#

Saturday, July 21, 2007

Муу найзынхаа араас зул өргөе дөө


Олоон жилийн өмнө нас барсан муу найз маань нэлээд тэвдүү давхиж ирээд надад нэг ваадантай юм өгчихөөд буцаад давхичихлаа. Хөөе гээд хоёр үеийн солио ч өгсөнгүй, юундаа ч тийнхүү яарсан юм бол мэдэхгүй. Юу өгсөнийг нь мэдсэнгүй, болхидуу, хам хум ороосон, өлөн хир суусан ороолтыг нь нээж ч үзсэнгүй, цээжиндээ чанга тэврээд л хоцрох шив. Гэхдээ тэр ваадантай зүйлийг нь би сэтгэл зүрх нь гэж мэдрээд байгаа.

Муу найз маань, хөөрхий насан багадаа наадаж тоглож явсан юмсан. Чих нь их хатуу, хашгирч ярих хэрэг гардаг, түүнээсээ болоод хоёрдугаар ангиа ч дүүргэлгүй сургуулиас гарчихсан юм. Нэг муухан үсэглээд уншмар болно. Намайг нэгдүгээр ангиа төгсөх жил шилжиж ирэхэд нэг түнтгэр бор бандитай нэг ширээнд суулгасан нь тэр муу найз маань. Багш түүнийг надад даалгасан ухаантай, би түүнээ уншиж сургах гэж үзэж тарна. Хоёулаа аргаа барахаараа өөд өөдөөсөө хараад дэмий л инээдэгсэн. Тэгэж байгаад 2 дугаар ангийн 3 дугаар улирлын буюу хаврын амралтаар хөдөө гэрлүүгээ яваад эргэж сургуульдаа ирээгүй юм. Чих нь л дүлий болохоос биш уг нь их сэргэлэн, хөдөлгөөнтэй. Гэр нь хөдөө, хярд/хол гэсэн үг/ нутаглана. Хааяахан сумын төв орж ирэхээрээ надтай заавал уулзаж байж явдагсан. Хэрэг болгоод, хамт ирсэн аав нь, эсвэл ээж нь дагачихсан... 10 гаруйхан настай бүстэй хүүхдүүдэд ярих юм юу л байв гэж дээ, зүгээр л бие биенээ хараад л сэтгэл ханачихдаг байсан юм болов уу даа. Нүд нь гялалзчихсан, байдгаараа маасайтал инээчихсэн ирнэ. Тэгээд намайг гадаа тоглож байвал жоохон хамт тоглож байгаад, эсвэл түлээ хагалж байвал хамт хагалалцчихаад тэгээд л сэтгэл нь ханасан юм шиг яваад өгнө. Одоогийн хүүхдүүд шиг тэврэлдэж уулзалдах, баяртай энэ тэрээ гээд салах ёс гэх юм ч байхгүй ээ. Ядахдаа би явлаа ч гэж хэлэхгүй. Тэгээд л яваад өгнө, харин далд орохын өмнөхөн ёс юм шиг нэг эргэж хардагсан. Тэгэж эргэж харахад нүүрэнд нь нэг л их гуниг дүүрэн харагддаг байж билээ. Чих нь хатуу болохоор түүнийг бүгдээрээ “ДҮЛИЙ ГАМБАА” гэнэ, хөдөөгийнхөн шооч нь дэндүү улс, муу найзыг маань хааяа сумын төв ороод ирэхээр эвэртэй тэмээ үзчихсэн юм шиг хэдэн банди нар чулуугаар шидлээд явуулахгүй, нэг удаа хөмсгөн дээрээ хэгз цохиулаад цусаа гоожуулчихсан ирсэн, түүнээ ч ер юманд бодохгүй инээгээд л ирж байж билээ. Охидууд бол эгнэж зогсож байгаад дүлий балайгаар нь хашгичаад зовоочихно. Түүнээсээ болдог байсан юм болов уу даа, ер өөр хүүхэд шуухадтай наадаж тоглохгүй, найзалж нөхөрлөхгүй, за тэгээд хөдөө бол ямар үеийнхэн нь байх биш, бүгдээрээ сургууль гээд сумын төврүү ороод ирцгээчихсэн юм чинь.

Зуны амралтаар бол би хааяа хөдөө гарахаараа тэднийхээр очино оо. Хэдэн сайхан морьдтой айл байсан. Надад тэр морьдоосоо аль дуртайгий минь унуулна. Муу найзынх маань тарваганы бор тос ханхигар хар гэрийнх нь хаяагаар халгиж урссан айл байж билээ. Би тарваганы маханд баахан сүжиггүй. Амсах нь бүү хэл үнэрлэж ч чаддаггүй, тарвага алсан, тарваганы махтай айлаас цээрлээд ордоггүй хачин цээрч хүүхэд байсан хирнээ харин ганцхан тэднийд хээв нэг харайгаад орчихно, хойморт нь тухалж байгаад ээжийнх нь чанасан цайг цагаан гамбир, өрөмтэй даруулж байгаад амтархан иддэг байж билээ. Тэр гамбир, өрөмнөөс нь хүртэл тарваганы үнэр ханхийнэ. Аавынх нь ганц чаддаг юм нь тарвагачилах. Аавынх нь алаад ирсэн тарвагыг ээж нь сурмаг өвчиж байгаа харагддагсан.

Ээж нь гараа хондлой дээрээ хаясан бөгтөр, гэсэн ч сууж босох нь харагдахгүй гув шув хийсэн шалмаг хөгшин. Намайг очихоор бригадын дарга шиг заавал хоймроо суулгана, би сүүлдээ сурчихаад шууд л аавынх нь урдуур алхаад хойморт нь гараад шомбойчихдогсон. “Аги хүү ирлээ, Аги хүү ирлээ. Алив хөгшөөн наад бозлогноосоо өөр юм бодно байгаа” гэнэ. Энэ нь тарваганаас өөр хонь ч юм уу гаргана байгаа гэж буй нь. Хонь гаргахгүй бол авдарнаасаа борц гаргана. Би бол борцонд нь илүү дуртай. Үүнийг нь бодвол зун намрын улиралд тэднийх голдуу тарвагаар л хооллодог байсаншиг байгаа юм.

Аав нь ирмэг нь сэтэрхий далбигар хар аягандаа цай оочлоод л суух, найз маань ганц хүү нь, аавдаа их эрх, сууж байгаа аавынхаа нуруу өөд л асчихна. Би бас дуурайгаад л хоюулаа аавыг нь ноолчихдогсон. Хоёр бандийг ууц нуруу, мөр хондлой дээр нь тонгочиж байхад аав нь ер юу ч болсон шинжгүй цайгаа оочилсоор л суух, тийм л уул алтай шиг ханхар сайхан эр байсансан.

Эзгүй хээр зүс танихгүй хүн таарвал айж сүрдмээр хүн байж билээ. Талийгч Дашбалбар найрагч шиг нээг их урт орог саарал үс намируулна, том монхор хамартай, өтгөн саарал хөмсөг нь том эргэлдсэн улаан нүдийг нь бараг халхалчихсан, хатуу ширүүн царайтай. Залуу зандан насандаа алдаж эндэж яваад, аавын хаалгыг татаж/шоронд орсон гэсэн үг/ залуу насаа шоронд эсвэл оргож хээр өнгөрөөсөн гэдэг. Шоронгоос оргож хээрээр гэр, хэцээр дэр хийж явахдаа чонын үүрэнд орж, азарган чоныг бавнагдаж алж байсан гэдэг. Тэгээд “БАВНАГ” хочтой болсон гэж байгаа. /Бавнагдана гэдэг нь чонын төмсөгнөөс атгаад авахаар чоно эргэж хазаж чаддаггүй, цаашаа л зүтгээд байдаг юм гэнэ лээ/ Нэлээд насжсан хойноо нутагтаа ирж, эхнэр аваад гарсан хэнз хүү нь тэр муу дүлий найз маань юм. Залуудаа бол байдсан гүү цохиж унагачихаад тэврээд алхчихдаг тэнхээтэй эр явсан гэдэг. Хожим, олон жилийн орон шоронгийн дараа сумандаа нэг удаа барилдаж сумын цол авсан. Наадам болохоор онгож гандсан цэнхэр зодог шуудаг бүсэлчихээд л, хүүгээ хөтөлчихөөд халбайгаад, ханхайгаад наадмын талбайгаар хөндлөн гулд алхдаг, гэхдээ барилдахгүй. , яаж байгаа юм гэхээр хүүгээ бөх болгох гэж, бөхөд дуртай болгох гэж л тэр... Хүссэн нь ч биелж муу найз маань арван зургаа ч хүрээгүй байхдаа сумын наадамд зодоглож, дөрөв даваад манай сумын хамгийн сайн бөхөд нь унаж байж билээ. Сумын бөхчүүд муу дүлий найзад маань жаахан дургүйцэж, баахан бөөрөлхсөн юм шиг байгаа юм.

Даахан дор морь, дахан дор эр гэгчээр муу найз маань өдөр өдрөөр суга өссөөр нэг л мэдэхэд хашааны мухарт тэвэг өшиглөж, айлын янданг чавхаар дангинуулж явдаг сумын сургуулийн бидний хажууд хавхийсэн хэлбүүхэн залуу болоод ирдэг байгаа. Ардаг морины нуруун дээр хөндөлдсөн, авгай эхнэр ярьсан шиг, адуу мал эргүүлсэн шиг энгэр задгай, эрэмгий хэгжүү... Гэхдээ Муу муудаа, муна гадсандаа гэгчээр сумын төвийн хэдэн муу банди нар бүүрэлхээд муу найзыг маань миний нүднээс далдуур дээрэлхчих гээд байна. Мань хүн гэнэн л дээ. Хэлбүүрхэж, хаагиж байгаад зодуулчихна. Нөгөөдүүл нь муу санаа суучихсан юмсууд, гэнэт нүүрэн дундуур нь байлгаад авна, тэгээд ар өврөөс нь ноцчихно. Гэхдээ хаширна аа, зүрхшээнээ л гэж байхгүй. Өширхөнө, хонзогноно ч гэж байхгүй. Намайг шаралхаад нөгөө хэдтэй нь хөөцөлдөх гэхээр “Ойхоо хө, төвөг төвөг” гэнэ. Энэ “Оохоо хө” гэдэг үг нь орчин үеийн хэллэгээр бол “Найз минь дээ” гэсэнтэй ойролцоо утгатай манай нутгийн ёстой л жалгын хэллэг дээ. Одоо ч бараг энэ хэллэгийг хэрэглэдэг хүн байхгүй болоо биз дээ. Намайг бол нэрээр минь ер дуудаж байсангүй, “Ойхоо хө” л гэнэ. “Ойхоо хө, Ойхоо нь нэг сармаа даага арилжиж, цорводоод аваад ирлээ” гэнэ. Орчин үеийн хэллэгээр бол “Найзаа хө, найз нь нэг том биетэй эмнэг даага юмаар сольж аваад, чирээд ирлээ” гэсэнэрхүү... Ер нь дүлий хүмүүсийн нийтлэг шинж л дээ, их чанга хашгирч ярина. Би ч гэсэн сая сарын өмнө хэсэг хугацаанд чих дүлийрчихсэн чинь, хэлж байгаа үг маань аяархан юм шиг санагдаад, хашгирч яримаар болоод байна билээ. Бас хашгирч хариу өгөх хэрэг гарна. Ямар одоогийнх шиг чихний аппарат энэ тэр гэж байсан биш.

Муу найз маань удалгүй бас нэлээд чих хатуутай хөдөөний түнтгэр бор, хув чихтэй охинтой гэрлэв ээ. Товхийсэн айл болсон юмдаг. 1993 оны зун би сургалтынхаа төлбөрт нэмэрлэх санаатай, ууланд гарч хэдэн тарвага буудах юм болов оо. Тэр үе бол ёстой тарваганы арьсны оргил үе байсан даа. Тэгэхэд ямар хөлсний ажил энэ тэр гэж олдох биш, дээр нь тэр үед миний ганц чаддаг юм тэр буу буудах, амьтны амь таслах л байв. Дүлий найзынх маань тарваганы мараанд нутаглана. Өөрөөр хэлбэл хамгийн их тарвагатай газар л тэднийх нутаглана. Мэдээж тэр нь алс хол, машин унаа хүрэхгүй газрын мухарт байх. Намайг ирсэнд баярлаад л хөл нь газарт хүрэхгүй, энд тэнд дэндэгнэж гүйгээд л, гарынхаа алгыг тэнийлгэж тэнгэр өөд зааж байгаад эхнэртээ дахин дахин “Манай ойхоо чинь базарваань оюутан байхгүй юу” гэж хашгична. Хонь гаргаж, хорхог хийж, доод голынхон луу шурдхийж, шимийн юм олж ирээд л... “Ойхоо хө, хэд хоног амарнаа, тэр эрдэм номын алжаалаа тайлнаа, тэгээд хоёулаа гараад хоёрхон өдөр л ар өврийн бурхинуудыг буулгаад ирнэ, ойхоо нь хэдэн юм тоншиж өгөлгүй яахав” гэж ярив. Бараг л дөрөв тав хоног хоюулаа идэж, уугаад л, нүцгэлж байгаад хүүхэд шиг зүлгэн дээр барилдаж ноцолдоод л, арын царманд гарч шүдээ балбатал тошлог идэцгээгээд, цагаан шиндүү унаж уралдаад л ёстой эрх дураараа хэд хоног тарвалзлаа. Гэвч хоног хугацаатай байсан болохоор хоёулаа тарвагачилхаар гарав. 3 хоног яваад гавьтай юм чадсангүй, нийлээд хотил голдуухан 30-аадхантай бууж ирэв. Нэг л болохгүй байв. Заримдаа ан тэгдэг юм. Тийм эгзэг нь таарсан бололтой. Найзын маань санаа баахан зовниж, намайг хорьсоор атал шөнө дөлөөр гарч давхиад хойт урд голынхоноо нэвт хэсэж, юугаар ч наймаалцсан юм мэдэхгүй 50-иад арьстай өдөр дунд инээд алдсаар уяан дээр бууж билээ. Тэгээд л би буцлаа.

Намайг жолооноос минь барьж байж мордуулаад, “Хойтон жил заавал ирдгийм шүү, Ойхоо нь хэдэн юм далд хийчихээд хүлээж байна” гээд ташаалдаад зогчихсон, муу хув хар эхнэрийнхээ мөрөн дээр нэг гараа тавиад нэг гараараа ташаагаа тулаад уяан дээрээ гуниггүйхэн, бас сэтгэл хангалуун исгэрсээр хоцорсонсон

Түүнийг харсан сүүлийн агшин тэр байж. Тэр өвөл муу найз маань бас нэг баахан болж бүтэхгүй явдалд орооцолдоод, аавын хаалга татаж, тэгээд шоронгын овгорууд дохио зангаан дороо байлгах гэж, мэдээж аглаг хээрийн атар онгон салхи шиг хүн чинь хөгц ханхалсан шорон санаатнуудын санаснаар яаж ч сөгдөхөв дээ, цохих тусам шүд нь хяхнаж, шажуураа зууж, улам уур, эгдүүг нь хүргэсээр тархиндаа хүнд гэмтэл авч, түүнээ даалгүй нас барсан байж билээ, хөөрхий. Аав ээж нь ч хүүгээсээ хойш удаагүй, эхнэр нь ч өөр хүнтэй суугаад явчихсан байсан. Энэ хорвоо энэрэлгүйдээ бол даанчиг энэрэлгүй дээ. Аав маань нэгэнтээ “Юу үнэн бэ, зовлон л үнэн” гэж хэлж байсансан. Зовж үзсэн, түүнийг туулж, гэтэлж чадсан хүний үг. Нээрээ зовлон л үнэн юм даа, бусад нь юухан ч билээ.

Тэгээд тэр муу дүлий найз маань өнөөх баадантайгаа надад бариулчихаад яаран сандран буцаад харайлгачихлаа. Тэнгэрийн хаяа руу. Тэнгэрийн хаяа уг нь уужим саруул байдагсан, Харин тэр тэнгэрийн хаяа дээрээс нь намсаад, газар нь доороосоо ч өгсөөд, хажуугаасаа ч хавчигдаад нэг үл мэдэгхэн хахуул ухаа өнгөтэй хонгил болчихсон байх юм. Тийшээ л, тэр хонгилын гүн лүү давхичихдаг юм байна. Надад нэг юм өгнө дөө л гэж бодож явсаар амжихгүй энэ хорвоогоос явчихаж ээ дээ, муу найз маань, одоо түүнээ аль ч ертөнцөөс юм бэ, нэг сиймхий гарахаар нь шурдхийгээд/оргочихсон ч байж мэднэ, их сандруу явсан юм/ зүүдэнд минь авчирч өгчихөөд буцах шиг боллоо.

Би тэрхүү баадантайг нь элгэндээ тэвэрчихээд л зогсоод байх юм. Элэгнээс нэг л таатай халуу дүүгэж мэдрэгдээд, би мэгшиж байгаа бололтой, гэхдээ нулимс нүүрэн дээгүүр минь урсахгүй юм, тэр нулимс лав сэтгэл зүрхний минь гүнлүү урссан байх даа.

Муу найзынхаа араас зул өргөе дөө. Үйл үйлийн үрээ энэ насандаа хэлтэлж дуусгасан байгаасай, тэгээд хойт насандаа буян жаргалангийн оронд төрсөн байгаасай гэж залбирнам.

# # Read more! #