Дөрвөн хүн барьчихжээ. Ганцхан шөнийн дотор. Шөнө ч гэж, өчигдөр орой нь гурвыг нь, нэгийг нь өглөө барьчихжээ. Дөрвөн хүнээ, гэхдээ бүр аль чадалтай, сортоотой гэсэн бүхнээ чонын аманд өгчихсөн тэр жижэгхээн суурингийнханы хэн нь ч яах, юу хийх, хэрхэхээ мэдэхээ байчихаж. Бидний ярьдагаар бол Шооконд орсон байна. Энэхүү суурин бол үсрээд л 20 гаруйхан хүнтэй, бөөрөөр нь нийлүүлж барьсан хоёр муу шавар тагз болон суурингийнхаа Сорсгой Хэн гэдгийн шүд шиг болчихсон саравчтай чулуун хорооныхоо нөмөр нөөлөгт бөөвийлдсөн 7-8-хан гэртэй, ер нь хэн ч тийш зорьж тоож ирдэггүй, мөн тэндээс хэн ч хаашаа ч явдаггүй, ертөнцийн амьдралаас мартагдаж гээгдсэн тийм суурин аж. Би урьд өмнө энэ сууринд огт ирж байгаагүй, ер мэдэхгүй газар юм. Нэг их хүнхийж, ханхайсан арсгар хадтай хар уулын ар хормойг дэрлэж, нөгөө талд нь оорог цоорог аараг бүхий зах хязгаар нь мэдэгдэхгүй уудам цэлгэр хөндий байх юм. Суурингийнханы эмх замбараагүй яриан дундаас миний ойлгосноор бол урьд орой унтахын өмнө шавар тагзны доод хэсэгт байх гурван гэрийнхэн хамгийн түрүүнд чонын дайралтанд өртжээ. Тэр гэрүүдийн нэгнээс нь Өндөр гэнүү, Ёнхор гэнүү, нэг тиймэрхүү нэртэй хүн бие засахаар гараад маш муухай хашгирч, бархирчээ. Тэр дуунаар нь тус болох гэсэн ч юмуу, эсвэл сониуч зандаа ч хөтлөгдсөн юм уу тэр Ёнхорын хүү нь, мөн нөгөө хоёр гэрээс нэжгээд хүн гарч ирсэн бололтой юм. Гэтэл тэр дороо л хоёр нь, нэг нь нөгөөх Ёнхорын хүү, чононд хага татуулсан байна. Амь зулбан гэртээ шургаж амжсан Дэлчгий, дашрамд хэлэхэд энэ суурингийнхан бүгд нэг хоч шиг сонин нэрстэй юм, гэгчийн ярьж буйгаар бол суурингаар дүүрэн чонын улаан нүд гялалзаж, гарсан дариуд л тэдэн рүү шууд дайрсан гэнэ. Гэртээ байгсад нь хэдэн арав, магад зуу зуун жилээр тэрх гээгдмэл сууриндаа даарах, халахыгаа хамтатган ирсэн нэгнийхээ гадаа чонотой амь тэмцэн ноцолдож, аргаа баран бархирч, сүүлчийнхээ цахиртсан хоолойгоор аврал эрэн тэнгэр бурханыг дуудан хашгирахыг нь, өвдөж зовсондоо ёолон гасласаар байсныг нь, бас чононууд хэрхэн тэднийг нь хэмхэлдэн урж тасдахыг, хоорондоо архиралдан, хоолоо булаалдахыг, шал пал хийтэл амтархан идэх, долоох, тас няс хийн яс хуга хазахыг нь айн мэгдэн сонсож, ухаан нь орон гаран байцгаасан гэнэ. Тэд хэзээ л гэрийнх нь аль л талаар чонын хурц шүд хага яран орж ирэх бол хэмээн чичирчгээж, хаалга үүдээ ч бөхлөхийг мартаад, бие биенээ тас тэврээд ухаантай ухаангүй хоёрын хооронд хоноцгоосон гэнэ. Харин нэг жаахан сүйхээтэй нь болох Шоовүү гэгч эмгэн галаа ихээр түлэн, түүндээ галынхаа илүүр, бас төмөр гадас зэрэгхэнийг дүрж улайтгаад, хэрвээ чонын толгой ханынх нь аль нэг нүдээр шургалах юм бол улайдсан төмрөөр нүд рүү нь дүрэхээр бэлтсээр, шөнө дундын үеэс гэрт оруулсан түлээ нь дуусч, авдар, эрэгнэг, сандал, ер нь гэрт байсан түлж болох бүгдээ галдаад дуусгажээ. Шөнө дунд ч юм уу, хэзээ юм бэ, ер нь эдгээр айж ухаанаа алдсан хүмүүс хэзээ болохыг нь мэдэхгүй, бүгд өөр өөр цаг хугацаа хэлж буй, суурингийн арын жалганы ирмэг дээрээс дотор зурж, ухаан алдуулмаар аймшигт их дуугаар нэгэн чоно уртаар татан ульжээ. Тэр дууг сонссон Согсоо гэгч ухаан тавьж, доороо өтгөн нойтноо алдаж, намайг өглөө тэр сууринд очиход ч ухаан ороогүй байсан ба мөн нэг 20 гаруй насны хүүхэн аль хэдийнэ элий балай болчихсон, гараа учиргүй савчин уруулаа цохилон нэг хачин эвгүй авиа гаргадаг болчихсон байв. Түүний нүд нь хаашаа ч, юу ч харахгүй болчихсон, аль хэдийнэ амь тавьчихсан хүнийх шиг байлаа.
Харин энэ суурингийн хамгийн дээд талд буюу өнөөх Саравчирхуу юмтай хашааны баруун дээд буланд сондгойдуу гэртэй байх Борной гэсэн үү, Борлон гэсэн үү, нэг тийм хачин нэртэй дүлий самганых л шөнө юу болсоныг мэдэлгүй, бусад шигээ ухаан тавьтлаа айж дагжин, барагдашгүй урт шөнийн турш уйлж, мэгшиж чичирч хоносонгүй амар тайван шөнийг нойртой өнгөрөөжээ. Гэвч тэр амар тайван хоносныхоо төлөөсийг үүр дөнгөж цайсан даруйд л хүртсэн байна. Тэрхүү Борлон гэгч дүлий эмгэний ганц хүү, 16-17 насны хэрийн насны, баахан тэнэгдүү, зүүн талруугаа мэдрэлгүй татаж унжсан дарвагар завжаараа ямагт шүлсээ савируулж явдаг, харин хачин сайхан дуулчихдаг Том Бөөсгий нэртэй хүү өглөө сэрэнгүүтээ ээждээ аяга цайны цас авчирч өгөхөөр гэрээс гүйж гараад, арынхаа жалганы эхэнд очоод, жалганы ирмэгт хунгартан тогтсон цаснаас модон халбагаар халбагдахаар яг тонгойх мөчид л аймшигт том соёо шилэн хүзүүг нь тасар татан хаяж, хөөрхий хүү шүлсээ савируулсан дарвагар амаараа “ээжээ” гэж сулхан дуугараад, нэг ч их айж мэгдэх ч чөлөө гарсангүй, бас өвчин зовлонг ч мэдэрсэнгүй их хурдан, тэр дороо л амь тавьсан байна. Харин хөөрхий самган хүүгээсээ үлдсэн хэдэн баастай гэдэс доторыг нь сөхөрч суугаад цус, нөжтэй нь холилдсон цас, хайргатай хамт хаман хормойлон суулаа. Сөхөрч суусан эл атигар өчүүхэн дүлий самганы нүүр царай учир утгагүй татвалдан, шүдгүй ам нь ямар нэгийг бувтнана. Элэгдсээр өсгий нь цоорчихсон эсгий гуталных нь цорхойгоор үдээр шиг хатингар хар хөлийн үрчгэр өсгий цухуйж байхыг хараад тэрх жаахан самганыг өрөвдөөгүйгээрээ өрөвдөж, өр дотор эмтрээд л, хэмхрээд л явчихдаг юм байна. Харин би уйлсангүй, уйлах цаг ч биш байлаа. Тэр самганыг өрөвдөхийн хэрээр чононуудыг өширхөн занасан ер бусын өшил, хорсолдоо гар минь салганан чичирч, шүд маань хагшин зуурч байсан юм. Ер нь би урьд өмнө чононд бариулсан хүний тухай ганц нэгхэн дуулж л байснаас биш бариулчихсан хүний сэг харж байсангүй. Харин малын сэгийг бол харахаараа л нэг болсон. Гэтэл яг адилхан байдаг юм байна билээ. Чоно бүр өөр өөрийн сурсанаараа малыг барьдаг. Зарим чононууд хонины зөвхөн сүүлийг нь юуны түрүүнд тас татаад залгичихдаг бол зарим нь нурууг нь хөндлөн хуга хазна. Зарим нь шууд л багалзуурт нь асчихна. Бүүр мэргэшсэн нэг нь багалзуурыг нь ганцхан дайралтаар тас татчихдаг юм. Харин би нэг өвөрмөцөөр мал барьж сурсан чонотой таарч билээ. Тэр чоно бол хөөж буй хониныхоо зүүн урьд хаанаас нь хазаад харвуулж унагана. Унангууд шууд амьдаар нь өвчүүг нь хадарчихдаг юм. Тэгээд цээжний хөндий рүү нь толгойгоо шургуулаад амьд лугшиж байгаа зүрхийг нь залгидаг. Тэр бол их том азарган чоно байж билээ. Бараг гурван сар гаруй хөөцөлдөж байж би тэр чоныг арай гэж нэг юм дарж байсан юм.
Харин энэ чононууд бол эхний гурван хүнийг эхлээд хөлнөөс нь эхэлж идсэн байх юм. Нөгөөх амьд цээж нь амь тавитлаа их удаж, гараараа хөлдүү газар самардаж, бас чонын үс зогдорноос ч зулгаагаад авсан бололтой туг туг үс энд тэнд цацчихсан, зарим нь өөрийнхөө үсийг ч үгтээсэн бололтой байсан. Ямар ч чоно барьсан малаасаа хэсэг бусагхан ноостой арьснаас гадна гэдэс дотрыг нь бүрэн бүтэн, бүүр баас, сэвстэй гүзээг нь огтхон ч хагалалгүй, хөндөлгүй үлдээдэг. Хүнийг ч мөн яг тэгсэн байна билээ. Хүний гэдэс чинь гүзээгүй л болохоос биш яг л малын гэдэс шиг, ялгаа нь харин шар өөхтэй байх юм. Урьд орой идүүлсэн гурвын гэдэс дотор нь аль хэдийнээ газартайгаа наалдан хөлдчихсөн байсан. Сайн муу юм нэлээд үзэж явсан ч, ийм нүд хальтирмаар юм үзэж байсангүй, бас тийм хөөрхийлөлтэй ард түмэнтэй ч учир байсангүй.
Тэр өглөө тэгэхээс тэгэг гэсэн юм шиг, тэдгээр хүмүүсийн зовлон гаслан дээр нь нэрмээс болог гэсэн юм шиг ер бусын хүйтэн байлаа. Тэнгэр таг бүрхэг, юу юугүй цасан шуурга тавих гэж буй янзтай. Хөөрхий тэр гэлмэсэн хүмүүс дэмий л гасалцгааж, золгүй талийгаачдаасаа үлдсэн сэгийг ч яах ийх тухай ухаан сэхээ байхгүй, дахиад нөгөөх чононууд хэзээ ирж, хэнээс нь эхэлж, хэрхэн идэх бол л гэхээс өөр зүйл тэдний толгойд ер байхгүй бололтой. Намайг хараад зарим нь уйлж байна. Яг нөгөө үргэлж дээрэлхэж байдаг дээрэлхүү ярдаг нэгнээс ээлжит зодуур, доромжлолоо дөнгөж амсчихаад байж байтал хэн нэгэн өмгөөлөх, өмөөрөх хүн гэнэтхэн гараад ирэхэд учиргүй өмөлзөн уйлдаг шиг л уйлж байх юм, хөөрхийс минь....
Харин би цэл залуухан, яг л нөгөөх галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан хорин настай хонгор зүстэй үеийнхээрээ байх юм, аз байхгүй юу. Гарт минь аавын минь авч өгсөн Карибин буу байна. Тэр бууг намайг 15 настай байхад, анх удаа бие дааж чонын авд явахад аав минь “Одоо, миний хүү ийм буу барих болсон” гээд өмнө барьдаг байсан 250-ын хараатай Калибр бууг маань тэрхүү морин цэргийн оготор Карибинаар сольж өгч билээ. Буу ч гэж буу л даа, барьсан хүн л мэддэг, ёстой эр хүний нөхөр болсон буу. Дэлхийн Нэг, Хоёрдугаар дайныг элээсэн буу билээ. Хожим би буу саадагтай нөхөрлөхөө больж, амьтны амь хөнөөхгүй гэж өөртөө тангараг тавиад, өнөөх сайхан буугаа замын нэг зүс таних төдий тууварчинд зүгээр өгчихөж билээ. Нөгөөх тууварчин “Яаж хүний энэ ховор нандин эдийг зүгээр ингээд авахав дээ” гээд, санаа зовсондоо өвөртөө явсан хоёр толгой лаа, нэг хайрцаг чүдэнзээ гаргаж галын ширээний өнцөг дээр гэмшингүй тавьчихаад гарч байсан юм. Одоо эргээд бодохоор харамсамаар л байдаг. Аав маань л харин их харамсаж байж билээ. Одоо байж байвал ааваас минь үлдсэн юм гээд дурсгалтай байж л байхгүй юу, ямар хоол нэхэх биш. Гэхдээ тэр буугаар би олон амьтны амь хөнөөсөн болохоор, тэр бүхэн эргэж санагдаад, нүгэл бодогдоод, сэтгэлд тээртэй ч байх байсан байж бас магад юм.
Мөн би Сэгсээхэй Халтар морио уначихаж. Миний Сэгсээхэй Халтар ч морины хүү л дээ. Эрмэг ч гэж жигтэйхэн, номхон ч гэж таатай. Нүд нь яг л нялх хүүхдийн нүд шиг байдагт нь би мал малаас түүнд илүү их хайртай, мал гэж биш хүн шиг ханддаг, хамгийн дотнын анд нөхөр шигээ аливаа хүнд бэрх шийдлээ хүртэл түүнтэй зөвлөдөг байсансан. Хөөрхий, тэр жилийн зуднаар алдагдаж, хавар цас хайлахад цасан доороос зогсоороо үхчихсэн, нүд нь хараатай хэвээр гарч ирж, миний нулимсыг ганц барж байж билээ. Азарга шиг эрэмгий зоримог болохоор нь би дэлийг нь засдаггүй байсан учир Сэгсээхэй хоч авсан юм. За, ингээд би Сэгсээхэй Халтар морио уначихаад, Оготор цагаан Карибинаа үүрчихсэн байхад нэг биш нэлээд хэдэн чонын чацгыг нь ч савируулна л даа.
Дээр нь хөөрхий тэр гээдмэл суурингынханы төлөөх өш хорсол намайг хэд дахин ирлэж хурцалж өгчээ.
Тэгээд би юуны түрүүнд суурингийн эргэн тойрны хараа хүрэх газар бүрийг нягталж үзлээ. Нүдэнд торох амьтай голтой юм алга. Дөрвийн дөрвөн хүнээр гүнцэг барьчихсан тэдгээр чононууд аль нэгтээ жалгын мухарт хэл амаа долоолдон, ирэх шөнийнхөө зоогийг зүүдлэн унтаж хэвтээ биз. Мөн суурингийн тойрноос мөр үзлээ. Арваад, миний тоолсноор яг арван нэгэн чоно байсан бололтой юм. Тэдэн дотроос нэг нь чоно чонынхоос онцгой өөр, арваад жил би хээр гадаа тэнэж, ан ав гэж явахдаа тийм том атлаа өвөрмөц галбиртай чонын мөртэй таарч байсангүй. Уртаараа сайн тохой хирийн, чонынх гэхээсээ хүний нүцгэн хөлийн мөртэй их төстэй, хэрвээ түүнийг хүн гэвээс лавтай 2 метрээс багагүй нуруутай хүн байх нь. Чикагод миний нэг найз байдаг, тэр 2 метр 3 см өндөртэй, харин хөл нь миний яг тохойны хэмжээтэй таардаг билээ. Энэ бол жир нэг чоно биш, ямар нэгэн далдын хүчинтэй, муу ёртой хэлхээ холбоотой байж магад гэсэн хар сэжиг, таамаг надад төрж байна. Өнөөх дүлий самганы элий хүү дээр найрлачихаад тэд суурингаас зүүн урдуур өнгөрөх саартай хөвөөг дагаад явчихсан мөр нь зурайж байна аа. Би суурингынханыг жаахан тайвшруулав, мэдээж тэднийг тайвшруулахын тулд би тэдгээр чононуудыг ямар ч нөхцөлд алж чадах аймшиггүй, гайхалтай эрэлхэг анчин, чонын ганц эрлэг нь болсон хүн гэж танилцуулах шаардлагатай нь болсон юм. Тэгээд юутай ч айж мэгдэлгүй тайван байж, талийгаачдынхаа шарилыг яах ийхээ бодоцгоо гэдгийг хэллээ. Мөн чононууд суурингаас зүүн урагшаа өглөөгүүр явсан халуун мөр нь байгаа ба тэд ойр хавьд байхгүй болсон, тэднийг би энэ мөрөөр нь мөрдөөд одоохон хөөж гүйцээд бүгдийг нь амьдаар нь өвчиж, арьсыг нь хоншоор дээр нь тохчихоод тууж ирж та нарт үзүүлнэ гэж ам гарлаа. Энэ бол хий хоосон аархал, бардам ам, шалдан гуяа биш, хөөрхий тэр айсандаа сүнс нь гарчихсан хүмүүсийг тайвшруулж, аргадахын тулд л хэлсэн үг юм. Өөрөөр тэднийг аргадах ухаанаа би олоогүй юм, ер нь ч өөрөөр аргадах, тайвшруулах боломжгүй ч байсан байх аа даа. Яг үнэндээ нөхцөл байдал өмнө надтай учирч байснаас огт өөр байгааг, урьд өмнө огт тулж үзээгүй цоо шинэ, нууцлаг, хүчирхэг араатантай тулах болсоныгоо би маш сайн ойлгож байсан юм. Урьд өмнө би хэзээ ч хүн барьсан чонотой хөөцөлдөж үзээгүй. Мэдээж хэрэг мал барьсан чононоос арав дахин аймшигтай, аюултай нь ойлгомжтой. Тэгээд дээр нь тэрхүү хүн шиг урт мөртэй чоно надад нэг л хачин сэжигтэй санагдаад байх... Харин суурингынхан маань балчир хүүхдүүд шиг л миний тэр үгэнд эргэлзээгүй итгэцгээж, юу юугүй л энэхүү шавилхан биетэй, шингэхэн царайтай, жаахан шантгар хамартай нэр үл мэдэх, үл таних ганц гозгор залуу тэдгээр аймшигт чононуудын арьсыг нь хамар дээр нь тохчихсон гаслуулан гангинуулсаар, цулбуураараа тас няс ороолгочихсон хөөгөөд ирнэ гэдэгт яг таг итгэцгээсэн нь харцанд нь илт, тэр ч бүү хэл суурингаасаа амьд үлдсэн ганц эр сүвтэн болох, өнөөх шөнө чонын амнаас амь зулбан гэртээ шургаж амжсан Дэлчгий хэмээх үнэхээр дэлчгэр нэг эрийг надад хань, бараа болгохоор томилж байна аа, бас. Ингээд би Дэлчгэрийгээ дагуулаад гарлаа даа, хөөрхий.
Ямар ч үед, халуун цус ууж мэнэрсэн чоныг улаан мөрөөр нь мөрдөж болдоггүй. Тэд ирсэн замаа юу юунаас илүү ямагт сэрэмжлэн нягталж, хэрвээ амарч хэвтэхээр бол замаа отож хэвтдэг юм. Мөрөөр нь, мөн үнэр, салхи хийгээд гулгидасаар нь явсан чигийг нь баримжаалан тогтоогоод алсуур амдан тосож агнадаг билээ. Чоно авлах эрдэмийг, уучлаарай эрдэм, энэ тэр гэж өөрийгөө өөд нь татлаа гэж хэн нэгэн надтай санал нийлэхгүй байж магад, гэвч үнэхээр чонын ав гэдэг бол нэг төрлийг эрдэм юм, хэн дуртай нь чаддаггүй, мэддэг ч үгүй, тийм нарийн нандин эрдэм, хүнээс авхаалж самбаа, эр зоригоос гадна маш нарийн гярхай ухаан, хянуур нямбай тооцоо, ажигч сортоолог чанар, тэсвэр тэвчээр, олон төрлийн эрдэм мэдлэг, ядахдаа салхи тааруулах, мөр ул унших, гол горхи, цас бороог таних, цаг хийгээд хол ойрын зайг яг таг баримжаалан тогтоох гээд олон эрдэм мэдлэг шаарддаг. Яагаад гэвэл чоно гэдэг өөрөө асар нарийн уран ухаантай, дээд хэмжээний хартай, дээр нь ямар ч адгуусан амьтанд байдаггүй авхаалж самбаа, эр зоригтой амьтан билээ. За, тэгээд чонын анчины хамгийн гол “эрдэм” бол сүр-хиймор. Чонын өөрийнх нь нэг ийм үг байдаг гэлцдэг шүү дээ. “Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагдана” гэж. Харин сүүлийн үеийн чонын авчид, нөгөөх Ерөнхий сайд байсан болдгор Ц.Элбэгдоржоос эхлээд л бүгдээрээ моторт хурдан унаа, хурдан бууны хүчээр, заримдаа ч нисдэг тэргээр чоно алдаг болчихсоноос тэрхүү чоно авлах эрдэм мэдлэг маань үнэндээ гадуурхагдан, өнөөх гээгдсэн суурингийнхан шиг л гээгдчихээд байгаа л даа.
Ингэхэд би тэрхүү чоно авлах эрдэмийг Чоно хочтой Бааваа гэдэг нутгийн хөгшнийг 2 жил хээр дагаж явж заалгасан юм. Бүгдийг нь сураагүй нь мэдээж, гэвч юутай ч чоно авлах бага ч гэсэн эрдэмтэй л үлдсэн. Би сайндаа, санаачлагатайдаа ч Чоно Бааваад шавилсан юм биш. Тэр бүхэн аавын маань санаа. Үүний учрыг заавал тодруулж гаргах хэрэгтэй санагдана.
Би багийн их эрх, айлын отгон л доо, аавынхаа 48, ээжийнхээ 44-н дээр гарсан, хэнз бяцхан, аймхай бүлтгэр үр нь байлаа. Аймхай гэж хэнтэй ч, юутай ч зүйрлэмгүй, гэгээ тасарсанаас хойш бол үеийн хүүхдүүд гадаа ишиг хурга хөөцөлдөн, үймэлдэн тоглож байхад аавынхаа, эсвэл ээжийнхээ хормойноос зүүгдэчихээд уйлагнаад салдаггүй, тооноор харагдах харанхуй тэнгэр өөд ч харж чаддаггүй байсансан. Манай эгч нар намайг айлгахад тун амархан, зүгээр л харанхуйлан харагдах авдарын хөндий юм уу, орны доогуур хуруугаараа зүглүүлэх төдийд л салганаж чичрээд, ухаан алдчихна. Шөнө бүр аймшигтай их хар дарж зүүдлэнэ, орилж бархираад унтдаггүй, аав маань байнга нэг өргөстэй харгана, тарнитай давс хоёрыг дэрэн дээрээ зүүлттэй байлгадагсан. Тэгээд байнгын өвчин зовлон ороогоостой, эмч домч залаастай. Тэр ч бүү хэл аав маань ширүүн дүртэй, улаан нүдтэй хүнийг гэртээ оруулдаггүй байсан юм. Тийм хүн харахаараа л би хэдэн өдрөөр бархирчихдаг, өвдчихдөг. Аавын маань багын найз, нэг гол усны Улаан Дэмчиг гэж хөгшин түүнээс болоод аавд маань гомдоод, тангараг тасарч байсан юм гэнэ лээ. Үеийн хүүхдүүд өдөржин гадаа тоглож, наадаж байхад, ганцаараа хонь малд явж, морь мал унаж байхад би гэрээс ч гарахаас айж, бас гэртээ ч ганцаараа үлдэж чадахгүй, хөөрхий муу ээж минь айл саахалтынхандаа зочилсон ч, аргал түлшинд явсан ч арван нас хүрсэн том тэнтгэр намайг байнга үүрч явдагсан. Нүүдэл, суудал хийх, явдал зам болоход надад тусгайлан ачаа хөсөг гаргаад аав маань хөтөлж, зөвхөн өглөөгүүр явдаг, гэхдээ их зам голж шилдэг. Тэгэхгүй бол нэг жаахан л харанхуй эрэг, гангатай газар, эсвэл хөдөөгийнхөний ярьдаг өнөөх гүйцтэй, энэ тэртэй гэгддэг газрын ойролцоогуур л гарах юм бол би орилж чарлаад сүйд болчихно. Би том болсон байсан учир өөрөө түүнээ одоо ч сайн санадаг юм. Тэгээд өвдөөд, хавдаад хэвтчихнэ. Манай нутгийнхан намайг нөгөө “тэдний өвчит, солиот” гэлцдэг, намайг эрүүл биш өвчтэй, солиотой гэж бодоцгоодог, харин аав маань л ганцаараа тэр бүхний эсрэг байсан байх. Сэтгэлийн ямар их тээр, тээгтэй явдаг байсан болдоо, хөөрхий муу аав минь. Мэдээж би сургуульд ороогүй л дээ.
Тийм л аймхай, хэврэг, эмзэг хүүхэд бүүр арван нас хүртлээ тэгэж явсан юм. За тэгээд, тэнгэрийн дуунаас бол сүнс гарчихна, олон ч удаа ухаан алдаж байсан. Тэгээд арван нас хүрсэн хойно аав намайг эр хүн болгохоор шийдэж... Тийм нялцгар, тийм арчаагүй аймхай үртэй аав маань нэг том шийдвэр, сонголт хийхэд хүрсэн байна. Аав маань Дайчин Хөх Тайжын үр хойчис болдог, өөрөө ч Байтаг богдод хасаг, гоминдануудтай цавчилдаж, Жанчхүүгийн даваанд Самуурай нартай нэгийгээ үзэж явсан, Цусан гавьяаны хошой одонтой, Улсын баатарт хүртэл нэр нь дэвшээд амжсан, нутаг орондоо эр зориг, эрэмгий чанараараа гайхагддаг, шагшигддаг хүн. Тийм атал удам залгах эр ганц үрийнх нь байж буй царай тэр. Нөгөөх Францын зохиолч Проспер Мариме-гийн нэг өгүүллэг байдаг даа. Корсик арлын Матью Палькон ч билүү нэг сүрхий анчин эр, голомт залгах ганц хүүгээ яг над шиг 10 настай байхад нь эр хүн шиг эр хүн болж чадахгүй нь гээд, ээжийг нь гаслуулан гангинуулж байгаад хээр аваачаад өөрийн гараар буудчихдаг даа. Маримегийн дуртгалыг уншиж байхад энэ өгүүллэгийг бодит түүхээс сэдэвлэж бичсэн гэсэн байсан. Аавд минь яг л нэг тиймэрхүү сонголт тулгарсан санагддаг юм, одоо бодож байхад. Тэгээд аав маань намайг маш хатуу чанга сорилтоор оруулсан юм. Хүү нь тэр сорилтыг давж чадвал жинхэнэ эр хүн болно, эс давбаас тэгээд галзуурч солиороод, эсвэл үхэж хатаад л дуусахаар.... Юуны өмнө аав надад гаанс тамхи бэлдэж өгөв. Гашуу оргиод эхлээд хэцүү байсан ч гуравхан өдрийн дараа под хийтэл нэрчихдэг болж сурсан. Дараа нь архи уулгав. Гэхдээ өдөр бүр... Хахац цацаад, уйлж майлаад хэцүү байсан ч гурван сарын дараа 50 граммыг бол нэг амьсгаагаар татчихдаг болсон.
Дараа нь надад калибр буу авч өгөөд, буу буудуулж сургав. Буун дуунаар л доороо нойтоглочихно. Эхлээд аав маань цөхөрсөн байх. Буу буудах нь бүү хэл буунаасаа айгаад ойртохгүй. Архи, тамхи энэ тэртэй элбэж байгаад сүүлдээ буудаж сурав. Аав надад өдөрт 50 сум/нэг хайрцаг/-аар буудахийг шаарддаг. Хавирганы яс, хар хэрээ, аргал, хоргол, зурам мөндөлнөөс эхлээд л харагдсан бүхнээ буудна. Нэг удаа хотны захад хэвтэж байсан үхрийн эвэр буудчихаад сүрхий сайн ташуурдуулж билээ. Аа, тийм, тэр цагаас эхлээд аав нэг гурамсан ташуур бэлдэж аваад, ямар нэг буруу, болохгүй юм болсон үед түүгээрээ намайг хайр найргүй, гурвуу гартал ороолгоно. Ээж нүдээ дараад бушуухан холддогсон.
11 настайд маань манай нутгийн хамгийн хэцүү, бартаатай төдийгүй гэгээн цагаан өдрөөр ч барагтай хүн айгаад ойртдоггүй чөтгөр шуламтай гэгддэг Хавчигийн Голомт нэртэй хойшоо харсан хадтай бургастай, чонотой, ирвэстэй харанхуй их хавцалын гүнд намайг аваачаад төөрүүлээд хаячихаж билээ. Гэхдээ буутай минь хамт, чүдэнз, гаанс тамхи, жаахан борц, цай чанах данх, хутга, бас ч болоогүй хар ваартай литр орчим нэрмэл архи үлдээсэн байгаа юм. Эхлээд аавыгаа дуудсаар хоолойгоо сөөлгөөд, дараа нь хавцалаас гардаг гарцыг нь олохгүй харанхуй хавцалд хоёр хоноод, гурав дахь хоног дээрээ арай гэж нэг гараад, өдөржин гүйсээр гэрийнхээ арын давааруу орж ирэхэд аав араас байдгаараа нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадаачихсан давхиж ирээд, буун харайн намайг тэврээд л эхэр татан татан ихээр уйлж билээ. Би аавыгаа өөрөөр нулимс гаргах нь бүү хэл уярч байхыг нь дахиж хараагүй. Тэгэж л би эр хүн болсон юм даа. Мэдээж хэрэг аав маань алсаас биеэ далдалчихаад нууцаар намайг дурангаар ажиглаж байсан байгаа юм. Тэрнээс хойш аав надтай яг л үеийн хүн шигээ харьцдаг болсон. Намайг дахиж ташуурдах нь бүү хэл нэг ч удаа ширүүн үг хэлээгүй. Хоёулаа Ар Цайдмын айлуудыг хэсч архидаад л..., авгай хүүхэн ярьсан шиг л явдагсан. Хүмүүс нөгөө “тэдний өвчит, солиот“ гэж ярьдагаа больчихоод “тэдний том толгойт, данхар” гэдэг болж билээ. Би ч хээр гадаа насанд хүрсэн эрээс ч илүүгээр ганцаараа тэнэчихдэг, адуу мал хөөчихдөг, архи уугаад бас хөөрхөн агсамначихдаг, гэртээ ирэхгүй 7 хоногоор ч тэнэчихдэг болсон. Аав маань насан туршидаа миний архины хамгийн сайн найз болсон юм. Би жаахан юм олдвол аавтайгаа хуваах гэдэг, аавд хүн жаахан юм өгвөл хүүд гээд талыг нь заавал үлдээдэг. Тэглээ гээд би архичин болсонгүй. Одоо бол ханасан, ер тоох ч үгүй. Хожим эхнэр авсаны дараа нөгөөх багын ариншингаараа гэрээс гарч хэдэн хоногоор гадуур архи дарс уугаад алга болчихно. Эхнэр аавд очоод ховлохоор харин аав намайг өмөөрөөд залуухан бэрээ тас хангинаад, уйлуулаад буцаачихна. Эр хүн архи, хүүхэн хоёрыг тойрч гардаггүй, дайрч гардаг юм гэж хэлдэг. Ингээд би 15 насанд хүрэхэд өнөөх аймхай бүлтгэр хүүхэд төрөл арилжсан юм шиг болж, архи уудаг, тамхи нэрдэг, чоно авладаг, эмнэг сургадаг, нутаг нугынханаа нүүлгэж суулгаж өгдөг, алдагдсан адуу малыг нь ойртуулж хурааж явдаг, үеийнхээ охидуудыг харамлаад цэргийн насны ах нартай ясаа хэмхэртэл нүдэлдчихдэг хэгжүүхэн, хэлбүүхэн банди болон өсч билээ. Аав маань намайг 14 настайд минь дагуулан тэрхүү Чоно Бааваад хэрэг болгон их говь гаталж зорьж очсон юм. 4 жилийн өмнөсөн бол би харангуутаа л ухаан алдаад уначихмаар час улаан нүдтэй, яриа хөөрөө муутай жижигхээн дэрчгэр хөх өвгөн байх. Гэвч тэр шавилхан дэрчгэр хөх өвгөн бол баруун гурван аймагтаа алдар цуугаа дуурсгасан чонын жинхэнэ эрлэг нь болсон хүн дээ. Түүнийг оцойж суугаад улихад дуу нь гурван голын цаана сонсогддог, өнөөх үхэх үйлтэй чононууд сүүлээ хавчаад л, хамраа шурд шурд татаад л шогшоод ирдэгсэн. Өөрөө ч яг чоно шиг. Хоёр өдөр, хоёр шөнө булгын хүйтэн ус залгилчихаад л юу ч болоогүй юм шиг исгэрээд шогшочихно. Тэгэхэд 70 гаруй настай байсан. Харин миний бол гэдэс тасарчих шахна. Нөгөөх Тунгалаг Тамир кинон дээр Цахиур Төмөрийг дагаад давхиж яваа Түгжил “Гэдэс тасарлаа” гээд орилж байдаг даа. Харин 14 настай би хичнээн хэцүү байсан ч, морин дээрээсээ ерхөгний толгой шүүрч зажилчихаад, тэгэж орилоогүй л явсан юм даа. Ямаа/Янгирыг манай нутгийнхан ингэж дууддаг юм/ буудчихаад амь нь тасраагүй тийчигнэж байхад гэдсийг нь хүү татаад, уур савссан халуун элгийг нь базаж гаргаж ирээд завжаараа тод улаан цусыг нь савируулан савируулан амтархан сордогсон. Надад заасан олон юмнаас нь сураагүй нэлээд зүйл үлдсэний нэг нь тэр. Чоно Бааваа хөгшинийг хоёр жил дагаж, 15 насандаа би бие даасан чонын анчин болчихсон байж билээ. Чоно Бааваа ч тээршаасан янзтай “Одоо, чи яв, яв” гэж билээ. Буу эзэмших эрдэмийг ч чамгүй сайн сурсан. Түүндээ эрдэж, эрэмшиж хулгана зурамнаас эхлээд хулан тахийг нь хүртэл мөн ч олон гэмгүй номхон амьтаны амийг сүйтгэсэн дээ, ум мани пад ми хум. Одоо бол би сохор хорхой ч алахгүй гэж өөртөө тангарагласан хүн. Гэхдээ энэ удаад бол онцгой тохиолдол болж байгааг эрх биш хэн нэгэн нь ойлгох байх аа.
Хэдийгээр би жирийн нэг анчиныг бодвол нэлээд бэлтгэгдсэн гайгүй сайн чонын анчин ч гэсэн одоо тэрхүү хүн барьдаг аймшиггүй, дээр нь чоно чононоос гаж том ХҮН-ЧОНО-оор толгойлуулсан сүрэг чонын авд айснаасаа болоод юу хийгээд, хаана яваагаа ч ойлгохоо байчихсан нэг гөлчгий хөгшинтэй хамт гарч байна даа. Бас хоёулаа нэг мориндоо сундлаастай.
Бид хоёр чононуудын мөрийг дагаад сууриангаас 3 км орчим явлаа. Тэгээд ер нь ойлгомжтой болов. Тэдгээр чононууд эргэж ирэхгүйгээр явжээ гэдэг нь үлдээсэн мөр, хаялагнаас нь тодорхой болов. Баруун өмнө зүгийг бариуд шулуухан явчихаж. Гэхдээ бас их хачин. Өмнө нь би мөн тийм зүйлтэй бас таарч байгаагүй. Яг жагсаалаараа яваа цэрэг шиг хоёр эгнээ болоод, нэгнийхээ мөр дээр яг гишгээд явчихсан байгаа юм. Сайн анзааргагүй хүнд бол ердөө хоёр чоно л зуузай холбоод шогшчихжээ гэмээр.... Гэхдээ хичнээн шулуухан явцгаасан ч гэсэн чоно л бол чоноос хойш ирсэн мөрөө заавал хянаж байгаа. Тийм болохоор тэднийг мөрдөөд хэрэггүй, харин амдах, амдахдаа нэлээд алсуур амдах хэрэгтэй. Гай болоход тэр орчины газар нутгийг би огтхон ч мэдэхгүй, хар таамгаар явахаас аргагүй. Нөгөөх Дэлчгий маань ер намайг хормойдоод л шогшихоос өөр ухаан байхгүй, яг л нөгөөх миний аймхай багийнх шиг. Ингээд газрын баримжааг багцаалан тооцоод нэгэн дэл хадтай урт хамрын араар тойрон амдахаар морио шавдуулав. Миний Сэгсээхий Халтар ч ийм үед л хэрэг болдог морь л доо. Зөөлөн сул хайргатай нарийн сайр даган давхиулсаар яваад нөгөө үзүүрт нь хүрч, морио орхиод, буугаа түлхэн дэл хамраар өнгийлөө. Ялимгүй л жаахан, 10 секуд л хоцорсхийсэн болохоос яг л зөв тооцоолж. Нөгөөх дэл хамартай параллел үргэлжлэх хөх дэнжийн хөмөг дагаад нөгөө хэд чинь шогшиж явна аа. Би тэднийг хараад гайхаагүйгээрээ гайхаж, чочоогүйгээрээ чочлоо. Эр хүн болсоноосоо хойш би тэгэж айж, чочиж үзээгүй юм. Арван чоно тав таваараа хоёр эгнээ болоод яг цэрэг шиг шогшиж явна. Харин тэр хоёр эгнээний дунд нөгөөх онцгой том чоно явна. Түүнийг би чоно уу, хүн үү гэдгийг ялгаж чадсангүй. Нэг харахад чоно шиг, нөгөө харахад хүн шиг. Тархи толгой нь бол ялимгүй жаахан ойлон л болохоос биш яг л хүний толгой. Их дэл зогдортой ч юм шиг, эсвэл нөгөөх манай яруу найрагчид шиг үс гэзгээ ургуулчихсан ойлон толгойтой нэгэн шиг. Чоно шиг урт шөвгөр хошуу алга. Гэхдээ жирийн хүнийхээс нэлээд том хүчирхэг эрүү түүшинтэй юм. Урд хоёр хөл нь газарт хүрээд ч байгаа юм уу, үгүй ч юм уу, сайн мэдэгдсэнгүй. Харин бүх биеэрээ ухаа хүрэн тачирхан халиурсан үстэй атлаа цээжиндээ ягаан элгэн цээживч маягын юм өмсчихөж. Тэр нь бүүр ардаа оноотойг нь яана. Харин сүүл гэхээр юм бараг байхгүй, гахайны сүүл шиг нэг жоохон годгор юм ар хондлой дээр нь гогцоорч байна. Өмнө нь мөр харахад яагаад энэ чонын мөр хоёр эгнээ чонын мөрний дунд гараагүй байсан юм бол гэдгийг ойлгосонгүй. За, юутай ч тэр бүгдийг харж, гайхаж хугацаа алдалгүйгээр хурдлах хэрэгтэй. Тэр томоос нь эхлээд л түүгээд буудчихья. Би бол угсраад 15 буудахад их сайндаа л 3 алддаг бууч хүн. Дахиад л 10 секунд алдвал тэд холдоод явцгаачихна.
Тэгээд би замгаа дараад шагайх гэтэл нөгөөх Дэлчгий чинь миний гарнаас зуураад авлаа.
Эрүү нь хагшчихсан, нүд нь аяганаасаа юу юугүй бүлтэрчих шахсан, намайг гуйсан аргадсан, энэрэл, хайр өршөөл хүссэн, бас үзэн ядсан харцаар тас ширтээстэй. Царай нь мэнчийж хөхрөөд, моорогт хонуулчихсан юм шиг болчихож. Би эхлээд гайхлаа. Дараа нь айх ч шиг, энэ дэлчгэр нөхөр чинь арай энэ хүн-чонотой ямар нэгэн сэжмээр холбоотой юм биш байгаа гэж....
Арай ч биш ээ. Тэгээд тэр зуурчихсан шүднийхээ завсараар сийгүүлэн байж ингэж хэлж байна. “Амь өршөө”, “Амь өршөө”
Үргэлжлэл бий.
Энэ дөнгөж эхлэл нь. Энэ зүүднийхээ төлөөсөнд өдөржин толгой янгинаж өнжлөө. Шөнө ер унтаж амарсан шинжгүй ээ.
#

4 comments:
Mash sonirholtoi bailaa. Urgeljleliig hezee tavih ve? Tesen yadan huleej baina.
Үнэхээр сонирхолтой юмаа. Нүдэнд харагдтал ярьдаг байна ш дээ. Яг энэ зүүдээр тань кино хийвэл ч ёстой янзтай кино болно доо.
Монгол ахуйг гаргасан Монгол маягийн "Van Helsing" жинхэнэ "Action" кино гарах байх даа? хэхэ
Нялцрайг сайн эр болгосон түүх их сонирхолтой байлаа.
Тххх
Үргэлжлэлээ тавиачээ 10 жил хүлээлээ
Post a Comment