#

Saturday, March 29, 2008

Ади буцаж ирсэн нь... /Үргэлжлэл/

Хаалгаа цэлийтэл нь нээе, Хүүхнүүдээ та нар зайлцгаа
Хамгийн үзэсгэлэн гоог нь ч харахыг би хүсэхгүй байна
Та нар бол зөвхөн мартагнал, аугаа зугаа, ердийн наадам л байсан
Тарчилгаанд хүлээлтийг минь өнгөрөөхөд л тусалж байсан

Түрүүч нь

http://zuudchin.blogspot.com/2007/05/blog-post_09.html


Түгжээг нь онгойлгосон хаалга аяархан чихран онгойв. Хаалга тийм удаан онгойдгыг анзаарч, энэ хаалга яагаад ингэж удаанаар чихран чихран онгойно билээ хэмээн гайхаж зогсохдоо энэ ертөнцийн хүйтэн борооны дусал бүхэн голоор минь горхи болон урсаж, юу ч үгүй, бүр юу ч үгүй хоосортол нь цэвэрлэчихсэн мэт хөндий хүйтэн байгааг мэдрэн, бас тэнэмэл амьдралын минь эцсийн зогсоол энэ хаалганы цаана байгаа болов уу гэдэгт итгэхийг хүсэж буй эсэхээ яг таг мэдрэхийг хичээлээ. Тэгэхдээ энэ хаалганы цаана тайвширч тайтгардаггүй зүрх сэтгэлийг минь соронзон адил татах ямар хүчин, хэн буйг мэдэхсэн, харахсан гэсэн хүслэнтэй минь хамт яг энэ мөчийн энэ амгалан, хоосон дотоод орчиноо сарниачихалгүй хэвээр нь хадгалж үлдэх гэсэн хүслэн зэрэгцэн оршиж буйг мэдрэхэд, гэнэт эргээд шалавхийн алхчихмаар, зугтаачихмаар санагдав. Гэвч оройтжээ. Хагас нь онгойж буй хаалганы цаанаас, зүүдэнд минь үргэлжийн дэрвэлзэгч тэр эрээн даашинзний хормой цухуйж, нас ахихийн хэрээр шилбээрээ ялимгүй бүдүүрч эхлээд буй элэгдэж муудсан гэрийн шаахай углачихсан тэр энхрий дотно, бүхнээс энхрий хөл харагдахад хөл минь эрхгүй сулран, би босго дамнан сөхрөн уналаа. Зүүдэндээ би хичнээн ч удаа энэ хөлийн гишгэсэн мөр бүрийг нь алгаараа тэмтрэн хайж, үнсэн, энхрийлж, нулимсаараа угааж явав аа.

Чи өрөөнийхөө яг голд зогсоод хоёр гараа надруу үл ялиг сунган байна. Харц чинь халуундаа дэмийрч буй хүнийх шиг очтон гялалзаад, уруул чинь чичигнэн байна. Би чамруу гараа сунган өвдөглөн мөлхөв. Бороо асгарсан яг ийм уйтан үдшээр, эсвэл цас дарсан шөнөөр, тэргэл сарны сүүн цагаан гэрэл цасны том том талстад гялталзахыг харан, хөлийнхөө гишгэлт бүрээр цас чихрахыг сонсон чамруу зорин бөгтөгнөн, гуниг дүүрэн алхаж яваа өөрийнхөө дүрийг байнга зүүдэндээ хардагсан. Тэгээд нэвсийсэн цагаан хөнжилдөө хорвоо дэлхий нойрсох нэг л тийм аниргүй шөнөөр чамдаа зорин ирж, тэнэмэл амьдралынхаа төгсгөлийг алганы чинь хээнээс үзчихээд, тэсэж тэвчсэн нулимсаа юүлж нэг амрахыг юутай их хүсдэг байв аа. Зовлон гунигаа мартан байж, зол жаргалынхаа дууг чинийхээ дэргэд аялах болно гэж би итгэж явсан билүү, яалаа.

Энэ он жилүүдийн турш чи минь, хайр минь, энхрий минь гэж хоосон агаарт мянгантаа шивнэсэн тэр үгс минь харин энэ удаад уруул давсангүй, чамайгаа би хэрхэн дуудсан ч тэр үгс, тэр авиас сэтгэлийг минь тайтгаруулахааргүй болжээ. Чинийхээ гараас бариад, нүүрэндээ, урууландаа, хацартаа энхрийлэн энхрийлэн наагаад, толгойгоо хэвлийд чинь наагаад, чинийхээ өмнө сөхөрсөн хэвээр хичнээн ч суув даа. Цаг хугацаа бид хоёрыг хүлээсээр... Өдий хүртэл хүлээсэн юм, одоо хүлээнэ биз ээ. Хүүхдийнх мэт байдаг зөөлхөн булбарай алга чинь хүнд хүчир ажлаас уу, эсвэл он жилүүдийн уртаас уу, харин нэлээд ширүүн болжээ. Гэхдээ хайр энэрэлээ халуу дүүгүүлсэн хэвээр.

Чи бид хоёр уулзалгүй хэдэн ч жилийг өнгөрөөж вэ дээ, 14 жил болж... Энэ он жилүүдэд би чамайгаа өчүүхэн ч мартсангүйг намайг газар сайгүй дагаж явсан миний ижил тэнэмэл хувь тавилантай умрын салхи гэрчилэх үү, үгүй чадахгүй, шөнө бүр орь ганцынхаа зовлонг хуваалцаж суусан сар ч гэрчилж чадахгүй, харин энэ он жилүүдэд намайг хүлээсээр л байсан чиний минь царай л ганцаар гэрчилнэ.

14 жилийн өмнө бид хоёр нээг их таана хөмөл халиурсан намрын хөх талын эн дээр уулзаж билээ. Үдэш болж байлаа. 1994 оны 8 дугаар сарын 12. Долоо хоногийн өмнө бид утсаар холбоо барьж, энд уулзалдахаар болсон юм. “Гаттын эрэлд” шиг л бид бие биенээсээ сураг тасарчихсан байсансан. Би Улаанбаатараас зүтгэсээр тэр тал нутагт очиж билээ, Өглөөгүүр бороо орчихсон, намар эртийн тэр тал чиний минь сэтгэл шиг хичнээн сайхан тэнүүн угтсан гээ. Аймгийн төв дээрээс танилынхаа нэг хуучивтар мотоциклийг авч унаад чиний байсан талын тэр жижигхээн сууринг зорьж билээ. Чиний байж байх ёстой том цагаан байшингийн гадуур хагас дугуйлан татсан намхан банзан хашааны хаалгаар дөнгөж оронгуут чи ногоон торгон дээлтэй хашаан дотор явж таарсан сан. Намайг хараад жаахан охин шиг дэрвээд л, инээгээд л гүйгээд ирж билээ. Харин намайг тэгэж их инээж, хөөрсөн шинжгүй, харин ч баахан гунигтэй харцтай угтсанд тэр болов уу, чиний минь тэр хүүхдэрхүү хөөр тэрхэн дороо замхарчихсан. Тэгэхэд бид хоёр долоон жил уулзаагүй явсаны дараа уулзаж буй маань шүү дээ. Харин тэгэхэд би яагаад ч тэгэж инээж, баясаж хөөрч чадахааргүй байсан юм даа. 7 жил шүү дээ, Тэр долоон жилийн туршид ганцхан эгшинд шилгээж чадахааргүй тийм их гуниг, ганцаардлийн чандруу даанчиг залуу насыг маань дэндүү ихээр хулдаж дарчихсан байснаас тэр. Тэгэхэд би яг өөрийнхөө сэтгэгдэлээр чамайг харахыг хүсч байснаа хожим ойлгосон. Хамаг сайхан залуу насныхаа 7 жилийг хагацлын мананд үйчихээд чамайг юу ч болоогүй мэт, өчигдөрхөн салсан мэт тийм хөнгөлүүн баясгалантай байсанд чинь би гайхаж, харин чи минь уулзаж учирч буй мөчид намайг яагаад тийм их гуниг харуусал дүүрэн харцтай байгааг минь гайхаж байж.

Бид хоёр тэгээд талын энрүү явж билээ. Талын наран жаргахаар тонгойж, хааяа тогорууд ганганалдаад л, шинэхэн орсон хурын үнэрнээс чинийхээ сэвлэгний үнэрийг тодоос тод ялган, алганы чинь хонхорхойг хуруугаараа тэмтрэн суухдаа амьдралын тэр нэгэн агшин насан туршийн минь хувь тавиланг хэрхэн зурж байсныг анзаарсангүй байжээ. Чи минь цүхнийг минь уудалж, миний хаа ч явсан байнга идэж явдаг шокаладнаас гаргаж ирээд хоёр таллан, аманд минь хийхдээ алгаа урууланд минь удаан наасансан.
- Чи шоколадаа идсээр л явна уу?
- Тиймээ,
Чи аяархан инээмсэглээд хацарт минь духаа нааснаа,
- Би ч бас... гэж билээ.
Бид хоёр шоколад идэх бүрдээ бие биенээ хайрлан дурсдагаа, ямар ихээр үгүйлэн санадаг байснаа, бас бие биенээ санахаараа шоколаданд хичнээн хорхойсон дурладаг байснаа л илэрхийлсэн маань энэ. Бид бие биесээ тэгэж л мэдэрч, тэр он жилүүдэд хамтдаа байж ирждээ.

Тэгээд тэр таанат хөх талын хээлд байх армаг тармаг зэгстэй бяцхан нуурын усны бидэртэн харлах мандалд ганц цагаан шувуу жаргаж буй талын том улаан нарны гэрэлд цайвалзахыг хоюулаа зэрэг харж, зэрэг дуу алдаж билээ. Тэгээд хоюулаа хөтлөлцөөд нуурлуу дэгдчихэв. Нуурын зах дээр очиход харин тэр том цагаан шувуу нисээд явчихаж билээ.

Нуурын захад чи биднийг очиход
Нэг том цагаан шувуу нисээд л явчихсан...
Үдшийн шаргал гэгээнд живэр нь цайвалзсаар алсархад нь
Үргээчихэв үү дээ гэж бид бодож зүрхлээгүй ээ....

Нэг том цагаан шувуу нисээд л явчихсан даа
Нээрээ тэр, бидний сэтгэл хүслэн нэгдээд шувуу болон одсон байх,
Оройжин ангир аяар аяар гунганан чи биднийг анирдсан
Одод их л хурцаар гялалзаж байсан, тэр цагаан шувуу лав тэнд хүрсэн байх....

Бид хоёр тэр шувууг нүдэнд харагдахгүй болтол нь харж зогссонсон. Тэгээд хоюулаа зэгсний дор суугаад, үдшийн гэгээ тасарч, талын шөнө хэрхэн эхлэхийг харж билээ. Одод нэг нэгээр гялалзан яг л тэр тэнгэрийн хар хөшгийг цоолоод гараад ирэх шиг. Би чинийхээ өвөр дээр дэрлэчихээд л, тэнгэрийн оддыг харан, тэгэхэд бид тэр тэнгэрт үнэхээр их ойрхон байсан даа.

Нээрээ л тэр оройжин зэгсний оеор ангир аяар аяархан гунганасаар байсансан. Биднийг хааяа ярилцахад чимээгүй болчихно, биднийг дуугаа хураахаар, гунганаад эхэлдэгсэн. Хоеулаа юу ярилцсанаа би одоо сайн санадаггүй ч, нэг одны тухай ярилцаж байсан маань тодхон байна. Тэр он жилүүдэд би тэнгэрийн оддыг харах бүрдээ Долоон бурхан оддын үзүүр тушаа дээд талд нэг л энхрийхэн гялалзах жижигхэн оддыг чинийхээ од хэмээн итгэж, түүнийг харан хааяа чамтай ярих мэт ярилцдаг байсан юм. Гэтэл чи минь бас яг тэр одыг миний од гээд, намайг санах бүрдээ орой бүр тэр одонд шивнэдэг байсан ажээ. Ийнхүү тэнгэрийн тэр олон оддын дундаас бид өөрсдийнхөө одыг ертөнцийн хоёр өнцөгөөс хоюул эндүүрэлгүй таниж байснаа мэдээд хоюул учиргүй хөөрөн баярлацгааж билээ. Тийнхүү бид салхи сэвэлзэхэд он жилүүд гэж мэдрэн, орчлон хорвоо бидний хайранд уясч байгааг зэгсний толгой дохилзоход анзаарч суусаар үүр цайлгаад үүрийн гэгээ умраас шаргалтах мөчид би буцаж билээ.

Намар намрын шувууд ганганасаар л буцна,
Хаашаа тэр вэ гэж хэн ч тухайлж асуудаггүй шиг
Найз нь одоо ингээд л буцая даа
Хаашаа гэж чи минь бүү асуу

Найз нь одоо ингээд л буцая даа
Үүрийн шаргал гэгээ сэмрэх дорнын тэртээд
Үл ажиглагдам нууцлаг бүхний учир оршоод
Үргэлжийн тарчилгаан, мөнхийн эрэлд дуудан байна.

Намар намрын шувууд ганганасаар л буцна,
Надад хайрласан бүхнийг чинь би дуулсаар л буцна
Өвс навчис, гундмал талын ерхөг бүхэнд шивэгнэн хэлнэ,
Өөрт чинь би гэрэлт цагаахан шувуу болон үзэгдээд л одно оо.

Намар намрын шувууд ганганасаар л буцахад
Эргээд л ирнэ гэсэн итгэл хоцордог
Намайг он жилүүдийн чинадаас ганцхан удаа ирээд буцахад
Эвий минь, харцанд чинь итгэл хайр гэрэлтсээр....

Ийнхүү дуулсаар би буцсандаа। Энэ уулзалтаас хойш харин дариу 14 жил өнгөрчээ. Урьдын тэр залуу насны гал шим энэ тахиралдаж махиралдсан хорвоогийн үй олон нугачаат замуудын уртад сугаран гээгдсээр, одоо чамдаа зөвхөн зүрх сэтгэлийнхээ ханхайж хоосорсон ормыг л үзүүлж, нэгэн цагт энэ ормон дээр агуу хайрын зүрх амьд халуунаараа лугшиж байсан юмсан даа гэж зовлонд цаддаггүй, хайранд даанчиг харам хатуу энэ орчлон хорвоод, тэр өнчин саранд хэлүүлэхээр очиж буй гэлтэй.

Тоос чулуун дунд сөхрөн унаваас
Тосоод өндийлгөх гар чинь байвал боллоо
Давтагдаж, дарагдаж нус нулимсандаа хахлаа ч
Даамай хайраараа ивээж л байвал боллоо

Тиймээ, энэ хорвоогоос өөр хүлээх горьдох юу хэрэгтэй юм бэ, надад...

Амьдрал гэгч тэр ч чигтээ
Арилгах аргагүй бузар буртаг ч
Хайр амссан бидэн хоёр л
Хир халдаахгүй явсаан гэж
Нүгэлт хорвоогоос хагацахдаа ч инээж
Нүнжигтэйхэн хайрандаа л дуусах юмсан даа.

Насны эрхээр гар чинь үрчийж эхэлжээ। Гэвч зөөлөн, илч чинь тэр хэрээр улам энэрэнгүй, ивээнгүй болсоныг мэдэрч, чамайгаа урьд урьдаас илүүгээр өрөвдөн энэрэх сэтгэл төрж байна. Энэ нь залуу насны гал шатам хайр дурлалаас онхи ялгаатай, энэ хүйтэн хоосон орчлонгийн үймээнийг таниж мэдсэн сэтгэлд үүссэн нинж дотно, гүн бат хайр, энэ урт холын замд, он жилүүдэд ямагт хамтдаа байсны дотношил аж. Тэгээд би бослоо, боллоо, надад, чи бидэнд үүнээс илүү хэрэггүй, үгүй, үүнээс илүү зүйл гэж үгүй болохыг би ойлгосон болоод тэр, би чухам үүнийг л мэдрэх гэж энэ хүртэл зүтгэж ирсэн юм байна гэдгээ ойлголоо.

Шунхадсан нүүрнээс чинь би өөрийнхөө

Шулуухан сэтгэл амьдрал үхлээ л харж байя
Би үүнийг л харах гэж нааш он жилээр тэмүүлж, зүтгэж, он жилүүдийн ачааг үүний тулд л тулж, үүрч дааж ирсэн аж.

Харин гарахынхаа өмнө би эргэж харж зүрхэлсэнгүй, намайг хэзээ нэгэн цагт эргээд ирнэ гэдэгт тэртээх 14 жилийн өмнөх шигээ л итгэсээр буй чинийхээ харцийг дахиад харж чадсангүй ээ.

Гарахдаа үүдэн дээр унагасан үүргэвчээ авав. Цэвэрхэн шалан дээр миний шалбааг туучиж ирсэн гутлын минь мөр тодоос тод гарчээ. Чи минь энэ мөрийг арилгахгүй жил сараар хайрлан харсаар байх болно гэдгийг ч яг одоо хаашаа ч юм явж байгаагаа мэдэж буй шигээ сайн мэднэ.

Зөөлхөн илчтэйхэн гараан аль,
Зөрүүд бардамхан амраг минь
Дахиад л чамаасаа хагацахаас даа
.....
Өнөө би өмнөх байдлаасаа хагацсан
Өнөөх сайхан сэтгэл минь оргүй арилаад
Өөрийгөө ч өрөвдөх тэнхэлгүй болсоон
Өрөвч цагаахан гарыг чинь л харин мартахгүй ээ.

Гадаа бороо үргэжлэн орсоор байлаа. Өнөөх Хансийн буурчийн газрийн үүдэнд хэдэн харчуул дайнаас эгэж ирж буй эр цэргүүдийг атаархангуй харж зогсоо балчир гэнэн хүүхдүүд шиг бөөгнөрөн зогсоцгоожээ. Би юүдэнгээ нэгэнтээ сэгсэрснээ толгой дээрээ тавиад тосгоноос ойн гүн рүү шурган орсон өнөөх эцэс төгсгөл гэж үгүй шалбаагт замаар орон алхлаа.

Бороонд шалба норсон үүргэвч, хувцсандаа түүртсэн тэр тэнүүлч тосгоны харчуулыг гайхшрал, харуусал, сул доройгоо мэдэрсэн хүлцэнгүй сэтгэлтэй нь хамт орхиод манан дундуур, борооны жижигхэн ширхэгэн доогуур далд орлоо. Энэ бол өнөөх тэнүүлч, тэр зөвхөн ганцхан агшинд миний дотно дурсамжийг зээлдэн авсан, тэр тэнүүлч. Түүний цээжнээс дараах мөрүүд ундарна, тэр энэ үгсээ шалбааган дунд хорсолойёо цацлан алхана.

Хаалгаа цэлийтэл нь нээе, Хүүхнүүдээ та нар зайлцгаа
Хамгийн үзэсгэлэн гоог нь ч харахыг би хүсэхгүй байна
Та нар бол мартагнал, аугаа зугаа, ердийн наадам л байсан
Тарчилгаанд хүлээлтийг минь өнгөрөөхөд л тусалж байсан

Хязгааргүй мөрөөдлийнхөө бут ниргүүлсэн боол би
Хуурмагхан энэ наадамд цөхөрч, туйлдаж гүйцээд
Хүсэл ч үгүй, зориг ч үгүй дахин гав ганцаар хоцорлоо.

Одод гүймэгхэн туяагаа надад илгээн хажуугаар минь өнгөрч байна
Орчлон аар саар, гял цял өнгөөрөө мансууруулан байна
Амьдрал биш, энэ бол агшин
Аяа, юутай ч хурдан өнгөрөв дөө....

Гэсэн омог бардам цөхрөл дүүрэн мөрүүд орж ирэх чинь। Тэр хүн бол би лавтай биш, харин тэр бол Ади, өнөөх хувь заяагүй тэнүүлч, өнөөх агуу их Ади байна гэдгийг манан дунд далд орсон хойно нь, тэр үлдээсэн мөрүүдийг нь сонсоод танив। Баяртай Ади, Бидний зам дахиад хаа нэгтээ огтлолцохгүй байх аа।

#

20 comments:

Anonymous said...

no comments

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хүн бүрийн дотоод чанадад өөртэй ярьж зөвлөж, заримдаа маргаж тэр ч байтугай эрсэлдэн тэмцдэг ч хэзээ мөнхөд өөрт нь үнэнч байдаг сэтгэлийн хүн байдаг байх гэж боддог. Яг л Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Чилүүгэн шиг. Тэр хүнийг би Чингэсийн дотоод хүн гэж ойлгодог. Түүнээс түүхэнд тийм хүн байхгүй. Чингэс орь ганцаар байх тэр агшиндаа тэр дотоод хүнийг дуудан хуур тоглуулдаг. Түүнд хэл байхгүй огтлуулчихсан. Чингэст тэр хүний хэл нь хэрэггүй ганцхан түүний тоглох хөг аялгуу нь ганцаардсан сэтгэлийн ганг тайлж, чийгшүүлэхэд хэрэгтэй байсан хэрэг. Манай Зүүдчин анд миний ойлголтоор мөн дотоод хүнтэйгээ бас их сайхан харилцаж, түүнээ их сайхан чагнаж чадах юм. Аль тэртээд үлдсэн он жилүүд, тэнд үүрд үлдсэн жирийн нэгэн учралыг тэр үдэш, тэр ододтой хослуулан тийм гоё тансагаар нэгэн цогц болгон гаргаж, хүсэл сэтгэлээ сүүн зам татуулсан шувуу болгон нисгэж чадна гэдэг яасан ч сайхан чанар бас чадвар байдаг юм. Намайг буруутгахгүй бол цагаахан атаархмаар ч юм шиг. Энэ бүхэн миний түрүүний хэлдэг дотоод сэтгэлийн хүнээ сайн чагнаж чадсаных байдаг юм боловуу гэж бодном. Ганхан энд ч биш "Мянга мянган жил амьдарсан ч уйдамгүй" "Алдагдсан мөрий" гэх мэт олон олон бичлэгүүдэд анзаарагддаг. Тэр юүдэн толгой дээрээ шидсэн шиврээ бороон дундуур алхах өөрийн тань нэрлэснээр Ади чухамдаа харахад нэг хүйтэвтэр нэгэн боловч ямагт гэгээн сайхан дурсамжийг сэргээж үлдээх юм. Цагаан мөртэй юм болохоор нь түүнийг би Зүүдчин андын дотоод сэтгэлийг "Чилүүгэн" юм болов уу гэж санав. Хэрвээ таг буруу ойлгосон бол намайг өршөөнө буйзаа

Anonymous said...

enhriilj yavdag hongor mini dee
erhleed ochmoor amrag mini dee gej

Anonymous said...

h

Anonymous said...

minii dotroos yariad baigaa ch yum shig, helie gehed helberiig ni olgoh aviyas dutaad baigaa ter bodol medremjiig mini gargaad tavisan shig shanagdana.

ganga said...

Bum, Sunjee nar shig dotor hun ruu shagaij chadaagui ch ehnii heseg, ene udaah hesegtei ni comenttei zutai hamj unshaad neg heseg bodold daragdav.

Anonymous said...

Hi Nana,
No commet, oilgomjtoi, he he

Bumaa.
Za hu bi Тэр Чингис хаан киног одоо хүртэл гүйцэд үзээгүй яваа хүн шүү дээ, анх Ард-д нээлтээ хийхэд нь хамгийн анхны үзэгч болоод ороод догдлоод л, хоёр гурван шоколад хармаалаад суусан чинь тэсэлгүй эхний ангийг нь ч дуусгалгүй хаяад гараад ирсэн ш тээ, найз охин маань уурлаад сүйд, учир нь Их хаан маань тэр кинон дээр зүгээр байдаг л нэг ядарсан баагий харагдаад, миний дотор буй Их хааны маань дүр төрхийг сарниачих гээд болоогүй юм, Тэгээд одоо болтол дахиж үзээгүй яваа, харин Баасангийн бүтээсэн Чингис хаан бол дажгүй шүү, Японуудын хийсэн Чингис хааныг үзсэн, хөөрхий хөөрхий гэмээр, тэр Чингис биш яг японы самурай стилл сэтгэлгээтэй, Нямгаваа "наад үгээ тэр Дэлгэртээ л хэл" гэх байх даа.
Тэгэхээр хө тэр Чилэгүнийг зохиогчид нь яаж бодож, босгосон юм мэдэхгүй байна аа, уг нь тэр киноны зохиолыг манай гурван акул /Д.Батбаяр, С.Эрдэнэ, Д.Маам/ бичсэн юм шүү дээ. Тийм болохоор энэ Ади-тай адилтгасныг чинь яг тийм энэ тэр гэж ч хэлж чадахгүй нь, гэхдээ Ади-ийн энэ нь ганц ганцаардлаас болоод ч байгаа юм биш шиг байгаа юм аа, юм юм л байгаа, уг нь бол хүн ор ганцаараа амьтан юм байгаам, түүнээ л элдэвээр нөхөж, үлгэр домогт итгэж явдагаас биш,
Жинхэнэ Ади нь бол 42-тойдоо насбарчихсан юм өө зайлуул, бүүр дээр үед, Эндре Ади гэхээр барууны утга зохиолын хүрээллийнхэн мэдэх байх. Тэр л нэг тийм нөхөр бйасан байж магад, гэхдээ түүний надад нөлөөлсөн нөлөөлөл нь бас их, ховсдох мэт өөртөө татдаг байсансан. Тэгээд одоо түүнд баяртай гэж хэлэх цаг нь болсон юм шиг байна лээ, Тэгээд л баяртай гэсэн маань энэ.

Анон
Сайхан дуу шүү, наад дуу чинь, бүтэн үгээр нь тавиж өгөөч, дуулах гэхээр үгийг нь мэдэхгүй байгаам.

Сүнжээ
Хэ хэ, чамайг нам унтаж бйах хооронд чинь зүүдэнд чинь Ади-тай хамт давхиж очоод, тэр дотроосоо гаргах гээд байсан юмыг чинь хоюулаа сум хулгуулаад, дамжлаад аваад гарчихсан, чи унтаад л үлдсэн юм ш тээ, хэ хэ, нэхвэл нэхэж л байхгүй юу, авмаар бйагаа бол яг бидний авсан тэр аргаар л аваарай хэ хэ

Гангаа,
Гангаа аниагаа юу бодсон юм болдоо гээд би энд бас бодолд дарагдав, хэ хэ, дарсан бодлоосоо хуваалцаач,
Зүүдчин

melkadies said...

ene amidral heterhii urt bna. uitgart barigdsan tsag hugatsaag uneniig helehed huleej tesehgui ni. adi shig huvi tavilan nadad onoogdson bol bi lav adigaas iluu iheer tarchlah baisan. huvi zayagui tenemel amidral monh amidrah urt nas. chotgor avag ene orchlong.

Anonymous said...

Hun hamgiin nandin yumaa udur tutmiin hog novshiin yumtai hutgalhgui gesen ni zuv ch yum uu, setgeldee neg tiim erch huch, munhiin duudah energy-tei yavbal ene horvoog bardam tuulah ch yum biluu, ene aADI shig. medehguiee, tolgoi ergechikhlee

Anonymous said...

энэ хүйтэн хоосон орчлонгийн үймээнийг таниж мэдсэн сэтгэлд үүссэн нинж дотно, гүн бат хайр, энэ урт холын замд, он жилүүдэд ямагт хамтдаа байсны дотношил аж. Тэгээд би бослоо, боллоо, үүнээс илүү зүйл гэж үгүй болохыг би ойлгосон болоод тэр, би чухам үүнийг л мэдрэх гэж энэ хүртэл зүтгэж ирсэн юм байна гэдгээ ойлголоо. gevel arai deer boloh yum sig,

bas

Бороонд шалба норсон үүргэвч, хувцсандаа түүртсэн тэр тэнүүлч тосгоны харчуулыг гайхшрал, харуусал, сул доройгоо мэдэрсэн хүлцэнгүй сэтгэлтэй нь хамт орхиод манан дундуур, борооны жижигхэн ширхэгэн доогуур далд орлоо.

gedeg sain bolj.

сул доройгоо мэдэрсэн хүлцэнгүй сэтгэлтэй нь хамт орхиод geed maniigaa helchikhej, bid ch yahav sul doroigoo medreed ene orchlongiin nud gyalbuulsan aar saarhan yumand huurtaad l unguruh yum daa. Adi shig tegej tenej yavah zorig, omog bardam huch chadal algaas hoish yaya gehev.
Olon zuil baina aa.
Áéõøéáá

ZAYA said...

Хэрэн тэнэх нь ухаарах боломж болох байх шүү.
Гэхдээ над мэт бол хичнээн тэнээд ч нэмэргүй биз.
Их сонирхолтой бичсэн байна.

Anonymous said...

uheh ch bagadhiim daa gej

Anonymous said...

Хараацай шиг үүрэндээ
Хамт амьдраагүй ч
Хайлган зүрхэндээ хоёулаа байдаг
Асархан өргөөндөө хамтдаа амьдраагүй ч
Амттайхан зүүдэндээ 2-байдаг
Энхрийлж явдаг хонгор минь ээ
Эрхлээд очмоор амраг минь дээ Тогос шиг өдөөрөө ижилдээд гоёдоггүй ч
Тольтхон зүрхэндээ 2-лаа байдаг
Өргөөлөөд гэртээ ихэрлэн суугаагүй ч
Үлгэрийн зүүдэндээ 2-лаа байдаг

Энхрийлж явдаг хонгор минь ээ
Эрхлээд очмоор амраг минь дээ

Хосоороо дандаа дасдаг хорвоодоо
Хойтын төрөлдөө ч хоёулаа байхсан
Бусдаас өрсөөд хонгор чамтайгаа
Бурханаас гуйгаад заавал ханилна даа.
Энхрийлж явдаг хонгор минь дээ
Эрхлээд очмоор амраг минь дээ
гэж...

сайхан дуу шүү, жинхэнэ Ади-ийн дуу шд гээл худлаа залчуул яажийн,хэхэ.

Arsun said...

Unshaad l baina

Anonymous said...

za yah vee, avsan baisan 2 adilhan, ikh tsuhurch, ikh ch yadarch bna daa gej, estestee avsan ch avaagui ch yalgaaguigees hoish, avaagui ni shuluun doo, demii yavdaliin nemer.

Anonymous said...

миний уншиж байсан хайрын хамгийн агуу сайхан үгс байна. Тиймээ хэрэв та 2 гэрлэсэн бол, хэрэв Ромео Жульетта 2 насан туршдаа амьдарсан бол хайрын ийм аугаа түүх, ийм аугаа сайхан бичиглэл гарахгүй байх байсан байх. Юмны бага нь амттай гэдэг үг хайрын сэтгэлд, биенийгээ гэсэн 2 хүсэл, 2 тэмүүлэлд тохирдоггүй байсан ч болоосой гэж би харуусдаг. Учралын нэгхэн нь....хоёрхон нь илүү сайхан, илүү амттай, хэзээ ч үл мартагдах... Гэгээхнээрээ нэгнийхээ сэтгэлд үлдэж чаддагтаа л энэ юм болуу. Хайр гэж....... намар цагийн налайсан шар талд ганц тогоруу алсын бараа үе үе харуулдан тонголзох шиг..... таагдашгүй.

Anonymous said...

saixan dursamj gedeg bas saixan shyy..saixnaaraa ariuxanaaraa xadgalagdaad ulddeg gedeg dee...estoi saixan bichleg bna..bayarlalaa zuudee,..:-)

Зүүдний тэмдэглэл said...

melkadies
negent ugch baigaam yum hu, chutgurt bish, burhand ugchikh uu hu, ene ORCHLONG, he he

1 th Anond
Harin tiin, minii bas tolgoi ergehcikheed l

2th Anond
Bayarlalaa. nairuulgiin aldaa gargajee, ene ch bish neleed olon gazart baina

Zaya
Orchin yed neeree
Suusan dargaas
Yavsan Tseverlegch ni deer
gesen zuir ug garsan baina lee

3th Anond
harin tiim ee

4th anond
Bayarlalaa. Saihan ugtei yum aa

Arsuk
duusah ni uu hu, heden udur unshdag hun be

Sunjee
tiim dee, demii yavdaliin nemer boloh baih, uchir ni avch chadahgui geer nuuchikhsan

Artanyan
Ромео, Жульетта хоёрынх ч дэндүү л дээ, ер нь бол ИХ ГАЛ ДЭНГ БӨХӨӨЖ ТҮҮДГИЙГ ХӨГЖӨӨДӨГ
тийм хагацал, бэрхшээл байгаа нь тэр хайрыг, хүчлийг улам агуу болгож өгдөг байх даа

Тэнэмэл ээ
Цастай цагаан ууланд нь
Цантаа нь үгүй тэнэмэл дээ гээд л дуулж сууна

Anonymous said...

yagaad hun iim bolchdog yum bol doo, yag ene adi shig?

Zaya said...

Yaagaad ch yum ene blog deer bgaa shulguud bichleguud setgeliin mini bur gun ruu newtreh yumaa bi yu helehee medehgui yum gehdee yu medrch bgaagaa medej bh shig bna gun gunzgii gunigtai gehdee ene gunig ni ih gegeeleg tsagaan gunig hairiin tuhai yrisan bolohoor tegsen yum bolovuudaa ih gegeehen gunig turj bna uuriiguu hen bolohoo medeh gej heren bederch yvaa nadad uuriiguu enedees oloh ch shig ... Gegeehen gunig utga uyanga hosolson ih saihan bichleg bna aa hunii setgeliig hudulguj es chadvaas hungun biiriig hushih yun gedegdee... Hunii setgeliig hudulguj chadlaa neeree l dotood yrtuntsteiguu holbootoi bdag hun shig bna