#

Saturday, September 26, 2009

Зүүд

Мюррей нэг зүүд зүүдэлжээ.
Бид “үхлийн ихрийн өрөөсний” буюу зүүдний хаант улсад хэрэн бэдэрч, бодит бус “би”-д оршин байх үеийн хачин ээдрээт амьдралыг судлан, түүний учир начрыг тайлах гэж сэтгэл судлаачид, эрдэмтэд олон янзын таавар, таамаглал дунд төөрөн байдаг нь нууц биш. Энэхүү өгүүллэг эрдэмтдийн толгой эргүүлсэн дээрх асуудалд ямар нэгэн тайлбар зүүлт өгөх гээгүй, зүгээр л Моррейн зүүдний тухай ярих болно. Зүүдний нэг гайхалтай тал нь хэдэн сар өдөр, магадгүй жилээр үргэлжилсэн үйл явдлууд ердөө хэдхэн минут, эсвэл секундын дотор болж өнгөрдөг билээ.
Мюррей шоронд, алах ял заагдсан хоригдлуудын тусгай нүхэн өрөөнд сууж байлаа. Хонгилын таазнаас зүүлттэй байгаа цахилгаан гэрэл ширээн дээрхийг тодхон гийгүүлнэ. Цагаан цаасан дээр яагаад ч юм гарч ирсэн шоргоолж зүг зүг рүү дэмий үсчих авч яг энэ агшинд дугтуйнд хашигдсан зам нь Мюррейгийнх шиг хааллтай байх аж. Алах ялыг цахилгаан хэрэгслэлийн тусламжтайгаар оройн найман цагт гүйцэтгэнэ. Мюррей шавьжисын дотроос хамгийн ухаантай нь болох шоргоолжны ухаангүй үйлдлийг инээмсэглэн харж байлаа.
Энэ хэсэгт өөр долоон алуулах ялтан байв. Мюррей энд ирснээсээ хойш гурван хүнийг тийнхүү сүүлчийн амьсгал татах газар луугаа явж байхыг харжээ. Нэг нь ухаанаа тавьж орхиод, торонд орсон чоно шиг үсэрч цовхчин байсан бол хоёр дахь нь эхнийхээсээ ч илүү ухаанаа барсан шинжтэй чанга дуугаар тасралтгүй залбирч байлаа. Гурав дахь нь хөөрхий, сул дорой нь төдий чинээн биз, аль хэдийнэ ухаан алдаж унаад гулууз мах шиг юм дамнуур дээр тавиулан эцсийн агшин руугаа одож билээ. Мюррей өөрөө цаазлуулах тэр агшныг гаднаа болон сэтгэл дотроо хэрхэн угтах талаар эргэцүүлэн бодож байв. Өнөөдөр орой түүний хугацаа гүйцэж. Одоо бараг найман цаг болж байгаа биз. Энэ хэсэгт хоёр эгнээ нүхэн өрөөнүүд байх агаад түүний өөдөөс харсанд сүйт бүсгүй болон баривчлах гэж ирсэн хоёр цагдаагийн ажилтныг цааш харуулчихсан Бонифацио гэгч итали эр хоригдоно. Мюррей үл үзэгдэх нөхөртөө нүүдлээ хашгиран хэлж, удаан хугацааны туршид түүнтэй даам тоглож байгаа юм.

Бонифациогийн сүрлэг бүдүүн хоолой үргэлжийн өнөө дуулж байгаа юм шиг аялгатайгаа сонстов.

-Хөөе, маэстро Мюррей! Бие чинь ямар байна, давгүй биз, аан?

-Тийм ээ, Бонифацио, сайн байна гэж Мюррей шоргоолжийг дугтуйн дээгүүр давуулж, нүхэн өрөөний шалан дээр болгоомжтой буулгах зуураа хэллээ.

-Маэстро Мюррей, тэгэхээр ийм байна. Та бидэн шиг улс яамр ч байсан эр хүний ёсоор үхнэ шүү. Миний хугацаа дараагийн долоо хоногт болно. Онц сайн. Маэстро Мюррей, сүүлчийн өрөгт тоглоод та хожигдсоноо санаж байна уу, бид дахиад хаа нэгтээ тоглож ч болох юм. Биднийг илгээх тэр газар дахиад нүүдлээ холоос хашгиралцан тоглох ээлж ирэх ч юм билүү, хэн мэдлээ, тийм биз дээ.

Бонифациогийн бүдүүлэг философи, түүний араас залгах пис писхийсэн аялгуутай паргиа инээд зэрэг нь Мюррейн сэтгэлийг хөндөхгүй байж чадсангүй. Тийм ээ, гэвч Бонифицио дахиад долоо хоног амьд байна шүү дээ.

Нүхэн өрөөний суугчид хонгилын нөгөө үзүүрт гарсан ган түгжээнүүдийн тархийх, дараа нь хаалга онгойх танил чимээг авангуутаа дороо нам болцгоов. Мюррейн нүхэн өрөөнд гурван хүн дөхөж ирээд хаалгыг нь онгойлголоо. Хоёр нь шоронгийн хуяг, гурав дахь нь Мюррейн хүүхэд ахуйн найз, хөрш Леон байв. Үгүй дээ, тэр бүхэн аль диван галвын цагт өнгөрсөн, одоо бол Ламтан Леонард Уистон.

-Би шоронгийн ламтны үүрэг гүйцэтгэх зөвшөөрөл авсан юм гэж тэр хэлээд Мююрейн гарыг чанга атгав. Зүүн гартаа тэр жижгэвтэр библи барьсан байх агаад хэрэгтэй газрыг нь тэмдэглэн долоовор хуруугаараа даржээ. Мюррей хөнгөн инээмсэглэж, ширээн дээрх хэд гурван ном, харандаа цаасаа эмхэлж эхлэв. Тэрээр тун дуртай яриа дэлгэмээр байсан авч санаанд нь ямар ч үг орсонгүй. Хоригдогсод наян фунт урттай, хорин найман фунт өргөн шоронгийн энэ хэсгийг “тамын өмнөх хаалга” хэмээн хочилох бөгөөд энэ “тамын өмнөх хаалга”-ны байнгын манаач болох аварга том биет, болхи хөдөлгөөнт, сайхан сэтгэлт эр халааснаасаа шилтэй виски гаргаж, Мюррейд:

-Энэ байна шүү, сэтгэлээ чангалахад хамгийн тустай эд. Тэгээд байна шүү дээ, айх юм юу ч байхгүй, зүгээр л сайхан вискинээсээ балгачих гэсэн үгсийн хамт өглөө.

Мюррей шилтэйгээс балгав.

-За зүйтэй, сэтгэлээ жаахан чангалчихсан байхад бүх зүйл болоод явчихна гэж манаач хэлжээ.

Тэднийг хонгил руу гарахад цаазын ялтай долоон хоригдол долуулаа, найман цаг болж байгааг, өнөө оройны найман цагт Мюррей цаазлагдах ёстойг ойлгож байлаа. “Тамын өмнөх хаалга” ч гэсэн өөрийн гэсэн язгууртны ёс жаягтай. Дайснаа юм уу мөрдөгчөө алсан, зодооны талбайд ялалт байгуулсан, эсвэл балар эртний тэр мэдрэмждээ хөтлөгдөн уг хэргийг үйлдсэн бол шившигтэй муусайн алуурчдыг үл тоон, булангийн цаанаас харьцах бөлгөө.

Тиймээс сайхь долоогоос дөнгөж гурав нь хоёр харуулын дунд хонгилоор алхаж байгаа Мюррейтэй салах ёс хийн хашгиралдаж амжив. Энэ нь Бонифацио, шоронгоос оргох гэж байгаад хуягийн амь нас хөнөөсөн Марвин, хурдан галт тэрэгний гараа өргөөгүй үйлчлэгчийг аргагүйн эрхэнд алсан, төмөр замын дээрэмчин Бассет гурав болно. Үлдсэн дөрөв нь “тамын өмнөх хаалга”-ны нийгэмд гадуурхагдсанаа ойлгон, нүхэн өрөөнийхөө мухарт чимээгүйхэн бүгж байвай.

Мюррей өөрийнхөө тайван байгаад, ер яасан ч яахав гэсэн царайтай байгаад багагүй гайхжээ. Цаазаар аваачих өрөөнд шоронгийн удирдлагууд, сонин хэвлэлийнхэн, орж ирэх “аз” тохиосон зарим сонирхогч – үзэгчид гээд хорид хүн цуглажээ...

Энд, хамгийн гол хэсэгт нь үхлийн гар О.Генригийн сүүлчийн өгүүллэгийг тасчин авчээ. Тэрээр энэ өгүүллэгийг өмнөх бусад өгүүллэгүүдээсээ шал өөр өнгөөр, огт өөр агаараар бичсэн юм. Энэ нь түүний уран бүтээл дэх цоо шинэ эргэлтийн эхлэл ч байсан байж болох.

-Би огт өөрөөр бичиж чадна гэдгээ олон түмэнд үзүүлмээр байна. Одоогийн энэ өрнөл, хэмнэлээ яг иймэрхүү агаарт зангидан гаргаж ирэх нь миний зохиолчийн уран чадвараас нэг их хол биш юм шиг санагдаж байна гэж Генри ярьж байжээ.

Энэхүү өгүүллэгийн бичихийн өмнө түүнийг хэрхэн өрнүүлэхээ цаасан дээр төлөвлөж байжээ. Ухаангүй хардлагадаа солиорч, хайртай хүүхнээ зэрлэгээр алсан Мюррей алах ялыг маш тайван, яасан ч яахав гэсэн байдлаар хүлээж авна. Цахилгаан сандалд ойртох үед ч болж байгаа бүхэн худлаа юм шиг мэдрэмж түүнийг эзэмдсээр. Цаазлах өрөөний байдал, гэрчүүд, үзэгчид, цаазаар авахад бэлтгэж байгаа зэрэг нь бүгд хуурамч юм шиг санагдана. Аймшигтай алдаа гарчээ гэсэн нэгэн бодол санааных нь үзүүрт гялсхийхэд...

Яагаад түүнийг сандал дээр суулгаж байгаа юм бэ? Тэр юу хийсэн гэж? Ямар гэмт хэрэг хийлээ гэж энэ вэ? Сандлын даруулгыг хийж байх тэр хэдхэн мөчид ухааных нь харцны өмнө нэгэн дүрс гарч ирлээ. Тэр ийн зүүдэлжээ. Нарны туяанд бялхаж өнгийн цэцэгт дарагдсан модон торх үзэгдэнэ. Мөн нэгэн эмэгтэй, жаалхүүгийн хамт байна. Тэдэнтэй ярьж үзээд эхнэр хүү хоёроо гэдгийг мэднэ. Модон торх гэр нь ажээ. Тиймэрхүү маягаар эцсийн эцэст энэ алдаа байх болно. Алах ял, цахилгаан сандал, шүүх, шорон – энэ цөм зүүд. Тэр эхнэр хүү хоёроо тэвэрнэ. Тийм ээ, энэ аз жаргал мөн. Тэр бүхэн зүүд байсан. Гэвч энд, шоронгийн харгалзагчийн дохиогоор өнөө гайт сандал цахилгаан гүйдэлд залгагдаж байна.

Мюррейн зүүд гэж бодсон бүхэн үнэн байлаа.
О.Генри

#

1 comment:

bolor7erdene said...

Хэрвээ бид энэ орчлонгоос буцвал зүүднийхээ ертөнцөд очих байх гэж боддог юм. Тэнд намайг олон үйл явдал, дутуу хийсэн олон ажил хүлээж байгаа. Заримдаа нэг их сайхан зүүд дутуу сэрэхэд, айдас яг цагаа тулаад ирэхэд цочин сэрдэг гээд л... Энэ бүхэн надад цааш нь үргэлжлүүлэх боломж олгож байгаа мэт санагддаг.