Хөөрхий муу аав маань төрөөд... Хэзээ ямагт тос дааварлаж байдаг сэтгэлд тийм дотно царайн дээгүүр нь хөлс бөмбөрөөд л байх юм. Хэдэн муу буурал саарал ооч сахлынх нь үзүүрт хөлс бөнжигнөнө. Их л шаналж, зовж буй бололтой. Би ард нь зогсоод л нуруу, мөрийг нь барилж байх юм. Харанхуй гэрт, хаалгыг нь онгойлгосон зуухны галын гэрэлд, аав маань галын үүдэнд хөлөө байдгаар нь алцайгаад суучихсан, ёолоод л..., хэцүү юм аа, эргээд бодохоос л зүрх шимшрэмээр... Хэдэн хүмүүс байна. Тэд бүгдээрээ л сандарцгаагаад, аавыг маань төрүүлэх гэж дор бүрнээ л хичээж байх юм. Аав маань уг нь их гүжирмэг, зориг чангатай хүнсэн. Намайг 5 дугаар ангид байхад/1982 онд билүү дээ/ гараа хугалчихаад, нэг ч удаа ёо гэж хэлээгүй юм даа. Өөрийнх нь зээ болдог ах хүүд өөрөө зааварлаж хэлж өгч байгаад л хугархай гараа боолгож байсан юм. Тэр ах хүү айгаад, гар нь чичрээд, аав харин хангинаад л, ингэ тэг гээд, хөмсөг нь сүртэй нумарчихсан, нүүр царай нь нэг л эршүүд, зоримог байж билээ. Түүнийг нь хараад би аавыгаа гараа хугалчихлаа гэж айх айдас, зовох түгших маань жаал хөнгөрч байсан юм. Тэгэхэд бараг 60 хүрч байсан даа, хөөрхий муу аав минь. Тэгээд хөгшин хүний яс амар эдгэдэггүй гэдэг үнэн юм билээ. Бараг сар гаруй л шөнө унтдаггүй, гэр тойроод л бөжир бөжир алхаад хонодог байж дээ. Бага байсан болохоор тэр өдрүүдэд аав маань хэрхэн зовж байсныг нэг их мэдэлгүй өнгөрсөн байх юм. Аав маань ч нөгөө муу хугархай гар нь хэрхэн өвдөж зовоож байгааг бидэнд огтхон ч мэдэгдээгүй юм. Хожим тэр муу гар нь шал тахир эдгэрээд, тэгээд тэр муу гараараа доёолзуулаад юм хийж байгааг нь харахад өөрийн эрхгүй зүрх шимширдэг байж билээ.
Тэгэхэд нэг л өдөр аав маань гараа надаар бариулсан. Баахан оршоод байна, миний хүү ээ, жаахан бариад өг гэсэнсэн. Би хэр барьсанаа мэдэхгүй юм. Юутай ч нэг барьсан болсон. одоо бол өвчинийг нь гартал , өдөржин шөнөжин л барихсан даа. Даанчиг өнгөрсөн хойно бүхнийг ойлгох юм. Тэгээд надад тэр явдал гэнэт санагдаад би аавынхаа нөгөө муу тахир гарыг нь барилаа. Массаж хийгээд, илж таалаад, амьхандаа л нөгөө төрөхийн өвчинийг нь багасгах болов уу гэж... Аавд их хэцүү байгаа бололтой. Шилэн хүзүүнээс нь хүртэл хөлс бөнжирлөж байна. Тэгэж байгаад нэг юм төрлөө дөө. Би харж ч чадсангүй. Тэр доогуур эх барьж авч байгаа хүмүүс "За, ашгүй, нэг юм хоёр яс саллаа" гэцгээж байна. Би ч элэг дотор эмтэрээд, өмрөөд, хөөрхий муу аавыгаа өрөвдөөд, уйлчих гээд, дотор харанхуйлаад, гадаа гарч нэг сэгийхээс гээд, бушуухан асаж буй галыг тойроод гадагшаа гарахаар тэмүүллээ. Ард харин хүмүүсийн ярих нь тэр шинэ гарсан хүн нь амьдарч чадсангүй, амьгүй юм байна гэцгээх нь сонсогдоод, Ээ базарваань, эрэгтэй хүн төрөх чинь их хэцүү байдаг юм байна. Хөөрхий муу аав маань баахан ядруу царайтай зүүдэнд үзэгдэх чинь, өнөөдөр шинийн найман, бурханы оронд очоод бараг 4 жил болчихжээ. Аавынхаа араас нэг зул өргөхөөс.... Ум маани бадмий хум...
Saturday, February 24, 2007
Aaв төрөөд...
Posted by Зүүдний тэмдэглэл at 9:46 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
saihan bichje
Zuud ch hachin shuu. Saihan bichsen bn aa. Arja.
Аав тань хойд насандаа эмэгтэй хүн болж төрөхийг нь ч та харсан байж магадгүй...
Post a Comment