#

Thursday, November 5, 2015

ОРГИЛ ӨНДРИЙГ САНААШРАХУЙ


Агдаж багтарсан үй олны дунд амь тэмцэн, гайхаш тасран
Алхам бүрд бачимдал, хяслаант дажины орилоон сонсогдохуй дор
Алс уулын цасан хялмаант халил цагаан оргилыг 
Аяа, амгалан зөвхөн тэнд л буй хэмээн эрхгүй санааширнам...
.
Цасан хуйларч, шуурга нижигнэн буй за, тэнд
Цахилах аянгын нүргээн дор аадар асгарч буй за, тэнд
Нарны гэрэл дураар наадах тэнд 
Навчис хийсэн хийсэвч үл хүрэх буй за, тэнд
.
Худал хуурмаг үгүй буй тэнд, хатуу бөгөөд гашуун үнэн л бий
Хувьчхан мунхаглал үгүй буй, эрэмгий хурц л зөвхөн бий
Атаа хорсол, жөтөөрхөл үгүй билээ тэнд, асралт сэтгэл л бий
Амь тэмцсэн тэчьяадал ч үгүй тэнд алдар нэр, гавьяа ч хэрэггүй буй
.
Жавар хялайж эр тэвчээр шалгах тэр халил оргилд
Хорсол, доромжлол хийгээд мунхаг бүхэн үл тэснэм
Салхин исгэрч, хүч зориг шавхах тэнд 
Хоосон ихэмсэглэл, бардамнал хийгээд өчүүхэн бүхэн хийсэн одном
.
Оргил өндрийн цавчим элгэнд нь омголон бүргэд үүрээ заснам
Оготно зурамхан мэт оор цоорхон дор үл харагднам
Орь ганцаардал нь харин эрхэмсэгээр чимнэм түүнийг
Орчлонгоос халихдаа ч энгүүн хийгээд идэрхэг золбоолог байнам тэнд...
.
Хөлчүүрхэж, анд минь хэмээн хэн ч тэнд дотносдоггүй,
Хөөрхий минь, тэр минь гэж хэн ч тэнд өрөвдөлт дуугаар гоншигнодоггүй 
Хөхрөгч тэнгэрт, хязгаар үгүйд тэмүүлэгч гэж харин мэргэд шивнэнэ
Хүй олны бачимдалт хашгираан, түүний цуурай, алга ташилт ч үл хүрнэм тэнд...
.
Оргил өндрөөс зөвхөн оргил өндөр л ихэмсэгээр харагдах буй за,
Оргилд өндөрт зөвхөн орь ганцаардал л эрхэмсэгээр орших буй за,
Оргил өндрөөс зөвхөн орчлонгийн аугаа нь гайхам нээгдэх буй за
Оргил өндөр өөд зөвхөн осолгүй үнэн зоригтнууд л тэмүүлэх буй за,
.
Цасан хуйларч, мөнхөд гялтагнах оргил гэгч
Цайлган тэнэгийн үл мэдэх, хувь дутах оршихуй...
Өршөөл үгүй шударга хууль тэнд буй учир
Өнөд зүрх сэтгэлийн минь орь хүслэн болдог буй за...
2015.11.03
.

# # Read more! #