#

Thursday, October 10, 2019

Охиндоо...

Цав цагаахан дэнжийн үзүүрт охин үр минь
Гэрэвшингүй, итгэж ядан зогсоно.
Царай нь үл ялиг улайж, нэг хоёр гишгэнэ,
Гэнэрхэн баясаж, гайхан бахдана ...
Амьдрал дандаа ийм байдаг уу, аав аа гэж
Гэнэтхэн часхийн хашгирна...
Ай даа, тийм ээ, охин минь, дандаа гэнэ,
Гэвч дараа нь гэмшинэ.
Сарны туяа асгарсан цав цагаахан тэр дэнжид
Цэцэгс итгэл мэт дэлбээлнэ.
Санаа алдах, ганихрах зохидоггүй тэр дэнжид
Эрвээхий хүсэл мэт дэрвэнэ.
Үнэн хийгээд худлын дунд хуруухан зайтай
Хэлж эс зүрхэлнэм, би
Үзэгдэх хийгээд далдын дунд зэрэглээн хөшигтэй
Ярж эс чаднам, би
Үр минь, аав нь зөвхөн өөртөө л дуулнам, өөр яанам
Гучин жилийн тэртээд
Үүрдийн гэж итгэхдээ яг л чам шиг гэрэвшин байсан
Гуниг тэгэхэд төрөөгүй байсан
Халуу шатах зүрхээ дарж, цагаан өнгөнд уусч
Оддыг харан эрхэлж,
Хайр өөрөө цагаан болохыг мэдэрч, бахдан баясч
Орчлонд талархаад ханамгүй байсан.
Цав цагаахан зурвас дэнжийн үзүүрээс
Орчлон бүхэлдээ цав цагаан харагддагийг
Одоо аав нь мартжээ.
Мартсан гэдгээ ч бас мартаж дээ...
Зүүдэн энэ хорвоод...
2019.10.10

#

No comments: