#

Wednesday, April 16, 2008

Элст цөлийн, эсвэл сэтгэлийн гүнд... - 1

Далайн давалгаа шиг элсэн ухаад нь зах хязгааргүй үелсэн говь цөлийн гүнд байх уртаашаа хориодхон алхам бяцхан баян бүрд. Бүрдний эхэнд гурван залуу хайлаас, харин адагт нь хэдхээн ногоон мөчиртэй, ихэнх мөчир нь хатаж, өгөршсөн ганц хөгшин хайлаас байх ажээ. Хаашаа л харна санаа алдуулсан уудам элсан далай цөхрөхийг үл мэдэн тасралтгүй төөнөх наран дор мяралзана.

Бүрдний адагт байх тэр хөгшин ганц хайлаасний сүүдэрт өнөөх өвгөн бөртөлзөн тоглоно. Яг гурван наст шиг. Бүрдний захын чийгтэй элсээр хот, зам гүүр, хана хэрэм, өндөр өндөр шилтгээнүүдийг уйгагүй барина. Нэгийг барьж эхэлсэнээ нураагаад дахиад цоо шинийг, бүүр өөрийг барина. Бас хайлаасны унасан мөчрүүдээр цамхагын нуруу, замын шон босгож, бас хүн хийнэ. Ядартлаа тэгэж тоглоод өнөөх хайлаасныхаа сүүдэрт нялх хүүхэд шиг тугдайгаад унтаад өгнө. Сэрээд уснаас ямаа шиг хэд залгилчихаад, норсон цагаан сахлаа хэд шувтарчихаад дахиад л тоглоод эхэлнэ. Бид хоёрыг ер анзаарах ч үгүй, тоглож байхдаа ямагт өөр өөртэйгээ ярьчихна. Яриаг нь сонсвол 2-3 –уулаа байгаа бололтой байдаг юм. Үе үе чанга чанга хөхөрч, бас өндөр дуугаар ямар нэгийг итгэлтэйгээр ухуулна. Эхлээд би тэр өвгөнийг толгойдоо цагаан алчуур зангидсан охин хүүхэд байна гэж харсансан. Хүн зөнөнө гэдэг ийм л байдаг юм байна даа, Хүүхэд яаж гуниггүй, сэтгэлийн зовлонгүй тоглож чаддаг билээ дээ, яг тэгэж тоглож байгаа нь нэг бодлын бүүр атаархмаар ч юм шиг.

Би өвгөний тоглохыг харан шийдвэр гаргаж чадахгүй дотроо шаналсаар удаан сууж билээ. Энэ хүүхэд шиг өвгөнийг энэ элсэн тоглоомтой нь, энэ гэнэн сэтгэлтэй нь энэ цөлийн гүнд хаяад явна гэхээр ... Надад даанчиг гунигтай, хэцүү, бүүр уйлчихмаар, орилж бархирмаар хэцүү байсансан. Гэвч эрүүл ухаан надад өөр сонголт өгсөнгүй. Элсээр наадаж тоглохоос өөр шидгүй болчихсон, өдрөө хүлээж буй Өвгөнийг уу, эсвэл ид ааг хүч нь багтаж ядсан, эрмүүн зориг нь өөрийг нь ч хорлочихож мэдэхээр гал цогтой залууг уу. Хэн ч ийм сонголтын өмнө хэнийг сонгох нь тодорхой, Залуу яваад хоёр цаг болж байгаа. Энэ хоёр цаг амьдралыг минь хамгийн урт цаг байсан болов уу, би залуугийн хойноос явах уу, эсвэл энэ өвгөний дэргэд үлдээд, өөрийнхөө тэр өрөвдмөөр ирээдүйг харжээ, гунигтайхан өхөөрдөж, хүлээж суух уу гэдгээ шийдэх гэж шаналчихсан билээ.

Шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй, залуугийн хойноос хугацаа алдалгүй явахгүй бол тэр надад гүйцэгдэхгүй холдоод явчихна. Өвгөн уг нь бид хоёрыг өөрийг нь хаячихаад явчихсан гэдгийг анзаарах ч үгүй л тоглосоор байх байх л даа, гэхдээ л, бүүр огт тоохгүй, эмзэглэхгүй байх бүр л түүнд учирлах, ямар нэгэн байдлаар хэлж, ойлгуулах хэрэгтэй, нэг л өдөр хүүхэд насандаа шумбаж одсон оюун ухаан нь эргэж ирэхэд бид ор сураггүй алга болчихсон байх юм бол өвгөнд ямар хэцүү байхыг би төсөөлж байлаа. Тэгээд хожмын өдөр өвгөний энэ гэнэн дүр төрх, гээгдэж хоцорсоноо гэнэт мэдэрсэн хаягдсан хүүхдийнх шиг гомдолтой тэр төрх насан туршид минь зүүдэнд үзэгдэж намайг шаналгах болно гэдгийг ч би мэдэж байлаа.

Тэгээд би өвгөний дэргэд очив. Элсэнд дутуу суулгаад уначихсан төө хэрийн нэг мөчир/ өвгөнийхөөр бол гэрлийн шон ч юм уу даа/-ийг өөд нь авч өгтөл өвгөн намайг анзаарсангүй. Тэр намайг хаанаас гараад ирэв гэж гайхсан мэт харав. Яг хүүхдийн нүд. Тэр нүдийг хараад Би явна гэсэн шийдвэрээ тэр дор нь өөрчилчих шахав. Тэгээд өөрчилчихөөгүй байгаа дээрээ яаран сандран өвгөнд юу болоод байгааг, юу болох гээд байгааг нэгэн амьсгаагаар урсгачихлаа. Тэгэж ар араас нь эмх цэгц муутай хэлсэн үгийг маань 3 настан шиг болчихсон энэ өвгөн тийм амар ойлгоно гэж үү, гэвч нэгэнт хэлэгдсэн үнэн амьдрах ёстой, нэгэнт зорилгоо хэлсэнээс хойш одоо өвгөнд бага багаар тайван тайлбарлаж өгч, тэр өнгөрсөнд одсон ухаан санааг нь эргүүлэхийг хичээх хэрэгтэй болох нь. Харин тэгтэл өвгөний хариу намайг балмагдуулав. Тэр аль хэзээнээс л бид хоёрын ярилцаж, маргалдаж, бас миний дотроо шаналж байсныг мэдэж байсан хүн шиг хүлээж авах юм.

Би өвгөнийг дахин анхааралтай харав, энэ удаад түүнийг гурван настаныг өхөөрдөж буй харцаар биш харин энэ гурван настны халхавчны цаана ямар алс ухаан, зөн билэг байгааг нь мэдэхийг хичээлээ.

- Ёс суртахууны тухай хамгийн их ярьж, санаа зовниж, номлож буй хүн бол харин өөрөө л хамгийн их ёс суртахууны асуудалтай тулгарч, мухардаж, доголдож байсан болон байгаа хүмүүс байдаг юм даа.

Өвгөний энэ үгэнд би ихэд цочив. Өвгөнийг энэ элсэн цөлд орь ганцааранг нь зөвхөн үхэлд нь л үлдээгээд явах шийдвэр гаргатлаа миний сэтгэл шаналаагүй гэж үү, гэтэл тэр омголон залуу бол энэ асуудлыг ер авч хэлэлцээгүй, огтхон ч эргэлзэхгүйгээр, санаа зовинохгүйгээр, бүүр эргэж ч харахгүйгээр явчихсан шүү дээ. Эцсийн эцэст би өөрийнхөө хүн чанар, нинж сэтгэлтэй тэрсэлдэн байж ийм шийдвэрт хүрч буй. Энэ элсэн цөлд энэ өвгөнтэй хамт үхлээ хүлээн үлдэхээс илүүгээр тэр ирмүүн хүч чадалтай залууд энэ элчилгүй элсэн цөлийг туулахад нь тусалж, газарчилж амь золин зүтгэх нь ямраар ч харьцуулсан, шүүсэн илүү дээд сонголт гэдэгт би огтхон ч эргэлзээгүй. Өмнө нь бүхэл бүтэн амьдрал, буцалж, эрчилсэн өрнүүн амьдрал хүлээж буй тэр омголон залууг төөрч мунгинасаар хаа нэгтэй хатаж үхэхийг нь мэдсээр байж, ганцааранг нь таниж мэдэхгүй элсэн цөлөөр явуулчих нь надад энэ зөнөг залгачихсан, тоглохоос өөр ямар ч эрмэлзэл, ид шид байхгүй болчихсон өвгөнийг энэ бүрдний захад хаяад явахаас илүү хэцүү байсан шүү дээ. Надад өөр сонголт байгаагүй, тэр залууг би энэ элсэн цөлөөр ганцаар туучиж гаталж чаднаа гэж иш мухаргүй зүтгэхийг нь хорьж дийлээгүй, бас энэ өвгөнийг аваад гурвуул аялах нь зүгээр л шууд амиа хорлож байгаа хэрэг гэдгийг 2 нэмэх нь 2 тэнцүү гэдэг шиг маш тодорхой мэдэж байгаа нөхцөлд надад ямар өөр сонголт байсан юм бэ,

Ийм шийдвэр гаргахад энэ эргэлзээгүй итгэл нөлөөлсөн нь ёс суртахуун, нинж чанартай ямар хамаатай юм. Гэнэтхэн өвгөнд гомдох ч шиг, бас дур гутах ч шиг мэдрэмж төрөв. Зүгээр л өөртэйгээ хамт байлгах гэсэн өвгөний арчаагүй амиа хичээсэн зан нь энэ хорон үгийг надад хэлүүлэв үү. Уг нь би өвгөнд ямар сонголт хийснээ, ийм сонголт хийхдээ өөрийн дотоод хүнтэйгээ, ёс суртахуунтайгаа хичнээн их зөрчилдөж байж шийдвэр гаргаснаа, одоо ч хутганы ирэн дээр мэт хаашаа ч хөлбөрчих байр суурьтай байгаагаа, бас их шаналж эмзэглэж буйгаа хэлсэн юм шүү дээ. Гэтэл хариу нь энэ. Миний дотор түрүүнээс хойш үймэж байсан тэр эргэлзээ гэнэтхэн замхарч, харин ч өвгөнийг орхиод явахдаа эргэлзэж байсан маань оргүй болчихов.

Тэгээд би залуугийн хойноос хараачлав, тэр аль хэдийнэ бараа тасарчээ. Би энэ цөлийг гурвантаа туулсансан. Эхний удаад яг энэ залуу шиг гал халуун, буцалж даргилсан тэмцэл дүүрэн амьдралыг тэчьяадан хүссэн, хүч чадалдаа дэндүү эрдсэн, ааг зоригоос өөр баялаггүй залуу байсансан. Тэгэхэд би 18-тай байж дээ. Тэгэхэд би энэ цөлийн гарцыг нь олохгүй өвс, хорхойгоор гол зогоон 7 жилийн турш бядэн тэнэсний эцэст энэ өвгөн аминд орж цөл гаталгаж өгч билээ. Өвгөн тэгэхэд одоогийн миний л хэрийн насны байсан байхдаа, хэрвээ өвгөн тусалж, газарчлаагүй бол би аль хэдийнэ цөлийн гүнд хатаад борц болчихсон байх байсан юм. Уг нь энэ элсэн цөлийн гарцыг мэддэг хүнд бол 7 хоног л хэрэгтэй байсан байж. Гэтэл би 7 жил тэнэсэн байгаа юм даа.

Тэр гарц эрэн тэнүүчилсэн 7 жил харин миний өнөөх ааг зоригийг ховх сорчихсон юм. Хамаг шим шүүс, хүч чадлыг минь залуу настай минь хамт сорчихсон тэр долоон жилд би хожим, ер нь насан турш асар ихээр харамсаж явах болсон юм. Тэгээд тэр цаана, нөгөөх хүссэн газартаа очтол аль хэдийнэ миний чадал шавхарчихсан, би огтхон ч хэрэгцээгүй амьтан болчихсон байсансан. Тэгээд байж байж залхаад буцаж нааш ирсэн юм. Хэрвээ тэгэхэд хэн нэгэн надад тусалж, гарцыг арай эртхэн шиг, ядахдаа эхний 7 сарын дотор заагаад өгчихсөн ч болоосой гэж би хувь заяандаа юутай их харуусаж явж дээ, хэрвээ тэгсэнсэн бол...

Чухам одоо энэ намайг хүлээж тэсэлгүй хаяад явчихаж буй залуу шиг л байж дээ би, түүнтэй маргаж суухдаа гэнэтхэн яг өөрийн идэр залуу настайгаа ярьж буй мэт санагдаж, эрхгүй цочиж билээ. Тэгэхээр энэ залууг хожмын өдөр бас над шиг насан туршдаа харууслын хар дээс цээжиндээ зангируулж явуулахгүйн төлөө би энэ шийдвэрийг гаргасан. Би энэ цөлийн гарцыг мэддэгийн хувьд тэр залууд газарчилж, тэр амьдрал буцалсан газарт хүргэж өгөх учиртай. Ес суртахуун ямагт миний талд байнам биш үү. Гэтэл өвгөн юу хэлнэ вэ? Ес суртахууны асуудал сөхөж, миний нинж сэтгэл рүү довтолж байж, өөрийнхөө дэргэд авч үлдэх гэсэн өвгөний амиа хичээсэн зан нь ийм адгийн гэнэн оролдлого хийлгэж байна даа гэж миний бодож буйг минь мэдчихсэн мэт өвгөн өнөөх элсэн тоглоомоо орхиод нэлээд нухацтайгаар цааш нь ингэж өгүүлэв.

- Өөрөөр хэлбэл хамгийн их ёс суртахууны асуудалтай байгаа тэр хүмүүс л бусдын ёс суртахууны асуудалд санаа зовж байгаагаа хамгийн илүүгээр илэрхийлцгээж байдаг юм.

Хм, Энэ зөнөг өвгөний дэмий хоосон цэцэрхэлийг сонсож суухаар өнөөх залуугийнхаа хойноос явах минь, улам холдоод явчихлаа, гэвч өвгөний яриаг таслаад шуудхан босоод явчихаж чадсангүй, дэмий л “аанхан” гэж амыг нь дагууллаа. Хэзээ насандаа ч юм уншиж байсан номноосоо энэ ишлэлүүдийг санаж л дээ, мань өвгөн. Би байж сууж ядан өвгөний яриаг тасрангуут л ухасхийн босоход бэлдэв. Гэтэл өвгөний үргэлжлүүлэн хэлсэн ганцхан үг суудал дээр минь мөддөө босохооргүй намайг хадаж орхив.

Үргэлжлэл бий.

# # Read more! #

Унаагаа солив

Сүүлийн хэдэн сарын туршид байнга тэмээ унаж зүүдэлж байсан юмсан. Харин энэ удаад нэлээд харшсан ч гэсэн эрч хүчтэй, бас их ааштай, омголон догшин ч сайхан гал шарга морьтой боллоо. Удаан хугацааны хатуу эдэлгээ энэ морины өнгө зүсийг нэлээд дарсан ч, угийн омголон чанар, сүр хүч, чадал тэнхээг нь бууруулсангүй, харин ч хат сайт ган төмрийг нугалах тусам харимхайн хүч нь улам нэмэгдэдгийн адилаар энэ морины омголон, догшин нь нэмэгджээ. Уг нь морьд, бараг ихэнх морьд эдлэх тусам л номхордог юм. Тэмээ ч гэсэн тэр.

Хичнээн ааштай, догшин байлаа ч 3 сар талхичихаар тэгээд хонины хээр, хүүхэд хөгшидийн зугаа болоод номхорчихдогсон. Энэ жамыг сөрж чадсан тийм шийр чангатай морьтой би нэг ч удаа таарч байсангүй, харин нэг тэмээтэй бол таарч байсан юм. Ингэ шиг жижигхэн бөхтэй, цүдгэр гэдэстэй болохоор нь “Боос бор” гэж нэрлэдэг бор ат байж билээ, Бусад тэмээд бол эхлээд барьж авахад цээж нь хүнгэнээд, омголон догшин юм шиг атлаа 10 хоногийн эдэлгээний дараа номхорчихдог бол “Боос бор” яг эсрэг. Эхлээд барьхад ер үргэж туйлахгүй, тавчиж, тоглохгүй атлаа 10 хоног эдлээд эхлэхээр л гэнэт ааш ороод, явдал нь чангараад, догшироод эхэлдэг адгуус даа.

Бусад тэмээг эдлэх бүр улам сүр нь гундаж, тамир нь барагдаж, үглээ эмгэн шиг алхах бүрдээ гунганаад эхэлдэг бол “Боос бор” эдлэх тусам араа нь хавираад л, цээж нь хүржигнээд л зүтгээд байх, арга ядаад бид түүнийг хамгийн хүнд ачаанд оруултал, хөл дээрээ арай чуу боссон атлаа, хөтөлж яваа намайг тавчих гээд, тавчуулахгүй бултаад байхаар, хазах гээд дайраад байж билээ. Тийм л шийр чангатай тэмээ дээ.

Энэ шарга морь бол яг тэр “Боос бор” шиг морь юм. Олон хоногийн эдэлгээний ор мөр түүний нуруу, хондлойгоор нь илхэн харагдаж, үс нь налаад, оломцог төдийгүй хугалдаргаар нь хүртэл халзарчихсан байхыг бодоход их л удаан эдэлж дээ, хөөрхийг. Тийм атал ер номхорсон шинжгүй, намайг оосорлоод авах гэтэл цахалж, цоройгоод хамаг ногт, цулбуурыг тасчаад хаячихав. Тэгээд оосорлочих арай бөххөн уяа олдохгүй болохоор нь хүзүүндээ байсан урт шар хадгаар оосорлолоо. Тэгтэл хадаг салхинд жаахан дэрвэх төдийд нөгөөх чинь дахин үргэж давхиад өнөөх хадгыг бүүр юу ч үгүй тасчаад хаячихав. Уг нь тэр хадаг бол Далай багшийн өөрийн гараар өгсөн хадаг юм.

Ингээд оосорлох юм олох санаатай ийш тийш хартал бас баахан буутай, хар хар хувцастай америк цагдаа нар бужигначихаж, холхон байсан нь дээр, тэгээд Шарга морио нэгэнт оосорлох юмгүйгээс хойш хүзүүгээр нь тэвэрчихээд, тэднээс буруулав.

За юутай ч унаагаа солив, хэзээ ч номхоршгүй, хэзээ ч эцэж, цуцашгүй, хэзээ ч цөхрөшгүй тийм гал шарга морьтой болов. Нэг оосорлох юм олох л асуудал байна даа, олдох байлгүй, болохгүй бол түр зууртаа индиан шиг л юу ч үгүй мордчихно доо. Ямар сураагүй юм биш.

# # Read more! #

Friday, April 11, 2008

Нутаг дуудаа юм болов уу даа

Миний багад манайх зарим зун Бугын толгойт гэдэг газар зусах. Говийн хүн намайг хар модон дунд өссөн гэхээр худлаа ярьдагыг маань эсвэл алиа хошин занг маань гайхах хүн захаас аван. Гэвч үүнд худал юм үгүй, алиалж хошигносон ч юм үгүй, үнэхээр миний төрж өссөн Хантайшир уул бол өвөр талаараа битүү хар модон шугуй шуугисан, янгир гөрөөс, үнэг туулайд булталзан гүйлдсэн, буга согоод нь адуу үхэртэй хамт хотолж л байдаг, сархиаг жалга бүрээс нь харз ус боргилон урссан, зуны сардаа цэцгүүд нялхарсан, түмэн зүйл шувууд шулганасан үзэсгэлэн төгс нутагсан.

Тэр Бугын толгойт гэдэг зуслан бол өргөн хар модон хаялганы тана дээр байх өвөртөө өвөөгийн сахал шиг хэдэн өрөвгөр жодоо, хар мод, бургас санжуулсан бяцхан болдог толгойтой газар л даа. Түүний доод бэл нь тавиу талбиу хийгээд зуны дэлгэр цагаар тэр дэлгэр хормойгоор нь зусланчдын гэрүүд бөмбийлдээд, өглөө эртээ болдог толгой дээрээс харахад цэцгийн үзүүрт тогтсон шүүдэрс шиг нарны гэрэл ойлгон байдагсан. Харин зүүн энгэрт, нэлээд дээхнэ байх цавчим цохио хадны хэвлээс ус бургилан гардаг, хур ихтэй жил бол тэр дээрээс хүрхрээ аятай мэлтэлзэн урсдаг, ус багатай жилээ хадны оёор луу нэлээд шургаж байж, уртхан иштэй шанагаар хутгаж ундныхаа усыг авдагсан.

Хадан ус нэртэй тэр усыг рашаан ч гэх. Тэр Бугын толгойн нэрийг хоёр янзаар хэлэлцэх агаад нэг нь дээр цагт нэг хүн буга бугуйлдачихаад, түүнээ модноос уячихаад, гэртээ очиж, хутга сүхээ бэлдэж аваад иртэл бугын толгой нь тасраад үлдчихсэн, бие нь алга байсан гэдэг, нөгөө нэг нь болохоор буг чөтгөртэй болохоор тэгэж нэрлэсэн ч гэх. Би бол эхнийхэд нь үнэмшдэг юм, тэр толгойн шилд нарлаг, налгар, дурсамж, хайр, гэрэл гэгээ халгисан жаргалтай дэлгэр зуныг хэдэнтээ үдэж явсаны хувьд буг чөтгөртэй ер таарч байсангүй, ер саар муу дурсамж тэр газар байсангүй ээ.

Харин энэ удаад тэр багын зуслангийнхаа нутгыг зүүдлэв.

Бугын толгойтын эхний үргэлжилсэн шивээ ойг Бага зураа гэх, жаахан намхан хөтөлтэй дунд хэсгийг нь Тасархай, толгойн хойруу байх моддын зураа өргөссөн хэсгийг нь Өргөн харын зураа гэх. Нээрээ л алсаас харахад Алтайн сүрлэг хийморлиг эрийн өтгөн хүмсүг шиг харлан зурайж харагддагсан. Тэр зураадад тошлог, улаалзай жимс ихээр ургадагсан, харин би өнгөрдөг шөнө тэр зураанд очлоо. Хөвөн зулчихсан мэт байдаг хөвд өвс нь чандар шиг болоод, өнөөх Бага болон Өргөн зурааны бүх модод нэг ч амьд ногоон мөчир шилмүүшгүй, хав хар болоод, зөвхөн сэрийсэн сэрийсэн хар хар мөчирнүүд л үлдчихсэн нь арзайсан төмөр тор татчихсан мэт аймшигтай. Тэр амьгүй сэргэр хар моддын мөчирсийн завсараар өнгөгүй саарал тэнгэр сүүмийнэ. Энэ чинь юу болж байна вэ, гээд хашгирчмаар, хачин их харуусал цээж зураад ирэх юм.

Амьд үлдсэн нэг ч мод, бүүр нэг ч өвс алга, хөлд пургих тэр саарал үнсийг ухан төнхөн, нэг ч болсон амьд үлдсэн цэцгийн үндэсийг олчихсон гэж хичээлээ. Эрх багадаа модны тан дээр байх миний л нугалж чадах хэмжээний нэгэн өсвөр шивээг нугалж, дээр нь тохом тохчихоод морь болон булгиулж мөн ч их тоглодог байсансан. Бүүр хожим арван хэдэн жилийн дараа тэр моддын тангаар явж байхад миний тэр бөхийлгөн морь болгон толодог байсан шивээ яг тэр бөхийсөн чигээрээ ургаж, бүдүүрээд, нас биенд хүрсэн намайг өлхөөн даачихаар болсон байж, гэхдээ л тэнгэр өөд цоролзон боссон эгц шулуун, гоолиг ганган бусад ижлүүдийнхээ дэргэр цор ганцаар бөхгөр, бусад нь салхины аясаар тэнгэрт цоролзон найгадаг бол тэр л орь ганцаар амьдралын хүндэд бэрхшээж бөхөлзөх мэт дохилзон буйг нь хараад балчир багынхаа тэр гэнэн томоогүйтлийнхээ төлөө зүрх шимшрэн, тэр бөхийн ургасан залуу Шинэсэнд сөхөрч, наминчилж билээ.

Харин тэгтэл одоо бүр нэг ч амьд мод алга болчихоор энэ сэтгэл зүрх яаж тэсэх вэ дээ, харуусан халаглаад барахгүй, дэмий л энэ сайхан орон дэлхийгээ ийм болгочихдог суугуул нутгынханаа сайн муугаар нь дуудаж, хүмүүний амин хувиа хичээх гэгч ямархан үр дагавартай болоход нь халаглан, ялангуяа орон нутгийн удирдлагуудыг байж болох хэмжээгээр баалж үзэв. Уг нь сүүлийн 10-аад жилд манай авга талын ах хүү тасралтгүй Засаг даргаа хийж байгаамсан. Яачихаараа нутаг орноо ингээд цөлбөчихдөг, эсвэл цөлбүүлчихдэг байна аа гээд л. Харь газар хэдэн халтар төгрөг хөөцөлдөж, болсон болоогүй аижл хийж, хөлсөө урсгаж явах хооронд эргээд хэзээ ч заяахгүй, бас юугаар ч сольж, орлуулашгүй үнэ цэнэтэй бүхэн маань энэ мэтээр устаж, мөхөж явсан байх нь дээ.Ядахдаа үүнийхээ төлөө харамгүй урсгасан хөлсөө зориулсансан бол...

Модод тэгэж олноороо үхэж хатах чинь ямар эвгүй харагддаг юм бэ. Хааяа кинон дээр л нэг тийм үхмэл намгийн гүнд үхмэл ойн дунд ямар байдгыг харуулдагсан. Тэгээд өгссөөр моддын сэрвэн дээр гараад ирлээ. Гэтэл моддын ар сэрвэнгээр нь төмөр зам тавьчихаж. Хүүе, энд яахаараа төмөр зам байдаг билээ гээд, гэтэл нэг эр эм хоёр төмөр замын ойролцоо ажиллаж байна, эм нь яг нөгөө моддын сэрвэн рүү орж биеэ засихаад гарч ирж буй бололтой, зузаан ноосон өмдөө татсаар ирж явна, эр нь нэг л үзсэн ч хүн шиг, харин эм нь яах аргагүй хятад гүүня байна аа. Тэгтэл тэд намайг хөөж байна, "манай ажлын зоноос холдваа, чи" гэж байна. Одоо нас ахиад Далай багш шигээ их хүлцэнгүй болчихсон би\хэ хэ\ хөөгдөөд л, залбираад л гүйлээ, уг нь хэдэн жилийн өмнөсөн бол аль хэдийнэ тэр хоёртой барьцалдаад авах байсан л даа.Тэгээд зам дагаад гуниг, гомдолтойхон алхаж байтал араас галт тэрэг дайрчих шахаад, дуу чимээ болсоор хүрээд ирдэгийм байна.

Тэр тэргээр дүүрэн мод аччихаж, орилж чарласаар умард зүгт одов. Яг энэ мөчид би тэдгээр модод яагаад бүгдээрээ үхчихсэний учрыг ойлгов. Амин голоор нь, ар дагзаар нь төмөр зам тавьчихаж, бас хүмүүсийн бузар гар тэр эмзэг нандин бүхэнд хүрчихэж... Амьсгаагаа ч хүргэж боломгүй ариун дагшин юм гэж байтал, харь хүмүүсийн бузарт өртөхөөр гутарч, гундалгүй, хиртэж, бузарталгүй яахав дээ. Уг нь бид чинь, жалганд очиж морь хардагсан, хэзээ бидний өвөг дээдэс уулын орой, модны сэрвэнгээр биеэ засдаг байлаа даа. Гэтэл захын нэг хятад гүүня хэн бүхний хүрээд байдаггүй сэрвэнд очиж биеэ хөнгөлөөд байхаар чинь аргагүй юм биз.

Нутаг маань намайг араас нэхэж, дуудаж байгаам болов уу, за удахгүй буцлаа даа.
Харин зүүд тайлдаг хүмүүн байвал туслаарай.

# # Read more! #

Tuesday, April 8, 2008

Шөнө дундын зүүд

3 өдрийн өмнө шөнө дунд ийм нэгэн зүүд зүүдлэв.
Хоёр талаараа тэнгэр баганадсан өндөр яг халил сархиагуудтай хавчиг хавцалаар хэдэн тэмээ туугаад буух юм. Уг нь тэр хавцалаас өөр зам байсан санагдана, харин тийшээ өөрийн мэдэлгүй орчихож, орсон хойно оо л жаахан буруу юм хийж дээ гэж бодогдох.. Тэр хавцалын тэхий дунд нэг боом бий. Доороос нь өгсөж гарч ирэхэд нэг жимээр гарч ирдэг, гэхдээ явган хүн л явахаас биш, тэмээ адуу гатлах бололцоогүй, өөрөөр хэлбэл тэр хавцалаар өөдөө ганц явган хүн л нэвтрэх бололцоотой гэсэн үг. Харин уруудахдаа өөр нэг жимээр буудаг, тэгэж буухдаа нэг өгсөөд, урууддаг юм. Өмнө би энэ хавцалыг өөдөө сөөргөө хэд хэд туулсан, туулах бүрдээ ямар нэгэн зовнил, шаналанг мэдэрч байсан билээ. Уруудах жимийн эхэн дээр эхлээд өгсөх мөчид тэмээ харайгаад гарчих хэмжээний хадан тавцан бий. Гэвч тэр тавцан дээр тэмээ бүхэн гарч чадахгүй, учир нь яг харайх гэхээр дээрээс нь өнгийсөн хад бөхөнд нь тулчихдаг юм. Тэмээнээс бас их эв зүй шаарддаг зам л даа. Цаадруу нь буухад бол хэцүү, за ер тэр бүгдийг дүрсэлж бичээд байх шаардлагагүй болов уу.

Тэгтэл тууж явсан 10-аад тэмээдийн маань түрүүч нь нөгөөх сөргөө гарч ирдэг жимрүү орчихож, мэдээж эхлээд жаахан явж байгаад сүүлдээ тэр нь битүүрээд, хаашаа ч явах аргагүй болгочихдог юм। Тэр жимийн дээд гарцны эхлэл нь нэг их налуу цавчим дөрөөгөөр явдаг, тэгээд дээхнээ очоод нэг хадан нүхээр шургаад гарах учиртай। Би ч тэр түрүүлсэн хэдэн тэмээг эргүүлэх санаатай явгалаад нөгөөх налуу дөрөө өөд харайлгалаа. Гэтэл эсрэг талын энгэр лүү асга хад нураан нэг хижээлдүү эхнэр, хар дээлтэй бас, хоёр өсвөр насны хүүхэдтэй /охид бололтой/ бууж ирж яваа харагдав. Тэд нэлээд тэвдүү, зутруу харагдлаа. Бас миний тэмээдийн өмнө талд өнөөх ханан халилын мухарддаг хэсэг дээр хэдэн хар ямаа зогсож байх юм. Би энэ хэдэн ямаа тэр ядарсан гурвын хайж , тууж яваа нь байж таарлаа, дээшээ гарсан дээрээ хэдэн тэмээтэйгээ хамт буулгаад намд оруулаад өгчихөе гэж бодлоо. Тэгээд тэмээдийнхээ түрүүчийг эргүүлчихээд нөгөөх хэдэн ямаа руу нь авиртал тэд цаашлаад өнөөх хадан нүх рүү яваад орчихдог юм. Гэхдээ тэр нүх нь өнөөх жим гаталдаг нүх биш, зэргэлдээ байх нүх юм байна. Би араас нь гүйгээд орлоо. Нүх дотроо уужимсаад, агуй аятай болчихож, өнөөх хэдэн ямаа алга, хар нүхэн дотор хар ямаа хайна гэвэл өнөөх харанхуй шөнө хар нигер харахтай адилхан байлгүй, гэвч бүүр хөл, амьсгалын чимээ ч алга, гэтэл гэнэт миний орж ирсэн нүхний амсарыг том том чулуугаар таглаад эхэлдэг байгаа. Хартал өнөөх ирж явсан хар дээлтэй эхнэр байна. Тэр эхэлж харагдахдаа их ядарсан, хөөрхий номой хөдөх эмэгтэй харагдсансан. Гэтэл одоо бол нүд нь улаанаар эргэлдчихсэн, ам нь дарвайчихсан, гар хөл нь зөндөө том болчихсон байх юм. Би тэдний хийж буй үйлдэлийг зогсоох гэж огт оролдсонгүй, зүгээр хараад л хадан нүхэн дотроо сууж байх, удалгүй нүхнийхээ амыг олон чулуугаар таглаад, цаанаас нь их гал өрдөөд, хөөрөг юм уу, ямар нэгэн хүчтэй шахуургаар нүхний амыг тагласан тэр чулууд руугаа үлээлгэх юм. Тэр чулууны зарим нь нүүрс байсан бололтой. Удалгүй чулууд улайдаад яг л боодогны чулуу шиг цайраад ирэх... Цаанаас хөөрөгдөж байгаа нь тэр хүүхэн амаараа үлгээгээд байгаа юм шиг санагдсан.


Бодвол намайгаа хадан нүхэн дотор хуурч оруулчихаад амьдаар минь шарах гэсэн юм болов уу, харин би юун шарагдах, бүүр даарчихсан, цан хүүрэг болчихоод өвдөгөө тэврээд чичрээд суугаад байх. Гэхдээ надад ямар нэгэн айдас, түгшүүр ер байхгүй, нэг л тайван, амгалан, түүний үйлдэж буйг зөвхөн гайхсан, бүтэлгүй тэрх үйлдлийг нь өрөвдсөн байдалтай байх юм. Намайг шатаавал би даарна, хөлдөөвөл би халууцна, цохивол би улам том болно, мэсээр сийчвэл би агаар шиг сиймгэр болно, тэр намайг үгүй болгох аргаа олохгүй л байна даа, харин тэр аргыг нь хэлж өгдөг ч юм билүү, яадаг ч юм билээ гэж бодогдож суух. Ингэж бодогдоно гэхээр би ч бас залхаж буй бололтой.

Тэгээд сэрэхэд шөнийн 3,35 болж байв. Харин толгой ч ангалзаж байлаа. Түүнээс хойш 4 өдрийн турш толгой өвдөв. Нэг л юм болчихож ээ, эсвэл болох нь дээ. Юу юм бол...???

Уг нь муу муухай зүүдийг аль болох бичихгүй юмсан гэж боддог ч энэ нэг зүүдийг бичихгүй бол болохгүй нь, толгойны өвчин дэндээд, жирийн биш болчихлоо. Тайленол давхарлаад, Адвилаар даруулаад, Финаризингээр сүүл мушгаад болохгүй адаг сүүлд нь морфин хэрэглэх дээрээ тулах нь.... Тэгээд л гайхаж гайхаж, энэ толгойны өвчин тэр зүүднээс улбаатай болж таараад, Тэмээ, ямаа хоёрыг аль алиныг нь хүйтэн хошуутай мал гэдэг. Хонь зүүдэлбэл сайн, ямаа, ялангуяа хар ямаа бол сайны шинж биш гэдэг. Юу болохыг нь харьяа. Гэхдээ санаа сэтгэл маань их тайван, юуг ч тосон золгоход бэлэн, чанга шийдмэг байна. Яг тэр агуйд суугаа шиг ээ.

# # Read more! #

Saturday, March 29, 2008

Ади буцаж ирсэн нь... /Үргэлжлэл/

Хаалгаа цэлийтэл нь нээе, Хүүхнүүдээ та нар зайлцгаа
Хамгийн үзэсгэлэн гоог нь ч харахыг би хүсэхгүй байна
Та нар бол зөвхөн мартагнал, аугаа зугаа, ердийн наадам л байсан
Тарчилгаанд хүлээлтийг минь өнгөрөөхөд л тусалж байсан

Түрүүч нь

http://zuudchin.blogspot.com/2007/05/blog-post_09.html


Түгжээг нь онгойлгосон хаалга аяархан чихран онгойв. Хаалга тийм удаан онгойдгыг анзаарч, энэ хаалга яагаад ингэж удаанаар чихран чихран онгойно билээ хэмээн гайхаж зогсохдоо энэ ертөнцийн хүйтэн борооны дусал бүхэн голоор минь горхи болон урсаж, юу ч үгүй, бүр юу ч үгүй хоосортол нь цэвэрлэчихсэн мэт хөндий хүйтэн байгааг мэдрэн, бас тэнэмэл амьдралын минь эцсийн зогсоол энэ хаалганы цаана байгаа болов уу гэдэгт итгэхийг хүсэж буй эсэхээ яг таг мэдрэхийг хичээлээ. Тэгэхдээ энэ хаалганы цаана тайвширч тайтгардаггүй зүрх сэтгэлийг минь соронзон адил татах ямар хүчин, хэн буйг мэдэхсэн, харахсан гэсэн хүслэнтэй минь хамт яг энэ мөчийн энэ амгалан, хоосон дотоод орчиноо сарниачихалгүй хэвээр нь хадгалж үлдэх гэсэн хүслэн зэрэгцэн оршиж буйг мэдрэхэд, гэнэт эргээд шалавхийн алхчихмаар, зугтаачихмаар санагдав. Гэвч оройтжээ. Хагас нь онгойж буй хаалганы цаанаас, зүүдэнд минь үргэлжийн дэрвэлзэгч тэр эрээн даашинзний хормой цухуйж, нас ахихийн хэрээр шилбээрээ ялимгүй бүдүүрч эхлээд буй элэгдэж муудсан гэрийн шаахай углачихсан тэр энхрий дотно, бүхнээс энхрий хөл харагдахад хөл минь эрхгүй сулран, би босго дамнан сөхрөн уналаа. Зүүдэндээ би хичнээн ч удаа энэ хөлийн гишгэсэн мөр бүрийг нь алгаараа тэмтрэн хайж, үнсэн, энхрийлж, нулимсаараа угааж явав аа.

Чи өрөөнийхөө яг голд зогсоод хоёр гараа надруу үл ялиг сунган байна. Харц чинь халуундаа дэмийрч буй хүнийх шиг очтон гялалзаад, уруул чинь чичигнэн байна. Би чамруу гараа сунган өвдөглөн мөлхөв. Бороо асгарсан яг ийм уйтан үдшээр, эсвэл цас дарсан шөнөөр, тэргэл сарны сүүн цагаан гэрэл цасны том том талстад гялталзахыг харан, хөлийнхөө гишгэлт бүрээр цас чихрахыг сонсон чамруу зорин бөгтөгнөн, гуниг дүүрэн алхаж яваа өөрийнхөө дүрийг байнга зүүдэндээ хардагсан. Тэгээд нэвсийсэн цагаан хөнжилдөө хорвоо дэлхий нойрсох нэг л тийм аниргүй шөнөөр чамдаа зорин ирж, тэнэмэл амьдралынхаа төгсгөлийг алганы чинь хээнээс үзчихээд, тэсэж тэвчсэн нулимсаа юүлж нэг амрахыг юутай их хүсдэг байв аа. Зовлон гунигаа мартан байж, зол жаргалынхаа дууг чинийхээ дэргэд аялах болно гэж би итгэж явсан билүү, яалаа.

Энэ он жилүүдийн турш чи минь, хайр минь, энхрий минь гэж хоосон агаарт мянгантаа шивнэсэн тэр үгс минь харин энэ удаад уруул давсангүй, чамайгаа би хэрхэн дуудсан ч тэр үгс, тэр авиас сэтгэлийг минь тайтгаруулахааргүй болжээ. Чинийхээ гараас бариад, нүүрэндээ, урууландаа, хацартаа энхрийлэн энхрийлэн наагаад, толгойгоо хэвлийд чинь наагаад, чинийхээ өмнө сөхөрсөн хэвээр хичнээн ч суув даа. Цаг хугацаа бид хоёрыг хүлээсээр... Өдий хүртэл хүлээсэн юм, одоо хүлээнэ биз ээ. Хүүхдийнх мэт байдаг зөөлхөн булбарай алга чинь хүнд хүчир ажлаас уу, эсвэл он жилүүдийн уртаас уу, харин нэлээд ширүүн болжээ. Гэхдээ хайр энэрэлээ халуу дүүгүүлсэн хэвээр.

Чи бид хоёр уулзалгүй хэдэн ч жилийг өнгөрөөж вэ дээ, 14 жил болж... Энэ он жилүүдэд би чамайгаа өчүүхэн ч мартсангүйг намайг газар сайгүй дагаж явсан миний ижил тэнэмэл хувь тавилантай умрын салхи гэрчилэх үү, үгүй чадахгүй, шөнө бүр орь ганцынхаа зовлонг хуваалцаж суусан сар ч гэрчилж чадахгүй, харин энэ он жилүүдэд намайг хүлээсээр л байсан чиний минь царай л ганцаар гэрчилнэ.

14 жилийн өмнө бид хоёр нээг их таана хөмөл халиурсан намрын хөх талын эн дээр уулзаж билээ. Үдэш болж байлаа. 1994 оны 8 дугаар сарын 12. Долоо хоногийн өмнө бид утсаар холбоо барьж, энд уулзалдахаар болсон юм. “Гаттын эрэлд” шиг л бид бие биенээсээ сураг тасарчихсан байсансан. Би Улаанбаатараас зүтгэсээр тэр тал нутагт очиж билээ, Өглөөгүүр бороо орчихсон, намар эртийн тэр тал чиний минь сэтгэл шиг хичнээн сайхан тэнүүн угтсан гээ. Аймгийн төв дээрээс танилынхаа нэг хуучивтар мотоциклийг авч унаад чиний байсан талын тэр жижигхээн сууринг зорьж билээ. Чиний байж байх ёстой том цагаан байшингийн гадуур хагас дугуйлан татсан намхан банзан хашааны хаалгаар дөнгөж оронгуут чи ногоон торгон дээлтэй хашаан дотор явж таарсан сан. Намайг хараад жаахан охин шиг дэрвээд л, инээгээд л гүйгээд ирж билээ. Харин намайг тэгэж их инээж, хөөрсөн шинжгүй, харин ч баахан гунигтэй харцтай угтсанд тэр болов уу, чиний минь тэр хүүхдэрхүү хөөр тэрхэн дороо замхарчихсан. Тэгэхэд бид хоёр долоон жил уулзаагүй явсаны дараа уулзаж буй маань шүү дээ. Харин тэгэхэд би яагаад ч тэгэж инээж, баясаж хөөрч чадахааргүй байсан юм даа. 7 жил шүү дээ, Тэр долоон жилийн туршид ганцхан эгшинд шилгээж чадахааргүй тийм их гуниг, ганцаардлийн чандруу даанчиг залуу насыг маань дэндүү ихээр хулдаж дарчихсан байснаас тэр. Тэгэхэд би яг өөрийнхөө сэтгэгдэлээр чамайг харахыг хүсч байснаа хожим ойлгосон. Хамаг сайхан залуу насныхаа 7 жилийг хагацлын мананд үйчихээд чамайг юу ч болоогүй мэт, өчигдөрхөн салсан мэт тийм хөнгөлүүн баясгалантай байсанд чинь би гайхаж, харин чи минь уулзаж учирч буй мөчид намайг яагаад тийм их гуниг харуусал дүүрэн харцтай байгааг минь гайхаж байж.

Бид хоёр тэгээд талын энрүү явж билээ. Талын наран жаргахаар тонгойж, хааяа тогорууд ганганалдаад л, шинэхэн орсон хурын үнэрнээс чинийхээ сэвлэгний үнэрийг тодоос тод ялган, алганы чинь хонхорхойг хуруугаараа тэмтрэн суухдаа амьдралын тэр нэгэн агшин насан туршийн минь хувь тавиланг хэрхэн зурж байсныг анзаарсангүй байжээ. Чи минь цүхнийг минь уудалж, миний хаа ч явсан байнга идэж явдаг шокаладнаас гаргаж ирээд хоёр таллан, аманд минь хийхдээ алгаа урууланд минь удаан наасансан.
- Чи шоколадаа идсээр л явна уу?
- Тиймээ,
Чи аяархан инээмсэглээд хацарт минь духаа нааснаа,
- Би ч бас... гэж билээ.
Бид хоёр шоколад идэх бүрдээ бие биенээ хайрлан дурсдагаа, ямар ихээр үгүйлэн санадаг байснаа, бас бие биенээ санахаараа шоколаданд хичнээн хорхойсон дурладаг байснаа л илэрхийлсэн маань энэ. Бид бие биесээ тэгэж л мэдэрч, тэр он жилүүдэд хамтдаа байж ирждээ.

Тэгээд тэр таанат хөх талын хээлд байх армаг тармаг зэгстэй бяцхан нуурын усны бидэртэн харлах мандалд ганц цагаан шувуу жаргаж буй талын том улаан нарны гэрэлд цайвалзахыг хоюулаа зэрэг харж, зэрэг дуу алдаж билээ. Тэгээд хоюулаа хөтлөлцөөд нуурлуу дэгдчихэв. Нуурын зах дээр очиход харин тэр том цагаан шувуу нисээд явчихаж билээ.

Нуурын захад чи биднийг очиход
Нэг том цагаан шувуу нисээд л явчихсан...
Үдшийн шаргал гэгээнд живэр нь цайвалзсаар алсархад нь
Үргээчихэв үү дээ гэж бид бодож зүрхлээгүй ээ....

Нэг том цагаан шувуу нисээд л явчихсан даа
Нээрээ тэр, бидний сэтгэл хүслэн нэгдээд шувуу болон одсон байх,
Оройжин ангир аяар аяар гунганан чи биднийг анирдсан
Одод их л хурцаар гялалзаж байсан, тэр цагаан шувуу лав тэнд хүрсэн байх....

Бид хоёр тэр шувууг нүдэнд харагдахгүй болтол нь харж зогссонсон. Тэгээд хоюулаа зэгсний дор суугаад, үдшийн гэгээ тасарч, талын шөнө хэрхэн эхлэхийг харж билээ. Одод нэг нэгээр гялалзан яг л тэр тэнгэрийн хар хөшгийг цоолоод гараад ирэх шиг. Би чинийхээ өвөр дээр дэрлэчихээд л, тэнгэрийн оддыг харан, тэгэхэд бид тэр тэнгэрт үнэхээр их ойрхон байсан даа.

Нээрээ л тэр оройжин зэгсний оеор ангир аяар аяархан гунганасаар байсансан. Биднийг хааяа ярилцахад чимээгүй болчихно, биднийг дуугаа хураахаар, гунганаад эхэлдэгсэн. Хоеулаа юу ярилцсанаа би одоо сайн санадаггүй ч, нэг одны тухай ярилцаж байсан маань тодхон байна. Тэр он жилүүдэд би тэнгэрийн оддыг харах бүрдээ Долоон бурхан оддын үзүүр тушаа дээд талд нэг л энхрийхэн гялалзах жижигхэн оддыг чинийхээ од хэмээн итгэж, түүнийг харан хааяа чамтай ярих мэт ярилцдаг байсан юм. Гэтэл чи минь бас яг тэр одыг миний од гээд, намайг санах бүрдээ орой бүр тэр одонд шивнэдэг байсан ажээ. Ийнхүү тэнгэрийн тэр олон оддын дундаас бид өөрсдийнхөө одыг ертөнцийн хоёр өнцөгөөс хоюул эндүүрэлгүй таниж байснаа мэдээд хоюул учиргүй хөөрөн баярлацгааж билээ. Тийнхүү бид салхи сэвэлзэхэд он жилүүд гэж мэдрэн, орчлон хорвоо бидний хайранд уясч байгааг зэгсний толгой дохилзоход анзаарч суусаар үүр цайлгаад үүрийн гэгээ умраас шаргалтах мөчид би буцаж билээ.

Намар намрын шувууд ганганасаар л буцна,
Хаашаа тэр вэ гэж хэн ч тухайлж асуудаггүй шиг
Найз нь одоо ингээд л буцая даа
Хаашаа гэж чи минь бүү асуу

Найз нь одоо ингээд л буцая даа
Үүрийн шаргал гэгээ сэмрэх дорнын тэртээд
Үл ажиглагдам нууцлаг бүхний учир оршоод
Үргэлжийн тарчилгаан, мөнхийн эрэлд дуудан байна.

Намар намрын шувууд ганганасаар л буцна,
Надад хайрласан бүхнийг чинь би дуулсаар л буцна
Өвс навчис, гундмал талын ерхөг бүхэнд шивэгнэн хэлнэ,
Өөрт чинь би гэрэлт цагаахан шувуу болон үзэгдээд л одно оо.

Намар намрын шувууд ганганасаар л буцахад
Эргээд л ирнэ гэсэн итгэл хоцордог
Намайг он жилүүдийн чинадаас ганцхан удаа ирээд буцахад
Эвий минь, харцанд чинь итгэл хайр гэрэлтсээр....

Ийнхүү дуулсаар би буцсандаа। Энэ уулзалтаас хойш харин дариу 14 жил өнгөрчээ. Урьдын тэр залуу насны гал шим энэ тахиралдаж махиралдсан хорвоогийн үй олон нугачаат замуудын уртад сугаран гээгдсээр, одоо чамдаа зөвхөн зүрх сэтгэлийнхээ ханхайж хоосорсон ормыг л үзүүлж, нэгэн цагт энэ ормон дээр агуу хайрын зүрх амьд халуунаараа лугшиж байсан юмсан даа гэж зовлонд цаддаггүй, хайранд даанчиг харам хатуу энэ орчлон хорвоод, тэр өнчин саранд хэлүүлэхээр очиж буй гэлтэй.

Тоос чулуун дунд сөхрөн унаваас
Тосоод өндийлгөх гар чинь байвал боллоо
Давтагдаж, дарагдаж нус нулимсандаа хахлаа ч
Даамай хайраараа ивээж л байвал боллоо

Тиймээ, энэ хорвоогоос өөр хүлээх горьдох юу хэрэгтэй юм бэ, надад...

Амьдрал гэгч тэр ч чигтээ
Арилгах аргагүй бузар буртаг ч
Хайр амссан бидэн хоёр л
Хир халдаахгүй явсаан гэж
Нүгэлт хорвоогоос хагацахдаа ч инээж
Нүнжигтэйхэн хайрандаа л дуусах юмсан даа.

Насны эрхээр гар чинь үрчийж эхэлжээ। Гэвч зөөлөн, илч чинь тэр хэрээр улам энэрэнгүй, ивээнгүй болсоныг мэдэрч, чамайгаа урьд урьдаас илүүгээр өрөвдөн энэрэх сэтгэл төрж байна. Энэ нь залуу насны гал шатам хайр дурлалаас онхи ялгаатай, энэ хүйтэн хоосон орчлонгийн үймээнийг таниж мэдсэн сэтгэлд үүссэн нинж дотно, гүн бат хайр, энэ урт холын замд, он жилүүдэд ямагт хамтдаа байсны дотношил аж. Тэгээд би бослоо, боллоо, надад, чи бидэнд үүнээс илүү хэрэггүй, үгүй, үүнээс илүү зүйл гэж үгүй болохыг би ойлгосон болоод тэр, би чухам үүнийг л мэдрэх гэж энэ хүртэл зүтгэж ирсэн юм байна гэдгээ ойлголоо.

Шунхадсан нүүрнээс чинь би өөрийнхөө

Шулуухан сэтгэл амьдрал үхлээ л харж байя
Би үүнийг л харах гэж нааш он жилээр тэмүүлж, зүтгэж, он жилүүдийн ачааг үүний тулд л тулж, үүрч дааж ирсэн аж.

Харин гарахынхаа өмнө би эргэж харж зүрхэлсэнгүй, намайг хэзээ нэгэн цагт эргээд ирнэ гэдэгт тэртээх 14 жилийн өмнөх шигээ л итгэсээр буй чинийхээ харцийг дахиад харж чадсангүй ээ.

Гарахдаа үүдэн дээр унагасан үүргэвчээ авав. Цэвэрхэн шалан дээр миний шалбааг туучиж ирсэн гутлын минь мөр тодоос тод гарчээ. Чи минь энэ мөрийг арилгахгүй жил сараар хайрлан харсаар байх болно гэдгийг ч яг одоо хаашаа ч юм явж байгаагаа мэдэж буй шигээ сайн мэднэ.

Зөөлхөн илчтэйхэн гараан аль,
Зөрүүд бардамхан амраг минь
Дахиад л чамаасаа хагацахаас даа
.....
Өнөө би өмнөх байдлаасаа хагацсан
Өнөөх сайхан сэтгэл минь оргүй арилаад
Өөрийгөө ч өрөвдөх тэнхэлгүй болсоон
Өрөвч цагаахан гарыг чинь л харин мартахгүй ээ.

Гадаа бороо үргэжлэн орсоор байлаа. Өнөөх Хансийн буурчийн газрийн үүдэнд хэдэн харчуул дайнаас эгэж ирж буй эр цэргүүдийг атаархангуй харж зогсоо балчир гэнэн хүүхдүүд шиг бөөгнөрөн зогсоцгоожээ. Би юүдэнгээ нэгэнтээ сэгсэрснээ толгой дээрээ тавиад тосгоноос ойн гүн рүү шурган орсон өнөөх эцэс төгсгөл гэж үгүй шалбаагт замаар орон алхлаа.

Бороонд шалба норсон үүргэвч, хувцсандаа түүртсэн тэр тэнүүлч тосгоны харчуулыг гайхшрал, харуусал, сул доройгоо мэдэрсэн хүлцэнгүй сэтгэлтэй нь хамт орхиод манан дундуур, борооны жижигхэн ширхэгэн доогуур далд орлоо. Энэ бол өнөөх тэнүүлч, тэр зөвхөн ганцхан агшинд миний дотно дурсамжийг зээлдэн авсан, тэр тэнүүлч. Түүний цээжнээс дараах мөрүүд ундарна, тэр энэ үгсээ шалбааган дунд хорсолойёо цацлан алхана.

Хаалгаа цэлийтэл нь нээе, Хүүхнүүдээ та нар зайлцгаа
Хамгийн үзэсгэлэн гоог нь ч харахыг би хүсэхгүй байна
Та нар бол мартагнал, аугаа зугаа, ердийн наадам л байсан
Тарчилгаанд хүлээлтийг минь өнгөрөөхөд л тусалж байсан

Хязгааргүй мөрөөдлийнхөө бут ниргүүлсэн боол би
Хуурмагхан энэ наадамд цөхөрч, туйлдаж гүйцээд
Хүсэл ч үгүй, зориг ч үгүй дахин гав ганцаар хоцорлоо.

Одод гүймэгхэн туяагаа надад илгээн хажуугаар минь өнгөрч байна
Орчлон аар саар, гял цял өнгөөрөө мансууруулан байна
Амьдрал биш, энэ бол агшин
Аяа, юутай ч хурдан өнгөрөв дөө....

Гэсэн омог бардам цөхрөл дүүрэн мөрүүд орж ирэх чинь। Тэр хүн бол би лавтай биш, харин тэр бол Ади, өнөөх хувь заяагүй тэнүүлч, өнөөх агуу их Ади байна гэдгийг манан дунд далд орсон хойно нь, тэр үлдээсэн мөрүүдийг нь сонсоод танив। Баяртай Ади, Бидний зам дахиад хаа нэгтээ огтлолцохгүй байх аа।

# # Read more! #

Sunday, March 16, 2008

Цаана чинь үнэхээр Төвдүүдийг буудаж байна шүү

Хорь хоногийн өмнө зүүдэндээ яг энэ зургийг үзсэн гэвэл үнэмших болов уу, таминь... Эргэлзвэл өмнөх зүүдний бичлэгийг минь хараарай.
Цаана чинь үнэхээр муу төвдүүдийг золбин нохой шиг буудаж байна шүү. Одоогоор Лхаса хотод 100 гаруй Түвд амь үрэгдсэн гэнэ. Хот чигээрээ утаан дотор харагдаж байна лээ.
Хятад цэргүүд Лхаса хотын гудамжаар дүүүрэн, хөл гараас нь дамжлаад л аваад, уйлуулж чарлуулаад л аваад явж байна. Яг 20 хоногийн өмнө зүүдэлсэн зүүдэнд минь үзэгдсэн шиг.
Бээжингийн олимпод бойкот хийе гэсэн Гир андынхаа санаачилгыг дэмжээд хөл гар, юутай хүүтэйгээ бүгдийг нь өргөчихсөн байгаа шүү. Блог андууд дэмжээрэй. Дараах линкээс эл явдлуудын зургийг үзээрэй.

# # Read more! #

Saturday, February 23, 2008

Очиж очиж өсөж төрсөн нутгаасаа хэдэн хужаад хөөгдөөд амь зулбан зугтаах болж байна уу

Үгүй нээрээ, Хөөрхий муу Төвдүүдийг зүгээр л золбин нохой шиг л буудчих юм аа. Тод ногоон формтой хятад цэргүүд хаанаасаа гэнэтхэн гараад ирэв дээ. Уг нь би нэг мотоцикл унаад юманд явах гээд бэлтгэж байсан юм. Бэлтгэл ч бараг бэлэн болчихсон, харин миний унааг хэн нь ч юм унаад явчихсан тул түүнийг хүлээгээд... Тэгээд гадаа мотоцоклийн дуу гарахаар нь гараад хартал баахан ногоон хувьцастай цэргүүд бужигначихаж, гайхах цочирдох хоёр зэрэгцээд, хэрэгт дуртай амьтан чинь тэр цэргүүд яадаг юм байна, хаачих гэж буй юм бол гээд хоёр гудам өнгөрөөд хартал гудамжаар явж байсан хэдэн Төвд залуусыг барьж аваад л бөөгнүүлж байгаад гудамны адагт аваачаад яг золбин нохой шиг буудчих юм. Өө, тэгтэл зөвхөн тэр хэдийг биш ээ, зөндөө олон хүнийг буудаж байна. Бүгд Төвдүүд бололтой... Заримыг нь жадалж байна. Жадны хурц үзүүр өмссөн хувцасыг нь яраад, амьд халуун мах руу нь хэрхэн ширхийх орж, түүнээс өвдөх өвчин зовлонд шаналсан хөөрхий төвдүүдийн балмагдсан, мэгдсэн, үхлийг мэдэрсэн аймшигт царайнууд нь тодоос тод харагдаад... Энэ чинь юу вэ, кино юу, өчигдөр орой Сталинградын тулалдааны тухай баримтат кино үзэж байсансан. Түүний үргэлжлэл үү.

Өнөөх буудуулсан төвдүүдээс нэг нь босоод зугтаасан чинь араас нь хөөгөөд, нөгөөх чинь яг намайг чиглээд гүйгээд ирдэг байгаа. Хөөрхий ташаа сүүжээрээ л буудуулчихсан бололтой, амь гарах гэж бүх хүчээрээ хичээж буй ч хазагнаад хөл нь газар хороож өгөхгүй юм, үхэл амьдрал хоёрын дэнсэн дээрх түүний царай нь намайг эрхгүй цочирдуулав. Зүрхээр хатгах шиг, дагжин чичрэх шиг ч... Миний таньдаг төвд залуу байх юм. Манай жижиг хотод нэгэн өтөл болсон ламыг харж хандаж байдаг хүнд гэм халгүй залуусан. Нөгөөх залуу яг миний өмнөхөн ирээд буудуулаад уначихдаг юм байна. Үхэхийнхээ өмнө надруу аврал, сүүлчийн горьдлого нь тасарч байгаа харцаар харах юм. Амьд үлдэхсэн,амьдралыг, энэ гэгээн гэрэлт нарыг дахиад нэг харахсан гэсэн сүүлчийг хүсэл, горьдлого нь нүүр царайнд нь үхлийн айдастай сүлэлдэн царцаж байх юм. Хоёр гурван хужаа цэрэг ирээд, түүний цогцосыг хөлөөрөө өшиглөхөд хэдийнэ амь тавьсан түүний толгой нь нэг л эвгүй санжигнан хөдлөв. Тэгэхэд л гэнэтхэн юутай учирсанаа мэдрэв. Нөгөөх хэдэн хужаа цэрэг чинь намайг харчихсан заагаад шулганаж байна. Яг буудах нь ээ. Би ч зугтаалаа. Яг үнэнийг хэлэхэд ичгүүртэйгээр зугтаалаа. Уг нь тэдэн рүү бар арслан шиг л дүүлээд орчихмоор санаа байвч, одоо сачий хүрэхгүй гэдгээ сайтар мэддэг болчихсон болохоор өөр яах ч билээ. Сүүлийн хичнээн нь ч жил юм тун ховорхон гүйж харайж байсан хүн чинь нөгөөх хоёр хөл тушаатай юм шиг дороо шоорогноод явж өгдөггүй, ингээд явбал тэдэнд гүйцэгдэдгүй юм аа гэхэд суманд нь гүйцэгдэх нь, юутай ч хажуугаар урсаж байгаа жижигхэн голруу үсэрчихлээ.
Тэгтэл өнөөх голын ус чинь шагайнаас хэтрэхгүй гүехэн устай байж.. Яаж аврагдах билээ. Дахиад босоод гүйлээ. Нэг хашааны булан тойроод, нөгөөх мотоциклийг маань унаад явчихсан залуугаа хүлээж байсан хаалган дээрээ хүрээд ирлээ. Яг нөгөө “Ардын элч” дээр гардаг шиг. Зугтаарай, цаана чинь хужаанууд ирж байна гэж хашгирах гэтэл дуу гардаггүй. Аз болоход тэнд нэг ч хүн алга. Тэнд байгсад бүгдээрээ хэрэг бишдэж байгааг мэдээд зугтаацгаачихсан юм болов уу, мэдсэнгүй. Нөгөөх мотоциклийг маань авдаг залуу ингэхэд энэ олон хужаануудын хаагуур нь гарч яваа юм болдоо гээд, ийш тийшээ хартал тэр газар яах аргагүй миний төрсөн хөдөөгийн буйдхан сумын төв байх юм. Очиж очиж өсөж төрсөн нутгаасаа энэ муу хэдэн хужаад хөөгдөөд амь зулбан зугтаах болж байна уу гэсэн нэг бодол ороод ирэхэд хувь заяандаа харамсаад уйлах ч багадмаар бачимдал гол өөд зураад ирэх юм. Хэдэн муу Төвдүүдийг алахыг нь алж, айлгахыг нь айлгасны дараа одоо та нарын ээлж гээд надруу, Монгол руу маань ирээ юу, дургүйцэл бачимдал зэрэг зэрэг төрж байх юм. Гэтэл гар хоосон, ядахдаа нэг олигтой шиндүү ч бариагүй би тэр олон хурдан буутай хятад цэргүүдийн өмнөөс сарвалзаад яанам билээ, дэмий л амины гарз, тэгэхгүй гэхээр одоо энэ муу хоёр хөлөөрөө хаа хүртэл зугтаахав, зугтаалаа гэхэд хаана хэнийхээ газар шороон дээр гишгэж, ямархан агаараар нь цээж тэнийтэл амьсгалж явахав. Харамсал гэдэг... Эх орноосоо хөөгдсөн хөөрхий Төвдүүдтэй бишгүй л уулзаж, учирч, идэж ууж явлаа. Тэд бүгдээрээ нэг л сэтгэлийн далдхан зовиуртай байдаг нь анзаарагддаг. Нэг л гал цоггүй, хиймор золбоогүй, тархиндаа ташуурдуулаад дальдичаа болчихсон морь шиг ширүүхэн харсан харцан дор их багагүй гөлөлздөг болцгоочихсан байдагсан. Надтай Даши гэдэг Төвд залуу хамт нэг ангид сурах. Бид Теофлийн шалгалт өглөө. Шалгалтын хүснэгтийн эхэлж бөглөдөг хэсэг дээр овог нэрээс гадна, тухай улсынх нь код, мөн ямар хэлээд ярьдагынх нь кодыг бичдэг юм. Багш маань биднээс аль улсаас ирсэнийг нь асуугаад хүснэгт харж кодыг нь хэлж өгөөд, би ч яахав Монгол гэнгүүт л монголын код 976 гэдэг шиг 345 ч билүү гараад ирж байгаа юм. Гэтэл нөгөө Дашийн маань код олдодгүй гэнээ. Багш хүснэгтээ хэд хэд эргүүлж хараад олохоо байж, аргаа бараад оффис руугаа утасддаг юм байна. Гэтэл төвд гэдэг улс, Төвд гэдэг хэл ер энэ дэлхий нийтээр авдаг теофлийн шалгалтын юман дотор байдаггүй учир ямар ч кодоор тэмдэглээгүй, харин хятадынхаар явдаг юм гэсэн хариуг цаанаас нь өгөв бололтой. Багш тэгээд чи хятадын кодыг ашиглах юм байна гэтэл Даш маань яг хөшчих шиг болж билээ. Би яг ард нь сууж байсан, чих нь хэрхэн чичигнэн улайхыг харж суухдаа, Дашийгаа өрөвдөөгүйгээрээ өрөвдөж билээ. Гэтэл одоо хэн нэгэн намайг тэгэж өрөвдөх ээлж нь ирэх нь дээ.

Өмнө их сайхан, тавиу айвуу амгалан байхдаа хэзээ нэгэн цагт ийм амь давчуу цаг ирнэ хэмээн болгоомжилж, сэрэмжилж, дотроо бодолтой, бэлтгэлтэй байх минь яалаа даа гээд хар толгойгоо хамаа намаагүй шаамаар ч болж байна। Өнөөх хэдэн хужаа шулганаад л, ойртож буй бололтой юм, дуу хоолой нь ямар бардам дээрэнгүй сонсогдоно гээч. Аавынхаа насан туршийн сэтгэл зүтгэлээ шингээж, амь амьдралаа золиж босгож өгсөн орон гэрийг, хэдэн охидын минь хөгжүүн баясгалант инээд цуурай болон шингэсэн тэр хөрс шороогоо, халуун бүлээхэн бүлээрээ аз жаргалтай байсан, амьдралын маань хамаг нандин бүхнийг хадгалсан тэр бүхнээ ингээд ямар ч эсэргүүцэлгүйгээр тавьж өгчихөөд, өөрөө хөөрхий тэр төвдүүд адилаар золбин нохой шиг буудуулах ээлжээ хүлээгээд зогсож байх болж байна уу... Хөхрөгч тэнгэр ийм явдлыг зүгээр хараад мэлтийж байгаа юм гэж үү... Уйлмаар байтал нулимс гарахгүй, бачимдан хашгирая гэтэл дуу гарахгүй, дотор харанхуйлан гашуунаас гашуун харуусал цээж зурах тэр агшинд нэгэн архиралт цээжний гүнээс, бүүр алс гүнээс хүрхрэн, шүд тачигнаад эхлэхийг мэдрэв. Гэнэтхэн эрүү завжаар аймшигт араа соёо сэрэлзээд гараад ирэх шиг, үр зулзгаа хамгаалан үхлийг эрслэн өндийх өлигчин чонын яахаас ч үл буцах шийдмэг архиралт цээжний гүнээс түрхэрэн гарах шиг...

Ёо ёо, зүүд байсан нь яамай. Oрон дотроо өндийгөөд суучихсан архирч байна аа. Магад өөр хүн харсан бол намайг гүн шөнийн харанхуйгаар чоно болчихжээ гээд ухаан тавихаар байсан биз. Шүдээ хавирсан чинь үнэхээр ч араа соёотой болчихсон ч юм шиг.

Бараг 6 билүү, 7 жилийн өмнө бас яг нэг иймэрхүү агуулгатай зүүд зүүдэлж билээ। Тэгэхэд би нээг их нигширсэн үнэртэй гахайн чулуун хороон дундуур яваад л байсан. Ямар урт хонгилтой, ямар агуу уудам гахайн хороо ийм байдаг байна аа гээд, гайхаад л гарах газар хайгаад бачимдан сандарчихсан гүйгээд байсан санагдана. Эх орныг маань тэр аяар нь гахайн хороо болгочихоо юу даа, энэ чинь... Тэгтэл тэр гахайн хорооны нэг шагайвчаар манай байшин байдаг голын хэвийн дэнж харагддаг юм байна. Уг нь манай байшин, 99 онд өөрийн гараар босгосон байшин маань нэг бяцхаан чулуурхаг ширэгтэй довцог дээр байдаг юмсан. Гэтэл манай тэр байшингаас ор мөр ч алга, харин нэг хужаа жоотуугаа чүү ай өргөн өнөөх ширэгтэй довцогыг маань хагалж, сэндийлж байна аа. Хужаагийн жоотуугаа өргөөд буулгах бүр нь яг зүрхэнд зоож байх шиг мэдрэгдээд, хоёр шулганаа бяцхан охины минь хацараа, божгор борхон гараа саартуулан саартуулан, өдөржин тоглож өнждөг байсан, тэдний маань хөөрхөн хөлийн мөр байгаа өнөөх ширэгтэй довцог бага багаар тэр жоотууны үзүүрт сэглэгдэн, өмөрч байгааг харж, зүрх өмөрч байж билээ. Тэгээд энэ муу ёрын зүүд байна, арай ч ийм юм болохгүй биз хэмээн өөртөө итгүүлсэн ч, санамж сэрэмж авсангүй, алмай аажуу хэвээр л явжээ дээ. Одоо нэгийг бодож, санаж, хичээж мачийж явахгүй бол... магадгүй ийм тавилан ирж ч болохыг үгүйсгэх газаргүй ээ.

Чоно болсон гэснээс өмнө би хэд хэдэн удаа чоно болон архирч билээ. Нэг нь том охин маань төрөөд, хэдхээн сартай, тохойн чинээхэн, өхөөрдмөөр хөөрхөн амьтан байлаа.. Манайх аавын гэрт. Эхнэр, охин бид гурвуул хоймроо орон дээр л унтаж байтал /мэдээж би хамгийн урдуур нь унтана л даа/ гэнэтхэн хаалга дуугарах шиг болдог юм. Тэр орой нэг баахан үйлс муутай орон гэргүй тэнэмэл залуу манайд ирээд хоног төөрүүлж байсан юм. Угаасаа манайд нэг л ор байсан болохоор нөгөөх маань баруун талаар гудас хаяад унтаж байсан хэрэг л дээ.
Би түүнийг шөнө гарч шээдэг юм болов уу гээд өндийгөөд хартал тооноор тусах сарны гэрэл түүний толгой дээр тусч, тэр цаашаа хараад тугдайчихсан унтаж байна аа. Гэтэл яах аргагүй хаалгаар нэг хүн ороод ирэх шиг. Гэхдээ хаалга дэлгэгдсэнгүй, хатавчаар л ороод ирэх шиг болов. Би бүүр өндийгөөд урагш сунаад хартал нэг лаазтай юм барьчихсан, хар алчуур тохчихсон, үзээрийн муухай царайтай эмгэн ороод ирчихсэн, улаан гал дүрэлзсэн хомхой нүднийхээ харцаа охин дээр минь тусгачихсан тэр лаазтай юмаа сарвайгаад зүтгэж байна аа. Тэр лаазных нь амсараар идээ бээр халгиж цалгиад л, тэгэнгүүт л би чоно болчихдог юм... Чухам ямаршуухан чоно болсоноо өөрөө хараагүй болохоор хэлж мэдэхгүй, юутай ч аманд араа соёо хөшилдөөд байгаа нь мэдрэгдэж, цээжний гүнээс нэг юм хөөрч ирээд л өөрийн эрхгүй архираад л нөгөөх эмгэн рүү чинь улаан галзуу дайрчихдаг юм байна. Зуухны баруугаар ухас хийхээр нь амдсан чинь эмгэн булт үсрээд, зүүгээр, галын үүдээр тойрдог юм. Тэр лаазтай идээ бээрээ л охин луу минь цацах гэж буй бололтой юм. Би ч зүүгээр тойрч урдаас нь ухас гэдэг юм. Тэгээд хөөгөөд гаргачихаж билээ. Хэсэгхэн хугацаанд аманд араа соёо байгаа нь мэдрэгдээд, цээж оволзоод... Эхнэр юу болсоныг ч ойлгох сэхээгүй, байдгаараа айчихсан байсансан. Харин нөгөөх зочин сэрээгүй, нам унтсаар л... Хожим би түүнийг яагаад сэрээгүйн учрыг ойлгох шиг болсон. Тэд холбоотой байсан шиг санагддаг

# # Read more! #

Monday, February 18, 2008

Салхин явдалт босоо цагаан атыг хайхаар Дорно зүг зорив оо

Уг нь зүүдэнд тэмээ үзэгдэх муу гэдэг, ялангуяа тэмээ унаж зүүдлэхийг бол их цээрлэдэг юм билээ. Тэмээ гэдэг хүйтэн хушуутай мал, тэгээд эрлэгийн хүлэг болдог тул тэмээ унах нь товчхондоо бол нөгөө ертөнц рүү явах зам чинь тодорч байна гэхэд болно. Юутай ч тэмээ зүүдэнд үзэгдсэн тохиолдолд нэг их сайн юм болоод байдаггүй, ядахдаа л нэг хамрын ханиад, өвдөг, хатигтай...

Харин энэ удаад би тэмээ унаад бишгүй л жонжууллаа, гэхдээ ер тэмээ зүүдлэгдэхэд төрдөг тэр нэгэн далд зовнил төрсөнгүй.

Одоогийн ерөнхий сайдтай тун төстэй нэг нөхөр, гонжийсон ягаан дээл өмсчихсөөн бас. Эмэгтэй хүн шиг бүсэлхээрээ бүсэлчихэж, тэгээд намайг дагуулаад нэг гэр нар буруу тойроод баахан алхах юм. Би ч эхлээд Ерөнхий сайдыг байна гэж бодсон, гэвч... мэдэхгүй юм, эр эм нь мэдэгдэхгүй нь бас хачин, нэг харахад эм ч хүн шиг, нэг бол эр хүний, гэхдээ яг С.Баярын хоолойгоор ч яриад байх шиг. Энэ нь магадгүй урьд орой “Танайд хоное” нэвтрүүлгээр С.Баярынд хоносон дугаарыг нь үзэж байгаад унтсан болохоор тэр нөлөөлсөн ч байж болох юм.
Тэр хүн нэг л юм аминчлан яриад, захиад байгаа бололтой, юуг нь би санахгүй байна. Тэгэж тэгэж л сайн яваарай гээд нэг буу өгөх юм. Өмнө нь надад хэд хэдэн буу үзүүлсэнээс би тэр бууг нь илүү сонирхсон билээ. Богинохон, хөнгөн, оросын Барс гэдэг буу шиг, бараг түүнээс ч огтор байж мэдэх буу. Нэг л нүдэнд тусаад байсан юм. Харин надад жинхэнэ ёсоор гардуулсан хойно нь үзвэл зүгээр л нэг ганц амт огтор шувууны буу шиг юм. Гэхдээ гол төмөр нь хүхээгнийхээ урд талаас нэг төө хэрийн явсаны дараа хоёр салаа болоод том бага хоёр амтай болчихсон байх юм. Ийм буугаар чинь одоо яаж бууддаг байна аа. Нэг сум хоёр амаар зэрэг гарах юм болов уу. Бас овоо хараагүй юм. Гээд яахав дээ.
Нөгөөхөө үүрээд л мордлоо. Аа, тийм бас надад нэг шуудайтай юм өгсөн, бодвол замын хүнс юм болов уу. Түүнээ хоёр шуудайнд хувааж хийгээд холбоод тохчихлоо. Яг мордоход хүний хөл хүрээгүй зэлүүд газар сар жилээр явах учир унаагаа хайрлаж хүчийг нь нөөж, бас өөрийнхөө хүчийг ч нөөж яваарай. Чамаас өөр замыг эсэн мэнд туулчих хүн алга даа гэж байна. Би ч дотроо “Энэ ч үнэн шүү” гэж бодож байх юм. Энэ нь ямар нэгэн хөөргөн, хөнгөн бодол биш, бодит байдлыг хүлээн зөвшөөрч буй хэрэг, байгалд дасан зохицох чадвар гэдэг нэг чадвар хэн хүнд заяагаад байдаггүй эд, халуун хүйтнийг даах бол тийм ч чухал биш, харин байгалийн араншинг таниж, түүнтэй харьцаж, харилцаж чадах чадвар, эзгүй зэлүүд уудамд зүг чиг алдахгүй явахаас эхлээд, мөр ул унших, ус шанд, нөмөр нөөлөг олох бас олон хоногийн өл хоол, аянг даах, дасах, зохицох, зөн совингоо мэдрэх, амьтан гөрөөсний ая занг таних гэх мэт талаараа хэр барагтай хүн надаас илүү гарахгүй л дээ. Гэхдээ энэ аян бол зүгээр нэг ийм чадвар шаардагдах төдий биш бололтой. Учир нь тэнд байгалийн ч юм уу, юуны ч юм мэдэхгүй ямархан нэгэн далд нууцтай харьцаж, тэр нууцаас л эрж хайх зүйл маань буй бололтой юм гэсэн нэг тийм битүүхэн ойлголт төрж байна.
Энэ бол үл ажиглагдам нууцлаг бүхний учир орших тэр Дорно зүг. Миний тэр нууцлаг Дорныг зорьж буйн учир нь тэр нууцлаг орноос нэгэн босоо цагаан ат олж ирэх. Тэр ат бол салхин явдалтай учир хөрс шороон дээр мөр нь гардаггүй, сарны гэрэлд л ганцхан харагддаг учир дуранд өртдөггүй амьтан аж.

Миний унасан тэмээ маань шовгор ширээ бөхтэй, босоо зэгзгэр хүрэн ат. Олоон жилийн өмнө Гозгор улаан, Ажийн бор, Дөрвөлжин бор, Эрээн хавиргат гэх мэт ямар ч морийг гишгүүлдэггүй хэдэн сайхан ат унадаг байж билээ. Аль аль нь нутаг орондоо зартай л сайхан амьтад байсан даа. Сайн морь унах ямар байдаг билээ, түүн шиг л явдал сайтай, хөл хөнгөнтэй ат гэдэг алс холын аянд хүсүүштэй унаа.
Алс замыг атан тэмээний хөл эвхэлхэд
Алсын уулсын орой өндөлзсөөр л ойртдогсон.
Тал хөндийн жавар тэмээний зогдорт уярч,
Ташуурын суранд салхи исгэрэхэд нисэж яваа мэт санагддагсан.
Өнөөх ширээ улаан атандаа мордоод жийгүүлж гарлаа. Явдал хөнгөн бөгөөд хурдан. Газрын байдал тал хээрийн шинжтэй. Урьд өмнө нэгэнтээ энэ зүгт явж байсан санагдана. Гэхдээ би одоо хүрэх гэж буй хязгаараасаа нэлээд наахнуур тойроод буцсан шиг билээ.

Хэсэг явтал жижигхэн гол таарав. Магад дахиад хэдэн ч хоногоор ус таарахгүй байж болох тул ус таарсан дээр нь тэмээгээ ханатал усалж аваад хөдлөе гэн зогстол голын урд талын хар арыг зайгаад нэгэн морьтой хүн явж харагдав. Юутай ч ойр хавьд айлтай бололтой, ийм орой болсон хойно энэ хүн дэмий явах учиргүй, нэгэнт айл байгаа учир, дахиад цаана нь ус, худаг байж таарна гэж бодогдоод тэмээгээ гүйцэд усалсангүй, нөгөөх хүнийг амдаад хөдөллөө. Нэлээд хол зайтай байсан бололтой, амжиж очиж чадсангүй, нөгөө хүний орсон сэтэрхийгээр даваад ортол тэр хүний бараа ч алга, харин цаана нь нэг уудам хөндий, намар цаг бололтой, гэхдээ голын сөл хатаагүй, ширэг зүлэгс нь армаг тармаг шаргалтсан байх ажээ. Тэр хөндий дагаад энд тэнд хэд гурваараа гэрүүд харагдана. Юутай ч айлтай юм. Бүрэнхий болтол яваад нэг гайгүй шиг хажиглаад байхааргүй айлд бууж, аяга халуун юм ууна даа гэсэн бодолтойгоор Хөндий уруудаад жонжуулав. Гэтэл төмөр зам таарах юм. Хэд хэдэн айлын хаяагаар гарлаа. Тэгсээр том бага хоёр гэрийн гадаа ирэв. Пөөнөгөр ногоон дээлтэй настай эгч, нэг шавилхан залуу бүсгүй хоёр гэрийнхээ гадаа бөртөгнөн юм хийж байна. Аргал түлшээ хурааж буй бололтой. Тэднийг өнгөрч яваад, гэнэт тэр хоёрын байр байдал нүдэнд дотно харагдсан тул тэднийг буухаар шийдэв. Тэмээнээс дөнгөж буугаад байтал нижигнэсэн их чимээ гарав. Шовгор улаан ат маань тэр дуу чимээгээс үргэж, арай л буйлаа хугалчихсангүй. Эмгэн “наадхаа давхар ногтлохгүй бол бурантагаа тэсгээхгүй бололтой” гээд ногт чулуудаж байна.
Тэгтэл нөгөөх айлын архан талаар өнгөрсөн төмөр замаар яндангаа хангинуулсан нэгэн галт тэрэг дуу чимээтэйхэн өнгөрөв.
Би нэлээд явлаа гэж бодсон, гэтэл өнөөх уудам зэлүүд газрынхаа захруу ч ороогүй яваа болох нь уу, тэр ч бүү хэл миний зорьж яваа тэр зүгээс галт тэрэг ирэхийг бодоход магадгүй аль хэдийнэ тийшээ хүн амьтан суурьшиж, хөл үймээнтэй болчихсон байж ч магад. Би өнөөх эмээ, бүсгүй хоёртой амар мэнд мэдээд, галт тэрэг хаанаас ирдэг болохыг, тэр зүгт ямар ямар суурин, тосгон байдгыг лавлав.
Эмгэний хэлэх нь одоо нүдний хараа алдарч буй хөндийн үзүүрээс цааш айл амьтан байдаг эсэхийг мэдэхгүй, энэ галт тэрэг ч мөн хаанаас ирдэгийг мэдэхгүй, дандаа л агдаж сандарсан улс амьтан л үүгээр өнгөрөх юм даа гэлээ. Мөн бүх галт тэрэг өмнөөс хойт зүгт л явдаг, хэзээ ч, нэг ч галт тэрэг өмнө зүг явж байгаагүй гэдгийг хэлэв.
Тэр хоёрын байдал төрх их л дотно танил авч би тэдэнтэй, хэзээ хаана, хэрхэн уулзаж, учирч, дотносож байснаа ер санахгүй юм. Тэр ч бүү хэл тэр шавилхан бор бүсгүйн атгын чинээхэн хоёр бондгор хатуу мөөм аргалын цог шиг хэрхэн халуу шатдагыг нь, цаанаас нь борхон зүрх нь баригдсан болжморынх шиг хэрхэн оволздогийг нь би маш тодхон санах юм. Бас нулимсандаа норсон шанхных нь үснээс хаврын борооны үнэр хэрхэн сэнхийдгийг ч санаж байна. Тэгээд би өглөөхөн тэмээндээ, эсвэл анд мордоод, үдшээр гэртээ эгэж ирж буй гэрийн эзэн шиг тэмээгээ бөхөлчихөөд тэр хоёрын дундуур ороод их гэрт орохоор хээв нэг алхав. Ард харин гозгор улаан ат маань уяагаа тойрон хүүгэх нь сонсогдоно. Тэр юунаасаа тэгтлээ их үргэж, сандарна вэ.
Би гэрт орохын өмнө эргээд тэр алс Дорно зүгт харлаа. Хараа алдрах үзүүрт намхан хар ухаа харагдаж, түүний дээгүүр Дорно зүг маань харанхуйлан харлан харагдана. Тэр харанхуйн гүнд л өнөөх салхин явдалт, саран ээлт босоо цагаан ат бий дээ. Өөрөө ч мэдэлгүй нээг их санаа алдчихав.

Тэгээд нөгөө хоёр луугаа эргээд хартал... орондоо хэвтэж байдаг байгаа. Шөнө дунд өнгөрч байх юм.

Гэхдээ үүнийг үргэлжлэх байх гэж бодож байна. Өмнө нь би нэгэнтээ тэр нууцлаг Дорно зүгт явж байсан санагдана. Олон жил болсон байх, нөгөө талаар тэр үед тэмдэглэж үлдээж байсангүй болохоор одоо чухам ямар үр дүнтэйгээр тэр Дорноос буцаж ирсэнээ санахгүй байна. Магадгүй энэ үргэлжлэхэд бүхэн тодорхой болох байх аа.

# # Read more! #

Saturday, February 16, 2008

Олимпийн алтан медалын баяр бахдалаа гэж...

- За, чи цаад хэдэн агсам согтуу юмнуудаа аргалаадах, болохоо байлаа гэж Чикагод байдаг нэг найз маань намайг учиргүй түлхэлсээр цагаан дэвжээн дээр гаргачихав. Тэр уг нь Чөлөөт бөхийн олон улсын шүүгч билүү, ямар ч байсан нэг олон улсын цол хэргэмтэй нөхөр л дөө.
Агсам согтуу гэхээр л миний алерги хөдөлчихдөг юм. Идсэн ууснаа шингээж чадахгүй энд тэнд худал үнэн дэвж, хүн амьтан айлгаж, хөл гараа гозолзуулж явдаг тавьтаргүй нөхдүүд хаа сайгүй л таарах. Хонгор залуу насаа тийм хүмүүстэй их ойрхон өнгөрөөсөн болоод тэр юм болов уу, агсам согтуу тавьдаг хүн харахаар л хамаг уур шатаад, уушиг сагсайгаад явчихдаг, тийм эдгэрэшгүй алергитай болчихсон хүн л дээ. Одоо харин нас явж байгаа юм болов уу, тэр бүхнээс баахан дөлөмтгий болчихсон байна лээ. Гэхдээ яахав дээ, нэгэнт тулбал бас учиргүй зугтаагаад байлтай нь биш, тэгээд нөгөөх цагаан дэвжээн дээр нь харайгаад л гарлаав шүү, хаана байна тэг согтуу солиотой юмнууд нь гэсээр. Нөгөөх алерги маань хөдөлчихөж...
Гэтэл нэг нүд нь улаанаараа эргэлдсэн, хар шар нь мэдэгдэхгүй амьтан хуй салхи шиг нэвсийгээд л гүйгээд ирдэг юм. Ямар сураагүй юм биш, чадахгүй ч юм биш, барьж аваад л баглаад дарчихлаа. Болно болно л гэж байна. Бас нэгийг нь гүйгээд ирэхээр нь базаж байгаад өвдөгөн доороо хийж байгаад жаал нухчихлаа. Хэд хэдэн агсан согтуу нөкөр байсан бололтой. Одоо боллоо, боллоо гэж байна. Тэд номхорсон бололтой юм. Тэгтэл намайг бас нэг шагнал гардуулдаг тавцан дээр хөтөлж гаргаж байгаад л хүзүүнд нэг юм зүүгээд өгчих юм. Одоо, агсан согтуу нөхдүүдийг номхоруулахаар бас байр эзлүүлдэг болсон юм болов уу, нөгөө эмнэг адуу, тэмээ сургаад, шагнадаг шиг гэсэн шүү юм бодогдож байх юм.
Тэгсэн чинь биш ээ, юун агсам согтуу номхотгох, хүмүүс надад ирээд л баяр хүргэж байх юм, чи түрүүллээ, алтан медаль авлаа гээд л... Чөлөөт бөхийн 66 кг-ийн жинд /жин жаахан буучихаж, би уг нь 75-тай л даа/ чи тасархай сайн барилдаж түрүүллээ гээд л...
Юун чөлөөт бөх вэ, уг нь би согтуу агсан хүмүүстэй л ноцолдлоо гэж бодож байсан юмсан. Нээрээ л хүзүүнд маань алтан гинжин оосортой алтан зоос шиг юм санжигнаастай. Үнэхээр алт юм аа, жин, өнгө энэ тэр нь, алт ч өөр шүү. Гэхдээ нөгөөх тэмцээнд түрүүлэгсэдэд өгдөгөөс арай жижгэвтэр хэмжээтэй юм.
Тэгээд юун тэмцээн билээ гээд хартал, Олимп гэж байна. Би эхлээд үнэмшсэнгүй. Нээрээ энэ чинь Олимпийн тэмцээн болоод байгаа юм уу гээд замдаа таарсан нэг хүнээс асуусан чинь, "Олимп болж байгаа ш тээ, мэдээгүй юм уу, одоо энэ чинь" гээд ширэв татав. Үгүй тэгэхээр би чинь Олимпийн тэмцээнд түрүүлчихсэн болж байна уу? Нээрээ бол... Хэд хэдэн хүнээс асуусан чинь яах аргагүй олимп болж байгаа нь үнэн болж таарав. Тэгээд л баярлачихлаа. Үнэндээ баярлаагүйгээрээ баярлаж байна. Хүн их баярлахаараа бахарддаг юм гэнэ лээ. Арай л бахардсангүй, гэхдээ тийм их баярыг мэдрэх юутай сайхан гээ...
Хамгийн түрүүнд аав дээрээ харайгаад очлоо.
-Аав, аав, би Олимпийн тэмцээнд түрүүлчихлээ. Та энэ Алтан медалийг нь хардаа гэсэн чинь аав бас баярлаж байна аа.
-Аав нь хүүгээ харж байлаа, миний хүү ч сайн барилдсан шүү, гэхдээ миний хүүгийн оролцсон тэмцээн арай л олимп биш байх аа, өөр тэмцээн гэж байна.
Би итгэсэнгүй, Яах аргагүй Олимп. За би интернетээр шалгаатхая. Олимпийн чөлөөт бөхийн төрлийн 66 кг-ын жинд хэн түрүүлсэн бэ гээд харахаар л миний нэр дурайгаад гараад ирнэ дээ, гээд дэгэлзээд л явчихлаа. Гэвч интернеттэй газар олдсонгүй. Тэгвэл өглөөний сонин дээр гарна л гэлээ. Үгүй энэ чинь хүн баярлана биз дээ, Монголын бүхэл бүтэн ард түмний хүсэн хүлээсэн мөч шүү дээ, ганц би биш, бүх ард түмэн даяараа баярлана даа, баярлаж байгаа даа, би ч явах биш, дэгдээд л... таарсан хүн бүрийг барьж авч үнсээд л,, Алтан медаль, Олимпийн аварга гэж хашгирмаар болоод л... Уг нь би тэгэж хөл хөөрцөг юманд дургүй, нэлээд цөлх талын хүн гэж өөрийгөө дүгнэдэг ч энд аргагүй баярлаж байна, хоёр Мөнхийн хүрч чадаагүй медалийг авчихлаа шүү дээ, монголын спортод элэгтэй хэдэн үеийнхэний мөрөөдлийг биелүүллээ шүү дээ гээд л...
Тэгтэл өнөөх намайг агсан согтуу хүмүүсийг номхотго гэж хуураад дэвжээнд гаргачихдаг нөхөр маань таарав. Би баярлаад л давхиж очоод үнсэх гэтэл,
- Үгүй, хүлээж бай хө. Жинхэнэ Олимп чинь одоо болох гэж байна. Сая чи Олон улсын тэмцээнд түрүүлсэн. Одоо олимпдоо барилдана гэж байна. Өнөөх баяр хөөр тэгтлээ их дарагдсангүй, гэхдээ өөртөө нэг л итгэлгүй болчихлоо. Нээрээ Олимп гэсэн чинь сүрдээд эхлэв шүү.
За тэгээд дэвжээнд гарваа, одоо бол согтуу галзуу юмнуудтай ноцолдох гэж буй биш, харин олимпийн аваргын төлөө өрсөлдөж буй орон орны хүчтэнүүдтэй хүчийг үзэх гэж буй хэрэг. Бөөн бөөн тооцоо, гэтэл яах ийхийн зуургүй өрсөлдөгч маань ард гарчихдаг юм байна. Дэмий л хоёр гарыг нь сугадаа тас хавччихлаа. Намайг чирээд нөгөөх чинь дэвжээ тойроод баахан давхив. Сүүлдээ гар цуцаад, бие хөшөөд, хөлс асгараад, ямар ч тамиргүй болчихдог байгаа. Ингээд дэвжээнээс хөөгдөөд бууж байна аа.
Хажуугийн дэвжээнд Наранбаатар үзэж тарж байх шиг харагдав. Тэр дэвжээнээсээ бууж ирээд
- Ах хүү яасан амархан явчихав аа, гэж байх юм.
- Аргагүй шүү дээ хө, ганц ч хоногийн бэлтгэл байхгүй, дээр нь одоо удахгүй 40 хүрэх гэж байгаа
хүн чинь .. гээд өөрийгөө жаахан өмөөрөх аядав.
- Та чинь өмнөх тэмцээнд бүгдийг нь алж, хядчих гээд л аймаар ширүүн байсан шүү дээ гэж байна.
-Хнн, тэгэхэд ямар тэмцээн болж байсныг нь мэдсэн биш. Согтуу юмнууд л агсан тавиад амар заяа үзүүлэхгүй байна гэсэн ш тээ гэлээ.
- Та тэгээд тэр согтуу юмнуудтайгаа ноцолддог шиг энэ дэвжээн дээр ноцолдохгүй яав аа?
- Эд нар чинь эрүүл, тэгээд зүв зүгээр мөрөөрөө байгаа юм чинь би яах юм бэ.
Нээрээ би тэднийг яах юм бэ.
Ингээд нэг Олимпод оролцож үзэх шив. Төгсгөлийн дүн гарахад Монголчууд нэг мөнгө, нэг хүрэл медальтай гэж самбарт харагдаж байна билээ. Гэхдээ энэ нь Чөлөөтийнхөний авсан медаль юм уу, эсвэл багаараа авсан нь юм уу, мэдсэнгүй. Магадгүй, энэ олимп ирэх зун болоx Бээжингийн олимп байхаа.

За ингээд энэ тэмцээнээс /зүүднээс/ нэг нэг мэдрэмж, дүгнэлт, шүүмж, сэргэсэн дурсамжтай л хоцрох шив.

Мэдрэмж нь:
Тэр их баяр хөөрийг мэдэрсэн маань. Би амьдралдаа тэгэж их баярлаж үзээгүй санагдаад байх юм. Гайхамшигтай, өөр хэлэх үг но.

Дүгнэлт нь:
За ер нь аливаа тэмцээн наадамд сэтгэлзүй гэгч зүйл гол тулгуур зүйл байдгийг яс махандаа шингэтэл ойлголоо. Хэрвээ би Олимпийн тэмцээнд оролцож байна гэж огтхон ч мэдээгүй, зүгээр л өнөөх хэдэн болдоггүй согтуу хөлчүү юмнуудтайгаа учирна даа гэсэн итгэл үнэмшилтэй, уур, уцаартайхан дэвжээнд гарсансан бол юмыг яаж мэдлээ, Олимпийн аварга ч алган дотор энүүхэнд байсан байх.
Ер нь тэгээд тэмцээн наадам гэхээр л нэг л биш, одоо ингэж барина, ингэвэл яадаг бол, тэгвэл нь тэгнэ, нэг оноо авчих юмсан, алдчих вий энэ тэр гэсээр байгаад ер барилдаж чадахгүй юм билээ.
Харин согтуу галзуу юмнуудтай бол юун тэгэж тооцоо бодож эргэцүүлэх, хар зөн, рефлексээрээ л туучихаж байгаам чинь, ялахгүй яадгийм.

Шүүмж нь:
Ер манай сүүл үеийн чөлөөт төдийгүй бусад бөхийн төрөлийнхөний /бусад нь чялгалгүй/ амжилт гаргаж чадахгүй байгаагийн нэг учир нь тодорхой байх шиг। Манай бөхчүүд оюун санааны хувьд нялх балчир, сэтгэлийн хат тэнхээ суль дорой, бие хүний хувьд ядмаг нь амжилтанд хүрэхгүй байгаагийн гол шалтгаан мөнөөс мөн.Түүнээс биш бие хаа, булчин шөрмөс, материал дутагдсан юм ер байхгүй, харин ч илүү байж магад. Өнгөрсөн онд Канадын нэг бөхтэй хоромхон ярилцаж билээ. Тэр гэтэл утга зохиолын судлаач төдийгүй гүн ухаан, ялангуяа дорнын гүн ухаан сонирхдог, ухаан бодол нь нэлээдхэн задгайрч тэлсэн, бясалгал энэ тэрд явдаг нэгэн байсансан. Бас шүлэг бичдэг гэж байгаа. Төрөлх Францаас гадна Англи, Итали хэлтэй, Хятад хэл судалж байгаа гэсэн. Хувь хүнийх нь хөгжилийг манай нэг жингийнхэнтэй нь харьцуулахад хэт ялгаатай. Ийм хүнээс амжилт гаралгүй яахав дээ.

Дурсамж нь:
Энэ олимпод барилдсанаасаа үүдээд өөрийн эрхгүй нэгэн хуучин дурсамж сэргэв. Аавын ярьсан яриа л даа. Аавын үеийн нэг бөх байж л дээ. Галзуу Б... гэдэг, аймгийн арслан хүн. Энгийн үед бол бөх тэх гэхээргүй гувчгар хүн байж. Хааяа жинд явахаар бүтэн тэгнээ даадаггүй, аавд хангинуулдаг байсан гэдэг. "Чиний тэр бөх тэх чинь хааччихав, үнэн худлаа ярьж, биеэ нөөгөөд" гэж ирээд л аав уурладаг байсан гэж байгаа. Гэтэл бөхийнхөө дэвжээнд гараад ирэхээр танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдчихдөг, нүд нь улаанаараа эргэлдээд л, амнаас нь цагаан хөөс сахраад л, шүд ам нь тачигнаад л, цээж нь орсон буур шиг хүнгэнээд л, хөл гар нь тас няс гээд л хүн битгий хэл араатан хүртэл халгаж зугтаамаар амьтан болчихдог байсан гэсэн. Тэгээд л тоос манан хадуулаад л явчихдаг, хаяж л байдаг тийм бөх байсан юм гэнэ лээ. "Галзуу нохой чи, ямар мэх хийчихэв?" гэхээр хийсэн мэхээ хэлж мэддэггүй, тэгтэл яадаг байсан бэ гэхээр тэр хүн өмсгөлөө өмсөж байхдаа л шүдээ хавирчихсан, "алаад, хядаад өгнө дөө" гээд л язав татав хийж байдаг байсан гэсэн. Тэгээд нууцаа аавд нэг удаа хэлсэн нь "Би өмсгөлөө өмсөж байх даа л, за одоо нэг хүн аавыг минь өрлөж алчихаад, ээжийг минь хүчиндчихээд, одоо намайг алах гээд л ирж яваа юм шүү өөртөө итгүүлдэг байсан" гэсэн гэжуугаа.
Үгүй мэдээж хэрэг, аавыг нь өрлөчихөөд, ээжийг нь хүчиндчихээд, тэгээд өөрийг нь алах гээд ирж байгаа хүнтэй чинь хүн юу гэж одоо тийм мэх хийнэ, тэгэж барилдана энэ тэр гэчихсэн барилдаж ноцолдож зогсох билээ дээ, алаад, хядаад л өгнө биз дээ. Тийм хүнээс чинь аварга бяр тэнхээ, зөн совин мэдрэмж гарна биз дээ.
Тэгээд аав маань хэлдэг байж, хүний бяр тэнхээний 50 хувь нь санаа зориг хоёрт байдаг, үлдсэн нь хөдөлмөр, төрөлхийн буюу голын бяр хоёрт тэнцүү хуваагддаг юм гэж... Тэгээд жишээ болгож хоёр дахин илүү баяр, тэнхээтай адуу яагаад чононд хялбархан дийлддэг талаар хэлдэг байж. Санаа,/энэ тохиолдолд санаачилга гэвэл илүү нийцнэ/ зориг хоёр дутсанаас л тэр гэнэ. Энэ ч ортой даг шүү. Манай бөхчүүд ч олон улсын дэвжээнд гараад ирэхээрээ ихэнхдээ чонын өмнө оччихсон хонь шиг бээвийж байгаад л ялагдчих юм даа. Яавал тэдний санаа, зоригийг нэг чоно шиг болгодог бол... баар, цэнгээний газар бол хонины өмнө байгаа чоно шиг зарим нь аашилна гээч...
Саяны миний тэр олон улсын тэмцээнд түрүүлж, алтан медаль авдагийн маань шалтгаан нь ердөө л энэ сэтгэлзүй дээр байсан байгаа юм даа, миний тэр агсан согтуучуудад алергитай маань л гол учир байсан байгаа юм, хэ хэ.
Бас хэдэн жилийн өмнө, нэгэн солонгос эзэнд ажилладаг байж билээ. Цэвэрлэгээ хийж байгаад вандангийн хөл ташчихсан чинь вандан нурж, дээр нь байсан сушиний түүхий загасаа хийдэг дундхан хэмжээний хөргөгч нь өнөөх чөргөр хариугүй солонгос боссын маань дээрээс буугаад ирдэг байгаа. Сандрахдаа тэр хөргөгчийг нь бариад авдаг, аваад зогсохгүй өөр газар сэгийтэл нь өргөөд тавьчихсан гэж байгаа. Ер хүнд хөнгөн юм мэдэгдээгүй. Гэтэл манай босс гайхаж шагшираад л, энэ тэндээс барьж үзээд, толгой сэгсэрээд байх.... Чи яаж үүний дааваа, ит из түү хээвий, юу аар түү стронг л гээд байх. Дараа нь вандангийнхаа хөлийг бөхөлчихөөд нөгөөх хөргөгчөө буцаагаад байранд нь тавих гэсэн чинь байрнаас нь ч хөдөлгөж чаддаггүй. Золигийн тэр солонгос "энэ аймаар их хүнд" энэ тэр гэж байгаад хүний санааны бяр алга хийчихсэн байхгүй юу.

За за, зүүдээ ярих гээд хулгайгаа ярих шахав...

# # Read more! #

Wednesday, February 13, 2008

Азийн АЛТАН дагина

Орох орон гэрийн асуудалтай байхад сэтгэл санаа тайван бус байдаг нь хэн бүхний мэдэх зүйл. Ах бид хоёр эгчийнхээ түрээсэлж буй гэрт очиж хамтдаа өнөөх гэрийг нь түрээсэлж амьдрахаар болж байх шиг байна. Гэхдээ хүн нэг бүр 300 доллар, нийтдээ нэг гэр түрээслэхэд 900 доллар сард төлөх учиртай болж байх юм. Энэ чинь юу вэ? би мөнгөө тушаачихсан хойноо энэ чинь юу билээ гэж гэнэт бодов. Очиж очиж монгол гэрийг сард 900 доллараар түрээслэнэ гэдэг чинь... Өнөөх гэрийн эзэн араб царайтай еврей нөхөр "ийм л байдаг ш тээ" гэсэн янзтэй жишим ч үгүй, бүүр сэтгэл хангалуун мушийгаад цааш эргэв. Би нөгөө хоёртоо хэлж байх юм.
-Үгүй энэ чинь биш байна аа, надад аавын муу гэр байж байгаа шүү дээ, бүгдээрээ тэр гэрээ босгоод тэндээ амьдаряа л даа. Ямар түрээсийн мөнгө гэж нэхэх юм биш. Нэг сард төлж буй түрээсийнхээ төлбөрөөр л бид тэр гэрт элбэг хүрэлцэх бүрээс худалдаад авчихна шүү дээ гэхэд эгч маань
-Одоо нэгэнт мөнгийг нь төлчихсөн юм чинь гэсэн байртай гайхан, асуусан харжаар ах руу харав. Харин ах:
- Одоо удахгүй 12 сар гарлаа, энэ хөлдүү газарт яаж гэр барьдаг юм гэж байна.
-За яахав, энэ сардаа эндээ байя, дараа сар гэхэд ямар ч байсан аавын гэрийг босгоод дулаалга энэ тэрийг нь сайтар хийчихэд бололгүй яахав, ерөөсөө ингэж шийдэе, дараа сарийнхаа мөнгийг өгөхөөс өмнө бүгдээрээ энэ гэрээс гарцгаая гэлээ.

Тэгээд би машиндаа суугаад аавын гэр хураалттай байгаа том эгчийнх рүүгээ давхив. Тэднийх орон сууцанд... Гэхдээ Улаанбаатарт. Харин би хаанаас Улаанбаатарыг зүглэж буй маань тодорхойгүй. Нэг л их хол замыг туулах шиг боллоо.
Нэг өндөр байрны доорх паркинд машинаа оруулчихав. Уг нь тэдний хаалга гурван номер санагдана. Нэг билүү хоёр давхарт. Би андуураад 4 давхарт гарчихаж, тэгээд доош бууж хаалгыг нь татлаа. Хүргэн ах маань угтав. Бөөн л баяр, нүүр дүүрэн инээмсэглэл, хол замын алжаал тайлагдах шиг болох юм.
-За миний дүү наашаа суу, эгч нь нэг хоол хийж байна гэх юм.
-Машинаа энэ доор тавьчихлаа зүгээр үү гэтэл
-Зүгээр зүгээр, угаасаа чиний нэр дээр ах, эгч хоёр нь энд нэг байр авчихсан байгаа гэж байна аа.
Би эгчийнхээ хоол хийж буй гал тогооны өрөө рүү очив. Цаана нь ливинг рүүмний цонх нь цэлийгээд үдшийн гэгээ өрөө дүүрнэ. Тэр ливинг рүүмний цонх нь ханаар дүүрэн том юм. Гэтэл тэр цонхоор юу харагдсан гэж санана.
ҮДШИЙН УЛААНБААТАР...
Би тийм ч олон орон газраар явж байгаагүй ч ер нь ямар нэгэн хотын үзэсгэлэнг харьцуулан мэдэхтэйгээ. Миний үзсэн хотуудаас надад хамгийн их таалагдсан нь, хамгийн орчин үеийн загвар стильтэй нь Арабын Эмиратын Дубай хот. Далай эрэг дагуулан сүндэрлэх тэр хот бол үнэхээр л орчин үеийн, магад эхэлж буй энэ зууны загвар хотын дүр төрхтэй. Хилтон зочид буудлын 44 давхарын цонхоор үдшийн Дубайг бахдал дүүрэн харж байхад төрсөний ижил яг л тийм мэдрэмж тэр цонхоор үдшийн Улаанбаатарыг харж байхад төрөх юм.
-Вов, Танайх чинь хэдэн давхарт байсан юм бэ?
-33 дахь давхарт. Сайхан харгадаж байгаа биз дээ.
Миний тэр цонхоор харсан Үдшийн Улаанбаатар хот бол мөрөөдлийн хот гэмээр. Хүргэн ахын маань тэрхүү байшин одоогийн Танктай хөшөөний суурь орчимд л байгаа бололтой юм. Яг тэдний цонхны доохно талд аварга том алтан цагираг нэг гартаа өргөж буй аварга хүний алтан хөшөө байх юм. Тэр хөшөө нь барагцаагаар Эрхчөлөөний хөшөөний хэмжээтэй, бас 20 гаруй давхарын дээр, магад тэр барилгынхаа дээвэр нь болон сүндэрлэж буй ажээ. Гартаа барьсан тэр цагираг нь яг байшингийнхаа суурийн хэмжээтэй, хэвтээ байрлалтай учраас нөгөө хүний гар барьж буй хэсгээсээ нөгөө тал нь нэлээд доош хэлтгий, нөгөө талбаа ямар нэгэн тулгуру үгүй юм. Гэхдээ тэр алтан цагираг нь зүгээр нэг бөөрөнхий цагираг биш, босоо олон цонхтой ханан цагираг агаад, тэр бүх цонх нь гэрэлтэй ажээ. Ер бусын барилгын шийдэл, ганц тэр гарын тулгуур дээр яаж энэ аварга том байгууламжийн ингэж тогтоож чадсан нь гайхалтай.
Түүний цаахан талд нь буй барилгын Нью-Йоркийн Креуслэр Бюлдингын орой шиг олон талст шовх оройд жаргаж буй нарны туяа шижиртэн ойх юм. Тэр олон талст нь Нью-Йоркийнхоос ч их олон талсттай, нэг харахад бөөрөнхий ч юм шиг нэг харахад зуйван ч юм шиг таслтууд байх ажээ. Мөн өч төчнөөн олон өндөр барилгын алтан оройд шоволзоно. Тэдгээр барилгуудын бахдам сүрлэг орой нь тэртээ цаана харагдах Чингэлтэй хайрхантай зэрэгцэх ажээ.
Энд бас нэг содон зүйл ажиглагдсан нь хотын дүүрэг бүр өөр өөр өнгийн гэрлээр гэрэлтэж бйах юм. Одоогийн 3, 4 дүгээр хороолол маань цэнхэр ухаа гэрлэн чимэглэлтэй бол тэр төмөр зам, 120 айл, Баян гол орчимынх Алтан шаргал чимэглэлтэй, баруун тийш Багшийн дээ тийшээ ягаан гэрлэн чимэглэлтэй.
Тэр бахдам сайхан хотын үзэсгэлэнг харж бахархаж зогсоход хүргэн ах маань хажууд ирээд,
- Энэ манай хорооллыг бариуд дуусгачихсан юм, одоо тэр хуучин 3, 4 дүгээр хорооллын орчимд ид бүтээн босголт болж байгаа, гэлээ.
Яг Сүхбаатарын талбай орчим харагдсангүй, олон өндөр шилэн болон алтан барилгуудын оройд халхлагдаад...
Манай тэр ахын байрны дотор тал ч ер бусын дизайн, шийдэлтэй юм. Хана нь тэр чигээрээ цонх. Ямар ч раам, зааг байхгүй, зүгээр л задгай агаарт буй мэт...
Ийм нэг сайхан зүйл үзэгддэг юм байна.
Нээрээ, Улаанбаатар маань, Утаан баатар маань хэзээ нэг ийм сайхан орчин үеийн хот болох юм болдоо.

Зүүд маань дүүрэн биелэх болтугай хэмээн хөнжил дотроо шивнэсээр сэрлээ дээ.

# # Read more! #

Saturday, January 19, 2008

Айсуй баярын зөн...

Он гарсаар олигтой зүүд ирэхгүй байсан юмсан. Үүрийн зүүд бүрийг маань өнөөх хэрээ гуаглан сэрээж, ажил ч, сэтгэл санаа ч сэхэл авахгүй мэт болчихоод хэсэг зуур мэдрэл гацаа явсан юмсан. Харин сүүлийн хэд хоног тэр хэрээний дуу сонсогдсонгүй, энэ өглөөний тэнгэрийн цэлмэгийг, нарны тунгалагийг ээ. Сэтгэл сэргээсэн хөгжүүн зүүдний дараа умард холын нутгаас илгээсэн танил нөхрийн захидлийг өглөөний нартай уралдан уншаад уудам хөх огторгуй нарны гэрлээр дүүрэх шиг сэтгэл санаа ч урам, баяраар дүүрэн байна.

Уудам хөх огторгуйд өглөөн наран чимэгтэйеэ
Угтах баярын зөн сэтгэл зүрхнээ бахтайяа
Умараас андын шившсэн урь зөөлөн салхинаа
Урмын минь цэцэгс баясан сэрвэлзэх нь таатайяа



... сумын наадам.... зүлэг ногоон дэвжээн дээр зассан зоогийн ширээнд бидний хэдэн нөхөд сууна. Үдэх ёс гүйцэтгэж буй бололтой юм. Намайг гаргаж өгөхөөр ирсэн С. Нэрт нэгэн андтай минь хамт түүний хамаатан нь юм уу, эсвэл танил нь юм болов уу хэд гурван эрхэм ирж. Тэдний нэг хижээл насны дунд хэрийн нуруутай шар хүн дэргэд минь шадарлан суугаад надтай ямархан нэгийг хүүрнэнэ. Надтай ярилцах их дуртай бололтой, надтай уулзаж буйдаа ч их баярлаж буй бололтой байх юм. Намайг их хүндэлж буй нь илэрхий, дандаа Та гэж байх юм. Би ч ийм хүндлэлд нь дассан сурсан аятай хээв нэг суух ажээ. Тэр шар хүн эхлээд үгээ эвлүүлж чадахгүй байснаа наадам, бөх яриад ирсэн чинь үг яриа нь задгайраад сайхан болоод явчихдаг юм байна. Тэр ингэж ярих юм.. “Тээр жил, Та санаж байна уу, энэ дэвжээн дээр 254 бөх барилдаж билээ. Мундаг том барилдаан болсон шүү” гэж байна. Нүүр царайнд нь баясал, бахдал гэрэлтээд ирэх юм.

Би санахгүй байгаа ч гэсэн нөхрийн урмыг бодож, “Тэгсэн шүү, нээрээ сайхан барилдаан болж билээ” гээд нэгийг дурссан шинжтэй хөөрлөө. Мань хүний яриагаар бол тэр залуудаа шазруухан ноцолдож явсан бололтой юм. Одоо харахад төлөвхөн намдуухан хүн, түүнийг барилдаж явсан гэхэд захын хүүхэд ч итгэмгүй тийм хүн байх юм. Гэхдээ нимгэвтэр уруултай том ам, оч цацсан хоорондоо хол зайтай ногоон нүд, завжийг нь даган унасан шулуун шударга үрчлээсүүд, мэлзэн дух... ийм төрхийн хүнээс амь тулсан үед санаанд багтамгүй хүч чадал ундардаг билээ. Түүнээс биш түүнд бөх хүний бүдүүн хадуун шинж ер байхгүй юм. Миний багад Бямаа нэртэй торчгор шар хүн байж. Чадал тэнхээ ч гавихгүй атлаа нүд нь гялалзаад ирвэл өөрөөс нь хоёр дахин том аралтай, бяртай сумынхаа зааныг хүүхэд шиг гар дээгүүрээ сувиад татчихдаг байж билээ. Гэхдээ наадамд барилдаж шальдаггүй юм. Угийн бөх биш болохоор даваа болгон дээр тэгэж нүд нь гялалзаж таарахгүй л дээ, хэ хэ. Тийм хүн том цолтой сайн бөхтэй бол их сайн барилддаг, тэднийг хаячихдаг атлаа амны хүүхэд ч давж чаддаггүй гэдэг. Тийм хүнийг “Бөхийн аранга” гэдэг юм гэнэ лээ гэж хөгшчүүл ярьдагсан.

Тэгээд тэр хүн цааш нь ярьж байна аа. Залуу нас, ид хавтай явсанаа дурсаад сэтгэл хөөрсөн нь илэрхий, өнөөх нүд нь ч гялалзаад... Та тэгэхэд ч сайхан барилдсан шүү? Гэж байна.. Хэ хэ, би юун барилдах, хэрвээ тэр барилдаан үнэхээр болсон бол би лав төрөөгүй, эсвэл бөөжгийгөө ил унжуулсан жаахан юм л гүйж явсан байлгүй. Гэвч би бодолдоо тэр барилдааныг аль хэдийнэ барилдуулаад эхлүүлчихсэн... Тэгээд би “Барууны засуулын магнайд нээх их том ногоон дээлтэй мундаг сүртэй хүн зогсоод бөх засаж байж билээ. Тэр хүн хэн байсан бэ? Гэсэн чинь

- Тэр чинь Хадагт хар байсан шүү дээ, та таниагүй юм уу. Тэр жил барилдаагүй юм, бие нь муу байсан гэдэг.

- Тийм байхаа, аргагүй харсан хүн байсан санагдана. Чи тэгэхэд хө, яалаа даа хэд давчихлаа? Гэж ирээд л нээг их хөгшин хүн шиг асуух юм.

- Өө, би чинь 4 –өөс дээш давж үзээгүй хүн ш тээ, ямар ч наадамд.. Тэр жил Хотгойдын Хотгор Даваасамбуутай 5-ын даваанд таараад дийлээгүй юм.

Би тэр хүнийг тэр Хотгор Даваасамбуутайгаа хэрхэн барилдаж байхыг нь нүдэндээ харах шиг болов. Сээрэн дунгуй хийх гэж дайраад мөчидхөөр нь өмсөө болгосон боловч хавлаж даруулчихаад нэлээд удаж байж унах юм.
- Тэгэхэд чи Хотгорыг сээрэн дунгуйгаар хаяна гэж яаж санаа вэ? Гэлээ.

Өнөөх маань наг наг хөхрөөд,

- Харин тийн. Түрүү жил нь Сэрэг хайрханы наадамд Хотгор хог намайг сээрэн дунгуйдчихсан юм байхгүй юу, дараа жил би хариуг нь өгөх гээд бараагүй нь тэр дээ. Угаасаа илүү юм илүү л байдаг юм билээ. Та ч их сайн санаж байна шүү гээд намайг бахархангүй харж байна. Бас “Тавын даваанд Таныг намайг амлачих вий гэж их айж байж билээ. Та харин Самдан Их ахыг амлаад авчихсан. Тэгэхэд Их ах харих болоо ч үгүй байсан. Та тэр наадамд хамгийн том цолтойгоос нь эхэлж амлаад гайхуулж байсан даа..”

- Аан... Тээр жил намайг Бархөл явсан хойгуур Самдан түрүүлсэн юм. Тэгэхдээ хазгар Жижээгийн хавиргыг нь мөлтөлчихөөд, хөөрхий удаагүй. Түүнээс хойш Самданг таарсан наадам бүхэндээ дээгүүр амалдаг байж билээ. Түүнд ч сайн болоогүй, бас надад ч сайн болоогүй, тэгэж өнгөрсөн улирсаныг санаж, сануулж барилдах их муу юм билээ.

- Аанхан..

Нөгөөх намайг үдэж гаргах гэж ирсэн найз маань Намайг хуучин цагийн нэг том бөх гээд итгэчихсэн хамаатныхаа хөгшин бид хоёрын яриаг сонсоод инээдээ барьж ядна. Юу юугүй түсхийтэл инээчих гээд байх юм. Тэр намайг энэ муу хөгшиний толгойг мөн ч сайхан эргүүлж байна даа л гэж бодож буй бололтой юм. Яг үнэндээ бол надад худал юм огт үгүй санагдаад, нээрээ л тэр нэгэн наадам санаанд орж ирээд байх юм. Тэр ч бүү хэл тэр шар хөгшиний нэрийг нь хүртэл санаж байна. Түүнийг Засагт ханы Задгай шар гэдэг байсан шүү дээ.

Харин найз маань сүвээ рүү ёвроод, одоо болоо бол, настай хүнээр тоглоом хийгээд, цаадах чинь хэрвээ ингэж тоглож байгааг нь мэдчихвэл уурлаад, гомдоод бөөн юм болно гээд аминчилан шивнэж байна.

Тэгээд би явахаар бослоо. Манай автобус хүрээд иржээ. Бид холын замд, гэхдээ хотсуурин руу ч юм уу, хөгжил дэвшил рүү ч юмуу, юутай ч сайн сайхан зүйл рүү явах гэж буй бололтой юм.

Хэдхээн сарын өмнө бурхан болсон том эгч маань намайг автобусны хаалган дээр гаргаж өглөө. Царай зүс нь сэргэлэн, угийн ч сийрэг чанга хүн л дээ. Тэр эгчтэйгээ уулзаж чадалгүй бараг 4 жил болж. Надруу дулаанхан дотно хараад юм хэлсэн авч тэр үгийг нь би сонсож чадсангүй.

Тэгээд автобусанд ортол дууны голдуу сайхан шүлгүүд бичдэг яруу найрагч найз маань сууж байх юм. Хажуудах суудлаа заагаад, “Наашаа, энд суу хө, суудал авчихаад хүлээж байлаа. Өөрөө ер нь их хүнд хүн байна шүү, өөрийг чинь л хүлээж манай автобус бүтэн хоёр цаг зогслоо шүү дээ” гэж байна. Ингээд сайхан хүмүүсээр үдүүлээд, аян замд сайхан найрагч найзтайгаа суудал зэрэгцээд гарч өглөө дөө. Харин хаашааг бол мэдэхгүй ч нэгэн айсуй баярын зөн цээжинд минь байх юм.

# # Read more! #