#

Wednesday, September 2, 2009

Салхи, Сарны толь

...Нэг жил өнгөрөв. Цзя Жуй улам гунигласаар байлаа. Мартахын аргагүй Феникс хатагтайн дүр түүний гэгээн өдрүүдийг бүдгэрүүлэн бусниулж, шөнийг харин айдас, нойргүйдлээр дүүргэнэ.

Гэтэл нэгэн үдэш гудамжинд ядуу даос гарч иржээ. Тэр бадар гуйхын зэргэцээ сэтгэлийн өвчнийг эмнэн эдгэрүүлнэ гэж зарлаж байв. Цзя Жуй зарц нарынхаа нэгээр түүнийг дуудуулав. Ядуу даос “Чиний өвчнийг эмнэх нэг ч эм тан байхгүй. Гэхдээ надад нэгэн ховор эрдэнэ бий. Хэрэв чи миний хэлснийг биелүүлж чадвал тэр чамд тус болно” гээд цүнхнээсээ хоёр талдаа өнгөлгөөтэй жижигхэн толь гаргаж ирэв. Ар талдаа “ Салхи, Сарны үнэт толь” гэсэн бичигтэй ажээ. “Энэ бол Аймшгаас сэрээгч Феи-ийн ордноос өвлөж ирсэн толь байгаа юм. Тэр муу зүгээс гаралтай сэтгэлийн өвчнийг анагаахдаа гаргуун. Толины нүүрэн тал руу харж болохгүй, зөвхөн ар тал руу нь хар. Маргааш би толио авахаар эргэж ирэхдээ чамайг цоо эрүүл болсон байхыг чинь үзнэ бий вий” гэв. Ингэж хэлчихээд тэр ядуу даос өгөх гэсэн мөнгийг нь ч авалгүй яваад өглөө.
Цзя Жуй толийг авч даосын сургасан ёсоор харах гэтэл аймшигтай юм олж үзэх нь тэр. Тэнд хүний хохимой толгой харагджээ.

Тэр муу гуйлгачин ламыг харааж зүхээд нөгөө тал руу нь хараад үзье гэж бодов. Тэгээд эргүүлэн хартал тэнд гоё ганган хувцастай хатагтай Феникс өөрийг нь даллан дуудаж байна. Толины гүнээс түүнийг хэрхэн хүчтэй татахыг мэдрэн, улмаар металл гадаргууг нэвтлэн хайртай эмэгтэй дээрээ очиж байгаагаа бас мэдэв... Дараа нь Феникс хатагтай түүнийг үүд хүртэл дөхүүлж өгсөн. Цзя Жуй сэрж ирвэл толь дахин түүн рүү ар талаараа харж, дахин өнөө аймшигт хохимой толгой үзэгдэж байлаа. Цзя Жуй үүнийг харж тэвчилгүй толийг дахин нүүрэн талаар нь эрүүлэв. Тэндээс Феникс хатагтай өөрийг нь даллаж, дахин толиор нэвтэрч, дахин хүсэл сэтгэлийнхээ цангааг тайлжээ. Тийнхүү хоёр эрэгтэй хүн гарах хаалган дээрээс түүнийг барин авч, гинжлэх хүртэл энэ явдал хэд хэдэн удаа давтагджээ. “Намайг хаашаа ч аваачсан хамаагүй, гагцхүү би толио авахыг л хүсч байна” гэж тэр арай ядан шивнэж амжив. Дахиж өөр үг хэлсэнгүй. Өглөө зарц нар нь түүнийг орон дотроо үхсэн хэвтэхийг үзжээ.
Цао Сюэцинь, “Улаан асар дахь зүүд”

#

1 comment:

Anonymous said...

үргэлжлэл бий болов уу улаан асрын зүүд гэж нилээн том зохиол гэж би боддог юм