“Даарч байна уу” гэж зүүдэнд минь чи юунд асуув
Дагжтал чичирч байсан ч би “Тийм” гэж хэлээгүй
Цан хүүрэг угалзарсан цонхны цаад руу ширтээд
Цас чихрахыг сонсооч гэж гунигтайхан шивнэсэн
Чамгүй өдөр хоногууд будрах цас мэт лавссаар
Чиний одсон мөрийг нэвсийтэл дарахыг би чимээгүй л харж суусан
Дагширч хатууртал нь харь хүмүүс холхихыг ч харсан
Даарна гэдэг юу ч биш болохыг би тэгээд мэдсэн
Тийм хүйтэн өдрүүдийг орь ганцаар үдсээр байхад
Тийм орь ганцаардал цасан шуурга мэт исгэрч байсан
Цас чихруулсаар чамайг хүрээд ирлээ гэж зүүдэлсээр
Цан хүүргэн дунд зүүрмэглэхдээ ч халуун бүлээнийг мартсан
Хөлдөж цантсан сормуусан дээр минь бүлээхэн уруулаа наавал
Хөшиж царцсан биеийг минь халуун хайраар тэвэрвэл
Тэсгэл алдан, хэрвээ би “Даарч байна” гэж шивнэх аваас
Тэр магад, чамайгаа хүлээж чадаагүйнх ээ
2012.03.14
Tuesday, March 13, 2012
Хоёр гараа өвдөгнийхөө завсар хавчуулаад унтчихаж
Posted by Зүүдний тэмдэглэл at 9:02 PM 5 comments
Monday, March 12, 2012
Руб
Асгарах нулимсаа хурааж нэрээд
Аягалж чамдаа барьюу гэсэн юм
Шаналахуйн тулганд чи минь тэгтэл гал нэмэн өрдлөө
Сархад бус хорз л гарах нь, яанам бэ би...
Posted by Зүүдний тэмдэглэл at 1:05 AM 1 comments
Wednesday, February 15, 2012
Мур
Хөхөмдөг уулсын салхин шанлууны минь утаа болон сүүгэж
Хэлж өгүүлээгүй бодлууд минь далдын залбирал болон үлдсү
Posted by Зүүдний тэмдэглэл at 6:25 AM 0 comments
Friday, January 27, 2012
Хуучин захидлаас
Б.Н-д
Цаг мөч иргэж ирэхээс өмнө
Цасан шуурга надаас холдож байна
Хаашаа тэр вэ гэж асууж шалгаахгүй
Хажууд минь үлдэх бүсгүй гэнэн хонгор
Хамтдаа биднийг амьд байхад
Хайр сэтгэлийн минь цэцэрлэг үргэлж зунаараа
Исгэрэн одох шуурга салхин дунд
Итгэлийн минь модод шив шинээр цэцэглээд
Ирт мэсээр тас цавчуулсан сэтгэлийн шарх
Илбэх мутрын аясаар зөөлөн аньдаг аа
Цасан шуурга надаас холдох бүр
Нөмөр сүүдэр хэрэггүй болно
Цаг мөчийн амгалан тайван байдал
Цаазлагдахын өмнө тэвчиж хүлээхтэй адил аа
Өвөл зунаар ч ялгаагүй өнгө бүрийн цэцэгстэй
Өтгөн ногоон модод сэтгэлийн минь гүнд цэцэглээд
Хэнхдэг цээжиндээ хадгалсан мөнхийн ус минь
Хэн хүний алган дээр адилхан дусалж буй
Цасан шуурга надаас холдох бүрийд
Хаашаа тэр вэ гэж асууж шалгаахгүй
Арван зургаатай охин хонгор
Агшин зуурын цас минь ганцхан будраад замхрахад
Түүнтэй хамт шуурга болон одсон сэтгэл зүрхээ
Түүдэг гал шиг дахин хөгжөөхийг минь хараач дээ
Б.Ц. 1993 оны 5 сар
Posted by Зүүдний тэмдэглэл at 9:53 PM 1 comments
Wednesday, September 21, 2011
Намар намрын шувууд ганганасаар ...
Хаашаа тэр вэ гэж хэн ч тухайлж асуудаггүй шиг
Найз нь одоо ингээд л буцая даа
Хаашаа гэж чи минь бүү асуу
Найз нь одоо ингээд л буцая даа
Үүрийн шаргал гэгээ сэмрэх дорнын тэртээд
Үл ажиглагдам нууцлаг бүхний учир оршоод
Үргэлжийн тарчилгаан, мөнхийн эрэлд дуудан байна.
Намар намрын шувууд ганганасаар л буцна
Он жилүүдийн шуугиан улам улам бүдгэрч байна
Одод жирэв жирэв гялалзаж чи биднийг харсан
Орчлонгоос би олох л ёстойгоо олсон, хувь заяа минь тийм байсан
Намар намрын шувууд ганганасаар л буцна,
Надад хайрласан бүхнийг чинь би дуулсаар л буцна
Өвс навчис, гундмал талын ерхөг бүхэнд шивэгнэн хэлнэ,
Өөрт чинь би гэрэлт цагаахан шувуу болон үзэгдээд л одно оо.
Намар намрын шувууд ганганасаар л буцахад
Эргээд л ирнэ гэсэн итгэл хоцордог
Намайг он жилүүдийн чинадаас ганцхан удаа ирээд буцахад
Эвий минь, харцанд чинь итгэл хайр гэрэлтсээр....
Намар намрын шувууд ганганасаар ...
Гэнэтхэн эртний дурсамж сэргээд ... энэ дурсамж энд бий।
http://zuudchin.blogspot.com/2008/03/blog-post_29.हटमल
http://zuudchin.blogspot.com/2007/05/blog-post_09.html
Posted by Зүүдний тэмдэглэл at 4:47 AM 1 comments
Sunday, May 8, 2011
Би жирэмслээгүй
Өглөө байрныхаа доор байх дэлгүүрээр ороод, дирол бохь авьяа гэсэн, худалдагч хүүхэн Дирол байхгүй, Орбит байна. ОРбит их сайн шүү дээ, ялангуяа жижиг хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд их сайн гэж байна.
Үгүй энэ чинь би жижиг хүүхэд ч биш, тэгээд ч жирэмслээгүй шүү дээ гэсэн чинь хажууд нь байсан нөхөр нь уурлаад давхичихсан. Учир нь БИ ЖИРЭМСЛЭЭГҮЙ гэж хэлэхдээ нэлээд том гэдэстэй нөхрийг нь харж байгаад хэлчихсан юм байж.
Posted by Зүүдний тэмдэглэл at 7:06 AM 7 comments
Saturday, April 30, 2011
Чи минь гэж надад хэн шивнэлээ
Чи минь гэж надад хэн шивнэлээ.
Бороо дусална ... Энэ хаврын анхны бороо... Хэн нэгний шанхыг даган мэлмэрэх нулимсны үнэртэй... Тэр нулимс хайрынх байсан юм болов уу?
Posted by Зүүдний тэмдэглэл at 3:06 AM 8 comments