#

Wednesday, December 29, 2010

Зарим нэгэн нууцлаг гайхалтай газрын тухай


Хаа нэгтээ байх нэгэн нууцлаг оршихуйн зүг мөн ч олон удаа зорьж, зүтгэсэн боловч одоог хүртэл би тэнд хүрээгүй л явна. Гэхдээ өөрийн мэдэлгүй хараа минь тийш чиглэж, хөлийн минь гишгэлт тийш хазайгаад байдаг болохоор, тэндээс ирэх хуурай хөх салхины үнэрийг хааяа ч болов санадаг болохоор өнгөрүүлж буй мөч хором бүрээрээ би тийш чиглэж, тийш зорьж яваа гэдгээ сайн мэдэрдэг юм.

Гэхдээ энэ удаад би юу болохыг нь үзээгүй, хараагүй, зөвхөн балар нууцлаг зөнд л найдаж буй тэр нууцлаг орших газрын тухайд биш, харин тийш очих замд таардаг зарим нэгэн нууцлаг сонин газрын тухай өгүүлье.

Их говийн урд үзүүрийг хэжиж ороон эмжсэн их өндөр сүрлэг цахир үзүүр байдаг юм. Тэр үзүүрийн төгсгөл хэрд бодит оршихуйд бол цахир сэрвэнгийнх нь урд мөрнөөс доош буусан хэсэгхэн улаан асга байдагсан. Сайтар анзаарвал л харагдахаар тун бага газарт бүдэгхээн өнгөөр ялгарах бөгөөд намрын тунгалаг үдшийн нарны дор бол харин нэлээд тод харагдах нь хааяа. Тэр улаан асганы яг хөл тушаа, уулын бэлд байх аараг тоорог дотор мөн хэдэн улаан хурууд бий.

Өнөөх нууцлаг ороны зүг явах зам яг тэр цахир үзүүрээр ямагт тойрч гардаг ба өнөөх цахир сэрвэнгийн мөрөн дээр байх хэдэн улаан асганаас бэлд нь байх тэр хэдэн улаан хурууд хүртэл битүү улаан хамбан хилэн хөшиг унжуулчихсан мэт тов тод, ямар ч өө сэвгүй,гилгэр төдийгүй яг л хөшигний нугалаа мэт гурван үе нугалсан шулуун урт улаан элсэн хамар бууж ирэх бөлгөө. Цахир хадан үзүүрийг оргилоос нь зааглан унжих аварга улаан хүрэн хөшиг мэт харагдах агаад тэрхүү шулуун уналтын өндрийг лавтай хэдэн зуу, магад 1000 орчим метрээр хэмжих болов уу.

Харин би өнгөрөгч шөнө тэрхүү цахир үзүүрийг тойрч бүхийдээ хамт яваа хэдэн хүнд тэр гайхамшигтай харагдах гоо сайхныг бахдан хэлтэл бүгд намайг гайхан харах юм. Юун улаан хамар, хуруу, юун хөшиг шиг юм яриад байна, хаана байна гэхчихлэн. Гайхсан би тэдэнд тэр улаан элсэн хуруудыг зааж, дүрсэлж нотолж чадсангүй. Тэгээд өөрөө гүйж очоод хуруудын бэлээс нь нэг атга шороо авлаа. Гэтэл миний атгаад авсан газар хонхойгоод үлдсэнгүй, цаанаасаа дүүрэн түрээд ямар ч ор мөргүй болчих юм. Юутай ч сайхан гоо сайхан билээ, тийм өндөр уулын халз хажууруу буусан тийм сайхан тунгалаг тод өнгөтэй өө сэвгүй үзэгдлийг бахдахад ч багадам гэтэл харин ч түүнээс илүү гайхашруулсан зүйл нь миний атгаж авсан шороо байх аж. Тэр бол шороо биш юм. Элс ч биш. Булуу цагаан загасны түрс шиг бөмбөлөг хэлбэртэй, бүгд нэгнээсээ юугаар ч ялгарамгүй ижилхэн том ширхэгтэй элсэн чихэрний хэмжээтэй, хуурайгаараа яг л говийн элс шиг, асар цэвэрхэн тийм “шороо” байх юм. Шороо гэхэд шороо биш, элс гэхэд ч элс биш, чухам юу гэхийг мэдэхгүй тэр эрдэс алган дотор минь халуу дүүгүүлэн халиж асгарчихээд байсан тул халаасанд байсан цаасан уутанд хийчихээд өнөөх надтай хамт явж байсан үл итгэгчиддээ үзүүлэхээр гүйлээ.

Тэдэнд очоод үзүүлэхээр цаасан уутынхаа амыг яртал дүүрэн хурц хүрэн өнгийн жимс гэрэлтэж байх нь тэр. Өнөөх сонин шорооний ширхэг бүр нь говийн хармаг шиг жимс болоод хувирчихаж. Бас хажуугаар нь хармагнаасаа хоёр дахин бага цав цагаан, бөв бөмбөлөг үрэлнүүдтэй гээч. Амсаад үзвээс араанд өөрөө уусаад, сэтгэл санаа сэвэлзээд л дуулмаар, дурламаар ч болоод явчих шиг. Нөгөө хамт яваа нөхдүүд маань “Чи хаанаасаа хармаг түүгээд ирэв” гэлцээд хуваагаад идчихээд, хаана байна очие, түүе, идье гээд унах юм.

Эндээс би нэг л юмыг ойлголоо. Тэр газрыг хүнд үзүүлж, зааж өгөхийн ч хэрэггүй юм байна. Дэргэд нь очоод ч үзэж харахгүй байгаа хүмүүст заавал мэдрүүлэх гэж хичээх хэрэггүй юм байна гэдгийг ойлгов.



***

Мөн Алтайн их уулсын нэгэн харгиатай голын хөндийн энгэр талын ихийн их хөх алаг хадан хясаанын доор нэгэн ер бусын орон байдаг юм. Хэдэн жилийн өмнө би тэр хадан дунд замаа олохгүй төөрч яваад нэгэн сэрүүн салхи хүүгэсэн ангал руу унаж, санамсаргүй тэр ордон дотор орж орхисон билээ. Цул ногоолин чулуугаар ямар ч зүүдэлгүйгээр сийлсэн багануудтай зөөлөн ногоон гэрэл нилдээ туяарсан тэр уудам их танхимыг гайхаж бишрэхгүй байхын аргагүй.

Туркийн Истанбулын төвд байх өнөөх газар доорх гайхамшигт танхим Basilica Cistern-ийн дотор ороод хүний гараар бүтээж босгож болдог тэр гайхамшигт бишэрч байсансан. Тэр бол тус бүр нь 9 метрийн өндөртэй уран сайхан хийцтэй 336 гантиг баганаар чимэглэсэн 138 х 64 метрийн хэмжээтэй уудам танхим бөгөөд хол доогуур зүйл бүрийн гэрэлт загас сүлжилдэн, тэртээ дээрээс под хийтэл дусаж ирэх усан дусал нь хүртэл цаг хугацааг эзэмдэж байх шиг санагдуулдаг гайхамшигтай сайхан танхим. Манай эриний 3 дугаар зуунд барьсан гэж байгаа юм даа.

Харин манай Алтайн уулсын хадан байцын дор нуугдан орших тэр танхим бол, зүйрлүүлж хэлвээс, юун энэ алим бэ, онгоц гэдэг чинь огт өөр юм л гэмээр.

Тааз нь тэртээ дээр харагдах авч хүсвэл гар хүрч болдог. Тэдгээр олон ногоолин баганууд нь угаасаа тааз хийгээд шалтайгаа цуг үргэлж, толь мэт өнгөлөг хийгээд мушгирсан талст бүрээс нь арван талаас нь гэрэл тусгачихсан мэт тунгалаг ногоон гэрэл ойлгох бөлгөө. Агаар нь Basilica Cistern-ийн шиг чийг татсан биш, Lotus Temple-ийн доторх шиг анхилуун хуурай. Миний эргэн тойронд тийм ч олон багана харагдахгүй агаад хэрвээ би нэг баганы цаана гарч харвал дахиад л өмнө минь шинэ бага гарч ирэх бөгөөд миний өмнө дэргэд нь байсан багана үзэгдэхгүй болж орхино. Тиймээс баганын тоог гаргахад хэцүү. Яг л эргэн тойронд баахан босоо том толь тавьчихаад, дунд нь нэг багана тавьчихвал тэдгээр толинд туссан дүрс бие биенээ эцэс төгсгөлгүй мэт дамжуулж, аль ч зүгт хязгааргүй үргэлжилж болох мэт, тийм л ер бусын харагдана. Гэвч нүдэнд үзэгдэж буй энэ үзэгдэлд автахгүйгээр байгаа газраа тодохойлж чадах аваас тэр танхимын зах хязгаартай болохыг нь үзээд зогсохгүй зэргэлдээ орших цагаан гантиган танхимд орох хаалга бүдэг цагаан гэгээ цацруулан сүүмэлзэж байхыг ч олж харах болно. Энэ хоёр дахь танхим бол жижгэвтэр, өмнөх ногоон танхим шигээ тийм дүрс хугарсан олон үзэгдлээр толгой эргүүлж гайхашруулсангүй ч би тэр танхимд өөрийнхөө биеийн жинг мэдрэхгүй байсан юм. Цаашлах тусам танхимуудын өнгө өөрчлөгдөн жижгэрсээр, сүүлдээ гил хар өнгөт жижиг хонгилд орж ирсэн бөгөөд хонгилийн үзүүрт нарны бүдэг гэрэл гялалзаж, би тийш зүтгэлсээр газар дээр гарч ирсэн билээ. Тунгалаг нартай, миний сууж буй хадан цохионы доогуур уулын түргэн урсгалт гол жавхаатай хүрхрэн бууж бүхийд хормын өмнө миний үзэж байсан тэр олон гайхамшигт чулуун танхимууд энэ амар амгалан дүнсийх хадан хясаадын чухам альхан хэсэгт нь буйг ухаарч чадаагүй юм. Тэгээд тэрхүү газрыг сайтар нүдэлж тогтоосон ч хожим би хоёр ч удаа очоод орох орцыг нь олж чадаагүй билээ. Хэдхээн шөнийн зүүдний өмнө сүүлчийн удаа очсон ч би аанай л орж чадсангүй. Харин одоо бол тэр уулын голын ус хөлдөж тэлээд хоёр талынхаа хадан хясаанд хэдийнэ тулж, тошин нь цан хүүрэн татуулсан савсаж байсан ба тэр савсаж буй тошингийн өрх дор халуун амь амьдрал өрнөж байх шиг санагдсан ч орж зүрхлээгүй.

За юутай ч ийм хоёр нууцлаг ер бусын газар байдаг л юм даа. Дараа нь огт өөр ер бусын цаст оргилуудын тухайд бичих болно. Учир нь нас явах бүрээр би тэр цаст оргилуудаар аялж чадахыг байж, тэр үеийн мэдрэмж, санамж мохож, бүдгэрч байгаа учир хагас дутуу ч гэсэн бичих, чадвал зурж үлдээх юмсан гэж бодох юм.

# # Read more! #

Thursday, December 2, 2010

Хэн нэгэн хүн надад “Чи одоо зүүдлээгүй байна аа” гээд хэлээд өгөөч

Улаан тоосгон байшин чиглээд зам хөндлөн тайван гарч явтал хальтираад тас гэдэргээ савж уналаа. Гэтэл нэг машин галт тэрэгний яндангийн дуу шиг чангаар сигнаалдсаар яг тулаад ирэх юм. Босьё босож болдоггүй, хашгиряа хашгирч болдоггүй, дугуйных нь эргэлтээр цас хайрга шидэгдсээр, тэр нь удаашруулсан дүрс зураг мэт, улам ойртсоор...

За ашгүй дээ, энэ зүүд байсан нь яамай, сэрсэн даруйдаа хэсэгтээ л нөгөөх хөшүүн байдлаасаа гарч чадсангүй, цаг хартал хэдийнэ өглөөний 7.30 болж байна. Цонхоор үүрийн гэгээ хэдийнэ гэрэлтэж эхэлжээ.

8 цагт ажил дээрээ бэлэн байх учиртай хүн шүү дээ, би чинь. Хам хум хувцаслаад, нэг стакан ус залгилаад гүйн гарлаа.
4 давхарын шатаар гүйж буугаад, гадаах хаалгаар гарч, 50 метрийн цаана байх зам руу гүйв. Гэтэл мөчийн өмнөхөн би энэ замаар гүйж байсан мэт санагдахад гэнэт зог тусан, юу билээ гэхүл замын цаана гүйцэд гэгээ ороогүй өглөөний утаан дундаас харагдах 3 давхар улаан тоосгон байшин нь хэдхээн минутын өмнө хар дарж байсныг маань сануулж, гайхасхийн зог тусав.

Гүйц явснаа больж, тайван алхлаа. Зам дээр очиж явтал машин зам дагаад замын хамгийн дотуур эгнээгээр хашлага талаар нь нэг суугаа хүний тэргэнцэртэй хүн явж байх юм. Тэр зам яг тэрүүхэн хэсэгтээ жаахан өгсүүр, манайхан мэднэ дээ, Модон овооноос Офицеруудын ордон өөр хэсэг өгсдөг дөө. Ялангуяа Петровисийн клонкийн тэндээс онгоцтой тойрог хүртэл өгсүүр ш тээ.

Тэр тэнгэцртэй хүн хоёр гараараа дугуйгаа эргүүлэх авч, замын захаар мөстсөн тул урагшаа явахаасаа илүү нөгөө муу тэргэнцэрийн дугуй нь дороо хий эргэх нь илүү талдаа. Тэр өгсүүр өөд ёстой л яст мэлхийн хурдаар зүтгүүлж байх юм. Куртканыхаа малгайг өмссөн тэр хүний энгэр зах нь нил цан хүүрэг болжээ. Одоо ч өглөөд бас яггүй жавартай байх болж.
- Хаа хүрэх нь вэ?
- Аан, энүүхэн Улаанхуарангийн хийд.

Явж ядаж байхад гэж төвөгшөөсөн байдалтай байх юм.
- За би түрээд, тэр тойрог өнгөрөөгөөд өгөе. Тэрнээс цааш өгсүүр биш байх аа.
- Тийм, тийм.
- Хүйтэн байна шүү.
- Тийм тийм.

Дуу нь зөөлөрчихөж. Тэгээд түрээд алхлаа. Хаанаас ингэж явааг нь асуувал Модон овооноос гэнэ. Өрөөсөн хөлтэй тэр хүнээс хир, нүүрс ханхийнэ. Муу саарал куртка нь их муудаж, ганц хөлдөө дээр үеийн 45-ын гутал шиг юм өмсөж. Царайг нь сайн хараагүй ч 40 орчим насны эр хүн бололтой. Муу тэргэнцэр нь хөдлөх бүр чихран дуугарч, дугуй нь яйжигнана. Ямар амьтны үр энэ хүйтэн өглөөгүүр ийн байдалтай явдаг юм болдоо.

Нөгөөхөө түрсээр өгсүүр дуусч, зам хоёр салаалан нэг нь Улаанхуаран луу зүүн тийш эргэн урууддаг эргэлт дээр хүргэж өгөөд,
- Одоо явчихна биз дээ
- Тэгнэ, баярлалаа.

Тэгээд такси барихаар гар өргөн зогсов. Хөдөлгөөн тийм ч их байгаагүй. Өглөөний 7.50 орчимд л болов уу. Өнөөх 8.00-д ажил дээрээ гозойж байх ч худлаа болов.
Нэг минут... Гэтэл нэг ачаатай хөх портер миний өмнүүр дөнгөж өнгөрөөд, ордон тийш эргэтэл араас нь яг тулж явсан нэг цагаан Тoyoto prius улаан хуаран тийш огцом эргэж ухасхийв. Тэгэхдээ замын баруугаар сажилж явсан өнөөх тэргэнцэртэй хүнийг шууд л улаан халз дайрчихлаа. Хүн нь чухам хаашаа унасан нь харагдсангүй, зөвхөн тэргэнцэр нь тар няр хийн замын хашлага даван үсэрч байгаа нь л харагдав.
- Аа ... иии, уууййөөө....

Ёо ёо, ашгүй зүүд байж. Тэгээд цагаа хартал яг 7 цаг 30 минут. Яаран босож, хувцаслаад гүйлээ. Дөрвөн давхрын шатаар үсэрч буугаад, гадаах хаалгаар гарч, 50 метрийн цаана байх зам руу гүйв. Гэтэл өнөөх таагүй мэдрэмж давтагдаж, өнөөх 3 давхар улаан тоосгон байшин замын цаана утаан дундаас сүүдийж, гайхалтай нь замаар өнөөх тэргэнцэртэй хүн яг урд минь зүүдэнд минь үзэгдсэнийхээ адилаар хөдөлж ядан зүтгэлж байна.
Өнөөх яриа давтагдаж, би түүнийг түрлээ. Гэхдээ би зүүдээ сайтар санаж буй тул бид хоёр замаас гарч, хэдий тэргэнцэр явахад тун хэцүү ч гэсэн замын хажуугийн энхэл донхолоор түрэв. Их ч хүч гарган түрсээр Улаанхуаран руу эргэдэг дээр хүргэж өгөөд, зам руу орж болохгүй, ингээд замынхаа хажуугаар яваарай гэж сайн гэгч нь хэлэв. Тэр толгой дохиж байх. Дөнгөж эргэтэл миний өмнүүр өнөөх ачаатай хөх портер өнгөрч, өнөөх цагаан Тoyoto ч араас нь мулт үсрэн Улаанхуарангийн зам руу оров. Балмагдсан би эргээд хартал өнөөх тэргэнцэртэй хүн маань замруу тэргээ буулгаж байх нь тэр.
- Хүүе эээ,
Гэвч нэгэт хоцорчээ. Тар няр хийх чимээ хадаж, тэргэнцэрийн дугуйны хигээс гялалзсаар агаарт эргэлдэн тээр тэнд шидэгдлээ.
- Аа ... иии, уууййөөө....

Хөнжил нэг нь хуу татахад сэрэв.
- Хар дараад байгаа юм уу, босох цаг чинь болчихож.
Ашгүй, зүүд байж.. Ёох... Ухасхийн босоод гурван аяга ус залгилав.
Тэгээд яаран шатаар бууж, өнөөх зам руу гүйлээ. Дахиад л бүх юм давтагдаж байна. Ингэхэд би нойрноосоо сэрээгүй хэрэг үү. Харин энэ удаад би өнөөх тэргэнцэртэй эрийг түрсэнгүй. Түүнийг би үхэл рүү нь дахиад түрэхгүй. Тэр хэцүү ч гэсэн өөрөө яваг, даарч байгаа ч гэсэн, тамирдаж буй ч гэсэн энэ нь түүнд машинд дайруулж эрэмдэг дээрээ улам эрэмдэг болсноос л дээр. Тэр өөрөө удаан явснаараа тэр эргэлт, тэр цагаан машин, тэр агшин бүгд зөрөх болно. Ийн бодоод би такси барихаар гар өргөн зогсов. Харамсалтай нь тийм амар машин ирсэнгүй. Зогссоор. Өнөөх тэргэнцэртэй эрийнхээ араас нь нүд тавьсаар...Тэр удаан ч гэсэн явсаар өнөөх тойрог дээр бараг хүрчээ. Нэг цагаан машин дэргэд ирээд зогссоныг ч анзаарсангүй, цонхоо хагас онгойлгосон залуу – Хаа хүрэх юм гэн уцаартай асуухад л сая анзаарч, машинд үсрэн суув.

Арын суудалд суусан, дээр нь залуу урд шилэн дээрх цасаа гүйцэд арчаагүйгээс надад өмнөх зам харагдах нь бага. Өмнө нэгэн ачаатай тэрэг зам бөглөн удаан яваагаас жолооч залуу “П..., новш гэж” хэмээн хараахад л сая гэнэт ямар машин дотор суучихсан юм бэ хэмээх хариулт нь тодорхой боловч, өөртөө хүлээн зөвшөөрөхөд бэрхтэй асуулттай тулгарах нь тэр. Тэрхэн зуур, намайг ийн самгардаж байх хооронд өмнөх тэрэг зүүн тийш эргэхэд ар хударгаар нь миний сууж яваа машин ухасхийж.... Дахиад л тар няр хийгээд явчихлаа.
- Аа ... иии, уууййөөө....

Энэ үнэхээр зүүд байсан байгаасай. “Түй Шорт шорт” гэн хараасаар яаран хувцаслаж, дахин хэдэн аяга ус залгилаад гарч гүйлээ. Гэтэл дахиад бүх зүйл давтагдах нь тэр. Гэхдээ энэ удаад би огт өөр тооцоо хийв. Би замын наад талаас такси барихгүй юм байна. Хэрвээ би тэр цагаан тэргийг зогсоохгүй бол тэр Тoyoto хэдэн сек, магадгүй нэг минутаар түрүүлж, ачаатай өнөөх хөх портерийн ард орохгүй, өмнө ч гарсан байж болох, тэгэх аваас дахиад тийм муу ёрын тар няр хийсэн чимээ гарахгүй... Үгүй ээ, би ингэж тооцоолж байсан ч дотор хүн маань харин энэ бол гарцаагүй зайлшгүйн үр болж буйг, би ямар ч хувилбарыг сонгосон юу ч өөрчлөгдөхгүй болохыг мэдэрч байв. Энэ тооцоо маань зүгээр л би өөрөө өөрийгөө цайруулах, тэр үйлийн үрийн хамаатан болохоос зайлсхийх гэсэн дотоод хамгаалалтын систем маань ажиллаж байгаагийнх болов уу.

Ингээд би тэр баруун хойт зүгт биш, өөр зүгт явахаар шийдэж, замын нөгөө талд гарч такси барихаар ухасхийв. Гэтэл гутал хальтираад үсрээд өглөө. Унаж байх тэр агшинд замын цаана өнөөх улаан тоосгон байшин мэлсхийн харагдах нь тэр. Энэ удаад анхны зүүд давтагдаж, цас үсчүүлсэн машины дугуй эргэлдсээр нүүрэн дээр минь тулаад ирлээ. Хөдөлж чадахгүй, бүр хашгирч ч чадахгүй.
Машины дугуй их л удаан эргэлдэж, тэндээс үсэрч буй замын хатуурсан цасны хэлтэрхийнүүд жингүйдэх мэт дунгуйлдан удаан эргэлдэнэ. Арай гэж “Аааа, иии” гэсэн дуу гаргав. Машины дугуй мөрөнд хэдийнэ хүрч, хүчтэй даралт, сэгсрэлт мэдрэгдэнэ.

Ашгүй. Эхнэр маань мөрнөөс угзчин, “сэрээч ээ” хэмээн хашгичиж байх нь тэр. Энэ үнэхээр жинхэнэ зүүд байсан байгаасай. Хэсэгхэн зуур шоконд байсны дараа босож харвал цаг бас л 7.30. Энэ цаг дандаа, үргэлж мөнхөд 7.30-ийг заасаар байх мэт сэтгэгдэл төрнө.
Тэгээд аажуухан хувцаслаж, гарлаа. Гэтэл дахиад өнөөх тэргэнцэртэй хүн өмнүүр минь хөдөлж ядсаар зам дээр явж байх....
......... ??!! !!
Ингэхэд би зүүдэлсээр л байгаа хэрэг үү. Эсвэл энэ нь жинхэнэ сэрүүн цагийн, энэ ертөнцийн бодит явдал уу? Бурхан минь гэж эрхгүй дуу алдаж байх юм. Би ер нь хэн нэгнээс бүү хэл тэнгэр бурханаас ч тусламж гуйгаад байх дургүй хүн.
Буцаад гүйчихлээ. Гэртээ буцаж ороод, жинхнээсээ сэрж, жинхнээсээ бодит амьдралд орохоо хүлээн, хөнжилдөө толгойгоо шургуулан хэвтээд өгөв. Эхнэр ихэд гайхаж, юу болсныг дахин дахин асуусан ч энэ зүүд гэдэгт итгэсээр буй би хариу өгсөнгүй. Тэгээд үд өнгөртөл хэвтсэн авч юу ч өөрчлөгдсөнгүй. Бодвол жинхнээсээ сэрчихсэн нь энэ юм болов уу. Тэгээд л босоод үүнийг бичиж сууна. Би жинхнээсээ бичиж байгаа гэдэгтээ одоо ч сайн итгэж чадахгүй л байна. Юутай ч нэг л зүйлийг маш ихээр хүсэж байгаа нь энэ зүүд л биш байгаасай билээ.

Хэн нэгэн хүн надад “Чи одоо зүүдлээгүй байна” гээд хэлээд өгөөч.

# # Read more! #