бүтээсэн хүний цогцос байхыг олж хараад, ойр хавийнхнаас хэн болохыг тодруулж асуужээ. Гэтэл хүмүүс түүнд "Ерөнхийлөгч. Тэр алуурчдын гарт амь үрэгдсэн" гэж хариулж байна хэмээн зүүдэлжээ. Энэхүү зүүдээ Линкольн ойр дотныхондоо ярьсныхаа дараа удалгүй буудуулан хорвоог орхисон гэдэг.

-Алдарт физикч Альберт Эйнштейн харьцангуйн онолынхоо үндэс болсон цаг хугацаа, орон зайн харилцан хамаарлын зарчмуудыг ч мөн зүүднээсээ олж харсан. Тэгэхээр иймэрхүү "ухаалаг" зүүдний нууц юунд оршдог юм бол?

Хүн нойрсох үед зүүдний ертөнцөд зочилдог аура-астральен бие /хүний хоёр дахь буюу сэтгэл хөдлөлийн бие махбодь/ болон сэтгэл зүрх бодит биеэ орхин хоосон орон зайн уудмаар эрх дураар жуулчилдаг байна. Эл үзэгдлийг эзотерикийн системд астралийн аялал хэмээн нэрлэдэг аж. Ийм аяллын үед хүний сэтгэл санаа бусад амьд ертөнцтэй харилцаж, тэдний зүгээс зөвлөгөө сонсох юмуу оюун санаандаа гүн шингээсэн асуултууддаа хариулт авч чаддаг байна. Бие махбодь амрах мөчид хүн дээд ахуйн нөлөөллийг хүлээн авахдаа илүү дуулгавартай болдог аж. Гэхдээ нэг ч хүн бүрэн тусгаарлалтад оршиж чаддаггүй байна. Түүнээс гадна хүнийг зүүдний орчинд байх үед нь мэдээлэл түгээгч нэг хэлбэр ертөнцийн оюун санаа /түүнийг орчин үеийн интернэт сүлжээтэй харьцуулж болно/ ч нөлөөлөх магадлалтай гэнэ. Чухам эндээс л хүний оюун санаа шаардлагатай мэдээллээ хүлээн авдаг байна. Гагцхүү зүүдэндээ харсан, мэдсэнээ эргэн санах юм уу тусгайлан ойлгож эргэцүүлэх чадвар хүн бүрт адилгүй байдаг, Түүнчлэн хүн төрөлхтний янз бүрээр төсөөлөн шүтдэг бурхан нь хүн бүрийн зүрхэнд дээд сэтгэл санаа мэт оршиж байдаг тул бодит бие амрах үед хүний оюун санаа бурхантай илүү ойрын зайнаас харилцах боломжтой болдог.

Харин одоо бодит бие махбодь, астральен бие, сэтгэл санаа гэж юу болохыг тодруулъя. Эртний мэргэдийн судар бичигт хүний оюун санаа зүрхэн хэсэгт байрладаг бөгөөд жинхэнэ мөн чанарыг илэрхийлдэг тухай бичсэн байдаг. Бодит болон астральен бие гэдэг нь зүрх сэтгэлийг агуулах хувцас юм байна. Бидний бодит бие хүн гэгч нарийн системийн ердөө таван хувийг бүрдүүлдэг бол үлдсэн 95 хувийг астральен бие болон сэтгэл зүрх эзэлдэг аж. Хүн дахин амилахдаа /хойд насандаа эргэн төрөх ч гэдэг/ өмнөх биеэ өөрчлөн шинэ биед ордог агаад өмнөх амьдралаас ямар нэг зүйлийг дараагийн амьдралдаа тээсээр явдаг мэт сэтгэгдэл байдаг. Тиймдээ ч тухайн хүний өнгөрсөн үеийн амьдрал зүүдэнд нь үзэгдэх тохиолдол бишгүй байдгийг энэ төрлийн мэргэжилтнүүд тогтоожээ.

Гагцхүү өнгөрсөн амьдралынхаа үйл явдлыг зүүдэндээ үзээд эргэн санах юмуу өмнөх амьдрал нь гэж итгэх хүн олон биш байдаг аж. Зүүдний үеэр хүний бодит бие л амардаг болохоос оюун санаа, сэтгэл зүрх, санаа бодлоос бүрэлдсэн астральен бие сэргэлтийн оргил үедээ байдаг байна. Сонсоход бодит биш мэт боловч үнэндээ хүн зүүднийхээ ертөнцөд л илүү бодит амьдралаар амьдардаг гэнэ.

Яагаад гэвэл хүн бодит биеэ мэдрэхгүй байгаа үед буюу нойрсож байх үедээ өөрийнхөө жинхэнэ дүрд илүү ойр байдаг байна. Тэгэхээр хүн зүүдэн ертөнцдөө л жинхэнээрээ амьдардаг харин сэрүүн ахуй нь ердөө л амьдралын хойд төрх юм байна гэж дүгнэж болохоор.

Зүүдэн ертөнц нь амьдралын хамгийн ер бусын, аугаа нууц мөн. Хүний амьдралын 1/3-ийг зүүд эзэлдэг болохоор цаг хугацааны эл хэсгийг өөрөө өөрийгөө төгөлдөржүүлэх боломжит үе гэж болно. Бид зүүдний ертөнцөд байх үедээ нөгөө ертөнцөд очсон хайртай хүмүүстэйгээ уулзахаас гадна амьдралын утга учир, өөрийгөө таних тал дээр олон ер бусын зүйлтэй тулгардаг.

Зүүд нойр хүнд амралт бэлэглэхийн сацуу авъяас чадвар, учир битүүлэг зүйлсийн нээлт болох тал бий. Хүний оюун санаа хязгаарлагдмал ертөнцөөс тасарч зүүдний чөлөөт орчинд ирэх үестээ элдэв асуудлын хариуг хамгийн ухаалгаар зөв шийдвэрлэх юмуу илүү боломжийн алхмууд хийх аргыг олж авах нь элбэг. Тиймээс хүн зүүднийхээ чадварлаг найруулагч байх ёстой гэнэ.

Ингэж чадсан хүн л зүүдэн ертөнцөөс "олж ирсэн" зүйлсээ хувийн болон оюуныхаа хөгжилд ашиглан амжилт гаргадаг аж. Өөрөөр хэлбэл, сэрүүн ахуйдаа хэчнээн оюунлаг байна, зүүдэн ертөнцдөө төдийчинээ оюунлаг зүүдтэй учирна. Хамгийн гол нь иймэрхүү гайхалтай зүүдээ өглөө сэрмэгцээ мартчихалгүй сайтар эргэцүүлэн дүгнэж, анализ хийж байх нь зүйтэй юм байна.

Ц.Мөнхжаргал

# # Read more! #

Sunday, October 31, 2010

ЗҮҮД УНШИГЧ ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭНЭ

Америк мэргэжилтнүүд хүний зүүдний тайлал тайлбарладаг электрон төхөөрөмж бүтээхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ. Мэргэжилтнүүд хүний дээд тархины үйл ажиллагааг бичих системийн тусламжтай энэ санаагаа хэрэгжүүлэх аж.

"Бид хүмүүсийн зүүдийг уншихыг хүсч байна. Гэхдээ бид хүний дотоод хэрэгт хөндлөнгөөс орохыг хүссэндээ бус хүн яаж, яагаад зүүдэлдэг вэ гэдгийг олж мэдэхийг хүссэн" гэж эрдэм шинжилгээний судалгааг ахалж буй эрдэмтэн Моран Серп хэлсэн байна. Олон зууны турш хүмүүс зүүдний талаар сонирхсоор ирсэн ч үүнийг тодорхой тайлбарлаж чадаагүй л байгаа. Үүнээс гадна тэд зүүдэлсэн зүүд нь ямарваа нэг утга агуулгатай гэж үздэг билээ. Эртний Египетэд зүүдийг бурхнаас илгээсэн бэлэг гэж үздэг байжээ.

Зүүд судлаачид энэ өвөрмөц зүйлийн талаар олж мэдэхийн тулд голчлон сэтгэл зүйчийг гол хэрэгслээр ашигладаг байсан юм. Эрдэмтэн Серпийн багийн бүтээх систем бүхий электрон төхөөрөмжөөр тархины үйл ажиллагааг хянан зүүдийг дахин сэргээж, сэтгэл зүйчийн тусламжтай тайллыг нь олох аж.

"Хүн яагаад зүүдэлдэг вэ гэсэн тодорхой хариултыг бид хараахан олоогүй байгаа" гэж Серп хэлжээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ирээдүйд тухайн хүн бодол санаагаа заавал цаасан дээр эсвэл компьютер дээр бичих шаардлагагүй бөгөөд таны толгойд бодож байгаа зүйлийг нүдний тань өмнө жирийтэл бичих бодол уншигч төхөөрөмж бүтээх боломж тун ойрхон байгаа аж.

# # Read more! #

Wednesday, October 27, 2010

ЗҮҮД Ч БАС ЭМ БОЛДОГ

Зүүд бол тархины үйл ажиллагааг хамгийн доод түвшинд оруулж, хүрээлэн буй орчныг хүлээн авах чадварыг бууруулдаг цорын ганц физиологийн үйл явц юм. Эрдэмтэд хүний энэ байдлыг эртнээс судалж, олон асуултын хариултыг олж чадсан билээ. Зүүдний тухай сонирхолтой баримтыг уншигчдадаа сонирхуулъя.

Унтах үедээ бид хөдөлгөөнгүй болдог. Бидний бие организм унтах үедээ зүүдэндээ хийж буй хөдөлгөөнөө давтахгүйн тулд ерөнхийдөө хөдөлгөөнгүй болдог байна.

Гадны нөлөө зүүдэнд нөлөөлдөг. Тухайн үед бидний бие организмын мэдэрч байдаг ухамсарт байдал нь зүүдний нэг хэсэг болдог. Халууныг мэдэрч байгаа хүн зүүдэндээ аяга усыг төсөөлж, уухыг оролддог сэрэх хүртлээ халууныг дахин мэдэрч, аяга ус уухыг оролддог байна. Ийм маягаар ухамсарт байдал нь сэрэх хэрэгтэйг мэдрүүлж байгаа ажээ.

Бид зөвхөн харсан зүйлээ л зүүдэлдэг. Зүүдэндээ бид танихгүй хүний төрхийг байнга хардаг боловч тэр төрхийг хаана харсан болохоо санаж чаддаггүй. Бид амьдралынхаа явцад харсан боловч тогтоож чадаагүй дүр төрхийг зүүдэндээ хардаг ажээ.

Бид зүүднийхээ 90 хувийг мартдаг. Сэрснийхээ 5 минутын дараа бид зүүднийхээ талыг санадаггүй бол 10 минутын дараа гэхэд зүүднийхээ ердөө 10 хувийг л санаж чаддаг гэнэ. Яруу найрагчид, зохиолчид, эрдэмтэд зүүдэндээ шүлэг, тууж бичиж эсвэл шинжлэх ухааны шинэ томъё зохиосон онцгой тохиолдлууд байдаг билээ. Чухам яруу найрагч Сэмюэль Колриж зүүдэндээ “Кубла Хаан” гэдэг шүлгээ бичжээ. Түүнээс гадна Менделеевийн алдарт үелэх системийг энд дурдаж болно.

Хүн болгон өнгөтөөр зүүдэлж чаддаггүй. Хүмүүсийн ойролцоогоор 12 хувь нь л зөвхөн хар-цагаанаар зүүдэлдэг байна. Үлдсэн хэсэг нь өнгөтөөр зүүдэлдэг гэнэ. Ажил, эсвэл сургууль дээр болсон явдлаа, мөрдлөгөөс зугтахыг оролдох, өндрөөс унах, хэн нэгнийг үхэж байна гэж, шүд унах, нисэх, шалгалтандаа унах эсвэл осолд орж байна гэх зэргээр бүх үйл явдлыг нэгд нэгэнгүй зүүдэлдэг хүмүүс ч байдаг ажээ.

Хараагүй хүмүүс ч зүүдэлдэг. Төрснийхөө дараа хараагүй болсон хүмүүс зүүдэндээ ямар нэгэн зүйлийг харж чаддаг байна. Харин төрөлхийн хараагүй хүмүүс зүүдэндээ харж чаддаггүй боловч тэд дуу авиа, үнэр болон мэдрэмжийг зүүдэлдэг ажээ.

Хачирхалтай нь хурхирч байхдаа хүн зүүдэлдэггүй байна.
Хэн ч амьтан зүүдэлдэг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ тэднээс зүүдэлдэг байж болох шинж тэмдэг илэрчээ.

Зүүдлэхгүйгээр хамгийн удаан буюу 18 өдөр 21 цаг унтаж дээд амжилт тогтоож байжээ. Дээд амжилтын эзэн хий хоосон зүйлийн тухай болон хараа нь муудаж, хэл яриа, ой ухаанд нь асуудал гарч байсан гэж ярьжээ.

Испанийн уран зураач, барималч Сальвадор Дали зүүдэндээ гартаа түлхүүр барин гүйдэг байжээ. Тэрбээр гартаа том түлхүүр атган сандал дээр суугаагаараа унтдаг байж. Зүүрмэглэх үед гараас нь унах түлхүүр газар байсан тавган дээр унаж, энэ үед төрсөн бодол нь түүний шинэ санаа эсвэл хэцүү асуудлыг шийдэхэд тус болдог байсан гэнэ.

Зүүд бас эм болдог байна. Зүүд нь ханиад болон вирусын гаралтай өвчнийг эсэргүүцдэг T-лимфоцитов гэдэг эд эсийг идэвхжүүлснээрээ биеийн эсэргүүцлийг сэргээдэг ажээ.

Манай гарагийн зарим улсад ялангуяа халуун уур амьсгалтай орнуудад үдийн цайны дараа богино хугацаагаар унтаж амардаг уламжлалтай. Үүнийг "сиеста" гэж нэрлэдэг. Саяхан Грект явуулсан судалгаагаар өдрийн цагаар хагас цаг зүүрмэглэх нь зүрх хаагдах эрсдлийг 37 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.

# # Read more! #

Wednesday, September 22, 2010

Халуун намраар хавраа зүүдлэв.

Олоон жилийн өмнө, 22 жилийн өмнө юм байна шүү, хаврын нээг их хавсрагатай жихүүн өдөр, хээр хөдөө урт буурал үстэй, туранхайвтар, ярихдаа, ялангуяа шүлэг уншихдаа эрүүгээ дээш нь ялимгүй өргөдөг хүнтэй тааралдсан нь яруу найрагч, утга зохиол судлаач шүүмжлэгч Ч.Дагвадорж байв. Сонин л учрал. Хожим нь бид сургуулийн тэнхимд багш шавь бололцсон юм. Тэр үед зохиолчдын байгууллага нэг аймгийг шефлен авч, сум бүрд нэг зохиолч, уран бүтээлч томилогдон, мал төллүүлж, хаврын хахиртай баатарлагаар тэмцэж буй малчид, төлчиддөө сэтгэл санааны урам, дэмжлэг өгч байсан нь тэр байж.

Шиншээтээд нүд аничихсан төлөгнийхээ сэгний дэргэд хэнэг ч үгүй Г.В.Белинскийн түүвэр сугавчилчихсан, өвс зажилж суугаа залуу хөвүүн мань хүнд сонин санагдсан биз. Бага залуу гэж хөнгөнд бодсонгүй, тэрбээр надтай үеийнхээ уран бүтээлч мэт орчлон хорвоогийн элдэв явдлын талаар ярилцаж, хавсарга салхин дунд хошуу амаа бээрүүлэн байж шүлгээ ч харамгүй уншиж билээ. Тэр жил хит дуу болсон “Ээж минь дээ” гэдэг дууныхаа шүлгийг уншиж байсан. Анхны сонсогчдын нэг нь би болсон байж магадгүй юм.
Тэгэхэд бид хоёрын ярианы нэг сэдэв уран бүтээлчийн дуртай улирлын тухай байлаа. Мань хүн өөрөө намарт дуртай гэж байсан санагдана. Тэгээд хахирган хаврын тэнгэр дор налгар намрын тухай шүлэг уншиж билээ. Бас Пушкин намарт дуртай байсан гэсэн. Бас Пушкиний намрын тухай монолог ч уншсан. Зөндөө олон намарт дуртай уран бүтээлч, яруу найрагч байдаг тухай тэгэхэд би Ч.Дагвадорж гуайн амнаас сонсож... Ер нь бараг бүгдээрээ намарт дуртай байсан бололтойдог. Харин би хаврын хавсрагатай тэнгэр өөд харж, бас дэргэдэх маанийхан болчихсон төлгөө харж нэг санаа алдаад,”Би хаварт л дуртай” гэж байсансан. Харин яагаад хаварт дуртайгаа тайлбарлаж чадаагүй юм. Ирж яваа цаг болохоор нь тийн дуртай байдаг ч юм болов уу даа. Одоо ч би хавартаа дуртай хэвээр. Хавар, нялх хонгор, гэнэн итгэмтгий хавар аа гэж...

Харин өнгөрөгч шөнө хавраа зүүдэллээ. Цасан доороос цухуйх хөх шаваг... Харин үнэрийг нь би мэдрэхгүй юм. Цас зөөлөрч, мөс хүртэл нялхардагт нь хаварт дуртай ч юм бил үү. Би нэг хөх шаваг тасалж аваад Дагвадорж гуайд өглөө. Та үүнийг үнэрлэ дээ гээд. Он дарсан хөх шавагны үнэрээс тэсвэр тэвчээрийн үнэр ханхлах л ёстой. Амьхандаа би хаварт яагаад дуртай гэдгээ хэлж буй санаа минь бололтой. Дагвадорж гуай над шиг бас хатсан цагаан амандаа зуучихаж... Тэгээд хаврын тухай шүлэг уншиж байна.
Харин би намрын тухай шүлэг унших юм. Намрын тухай ч гэж дээ, намар бичсэн шүлгээ. Бодвоос намарт би яагаад гунигладаг вэ, намар надад яагаад хүнд хэцүү байдаг вэ гэдгээ л илэрхийлж буй бололтой. Тэр шүлгийг бас олоон жилийн өмнө бичиж байсан юм.

Хөх тогоруудын цуваа ганганасаар одлоо, юунд тэр вэ амраг минь...
Хөхөмдөг униарт алсаас ямархан хүчин дуудна вэ?

Хором хоромд нулимс мэлтрээд чиний явсан зүг харж ч үл чаднам
Хойноос чинь харуусал гэмшлээ юүлэвч энэ юуны нэмэр вэ?

Уй гашууг хүсэгч гэж хаа ч үгүй, бүгд л хүслэн минь бүтэг гэж залбирнам.
Угтаа тийм бол бидний хагацлыг хэн нь мэдэж шийднэ вэ

Далдын шидэт тарнийн үгсийг уруул хөдөлгөн шивэгнээч, амраг минь...
Дахин учрахын хоромд л аз жаргалаа даатгая бидэн.

Дуулаад суусан ч, уйлаад энэлсэн ч аанай л чихэнд хангинасаар байх
Дуушасгүй мэт энэ л аялгууг тогоруудын араас аялая даа.

Нээрээ энэ шүлэг намрын тухай биш, хаврын тухай юм байна ш тээ. Одоо анзаарсан чинь.

# # Read more! #

Tuesday, February 16, 2010

Мөнхийн хөдөлгүүр

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт мөнхийн хөдөлгүүр бүтээсэн монгол хүний тухай хэдэн нүүр дамнасан томоохон ярилцлага, сурвалжлагын хослол гарчээ. Зургийг нь харвал таньдаг хүн байх. Намайг багад манай аймгийн Пионерийн зөвлөлийн дарга хийдэг байсан, нутгийн ах хүү байна. За тэр үеийн эвлэл, пионерийн ажилтнууд ч адтай хийгээд элдэвтэй л дээ. Одоо энэ бизнес, улс төрийн томчуудаас чинь зөндөө нь эвлэл, пионерийнхэн. Баярцогт, Арвин, Үржинбадам, Ням-Осор, Энхмандах, өө.. бас хэн хэн билээ. Олон л хүний нэрийг дурдах болох нь.

Тэгээд тэр сонины материалыг ч уншилгүй шууд нөгөө нөхөр дээр давхиад очиж буй бололтой юм.
Тэр надад мөнхийн хөдөлгүүрээ үзүүллээ. Багашиг тавагний хэмжээний диаметртэй (15 см орчим), хоёр хуруу хэрийн зузаантай хоёр талдаа нүүртэй цаг л байна. Гэхдээ нэг талынх нь нүүр надад сайн харагдсангүй. Голдоо бол үзэгний хэрийн бүдүүнтэй нэвт гарсан ганц голтой юм.

Ах хүүгийн надад хэлсэн үгийн нэлээдийг нь мартчихаж. Санаж байгаа зарим нэгийг чадан ядан буулгая.
“... Юуны өмнө нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цаг хугацааны урсгалыг... Цаг нэг чигтэй урсаж байгаа цагт мөнхийн, эцэсгүй хийгээд төгсгөлгүй байх боломжгүй. Энэ нэг чигт урсдаг цаг хугацааны хэлбэр бол цаг хугацааны 374(би энд буруу санасан, эсвэл буруу тогтоосон байж магадгүй) хэлбэрээс хамгийн энгийн хийгээд болхи, бэзик түвшнийх нь юм. Өөрөөр хэлбэл дөрвөн аргын тоо л гэсэн үг.
Бид бол зөвхөн энэ түвшинд л цаг хугацааг мэдэрдэг. Ядуухан байгаа биз”
“Үгүй, тэгээд мөнхий хөдөлгүүртэй энэ цаг хугацааны хэлбэр маань ямар учир холбогдолтой юм бэ?”

“Хамгаас учир холбогдолтой. Би үгийнхээ эхэнд чамд хэлсэн дээ. Нэг чигт урсаж буй цаг хугацааны хэлбэрт мөнхийн, төгсгөлгүй байх боломжгүй тухай. Хүмүүс бид хэдэн мянганы турш яг энэ хэлбэр дээр л мөнхий хөдөлгүүр бүтээх гэж оролдоод байсан учир бүх туршилт нь бүтэлгүйтэж байсан юм.
Харин би хоёр урсгалтай цаг хугацааны боломжийг ашиглаж (яг боломжийг ашиглаж ч гэж хэлээгүй юм, ерөнхий утга нь иймэрхүү, би тэр хэллэгийг нь санадаггүй, энэ талыг мэдлэг мөхөс тул тэр мэргэжлийн хэллэгийг нь огтхон ч тогтоож авсангүй) энэ мөнхийн хөдөлгүүрийнхээ зарчмыг босгосон юм. Чи энэ дугуй хайрцган дотор гуравхан оньс байгаа гэдэгт итгэх үү?” гэж тэр надаас асуугаад, намайг хариу хэлэхийг хүлээгүйгээр дээрээс минь тонгойн духаараа харж байгаад үргэлжлүүлэн ингэж хэлэв.

“Энэ цагийг нэг хөдөлгөхөд л бүтэн жилийн турш зогсолтгүй явах боломжтой. Огтхон ч хөдөлгөөнгүй байлгахад шүү. Хөдөлсөн тохиолдол бүрд оньс нь өмнөх чиглэлээсээ эргэж үйлчилнэ”.

“Хөдөлгөхгүй бол зогсчихно гэсэн үг үү? Тэгвэл яаж мөнхийн хөдөлгүүр болж чадах юм бэ?”

Ах хүү намайг өхөөрдсөн мэт эгдүүтэй харцаар харж байгаад
“... хэ, хэ... Хүмүүс бидний хамгийн энгийн эндүүрэл энд байгаам. Хөдөлгөөнгүй юм гэж огтхон ч байдаггүй. Оршихуй өөрөө хөдөлгөөн” гээд ..... да да, зөндөө олон юм ярьсан, санадаггүй ээ. Санаж байгаагаас Кант-ын 3 дугаар постулат гэв үү, нэг юм хэлсэн. Сайн ойлгоогүй юм чинь толгойд тогтож үлдэх нь их муу юм байна.
Товчхондоо бол тэр оньс нь хөдөлгөөн бүрд эргэж үйлчилдэг зарчим дээр тулгуурласан юм аа даа, янз нь. Тэгэж байж мөнхийн хөдөлгүүр болох юм байна. Оньс гээд л байгаа болохоос биш уг нь орооцолдсон гурван пүрш л харагдсан. Нэг нь спираль хэлбэртэй ч юм уу даа гэмээр. Тэгээд ах хүү надаас бага сага юм ойлгогдож байна уу гэж асуулаа.
“Ойлгох шахаж байна” гэвэл
“Манай нутгийн хялар Эрдэнээ (яг ингэж хэлсэн шүү. Тэгэхээр нь би шууд л судлаач Ч.Эрдэнэ агааг байна гэж ойлгосон. Насны хувьд тэд ойролцоо хийгээд мэдээж хэрэг нэг нутгийнх учир бие биенээ сайн мэдэж байгаа байх. Тэгээд л ингэж дотно хүмүүс бие биенээ хээ шаагүй, хамаагүй хэлдэг дээ) нэг юм нухаад байгааг чи мэдэж байна уу?”
“Тийм тийм, мэдэж байгаа”
“За тэр чинь л уг нь энэ хөдөлгүүрийн онолынх нь суурь үндэс нь байгаа юм”

Би тэр цагыг нь аваад эргүүлж тойруулж жаахан үзэв. Нэг харахаар цагийн зүү нь буцаад цохиж байх, дахиад нэг харахаар зөв ч явж байх шиг. Ах хүү надад нэлээд олон зүйл ярьсан ч олонхийг нь мартчихаж, нэгд угаасаа миний ойлгоход хэцүү сэдэв байсан, дээр нь сэрсэн дариудаа тэмдэглэж аваагүй учир, ер нь зүүдийг сэрсэн дариудаа 80 хувийг нь санаж байдаг, 5 минутын дараа 30 хувийг нь л санадаг, цагийн дараа 96 хувийг нь мартдаг гэсэн судалгаа байна лээ, ортой л байх.

# # Read more! #