#

Wednesday, April 16, 2008

Элст цөлийн, эсвэл сэтгэлийн гүнд... - 1

Далайн давалгаа шиг элсэн ухаад нь зах хязгааргүй үелсэн говь цөлийн гүнд байх уртаашаа хориодхон алхам бяцхан баян бүрд. Бүрдний эхэнд гурван залуу хайлаас, харин адагт нь хэдхээн ногоон мөчиртэй, ихэнх мөчир нь хатаж, өгөршсөн ганц хөгшин хайлаас байх ажээ. Хаашаа л харна санаа алдуулсан уудам элсан далай цөхрөхийг үл мэдэн тасралтгүй төөнөх наран дор мяралзана.

Бүрдний адагт байх тэр хөгшин ганц хайлаасний сүүдэрт өнөөх өвгөн бөртөлзөн тоглоно. Яг гурван наст шиг. Бүрдний захын чийгтэй элсээр хот, зам гүүр, хана хэрэм, өндөр өндөр шилтгээнүүдийг уйгагүй барина. Нэгийг барьж эхэлсэнээ нураагаад дахиад цоо шинийг, бүүр өөрийг барина. Бас хайлаасны унасан мөчрүүдээр цамхагын нуруу, замын шон босгож, бас хүн хийнэ. Ядартлаа тэгэж тоглоод өнөөх хайлаасныхаа сүүдэрт нялх хүүхэд шиг тугдайгаад унтаад өгнө. Сэрээд уснаас ямаа шиг хэд залгилчихаад, норсон цагаан сахлаа хэд шувтарчихаад дахиад л тоглоод эхэлнэ. Бид хоёрыг ер анзаарах ч үгүй, тоглож байхдаа ямагт өөр өөртэйгээ ярьчихна. Яриаг нь сонсвол 2-3 –уулаа байгаа бололтой байдаг юм. Үе үе чанга чанга хөхөрч, бас өндөр дуугаар ямар нэгийг итгэлтэйгээр ухуулна. Эхлээд би тэр өвгөнийг толгойдоо цагаан алчуур зангидсан охин хүүхэд байна гэж харсансан. Хүн зөнөнө гэдэг ийм л байдаг юм байна даа, Хүүхэд яаж гуниггүй, сэтгэлийн зовлонгүй тоглож чаддаг билээ дээ, яг тэгэж тоглож байгаа нь нэг бодлын бүүр атаархмаар ч юм шиг.

Би өвгөний тоглохыг харан шийдвэр гаргаж чадахгүй дотроо шаналсаар удаан сууж билээ. Энэ хүүхэд шиг өвгөнийг энэ элсэн тоглоомтой нь, энэ гэнэн сэтгэлтэй нь энэ цөлийн гүнд хаяад явна гэхээр ... Надад даанчиг гунигтай, хэцүү, бүүр уйлчихмаар, орилж бархирмаар хэцүү байсансан. Гэвч эрүүл ухаан надад өөр сонголт өгсөнгүй. Элсээр наадаж тоглохоос өөр шидгүй болчихсон, өдрөө хүлээж буй Өвгөнийг уу, эсвэл ид ааг хүч нь багтаж ядсан, эрмүүн зориг нь өөрийг нь ч хорлочихож мэдэхээр гал цогтой залууг уу. Хэн ч ийм сонголтын өмнө хэнийг сонгох нь тодорхой, Залуу яваад хоёр цаг болж байгаа. Энэ хоёр цаг амьдралыг минь хамгийн урт цаг байсан болов уу, би залуугийн хойноос явах уу, эсвэл энэ өвгөний дэргэд үлдээд, өөрийнхөө тэр өрөвдмөөр ирээдүйг харжээ, гунигтайхан өхөөрдөж, хүлээж суух уу гэдгээ шийдэх гэж шаналчихсан билээ.

Шийдвэрийг яаралтай гаргах хэрэгтэй, залуугийн хойноос хугацаа алдалгүй явахгүй бол тэр надад гүйцэгдэхгүй холдоод явчихна. Өвгөн уг нь бид хоёрыг өөрийг нь хаячихаад явчихсан гэдгийг анзаарах ч үгүй л тоглосоор байх байх л даа, гэхдээ л, бүүр огт тоохгүй, эмзэглэхгүй байх бүр л түүнд учирлах, ямар нэгэн байдлаар хэлж, ойлгуулах хэрэгтэй, нэг л өдөр хүүхэд насандаа шумбаж одсон оюун ухаан нь эргэж ирэхэд бид ор сураггүй алга болчихсон байх юм бол өвгөнд ямар хэцүү байхыг би төсөөлж байлаа. Тэгээд хожмын өдөр өвгөний энэ гэнэн дүр төрх, гээгдэж хоцорсоноо гэнэт мэдэрсэн хаягдсан хүүхдийнх шиг гомдолтой тэр төрх насан туршид минь зүүдэнд үзэгдэж намайг шаналгах болно гэдгийг ч би мэдэж байлаа.

Тэгээд би өвгөний дэргэд очив. Элсэнд дутуу суулгаад уначихсан төө хэрийн нэг мөчир/ өвгөнийхөөр бол гэрлийн шон ч юм уу даа/-ийг өөд нь авч өгтөл өвгөн намайг анзаарсангүй. Тэр намайг хаанаас гараад ирэв гэж гайхсан мэт харав. Яг хүүхдийн нүд. Тэр нүдийг хараад Би явна гэсэн шийдвэрээ тэр дор нь өөрчилчих шахав. Тэгээд өөрчилчихөөгүй байгаа дээрээ яаран сандран өвгөнд юу болоод байгааг, юу болох гээд байгааг нэгэн амьсгаагаар урсгачихлаа. Тэгэж ар араас нь эмх цэгц муутай хэлсэн үгийг маань 3 настан шиг болчихсон энэ өвгөн тийм амар ойлгоно гэж үү, гэвч нэгэнт хэлэгдсэн үнэн амьдрах ёстой, нэгэнт зорилгоо хэлсэнээс хойш одоо өвгөнд бага багаар тайван тайлбарлаж өгч, тэр өнгөрсөнд одсон ухаан санааг нь эргүүлэхийг хичээх хэрэгтэй болох нь. Харин тэгтэл өвгөний хариу намайг балмагдуулав. Тэр аль хэзээнээс л бид хоёрын ярилцаж, маргалдаж, бас миний дотроо шаналж байсныг мэдэж байсан хүн шиг хүлээж авах юм.

Би өвгөнийг дахин анхааралтай харав, энэ удаад түүнийг гурван настаныг өхөөрдөж буй харцаар биш харин энэ гурван настны халхавчны цаана ямар алс ухаан, зөн билэг байгааг нь мэдэхийг хичээлээ.

- Ёс суртахууны тухай хамгийн их ярьж, санаа зовниж, номлож буй хүн бол харин өөрөө л хамгийн их ёс суртахууны асуудалтай тулгарч, мухардаж, доголдож байсан болон байгаа хүмүүс байдаг юм даа.

Өвгөний энэ үгэнд би ихэд цочив. Өвгөнийг энэ элсэн цөлд орь ганцааранг нь зөвхөн үхэлд нь л үлдээгээд явах шийдвэр гаргатлаа миний сэтгэл шаналаагүй гэж үү, гэтэл тэр омголон залуу бол энэ асуудлыг ер авч хэлэлцээгүй, огтхон ч эргэлзэхгүйгээр, санаа зовинохгүйгээр, бүүр эргэж ч харахгүйгээр явчихсан шүү дээ. Эцсийн эцэст би өөрийнхөө хүн чанар, нинж сэтгэлтэй тэрсэлдэн байж ийм шийдвэрт хүрч буй. Энэ элсэн цөлд энэ өвгөнтэй хамт үхлээ хүлээн үлдэхээс илүүгээр тэр ирмүүн хүч чадалтай залууд энэ элчилгүй элсэн цөлийг туулахад нь тусалж, газарчилж амь золин зүтгэх нь ямраар ч харьцуулсан, шүүсэн илүү дээд сонголт гэдэгт би огтхон ч эргэлзээгүй. Өмнө нь бүхэл бүтэн амьдрал, буцалж, эрчилсэн өрнүүн амьдрал хүлээж буй тэр омголон залууг төөрч мунгинасаар хаа нэгтэй хатаж үхэхийг нь мэдсээр байж, ганцааранг нь таниж мэдэхгүй элсэн цөлөөр явуулчих нь надад энэ зөнөг залгачихсан, тоглохоос өөр ямар ч эрмэлзэл, ид шид байхгүй болчихсон өвгөнийг энэ бүрдний захад хаяад явахаас илүү хэцүү байсан шүү дээ. Надад өөр сонголт байгаагүй, тэр залууг би энэ элсэн цөлөөр ганцаар туучиж гаталж чаднаа гэж иш мухаргүй зүтгэхийг нь хорьж дийлээгүй, бас энэ өвгөнийг аваад гурвуул аялах нь зүгээр л шууд амиа хорлож байгаа хэрэг гэдгийг 2 нэмэх нь 2 тэнцүү гэдэг шиг маш тодорхой мэдэж байгаа нөхцөлд надад ямар өөр сонголт байсан юм бэ,

Ийм шийдвэр гаргахад энэ эргэлзээгүй итгэл нөлөөлсөн нь ёс суртахуун, нинж чанартай ямар хамаатай юм. Гэнэтхэн өвгөнд гомдох ч шиг, бас дур гутах ч шиг мэдрэмж төрөв. Зүгээр л өөртэйгээ хамт байлгах гэсэн өвгөний арчаагүй амиа хичээсэн зан нь энэ хорон үгийг надад хэлүүлэв үү. Уг нь би өвгөнд ямар сонголт хийснээ, ийм сонголт хийхдээ өөрийн дотоод хүнтэйгээ, ёс суртахуунтайгаа хичнээн их зөрчилдөж байж шийдвэр гаргаснаа, одоо ч хутганы ирэн дээр мэт хаашаа ч хөлбөрчих байр суурьтай байгаагаа, бас их шаналж эмзэглэж буйгаа хэлсэн юм шүү дээ. Гэтэл хариу нь энэ. Миний дотор түрүүнээс хойш үймэж байсан тэр эргэлзээ гэнэтхэн замхарч, харин ч өвгөнийг орхиод явахдаа эргэлзэж байсан маань оргүй болчихов.

Тэгээд би залуугийн хойноос хараачлав, тэр аль хэдийнэ бараа тасарчээ. Би энэ цөлийг гурвантаа туулсансан. Эхний удаад яг энэ залуу шиг гал халуун, буцалж даргилсан тэмцэл дүүрэн амьдралыг тэчьяадан хүссэн, хүч чадалдаа дэндүү эрдсэн, ааг зоригоос өөр баялаггүй залуу байсансан. Тэгэхэд би 18-тай байж дээ. Тэгэхэд би энэ цөлийн гарцыг нь олохгүй өвс, хорхойгоор гол зогоон 7 жилийн турш бядэн тэнэсний эцэст энэ өвгөн аминд орж цөл гаталгаж өгч билээ. Өвгөн тэгэхэд одоогийн миний л хэрийн насны байсан байхдаа, хэрвээ өвгөн тусалж, газарчлаагүй бол би аль хэдийнэ цөлийн гүнд хатаад борц болчихсон байх байсан юм. Уг нь энэ элсэн цөлийн гарцыг мэддэг хүнд бол 7 хоног л хэрэгтэй байсан байж. Гэтэл би 7 жил тэнэсэн байгаа юм даа.

Тэр гарц эрэн тэнүүчилсэн 7 жил харин миний өнөөх ааг зоригийг ховх сорчихсон юм. Хамаг шим шүүс, хүч чадлыг минь залуу настай минь хамт сорчихсон тэр долоон жилд би хожим, ер нь насан турш асар ихээр харамсаж явах болсон юм. Тэгээд тэр цаана, нөгөөх хүссэн газартаа очтол аль хэдийнэ миний чадал шавхарчихсан, би огтхон ч хэрэгцээгүй амьтан болчихсон байсансан. Тэгээд байж байж залхаад буцаж нааш ирсэн юм. Хэрвээ тэгэхэд хэн нэгэн надад тусалж, гарцыг арай эртхэн шиг, ядахдаа эхний 7 сарын дотор заагаад өгчихсөн ч болоосой гэж би хувь заяандаа юутай их харуусаж явж дээ, хэрвээ тэгсэнсэн бол...

Чухам одоо энэ намайг хүлээж тэсэлгүй хаяад явчихаж буй залуу шиг л байж дээ би, түүнтэй маргаж суухдаа гэнэтхэн яг өөрийн идэр залуу настайгаа ярьж буй мэт санагдаж, эрхгүй цочиж билээ. Тэгэхээр энэ залууг хожмын өдөр бас над шиг насан туршдаа харууслын хар дээс цээжиндээ зангируулж явуулахгүйн төлөө би энэ шийдвэрийг гаргасан. Би энэ цөлийн гарцыг мэддэгийн хувьд тэр залууд газарчилж, тэр амьдрал буцалсан газарт хүргэж өгөх учиртай. Ес суртахуун ямагт миний талд байнам биш үү. Гэтэл өвгөн юу хэлнэ вэ? Ес суртахууны асуудал сөхөж, миний нинж сэтгэл рүү довтолж байж, өөрийнхөө дэргэд авч үлдэх гэсэн өвгөний амиа хичээсэн зан нь ийм адгийн гэнэн оролдлого хийлгэж байна даа гэж миний бодож буйг минь мэдчихсэн мэт өвгөн өнөөх элсэн тоглоомоо орхиод нэлээд нухацтайгаар цааш нь ингэж өгүүлэв.

- Өөрөөр хэлбэл хамгийн их ёс суртахууны асуудалтай байгаа тэр хүмүүс л бусдын ёс суртахууны асуудалд санаа зовж байгаагаа хамгийн илүүгээр илэрхийлцгээж байдаг юм.

Хм, Энэ зөнөг өвгөний дэмий хоосон цэцэрхэлийг сонсож суухаар өнөөх залуугийнхаа хойноос явах минь, улам холдоод явчихлаа, гэвч өвгөний яриаг таслаад шуудхан босоод явчихаж чадсангүй, дэмий л “аанхан” гэж амыг нь дагууллаа. Хэзээ насандаа ч юм уншиж байсан номноосоо энэ ишлэлүүдийг санаж л дээ, мань өвгөн. Би байж сууж ядан өвгөний яриаг тасрангуут л ухасхийн босоход бэлдэв. Гэтэл өвгөний үргэлжлүүлэн хэлсэн ганцхан үг суудал дээр минь мөддөө босохооргүй намайг хадаж орхив.

Үргэлжлэл бий.

# # Read more! #

Унаагаа солив

Сүүлийн хэдэн сарын туршид байнга тэмээ унаж зүүдэлж байсан юмсан. Харин энэ удаад нэлээд харшсан ч гэсэн эрч хүчтэй, бас их ааштай, омголон догшин ч сайхан гал шарга морьтой боллоо. Удаан хугацааны хатуу эдэлгээ энэ морины өнгө зүсийг нэлээд дарсан ч, угийн омголон чанар, сүр хүч, чадал тэнхээг нь бууруулсангүй, харин ч хат сайт ган төмрийг нугалах тусам харимхайн хүч нь улам нэмэгдэдгийн адилаар энэ морины омголон, догшин нь нэмэгджээ. Уг нь морьд, бараг ихэнх морьд эдлэх тусам л номхордог юм. Тэмээ ч гэсэн тэр.

Хичнээн ааштай, догшин байлаа ч 3 сар талхичихаар тэгээд хонины хээр, хүүхэд хөгшидийн зугаа болоод номхорчихдогсон. Энэ жамыг сөрж чадсан тийм шийр чангатай морьтой би нэг ч удаа таарч байсангүй, харин нэг тэмээтэй бол таарч байсан юм. Ингэ шиг жижигхэн бөхтэй, цүдгэр гэдэстэй болохоор нь “Боос бор” гэж нэрлэдэг бор ат байж билээ, Бусад тэмээд бол эхлээд барьж авахад цээж нь хүнгэнээд, омголон догшин юм шиг атлаа 10 хоногийн эдэлгээний дараа номхорчихдог бол “Боос бор” яг эсрэг. Эхлээд барьхад ер үргэж туйлахгүй, тавчиж, тоглохгүй атлаа 10 хоног эдлээд эхлэхээр л гэнэт ааш ороод, явдал нь чангараад, догшироод эхэлдэг адгуус даа.

Бусад тэмээг эдлэх бүр улам сүр нь гундаж, тамир нь барагдаж, үглээ эмгэн шиг алхах бүрдээ гунганаад эхэлдэг бол “Боос бор” эдлэх тусам араа нь хавираад л, цээж нь хүржигнээд л зүтгээд байх, арга ядаад бид түүнийг хамгийн хүнд ачаанд оруултал, хөл дээрээ арай чуу боссон атлаа, хөтөлж яваа намайг тавчих гээд, тавчуулахгүй бултаад байхаар, хазах гээд дайраад байж билээ. Тийм л шийр чангатай тэмээ дээ.

Энэ шарга морь бол яг тэр “Боос бор” шиг морь юм. Олон хоногийн эдэлгээний ор мөр түүний нуруу, хондлойгоор нь илхэн харагдаж, үс нь налаад, оломцог төдийгүй хугалдаргаар нь хүртэл халзарчихсан байхыг бодоход их л удаан эдэлж дээ, хөөрхийг. Тийм атал ер номхорсон шинжгүй, намайг оосорлоод авах гэтэл цахалж, цоройгоод хамаг ногт, цулбуурыг тасчаад хаячихав. Тэгээд оосорлочих арай бөххөн уяа олдохгүй болохоор нь хүзүүндээ байсан урт шар хадгаар оосорлолоо. Тэгтэл хадаг салхинд жаахан дэрвэх төдийд нөгөөх чинь дахин үргэж давхиад өнөөх хадгыг бүүр юу ч үгүй тасчаад хаячихав. Уг нь тэр хадаг бол Далай багшийн өөрийн гараар өгсөн хадаг юм.

Ингээд оосорлох юм олох санаатай ийш тийш хартал бас баахан буутай, хар хар хувцастай америк цагдаа нар бужигначихаж, холхон байсан нь дээр, тэгээд Шарга морио нэгэнт оосорлох юмгүйгээс хойш хүзүүгээр нь тэвэрчихээд, тэднээс буруулав.

За юутай ч унаагаа солив, хэзээ ч номхоршгүй, хэзээ ч эцэж, цуцашгүй, хэзээ ч цөхрөшгүй тийм гал шарга морьтой болов. Нэг оосорлох юм олох л асуудал байна даа, олдох байлгүй, болохгүй бол түр зууртаа индиан шиг л юу ч үгүй мордчихно доо. Ямар сураагүй юм биш.

# # Read more! #

Friday, April 11, 2008

Нутаг дуудаа юм болов уу даа

Миний багад манайх зарим зун Бугын толгойт гэдэг газар зусах. Говийн хүн намайг хар модон дунд өссөн гэхээр худлаа ярьдагыг маань эсвэл алиа хошин занг маань гайхах хүн захаас аван. Гэвч үүнд худал юм үгүй, алиалж хошигносон ч юм үгүй, үнэхээр миний төрж өссөн Хантайшир уул бол өвөр талаараа битүү хар модон шугуй шуугисан, янгир гөрөөс, үнэг туулайд булталзан гүйлдсэн, буга согоод нь адуу үхэртэй хамт хотолж л байдаг, сархиаг жалга бүрээс нь харз ус боргилон урссан, зуны сардаа цэцгүүд нялхарсан, түмэн зүйл шувууд шулганасан үзэсгэлэн төгс нутагсан.

Тэр Бугын толгойт гэдэг зуслан бол өргөн хар модон хаялганы тана дээр байх өвөртөө өвөөгийн сахал шиг хэдэн өрөвгөр жодоо, хар мод, бургас санжуулсан бяцхан болдог толгойтой газар л даа. Түүний доод бэл нь тавиу талбиу хийгээд зуны дэлгэр цагаар тэр дэлгэр хормойгоор нь зусланчдын гэрүүд бөмбийлдээд, өглөө эртээ болдог толгой дээрээс харахад цэцгийн үзүүрт тогтсон шүүдэрс шиг нарны гэрэл ойлгон байдагсан. Харин зүүн энгэрт, нэлээд дээхнэ байх цавчим цохио хадны хэвлээс ус бургилан гардаг, хур ихтэй жил бол тэр дээрээс хүрхрээ аятай мэлтэлзэн урсдаг, ус багатай жилээ хадны оёор луу нэлээд шургаж байж, уртхан иштэй шанагаар хутгаж ундныхаа усыг авдагсан.

Хадан ус нэртэй тэр усыг рашаан ч гэх. Тэр Бугын толгойн нэрийг хоёр янзаар хэлэлцэх агаад нэг нь дээр цагт нэг хүн буга бугуйлдачихаад, түүнээ модноос уячихаад, гэртээ очиж, хутга сүхээ бэлдэж аваад иртэл бугын толгой нь тасраад үлдчихсэн, бие нь алга байсан гэдэг, нөгөө нэг нь болохоор буг чөтгөртэй болохоор тэгэж нэрлэсэн ч гэх. Би бол эхнийхэд нь үнэмшдэг юм, тэр толгойн шилд нарлаг, налгар, дурсамж, хайр, гэрэл гэгээ халгисан жаргалтай дэлгэр зуныг хэдэнтээ үдэж явсаны хувьд буг чөтгөртэй ер таарч байсангүй, ер саар муу дурсамж тэр газар байсангүй ээ.

Харин энэ удаад тэр багын зуслангийнхаа нутгыг зүүдлэв.

Бугын толгойтын эхний үргэлжилсэн шивээ ойг Бага зураа гэх, жаахан намхан хөтөлтэй дунд хэсгийг нь Тасархай, толгойн хойруу байх моддын зураа өргөссөн хэсгийг нь Өргөн харын зураа гэх. Нээрээ л алсаас харахад Алтайн сүрлэг хийморлиг эрийн өтгөн хүмсүг шиг харлан зурайж харагддагсан. Тэр зураадад тошлог, улаалзай жимс ихээр ургадагсан, харин би өнгөрдөг шөнө тэр зураанд очлоо. Хөвөн зулчихсан мэт байдаг хөвд өвс нь чандар шиг болоод, өнөөх Бага болон Өргөн зурааны бүх модод нэг ч амьд ногоон мөчир шилмүүшгүй, хав хар болоод, зөвхөн сэрийсэн сэрийсэн хар хар мөчирнүүд л үлдчихсэн нь арзайсан төмөр тор татчихсан мэт аймшигтай. Тэр амьгүй сэргэр хар моддын мөчирсийн завсараар өнгөгүй саарал тэнгэр сүүмийнэ. Энэ чинь юу болж байна вэ, гээд хашгирчмаар, хачин их харуусал цээж зураад ирэх юм.

Амьд үлдсэн нэг ч мод, бүүр нэг ч өвс алга, хөлд пургих тэр саарал үнсийг ухан төнхөн, нэг ч болсон амьд үлдсэн цэцгийн үндэсийг олчихсон гэж хичээлээ. Эрх багадаа модны тан дээр байх миний л нугалж чадах хэмжээний нэгэн өсвөр шивээг нугалж, дээр нь тохом тохчихоод морь болон булгиулж мөн ч их тоглодог байсансан. Бүүр хожим арван хэдэн жилийн дараа тэр моддын тангаар явж байхад миний тэр бөхийлгөн морь болгон толодог байсан шивээ яг тэр бөхийсөн чигээрээ ургаж, бүдүүрээд, нас биенд хүрсэн намайг өлхөөн даачихаар болсон байж, гэхдээ л тэнгэр өөд цоролзон боссон эгц шулуун, гоолиг ганган бусад ижлүүдийнхээ дэргэр цор ганцаар бөхгөр, бусад нь салхины аясаар тэнгэрт цоролзон найгадаг бол тэр л орь ганцаар амьдралын хүндэд бэрхшээж бөхөлзөх мэт дохилзон буйг нь хараад балчир багынхаа тэр гэнэн томоогүйтлийнхээ төлөө зүрх шимшрэн, тэр бөхийн ургасан залуу Шинэсэнд сөхөрч, наминчилж билээ.

Харин тэгтэл одоо бүр нэг ч амьд мод алга болчихоор энэ сэтгэл зүрх яаж тэсэх вэ дээ, харуусан халаглаад барахгүй, дэмий л энэ сайхан орон дэлхийгээ ийм болгочихдог суугуул нутгынханаа сайн муугаар нь дуудаж, хүмүүний амин хувиа хичээх гэгч ямархан үр дагавартай болоход нь халаглан, ялангуяа орон нутгийн удирдлагуудыг байж болох хэмжээгээр баалж үзэв. Уг нь сүүлийн 10-аад жилд манай авга талын ах хүү тасралтгүй Засаг даргаа хийж байгаамсан. Яачихаараа нутаг орноо ингээд цөлбөчихдөг, эсвэл цөлбүүлчихдэг байна аа гээд л. Харь газар хэдэн халтар төгрөг хөөцөлдөж, болсон болоогүй аижл хийж, хөлсөө урсгаж явах хооронд эргээд хэзээ ч заяахгүй, бас юугаар ч сольж, орлуулашгүй үнэ цэнэтэй бүхэн маань энэ мэтээр устаж, мөхөж явсан байх нь дээ.Ядахдаа үүнийхээ төлөө харамгүй урсгасан хөлсөө зориулсансан бол...

Модод тэгэж олноороо үхэж хатах чинь ямар эвгүй харагддаг юм бэ. Хааяа кинон дээр л нэг тийм үхмэл намгийн гүнд үхмэл ойн дунд ямар байдгыг харуулдагсан. Тэгээд өгссөөр моддын сэрвэн дээр гараад ирлээ. Гэтэл моддын ар сэрвэнгээр нь төмөр зам тавьчихаж. Хүүе, энд яахаараа төмөр зам байдаг билээ гээд, гэтэл нэг эр эм хоёр төмөр замын ойролцоо ажиллаж байна, эм нь яг нөгөө моддын сэрвэн рүү орж биеэ засихаад гарч ирж буй бололтой, зузаан ноосон өмдөө татсаар ирж явна, эр нь нэг л үзсэн ч хүн шиг, харин эм нь яах аргагүй хятад гүүня байна аа. Тэгтэл тэд намайг хөөж байна, "манай ажлын зоноос холдваа, чи" гэж байна. Одоо нас ахиад Далай багш шигээ их хүлцэнгүй болчихсон би\хэ хэ\ хөөгдөөд л, залбираад л гүйлээ, уг нь хэдэн жилийн өмнөсөн бол аль хэдийнэ тэр хоёртой барьцалдаад авах байсан л даа.Тэгээд зам дагаад гуниг, гомдолтойхон алхаж байтал араас галт тэрэг дайрчих шахаад, дуу чимээ болсоор хүрээд ирдэгийм байна.

Тэр тэргээр дүүрэн мод аччихаж, орилж чарласаар умард зүгт одов. Яг энэ мөчид би тэдгээр модод яагаад бүгдээрээ үхчихсэний учрыг ойлгов. Амин голоор нь, ар дагзаар нь төмөр зам тавьчихаж, бас хүмүүсийн бузар гар тэр эмзэг нандин бүхэнд хүрчихэж... Амьсгаагаа ч хүргэж боломгүй ариун дагшин юм гэж байтал, харь хүмүүсийн бузарт өртөхөөр гутарч, гундалгүй, хиртэж, бузарталгүй яахав дээ. Уг нь бид чинь, жалганд очиж морь хардагсан, хэзээ бидний өвөг дээдэс уулын орой, модны сэрвэнгээр биеэ засдаг байлаа даа. Гэтэл захын нэг хятад гүүня хэн бүхний хүрээд байдаггүй сэрвэнд очиж биеэ хөнгөлөөд байхаар чинь аргагүй юм биз.

Нутаг маань намайг араас нэхэж, дуудаж байгаам болов уу, за удахгүй буцлаа даа.
Харин зүүд тайлдаг хүмүүн байвал туслаарай.

# # Read more! #

Tuesday, April 8, 2008

Шөнө дундын зүүд

3 өдрийн өмнө шөнө дунд ийм нэгэн зүүд зүүдлэв.
Хоёр талаараа тэнгэр баганадсан өндөр яг халил сархиагуудтай хавчиг хавцалаар хэдэн тэмээ туугаад буух юм. Уг нь тэр хавцалаас өөр зам байсан санагдана, харин тийшээ өөрийн мэдэлгүй орчихож, орсон хойно оо л жаахан буруу юм хийж дээ гэж бодогдох.. Тэр хавцалын тэхий дунд нэг боом бий. Доороос нь өгсөж гарч ирэхэд нэг жимээр гарч ирдэг, гэхдээ явган хүн л явахаас биш, тэмээ адуу гатлах бололцоогүй, өөрөөр хэлбэл тэр хавцалаар өөдөө ганц явган хүн л нэвтрэх бололцоотой гэсэн үг. Харин уруудахдаа өөр нэг жимээр буудаг, тэгэж буухдаа нэг өгсөөд, урууддаг юм. Өмнө би энэ хавцалыг өөдөө сөөргөө хэд хэд туулсан, туулах бүрдээ ямар нэгэн зовнил, шаналанг мэдэрч байсан билээ. Уруудах жимийн эхэн дээр эхлээд өгсөх мөчид тэмээ харайгаад гарчих хэмжээний хадан тавцан бий. Гэвч тэр тавцан дээр тэмээ бүхэн гарч чадахгүй, учир нь яг харайх гэхээр дээрээс нь өнгийсөн хад бөхөнд нь тулчихдаг юм. Тэмээнээс бас их эв зүй шаарддаг зам л даа. Цаадруу нь буухад бол хэцүү, за ер тэр бүгдийг дүрсэлж бичээд байх шаардлагагүй болов уу.

Тэгтэл тууж явсан 10-аад тэмээдийн маань түрүүч нь нөгөөх сөргөө гарч ирдэг жимрүү орчихож, мэдээж эхлээд жаахан явж байгаад сүүлдээ тэр нь битүүрээд, хаашаа ч явах аргагүй болгочихдог юм। Тэр жимийн дээд гарцны эхлэл нь нэг их налуу цавчим дөрөөгөөр явдаг, тэгээд дээхнээ очоод нэг хадан нүхээр шургаад гарах учиртай। Би ч тэр түрүүлсэн хэдэн тэмээг эргүүлэх санаатай явгалаад нөгөөх налуу дөрөө өөд харайлгалаа. Гэтэл эсрэг талын энгэр лүү асга хад нураан нэг хижээлдүү эхнэр, хар дээлтэй бас, хоёр өсвөр насны хүүхэдтэй /охид бололтой/ бууж ирж яваа харагдав. Тэд нэлээд тэвдүү, зутруу харагдлаа. Бас миний тэмээдийн өмнө талд өнөөх ханан халилын мухарддаг хэсэг дээр хэдэн хар ямаа зогсож байх юм. Би энэ хэдэн ямаа тэр ядарсан гурвын хайж , тууж яваа нь байж таарлаа, дээшээ гарсан дээрээ хэдэн тэмээтэйгээ хамт буулгаад намд оруулаад өгчихөе гэж бодлоо. Тэгээд тэмээдийнхээ түрүүчийг эргүүлчихээд нөгөөх хэдэн ямаа руу нь авиртал тэд цаашлаад өнөөх хадан нүх рүү яваад орчихдог юм. Гэхдээ тэр нүх нь өнөөх жим гаталдаг нүх биш, зэргэлдээ байх нүх юм байна. Би араас нь гүйгээд орлоо. Нүх дотроо уужимсаад, агуй аятай болчихож, өнөөх хэдэн ямаа алга, хар нүхэн дотор хар ямаа хайна гэвэл өнөөх харанхуй шөнө хар нигер харахтай адилхан байлгүй, гэвч бүүр хөл, амьсгалын чимээ ч алга, гэтэл гэнэт миний орж ирсэн нүхний амсарыг том том чулуугаар таглаад эхэлдэг байгаа. Хартал өнөөх ирж явсан хар дээлтэй эхнэр байна. Тэр эхэлж харагдахдаа их ядарсан, хөөрхий номой хөдөх эмэгтэй харагдсансан. Гэтэл одоо бол нүд нь улаанаар эргэлдчихсэн, ам нь дарвайчихсан, гар хөл нь зөндөө том болчихсон байх юм. Би тэдний хийж буй үйлдэлийг зогсоох гэж огт оролдсонгүй, зүгээр хараад л хадан нүхэн дотроо сууж байх, удалгүй нүхнийхээ амыг олон чулуугаар таглаад, цаанаас нь их гал өрдөөд, хөөрөг юм уу, ямар нэгэн хүчтэй шахуургаар нүхний амыг тагласан тэр чулууд руугаа үлээлгэх юм. Тэр чулууны зарим нь нүүрс байсан бололтой. Удалгүй чулууд улайдаад яг л боодогны чулуу шиг цайраад ирэх... Цаанаас хөөрөгдөж байгаа нь тэр хүүхэн амаараа үлгээгээд байгаа юм шиг санагдсан.


Бодвол намайгаа хадан нүхэн дотор хуурч оруулчихаад амьдаар минь шарах гэсэн юм болов уу, харин би юун шарагдах, бүүр даарчихсан, цан хүүрэг болчихоод өвдөгөө тэврээд чичрээд суугаад байх. Гэхдээ надад ямар нэгэн айдас, түгшүүр ер байхгүй, нэг л тайван, амгалан, түүний үйлдэж буйг зөвхөн гайхсан, бүтэлгүй тэрх үйлдлийг нь өрөвдсөн байдалтай байх юм. Намайг шатаавал би даарна, хөлдөөвөл би халууцна, цохивол би улам том болно, мэсээр сийчвэл би агаар шиг сиймгэр болно, тэр намайг үгүй болгох аргаа олохгүй л байна даа, харин тэр аргыг нь хэлж өгдөг ч юм билүү, яадаг ч юм билээ гэж бодогдож суух. Ингэж бодогдоно гэхээр би ч бас залхаж буй бололтой.

Тэгээд сэрэхэд шөнийн 3,35 болж байв. Харин толгой ч ангалзаж байлаа. Түүнээс хойш 4 өдрийн турш толгой өвдөв. Нэг л юм болчихож ээ, эсвэл болох нь дээ. Юу юм бол...???

Уг нь муу муухай зүүдийг аль болох бичихгүй юмсан гэж боддог ч энэ нэг зүүдийг бичихгүй бол болохгүй нь, толгойны өвчин дэндээд, жирийн биш болчихлоо. Тайленол давхарлаад, Адвилаар даруулаад, Финаризингээр сүүл мушгаад болохгүй адаг сүүлд нь морфин хэрэглэх дээрээ тулах нь.... Тэгээд л гайхаж гайхаж, энэ толгойны өвчин тэр зүүднээс улбаатай болж таараад, Тэмээ, ямаа хоёрыг аль алиныг нь хүйтэн хошуутай мал гэдэг. Хонь зүүдэлбэл сайн, ямаа, ялангуяа хар ямаа бол сайны шинж биш гэдэг. Юу болохыг нь харьяа. Гэхдээ санаа сэтгэл маань их тайван, юуг ч тосон золгоход бэлэн, чанга шийдмэг байна. Яг тэр агуйд суугаа шиг ээ.

# # Read more! #