За, удаж удаж нэг зүүдлэв үү, унжиж унжиж нэг бичиглэв үү, мэдэхгүй ээ.
Хүйтэн жаварлаг салхи хөнжил нэвт үлээн, сах сэжүүрийг нь сэвэн, хамаг биеийг мөсөөр жигнэх мэт болоод байхад чинь ямар ч нойртой амьтан сэрэхгүй гээд өөр яахав дээ, арай гэж олдсон үнэтэй /ойрд нойргүйдээд/ нойроо харамлан харамлан хучлагаа зузаалахаар өндийвөл хаалга байдгаараа дэлгээтэй байх юм. Өрөөнд өдөр шиг, гэхдээ бүрхэг цастай өдөр шиг гэгээтэй байх агаад дэлгээтэй савчих хаалгаар үргэлжилсэн их цасан далайн зах зух тэртээ доор харагдаж, үе үехэн хэсэг бусаг манан будан шууран өнгөрнө.
Уг нь миний нойрсож буй өрөө апартментийн хоёр давхарт л даа. Гэтэл өнөө хоёр давхар энэ тэр нь ч алга болчихож, тэр ч бүү хэл миний унтаж буй өрөө бүх байшингаасаа тасран салаад дангаараа нэг дан амбаар шиг юм болчихсон агаар тэнгэрээр халин нисэж явна өө. Гэхдээ хаагуур гээч... Умард туйл дээгүүр...
Тэр хаалгаар орж ирж буй салхи жавар умард туйлийнх юм хойно хөлдөөх шахах нь аргагүй шүү дээ. Яагаад умард туйл гэж бодсон гэхээр Чикагогоос Бээжин рүү нисэхэд онгоц босонгуут л шууд умар зүг бариад нисчихдэг юм билээ. Тэгээд Худзоны булангийн баруун бөөрөг дээгүүр ниссээр умард Мөсөн далайтай золгож, бараг л умард туйлийн зүүхнээр өнгөрдөг юм. Тэгэж нисэж явахдаа л онгоцны цонхоор тэртээ дор үргэлжлэх их цас мөсөн далай, хааяа ан цав гарсан гүн хар ангал уснуудыг сайн санаж, тэгээд л энэ удаагийн өрөөтэйгээ нисэж яваа нислэг маань тэр умар туйл хавьцаа л яваад байгаа юм уу даа гэж бүдүүн зүрх гарган таамагласан хэрэг л дээ.
Үгүй, одоо яалтай билээ, ядахдаа хаалгаа хаадаг байгаа даа гэж бодтол
- Хүүе, нөгөөдөх чинь босоод ирэв чив. Гэсэн нэгэн дуу сонсогдоодхов.
Нэг биш хэд хэдэн этгээд хаалга хавьд байгаа бололтой сүүтэгнэнэ. Нэг харахад сүг сүнс шиг, яг нөгөө “Каспер ба түүний нөхөд” киноных шиг харагдсан гээч.
- Ингэж болж байгаа юм уу гээд нэлээд бүдүүн дуутай нөхөрийн гайхангуй дуу гарлаа.
Даарсан, нойрондоо хорогдож, харамссан миний ааш улам хөдөлж,
- Юуны чинь “Ингэж болж байгаа юм уу” гэж, наад хаалгаа ингээд дэлгэчихэж болж байгаа юм уу, харин. Бушуухан хаагаач ээ, гээд хашгичиж гарав.
Нөгөөдүүл хоорондоо бөвөр бөвөр юм гүвтнэлдээд хөдлөх юм биш. Би өндийж суугаад хөнжлөөрөө биеэ ороомор болж,
- Хүүеэ, осголоо ш тээ, даараад байна, ойлгож байна уу, наад хаалгаа хаах юм уу, дүлий годилнууд аа гээд л хараал ургаж эхэлтэл нөгөөдүүл чинь илэрхий сандралдаад эхлэв бололтой. Гэхдээ миний хашгичихаас сандарсан биш, намайг даарч байгаа нь л тэднийг цочоов бололтой юм.
- Энэ чинь даарлаа гээд байна шүү дээ гээд нэг гонгиносон нөхөр хэлж байна.
- Даарлаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би ойлгохгүй байна гэж түрүүний бүдүүн дуут дуугарав.
- Харин тийм байна, даарлаа гээд байна шүү дээ, бид нэг юмыг нь л дутуу хийж дээ гэж бас нэг нөхөр хэлэв.
- Би даарах ёсгүй хүн үү, солиотой юмнууд, юугаа чалчаад байгаа юм бэ?
Үгүй, энэ чинь хүн хөлдөх гэж байхад миний даарч хөрөөд байгааг огт ойлгохгүй гайхаад байгаа нөхдүүдийг харахаар чинь уур бүр шаталгүй дээ. Хамгийн ойр байснаар нь хоёр таавчигаа аваад чулуудав. Эхнийх нь байгаа оносонгүй, дэлгээтэй хаалгаар сүнгэнээд л гараад явчихлаа. Удаах нь онов уу, яав харсангүй. Гэтэл нөгөөдүүл чинь хөдлөх нь бүү хэл бүр хөшчихлөө. Өмдөө чулуудлаа. Унтахын өмнө гарчиглаж байсан номоо чулуудлаа. Хажууд байсан авдар дээрээс цаг, бас хэдэн ном, аяга, бас бус гартаа таарсан юмс аваад араас нь нүүлгэж гарав.
Нөгөөдүүл чинь “Хүүе, энэ биш байна, биш байна, буцаах уу, яах уу. Аваад очсон хойно манийгаа баллаад хаях нь... Үүнийг дааруулж болохгүй шүү дээ. Очсон хойно хэн үүнийг дааруулахгүй байлгаж чадах юм бэ, би чадахгүй, чи ч чадахгүй” болоод л, өөр хоорондоо маргаад муудалцаад явчихав бололтой.
Шидэх юм дуусч, авдар дээгүүрээ цааш нь тэмтэртэл гарт нэгэн боодолтой юм таарахаар нь аваад л чулуудаж орхив. Тэр гараас гарангуут л боодол задарч, дотроос нь үй олон гал бадруулсан хуудаснууд өрөөнд хурц гэрэл цацруулсаар бутран цацарч нөгөө үүд хавиар бөөгнөрч байсан хэдийг бүрхээд авдаг юм. Хаалга ч тас хийтэл хаагдав, өнөөх тэнгэрээр дэнхэлзэн элин халин жингүйдэх мэт дүүлж явсан өрөө маань ч пат хийтэл газардах шиг боллоо.
Өрөөг маань дураараа эзэгнэж байсан өнөөх хүйтэн жавар агшин зуурт үгүй болоход, босч хаалгаа шалгаж үзвэл цоожтой хэвээр байх юм. Цонхон дээр очвол юуных нь Умард туйл дээгүүрх нислэг байхав дээ, утаатайхан Улаанбаатартаа л байж байхгүй өөр хаачихав. Цонхны эсрэг этгээдэд, гудамжны чинадад байх байшингийн дээр “Монгол кино үйлдвэр” гэсэн болхидуухан бичиг нь урьдын адилаар утаан дунд бүдэгхээн гэрэлтэн харагдаад, гудамжаар өрөөсөн гэрэлтэй шар такси долилзсоор өнгөрөв.
Хучлагаа зузаалж аваад санаа амран хэвтлээ.
Харин өглөө нь босоод шөнийн тарьсан хэргээ мөшгөж үзвэл хоёр номын хавтасыг нь салж унатал чулуудаж ээ. Бас аяганы сэнж хугарсанаас гадна, гарах хаалганы хажууд байсан 00 өрөөний хаалганы шил бага зэрэг цуурчээ. Гараас гарахдаа гэрэл цацруулан задарч, намайг хөлдөөхөө шахсан тэр дүлий годилнуудыг нэгмөсөн хөөж орхисон өнөөх боодолтой зүйл маань авдарын өрөөсөн буланд ямагт залаастай байдаг аавын өврийн судар “Доржзодов” байсан юмсанж. Өрөөгөөр нэг хуудас хуудсаараа тарчихсаныг нь буцааж цулуулан баринтаглан боох гэж хөөрхөн ажил болов. Зарим хуудсыг нь буруу харуулсан ч байж магадгүй.
Харин хамгийн сонирхолтой нь миний өрөөсөн таавчиг байдаггүй. Өрөөн доторхоо нэг бүрчлэн нэгжээд ч, орцондоо гарч хайгаад ч олдсонгүй. Хааччихдаг юм бол доо. Уг нь Sears дэлгүүрээс 45$ -оор авсан, дажгүй òààâ÷èã ë юмсан.
Òà íàðûí ç¿¿äýíä ºðººñºí òààâ÷èã òààðàëäâàë íàäàä äóóëãàõûã áîäîîðîé äîî.
Monday, January 5, 2009
Өрөөсөн таавчиг маань хааччихдаг байна аа...?
Posted by Зүүдний тэмдэглэл at 4:41 AM 17 comments
Subscribe to:
Posts (Atom)