Энэ америкийн тарвагнуудын хошгирох гэж, ёстой алаад хаячих юм аа. Манай монголын тарвагыг бодвол биеэр арай багавтар, манайх бондгор байдаг бол эндэхийн баахан гувчигардуу, урт мөчтэй, урт үстэй, хар бараан сортой юм. Тэгээд энэ америкад монгол шиг хошгируулж тарвага агнадаггүй болоод тэр юм болов уу, даллаад гүйхээр ёстой нэг муурч унатлаа хошгирох юм. Манайхан, тэдэн дотор нэг нь миний бүүр дунд сургуулийн маань нэг найз тэргүүтэй арваад залуучууд тарвагыг ёстой нэг хядаж өглөө дөө, хөөрхий. Даллаад наанаас нь очихоор хоёр гурваараа дошнийхоо аман дээр шоволзоод, зарим нь бүүр хүн шиг өнхөрч ирээд л хошгирно, нүхрүүгээ орно гэж байхгүй юм, зарим нь дэргэд нь очоод бариад авах гэхээр урд хоёр мөчөөрөө яг зодолдож байгаа юм шиг өмнөөс нь сарвагнаад л хошгироод байх. Манайхан сумаа хайрласных уу, эсвэл ерөөсөө буу ч үгүй байгаа юм уу, барьж аваад л газар гуядаад, эсвэл нугасалж алаад л ардаа хаяад явах юм. Заримдаа нүд хальтираад хэрхэн нугасалж байгааг нь харж ч чадахгүй байна. Би нэг нөхрийн хамт хуучин муу Бuick уначихаад алсан тарвагыг нь ачаад явах юм. Багаж нь дүүрээд, заримыг нь хойт суудалруугаа хаяж байна. Манайхан андаа улайраад бүүр хэтрүүлж байна. Одоо боллоо, болноо гэж намайг хичнээн хашгирсан ч тэд сонссонгүй. Сүүлдээ машин маань даахаа байгаад, нэг хонхорт зогсчихоор нь би нөгөө залуучуудынхаа араас аллагыг нь зогсоохоор гүйж очлоо. Тэр хэсэг газар бол тэрүүхэндээ нэг нугархуу байдалтай, хажуухан талд нь нэг REST AREA байх юм. REST AREA таарсан дээр нь ороод гарьяа гэж бодоод орчихоод гараад иртэл тэр нугаар дүүрэн цэрэг цагдаа болчихож. Манай залуучуудыг хоёр эгнээ болгоод туугаад явж байна. Нөгөө манай муу 8 жилийн найз маань баахан уруу царайтай яваа харагдана. За, ингэж балардаг юм байж, хамаг хүүхдүүд баллаад хаячихлаа, одоо яадаг хэрэг вэ. Эртнээс ч болиулдаг байсан юм гэсэн харуусал цээж зураад ирж байна. Тэгтэл би ч бас баригдаж болох юм байна, нуугдая гэж бодогдоод явчихлаа. Яах аргагүй хэдэн цагдаа REST AREA чиглээд ирж явна. Буцаж ороод "Яах вэ" гэж бодтол нэг мексик залуу бас REST AREA руу орж ирээд эрэгтэй 00 руу орчихдог юм байна. Тэгэнгүүт нь эмэгтэй 00 роо орчихлоо. Хэд хэдэн секцтэй том 00 юм. Захын нэг секцд нь ороод түгжээд, усыг нь татаад суулаа. Суугаад л байлаа. Үүдний зааланд хүмүүсийн хөл, чимээ намдахаар нь гараад цонхоор харвал нөгөө муу мексик залуугаас л юм асуугаад байгаа бололтой, хоёр цагдаа зогсож байснаа орхиод цаашаа явчихлаа.
Дараа нь нэг хөл ихтэй пивоны газар сайн таньдаг эмэгтэй маань намайг пивоор баахан дайлав. Тэр маань санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалтай байгааг нь би сайн мэдэх юм. Олон бага хүүхдүүдтэй, дээр нь нөхөр ажилгүй. Тэгээд хоюулаа зүгээр нэг нэг аяга баахуу цай л ууя гэсэн чинь, үгүй ээ, яадаг юм, өнөөдөртөө надад хоёр лааз пивоны юм байгаа. Дандаа гуриа царайлаад яваад байж болохгүй шүү дээ, хааяа ингэж сэргэж, бүхнээ мартаж байя, тэгэхгүй бол стресстсээр байгаад хурдан хөгшрөх нь байна гэж байна. Яадаг юм, яадаг юм, хоёулаа жаахан пиводчихоё гэсээр намайг бараг чирээд орсон юм. Миний хувьд нөгөө баривчилгаанаас зугтааж ирсэн болохоор юу ч үгүй л амьтан. Хоёулаа 3, 3 грушик хайнекин пиво уулаа. Овоо донхойж байгаа бололтой. Надад баахан зовлонгоо ярьж байна. Нээрээ миний сэтгэл жаал сэргээд ирж байх юм. Хоюулаа гадаа гараад хүүхдийн тоглоомын талбай дээр очиж, гулгуураар нь баахан гулгаж тоглолоо. Яг л балчир жаалууд шиг тас тас хөхөрцгөөгөөд л.. Заримдаа нөгөө их хошгирдог тарвага ч шиг....
Monday, February 26, 2007
Тарвагачилж яваад Цагаачлалын албаныханд...
Posted by Зүүдний тэмдэглэл at 9:53 AM 3 comments
Saturday, February 24, 2007
Aaв төрөөд...
Хөөрхий муу аав маань төрөөд... Хэзээ ямагт тос дааварлаж байдаг сэтгэлд тийм дотно царайн дээгүүр нь хөлс бөмбөрөөд л байх юм. Хэдэн муу буурал саарал ооч сахлынх нь үзүүрт хөлс бөнжигнөнө. Их л шаналж, зовж буй бололтой. Би ард нь зогсоод л нуруу, мөрийг нь барилж байх юм. Харанхуй гэрт, хаалгыг нь онгойлгосон зуухны галын гэрэлд, аав маань галын үүдэнд хөлөө байдгаар нь алцайгаад суучихсан, ёолоод л..., хэцүү юм аа, эргээд бодохоос л зүрх шимшрэмээр... Хэдэн хүмүүс байна. Тэд бүгдээрээ л сандарцгаагаад, аавыг маань төрүүлэх гэж дор бүрнээ л хичээж байх юм. Аав маань уг нь их гүжирмэг, зориг чангатай хүнсэн. Намайг 5 дугаар ангид байхад/1982 онд билүү дээ/ гараа хугалчихаад, нэг ч удаа ёо гэж хэлээгүй юм даа. Өөрийнх нь зээ болдог ах хүүд өөрөө зааварлаж хэлж өгч байгаад л хугархай гараа боолгож байсан юм. Тэр ах хүү айгаад, гар нь чичрээд, аав харин хангинаад л, ингэ тэг гээд, хөмсөг нь сүртэй нумарчихсан, нүүр царай нь нэг л эршүүд, зоримог байж билээ. Түүнийг нь хараад би аавыгаа гараа хугалчихлаа гэж айх айдас, зовох түгших маань жаал хөнгөрч байсан юм. Тэгэхэд бараг 60 хүрч байсан даа, хөөрхий муу аав минь. Тэгээд хөгшин хүний яс амар эдгэдэггүй гэдэг үнэн юм билээ. Бараг сар гаруй л шөнө унтдаггүй, гэр тойроод л бөжир бөжир алхаад хонодог байж дээ. Бага байсан болохоор тэр өдрүүдэд аав маань хэрхэн зовж байсныг нэг их мэдэлгүй өнгөрсөн байх юм. Аав маань ч нөгөө муу хугархай гар нь хэрхэн өвдөж зовоож байгааг бидэнд огтхон ч мэдэгдээгүй юм. Хожим тэр муу гар нь шал тахир эдгэрээд, тэгээд тэр муу гараараа доёолзуулаад юм хийж байгааг нь харахад өөрийн эрхгүй зүрх шимширдэг байж билээ.
Тэгэхэд нэг л өдөр аав маань гараа надаар бариулсан. Баахан оршоод байна, миний хүү ээ, жаахан бариад өг гэсэнсэн. Би хэр барьсанаа мэдэхгүй юм. Юутай ч нэг барьсан болсон. одоо бол өвчинийг нь гартал , өдөржин шөнөжин л барихсан даа. Даанчиг өнгөрсөн хойно бүхнийг ойлгох юм. Тэгээд надад тэр явдал гэнэт санагдаад би аавынхаа нөгөө муу тахир гарыг нь барилаа. Массаж хийгээд, илж таалаад, амьхандаа л нөгөө төрөхийн өвчинийг нь багасгах болов уу гэж... Аавд их хэцүү байгаа бололтой. Шилэн хүзүүнээс нь хүртэл хөлс бөнжирлөж байна. Тэгэж байгаад нэг юм төрлөө дөө. Би харж ч чадсангүй. Тэр доогуур эх барьж авч байгаа хүмүүс "За, ашгүй, нэг юм хоёр яс саллаа" гэцгээж байна. Би ч элэг дотор эмтэрээд, өмрөөд, хөөрхий муу аавыгаа өрөвдөөд, уйлчих гээд, дотор харанхуйлаад, гадаа гарч нэг сэгийхээс гээд, бушуухан асаж буй галыг тойроод гадагшаа гарахаар тэмүүллээ. Ард харин хүмүүсийн ярих нь тэр шинэ гарсан хүн нь амьдарч чадсангүй, амьгүй юм байна гэцгээх нь сонсогдоод, Ээ базарваань, эрэгтэй хүн төрөх чинь их хэцүү байдаг юм байна. Хөөрхий муу аав маань баахан ядруу царайтай зүүдэнд үзэгдэх чинь, өнөөдөр шинийн найман, бурханы оронд очоод бараг 4 жил болчихжээ. Аавынхаа араас нэг зул өргөхөөс.... Ум маани бадмий хум...
Posted by Зүүдний тэмдэглэл at 9:46 PM 3 comments
Буш, Энхбаяр хоёр нийлээд намайг дүүжлэхийг шахав
Баригдчихжээ, би. Ямар хэрэг тариад, хэзээ, хэрхэн баригдсан юм бол, мэдэхгүй. Нэг их том хүнхэр таазтай зааланд хоригдож байх юм. Надтай хамт бас хэдэн хүн байна. Нэг хар толгойтой, уйгур юм уу, казак юмуу нөхрөөс бусад нь бүгдээрээ шарууд. Тэдэн дотор нэг л их үзсэн царайтай туранхай чөргөр, хэдэн сөрөвгөр хар сахалтай, хөнхөр нүдтэй, нэлээд яхирдуу байж мэдэх нэг нөхрөөс өөр миний таньдаг хүн нэг ч алга. Тэдний хэнийг нь ч гэмт хэрэгтэн гэхээргүй, бүгдээрээ буяны байгууллага, эсвэл сүм хийдийн төлөөлөгчид шиг амгалан дөлгөөн царайтай хүмүүс байх. юм. Харин нөгөөх миний зүс мэдэх нөхөр бол тэднээсээ арай өөр, өвчтөн шиг байдалтай байх юм. Миний хувьд ч бас нэг их баригдлаа, хоригдлоо гээд гутраад, гуниад байсан юмгүй, нэг жаахан хөнгөн, дэвэргэн сэтгэлд автчихсан байх юм аа.
Том том булиа цагдаа нар үүдээр цахилгаан бороохой барьчихсан холхицгоогоод л....
Гэтэл манайхан /би тэднийгээ шууд л манай тал гэж ойлгосон/ нэг жиг жуг гээд явчихлаа. Тэдэн дотор нэг бүдүүн гүзээтэй, амгалан царайтай хүн ярьж байх юм. За, одоо цаад Буш, Энхбаяр хоёр чинь бид нарыг дүүжлэх юм гэнэ, нөгөөх Саддамыг дүүжилсэн олс, шат, ялыг нь гүйцэтгэсэн иракуудыг аваад ирсэн, энэ доод давхарын бээсмэнтэд бэлтгэж байгаа юм байна гэж байна. Бүгдээрээ шуугиалдаад л явчихлаа. Нөхдүүдийн маань нөгөөх амгалан тайван царайд нь айдас түгшүүр тодроод ирэх шиг болж, зарим нь шууд л тураад, нөгөө бүдүүн гүзээ энэ тэр нь нүдэн дээр л алга болчих юм. Эсэргүүцэл зарлана гэж байна. Маргарет Тетчерт захидал бичих хэрэгтэй, эсвэл Дээд шүүхийн Болдбаатар хаана байгаа юм бол гэх юм. Нөгөөх миний зүс сайн мэдэх чөргөр нөхөр бүр уурлаад, туранхай хатингар гараа гозолзуулаад тааз өөд юм хашгираад эхлэх юм. Оросоор ярьж байна. Аа, би түүнийг одоо л таньдаг байна ш тээ. Тэр нөгөөх Чернышевский билүү, Оросын нэг нөхөр мөн байна. "Яах вэ?" гээд роман, бас утга зохиол, нийгмийн философийн номууд бичсэн нөхөр мөн байна аа.
Тэр болохоор үүний цаана Путин байгаа, Путиныг Дубайн /бодвол Арабын Дубай хот юм болов уу/ зах дээр л буудчих байсан юм гэх юм.
Тэгэж байтал цагдаа нар ирээд биднээс 4-ийг нь аваад гарлаа. Тэд нар дуугүй, үлдсэн бид хоёртой салах ч ёс хийлгүй тонгойчихоод гараад явчихлаа. Нэг цагдаа хэл байна. Та нар цонхоор хар,, цонхоор хар ... Та хоёрыг 30 минутын дараа ирж авна гэж байна.
Цонхоор нь харлаа. Гэтэл бидний байрлаж байгаа шорон далайн эрэг дээр байгаа юм байна. Далайн эргийн зөөлөн шаргал элсэн дээр 4 шон босгочихсон, тэндээс нөгөө дөрвийг маань дүүжилж байгаа бололтой юм. Хэдэн цагаан хувцастай, толгойдоо мөн том цагаан чалма ороочихсон хүмүүс тэднийг маань нухаад л байх юм. Гарыг нь хүлээд, хүзүүнд нь гогцоо оруулаад... Гадаа их сайхан нартай, тэнгэрийн өнгө далайн өнгөтэй нйилэн суунаг хөх униар татсан байх юм. ийм сайхан байхад үхнэ гэж юу байхав дээ гэж бодогдоод явчихлаа.
Тэгээд оргочихдог юм байна. Харин яаж хэрхэн оргосноо мэдэхгүй юм. Юутай ч оргосон байна. Индиануудын хэрэглэдэг нэг жижигхэн ухмал гуя завин дээр ганцаараа далайд хөвж явах юм. Нөгөөх нар яг түрүүчийнхээрээ, тэнгэр мөн л нөгөөх сиймгэр саарал хөх униартай хэвээрээ, халуун гэж харин жигтэйхэн. Би бодож байх юм. За , би Флоридагийн эргээс хөдөлсөн, нарны тойрог хөндлөн огтлоод л явах учиртай. Фидель дээр л очихгүй бол дэлхийн өөр хаана ч очоод аврагдахаасаа өнгөрсөн хүн дээ би.
Тэгээд сэлээд байх юм. Ямар их удаан сэлэв ээ. Эргэн тойрон далай цэлэлзэж байхад хатаж үхэх гэж байх нь ямар гачлантай вэ? Үхчихгүй л юмсан. Гайгүйдээ, амьд гарчихаад Буш, Энхбаяр хоёрын амыг нь нэг асуух юм хуна даа. Та хоёр муу луйварчингийн гараас амьд мултарчихдаг хүн бас байдаг юм шүү гэж бодитойгоор үзүүлэх юм шүү. Өнөөх Фидель хаана байна аа, гай болж, бие нь муу сонсогдоод байсан, уг нь намайг тосоод л авах учиртайсан. Би ч ингэж яваад арал хүрч чадахгүй нь дээ. Хөөе Фидель, Фидель чи хаана байна аа
Фидель, Фидель гээд л хашгираад явлаа. Очсон эсэхийг мэдэхгүй, сэрсэн чинь нүүрэн дээр 100 лааны гэрэл мэлтийчихсэн, нээрээ ам хачин ангачихсан байх юм. Ёо, ёо, Буш, Энхбаяр хоёрын гараас үнэхээр л мултарсан байгаасай гэж залбирав шүү.
Posted by Зүүдний тэмдэглэл at 6:31 PM 2 comments
Friday, February 2, 2007
Зүүдчиний гуйлт...
Зүүдний минь ер бусын - аймшигтай галзуу солжуу, даанчиг тансаг тунгалаг, даанчиг харанхуйлан харамсам, даанчиг аймшиг хүйдэст, орон зайн болоод цаг хугацааны замбараагүй шугамууд замбараагүй давхацсан, ер нь юу ч гэмээр юм, тодорхойлох үг олдохгүй байгаа тэр хачин сонин, заримдаа элий балай, заримдаа хамгаас цэцэн цэлмэг, ид шидийн ертөнцөд минь их зүрх зориг, тэвчээр гарган зорчих танд гүнээ хүндэтгэл өргөе.
Таны сонирхон зорчихоор зэхэж буй, миний замчлах гэн зүрхэлж буй энэ ертөнц бол миний ертөнц, магадгүй миний жинхэнэ үнэн, гарцаагүй бодит ертөнц байхаа магадгүй.
Намайг таньдаг мэддэг бүхэн харин миний зүүдэнд огт өөр хүн болчихдог тохиолдол мэр сэр биш, нэлээд ч бий, тарган нь туранхай, ааштай нь наалинхай, сайхан сэтгэлтэй нь Яго шиг, шөвөг барьчихсан араас мярааж явах, ямаа заримдаа тэмээ болчихсон, тэмээ нь заримдаа надад хамгийн сайн хүн болчихсон..., би ч тэдний зүүдний ертөнцөд ямар нөлөөт тусгалаар буудгыг мэдэхгүй. Ер, зүүдний ертөнцөд "ТОГТСОН ТААЛАЛ" гэж үгүй бололтой юм аа.
Эргэн тойронд байгаа, идэж ууж, хүртэж мэдэрч, уйлж дуулж буй бүхэн харин бодит зүйл мөн эсэхэд заримдаа би эргэлздэг нэгэн. Бага залуу насанд бол үүнд маш их эргэлздэг байжээ. Заримдаа үүнийхээ төлөө хүнд адлуулах ч энүүхэнд, инээдэм тоглоом, онигоо бол өдөр тутам. Учир нь тэдний буруу биш, би л заримдаа бодит байдал, зүүд хоёроо хооронд нь холчих гээд... самуурах. Хүний нийгэмд хутгалдсанаас хойш энэ ТОМ ДУТАГДАЛ-аа засах гэж 30-40 жил махран оролдсон юм. Үр дүн гарч би зүүдний ертөнц болоод одоо энэ та бидний буй ертөнц хоёроо хооронд нь ялгаж салгадаг болж сурсан. Харин нас ахих хэрээр, энэ хорвоогийн амьдралыг туулах хэрээр, заримдаа ч гутрах юм даа, тэрхүү зүүдний ертөнцөө эргэн санагалзах болсоор, одоо бүүр ихээр санагалзах болов.
Санагалзахын хирээр харин зүүдний ертөнц маань надаас нүүр буруулж, үүд хаалгаа төөрүүлэн мунгинуулж, хааяахан л нэг хаяа хатавчаа сөхөх аястай. Би олон жил энэ зүүдний ертөнцөөс ухамсартайгаар улайран зугтаж ирсэн, харин одоо эргээд тэр зүгрүүгээ улайран зүтгэлэх болов, гэхдээ өөрийн мэдэлгүй. Чухам одоо надад бүдэг бадагхан буй тэр ертөнцөдөө, он удаан жилээр нутагтаа ирэлгүйгээр харь тэнэж явсан хүү насны эцэст эгэн ирж, өрсөн чулуун тоглоом нь газраас урган бэхжиж, өнгөт яргуй нөмөрт нь хичнээн ч юм ургаж хагдарсаар ирсэнийг харан шимширч, хамаг сайн сайхан бүхэн, дурсамж бүхэн, ер амьдрал бүхэлдээ улирч, салхи шуурга, эсвэл үүл манан болон одсоныг ухан ядаж, үнэмшин ядаж, он цагийн салхи хичнээн их зүйлийг элээж, өөрчилж, мартуулдагыг ойлгон ядаж зогсох шиг тийм л нэг өрөвдөм байдалтай атлаа таныг замчлах гэн зүрхэлж зогсоно. Та гараа өгнө үү. Энд таныг айлгаж, ичээж, эгдүү унтууг тань хөдөлгөж, хараал ширээлийг чинь шавхаж ч магад. Шал дэмий, элий балай, өөр юу ч билээ нэг тиймэрхүү үгийг таны үгсийн сангаас ухаж төнхөөд гаргаад ирж ч магад. Гэвч, яая гэхэв, тэр миний буруу биш бйах, энэ ертөнц, энэ миний ертөнц нэгэнт иймээс хойш, эвлэрэхийг хүсье. Бас хааяа ч болов баясган хөгжөөх, бодол эргэцүүллийн сайханд умбуулах ч магадгүй гэж таныг жоохон жоохон хуурчихъяа.
Posted by Зүүдний тэмдэглэл at 6:48 PM 9 comments