Он гарсаар олигтой зүүд ирэхгүй байсан юмсан. Үүрийн зүүд бүрийг маань өнөөх хэрээ гуаглан сэрээж, ажил ч, сэтгэл санаа ч сэхэл авахгүй мэт болчихоод хэсэг зуур мэдрэл гацаа явсан юмсан. Харин сүүлийн хэд хоног тэр хэрээний дуу сонсогдсонгүй, энэ өглөөний тэнгэрийн цэлмэгийг, нарны тунгалагийг ээ. Сэтгэл сэргээсэн хөгжүүн зүүдний дараа умард холын нутгаас илгээсэн танил нөхрийн захидлийг өглөөний нартай уралдан уншаад уудам хөх огторгуй нарны гэрлээр дүүрэх шиг сэтгэл санаа ч урам, баяраар дүүрэн байна.
Уудам хөх огторгуйд өглөөн наран чимэгтэйеэ
Угтах баярын зөн сэтгэл зүрхнээ бахтайяа
Умараас андын шившсэн урь зөөлөн салхинаа
Урмын минь цэцэгс баясан сэрвэлзэх нь таатайяа
... сумын наадам.... зүлэг ногоон дэвжээн дээр зассан зоогийн ширээнд бидний хэдэн нөхөд сууна. Үдэх ёс гүйцэтгэж буй бололтой юм. Намайг гаргаж өгөхөөр ирсэн С. Нэрт нэгэн андтай минь хамт түүний хамаатан нь юм уу, эсвэл танил нь юм болов уу хэд гурван эрхэм ирж. Тэдний нэг хижээл насны дунд хэрийн нуруутай шар хүн дэргэд минь шадарлан суугаад надтай ямархан нэгийг хүүрнэнэ. Надтай ярилцах их дуртай бололтой, надтай уулзаж буйдаа ч их баярлаж буй бололтой байх юм. Намайг их хүндэлж буй нь илэрхий, дандаа Та гэж байх юм. Би ч ийм хүндлэлд нь дассан сурсан аятай хээв нэг суух ажээ. Тэр шар хүн эхлээд үгээ эвлүүлж чадахгүй байснаа наадам, бөх яриад ирсэн чинь үг яриа нь задгайраад сайхан болоод явчихдаг юм байна. Тэр ингэж ярих юм.. “Тээр жил, Та санаж байна уу, энэ дэвжээн дээр 254 бөх барилдаж билээ. Мундаг том барилдаан болсон шүү” гэж байна. Нүүр царайнд нь баясал, бахдал гэрэлтээд ирэх юм.
Би санахгүй байгаа ч гэсэн нөхрийн урмыг бодож, “Тэгсэн шүү, нээрээ сайхан барилдаан болж билээ” гээд нэгийг дурссан шинжтэй хөөрлөө. Мань хүний яриагаар бол тэр залуудаа шазруухан ноцолдож явсан бололтой юм. Одоо харахад төлөвхөн намдуухан хүн, түүнийг барилдаж явсан гэхэд захын хүүхэд ч итгэмгүй тийм хүн байх юм. Гэхдээ нимгэвтэр уруултай том ам, оч цацсан хоорондоо хол зайтай ногоон нүд, завжийг нь даган унасан шулуун шударга үрчлээсүүд, мэлзэн дух... ийм төрхийн хүнээс амь тулсан үед санаанд багтамгүй хүч чадал ундардаг билээ. Түүнээс биш түүнд бөх хүний бүдүүн хадуун шинж ер байхгүй юм. Миний багад Бямаа нэртэй торчгор шар хүн байж. Чадал тэнхээ ч гавихгүй атлаа нүд нь гялалзаад ирвэл өөрөөс нь хоёр дахин том аралтай, бяртай сумынхаа зааныг хүүхэд шиг гар дээгүүрээ сувиад татчихдаг байж билээ. Гэхдээ наадамд барилдаж шальдаггүй юм. Угийн бөх биш болохоор даваа болгон дээр тэгэж нүд нь гялалзаж таарахгүй л дээ, хэ хэ. Тийм хүн том цолтой сайн бөхтэй бол их сайн барилддаг, тэднийг хаячихдаг атлаа амны хүүхэд ч давж чаддаггүй гэдэг. Тийм хүнийг “Бөхийн аранга” гэдэг юм гэнэ лээ гэж хөгшчүүл ярьдагсан.
Тэгээд тэр хүн цааш нь ярьж байна аа. Залуу нас, ид хавтай явсанаа дурсаад сэтгэл хөөрсөн нь илэрхий, өнөөх нүд нь ч гялалзаад... Та тэгэхэд ч сайхан барилдсан шүү? Гэж байна.. Хэ хэ, би юун барилдах, хэрвээ тэр барилдаан үнэхээр болсон бол би лав төрөөгүй, эсвэл бөөжгийгөө ил унжуулсан жаахан юм л гүйж явсан байлгүй. Гэвч би бодолдоо тэр барилдааныг аль хэдийнэ барилдуулаад эхлүүлчихсэн... Тэгээд би “Барууны засуулын магнайд нээх их том ногоон дээлтэй мундаг сүртэй хүн зогсоод бөх засаж байж билээ. Тэр хүн хэн байсан бэ? Гэсэн чинь
- Тэр чинь Хадагт хар байсан шүү дээ, та таниагүй юм уу. Тэр жил барилдаагүй юм, бие нь муу байсан гэдэг.
- Тийм байхаа, аргагүй харсан хүн байсан санагдана. Чи тэгэхэд хө, яалаа даа хэд давчихлаа? Гэж ирээд л нээг их хөгшин хүн шиг асуух юм.
- Өө, би чинь 4 –өөс дээш давж үзээгүй хүн ш тээ, ямар ч наадамд.. Тэр жил Хотгойдын Хотгор Даваасамбуутай 5-ын даваанд таараад дийлээгүй юм.
Би тэр хүнийг тэр Хотгор Даваасамбуутайгаа хэрхэн барилдаж байхыг нь нүдэндээ харах шиг болов. Сээрэн дунгуй хийх гэж дайраад мөчидхөөр нь өмсөө болгосон боловч хавлаж даруулчихаад нэлээд удаж байж унах юм.
- Тэгэхэд чи Хотгорыг сээрэн дунгуйгаар хаяна гэж яаж санаа вэ? Гэлээ.
Өнөөх маань наг наг хөхрөөд,
- Харин тийн. Түрүү жил нь Сэрэг хайрханы наадамд Хотгор хог намайг сээрэн дунгуйдчихсан юм байхгүй юу, дараа жил би хариуг нь өгөх гээд бараагүй нь тэр дээ. Угаасаа илүү юм илүү л байдаг юм билээ. Та ч их сайн санаж байна шүү гээд намайг бахархангүй харж байна. Бас “Тавын даваанд Таныг намайг амлачих вий гэж их айж байж билээ. Та харин Самдан Их ахыг амлаад авчихсан. Тэгэхэд Их ах харих болоо ч үгүй байсан. Та тэр наадамд хамгийн том цолтойгоос нь эхэлж амлаад гайхуулж байсан даа..”
- Аан... Тээр жил намайг Бархөл явсан хойгуур Самдан түрүүлсэн юм. Тэгэхдээ хазгар Жижээгийн хавиргыг нь мөлтөлчихөөд, хөөрхий удаагүй. Түүнээс хойш Самданг таарсан наадам бүхэндээ дээгүүр амалдаг байж билээ. Түүнд ч сайн болоогүй, бас надад ч сайн болоогүй, тэгэж өнгөрсөн улирсаныг санаж, сануулж барилдах их муу юм билээ.
- Аанхан..
Нөгөөх намайг үдэж гаргах гэж ирсэн найз маань Намайг хуучин цагийн нэг том бөх гээд итгэчихсэн хамаатныхаа хөгшин бид хоёрын яриаг сонсоод инээдээ барьж ядна. Юу юугүй түсхийтэл инээчих гээд байх юм. Тэр намайг энэ муу хөгшиний толгойг мөн ч сайхан эргүүлж байна даа л гэж бодож буй бололтой юм. Яг үнэндээ бол надад худал юм огт үгүй санагдаад, нээрээ л тэр нэгэн наадам санаанд орж ирээд байх юм. Тэр ч бүү хэл тэр шар хөгшиний нэрийг нь хүртэл санаж байна. Түүнийг Засагт ханы Задгай шар гэдэг байсан шүү дээ.
Харин найз маань сүвээ рүү ёвроод, одоо болоо бол, настай хүнээр тоглоом хийгээд, цаадах чинь хэрвээ ингэж тоглож байгааг нь мэдчихвэл уурлаад, гомдоод бөөн юм болно гээд аминчилан шивнэж байна.
Тэгээд би явахаар бослоо. Манай автобус хүрээд иржээ. Бид холын замд, гэхдээ хотсуурин руу ч юм уу, хөгжил дэвшил рүү ч юмуу, юутай ч сайн сайхан зүйл рүү явах гэж буй бололтой юм.
Хэдхээн сарын өмнө бурхан болсон том эгч маань намайг автобусны хаалган дээр гаргаж өглөө. Царай зүс нь сэргэлэн, угийн ч сийрэг чанга хүн л дээ. Тэр эгчтэйгээ уулзаж чадалгүй бараг 4 жил болж. Надруу дулаанхан дотно хараад юм хэлсэн авч тэр үгийг нь би сонсож чадсангүй.
Тэгээд автобусанд ортол дууны голдуу сайхан шүлгүүд бичдэг яруу найрагч найз маань сууж байх юм. Хажуудах суудлаа заагаад, “Наашаа, энд суу хө, суудал авчихаад хүлээж байлаа. Өөрөө ер нь их хүнд хүн байна шүү, өөрийг чинь л хүлээж манай автобус бүтэн хоёр цаг зогслоо шүү дээ” гэж байна. Ингээд сайхан хүмүүсээр үдүүлээд, аян замд сайхан найрагч найзтайгаа суудал зэрэгцээд гарч өглөө дөө. Харин хаашааг бол мэдэхгүй ч нэгэн айсуй баярын зөн цээжинд минь байх юм.
Saturday, January 19, 2008
Айсуй баярын зөн...
Posted by Зүүдний тэмдэглэл at 11:11 AM 13 comments
Subscribe to:
Posts (Atom)