#

Thursday, May 28, 2009

ХҮН НОЙРОНДОО ЮУ ХИЙЖ ЧАДДАГ ВЭ?

Зарим хүний нойр хямардаг бөгөөд энэ үедээ тэд унтаж байгаа юм шиг мөртлөө элдэв үйлдэл хийдэг. Тийнхүү зарим нэг жишээ дурдая:

Унтаж байгаа зураач

Мит Ли Хадвин өдөрт нь сахиул хийж, харин шөнө унтахдаа зураач болж, хачирхалтай сюрреалист бүтээл туурвин, гэхдээ үүнийгээ дараа өдөр нь огт санадаггүй байна. Үүний хамт өдөр нь түүний зураг зурах сонирхол огт мэдэгддэггүй, бүх бүтээлээ шөнө л зурдаг ажээ. Уран зургийн зарим нэртэй музей түүнийг зургаа тавихыг байнга санал болгодог бөгөөд дэлхийд ийм явдал огт байдаггүй байна. Хадвин дөрвөн настайдаа нойрон дундаа тэнж явдаг болж, харин эцэг, эх нь аяндаа зүгээр болно биз хэмээн бодоод, түүнийг эмчлүүлдэггүй байжээ. Зургаан жилийн дараа тэр эхлээд унтлагын өрөөнийхөө ханан дээр, түүний дотор хоносон айлынхаа ханан дээр зураг зурдаг болсон байна. Өглөө нь айлын эзэд ханан дээр нь элдэв сонин зураг зурсан байхыг хараад гайхдаг байжээ. Хорин настай болох үед нь Хадвины шөнийн идэвхижил бүр ч ихсэж, хана, ширээний бүтээлэг, хувцас, сонин дээр зураг зурдаг болсон байна. Энэ бүхнийг муухай болгохгүйн тулд тэр хажуудаа цаас, харандаа тавьдаг болсон нь зөв шийдэл байсан бөгөөд ингэснээр хана аврагдаж, шөнийн зураач маань өч төчнөөн хуудас цаасан дээр элдэв сонин хачин зураг зурдаг болжээ.

Нойрсож байгаа тогооч

55 настай ахлах тогооч Роберт Вуд долоо хоногт шөнө 5-6 удаа босч, гал зууханд ороод, өндөг, төмс шарж, чипс хийдэг байна. Ингэхдээ тэр унтаж байдаг бөгөөд дараа өдөр нь огт юу ч санадаггүй ажээ. Тэр ингэж хачин унтдаг болсоор 40 гаруй жил болсон ч, энэ нь түүнд ямар ч төвөг учруулдаггүй байна. Харин шөнөөр хоол хийж байгаад золгүй явдал болохвий хэмээн эхнэр нь санаа зовдог ажээ. Роберт гурван цаг хүрэхгүй хугацаанд нам унтдаг нь түүний хэлснээр, ходоодны шархлаатай холбоотой гэнэ. Ходоод шархалснаар болоод тэр хоногт маш бага багаар олон удаа юм идэхэд
хүрдэг бөгөөд мөн шөнө ч идэхээс аргагүй болдог байна. Нойрон дундаа гал зууханд ингэж хоол унд хийж байх үедээ элдэв хэрэг тарих нь бий бөгөөд нэг удаа Роберт аяганд бүтэн литр сүү юүлээд, дээр нь хагас уут самар хийсэн гэнэ... Одоо тогооч маань энэ өвчнөөс салахад туслах хүнийг эрж байгаа ажээ.


Нисдэг бүсгүй


2009 оны тавдугаар сард бүсгүй нойрон дундаа 8 гаруй метрийн өндөрт унтлагын өрөөнийхөө цонхоор гарчээ. Ингэж гарахынхаа өмнө Рейчел Вард салхи цохиулахгүй гэхдээ ноосон цамц өмссөн байна. Гадаа асфальтан зам дээр унасныхаа дараа тэр сэрээд, туслаач гэж хашигарчээ. Айж сандарсан аав, ээж нь тэр даруй түргэн тусламж дуудаж, охиныгоо эмнэлэгт хүргүүлсэн байна. Гэтэл бүсгүйн нэг ч яс хугараагүйг хараад эмч нар мэл гайхжээ! Дараа өдөр нь Рейчелийг эмнэлгээс гаргаж, харин шөнө нь элдэв адал явдал болоогүй гэнэ.

Шөнийн хадланч

2005 онд компьютерын системийн мэргэжилтний эхнэр Айана Армстронг Ребекка шөнийн 2 цагт сэрээд, цонхоор харжээ. Гэтэл нүцгэн нөхөр нь зүлгэн дээр өвс хадаад зогсож байж гэнэ. Ийм явдал байдаг биш гэж үү? Ребекка зүлэг янзладаг аппаратыг цахилгаанаас салгаад, унтахаар явсан байна. Учир нь ийм байдалтай байгаа хүнийг сэрээвэл аюултай гэдгийг тэр өмнө нь сонсож байжээ. Хэсэг хугацааны дараа нөхөр нь гэртээ орж ирсэн байна. Харин нь өнгөрсөн шөнө юу хийж байсныг эхнэр нь өглөө ярихад нөхөр нь огт итгээгүй гэнэ.

Шөнө дундын шуудан

Мөн 2005 онд 44 настай нэг эмэгтэй оройн 10 цагт унтахаар хэвтэж, харин хоёр цагийн дараа сэрээд, компьютерынхаа ард суужээ. Тэр компьютераа асаагаад, бүхий л шаардлагатай мэдээллийг оруулан, гурван электрон захидал бичсэн байна. Захидал бүр нь буруу форматлаж, алдаатай бичсэн ойлгомжгүй тэмдэгтүүдтэй байжээ. Сэтгэл мэдрэлийн эмч нар энэ үзэгдлийг "zzz-mailing" гэж нэрлэдэг бөгөөд өвчин даамжирч байгаа хэрэг гэнэ. Гэхдээ тэр эмэгтэй үсэг шивэх, Интернэтэд орох нууц код, өөрийн логиныг оруулах зэрэг маш нарийн үйлдлийг зөв хийсэн байна. Энэ хүн яагаад ийм болсон нь одоогоор тодорхойгүй бөгөөд эмэгтэйн ууж хэрэглэж байсан эм бэлдмэл буруутай болов уу гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ. Я.Сүхбаатар

# # Read more! #