#

Monday, December 31, 2007

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртой хуучин оноо үдэх шив

Ландри хийх гэсэн чинь ландрийн машин ажилладаггүй, тэгээд одоо шинэ он дөхөж байхад яаж цэвэрлэгээгүй байхав дээ гээд гараар угаалаа. Баннандаа ус дүүргэчихээд, өөрөө дотор нь орчихоод л бөөн хөөс, уур манан болсон амьтан сууж байтал хаалга онгойгоод хүн ороод ирэх юм.

Хар хувцас, хар нүдний шилтэй нэг өндөр баки залуу ороод ирлээ, араас нь гэтэл Ерөнхийлөгч маань, бас Ерөнхий сайд тэгээд бас баахан хар шилтэй залуус ороод ирэх нь тэр. Уг нь би ч иймэрхүү юманд нэг их энэ тэрээ болоод байдаггүй, хэнэгүй тал нь хэтэрчихсэн товариш ч гэсэн бас сандарч байна аа. Энэ чинь аргагүй ч байх, Төрийн тэргүүнүүд ингээд гэрт гэнэтхэн ороод ирж байхад чинь барьц алддаг л юм байна. Сандрахдаа “Сайн явцгааж байна уу” гээд хөөстэй шал нойтон гараа сунгатал Ерөнхийлөгч нэг гараа өгөх гэснээ царай нь нэг хачин болоод гар барьсангүй, дээгүүр хараад цаашаа эргээд явчихлаа.

Харин Ерөнхий сайд маань мушилзаж ирээд л, хуучин оныхоо хир буртагийг угааж байна уу, сайн угаагаарай хө, бүгдээрээ хамжиж дэмжээд цэвэрлэнэ ээ хө, сайн цэвэрлэнэ дээ гээд гар бариад, бас зогссонгүй дал мөрөөр тэврээд ар нуруун дээр пэт пат хийтэл нь алгадаад авч байна. Хэ хэ бид ч бас нэгэнтээ ингэж тэврэлдэж л явсан улс, эр хүн шиг... гэхдээ Ерөнхийлөгчийн сэтгэл гонсгор байхаар нь бас сэтгэл жаахан тийм байсан ч Ерөнхий сайдынхаа тэр нөхөрсөг тэврэлт, хир буртагаа сайн угаагаарай гэсэн урам өгсөн үгэнд нь их урамшиж байна аа. Бас хажууд нь надтай хамт бараг 5-6 жил төрийн албанд зүтгэсэн буурал ах маань байж байх юм. Зүтгэнээ хө, ХЭЭН гээд тэр бас урам өгч байна. Хуучин оныг иймэрхүү сонинтой үдэх шив.

2007 оны Хамгийн сүүлчийн зүүд энэ болвой хөөрхий.

# # Read more! #

Saturday, December 29, 2007

Нэгэн үүр шөнийн агшинд тэвчих тэвчээрээ одоо насан туршийн тэвчээр болгон хувиргажээ

Шөнө дунд хэн нэгэн цонхыг маань тун ч түгшингүй тогшив. Бүх биеийг нь хулдсан цав цагаан нөмрөг нь асгарах бороонд шалба норсон тэр хүн ямар нэгэн юманд хөөгдөж, амь тэмцэж яваа мэт агдсан шинжтэй харагдсанд яаран цонхоо сөхлөө.
- Хэн бэ?
- Цаг боллоо. Хурдал... Хурдан гараад ир.
- Шөнө дунд байна ш тээ.
- Харин тийм. Цаг болчихоод байна. Удахгүй үүр цайна. Хурдал... хэмээн нэгэн амьсгаагаар давхцуулан шивнэв.
Тэр надад олон тайлбар хэлэхийг хүсэхгүй байна. Түүний байр байдал намайг ч сандаргачихав. Хам хум өмдөө өмсч, цамц курткээ шүүрч аваад цонхоор үсрэн буухад тэр аль хэдийнэ манай апартментийн арын паркин дээрх олон машинуудын дундуур сүлжээд бараа нь тасарч байлаа. Халуун хөгжлөөсөө боссон бие шөнө дундын хүйтэн бороонд цочирдон жихүүцсэн ч амь тэмцсэн тэрхүү цагаас нь хоцорчихгүйн эрхэнд түүний хойноос хар чадлаараа гүйв. Ойрхон байх төмөр замын дагуух ой руу орсон зөрөг замын төгсгөл дээр түүнийг гүйцлээ.
“Цаг боллоо” гэсэн цор ганцхан үг нь л хангалттай. Хаашаа, юуны тулд ингэж яарах учиртайг би огтхон ч төсөөлсөнгүй, харанхуй шөнөөр, царайгаа ч харуулаагүй энэ үл таних учир битүүлэг зүүд шиг хүнийг даган, хаашаа, юуны тулд тийнхүү харайж явах минь нэг бодоход үнэмшимгүй. Гэвч,.. намайг бас нэг тийм агдсан түгшсэн, шийдвэрлэх амин мөчийн өмнөх шиг тийм сэрэл бүрэн эзэмдсэн байх юм. Гагцхүү яарах хэрэгтэй гэдгийг ч би бүх сэрэл мэдрэмжээрээ мэдэж байна. Бусад нь тэр бороот шөнийн тэнгэрийн дорх харанхуй ойн гүндэх шиг л байна. Бид хоёр тэр харанхуй ойн дундуур хэсэг гүйв. Аль чигт хэр удаан гүйснээ би ер санахгүй байна. Гагцхүү тэр хүний цав цагаан нөмрөгөөр л баримжаа болгон, алдчихгүйг чармайн амь тэмцэн сөхчин бүдчин гүйлээ. Манайхаас холгүй байх тэр бяцхан зөрлөгт ой бол багахаан талбайг эзэлдэг, үе үе би түүгээр орой үдшийн сайхныг мэдрэн алхах дуртай билээ. Сайндаа 15 минут таваараа алхахад шувтарчихдаг тэр бяцхан ой маань харин энэ шөнө эцэс төгсгөлгүй балар хөвч болон хувираа юу даа.
Тэгсээр орой дээрээ ганц яндар цагаан модтой бяцхан нүцгэн довцог дээр гарч ирэв. Довцогын орой дээрх тэр мод салхины аясаар ихэд налан унах шахжээ. Нөгөөх цагаан нөмрөгт маань тэр модыг тэврэн сөхөрч суугаад ямар нэгэн тарни ч юм уу нэг юмыг одоо энэ хип хопчидийн үглэдэг шиг үглэн хашгирах юм. Үе үе цахилах цахилгааны гэрэлд тэр яндар модыг унагаахгүйн тулд том тросоор гадаслан уясан байх нь анзаарагдав. Цагаан нөмрөгт хэсэг үглэсний дараа босч нөгөөх гадасыг нь суга татан авлаа. Яг энэ агшинд цахилгаан мансхийж, тэнгэр нижигнэн, хөх гал өнөөх өгөр яндан модны мөчирсөөр гүйж байснаа тэр ган троссыг нь даган жирилзсээр цагаан нөмрөгтийг ч нэрвэв. Хнн. Довцогын орой бүхэлдээ хөх галд хучигдан, цагаан нөмрөгт маань юу юугүй бут үсрэн унах нь уу гэмээр тэр гал, цахилгаанд цохиулан татвагнан, хашгирлаа. Балмагдаж мэгдсэн минь багадсангүй. Гэвч бадарсан хөх гал номхорч, цагаан нөмрөгт маань өнөөх гадсыг яг л илд өгч буй мэт хоёр гардан надад өглөө. Би ч гардаад авчихав. Тохой хагас хэрийн цагаан царсан гадас байх юм. Тэгээд тэр хэлж байх юм.
- Чи энэ зөрөг замаар ороод цааш өөрөө явна.
- Би хаа хүртэл явах юм бэ?
- Тун удахгүй, чи жижиг чулуун гүүрэнд тулж очно. Тэр гүүрээр давмагц чи бүгдийг санах болно. Гагцхүү хугацаа алдаж болохгүй.
Тэгэж хэлчихээд тэр хүн жижигхэн хөх гал болоод нөгөөх гар дээр минь байгаа цагаан гадсанд шингэчихэв. Алмайрч болохгүй, би шамдан ухасхийж, нөгөөх зөрөг замаа олоод цааш гүйлээ. Гадсаа элгэндээ тэвэрчихсэн. Нээрээ тун удалгүй бяцхан чулуун гүүрэнд тулаад ирэв. Бороо татарч, тэр ч бүү хэл хэсэг бусаг үүлсийн завсараар шөнийн гүн хөх тэнгэрт одод хурцаар анивалзан харагдаж эхлэв. Бага зэрэг гэгээтэй болж, ойрын зайн юм үзэгдэхтэй ч болов. Би гүүрэн дээр гарлаа. Тиймээ, энэ гүүрийг би санаж байна, Хичнээн ч жил сарын өмнө юм бэ, би энэ гүүрээр нэгэнтээ явж байсан юм байна. Он цагийн уртад ч юм уу, эсвэл орчлонгийн элдэв шалдав үймээний тоосонд ч юм уу мартагдсан тэр дурсамж маань бага багаар сэргэн, би энэ гүүрний хаана, юу байгааг, бас би яах ёстойгоо бага багаар санаж эхлэв.
Тиймээ энэ гүүрээр гарсан дор баруун талд нь жижигхэн хонхор бий. Түүний баруун хойт буланд нэгэн нүхэн гэр бий. Энэ хонхор бол баруун хойшоо харсан долоон жалгын уулзвар болдог газар. Эрт цагт Хөх Энгэр нэртэй байсан гэдэг. Харин энэ газар аль аймгийн аль сумын нутаг байдгыг би ер санахгүй байна. Юутай ч энэ бол Монголд байдаг газар, америкт биш. Би тэгэхээр хэдхээн минутанд Америкаас Төв Азийн хаа нэгтэйд амжаад ирчихсэн бололтой юм. Би гүүрээр гарангуут баруун эргэж тэр хонхор луу орлоо. Америкад шөнө дунд өнгөрч байсан бол энд одоо их үд өнгөрөөд наран жаргахаар нэлээд духайжээ. Гэтэл тун санамсаргүй юм болов. Тэр хонхорт нэг Пургон машин, бас нэг Делика машин. Бөөрөн дээр нь ...ТВ гэсэн бичигтэй юм аа бас. Пургоных нь дээр нь антенн энэ тэр нь сэрийлдээд л... Бас хоёр гэр, хэдэн майхан байна. Гэрийн гадаа жижиг оврын мотор асааж, гэрэл гаргажээ. Бас аяны зуух тулж, хоёр хүн тэнд хоол хийж буй бололтой бөртөлзөж байна. Би ийм гэнэтийн зочидтой таарна чинээ огтхон ч санасангүй, алмайран гайхав. Тэгээд тэднийг тойрон нөгөөх баруун хойт буланд нь байгаа нүхэн гэрийн зүг сэмээрхэн алхтал, өнөөх галын дэргэд байсан хоёрын нэг нь намайг харав бололтой дуудаж байна. Очих уу, яах вэ, дуулаагүй хүн болоод тойроод гарчих уу, тэгвэл араас дуудаж, дагаж ирээд хамаг юмыг маань баллаад хаячихаж мэднэ. Юутай ч очиж уулзах хэрэгтэй. Тэд яагаад энд ингэж олноороо, хэрэг зориг болгон ирсэнийх нь учир ч надад бас их сонинтой. Тэгээд ч надад өнөөх агдаж яарахын хэрэггүй болсон, цаг хангалттай байгааг би харж байна. Үүр шөнийн үнэгэн харанхуй болтол дахиад хагас өдрийн хугацаа байгааг би харж байлаа.
Би тэдэн лүү очлоо. Өө, тэгтэл танил хүн байна. Хоюулаа. Нэг нь манай нэг өдөр тутмын ТВ-ийн орлогч дарга хийдэг өндөр алаг нүдтэй хүн, нөгөөх нь манайдаа л гайгүй зураглаач гэгддэг оператор залуу хоёр байна.
- Хүүе, чи бас хүрээд ирээ уу, Аль сониноос явж байна вэ? Хэ хэ, хэмээн өнөөх өндөр алаг нүдэн учиргүй хөхрөв.
- Эсвэл хувиараа сонирхож уу?
- За наашаа суу, цай уу хөө. Бид ч дэмий баахан чулуу хөөсөн улс л байна. Ганцаарааа явна уу, хэ хэ. Энэ ч ёстой зууны ХУУРАМБАА болж байна даа, хэ хэ, за 100-аа гарга, гарга, Хатан туулынхаа рашааныг санаж байна шүү, энэ эзгүй цөлд хатаж үхэх шахлаа хэмээн хөгжилтэй нь аргагүй инээлдэцгээнэ. Намайг бас өөрсдийгөө, бас өөр хэнийг ч юм бэ, их олон хүнийг шоолон хөхрөлдөж буй бололтой юм. Инээлдэх дуунаар майхны ам нээгдэж бас нэг зүс үзсэн нөхөр сэгсэр халимагтай толгойгоо цухуйлган нойрмог нүдээр намайг сонжингуй харсанаа буцаад орчихов.
Би тэднийг анхааралтай харав. Тэд тун удахгүй ямар нэгэн тун чухал үйл явдал болох гэж байгаа тухай ямар ч мэдрэмжгүй сууцгааж байна. Тэгээд тэд ингэж ярьцгаах юм.
Тэд энд ирээд нэг сар болж байгаа гэнэ. Маргааш буцах аж. Энэ хонхорт, энэ нүхэн гэрт ямар нэгэн чөтгөр ч юм уу, хий үзэгдэл байгаа тухай хэд хэдэн баримт бүхий материалыг орон нутгаас ч, бас судалгаа шинжилгээний багаас ч ирүүлсэн юм байна. Тэгээд түүнийг нь баталгаажуулж авахаар Монголын дөрвөн ТВ, 10 гаруй сониныхон, бас судалгааныхан, Шамбал нийгэмлэгийнхэн, Академийнхан, бас юу гэнэв нэг ийм юм судалдаг нэртэй хүрээлэнгийхэн гээд бараг 100-аад хүмүүс , бас элдэв долгион, энерги хэмждэг, мэдэрдэг багажуудаар зэвсэглэцгээгээд Улаанбаатараас ирцгээсэн юм байна. Тэдэн дотор нөгөөх мэргэлдэг, хардаг үздэг хүмүүс ч ирсэн юм байна. Гэвч тэд юу ч олж харсангүй, сүүлдээ цөхөрцгөөгөөд, баахан том онигоо боллоо гэцгээгээд, нөгөөх юун “Алтан цөгц”, шатаадаг “Өлзиймаа”, “Мөнхийн хөдөлгүүр”, Юун үзмэрч Дашцэрэн энэ тэр вэ, жинхэнэ том онигоо л энэ боллоо гэцгээгээд уурлах нь уурлацгааж, инээлдэх нь инээлдэцгээгээд ихэнх нь уван цуван буцацгаасан юм байна. Тэдний итгэлтэй нотолж буйгаар бол энэ хонхорт харагддагаас хар хад, хашгирдагаас хар хэрээ хоёроос өөр юу ч байхгүй, зүгээр л айсан хүмүүст аргал хөдөлдөгийн нэг адил үлгэр, дэмийрэл, төөрөгдөл.. аж.
Харин энэ хэд яагаад ч юм хоцорчихсон байж. Машин нь эвдэрсэн гэсэн үү, яасан. Тэгээд ийм юманд итгээд Улаанбаатараас 1200 км газар зориж ирсэн намайг бас шоолон баахан инээлдэцгээлээ.
- Би Улаанбаатараас ирээгүй ээ
- Хаанаас ирэв
- Америкаас
Тэд “Хо хо, хи хи” хэмээн улам чангаар хөхрөлдөв. Алдгийм байна. Хамгийн их хууртсан хүн нь чи боллоо доо. Чамайг шагнана аа гэнэ.
- Үгүй ээ, энд юм байгаа, юу гэдгийг нь би мэдэхгүй ч юм байгаа гэдгийг нь би мэдэж байна.
- Хи хи, хо хо, хү хү, ги ги, гү гү
Нөгөөх хоёр бүр инээдээ барьж чадахгүй нэг нь газраар өнгөрч мушгираад уначихав. Тэгээд өндийж миний царайг нэг хальт харчихаад л буцаад мушгираад уначих юм. Миний итгэлтэй байгаа царай төрхийг харах нь тэдэнд үнэхээр инээдтэй байгаа бололтой. Харин миний эгдүү хөдөлж байна. Тэдний ийм харалган, гэнэн бодлогогүй байгаад нь бүр уур ч хүрэх шиг...
- Үгүй ээ, энд юм байгаа. Энэ нүхэн гэрт... Одоо энэ шөнө л гарч ирэх учиртай, энэ үүр шөнийн өтгөн харанхуйгаар...
Намайг ингэж хэлэхээр нөгөөх орлогч дарга маань тэртэй тэргүй том нүдээ дүрлийлгэж духайж ирээд л харах юм. Тэгснээ тэсэлгүй тас тас хөхрөөд унах ажээ.
Тэдэнтэй тэгэж мангартаж байх нь үнээр утгагүй, тэднийг тэр хөгжүүн инээд, доогтой тохуутай баясгалан дунд нь орхиод харанхуй болтол би амрахаар Делика машины арын суудал дээр хөндлөн хэвтээд өгөв. Хэсэг зуурхан сайхан унтжээ. Зүүдэнд өнөөх цагаан нөмрөгт ирэв. Тэр хэлж байна. “Чи эцсийн мөчид огтхон ч ЯАРЧ БОЛОХГҮЙ. ТҮҮНИЙГ БҮРЭН ГАРЧ ИРТЭЛ НЬ, БИЕЖТЭЛ НЬ ХҮЛЭЭХ ЁСТОЙ” гэж хэлэв. Түүний царай төрх нь “Бөгжний эзэн” киноны сайн талын визард Кандольф шиг.. Төстэй юм. Намайг сэрэхэд гадаа тас харанхуй байв. Нөгөө нөхдүүдийг харвал галаа аль хэдийн унтрааж, гадаа нэг ч хүн алга, нам гүм, бүгд майхандаа унтацгааж буй бололтой. Сайн биз. Надад ер саад болохгүй. Би сэмхэн босч машинаас гараад хонхорын захаар жаахан явж, биеийн чилээг гаргав. Тэгээд нэгэнт Шөнө дунд эхэлж буй тул өнөөх баруун хойт талд байх нүхэн гэрийг чиглэлээ. Энэ гэр бол аль өнгөрсөн зууны 40-өөд онд Хасаг, Гоминдануудтай тэмцэж байх үед хилийн заставынханы барьсан нүхэн гэр юм. Харин гайхалтай нь тэр цагт баригдсан 13 нүхэн гэрээс ганц энэ гэр л бүрэн бүтэн 70 орчим жилийг үджээ. Хаалга нь элсэнд дарагсаныг эс тооцвол шүү дээ. Тийм учраас энэ гэрт тооноор нь орох болов. Гэрт халуун ч үгүй, хүйтэн ч үгүй, бас нихширмэл үнэргүй нь хэн нэгэн энд энэ он жилүүдэд толгой хорогдож байсан мэт...
Би одоо юу хийх вэ гэдгээ эргэцүүллээ. Би голомтынх нь баруун эвэргийг нь зүүн сугаараа дэрлээд хоймор өөд харж унтсан, эсвэл үхсэн дүр үзүүлэх хэрэгтэй. Шөнө дундаас тэр баруун хатавчнаас бага багаар хар утаа болон гарч ирнэ. Тэгсээр тэдгээр утаа өтгөрсөөр, үүрийн үнэгэн харанхуйгаар бүрэн биежсэн төрхтэй болтол нь би түүнийг үргээхгүйгээр тэвчээртэйеэ хүлээн учиртай. Тэгээд дараа нь...., дараа нь би түүнийг алах ёстой. Миний баруун гарт нөгөөх цагаан нөмрөгтийн өгсөн цагаан модон гадас бий. Түүгээр нэвт сүлбэх учиртай. Энэ бол 60 жилд ганцхан удаа тохиох тун ховор боломж гэдгийг би мэдэж байна. Харин тэр хэн юм бол гэдгийг би нөгөөх Цагаан нөмрөгтийг хэн гэдгийг мэдэхгүйтэй адил бас мэдэхгүй. Гэхдээ тэр бол хар хүчний харьяат гэдгийг би зөнгөөрөө мэдэж байгаа.
Хун цагаан байхад Хэрээ хар байдаг нь учиртай. Тэгэхээр тэр бол Хар хэрээний талынх гэдэг нь тодорхой.
Хэрвээ түүнийг энэ боломжийг ашиглан дарахгүй бол дараагийн 60 жилд ч бас түүний нөлөөлөл хүчтэй хэвээр байх болно. Энэ ирэх жаран бол их эргэлт болох ЖАРАН. Их шилжилтийн ЖАРАН. Шинэ аугаа их эрин үеийн босгийг, өнгийг тодорхойлж өгөх учиртай ЖАРАН. Тэгэхээр энэ жарныг хар сүүдрээс, хар энергиэс аль болох холтослох хэрэгтэй. Энэ бол хэн нэгний амийг аврах шиг асуудал биш аж. Энэ бол миний энэ насанд хийх учиртай үүрэг, надад ногдсон тэр ажил аж. Энэ тухай бодоод ирсэн чинь, одоохон өөрийнхөө гүйцэтгэх гэж буй үйлийнхээ хариуцлагыг мэдрээд эхэлсэн чинь би бүүр айж түгшиж орхив. Тэгэхээр энэ тухай бодохгүй байх хэрэгтэй. Зүгээр л нэг малын ядарсан хулгайчыг барих гэж байгаа мэт тайван байх хэрэгтэй. Сэтгэл санаагаа бат, тогтвортой байлгаж, аливаа нөлөөлөл, ховсод автахгүй байх учиртай.
Тэгээд би баруун гар мааньчөлөөтэй байхаар голомтын баруун эвэргийг зүүн талаараа налаад хэвтлээ. Баруун гартаа өнөөх цагаан модон гадсыг тас атгаастай. Түүнээ элгэндээ нууж, үзүүрийг нь зүүн сугандаа хавчуулаад хэвтэв.
Гэтэл удсан ч үгүй ард юм шуухтинах, хүн амьсгаадах шиг чимээ сонсогдов. Тэр тийм эрт ирж эхлэх байсан юм болов уу. Цаг эрт байна даа. Гэтэл гэрийн үүдний шороон шалан дээр ямар нэгэн жинтэй юмаар дарж буй чимээ шажигнаж сонсогдоод, тэр чимээ надад улам бүр ойртоод ирэв. Хамаг сэрэл мэдрэмж маань хөвчрөн чангарчээ. Тэр тийм эрт ирэх учиргүйсэн. Эсвэл ирж байгаагаа ингэж мэдрүүлж байгаа юм болов уу. Юутай ч үүрийн өтгөн харанхуй болтол юу ч болж байсан тэсэх хэрэгтэй. Гэтэл ард нөгөөх чимээ үргэлжлэн гарсаар. Бүр хүн шуухитнах ч шиг... Тэр бол жингүй байх учиртай. Ирсэн ч шороон шалан дээр даралт өгч буй чимээ гарах учиргүй. Тэгэхээр энд өөр юм байна уу. Гэтэл нуруунд ямар нэгэн юм хүрэв. Дотор зарс хийж, ар нуруугаар юм жирэлзэн гүйх шиг... Энэ чинь юу билээ. Нөгөөх гэтэл бүүр таван хуруугаар нурууг маань тэмтэрч байна аа. Хондлойноос дээш нь алгуурхан ирвэгнүүлэн зурж өгссөөр... Тэр хүрээд ирсэн гэж үү. Цагаа бид буруу тооцоолсон байсан юм болов уу. Ийм юм болох учиргүй. Тэр ирэх болоогүй. Хэрвээ түүнийг ирвэл гарт минь, өвөрт минь байгаа тэр цагаан модон гадас маань ирээр нь үл мэдэг хөх туяа гүйсэн хоёр ирт ЮЛД болох учиртай. Гэвч... одоо болтол модон гадас маань гадас хэвээр... би юу болоод байгааг ер ойлгож чадахгүй болчихов. Энд өөр хэн нэгэн байгаа юм болов уу. Эсвэл... энэ ТВ энэ тэр гэсэн хэрэгт дуртай хүмүүсийн нөгөө яриад байсан ямар нэгэн юм нь миний мэдэх тэр хар юмнаас өөр юм байсан юм болов уу. Бөөн бөөн таамаг...
Өнөөх 5 хуруу ар нуруугаар минь ирвэгнүүлэн маажсаар.. Тэгсэнээ толгой дээр минь гараатхав. Намайг таг хөдөлгөөнгүй байгаад байхаар тэр юм болов уу, толгой руу маань, нуруу руу, бүүр суга, сүвээ руу маань чичиж үзэж байна. Гэтэл баруун гарын маань алганд жирвэгнэх нь мэдрэгдээд, аньсагаа нээн харвал тэр гадас үл ялиг хөх туяа татаад эхэллээ. Аанхан, тэр иржээ. Тэр ирсэн байна. Гэхдээ би түүнийг яг ингэж бодит хүн шиг ирж, ууц нуруугаар минь массаж хийж өгнө чинээ санасангүй. Нөгөөх чинь бүүр давраад үснээс маань нэг хоёроор час час хийтэл нь сугалж байна. Даажигнаж байна аа, гайхал чинь, гэхдээ гайхмаар юм... Тэр бүрэн биеэ олох цаг нь болоогүй. Тийм цаг хугацаа болоогүй байтал яагаад ингээд үс зулгаах хэмжээнд хүртлээ биежээ вэ. Намайг шалгаж, сорьж байгаам болов уу, намайг ховсдож, эрт хөдөлгөж, энэ 60 жилд хураасан хамаг энергийг минь хоосон шороон дээр асгуулах гэж ингэж аяглаж байгаа юм болов уу. Тийм бол тэсэх хэрэгтэй. Тэр хэдий чинээ биежинэ, тэр хэмжээгээрээ миний цохилтыг хүнд хүртэх болно. Хар утаан биетэй байгаа үед нь түрүүлж хөдөлж болохгүй. Тэр биежтэлээ, бүрэн биежтэлээ надад халдаж чадах учиргүй.
Би ганцхан гадсаа л харсаар. Тэр хэзээ хоёр ирт ЮЛД болсон цагт... гэхдээ үүрийн үнэгэн харанхуй болтол даруй хагас цаг орчимын хугацаа байх учиртай. Эсвэл би цагийн баримжаа алдчихав уу. Өнөөх чинь гэтэл бүүр байчихаад ууц руу маань пит хийтэл өшиглөөд авч байна аа. Уухирдан амьсгаадаж, хоолойгоо хяхнуулан муухай дуугаргаж байна аа. Гадсаа харвал тэр маань хувирч байна. Тиймээ тэр иржээ. Гэхдээ эрт иржээ. Элгэнд минь сайн бүтэн хагас тохой хирийн ирээр нь хөх очиж гүйлдсэн ЮЛД, очир алмаазан атгасан мэт... баруун гартаа хамаг чадлаа төвлөрүүлэн хураав. Ганцхан агшинд л эргэж дүрэх учиртай. Гэхдээ зүүн суган доогуураа. Зүүн тохойгоороо хүчтэй тулан өндиймөгц ийнхүү ард минь түрүүнээс хойш аяглаж буй ТҮҮНИЙ хүйс рүү цөм дүрэх хэрэгтэй. Алдахгүй дүрэх хэрэгтэй. Хутганы маань хөх галд түүнийг хоромхон зуур олж хараад л дүрэх хэрэгтэй. Би бүх биеэ хураан, эцсийн мөчид хамаг хүчээ шавхан ухасхийв. Яг эргэх агшинд хутганы маань хөх галд нэг биш хоёр дүрс харагдлаа. Надад алийг нь гэж сонгох боломж ч байсангүй, шууд л баруун хатавчнаас сугаран ядаж буй хар утаан дүрсийг чиглүүлэн хамаг хүчээрээ хатгачихав. Тэр хар утаан дүрс нэгэнтээ татвас хийснээ таран алга болсонгүй харин аажмаар тэр баруун хатавч руугаа сорогдоод орчихов.
Дараагийн агшинд би гараа татаад өнөөхийн зүүн талд нь байсан хоёр дахь дүрс рүү улайран дайрлаа. Гэтэл юу болсон гээч... Гэнэт тэр хүний хоолойгоор, гэхдээ бүүр нэрээр минь дуудаад гэрийн зүүгээр тойрон зугтдаг байгаа. Бүүр гартаа гар чийдэн асаагаад.... түй... амьдралдаа хараал хэлж үзээгүй юмсан. Бачимдаж бухимдсандаа би юу ч гээд хашгирчихав. Эргээд өнөөх баруун хатавч руу дайртал хар утааны сүүлчийн хэсэг сорогдоод орж байлаа. Уур бухимдалдаа галзуурах шахсан би өнөөх гартаа гар чийдэн савчуулсан эрхэм рүү модон гадсаа бариад дахин ухасхийв. Энэ хооронд Хөх очист ЮЛД маань буцаад модон гадас болчихож. Тэр хүн нэрээр минь бачимдан хашгирч,
- Хүүе, ...., ...., миний хүү, миний хүү, ах нь байна, ах нь байна. Буяаа/нэрийг нь өөрчлөв/ ах нь байна. Тайвшир, тайвшир. Ах байна хэмээн зогсолтгүй мэгдэн хашгирна.
Би түүнийг гараас нь гар чийдэнг нь шувт татан авч, заамдан татаж ирээд нүүр өөд нь тулган харвал, хнн. Өнөөх ТВ-ийн орлогч дарга ах хүү.
- Чи ахыгаа алах шахлаа ш тээ, Ёо, ёо, чиний хутга чинь яг л хавирганы хажуугаар гарлаа. Ёо, ёо. Миний хүү, миний хүү, тайвшир, тайв...шир ... Буяаа ах нь байна. Ах нь байна. Ёо ёо, ёо ёо...
- Үхсэнийх нь ёо ёо.. Чи ямар гай болсоноо ойлгодог ч болоосой.
- Ахыгаа уучил, ахыгаа уучил... Ах нь зүгээр л чамайг жаахан айлгах л гэсэн юм. Чамайг ингэж улайрчихна гэж бодсонгүй. Чи яг ахыгаа нэвт бүлэх шахлаа ш тээ, ёо ёо. Зүрх салгалчихлаа.
- Үхсэний чинь зүрх салгалах. Чи юу хийчихсэнээ ойлгож байна уу....
- Ойлгож байна, ойлгож байна. Ах нь зүгээр л жаахан саваагүйтэх гэсэн юм. Чамайг наашаа орж ирэхийг чинь мэдчихээд л, түрүүлж орж ирчихээд чамаар жаахан тоглох гэсэн юм. Ёо ёо. Хүний аминд хүрэх шахлаа шүү, ёо ёо...
- Элэнцэгний чинь хүний аминд хүрэх. Бүхэл бүтэн ЖАРНЫ аминд хүрчихээд...
Ёстой жинхэнээсээ ёолох хүн чинь би л байлаа. Би ингэж бачуурч, ингэж харуусаж байсангүй. Тэр дарга эрхэмийн зүгээр л нэг гэнэн тэнэглэл нь ямар их гай удав аа. Бидэнд дахиад ийм боломж хэзээ ирэх юм бол. Би нөгөөх Цагаан нөмрөгтийн түгшсэн, санаа зовнисон байдал төрхийг эрхгүй санав. Тэгээд би голомтон дээр суугаад тэсгэлгүй енгэнэтэл уйлав. Буяаа ах маань харин миний мөрөөр тэврээд намайг аргадаж, бас тарнидаж байна. Тэр намайг хэт их айсандаа, паникт гүн орсондоо ингэж аашилж аялаж байна гэж бодож байна. Ахыгаа уучлаарай л гэнэ.
- Би ч яахав таныг уучлахад амархан. Харин та бид хоёрын тарьсан энэ хэргийг ирж буй цаг үе маань л уучилж чадахгүй байх даа гэдгээс би их айж байна гэж хэлмээр... Гэвч би хэлсэнгүй. Тэртээ тэргүй ойлгохгүйгээс хойш. Харин ч олон юм ярих бүр тэр намайг солиороод эхэллээ гэж бодох болно. Одоо би энэ модон гадасны дараагийн эзэн болж чадах тийм нэгэн хүнийг энэ жарны туршид эрж хайх, цөхрөлтгүй эрж хайх, зүгээр нэг эрж хайх төдий биш эрж олох ёстойгоо л маш сайн ойлгож, яс махаараа мэдэрч, зүрх сэтгэл шаналан шархиран хүлээж авч байна. Нэгэн үүр шөнийн агшинд тэвчих тэвчээрээ одоо насан туршийн тэвчээр болгон хувиргажээ. Миний үйл, бас миний үүрэг тэр юмсанжээ.
Тэгээд л бослоо. Цонхны цаана бороо үргэлжлэн орсоор... Хааяа салхи хөдлөхөд борооны том том дуслууд цонх шавхуурдах нь өнөөх шөнө дунд намайг сэрээсэн Цагаан нөмрөгтийн бачимдуу тогшилтийг санагдуулна. Тэр дахиж ирэхгүй. Тэр үүргээ гүйцэтгэсэн. Харин би хэн нэгний зүүдэнд хэзээ нэгэн цагт яг тийм Цагаан нөмрөгт болон очих болно гэдгээ сайн мэднэ. Манай апартментын арын машины паркины гэрэл өвлийн дунд сарын бороонд савчин анивчина. Үүр цайх дөхжээ.
/Долоо хоногийн өмнө 12 сарын २२-ны шөнийн зүүд/

# # Read more! #

Thursday, December 13, 2007

Зvvдээ манаж, зєн совингоо мэдэрье

/Зүүдний талаар нам засгийн маань "Үнэн" сонин дээр ийм нэгэн боломжийн нийтлэл гарчээ/

Єглєє сэрээд урьд шєнє юу зvvдэлснээ эргэн санах гэж хvн бvр оролддог. Заримынх нь зvvд тод байдаг бол зарим нь огт санахгvй байх тохиолдол ч бий. Зvvд нь хvнд баяр жаргал, зовлон шаналал авчирдаг. Yvний учрыг тайлж сайхан зvvдээ биелvvлэхийг хvн бvр хvсдэг. Тэгэхээр зvvд гэж чухам юу байж болох вэ?

Зvvд Таныг болзошгvй аюулаас хамгаалдаг
Од эрхсийн хєдєлгєєнєєс тухайн хvний амьдралд байнгын єєрчлєлтvvдийг авчир¬даг талаар олон арван жилийн турш эрдэмтэд судалсаар ирсэн. Аливаа зvйлийн vр дагаврыг хvний тархи эхлэн уусган авч тvvний нєлєєгєєр бий болох нєхцєлийг нэлээд ємнє нь мэдэрдэг аж. Тиймээс зvvд нь хvнд хэрэгтэй зvйлээ урьдчилан харах гол хэрэглvvр болдог. Хvний унтаж байх vед тархи биеийг бvхэлд нь хянаж, єдєр нь болсон явдлыг тунгаан боловсруулж, алс холоос илгээсэн дохиог хvлээн авдаг байна. Тvvнчлэн ямар эрхтэн євдєх, шинэ сонин нээлт хийх, хамаатан садан, найз нєхдийнхєє амьдралыг тєсєєлєн зvvдэлж мэдэрдэг ажээ. Зvvд тухайн хvнд тохиолдох аюул осол, гай тотгорыг урьдчилан харж мэдэрч байдгаараа ач тустай vйл явц.

Зvvдийг урьдчилан тєлєвлєж, ямар хувь заяа угтаж байна вэ гэдгийг мэдэх гэж оролдож болдоггvй. Хэрвээ “Би vvнийг л зvvдлэх ёстой. Єнєє шєнє л зvvдэндээ ирээдvйн ханиа харъя” гэх зэргээр хvчилбэл сєрєг vр дагаварт хvргэдэг байна. Ингэснээр зvvд тєєрдєг. Хvн сэтгэл санаа тавгvй, стресст орсон vед уураг тархи хэт ачаалалд орж сэтгэхvйд нєлєєлдєг. Yvнтэй адил ямар нэг зvйлийг зvvдлэх гэж хvчилбэл тархины хэвийн vйл ажиллагаа алдагддаг аж.

Єнгєтєєр зvvдэлж болдог
Хvн тухайн орчинд ямар байрлалтай унтаж байгаагаас хамааран зvvдний сэдэв єєр єєр байдаг ажээ. Тайван орчинд цагаан цайвар єнгийн ор дэрний хэрэгсэл хэрэглэж, гэрэл гэгээтэй унтаж буй тохиолдолд ихэвчлэн сэтгэл хєдєлгєсєн, мєрєєдєл биелсэн зvvд зvvдэлдэг гэнэ. Энэ vед зvvдний vйл явдал илvv тод, тєрєл бvрийн єнгєтэйгєєр харагддаг байна. Харин тайван бус харанхуйд хажуу тийшээ, эсвэл доошоо харж унтсан тохиолдолд хар, цагаанаар зvvдэлнэ. Єнгєрсєн амьдрал, аюул ослыг зєгнєсєн vйл явцыг илvv зvvдэлдэг гэнэ. Мєн агаарын урсгал чєлєєтэй нэвтэрсэн орчинд болон гадаа унтах тохиолдолд зvvдээ vргэлжлvvлэн зvvдэлж болдог байна.

Далд зvvдийг ил гаргах арга
Хэн ч бусдын зvvдийг тааж мэддэггvй, тайлж чаддаггvй болохоор зvvд нь далд vзэгдэл юм. Харин тэр далд vзэгдлийг ил гаргаж болдог. Ямар ч гэрлийг ойлгох чадвартай толины гадаргуу энэ vед тусалдаг байна. Хvний тархинд бий болсон сэтгэцийн єєрчлєлтvvдийн vед толины тусламжтайгаар гадагшлуулж, ил гаргаж болдог байна. Хэн нэгэн хvн бусдыг унтаж байхад цээжин дээр нь толь тавьж ямар нэгэн зvйл асууж зvvдийг нь яриулах гэж оролддог нь ийм учиртай ажээ.

Ижил зvvд гэж байдаггvй
Хvн бvр ямар нэгэн тєсєєлєлтэй, дохио тэмдэгтэй зvvд зvvдэлдэг. Тиймээс ижил зvvд гэж байхгvй. Орой унтахдаа хоёр хvн нэг сэдвээр ярилцлаа гэхэд шєнє нь єєр єєрийн тєсєєлєл, зураглалаар бодлоо vргэлжлvvлэн зvvдэлдэг. Хvмvvс заримдаа хаа нэг газар учрал, уулзалт тохиолдоход би энэ хvнийг хаана харлаа, энэ газар урьд нь ирж байсан юм байна гэж гайхдаг. Гэтэл vvнийг зvvдэндээ урьдчилан харж, тэр газартаа зvvдээрээ дамжин хэдийнэ аял¬чихсан байдаг нь гайхалтай, тайлагдашгvй нууц юм.

Суу билэгтнvvд шинэ санаа, нээлтээ зvvднээс шvvрдэг
Агуу их зєгнєгч Нострадамусын зєгнєж хэлсэн бvхний ихэнх нь зvvдний тайлал байсан тухай бичиж, ярьцгаадаг. Дэлхийн II дайн, байгалийн гай гамшиг, сvйрлийг урьдчилан тааж хэлэхэд, зєгнєн мэдэхэд зvvд л тусалсан гэдэг. Химийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Менделеев гайхамшигт vелэх системийнхээ заримыг зvvдэндээ анхлан харж, нээлтээ хийсэн бол суу билэгт эрдэмтэн А.Эйнштэйн алдарт харьцангуйн онолын гол санаагаа зvvдэндээ харсан гэж єєрєє хэлсэн байдаг. Мєн М.Ломоносов зvvдэндээ эцгийнхээ сvйрсэн хєлєг онгоц байгаа газрыг харжээ. Тэгээд тэр арал дээр очтол сvйрсэн онгоцны vлдэгдэлд эцгийнх нь цогцос байсан гэдэг. Энэ мэтчилэн олон жишээг дурдаж болно. Зvvд зєвхєн зєгнєєд зогсохгvй шинэ санаа, нээлтvvдийг хэлж єгдєг байна.

Хамгийн барьцгvй зvvд
Зvvдэнд барьц, гарц гэж байдаггvй. Хаанаас нь харах, хаана очихыг хэн ч мэддэггvй. Морийг гахайн хоншоортой, хvнийг далавчтай болгож чаддаг цорын ганц шидтэн нь зvvд. Хvн зvvдэндээ юуг ч харж, яаж ч явж мэднэ. Ямар нэгэн дvрсийн хоосон эвлvvлэг ч гэж хэлж болох талтай. Тиймээс бид зvvд зэрэглээ гэж ихэвчлэн хэлж ярьдаг. Та зvvдийг барьж vзэх гэж, зvvдэндээ харсан тєгс хvнийг олох гэж, зvvдний гvнд vзэгдсэн диваажингийн хотхонд зочлох гэвэл мєрєєдєл л байх болно.

Зvvдний засал, дом
Монголчууд зvvдний учрыг эртнээс тайлж, арга засал, домыг хийсээр ирсэн. Дэлхийн соёл иргэншилт бvх хvн єєр єєрийн ёс заншил, арга ухааны хvчээр зvvдийг тайлан тайлбарладаг. Харин манайд эртнээс уламжлагдан ирсэн зvvдний засал, дом олон янз байдаг. Зvvд бvр єєр єєрийн тайлалтай, єєр єєрийн гэсэн арга засалтай ажээ. Ихэвчлэн муу зvvд сайн vйлсийг бэлгэдэж, сайн явдлын зvvд муу ёрыг зєгнєдєг гэдэг. Жишээ нь, хvний цус зvvдлэхэд баяждаг бол хурим найр зvvдлэхэд євчин ороох гэх мэт. Сайн зvvдээ манаж хонохын тулд орой унтахдаа дэрэн доороо мєлгєр чулуу хийж, шvтэж явдаг зvйлээ бодож ойрхон байлгах хэрэгтэй гэнэ. Харин муу ёр зєгнєсєн зvvдийг єєрєєсєє зайлуулахын тулд єглєє сэрээд сэтгэл ариусгасан тарни унших, модны зомгол авч хоёр хуваан баруун, зvvн тийш хаях мэт єєрийн сэтгэлд нийцсэн арга заслыг хийдэг байна. Шєнє дунд зvvдэлсэн зvvд ихэвчлэн тєєрч, будилдаг тул vvрээр зvvдэлсэн зvvд vнэн бодитой, биелэх магадлал ихтэй байдаг гэнэ.

Ш.ОЮУТАН

Мэдээллийн эх сурвалж: Үнэн сонин

# # Read more! #

Saturday, December 8, 2007

Хэ хэ, дуучин Ариунааг зүүдлээд.. ээ

Хэ хэ, дуучин Ариунааг зүүдлээд.. ёстой алдгийм байна. Тас хар испани хувцастай, Эрэмгий ч, нүүрэмгий ч, эрүүн дээрээс татаж ирж байгаад л..... За за, будаг битгий нялаад бай, цаад дуугаа дуулаач ээ гэсэн чинь
“Ятга минь чи дуугаа аяд
Яруухан дуугаан би дуулчихсаан...
Ятга минь чи цаашаа бол
Янагын дуугаа ч би дуулчихсаан.. ”
Гээд л ёстой нэг цангинуулж, хадааж өгдөг юм. Чихэн дээр тэр нь жингэнэж, цуурайтаад..., тэгсэн гар утасны сэрүүлэг байдаг байгаа. Заримдаа утасны сэрүүлэг дуучны хоолой шиг болдгиймуу, эсвэл дуучны хоолой заримдаа сэрүүлэг шиг болчихдог ч юм уу, хэ хэ мэдэхгүй ээ.

# # Read more! #

Sunday, December 2, 2007

Өөрийнхөө шарилыг эргэлээ

Тэнгэр нураад дарчихсан мэт гэж ярьдаг даа. Ер нь юу юугүй тэнгэр нурчихмаар мэт харанхуйлсан, эл хуль атлаа бүгчимдсэн, Антей шиг эрч хүч зүрхэнд минь байсансан бол энэ нүүгэлтсэн харанхуйг, харанхуйлан бууж ирэх тэнгэрийг нэг сайн мөрлөж сэгсэрмээр ч шиг... Хааяа нэг цахилгаан гялсхийхээр баримжаалан тэр харанхуйн дундуур тэнүүчилж, юуг ч юм эрж хайж хичнээн явав даа. Яваад л, яваад л байх юм. Хичнээн удсаныг бүү мэд, явсаар нэгэн бяцхан чулуун хөшөөнд тулж зогсов. Тэр хөшөөг хайж явсан бололтой. Чулуун хөшөөний өмнө сөхөрч суулаа. Он жилүүдийн тоосонд нэвсийтлээ дарагдсан байх юм. Салхи ч үгүй, бороо ч үгүй тийм ертөнцөд байна. Юу ч бодогдохгүй, юу ч санагдахгүй, юуг ч мэдрэхгүй.... Бас хичнээн ч удав. Эцэст нь бие хөшиж..,

Хөшсөн гараа алгуурхан өргөж,

Хүйтэн хавтанд аяархан хүргэв.

Тоос шороог нь арилган байж

Тодхон сийлсэн үсгийг нь гаргав.

Өмлөж цохисон тэр үсгүүдээр

Өөрийн минь нэрийг бичсэн байх юм।

Сэтгэл зүрх шаналах ч үгүй, шархирах ч үгүй, баясал хөөрийн өчүүхэн ч оч үгүй, тэр харанхуйн цаадах шиг юу ч үгүй хов хоосон, тэр аглагт шиг эл хуль, нээрээ нэгмөсөн амарч тайвширчээ।

# # Read more! #

Thursday, November 22, 2007

Элегия - 4

Хөх тогоруудын цуваа ганганасаар одлоо, юунд тэр вэ амраг минь?
Хөхөмдөг униарт алсаас ямархан хүчин дуудна вэ?

Хором хоромд нулимс бөмбөрөөд чиний явсан зүг харж ч үл чаднам...
Хойноос чинь харуусал гэмшилээ юүлэвч, ... энэ юуны нэмэр вэ?

Уй гашууг хүсэгч гэж хаа ч үгүй, бүгд л хүслэн минь бүтэг хэмээн залбирнам...
Угтаа тийм бол бидний хагацалыг хэн мэдэж шийднэ вэ?

Далдын шидэт тарнийн үгсийг уруул хөдөлгөн шивэгнээч амраг минь...
Дахин учрахын хоромд л аз жаргалаа даатгая бидэн...

Дуулаад суусан ч, уйлаад энэлсэн ч аанай л чихнээ хангинасаар байх
Дуусашгүй энэ л аялгууг тогоруудын араас аялая даа...

# # Read more! #

Saturday, November 17, 2007

Зүүдний шүлгээс...

Гэгээн өдрүүд минь дуугаа дахин дуул аа
Гэнэ гэнэхэн шүүрс алдан байж сонсое, бидэн

Хар дарсан зүүдэн маналзсаар л замхархад
Хажууд минь чи урьдынх шигээ л сууж байх юм

Бүрий үдшийн гэгээнд торолзсоор, чи минь
Бүүр алсад шингэчих шиг болсон, хаашаа тэр вэ?

Нээрээ энэ чинь зүүд байжээ
Нэг их удаан зүүдлээд сэржээ би

Хажууд минь чи урьдынх шиг ээ л сууж байх юм
Хаачаад ирэв дээ гэж би чамаас ер асуухгүй...

Гэгээн өдрүүд минь дуугаа дахин дуулаа
Гэнэ гэнэхэн шүүрс алдан байж бидэн хамтдаа сонсое

# # Read more! #

Tuesday, November 13, 2007

Монгол руу ярьж нэг сураг гаргахаас...


Ойрд дандаа л өнгөрсөн цаг үед уулзаж, учирч явсан найз нөхдөөсөө зүүдлээд байх чинь. Дотор сэтгэл маань жаал ганцаардаж, гансараад байгаа ч юм болов уу, эсвэл...

... Говийн жавартай өвлийн үдшийн тэнгэрийн хаяа ямар харагддаг гээч... Жавар тас няс хийж, сормуус цантан, хацар чимчигнэх тэр цагаар тэр тэнгэрийн хаяанаас эрч хүч амтагдаж, гоо сайхан анхилдаг...

Тийм нэгэн үдшээр, жаргаж байгаа нарны сүүлчийн туяа жавар ойлгож, хүүрэг санжуулсан хүлэмжийн төмөр хананаас салж ядан байх үест үстэй малгайгаа ар шилэн дээрээ шидчихсэн, ид зургаан сарын наран доор яваа мэт сэнгэнэтэл исгэрчихсэн явж байх юм, ТЭР. Тийм л хүн л дээ. Түүнтэй хөдөөгийн нэгэн буйд суманд Эвлэлийн хорооны дарга хийж байхад нь анх танилцаж нөхөрлөж билээ. 80-аад оны сүүлч шиг билээ. Сумын клубын зааланд сардаа ганц болдог нийтийн бүжиг түүнгүйгээр ер амилахгүй. Жижигхэн можгор хөлөө ачиж суугаад Баян хуур хөгжмөө татаад эхлэхээр хорвоо дэлхий дээр түүн шиг хөгжүүн хүн үгүй мэт болчихно. Үүдээр бөөгнөрөн, нэг нэгнийхээ араас зориггүйхэн булталзаж байсан, хөвөнтэй дээлээ жимбийтэл нь бүсэлж, алчуур хүзүүндээ зангидсэн хөрслөг улаан хөдөөний охид бүү хэл сумын клубын муу чихарсан банзан шал хүртэл түүнийг дагаад хөгжүүн болчих шиг болдогсон. Баянхуур хөгжмийг бол ёстой эдэлнэ дээ, эдлэнэ. Можгор бор хуруунууд нь хөгжмийн дарвуул дээгүүр үен хулгана мэт жирэлзэн, ачиж суусан хөл нь заримдаа баянхуураасаа ч дээгүүр можигноно.

“Чи ч энэ муу баяаныг нээрээ нэг эдлэх юм аа, атаархмаар...”

Аймагтаа л ах нь нэг номерийн баяанист...”

“Улсад бол...?”

Улсад бол Тэрбиш гавьяатын дараа даа...”

Энэ нь ортой байх аа. Би түүн шиг Баяаныг тэгэж уйлуулж, дуулуулж, үг хэлүүлж чаддаг хүнтэй хожим нь таарч байсангүй. Хааяа нэг хөдөөгүүр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ганц Автолок уначихсан хэдэн кино аччихсан, суурь айлуудаар орж, киногоо гаргаж, бас баяанаа татаж, дуулж, хуурдаж, худалдаагаар үйлчилж явна. Тэр цагт хадлан тэжээл, сүү сааль, отор, хашаа, хаврын тариалалт, мал төллөлт, зуд турхан гээд л хөдөөгийн сумын аль л сайн муу бүх ажилд “нохойд барьдаг мод” гэдэг шиг Сумын Эвлэлийн хорооны дарга л явж байдаг байж билээ. Тийм ч цаг үе байж дээ. Мань хүн тэр бүхэнд хамгийн түрүүнд баяанаа үүрээд л гарч өгнө. Хэнээр ч хэлүүлж шавдуулахгүй, эх орныхоо хөгжил, социализмын гэрэлт ирээдүйн төлөө гэсэн бат итгэл нь тэр бүх хүнд хүчир хөдөлмөрийн ард гарах ганц хөдөлгүүр нь болно. Олон ч сайхан залуус ингэж үнэнхээсээ итгэж хөдөлмөрлөж, зүтгэж, залуу насаа золиж, зориулж явсан даа. Тэдний буруу ч гэж байхгүй, харин өнөөдөр зарим нэгэн нь тэднийг социализмын гэрэлт ирээдүйд чин сэтгэлээсээ итгэж, чин сэтгэлээсээ зүтгэж явсаныг нь элэглэн шоолж байгааг харахаар эрхгүй ой гутах ч багадах нь бий. Ер хүн гэдэг бол хэзээд л цаг үеийнхээ боол нь байсан шүү дээ. Одоо тэд ч энэ цагийнхээ үеийнхээ боол нь болчихоод л тийн донгодож байгаа ш тээ. За тэр яах вэ, цаг нь ирэхээр энэ бүх дэмийрэл аяндаа замхарна.

Миний үеийн нэг дүүтэй, аав ээжээсээ хоёулааахнаа, дүүтэйгээ нийлж хааяа зав чөлөөгөөрөө зураг зурна, гэрийн мод, авдар сав цоохорлоно. Юм юмтай эр л дээ. Бас шүлэг ч оролдоно. Анх танилцаж байхад би хорь шүргэж, тэр маань гуч гарч явсан байх. Гэвч насны энэ зөрөө бидний нөхөрлөлд саад болсонгүй. Түүнийг би “Чи” гэж дуудах атлаа эхнэрийг нь “Эгч” ээ гэхээр тэд намайг ихэд шоолдогсон. Дахин дахин хэлүүлээд л инээлдээд байх. Эхнэр нь сайхан ааштай, хоол ундтай, наануу цаануутай эгч байсан даа. Хүүхэдгүй.

Гэтэл энэ найз маань говийн тэр жавартай үдшээр таардаг юм байна./зүүдэнд/ Хаана ямар сууринд юм бол, бүү мэд. Урьд өмнө үзэж харж байгаагүй нэг жижигхээн суурины уурын зуухны дэргэд бид тааралдлаа. Тэр жавар тачигнаж буйг ер анзаарсан шинжгүй жижигхэн онигор нүдээрээ инээмсэглээд 5 кг-ын том хүрзээр нүүрс хутган задгай зуухны ам рүү шидлэнэ. Хуучнаар бол уурын зуухны галч /Гочгар/ хийж ч байгаа юм болов уу. Тэр ийн үйлдэж буйдаа бас л чин сэтгэлээсээ итгэсэн шинжтэй. Энэ хүйтэн тэнгэрийн дор тэр жижигхэн суурингынханаа галаар тасалчихгүймсэн гэж зүтгэж буйг нь харахад хайр төрнө. Тэр насан туршидаа ингэж л хэн нэгний төлөө зүтгэж ирсэн байж магад, ямар нэгэн гавьяа шагнал, урамшил, эд хөрөнгө түүнд зорилго нь болж байсангүй, хэн нэгний, нэг хэсгийн нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах нь ерөөс түүний яс цусанд шингэсэн авир ариншин. Хуучин цагт бол яг л өөрт оноогдсон ажлаа олж хийж байсан аж, тэр Эвлэлийн хорооны дарга гэдэг бол. Харин энэ цаг үед чухам юу хийж, юу бүтээж яваа юм бол доо, сураг ажиг гаралгүй бараг 10-аад жил болж дээ. Миний лавтай мэдэхээр ганц дүү нь мотоциклийн аваарт ороод нас барчихсан, эхнэр нь төрөхийн хүндрэлээс гэл үү, юунаас гэлээ бас өнгөрчихсөн, одоо ганцаараа үлдсэн гэснийг л сонсож байсан юм байна.

Намайг хараад хүрзээ тулаад жаахан бодлогширлоо. Өнгөрсөн үеэ дурсав бололтой. Тэгээд нэг том санаа алдсанаа нэрээр минь дуудаад, “Чи аан гээч...” гэв.

“...Ааан”

“Чи хө, ингээд хүрээд ирдэг чинь юутай сайн юм бэ, хүн чинь ер нь өнгөрсөн дурсамжаараа л амьдардаг юм байна шүү дээ”

“Тийм байж магадгүй ээ, гэхдээ энэ бас бидний нас баахан явчихаад байгааг л хэлээд байгаа юм болов уу даа”

“Нас ч явж байна аа, хө. Би ч удахгүй 50 хүрлээ”

“Хэ хэ, гэхдээ залуугаараа харагдаж байна даа, хө. Хөдөөгийн уул талаар соёлын үрийг цацаж явсан үеийнхээсээ огтхон ч өөрчлөгдөөгүй байна шүү дээ, чи минь”

“Чамд тэгэж санагдаж байгаа байх аа. Дотуураа бол найз нь их хөгширч байна. Их ч ганцаардаж байна. Би чинь сүүлийн арван хэдэн жил цор ганцаараа амьдарлаа шүү дээ. Хоёр талийгаачаасаа хойш ёстой орь ганцаараа л явлаа. Залуухан байхад тэсээд туулаад байж чаддаг байсан, одоо бол тэсвэр минь тун ч шавхарч байна даа...” тэр ингэж хэлээд өнөөх жижигхэн нүдэнд нь нулимс гялталзаад ирэх юм. Би ч мэгдчихлээ. Яахаа, юу хийхээ ч мэдэхгүй, дэмий л нөгөөх нулимсыг нь арчиж өгөх гээд гараа сунгатал нулимс нь хөлдөөд ч тэр юм уу жижигхэн гэрэл ойлгосон сувдан үрэл болоод хөлдүү газар дээр унаж, жин жин ойгоод явчих юм.

Дахиад уртаар шүүрс алдаад “Хөгшин нь одоо нээрээ цөхөрч байна аа. Надад яагаад амьдрал үр хүүхэд заяасангүй вэ? Ханийгаа өнгөрхөд би энэ талаар нэг их бодож байсангүй. Харин одоо тэр маань намайг яагаад ганцааранг минь орхиод явчихав аа гэж бодохоор л гол өөд харанхуйлаад байх юм. Надад нэг үр үлдээгээд л явчихсан ч болоосой...ийн ийн”

Тэр уйлж эхлэв. Би дал мөрөөр нь тэврээд нүүрсний хог асгарсан хөлдүү газар дээр хоёулаа хөлөө жииж суучихаад, түүнээ цээжиндээ улам цанга тэврэв.

“Би яагаад, би яасан юм бэ...”

Тэр цээжинд маань нүүрээ нааж хэсэг мэгшиж байснаа гүн амьсгаа аваад “Би одоо харамсаж байна аа хө, ханийгаа өнгөрхөд би дахин эмэгтэй хүнтэй харьсахгүй гэж өөртөө, бас түүндээ амласан юм. Өнөөдөр би түүндээ, тэр амандаа их харамсаж байна. Би дахиад амьдрал зохиогоод явсан бол өнөөдрийнх шиг ингэж туйлдаж, ганцаардаж, тамирдаж явах уу даа. Надад одоо энэ байдал маань өдөр өдрөөр л улам хүнд хэцүү болоод байна. Хөгшин чинь удахгүй 50 нас хүрлээ, чи мэднэ ш тээ. Чадал тэнхээ муудаж эхэллээ. Миний хорвоо зөвхөн минийхаар л дуусах нь байна. Ядахдаа нэг энэ насандаа үрийн зулай үнэрлэх хувь надад байсангүй дээ”

Би түүнийхээ нурууг нь илж, “Тайвшир даа хө, чи минь орь залуугийнхаараа л, тэр 80-аад онд хөдөөгийн уул талаар манаргаж явсан янзаараа л байна ш тээ. Чамд одоо хань олдох боломж бий, бас үр хүүхэдтэй ч болох боломж байна шүү дээ”

“Үгүй дээ хө. Тийм биш юм байна. Хүүхэн шуухан эргүүлэе гэхээр чинь угаасаа тийм юмнаас хол төсөө хүн чинь ер нэг л эв дүйгүй, тэгээд ч, чи бод л доо, би одоо хэнийгээ гэж хайж явах юм бэ, намайг ойлгож, хайрлачих хүн олдоггүй юм аа гэхэд миний хайрлачих, ханьсчих тийм хүн одоо өдий насанд олдоно гэж үү, тэгээд над шиг ийм хүнийг чинь”

“Битгий цөхөр дөө, хөгшин минь... Чам шиг ийм зүрх сэтгэлтэй хүн ганцаардах учиргүй ээ хө.”

“Хүүеэ гал унтрах гэж байна, хөгшин чинь ажлаа хийе। Уйлж унжаад чамайгаа жаахан зовоочихов уу даа” гээд тэр маань нүүрснийхээ хүрзийг аваад ухасхийлээ. Босохдоо над руу нэг гэмшингүй мушийв.

Тэгээд л би сэрчихэв. Үүр цайж ээ. Тэр маань яасан юм бол, тэр холоос намайг дурссан юм болов уу, хаахна явдаг юм бол доо. Монгол руу ярьж нэг сураг гаргахаас...

# # Read more! #

Saturday, July 21, 2007

Муу найзынхаа араас зул өргөе дөө


Олоон жилийн өмнө нас барсан муу найз маань нэлээд тэвдүү давхиж ирээд надад нэг ваадантай юм өгчихөөд буцаад давхичихлаа. Хөөе гээд хоёр үеийн солио ч өгсөнгүй, юундаа ч тийнхүү яарсан юм бол мэдэхгүй. Юу өгсөнийг нь мэдсэнгүй, болхидуу, хам хум ороосон, өлөн хир суусан ороолтыг нь нээж ч үзсэнгүй, цээжиндээ чанга тэврээд л хоцрох шив. Гэхдээ тэр ваадантай зүйлийг нь би сэтгэл зүрх нь гэж мэдрээд байгаа.

Муу найз маань, хөөрхий насан багадаа наадаж тоглож явсан юмсан. Чих нь их хатуу, хашгирч ярих хэрэг гардаг, түүнээсээ болоод хоёрдугаар ангиа ч дүүргэлгүй сургуулиас гарчихсан юм. Нэг муухан үсэглээд уншмар болно. Намайг нэгдүгээр ангиа төгсөх жил шилжиж ирэхэд нэг түнтгэр бор бандитай нэг ширээнд суулгасан нь тэр муу найз маань. Багш түүнийг надад даалгасан ухаантай, би түүнээ уншиж сургах гэж үзэж тарна. Хоёулаа аргаа барахаараа өөд өөдөөсөө хараад дэмий л инээдэгсэн. Тэгэж байгаад 2 дугаар ангийн 3 дугаар улирлын буюу хаврын амралтаар хөдөө гэрлүүгээ яваад эргэж сургуульдаа ирээгүй юм. Чих нь л дүлий болохоос биш уг нь их сэргэлэн, хөдөлгөөнтэй. Гэр нь хөдөө, хярд/хол гэсэн үг/ нутаглана. Хааяахан сумын төв орж ирэхээрээ надтай заавал уулзаж байж явдагсан. Хэрэг болгоод, хамт ирсэн аав нь, эсвэл ээж нь дагачихсан... 10 гаруйхан настай бүстэй хүүхдүүдэд ярих юм юу л байв гэж дээ, зүгээр л бие биенээ хараад л сэтгэл ханачихдаг байсан юм болов уу даа. Нүд нь гялалзчихсан, байдгаараа маасайтал инээчихсэн ирнэ. Тэгээд намайг гадаа тоглож байвал жоохон хамт тоглож байгаад, эсвэл түлээ хагалж байвал хамт хагалалцчихаад тэгээд л сэтгэл нь ханасан юм шиг яваад өгнө. Одоогийн хүүхдүүд шиг тэврэлдэж уулзалдах, баяртай энэ тэрээ гээд салах ёс гэх юм ч байхгүй ээ. Ядахдаа би явлаа ч гэж хэлэхгүй. Тэгээд л яваад өгнө, харин далд орохын өмнөхөн ёс юм шиг нэг эргэж хардагсан. Тэгэж эргэж харахад нүүрэнд нь нэг л их гуниг дүүрэн харагддаг байж билээ. Чих нь хатуу болохоор түүнийг бүгдээрээ “ДҮЛИЙ ГАМБАА” гэнэ, хөдөөгийнхөн шооч нь дэндүү улс, муу найзыг маань хааяа сумын төв ороод ирэхээр эвэртэй тэмээ үзчихсэн юм шиг хэдэн банди нар чулуугаар шидлээд явуулахгүй, нэг удаа хөмсгөн дээрээ хэгз цохиулаад цусаа гоожуулчихсан ирсэн, түүнээ ч ер юманд бодохгүй инээгээд л ирж байж билээ. Охидууд бол эгнэж зогсож байгаад дүлий балайгаар нь хашгичаад зовоочихно. Түүнээсээ болдог байсан юм болов уу даа, ер өөр хүүхэд шуухадтай наадаж тоглохгүй, найзалж нөхөрлөхгүй, за тэгээд хөдөө бол ямар үеийнхэн нь байх биш, бүгдээрээ сургууль гээд сумын төврүү ороод ирцгээчихсэн юм чинь.

Зуны амралтаар бол би хааяа хөдөө гарахаараа тэднийхээр очино оо. Хэдэн сайхан морьдтой айл байсан. Надад тэр морьдоосоо аль дуртайгий минь унуулна. Муу найзынх маань тарваганы бор тос ханхигар хар гэрийнх нь хаяагаар халгиж урссан айл байж билээ. Би тарваганы маханд баахан сүжиггүй. Амсах нь бүү хэл үнэрлэж ч чаддаггүй, тарвага алсан, тарваганы махтай айлаас цээрлээд ордоггүй хачин цээрч хүүхэд байсан хирнээ харин ганцхан тэднийд хээв нэг харайгаад орчихно, хойморт нь тухалж байгаад ээжийнх нь чанасан цайг цагаан гамбир, өрөмтэй даруулж байгаад амтархан иддэг байж билээ. Тэр гамбир, өрөмнөөс нь хүртэл тарваганы үнэр ханхийнэ. Аавынх нь ганц чаддаг юм нь тарвагачилах. Аавынх нь алаад ирсэн тарвагыг ээж нь сурмаг өвчиж байгаа харагддагсан.

Ээж нь гараа хондлой дээрээ хаясан бөгтөр, гэсэн ч сууж босох нь харагдахгүй гув шув хийсэн шалмаг хөгшин. Намайг очихоор бригадын дарга шиг заавал хоймроо суулгана, би сүүлдээ сурчихаад шууд л аавынх нь урдуур алхаад хойморт нь гараад шомбойчихдогсон. “Аги хүү ирлээ, Аги хүү ирлээ. Алив хөгшөөн наад бозлогноосоо өөр юм бодно байгаа” гэнэ. Энэ нь тарваганаас өөр хонь ч юм уу гаргана байгаа гэж буй нь. Хонь гаргахгүй бол авдарнаасаа борц гаргана. Би бол борцонд нь илүү дуртай. Үүнийг нь бодвол зун намрын улиралд тэднийх голдуу тарвагаар л хооллодог байсаншиг байгаа юм.

Аав нь ирмэг нь сэтэрхий далбигар хар аягандаа цай оочлоод л суух, найз маань ганц хүү нь, аавдаа их эрх, сууж байгаа аавынхаа нуруу өөд л асчихна. Би бас дуурайгаад л хоюулаа аавыг нь ноолчихдогсон. Хоёр бандийг ууц нуруу, мөр хондлой дээр нь тонгочиж байхад аав нь ер юу ч болсон шинжгүй цайгаа оочилсоор л суух, тийм л уул алтай шиг ханхар сайхан эр байсансан.

Эзгүй хээр зүс танихгүй хүн таарвал айж сүрдмээр хүн байж билээ. Талийгч Дашбалбар найрагч шиг нээг их урт орог саарал үс намируулна, том монхор хамартай, өтгөн саарал хөмсөг нь том эргэлдсэн улаан нүдийг нь бараг халхалчихсан, хатуу ширүүн царайтай. Залуу зандан насандаа алдаж эндэж яваад, аавын хаалгыг татаж/шоронд орсон гэсэн үг/ залуу насаа шоронд эсвэл оргож хээр өнгөрөөсөн гэдэг. Шоронгоос оргож хээрээр гэр, хэцээр дэр хийж явахдаа чонын үүрэнд орж, азарган чоныг бавнагдаж алж байсан гэдэг. Тэгээд “БАВНАГ” хочтой болсон гэж байгаа. /Бавнагдана гэдэг нь чонын төмсөгнөөс атгаад авахаар чоно эргэж хазаж чаддаггүй, цаашаа л зүтгээд байдаг юм гэнэ лээ/ Нэлээд насжсан хойноо нутагтаа ирж, эхнэр аваад гарсан хэнз хүү нь тэр муу дүлий найз маань юм. Залуудаа бол байдсан гүү цохиж унагачихаад тэврээд алхчихдаг тэнхээтэй эр явсан гэдэг. Хожим, олон жилийн орон шоронгийн дараа сумандаа нэг удаа барилдаж сумын цол авсан. Наадам болохоор онгож гандсан цэнхэр зодог шуудаг бүсэлчихээд л, хүүгээ хөтөлчихөөд халбайгаад, ханхайгаад наадмын талбайгаар хөндлөн гулд алхдаг, гэхдээ барилдахгүй. , яаж байгаа юм гэхээр хүүгээ бөх болгох гэж, бөхөд дуртай болгох гэж л тэр... Хүссэн нь ч биелж муу найз маань арван зургаа ч хүрээгүй байхдаа сумын наадамд зодоглож, дөрөв даваад манай сумын хамгийн сайн бөхөд нь унаж байж билээ. Сумын бөхчүүд муу дүлий найзад маань жаахан дургүйцэж, баахан бөөрөлхсөн юм шиг байгаа юм.

Даахан дор морь, дахан дор эр гэгчээр муу найз маань өдөр өдрөөр суга өссөөр нэг л мэдэхэд хашааны мухарт тэвэг өшиглөж, айлын янданг чавхаар дангинуулж явдаг сумын сургуулийн бидний хажууд хавхийсэн хэлбүүхэн залуу болоод ирдэг байгаа. Ардаг морины нуруун дээр хөндөлдсөн, авгай эхнэр ярьсан шиг, адуу мал эргүүлсэн шиг энгэр задгай, эрэмгий хэгжүү... Гэхдээ Муу муудаа, муна гадсандаа гэгчээр сумын төвийн хэдэн муу банди нар бүүрэлхээд муу найзыг маань миний нүднээс далдуур дээрэлхчих гээд байна. Мань хүн гэнэн л дээ. Хэлбүүрхэж, хаагиж байгаад зодуулчихна. Нөгөөдүүл нь муу санаа суучихсан юмсууд, гэнэт нүүрэн дундуур нь байлгаад авна, тэгээд ар өврөөс нь ноцчихно. Гэхдээ хаширна аа, зүрхшээнээ л гэж байхгүй. Өширхөнө, хонзогноно ч гэж байхгүй. Намайг шаралхаад нөгөө хэдтэй нь хөөцөлдөх гэхээр “Ойхоо хө, төвөг төвөг” гэнэ. Энэ “Оохоо хө” гэдэг үг нь орчин үеийн хэллэгээр бол “Найз минь дээ” гэсэнтэй ойролцоо утгатай манай нутгийн ёстой л жалгын хэллэг дээ. Одоо ч бараг энэ хэллэгийг хэрэглэдэг хүн байхгүй болоо биз дээ. Намайг бол нэрээр минь ер дуудаж байсангүй, “Ойхоо хө” л гэнэ. “Ойхоо хө, Ойхоо нь нэг сармаа даага арилжиж, цорводоод аваад ирлээ” гэнэ. Орчин үеийн хэллэгээр бол “Найзаа хө, найз нь нэг том биетэй эмнэг даага юмаар сольж аваад, чирээд ирлээ” гэсэнэрхүү... Ер нь дүлий хүмүүсийн нийтлэг шинж л дээ, их чанга хашгирч ярина. Би ч гэсэн сая сарын өмнө хэсэг хугацаанд чих дүлийрчихсэн чинь, хэлж байгаа үг маань аяархан юм шиг санагдаад, хашгирч яримаар болоод байна билээ. Бас хашгирч хариу өгөх хэрэг гарна. Ямар одоогийнх шиг чихний аппарат энэ тэр гэж байсан биш.

Муу найз маань удалгүй бас нэлээд чих хатуутай хөдөөний түнтгэр бор, хув чихтэй охинтой гэрлэв ээ. Товхийсэн айл болсон юмдаг. 1993 оны зун би сургалтынхаа төлбөрт нэмэрлэх санаатай, ууланд гарч хэдэн тарвага буудах юм болов оо. Тэр үе бол ёстой тарваганы арьсны оргил үе байсан даа. Тэгэхэд ямар хөлсний ажил энэ тэр гэж олдох биш, дээр нь тэр үед миний ганц чаддаг юм тэр буу буудах, амьтны амь таслах л байв. Дүлий найзынх маань тарваганы мараанд нутаглана. Өөрөөр хэлбэл хамгийн их тарвагатай газар л тэднийх нутаглана. Мэдээж тэр нь алс хол, машин унаа хүрэхгүй газрын мухарт байх. Намайг ирсэнд баярлаад л хөл нь газарт хүрэхгүй, энд тэнд дэндэгнэж гүйгээд л, гарынхаа алгыг тэнийлгэж тэнгэр өөд зааж байгаад эхнэртээ дахин дахин “Манай ойхоо чинь базарваань оюутан байхгүй юу” гэж хашгична. Хонь гаргаж, хорхог хийж, доод голынхон луу шурдхийж, шимийн юм олж ирээд л... “Ойхоо хө, хэд хоног амарнаа, тэр эрдэм номын алжаалаа тайлнаа, тэгээд хоёулаа гараад хоёрхон өдөр л ар өврийн бурхинуудыг буулгаад ирнэ, ойхоо нь хэдэн юм тоншиж өгөлгүй яахав” гэж ярив. Бараг л дөрөв тав хоног хоюулаа идэж, уугаад л, нүцгэлж байгаад хүүхэд шиг зүлгэн дээр барилдаж ноцолдоод л, арын царманд гарч шүдээ балбатал тошлог идэцгээгээд, цагаан шиндүү унаж уралдаад л ёстой эрх дураараа хэд хоног тарвалзлаа. Гэвч хоног хугацаатай байсан болохоор хоёулаа тарвагачилхаар гарав. 3 хоног яваад гавьтай юм чадсангүй, нийлээд хотил голдуухан 30-аадхантай бууж ирэв. Нэг л болохгүй байв. Заримдаа ан тэгдэг юм. Тийм эгзэг нь таарсан бололтой. Найзын маань санаа баахан зовниж, намайг хорьсоор атал шөнө дөлөөр гарч давхиад хойт урд голынхоноо нэвт хэсэж, юугаар ч наймаалцсан юм мэдэхгүй 50-иад арьстай өдөр дунд инээд алдсаар уяан дээр бууж билээ. Тэгээд л би буцлаа.

Намайг жолооноос минь барьж байж мордуулаад, “Хойтон жил заавал ирдгийм шүү, Ойхоо нь хэдэн юм далд хийчихээд хүлээж байна” гээд ташаалдаад зогчихсон, муу хув хар эхнэрийнхээ мөрөн дээр нэг гараа тавиад нэг гараараа ташаагаа тулаад уяан дээрээ гуниггүйхэн, бас сэтгэл хангалуун исгэрсээр хоцорсонсон

Түүнийг харсан сүүлийн агшин тэр байж. Тэр өвөл муу найз маань бас нэг баахан болж бүтэхгүй явдалд орооцолдоод, аавын хаалга татаж, тэгээд шоронгын овгорууд дохио зангаан дороо байлгах гэж, мэдээж аглаг хээрийн атар онгон салхи шиг хүн чинь хөгц ханхалсан шорон санаатнуудын санаснаар яаж ч сөгдөхөв дээ, цохих тусам шүд нь хяхнаж, шажуураа зууж, улам уур, эгдүүг нь хүргэсээр тархиндаа хүнд гэмтэл авч, түүнээ даалгүй нас барсан байж билээ, хөөрхий. Аав ээж нь ч хүүгээсээ хойш удаагүй, эхнэр нь ч өөр хүнтэй суугаад явчихсан байсан. Энэ хорвоо энэрэлгүйдээ бол даанчиг энэрэлгүй дээ. Аав маань нэгэнтээ “Юу үнэн бэ, зовлон л үнэн” гэж хэлж байсансан. Зовж үзсэн, түүнийг туулж, гэтэлж чадсан хүний үг. Нээрээ зовлон л үнэн юм даа, бусад нь юухан ч билээ.

Тэгээд тэр муу дүлий найз маань өнөөх баадантайгаа надад бариулчихаад яаран сандран буцаад харайлгачихлаа. Тэнгэрийн хаяа руу. Тэнгэрийн хаяа уг нь уужим саруул байдагсан, Харин тэр тэнгэрийн хаяа дээрээс нь намсаад, газар нь доороосоо ч өгсөөд, хажуугаасаа ч хавчигдаад нэг үл мэдэгхэн хахуул ухаа өнгөтэй хонгил болчихсон байх юм. Тийшээ л, тэр хонгилын гүн лүү давхичихдаг юм байна. Надад нэг юм өгнө дөө л гэж бодож явсаар амжихгүй энэ хорвоогоос явчихаж ээ дээ, муу найз маань, одоо түүнээ аль ч ертөнцөөс юм бэ, нэг сиймхий гарахаар нь шурдхийгээд/оргочихсон ч байж мэднэ, их сандруу явсан юм/ зүүдэнд минь авчирч өгчихөөд буцах шиг боллоо.

Би тэрхүү баадантайг нь элгэндээ тэвэрчихээд л зогсоод байх юм. Элэгнээс нэг л таатай халуу дүүгэж мэдрэгдээд, би мэгшиж байгаа бололтой, гэхдээ нулимс нүүрэн дээгүүр минь урсахгүй юм, тэр нулимс лав сэтгэл зүрхний минь гүнлүү урссан байх даа.

Муу найзынхаа араас зул өргөе дөө. Үйл үйлийн үрээ энэ насандаа хэлтэлж дуусгасан байгаасай, тэгээд хойт насандаа буян жаргалангийн оронд төрсөн байгаасай гэж залбирнам.

# # Read more! #

Monday, June 18, 2007

Аав аа дурсахад...

/Зүүд биш, дурсамж/

Өглөө нойрноос сэрж ядан байтал долоон настай охин маань хацар дээр шовхийтэл үнссэнээ Today Father’s day гэж байна. Тэгээд би танд бэлэг бэлдсэн, та одоо авах уу, орой авах уу гэнэ ээ. Энэ ертөмций дээр аав болсоны маань нэгэн баяр жаргал гэвэл чухам энэ мөн дөө. Хэзээ нэгэн цагт аав маань мөн л үрс биднээрээ бахархан, энэхүү аав болсоны нэн гаргуун баяр жаргалыг мэдэрч л байсан байх даа гээд, өөрийн эрхгүй аавыгаа бодоод явчихлаа. Тэгээд аавыгаа бага зэрэг дурсав.


Хаа ч явсан муу аавын минь төрх байнга л харагдах юм даа. Намайг Америкт ирээд удаагүй, 3 сарын дараа аав маань өнгөрсөн юм. Хоёрхон хоногийн өмнө утсаар ярихад “Аав нь сайн байна, Миний хүү зорьсондоо хүрчихээд л ирдэг юм шүү. Аав нь нутаг явлаа. Нутагт их сайхан зун болж байна гэнэ ээ. Өргөн Зурааныхаа цэцэгс дотор тонгочино доо, аав нь. Маргаашийн онгоцоор ниснэ” гэж их цовоо цолгиун ярьж байж билээ. Энэ тонгочиж гэдэг үгийг нь сонсоод би аавыгаа шоолон ихэд инээсэн юм. Учир нь аавын маань хоёр хөл их муу, таягтай чүү ай явдаг хүн, тэр цэцгэс дотор хэрхэн тонгочиж байгааг нь төсөөлөхөөр өөрийн эрхгүй нэгэн хөгжилтэй зураг харагдаад байж билээ. Аав маань харин сэтгэлээрээ бол үнэхээр тэр нутаг нугынхаа цэцгэс дотор тонгочиж чадна шүү. Улаанбаатарт байх үедээ бол нутгаа байнга ярьдагсан. Нас нь их ч явж, 80 гараад ирэхээрээ ердөө ярьдаг юм нь нутаг л болчихсон байсан. Уул усаа ярина. Хадагтын хөтлөөр хаврын хаварт зүтгэсээр гараад ирэх ч ай даа мөн ч сайхан шүү, ертөмций тэр аяараа халамцуу болчихсон байдагсан гэж ирээд л ярина. Нутгийнханаа, өөрийн үеийн өнгөрч одсон хөгшидөө их дурсана аа. Манай нутагт Бүдүүн Сэд гэж нээх их гижигтэй хүн байх. Хаалгыг нь гаднаас нь дарж байгаад л гэрийнх нь гаднаас Гижиг, Гижиг гэхтэй зэрэг л гэр доторх хамаг юм аа тараагаад хагалж хэмхэчээд унадагсан, тийм л их гижигтэй хүнсэн, хөөрхий гэж ирээд л ярина. Тээр, шар тахиа жилийн хавар, тарлан цастай байхад Их Дөрөлжөөр муу Давхар жолоотоо уначихсан дэргүүлээд гараад ирлээ дээ, тэгтэл... гэж ирээд л үлгэр домог шиг юм хөврүүлчихнэ. Сонсоод л баймаар... Бага залуу байхад аавынхаа ярихыг сонирхож шохоорхоод л, өвөр дээр нь суучихаад улам лавшруулан тэгээд тэгээд хэмээн байн байн шалж, шавдуулж, уцаарыг нь хөдөлгөн байж удтал яриулдагсан. Харин сүүлдээ надад түүнээс илүү сонирхох зүйл бишгүй болсон мэт санагдаж, аавыгаа “Тэгээд” гэж шавдуулахаа болчихсон. Улам улмаар улам л холдоод, тэр тусам аав маань харин ч өөрөө ярьдаг болоод ирсэн. Сүүлдээ яриаг нь огт сонсохгүй байсан ч хамаагүй ярьж л байдаг, өглөө оройд гэрт нь орохоор өнөөх нь нутгаа, нутгийнхаа ярьж суудагсан. Тийн ярьж суухад нь санаа бодол нь аль хэдийнэ тэр Алтайн уулсын аглагт, тэртээх он жилүүддээ оччихсон мэт, өтөл болсон нүдэнд нь үе үе ямар нэгэн очис гялс гялс хийх шиг болдог байж билээ.
Би чинь энэ уулсынхаа бэлийнх нь цэцгэс бүхнээс нь үлгэр сонсож өссөн юм шүү дээ. Чулуу болгон нь аавыг нь таньдаг юм гэж ярьдагсан. Намайг багад дагуулаад хөдөөгүүр их явна аа. Гэнэтхэн уулсын хэц жимийн хажуугийн чулуун дээр очиж тонгойгоод ямар нэгэн юм шивнээд суучихдагсан. Тэгснээ учиргүй инээгээд л... Яасийм гэхээр, Өө аав нь энүүнээс/нөгөөх чулуугаа зааж/ Чи нөгөө муу Банзайг санаж байна уу, гэсэн чинь саналгүй яах юм гэж байна шүү, Их золиг шүү гэнэ. Бодвол тэр Банзайтайгаа тэр хавьд л нэг бужигнуулж явсан юм шиг байгаа юм.

Тэгээд аав ярьж байснаараа маргааш нутгаа ниссэн байсан. Харин нутагтаа очоод л хоёр хоноод өнгөрчихөж... Хүнд хүчир ажлын дараа байрандаа ирчихээд, хамт амьдарч байсан байрныхантайгаа хоол унд гэсэн шиг суутал монголоос дуудлага орж ирлээ. Том эгч маань ярьж байна. “За миний дүү, аавынх нь бие муухан байна, Ер нь л муухан байна” гэлээ. Эхлээд би нэг л сайн ойлгосонгүй. Эгч цааш нь хэлж байна, “Улаанбаатараас тэд нарыг дуудуулсан. За миний дүү одоо нааш цаашаа явах гээд яах вэ” гэж байна. Би юу болоод байгааг маш сайн ойлгов. Миний царайны байдал төрхөөс манай өрөөнийхөн ямар нэгнийг гадарласан бололтой, хормын өмнө ширээ тойрон хөгжилдөж байсан нь алга болчихоод бүгд сэтгэл нь зовсон шинжтэй болчихов. Би тэгэхэд сэтгэлээ яаж тэгэж их барьж чадсанаа одоо ч гайхдаг юм. Юу ч болоогүй мэт, нөгөөдүүл лүүгээ харж, бүр инээмсэглээд, “Аавын бие жаахан муухан байна гэнэ ээ, гэхдээ гайгүй байх өө” гэчихээд хийж байснаа, ярьж байснаа үргэлжлүүлж билээ. Гэхдээ хоол идэж суусан ч, юм ярьж байсан ч дотор аавын маань дүр харагдаад, цээж гашуу оргиод, ухаан санаа огт өөр газарт байх шиг... Учиргүй гараад гүйчихмээр ч шиг. Гэвч тэр оройг яаж ийгээд тайван өнгөрөөж, нөхдүүд маань амар тайван унтсан хойно сэмхэн гарч байрны арын модод дотор орж сууж байгаад оройжингоо бөглөрсөнөө харин ч нэг сайн юүлж авсансан. Үүрээр Монгол руу залгалаа. Эгч утас авч байна. Том эгч маань надаас 25 эгч, хатуу хөтүүг үзсээр Алтайн хөх чулуу шигээ хатуужиж, сэтгэл бодол чангатай болсон хэцүү талын хүн. Хар багаас ээжийг маань орлосон хүн. “Одоо миний дүү уйлж унжаад хэрэггүй ээ, Аавынхаа голомтыг залгаж үлдэж байгаа эр хүн шүү дээ чи. Наанаа лам хар хүн байвал ном буян хийлгэхийг бод. Бид нар энд хойтынх нь ажлыг хэрхэх тухайгаа л ярилцацгааж байна” гэж билээ.
Хожим эргээд санахад нь аавын маань надтай ярьсан сүүлчийн яриан дахь нутаг явлаа гэдэг үг нь цаанаа л нэг өөр үг байж. Нэг л өөр өнгө тоонотой хэлсэн байж. Үнэхээр ч аав маань Улаанбаатараас нутаг руу явахдаа хамаг эд юм, ном судраа аа хуваагаад, үр ач нартаа нэр зааж тараасан байгаа юм. Манай гэрт зуухаа оруулж тавьсан төдийгүй хоёр цоохор авдараа үлдээжээ. Бас хаана ч явсан биенээсээ салгадаггүй нэг хоёр шогол ном, бурхан шүтээнээ...
Нутгаа явах гэж их ч агдсан гэдэг. Яг тэр үед онгоцны нь билет хойшлогдож, хоёр хонох төдий учиргүй харамсаад л... Урьд өмнө ингэж байгаагүй хүнийг нислэг хоёр хоног төдий хойшлоход тэгэж их харамсаад байхаар нь манайхан хөөрхий зөнөж байгаам болов уу гэж бодоцгоосон гэдэг. Гэтэл яг тэр хойтын орондоо буцах цаг нь тулчихаад, үлдсэн хэдхэн хоногоо нутагтаа үдэх гэсэндээ тийн их агдсан байсансан.

Аавтайгаа хамгийн сүүлд салах ёс хийсэн маань сэтгэлд ямар тод үлдэж вэ. Нааш нисдэгийн урьд орой манай ахан дүүс нийлж, аавынд цуглаад жаахан сууцгаалаа. Тэгээд тарцгааж, аав маань ч сэтгэл нь хөдлөөд хатуу идээнээсээ жаахан балгаж, сэтгэл нь амарсан шинжтэй унтаад өгсөн. Аав маань бор идээтэй насан турш их ч дотно нөхөрлөсөн хүн. Сүүлийн үед түүнээ даах нь багадаж, нэг хоёр хундагаас хэтэрдэггүй болчихсон байсан юм. Харин өглөө эртээ онгоцны буудал явахаар гарах замдаа гэрээр нь ороход аав маань орноосоо дөнгөж босчихсон, цээжин дээгүүрээ цамцаа хагас хугасхан тохсон болоод, өнөөх таягаа ч мартчихсан бололтой, галаа түлэх гээд хазганан зогссонсон. Сүүлийн хэдэн жилийн турш манай ахан дүүс аавыг аль нэгнийдээ байлгах гэж ятгаад ядчихсан юм. Яалаа гэж тийм юм байхав, аавынх нь гэж нэг айл байх учиртай. Тэгээд ч аав нь хүний гарт орчихоогүй байна гээд огт халгаагаагүй юм. Нээрээ ч хэн нэгнээр нь асруулалгүй байсаар байгаад л насыг үдсэн дээ. Хувцас хунараа заавал өөрөө угаана, хөгшин хүнээс хир ханхлах муухай гэчихсэн л угааж суудагсан.

Тэгээд, за, юутай ч гал асаатхаг гэж түр хүлээлгээд, гал шүжигнэн асахад хоёр хацрыг минь зөөлөн дулаахан алгаараа шахаж ирээд хоёуланг нь үнэрлэж билээ. Нислэгийг цаг тулчихсан, яарсан хүн бушуухан гарахад ард “Миний хүү, ингээд л явчихаж байгаам уу” гэсэн дуу сонсогдсоор үлдсэн сэн.
Өмнө нь намайг ийш тийшээ хол юманд явахад заавал нэг хацрыг маань үнсдэг, нөгөөг нь эргээд ирэхэд чинь гээд үлдээдэг байсан хүн тэгэхэд яагаад хоёуланг нь үнссэний учрыг би ихээ хожуу ойлгож билээ.

Аавыг өнгөрсөний дараагаар “Миний хүү, ингээд л явчихаж байгаам уу” гэсээр бор гэртээ сүүтийсээр үлдсэн дүр нь хэсэгтээ надад харагдаж, ажил хийгээд зосгож байхад ч өмнөх ханан дээр дурайж ирээд, кино, ТВ үзэж суухад л тэр дотор харагдаад, тэгээд тэсэлгүй ОО-руу гүйчихдэг, эсвэл гараад, модод дотор орж байгаад нэг эрх чөлөөтэй нэрж гардаг байж билээ. Одоо эрх биш хэдэн жил өнгөрч, гэсэн ч бас хааяа харагдах л юм.

Би бүүр бага 3-4 настай л байсан болов уу, нэгэн тийм дурсамж маш тод үлджээ. Аавыг эзгүй нэг орой яагаад ч юм би учиргүй их айгаад, орон дээрээ бүтээлгээрээ таг бүтээж аваад л амьсгалж ч чадахгүй хэвтээд байж билээ. Манайхан, ах эгч нар маань гадаа хонь, мал, хурга ишиг гэж гүйлдэцгээгээд, тэгээд орж ирээд, унтацгаасан. Тэд намайг аль хэдийнэ унтачихсан гэж бодоцгоосон байх. Би ч бүтээлгэн дотроо түнтийчихээд л чимээ чагнаад байх. Хааяа хотны захад хонь хивэх, үхэр яраглахын хажуугаар хаа нэгтээгээс нэгэн муухай дуутай хүний хүүе хүүе гэж намайг дуудах нь, тоонон дээгүүр нэг юм сүрчигнэн эргэлдэх нь сонсогдсоор хичнээн ч удсан юм бэ, бүү мэд, гэтэл хаа нэгтээгээс аавын маань дуулах дууны шуранхай сонсогдоод, улам тодорсоор, тодорсоор...
Мэнгэт багахан хээрээрээ
Мэтгүүлэн зүтгүүлсээр л ирлээ дээ, хүүдээ

Гэн дуулсаар гэрийн гадаа ханхийн дөрөө мултархад нь аль хэдийнээ тайвширчихсан би нойронд аргагүй автан унтаад өгч билээ.
Энэ дууны үг ая нь юутай зохицсоныг хожим анзаарч, энэ дуунд хүн ямар их сэтгэлээ шингээж чадсаныг мэдэрсэнсэн. Нээрээ л ихээ их хол газраас хайртай хүүдээ хичнээн их зорьж, зүтгэж, тэмүүлсээр л ирж буй сэтгэлийг энэ хэдхэн үгээр яасан ч гүн гүнзгий, барим тавим илэрхийлээ вэ... Энэ дууг өнөө аялах бүрдээ шаавай багахан хээр морио шавдуулан шавдуулан хүүдээ тэмүүлж яваа аавын маань дүр өөрөө л ургаад ирдэг юм.

Одоо ч гэсэн, заримдаа аав маань үнэхээр л
Мэнгэт багахан хээрээрээ
Мэтгүүлэн зүтгүүлсээр л ирлээ дээ, хүүдээ

Гэж дуулсаар нэг л өдөр хүрээд ирдэггүй юм байх даа гэж бодогдох л юм.

# # Read more! #

Wednesday, June 6, 2007

Ингэхэд би аль нь юм бол???

Нэг хүүхэн надтай их илэн далангүй ярилцах хүсэлтэй гэнэ ээ. Би л болсон хойно хэзээ хүүхнүүдийг хүслийг талаар өнгөрөөж байлаа. Нэг таамбарын гадаа сууцгаав. Бидэнтэй хамт бас миний их дотнын найзын маань экнэр байна. Тэр бол нөгөөх намайг тарвагачилж яваад Цагаачлалын албаныханд баригдах шахсаны дараа хамт баардаж, баахан пиводсон, дараа нь хүүхдийн тоглоомын талбай дээр яг гурван настан шиг оройжин гулсаж тоглоцгоосон өнөөх бүсгүй юм.

Би нэг цаасан хайрцаг дээр хөлөө тавиад өнөөх ярилцах хүсэлтэй бүсгүй рүү харлаа.

Тэр шууд л ингэж хэлэх юм.

“Би чамайг ер ойлгохгүй юм”

Түүний юу хэлэх гээд байгааг нь би огт ойлгосонгүй. Дэмий л “Яагаад???” гэлээ. Тэр ийн ярих юм.

Тэр намайг анх харахад би хүүхдүүдтэйгээ хамт хоолонд орж байсан гэнэ. Үүрэхийг нь үүрээд, тэврэхийг нь тэвэрчихсэн, бас зарим нэгийг нь хөтөлчихсөн. Эхлээд ийм залуугаараа юун ч олон мөндөл шиг хүүхдэд даруулсан юм гэж өрөвдөнгүй, харамсангуй боджээ. Тэгээд хараад байсан чинь харин ч атаархах шиг болсон гэнэ. Тэр хүүхдүүдээ хайрлаж, халамжилж байгаа нь, хүүхдүүд нь аавдаа эрхэлж, тунирхаж байгаа нь нэг л их олон бурхад тойруулчихсан хүн шиг санагдаад өөрийн эрхгүй л хайр нь хүрээд, сэтгэл нь тэнийгээд, бас эхнэрт маань атаархах ч сэтгэл төрөөд авсан гэнэ. Окей, Окей... Тийм юм байж болно шүү дээ. Хүний өөрийн нийлсэн хэдэн хүүхдүүдтэй байнга л зууралдаж явах юм даа гэсхийгээд үл тоосон хирнээ цаанаа бол их додигор, сэтгэл хангалуун сонслоо.

Бүсгүй цааш нь ингэж ярив.


Хоёр дахь удаадаа надтай нэг цэнгүүн парти дээр тааралдсан гэнэ। Нэг бараг нүцгэн шахуу, урт хөлтэй хүүхэн өвөр дээрээ суулгачихсан, түүнтэйгээ тэврэлдээд л үнгэлдээд, нэг хундагаар улаан дарс шимэлцээд л хачин байгаа хирнээ нэг гар нь хажуугийнхаа суудалд суужийгаа бас нэг хүүхний бүсэлхийгээр л тэнүүчлээд явна гэнэ। Тэгжийгаад гарахдаа огт өөр хоёр хүүхнээр сугадуулаад явчих юм гэнэ। Нөгөөх өмнө нь харсан хүн хэдий байдал дүрээрээ мөн боловч түрүүчийн уулзалтаас төрсөн сэтгэгдэл нь тэс эсрэг болоод, шал дургүй нь хүрцэн юм байх өө। За, харин энэ хаана ийм юм болсон юм болдоо। Ер санадаггүй ээ। Би ч уг нь цэнгүүн, найр наадмаас сүүлийн үед нэлээд хөндийрөөд байгаа хүнсэн। Гэхдээ, яахав। Нэг тиймэрхүү юм байсан л юм биз пдээ.... Нэг их дөвийлгөөд, товойлгоод байхын ч хэрэггүй л дээ। За, яаяа гэхэв, тэгээд өөрөө юу л гэж боднов, би ямар нэгэн тайлбар өгөх нь утгагүй байх гэлээ। Ер нь хүний ёсноос гажаагүй бол буруу юун билээ дээ..


Гурав дахь удаагаа намайг хэдэн дарга нартай хамт ажил дээр нь ирэхийг харжээ. Би харин энэ бүх уулзалтуудад өөрийг нь ер санахгүй байгаа юм. Гонжоом, зангиа болчихсон, гял цял амьтан нээх их түвшин, төлөв царайтай явж байна гэнэ. Эхлээд нэг л итгэлгүй хараад байсан гэнэ. Тэр дарга нар ажил шалгаж явсан юм байх өө. Өдөржингөө л шалгаж, ухаж төнхөж... Олон будлиантай юм гарсан юм байх. Гэтэл тэр шалгадаг дарга нар дотроос ганц би л тэр будлиантай асуудлуудыг яг голоор нь шийдээд, ээдрээ будлианыг нь маш оновчтой, санаанд оромгүйгээр оновчтой зохицуулаад явсан юм гэнэ ээ. Би бас сайн санадаггүй ээ. Уг нь ганц хоёрхон л удаа шалгалт энэ тэр гэж явсан юм. Санавал ч санахаар... Байдаггүй ээ. Бүсгүйн ярих нь, шалгалт дууссаны дараа бүгдээрээ л надад маш их талархсан юм гэнэ. Би бас санадаггүй, нэг газар шалгалтын дараа баахан архидсан юм. Бодвол тэр л талархал нь байсан юм болов уу даа. Тэгээд тэдний албан газрынхан ингэж юм ойлгодог даргатай бол ч ажил хийхэд ч урамтай, сайхан байх юм байна гэж ярьцгаасан гэнэ. Тэр ч бүү хэл ийм төрийн албан хаагчидтай бол Манай төр ч төр шиг байна шүү гэлцэцгээсэн гэнэ. Үнэн бол, нээрээ сайхан л сонсогдож байлаа. Дотор нэг юм соосойгоод л, ер нь хөхөрчихгээд ч байх шиг, хэ хэ.. Нөгөөх бүсгүй ч надтай бааранд таарсанаа цагаатгаж бодсон гэнэ дээ.


Дөрөвдэх удаагаа харин нэгэн амралтын газарт тааралджээ. Пээ тэгтэл ярих ч юм биш гэнэ. Шал согтуу, үс нь арзайчихсан. Цамцны нь нэг ханцуй урагдаад санжичихсан, задгай энгэр нь нэл цус болчихсон, бас өрөөсөн оймстой аймаар балмад бүдүүлэг хараал амнаас нь ус шиг л урсаад, бас болоогүй нэг хүнтэй хөөцөлдчихсөн тэдний өрөөнд пижигнэтэл ороод ирсэн гэнэ. Тэгээд айж сандарсан тэднийг аймшигтай догшиноор зандарч, сүрдүүлээд, шүд ам нь зуурчихсан, аймшигтай, аймшигтай, араатан шиг л байж, өнөөх хөөцөлдөж орж ирсэн нөхрөө үсдэж чирээд гараад явсан гэнэ. Гарахдаа зүгээр ч гараагүй тэр залууг хаалганы хатавч руу нүүрээр нь хэд хэд гудчаад, хамар амнаас нь цус савируулаад хонгилоор чирээд явчихсан юм байх өө. Түүнийг үзсэн мань хүүхэн айгаад, яг шоконд орчихоод, хэсэгтээ хөдөлж ч чадаагүй гэнэ. Ямар аймшигтай балмад, бүдүүлэг хүн бэ гэж. Өнөөх түүний гурвантаа харсан хүн нь мөн үү, биш үү гээд их эргэлзсэн ч яах аргагүй мөн л байсан гэнэ. За, за. Уг нь би хүн амьтантай муудалцалгүй их удаж байгаамсан. Хэзээнийхийг яриад байна даа, мэдэхгүй, энэ хүүхэн лав цаг хугацаагаа наана цаана холиж солиод байна уу даа. За, тэгээд эр хүн ер архины ад шидээр аль алдаж будилах, аархаж омогрохыг тэр гэхэв. Бас янз бүрийн хүнтэй янз бүрээр л харьцах хэрэг гардаг ш тээ, зарим нэгэнтэй нь эрээгүй явахгүй бол огт болдоггүй юм ч гэх шиг хэд гурван үг хэлж өөрийгөө өмгөөлөх шинжтэй.


Тав дахь удаагаа тэр бүсгүй нэг хувилгаан гэгээн хүнд мөргөж, адис авахаар очтол би гэдэг өнөөх аймаар балмад нөхөр чинь харин тэр гэгээн дүрийг нь харж, адис хүртэх нь олдошгүй нандин хүнтэй зэрэгцээд, хээв нэг юу ч болоогүй юм шиг сууж байх юм гэнэ. Эхлээд, энэ балиар нөхөр ямар гэгээн гэрлийг олж харах юм биш, гахайг алтан өргөөний алтан сэнтийд суулгасан ч ямар үнэ цэнийг нь мэдэх биш... Энэ гэгээн хүнийг жирийн нэг өргөл барьц харсан уншлагын ламын хэмжээнд л хүлээж авч, харьцаж байгаа даа гэж бодогдоод бүүр шал дургүй нь хүрч, бараг хэд гурван үг хэлэх шахаж.

Гэтэл бидний байдлыг харсан чинь тийм биш болоод явчихлаа гэнэ дээ. Өнөөх хоёрын чинь харьцаа ер нь их дотно, нэг зиндаанийхан мэт, нэг нэгнээсээ юм асуусан шиг, нэг нэгнээ нудралцаж наргисан шиг... Салж явахдаа тэврэлдээд л, харилцан тонголзоод л, хачин байна гэнэ ээ, бүр атаархмаар байсан гэнэ. Эн тэнцүүхэн хоёр хутагт хувилгаад шиг л санагдсан юм байх өө. Гайхаагүйрээ гайхаж, тэр бүсгүй. Үнэхээр л өнөөх балмад түрэмгий шинж миний нүүр царайнд үзээд үзээд байхгүй, нэг их сайхан налайсан, намбайсан итгэл дүүрэн, арай л гэрэл гэгээ цацарсан гэсэнгүй, тийм ном буянтай, дөлгөөн царайлчихсан байж ээ. Өө, бурхан номын газар чинь тэгэж явалгүй бол болохгүй ш тээ л гэлээ. Гэхдээ би бас тэр хүүхнийг тэр сүмд харсанаа санадаггүй ээ.


Зургаа дахь удаагаа буюу сүүлчийн удаа тэр бүсгүй надтай таарсанаа ярилаа. За, цааш нь хүнд ч ярих юм биш ээ. Юүхэв, юүхэв.... Нүүр бүү хэл хошного ч улайж байгаа бололтой.... Бүсгүй ч их хүч гарган байж ярив. Түүний ярьсаныг би энд яагаад ч дурдаж чадахгүй нь, хүч ч хүрэхгүй нь, зүрх ч дутаж байна.


Тэгээд бүсгүй ингэж асууж байна.

“- Ингэхэд чи аль нь юм бэ?”

Би гараа дэмий л алдлаад... зайлах аргагүйгээр гардуулсан хүн шиг... “Аль аль нь л? “ гэж сулхан дуугарав। Бүсгүй харин эрс шулуухнаар “Ийм юм байж таарахгүй ээ” гэлээ। Харин өнөөх найзын маань экнэр хэлж байна। “За, за, манай энүүнд/намайг хэлж байгаа юм/ ямар юмных нь ийм тийм ид шид байх юм। Манай хар юмтай нийлж гаарийдах/архидах гэсэн үг/-даа л сайн। Үүнийг нь хэрвээ муу гэвэл, надад ус, түлээ дөхүүлж өгдөг нь л сайн тал нь болох байх дөө। Өөр үүнд ид шид, илбэ жатга байхгүй ээ” гээд тас тас хөхөрч байна। Нээрээ ч муу нөхрийг нь уруу татсанаа цагаатгах гэж экнэрт нь саймшран ус түлээ хоёрт нь мөн ч их шогшсон доо, би। Харин би нэг юмыг сайтар мэдэрдэг юм। Яг үнэндээ би найзынх руугаа олонтаа зорихдоо түүнтэй элдэв дэмий юм гангар гунгар гэсэн шиг, эсвэл нэг хоёр шил юм хамжиж дамжлах гэсэн шиг харагддаг ч яг үнэндээ түүний эхнэрийнх нь тэр цайлган, гэнэн сэтгэлд нь татагдаад байдгаа анзаарсан юм। Түүний хажууд байхад нэг л сэтгэл амгалан, санаа зовох, стресстэх юмгүй яг д тэдний гурван настай сөөсгөр банди шиг болчихоод, эрхэлээд байгаагаа мэдэрдэг। Гэхдээ ямар түүнээ найздаа ч юмуу, эсвэл экнэрт нь ямар хэлэлтай биш। Сайхан хүмүүс шүү, тэд маань...

Надтай 6 удаа учиртай таарсан бүсгүйн асуултанд би өөр хариу өгч чадсангүй.

Харин дараа нь “Нээрээ би аль нь юм бол оо” гэж үнэхээр тун нухацтай эргэцүүлэн бодож үзэв। Бодоод байсан чинь сүүл сүүлдээ би аль нь ч биш болж таарч байна। Аль нь ч биш юм бол би тэгээд юу болж байна вэ? Гэсэн. Харин нойрноос сэрсэн хойноо үнэхээр ингэж бодох шахав шүү, хэ хэ.

# # Read more! #

Яг Жамуха сэцэн шиг чоно нэгийг алав

Нэг чоно алав. Гэхдээ түүнийг ХҮН-ЧОНО-той холбоотой гэж ер бодогдохгүй байна. Сайн танихгүй нэг хижээл хар хүн нэг нүцгэн толгойн өвөрт байх айлын хотонд намайг дагуулж оччихоод гэрийн эзэнд нь ч хэлэлгүйгээр тэдний сэтэртэй шар халзан иргийг нь барьж аваад нэг богинохон бөхимдуу шиндүүгээр сээр сэрвэн рүү нудраад л амандаа нэг юм уншаад байх юм. Би эхлээд яагаад байгааг нь огт ойлгосонгүй ээ. Гэрийн эзэн эр нэлээд яхир, хэцүү хүн бололтой юм, бид хоёрыг байцаагаад л байх... Надтай хамтрагч маань түүнд хэдэн үг хэллээ. Гэрийн эзэн тэр дороо зөөлрөөд л явчихлаа. Тэндээс миний ойлгосон зүйл бол, энэ хавиар нэг ТОМ ЧОНО байнга эргээд байгаа юм байна. Хүмүүс түүнийг хөөцөлдөөд алж чадахгүй ядчихсан бололтой. Харин нөгөөх миний хамтрагч түүнийг алдаг аргыг нь мэдэх юм байх өө.

Тэр айлын сэтэртэй шар халзан ирэгт нь өнөөх чонын хоол болох тарни дуудаж уншсан нь тэр юм гэнэ. Тэгээд чоно тэр тарнинд хөтлөгдөөд өнөөх ирэгийг идэхээр ирэхэд нь л барьж авах юм байна.

Удалгүй харанхуй болоод, гэхдээ тас харанхуйлсангүй ээ, сар мэлтийгээд байгаа. Гэтэл нээрээ хотны урд жалга дагаад нэг чоно улайн цайм шогшоод ирдэгийм байна. Хонь малууд үргээд л хойт нүцгэн толгой өөдөө хошууран гарцгаахад үнэхээр өнөөх тарнидуулсан шар халзан ирэг нь хотны хөлд шургаж унаад явж чадахгүй ганцаархнаа хоцорчих юм.. Хоёр гурван хүн хотны захад сүүдийтэл зогсож байгааг харсаар атлаа өнөөх чоно шууд л тэр шар халзан ирэг рүү шогшоод ирэх юм. Гэрийн эзэн бачимдаж хашгираад л, бид хоёрыг зүхэж хараагаад эхэллээ. Ганц сэтэртэй шарыг маань харсаар байж чонын хоол болголоо гээд л... Ямар ч тавьтиргүй нөхөрөв дээ. Би нөгөөх хамтрагчаа л хараад байгаа. Бидний алинд нь буу саадаг, хутга шөвөгний юм байхгүй ээ. Манай хамтрагчийн хэлсэнээр бол тэр чоныг цус гаргахгүйгээр алах учиртайм гэнэ Яагаадийг мэдэхгүй ээ. Яг нөгөөх шар халзан ирэгийг очоод хүүлээд авахынх нь өмнөхөн манай хамтрагч болох хар хүн гэнэт ухасхийж өнөөх огтор хөх шиндүүгээрээ шар халзан ирэгийг цохиод авлаа. Бүдчиж унаад явж чадахгүй байсан шар халзан ирэг чинь гэнэтхэн ухасгээд хойт толгой өөд хошуурсан сүрэг рүүгээ дэгдэчихдэг юм байна. Өнөөх чоно ч араас нь шурдхийв.

  • Бариад аваарай ... гэж хэн ч юм, нэг нь бачимдсан хоолойгоор шахамдуулан хашгирав. Мэдээж, надад л хэлсэн бололтой. Тэр шар халзан ирэг яг миний хажуугаар өнгөрсөн болохоор өнөөх чоно яг л миний хажуугаар гарах шинжтэй. Би амдаад ухасхийтэл чоно ялимгүй зайлхийгээд гэрийн арын чөлөөгөөр дайрав. Яг алдах нь ээ. Би яаж ч хичээгээд тэр чонын урдуур амжиж орж чадахааргүй боллоо. Сандрахдаа гарт тааралдсан юм аа аваад амдуулаад шидсэн нь өнөөх тарнитай шиндүү таарч... Чоно түүнээс бусгаж, эргээд яг миний хажуугаар гарахаар дайрав.

  • Би ч шийрдээд авлаа. Яг төлөг шиг л шийрдчихсэн гэж байгаа. Нэг их хүчтэй угзарч татсан юм мэдэгдсэнгүй. Амаа ангайлгаад, шүдээ арзайлгаад цээжээ надруу эргүүлэн дайрах агшинд нь муриж хий цохиод газар савж орхив. Унангуут нь багалзуур дээр нь өвдөглөөд авлаа даа, хөөрхий. Манай хамтрагч ч хамжилцаад дараад авлаа. Харин нөгөөх гэрийн эзэн ирчихээд бидэн хоёрт туслахийн оронд нэгэнт бидний доор байгаа чоныг урт доёогор хөлөөрөө өшигчөөд л муухай орилоод байх юм. Манай хамтрагчийн дургүй нь хүрсэн бололтой түүнийг хойш нь суун тустал нь түлхэж орхиод өнөөх чонынхоо багалзуур дээр нь хөх шиндүүгээ тавьж байгаад өвдөглөөд дарлаа. Боож л алах нь бололтой. Би хоёр чихийг нь гартаа ороогоод газарт наалдуулаад дарчихсан. Чонын маань том ам нь яг улаан нүүрэн дээр л ангалзаад байх. Энэ тэр үмхий самхай юм огтхон ч ханхалсангүйг бодоход тэр чоно лавтай нэг учиртай бололтой.

  • Чонын хоёр нүд нь гөлтгөнөөд л хоолой нь хяхнаж дуугараад байхаас биш үхдэггүй ээ। Зөндөө л нухлаа, хөөрхийг॥ Түүнийг тийм том чоно л гээд байсан, биеэр л их том болохоос биш уг нь гөлгөн чоно байх юм। Хэдий араатан чоно ч гэсэн гөлөг, нялх амьтан болсон хойно тэр нүд энэ тэр нь хөөрхий, бас их гэнэн бүлтэгнээд л...

    Та нар намайг яагаад л байгаам бэ дээ гээд ч байх шиг...

    Энэ амьтаныг ингэж зовоож байх гэж, бушуухан амийг нь тасалчихаж чадахгүй гэсэн юм бодогдоод, Нөгөөх хамтрагч маань амин газраас нь арай л өөр, хүнээр бол төвөнхнөөс нь нэлээд доохнуур дараах байх шиг санагдсан тул чонын чихийг түүнд бариулж байгаад өөрөө хөх шиндүүг нь авч, яг багалзуур, аман хүзүү, хатан хүзүү хоёрынх нь заагаар нужигнатал нь дарж орхив। Чонын дөрвөн хөл хэд хүчтэй сарвагнаснаа аажмаар суларч эхэллээ. Хөөрхий, хэдий чоно ч гэсэн бас өрөвдмөөр юм аа॥ Одоо амьтан энэ тэр алахаас нээрээ зүрх халирдаг болчихжээ. Харин энэ чоныг яах гэж алсанаа ер ойлгосонгүй. Яагаад тэр чонын цусыг нь гаргалгүй, өнөөх Жамуха сэцэн шиг битүү алж байгааг нь ч бас ойлгосонгүй. Юутай ч тэр чоно тэнгэрийн чоно байсан байх гэж санагдлаа... Одоо араас нь маань уншаад л суужийна даа... Харин энэ чоно өнөөх надтай өнө удаанаар хөөцөлдөөд байгаа ХҮН-ЧОНО-той ямар ч холбоогүй байх гэж бодогдоод байгаа.

# # Read more! #

Wednesday, May 9, 2007

Ади буцаж ирсэн нь... - I

Зөөлхөн, илчтэйхэн гараа аль...
Зөрүүд, бардамхан амраг минь
Дахиад л чамаасаа хагацахаас даа...


Борооны жижигхээн дуслууд уйлагнан дусалсан тэнгэрийн доогуур, шалбааг шалчиг болсон явган замаар онгож гандсан урт цувтай замын хүн үүргэвчиндээ түүртэж, үл ялиг бөхөсхийн алхасаар нэгэн гацааны зах руу орж ирэв. Замын хажуугаарх моддын мөчирт хэсэг бусаг манан орооцолдоно. Алхах тусам шалбааг үсчиж, явдалд үрчсээр цоорчихсон бор бааздуухан гар хийцийн үхрийн ширэн гутал дотор нь ч тэрхүү шалбааг шалчигнан, оймсгүй нүцгэн хөлөөс нь зууралдаж, хүндрүүлэх аж. Энэ өнчин тэнүүлч энэ хар усан борооноор хааш, юуны учир зоринов... Бүдчин, сөхчин хааш зүтгэлнэв гэн хөндлөнгөөс харсан хэн нэгэн өрөвдөн халагламаар... Духдуулж дарсан юүдэнгийн доороос зүрхшээнгүй, алжааж туйлдсан царай төрх тодрох нь хөөрхий, юутай танил төрх байв.
Замын хүн шалбааг үсчүүлэн алхсаар суурингийн төврүү чиглэн чулуу дэвссэн замаар оров. Тэрээр энэ замыг сайн мэдэх нэгэн аж. Ийш тийш харалгүй өнөөх замаар шулуухан бөгтөгнөн алхсаар үүдэн дээрээ сүрхий том саравч-дачтай уушны газрын үүдэнд ирж, юүдэнгээ буулган усыг нь нэгэнтээ сэгсрээд өнөөх дачны нүүрэн талд байх бас л сондгой өнчин ганц ширээнд суулаа. Үүргэвчээ буулган хөлийнхөө дэргэд тавчихав. Бороо үргэлжилсэн энэ өдрүүдэд уушны газарт нэг хоёрын зэрэг үйлчлүүлэгч байсан ч тэд живэргэн сэрүүнээс дайжин, дотор тухалцгаагаад, тэрхүү асарын доорх ширээ сүүлийн хэдэн хоногт тувт эзгүй... Уушны газрын үүдэнд хэвтсэн гувчгар жингэр гян гян дуугарахад эзэн эр шинэ үйлчлүүлэгч ирсэнийг сая л нэг харж, энэ хүйтэн сэрүүнд гадаа суусанд нь амандаа мажарын хуучны хараалыг үглэсээр, тэгэхээс тэгэг гэсэн шиг хөлөө зөөж ядан дэргэд нь очив. Үргэлж гайхсан царайлж явдаг энэ урт эрүүтэй дохигор эр шинэ зочныхоо дэргэд очоод өнөөх гайхагч царай нь гэнэтхэн зэвхий даан, эгдүүцэн бухимдсандаа арайтай л тэр тэнүүлчийн нүүр өөд нулимаад авчихсангүй. Гайхаж мэнэрсэн нь туйлгүйн дээр уурлаж эгдүүцсэн эзний тэрхүү хачин төрхтэй болчихсон царайг шинэ зочин харсан ч үгүй, харсан ч тоох ер шинжгүй, гудамжны цаадтай байх багашаархан дүнзэн байшингийн зүг хараа тавьсан хэвээр эгэлдсэн шар элгэн хэтэвчээсээ бүхэл зоос гарган ширээн дээр хангир хийтэл шидчихэв. Уушны газрын эзэн зоосыг ухасхийн шүүрч аваад шалмаг эргэж, удалгүй хэв нь алдагдаж, далбийж дэлбийсэн том цар дээр будаг нь халцарч, ирмэг нь эмтэрч, мөлийсөн модон аяга тавьж, мөн хөх тарианы бараашиг-квас хөөсөртөл нь дүүргэсэн гуулин данхны хамт авчирч шинэ зочныхоо ширээн дээр чимээгүйхэн тавьчихаад буцлаа. Тэгээд цонхныхоо цаана зогсож, бас ч үгүй орсон дариудаа хэн ирсэнийг ойр хавийнхандаа зарлаад амжиж, бүгдээр цонхны цаана эрээгүй овооролдон хөөрхий тэр тэнүүлчийн хөдөлгөөн бүрийг хомхойрон ширтэцгээж эхлэв.
Мөнөөх эр модон тагшаар браашиг дүүргэн түүнээ удаан шимэн шимэн ууна. Урт холын замд чилж, ядарсан хөлөө ширээний доогуур сул жийжээ. Долгиолсон урт нойтон үс нь нүүр царайг нь халхлан унжих агаад, уг нь эмэгтэй хүнийх, гэхдээ бүүр уран цэмцгэр, эсвэл зураач, хөгжимчин хүнд л баймаар цэвэрхэн уран гоолиг хуруу бүхий гараараа хааяа нүүрээ шувтран илнэ. Харин энэ хооронд тэрээр өнөөх гудамны цаадтайх байшингаас огтхон ч хараа салгасангүй. Тэрх байшин хямд эдээр хийсэн ч цэвэрхэн цагаан хөшиг татаастай, гудамж руу харсан хоёр цонхтой бөгөөд эзэн нь тийм хангалуун, тансаг биш ч нямбай, чамбай хүн болохыг илтгэн илүү дутуу юмгүй, энгийн даруухан, цэмцгэр аж.
Тэнүүлч эр суусаар, энэ хооронд уушны газрын дотор хурц ширүүн үг улам тод дуулдах болж, хүмүүс маргалдан, өнөөх муу тэнүүлчийг шүүн хэлэлцэж эхлэв. Өглөөнөөс хойш уушны газрын буланд покер эргүүлэн суусан, нэг нь хөдөх царайны бүдүүн эр, нөгөө нь ч мөн түүнээсээ дээрдэх юмгүй, гэвч нөгөөхөө бодвоос илүү амгалан, магадгүй цайлган ч байж болох царайтай эр хоёр тэдний дундаас хамгийн ихээр эгдүүцэн хашгиралдацгаана. Тэдний нэг нь
- Энэ тэнүүлч хаа нэгтээ үхэж хатчихаагүй бас явсаар л байдаг юм байх даа... Муу юмнууд үхэж далд ордоггүй, энэ ч долоон голтой байгаа л даа, харваас....
- Хүнийг зовоож ханадаггүй энэ муу тэнүүлчийг дахин харсан энэ муу хоёр цийхэмэрдээ гомдож байна гэв. /Харахгүй ч байж болно ш тээ гэж би дотроо бас тэнүүлчийг өмөөрөөд хэрэлдээд байгаа, хэ, хэь даанчиг тэд сонсохгүй нь гачлантай/ Уушны газрын эзэн өнөөх гайхсан царайт эр:
- Энэ тэнэмэлийг ирэх бүр манай квас огтхон ч исэхээ байчихна шүү, гэн халаглав. /Яг үнэндээ бол харин ч улам сайн исч, бас болоогүй орлого нь ч нэмэгддэгийг тэр дотроо хүлээн зөвшөөрдөггүй гэжийгаан.../
- Энэ одоо яах гэж, юугаа хайж дахиж наашаа доншуучлаа вэ? гэхэд... нэг нь уушны газрын эзэнд хандаж
- Ханс аа, чи үүнд яах гэж квас зөөн бөгтөгнөнө вэ? үүдээрээ ч шагайлгахгүй хөөж байх хэрэгтэй. Тэгээд байвал дахиж үзэгдэхгүй байж мэднэ.
- Яг тийм, үүнийг ер нь дахин манай нутгаар ирэхээргүй болтол нь хашраагаад хөөж явуулах хэрэгтэй. Хөөрхий түүнийг бүүр алж гүйцлээ. Хөндлөнгөөс нь харж байгаа бидэнд ч хэцүү байх юм аа. /Би бас дотроо эдэнтэй маргасан, яг ш тээ, та нарын хэн ч тэр тэнүүлчийн өөдөөс эгцэлж харж чадахгүй байж, ганц гарынх нь ширвэлтэнд ханараад өгөхөө мэдэхгүй байж бас том том бүлтэрцгээх юм аа, та нар яг хөөж зүрхлээч.... Худлаа л сүрийг үзүүлцгээгээд/
- Биднийхээ ганц сүр сүлд болсон хүн маань тэгээд ийм амьтаныг хүлээсээр цэцэг шиг сайхан насыг барлаа шүү дээ. Тэр ганцаар түүгээрээ өнгөрдөг бол ч бас яая гэхэв. Манай суурингийн хамаг сайхан залуус ч түүнийг харсаар бас хатаж гүйцлээ. Тэр Максын дунд хүү, багш Жиоржиа гээд бидний сор болсон залуус түүнээс болж амиа алдлаав шүү...
- Юүхэв, юүхэв... Манай хүү энэ хүүхнээс болоод эхнэр хүүхдээ харахаа болиод, энэ нэг юм нь нийлж ханилаад явдаг бол муу хүү маань хаанаас тийм юм болоов гэж..
- Ганц танай хүү ч биш ээ, манай залуус эхнэртэй эхнэргүй, хүүхэдтэй хүүхэдгүй бүгдээрээ шүлсээ гоожуулсаар бүүр сүүлдээ гоожуулах ч шүлсгүй болсон. Тэр чүү хэл манай Ханс ч бас гуйгаад авсан.
Уушны газрын эзний царай зэвхэсхийж, гал тогооны өрөө рүүгээ хяламхийснээ,
- Би бас хэн хэн гуйгаад, сөхөрч, уйлсаныг нь мэднэ шүү. Чамайг хараагүй юм гэж бодно уу. Чиний дараа том хүү чинь ....
- Ханс аа больё... би хэлээгүй шүү...
- Тэр ч үнэн шүү. Энэ хүүхэн хэрвээ эр нөхөртэй болчихсонсон бол юунд манай залуус дэмий юм харж, үймэлдэцгээх вэ дээ.... Хөөрхий эхнэрүүдийн, бэрүүдийн маань сэтгэл ч нэг амрахсан билээ.
- Энэ манай түүнд байгаа юм биш ээ, хөөрхий түүнийг илбэдчихээд байгаа энэ муу тэнүүлчид л хамаг учир нь байгаам....
- Ганц түүнийг биш ер манай тосгоныг ч сүйрүүлж байгаам, энэ муу тэнүүлч...., муу ер шингэсэн... чөтгөр шулмын бүрэлбаа, та нар хараарай, нүдийг нь нэг тийм, дотор зарсхиймээр....
Эдний яриаг хэрвээ хөөрхий тэр тэнүүлч сонсдогсон, өөрт нь энэ тосгоныхон ийм их алергитай болчихсоныг мэддэгсэн болов уу. Гэнэт
- Хохино, хохино, тэр өөрөө ийм тэнэмэл амьтаны юунд нь болоо вэ, хохино ээ, хохино гэж түрүүнээс хойш дуугүй, гэхдээ хорсож занасан нүдээр тэнүүлчийг тасралтгүй ширтэж зогссон хүрэн сахалтай гоогохор залуу гэнэт багтран хашгирав.
Өнөөх тэр нэгнийг өрөвдөцгөөж байгсадын ярианы хандлага нэлээд хазайж,
- Нээрээ тийм,
- Өө, тэгэж байхтайгаа таарсан...
- Энэ муу тэнэмлийгээ дагаад яваад өгөхгүй, тэгвэл бидний сэтгэл ч амарна.
- Тиймээ,
- Хоёуланг нь холбож хөөгөөд....
Харин энэ яриа цааш өрнөж чадсангүй. Яг үнэндээ тэнд цуглагсад тэрхүү хэн нэгэн бүсгүйг байхгүйгээр энэ суурингаа төсөөлж чадахгүй болчихсон хүмүүс.
Тэгээд ч тэд тэрхүү тэнүүлчид улайм цайм халдаж чадахгүй хүмүүс. Нэгэнтээ, хоёр жилийн өмнө зүүн фермерийн эзний хүү, өмнөд фронтоос энгэр дүүрэн одонтой ирсэн гунагар шар залуу тэргүүтэй тав зургаан залуус энэ тэнэмэлийг хөөх гэж үзээд хөгөө чирсэн түүх суурингийнханы ой дурсамжаас хараахан арчигдаагүй яваа. Тэнэмлийн тэр эмэгтэй хүнийх мэт ганган цагаан гар хуруунд ямар их тэнхээ чадал нуугдаж байгааг тэд айж, мэгдэж, сүрдэж бахдаж харсан нь одоо ч тов тодхон ажээ.
Энэ хооронд өнөөх тэнэмэл өөрийнх нь тухайд ийм таагүй зүйл хэлэлцэж буйг огтхон ч төсөөлөөгүй, ер нь энэ суурингийнхан өөрийнх нь тухайд хэрхэн яаж хандах нь огтхон ч хүртээлгүй мэт браашигаа шимэн суусаар л, өнөөх байшингийнхаа зүг ширтсээр л байв. Харин байшингийн цонхны хөшиг нэгхэн удаад үл ялиг хөдөлсөнөөс өөрц юм өөрчлөгдсөнгүй.
Суусаар, нэлээд удсаны эцэст тэнүүлч эр босч, бүсээ даран цээжээ түхийлгэн нэг сайтар амьсгал авсанаа, үсээ хойш нь яран хуруугаараа самнамар болов. Түрүүнээс хойш нэг бол юүдэнд, эсвэл урт гогцоорсон үсэнд нь халхлагдаад байсан тэрхүү танил царай харин нэг ил болоход, тэгсэн тэр муу гадуурхагдсан тэнүүлчин чинь хөөрхий би байж байх юм. Ингэхэд би яагаад тийм тэнүүлч болчихсон, одоо хэнийг зорьж, энэ суурингийнханы хараал зүхлийг барах болсоор байгаагаа ч ойлгохгүй нэгэн. Яах л аргагүй би сууж байна даа, хөөрхий. Түрүүнд би хөндлөнгөөс л өөрийгөө хараад байж. Одоо бол би өөрийгөө хөндлөнгөөс харахгүй байна аа, тэр намайг зүхэж байгаа ард түмнүүдийн зүг ч харах шаардлага алга. Саяхан намайг хэлсэн үгийг нь би хажуухнаас нь сонсочихсон юм чинь.
Харин би яах гэж энд ирсэнээ, юуны тулд энд байгаагаа ойлгох гэж буцаад хэсэг суув... Ер нь ийм хачин тохиолдолд надад үе үед учирдаг, гайхаж хачирхаад байх ч юмгүй, харин ямар зорилготойгоо л ойлгосонгүй.
Тэгээд би бослоо. Үүргэвчээ авч мөрөвчлөөд, юүдэнгээ гартаа базаад даачнаас буув. Сүүлчийн шатан дээр гишгэхдээ тэсгэлгүй эргээд, араас минь ширтэж байгаа тэдгээр хүмүүсийг хараад авав. Цонхны цаана бөөгнөрөлдөж байсан хөөрхий хүмүүс хүний нүүр харсан чонын гөлөг шиг л гөлөгнөцгөөж, зарим нь дав дув хийн, доош суун тусаад, зарим нь нэгнийхээ ардуур орох гэж ядах аж. Гашуунаар тачигнатал хөхөрмөөр болж ирсэнээ, тэгсэн ч үгүй, нэг муухан мушилзаад, тэдэн рүү гараараа дохичохоод зам хөндлөн гарч өнөөх түрүүнээс хойш харж суусан байшингийнхаа үүдэнд очлоо. Зүрх догдлон, жингүйдэж буй мэт, гар салганан буйгаас өөр юу ч би мэдрэхгүй байна.
/Үргэлжлэл бий/

# # Read more! #

Thursday, May 3, 2007

Энэ удаад нууцыг хараахан нээж чадсангүй... Гэхдээ нэг алхам...

Алтайн өвөр говьд, яг тодруулбал Захуй Зармангийн говийн цаадтай, Идрэнгийн хөндлөн хөх нурууны яг зоон дээгүүр нь даваад нэлээд явж, өнөөх алдарт Цэнхэр Номингийн говийн зэрэглээ захлах тэр л хязгаарт нэгэн нууцлаг орон зай буй. Ердийн цагтсан бол байдаг л нэг зэрэглээ наадсан, зээр хулан гүйлдсэн, заг бударгана нь оолон цоолон үргэлжилсэн улаан хоолой байх, гэвч заримдаа ....
Би тэр газарт хэрэг болгож хэдэнтээ зорьж очсон юм. Очих бүрдээ тэрхүү нууцлаг орон зайд нэвтрэхийн туйлын их хүслэнгээр яг л тэр хатмал ангамал говьд ус эрсэн тэнүүлчин шиг л ангаж цангаж тэмүүлдэгсэн. Гэвч нэгэнд нь ч тэр надад үнэн дүр төрхөө нээж үзүүлээгүй билээ. Тэндээс буцах бүрдээ цээжиндээ балар балар таамаг, түнэр түнэр гунигтай ирдэгсэн. Мэдээж хэрэг, бодит байдал дээр биш л дээ...
Хүмүүсийн бодит гэдэг тэр байдал дээр бол би тэр Идрэнгийн нурууг алсаас Баянтооройгоос дурангаар нэг харсан, харин Захуй зармангийн говийн хойт захыг эмжээд морь, тэмээтэй ч, мотоциклотой ч, өвөл ч, зунаар ч нэлээд хэдэн удаа тэнүүчлэн явсан юм. Тэгэж явахдаа Цэнхэр Номингийн говийн хараа алдрах хээл рүү өөрийн эрхгүй санаашран ширтэж, тэнд ямархан нэгэн нууцлаг совин буй, магад хэн нэгэн буй мэт зөн төрж, санаа алдан алдан, хөмсөгөө зангидчихаад нэгэн битүүлэг тэгшитгэлийн хариуг олох гэсэн мэт удаан суудаг байж билээ. Тэр баларлаг нууцат говь цөлийн хээл рүү надтай хамт зүрхлэн, эсвэл тэнэгрэн тэнүүчлэх бүдүүн зүрхтэйгээс гадна бүтэлгүй сонирхолтой хань нөхөр надаас өөр надад олдоогүй учир би тэрхүү цаг ямагт сэтгэлийн үзүүрээс хөвөрхий утас хөвчих шиг тийм гуниг сэмрүүлэн даллах тэр аглаг руу ганцаар зорьж зүрхлээгүй юм. Тэгсээр хэдэн жилийг үдэж, дараа нь тэр хязгаараас холдон одож, одоо бол энэ бөмбөрцөг дээр холдож болох хамгийн хол зайд, яг бөмбөрцөгийн нөгөө эсрэг талд нь гарчихсан, зөвхөн санамж, дурсамжин дотроо л тэрхүү аглагийг эрэлхийлэх бөлгөө.
Харин би зүүднийхээ ертөнцөд бол тэр газар луу зүрх зориг гарган хэдэнтээ зорьж билээ. Тийш очих зам ганцхан. Зам ч гэж дээ, ямар ч зам байхгүй, зүгээр л тэр газар луу ганцхан талаас нь л, тодруулбал зүүн хойт талаас нь нэгэн хадархаг үргэлжилсэн намхан гүвээ дагасан нарийн цагаан хоолойг дагаж очих ганцхан боломжтой. Харин тэр боломжийг хэн анх надад зааж, газарчилсаныг би одоо санадаггүй юм, анх удаа тийш зорин зүтгэснээс хойш их олоон жил, бараг хориод жил болжээ. Тэр үед би ямар зүүд мүүдээ одоогийнх шиг тэмдэглэдэг байсан биш.. Машинтай явбал тэр цагаан хоолойг яг 13 хоногт туулдаг, анхны удаа би ямар унаагаар тийш явсанаа санадаггүй юм, харин сүүлчийн удаа, 4 жилийн өмнө АНУ-д ирсэн хойноо тийшээ би Орос ах нарын бүтээсэн ГАЗ – 66 гэдэг машинтай явсан юм. Энэ ч ёстой л хад, бартаа, цөл говь, хэцүү бэрхийг гэтлэхэд л бүтээгдсэн унаа юм билээ. Тэр 13 өдөр явж туулдаг урт цагаан хоолойн яг тэхий дундаас нь өнгөрөөд цааш нэг бүтэн өдөр, хагастай явахад бяцхан хар дэнж дээр хэдэн хуучин дүнзэн байшин бий. Ийм их цөл говийн гүнд хаанаас нь тийм хар мод авчирч байшин барьсан нь сонирхолтой ч түүнээс илүү нь тэдгээр байшингууд бүгд эзгүй атлаа өглөө орой, өвөл зун хэзээ ч очсон дөнгөж минутын өмнөхөн л хүмүүс цай хоол болж, гал түлш өрдөж байсан нь илт, хуучин цагаан орны шар цэмбэн бүтээлэг дээр сууж байгаад боссон хүний суудалд дарагдсан цэмбэний ширхэгүүд дөнгөж босч байх, хэрвээ алгаараа түүн дээр нь дараад үзвэл бүв бүлээхнээрээ байх, бас гал нь түжигнэтэл асч, бас хэн нэгний санаа алдсан хэнгэнэлтийн цуурай дүнзэн байшингийн хүнхэр таазнаас хараахан замхараагүй байж байдаг юм. Харин, бараг 7 жилийн өмнө шиг санагдаж байна, нэгэн удаа намайг шөнөөр тийш очиход байшингийн гадаа хүүхдүүдийн шуугилдах дуу нь сонсогдож, дугуйтай хүүхэд хажуугаар сүрдхийн өнгөрсөн юм. Гэвч би аанай л хэнтэй ч тааралдаагүй, нэгэн байшингийн цонх гэрэлтэй харагдсанд очиход дотор хүмүүс шуугилдаж байвч, орж очиход хэн ч байхгүй, зөвхөн ширээн дээрх лааны дөл л дэргэдүүрээ гарсан хэн нэгний салхинд дальдичин байсансан. Тэр төмөр замын өртөөнд байдаг шиг эгнүүлж барьсан арваад байшингаас цаашаа хагас өдөрчийн газар явахад нэг нүсэр том балгас бий. Тэр бол хот суурингийнх гэхээсээ аварга том үйлдвэрийнх гэмээр.... Би Эрдэнэтийн ГОК-оос өөр том үйлдвэр үзээгүй хүн, гэтэл тэр балгас ГОК-ийн хэмжээнээс даруй 10 дахин том. Түүнийг тойроод гарчих газар бий, тэр нь тэрүүхэндээ их нууцлаг учир анхааралтай явахгүй бол анзааралгүй өнгөрчихөөд, тэрхүү балгасан дундуур орохоос өөр аргагүй болно. Тэгээд тэр балгасан дундуур орчихвол хэсэгтээ л хараал, ширээлээ барж, зовох болдог юм. Би хоёр ч удаа тэгэж орчихсон. Харин тэр балгаснаас гарч явахдаа, чухам одоо яг нарийн санахгүй байна, нааш буцахдаа билүү, очихдоо ч билүү, хоёр жаахан хүүхдийн барааг хараад л алдсан юм. Том нь охин хүүхэд байсан, 7-8 насны орчим л болов уу, харин бага нь хүү, охины алин болохыг би ялгаж чадаагүй, тэдний араас хашгиран дуудан гүйсэн маань тэднийг айлгачихсан уу, эсвэл угаасаа тэд тийм үргэмтгий, чочимтгой юм уу, намайг харангуутаа л хэсэг нуранги хананы цаагуур орчихсон, намайг дэгдсээр тэнд нь очиход мөр, ул ч үгүй хичнээн хашгичин дуудсан, өхөөрдөн энхрийлсэн ч хариу өгөөгүй билээ. Гэхдээ би тэгэхэд тэр хоёр хүүхэд аль нэг нурангины цаанаас намайг маш анхааралтай ажиглаж буйг мэдрээд л байсан юм.
Тэрнээс цаашаа хэсэг явбал өнөөх урт нуруу маань шувтарч, түүний үзүүрээр, яг л нөгөөх Алтайд бол Төмөр хавын үзүүрээр тойрдог шиг, эсвэл далайгаар бол Сайн итгэлтийн хошууг тойрдог шиг л жижигхээн хөх довцогын шилээр даваад тойрчихно. Харин тэр хөх довцогоос урагшаа юу байгаа нь мэдэгдэхгүй, харанхуй хар манан хөшиг, эсвэл хачин сонин зэрэглээн хөшиг өдөр ч, шөнө ч үргэлж мөнхөд татаастай байна.
Өнөөх яг зорьж тэмүүлээд байгаа газар маань тэр л Хөх довцогын шилээр даваад л байх учиртай. Цаашаа, өөр ямар нэгэн газар байх боломжгүй. Зам бүхэн Ром хүрнэ гэдэг шиг зөн бүхэн зөвхөн тэр жижигхээн хөх довцогын цаана байх хонхорыг л заадаг, яг л луужингийн улаан зүү умард зүгийг алдалгүй заадаг шиг.... Би тэр шилээр хэдэнтээ давсан, давах бүр ямагт умар зүгийг зааж байсан луужингийн улаан зүү өнөөх умард туйл дээрээ яг яваад очихоор зүг чиггүй болон төөрчихдөг шиг л миний зөн хаашаа ч үгүй төөрчихдөг юм. Зорьж ирсэн газар маань мөн болохыг би хичнээн сайн мэдэж, мэдэрч байвч, түүнээс ч илүүгээр тэнд буй тэр зүрх сэтгэлийг минь цаг ямагт даллан дуудаж, зөн совинг минь үргэлжийн мөнхөд тарчлаан зовоогч тэр зүйл надад харагдахгүй, нууцаа нээхийг хүсэхгүй байгааг мэдэрдэг юм. Тэгээд л аргагүйдэн буцдаг билээ. Ийн хэдэнтээ тэндээс буцсан. Буцах бүрдээ дахин ийш зүглэхгүй хэмээн өөртөө бат нот итгүүлж явдаг ч нэг л мэдэхэд тийшээ зүглэчихсэн байдагсан.
Харин энэ удаа би тэрхүү газар юу юу байгааг хальт ч болох хараад амжлаа. Харин юу харсанаа хэлье юу, байя уу, эргэлзээд байна. Учир нь хоёр зүйлд, нэгд тийм зүйл харсан гэдэгт маань итгэх хүн олдох болов уу, Би уг нь хаширлаад зургийн аппараттай явсан юм. Тэгээд үзэгдсэн бүхний зургийг дарсан ч харамсалтай нь бүх кард цав цагаан... Нөгөө нэг учир нь хүн ер нь тийм зүйл харсан үзсэн гэдгээ хүн амьтанд хэлдэггүй юм гэнэ лээ, сайн муу болдог гэж нэгэнтээ сонсож байсан шиг санагдаад...
Гэхдээ энэ удаад миний харсан зүйл бол тун хальтхан.... Харин энэ удаагийн аяны маань хамгийн чухал нь, бас миний сайн мэдэж, мэдэрсэн нь би тэр нууцын оронд нэвтэрч болох юм байна, тийм боломж байгаа юм байна гэдгийг л мэдэрсэн маань хамгийн чухал байна. Зүрх сэтгэл маань хөндүүрлэж байгаа цагт цөхөрч л болохгүй нь ээ.

# # Read more! #

Орчлонгоор дүүрэн өрөөсөн оймс...


Сэрүүлэг тачигнаад л, тачигнаад л байх шиг байсан, за босно доо, одоо л босье гэж нойрондоо хоргодсоор, нэг өндийх гэж, босох гэж, нүдээ нээх гэж оролдсоор байгаад хичнээн ч өдөр сарыг өнгөрөөчихөв өө। Арай гэж нэг юм орноосоо босоход толгой эргээд гуйваж байна аа। Цаг аль хэдийнэ өнгөрөөд, хичээлээсээ лавтай хоцорч таарлаа। Дөнгөж эхэлж байгаа хичээлд анхнаасаа л ингээд хоцроод эхэлбэл өнгөрсөн жилийнх шигээ хөөгднөө гэсэн үг, тэгээд дахиад шанс байхгүй болж, дэвтэр номоо тэврээд эх орон руугаа гүйгээд, буцах замын зардалгүй хүн чинь одоо хоёр зээрдээрээ л явж таарна даа... Яаж шуухан тэр Номхон гэдэг далайг нь гатална аа... Цагтаа тулахаар яг номхон байж харагдаач... Намайг, хөөрхий минь энэ муу нэг ядарсан монгол, агаар тэнгэрээр нисч чадахгүй болчихоод л өөрийнхөө өртөггүй унаагаар нутаг гүйж, зуларч яваа юм гэж огтхон ч өрөвдөхгүйгээр бол юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлж байгаад л ганцхан ХҮҮП гэчихнэ дээ। Яаран сандран хувцаслаад гарах гэтэл.... Гэтэл өрөөсөн оймс маань алга। Ядарлаа ядарлаа гэхэд арай ч өрөөсөн оймстой хичээлдээ явалтай биш дээ। Орон доогуур, шакафанд, номын шургуулганд..., гээд өрөөндөө байх бүхнийг онгичоод онгичоод олдоггүй, онгичсон бүхнээс маань өч төчнөөн оймснууд гарч ирэх атлаа, бүгдээрээ өөр өөр юм, тэднийг авч ардаа шидэлсээр байтал өрөөгөөр маань дүүрэн л өрөөсөн оймснууд болчихлоо। Өрөөнөөсөө гартал коридороор дүүрэн оймснууд хөглөрч байх юм, бас бүгдээрээ өрөөсөн, гарт маань байгаатай таарах нь нэг ч үгүй, цаашлаад явтал ОО-ийн өрөө, коридор, ливинг рүүм, гал тогоо, харанхуй өрөө, ер байдаг бүгдээр дүүрэн өрөөсөн оймснууд... ширээ сандал, плитка, ТВ дээр хүртэл өрөөсөн оймнууд намирч байх юм। Тэдэн дотроос өрөөсөн оймсоо хайж, бүгдийг нь нэг бүрчлэн цөхрөнгөө бартал эргүүлж үзээд олсонгүй। Гартаа ганц оймсоо чирээд гадагш гартал үүдэн дээрх арцны бут, том ногоон гацуур шинэ жилийн гоёлоо зүүчихсэн мэт өнгө өнгийн өрөөсөн оймснуудаар гоёчихож। Намирах нь намирч, салбагнах нь салбагнаж байх юм। Явган зам, зүлэг, айлын цохны тавцан, граашын дээвэр, машиныг маань хүртэл өрөөсөн оймснууд дарчихаж॥ Цаашлуулаад харвал машин замууд, гудамны цаадах урт саарал стореж хүртэл эрээн алаг болтолоо оймсоор даруулчихажээ॥ Түүний цаана байх Best Buy дэлгүүрийн реклам хүртэл оймс болчихож॥ Цааш явахын ч шаардлага алга। Энэ орчлон ертөнц бүхлээрээ өрөөсөн оймнуудаар дүүрчихсэн гэдэг нь ойлгомжтой। Ийм замбараагүй юман дотроос чинь би яаж өрөөсөн оймсоо олох юм бэ? Таминь ээ. Ёстой галзуурмаар юм... Би цөхөрч байна, миний тэнхээ тамир барагдаж буй бололтой, нэг юм салганан санжигнасаар хаашаа ч юм хэд алхаснаа, за, төвөг, төвөг, эргээд орон нээрээ нам унаад өгөх шиг зөв шийдвэр алга гэж бодогдоод буцаад орлуугаа... Нээрээ, заримдаа энэ орчлонгийн ааш нь олдохгүй үнээр зовоочих юм аа. Энэ удаа яг л янаглан хорлолоо шүү. Тэгээд энэ зүүд л байгаасай даа гэсэн шүү горьдлогыг нэг муухан шүүрч тэвэрсэн болоод дэрэнлүү муу толгойгоо чулуудчихав...

# # Read more! #