#

Sunday, April 1, 2007

Хавар ээжийн барьсан төрсөн өдрийн бэлэг

Сэртэл анхилуун тансаг үнэр сэнгэнээд, унтлагын өрөө маань ер бусын гэрэлтэй болчихсон байх юм. Би гарлаа. Гадаа хэн ч байхгүй, гудамж талбай нэг ч хүнгүй, машингүй. Гудамж талбай, манай муу хуучин улаан тоосгон байшин, барагшин замууд, модод, ойролцоо гольфын талбай, тэнгэр, нар хүртэл ер бусын солонгорсон гэрэл гэгээнд умбажээ. Ийм ер бусын гэрэл гэгээнд булхасны, тэр анхилуун тансаг үнэрийн учрыг би ойлгов. Гудамжны хоёр талаарх буйлаасны модод өчигдөр өглөө босоход л бүгд нялх цагаан дэлбээгээ дэлгэчихсэн байсан юм. Харин энэ удаад тэдгээр буйлаасны нялх ухаа цагаан дэлбээс модод төдийгүй бүхий л зам талбай, байшин барилгыг хүртэл хучжээ. Үл ялиг сэвшээ салхи хөдлөх төдий л тэдгээр дэлбээс эрх нялхамсагаар хуйлран салхины ширхэгийг тодорхойлох аж. Үлгэрийн орон болжээ, энэ буй орон зай маань... Тэгээд би эндээс нэг зүйлийг ойлгов. Энэ бүхэн бол хавар ээжийн надад өгсөн төрсөн өдрийн бэлэг гэдгийг ойлгож, сэтгэл зүрхэнд хүртэл тэрхүү нялх энхэр цагаанхан дэлбээс дэлбээгээ дэлгэснийг мэдэрлээ. Баярлалаа, хавар ээжээ. Би хаврыг ээжээ гэдэг юм. Жил жилийн хаврыг ээжийгээ харуулдан хүлээх шиг л хүлээдэг юм. Хавар болоход хамар бие сэтгэл нялхарч, сэтгэл хөнгүүн зугаатай болчихдог, хайр дурлал, эрх чөлөөг мэдэрдэгсэн. Би төрсөн өдрөөрөө хэзээ ч ийм тансаг, хосгүй бэлэг авч байсангүй билээ. Ер нь ч төрсөн өдрөө огтхон ч тэмдэглэж үзээгүй, амьдралдаа өмнө нь нэг л удаа төрсөн өдрийн бэлэг гэж авч байсан юм. 4 сарын нэгэн болж, би төрсөн өдөр гэсэн нэгэн сэтгэгдэлтэйгээр гадагш гарахад л эхний таарсан хүүхэд намайгаа унаж тустал хууран, “4 сарын нэгэээээн” гэчихээд доогтой тохуутай нь инээсээр дэгдэн оддогт нь би хүүхэд бага насандаа төрсөн өдрөө болоход ер тийм баярлах хөөрөх сэтгэгдэл төрөхөө больчихсон байсан юм.
Харин хожим нас биед хүрээд ирэхэд энэ төрсөн өдөрт ер нь нэг их ач холбогдол өгөхөө больчихсон, дурсдаг ч үгүй, хааяа найз нөхөд дурсаж л байдаг юм, тэр бүгдийг ер тоосон шинжгүй, нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг болохоор манайхан ч тэгэж, ингэж тэмдэглэе, энэ тэр гэдэггүй, нэг бодлын их амар байдаг юм. Тэгээд ч дээр нь бурханы номоор ч юм уу, манай дорнын сэтгэлгээгээр бол уг нь төрсөн өдөр гэдэг нь нэг их баярлаж хөөрөөд байхаар ч өдөр биш, нөгөө талаар эхийн хэвлийд анх бий болж, хүн болох хувь авсан нь өөр цаг өдрөөр хэмжигддэг ч гэх шиг... Мөн тэгэж төрсөн өдөр энэ тэр гэж сэмбэгнээд байх зав зай, боломж нөхцөл ч тун ховор байлаа шүү дээ.
Гэхдээ л бас сэтгэлд нэг юм байдаг бололтой юм билээ। Тр нэг удаад төрсөн өдрийн бэлэг авсан маань ер санаанаас гардаггүй, жил бүрийн 4 сарын нэгэнд ямагт дотно халуунаар дурсагддаг юм। Тэгэхэд би 19 настай байсан санагдана। Алтай өвөр Говьд өвөл, хавар хөл толгойгүй их зуд болж, хавар болоход хүн малгүй зутарч гуринхайтчихсан байж билээ। Тэгээд зуднаас арай чүү амьтай голтой гарсан хэдэн муу төлөг борлонгоо туугаад, уулын өндөрийг зорин нүүдэл хийсэнсэн। Бараг 7 хоног зутарсан их нүүдэл хийсний эцэст нэгэн хүйтэн хавсаргатай өдөр зорьсон газраа дөхөж, би найзтайгаа ачаа даах тэнхээтэй үлдсэн ганц соёогор тэмээндээ ханхай панаг аччихаад алхаж явлаа। Бид хоёр хэн хэн маань олон өдрийн хүнд хэцүү нүүдэл, хоол унд, нойргүй явдалд ядарч, мал шигээ сульдчихсан амьтад байсансан। Тэгээд ээлжилж хөлөө амраахаар ачаан дээрээ ээлжилж суугаад, нөгөөх нь хөтлөөд алхана. Миний ачаан дээр суух ээлж таарч, би ачаан дээр дарсан зуух дэрлээд зүүрмэглэтэл найз маань дуудаж байна. Тэгээд би чамд нэг дуу зааж өгөе гэлээ. Хэдийгээр юун дуутай шуутай манатай байсан ч найзынхаа тэр сэтгэлд нь урамшиж, “Тэгээч дээ” гэлээ. Тэгээд найз маань нэгэн дууг надад аялан зааж өгсөн юм. Тэгэхэд дөнгөж шинэ гарч байсан дуу. Хэд аялаад сурлаа, аятайхан үг, аятай хөөрхөн дуу юм. Нөгөөх ядаргаанаасаа жаал сэргэж, би ачаан дээрээ өндийж суучихаад хоёулаа дуулаад л явж билээ. Тэгээд, найз маань, энэ дууг би чиний төрсөн өдөрт бэлэг болгож байгаа юм шүү гэж хэлэхэд нь би нулимсаа сэм сэмхэн арчиж байсансан. Тэгэж л нэг төрсөн өдрөөрөө бэлэг авсан юм. Түүнээс хойш олон олон 4 сарын нэгнийг өнгөрөөжээ. Найз маань одоо Алтайн хөглөгөрИх уулсынхаа альхан сугад нь дуулж л явдаг бол доо. Би тэр дууг нь хайрлаад, харамнаад хүмүүсийн дэргэд дуулдаггүй, зөвхөн ганцаараа байхдаа л дуулдаг юм. Харин энэ удаад Хавар Ижийгээсээ ийм өвөрмөц санамсаргүй бэлэг авдаг юм байна.

# # Read more! #

ХҮН-ЧОНО-ын авд... /нэгдүгээр хэсэг/


Дөрвөн хүн барьчихжээ. Ганцхан шөнийн дотор. Шөнө ч гэж, өчигдөр орой нь гурвыг нь, нэгийг нь өглөө барьчихжээ. Дөрвөн хүнээ, гэхдээ бүр аль чадалтай, сортоотой гэсэн бүхнээ чонын аманд өгчихсөн тэр жижэгхээн суурингийнханы хэн нь ч яах, юу хийх, хэрхэхээ мэдэхээ байчихаж. Бидний ярьдагаар бол Шооконд орсон байна. Энэхүү суурин бол үсрээд л 20 гаруйхан хүнтэй, бөөрөөр нь нийлүүлж барьсан хоёр муу шавар тагз болон суурингийнхаа Сорсгой Хэн гэдгийн шүд шиг болчихсон саравчтай чулуун хорооныхоо нөмөр нөөлөгт бөөвийлдсөн 7-8-хан гэртэй, ер нь хэн ч тийш зорьж тоож ирдэггүй, мөн тэндээс хэн ч хаашаа ч явдаггүй, ертөнцийн амьдралаас мартагдаж гээгдсэн тийм суурин аж. Би урьд өмнө энэ сууринд огт ирж байгаагүй, ер мэдэхгүй газар юм. Нэг их хүнхийж, ханхайсан арсгар хадтай хар уулын ар хормойг дэрлэж, нөгөө талд нь оорог цоорог аараг бүхий зах хязгаар нь мэдэгдэхгүй уудам цэлгэр хөндий байх юм. Суурингийнханы эмх замбараагүй яриан дундаас миний ойлгосноор бол урьд орой унтахын өмнө шавар тагзны доод хэсэгт байх гурван гэрийнхэн хамгийн түрүүнд чонын дайралтанд өртжээ. Тэр гэрүүдийн нэгнээс нь Өндөр гэнүү, Ёнхор гэнүү, нэг тиймэрхүү нэртэй хүн бие засахаар гараад маш муухай хашгирч, бархирчээ. Тэр дуунаар нь тус болох гэсэн ч юмуу, эсвэл сониуч зандаа ч хөтлөгдсөн юм уу тэр Ёнхорын хүү нь, мөн нөгөө хоёр гэрээс нэжгээд хүн гарч ирсэн бололтой юм. Гэтэл тэр дороо л хоёр нь, нэг нь нөгөөх Ёнхорын хүү, чононд хага татуулсан байна. Амь зулбан гэртээ шургаж амжсан Дэлчгий, дашрамд хэлэхэд энэ суурингийнхан бүгд нэг хоч шиг сонин нэрстэй юм, гэгчийн ярьж буйгаар бол суурингаар дүүрэн чонын улаан нүд гялалзаж, гарсан дариуд л тэдэн рүү шууд дайрсан гэнэ. Гэртээ байгсад нь хэдэн арав, магад зуу зуун жилээр тэрх гээгдмэл сууриндаа даарах, халахыгаа хамтатган ирсэн нэгнийхээ гадаа чонотой амь тэмцэн ноцолдож, аргаа баран бархирч, сүүлчийнхээ цахиртсан хоолойгоор аврал эрэн тэнгэр бурханыг дуудан хашгирахыг нь, өвдөж зовсондоо ёолон гасласаар байсныг нь, бас чононууд хэрхэн тэднийг нь хэмхэлдэн урж тасдахыг, хоорондоо архиралдан, хоолоо булаалдахыг, шал пал хийтэл амтархан идэх, долоох, тас няс хийн яс хуга хазахыг нь айн мэгдэн сонсож, ухаан нь орон гаран байцгаасан гэнэ. Тэд хэзээ л гэрийнх нь аль л талаар чонын хурц шүд хага яран орж ирэх бол хэмээн чичирчгээж, хаалга үүдээ ч бөхлөхийг мартаад, бие биенээ тас тэврээд ухаантай ухаангүй хоёрын хооронд хоноцгоосон гэнэ. Харин нэг жаахан сүйхээтэй нь болох Шоовүү гэгч эмгэн галаа ихээр түлэн, түүндээ галынхаа илүүр, бас төмөр гадас зэрэгхэнийг дүрж улайтгаад, хэрвээ чонын толгой ханынх нь аль нэг нүдээр шургалах юм бол улайдсан төмрөөр нүд рүү нь дүрэхээр бэлтсээр, шөнө дундын үеэс гэрт оруулсан түлээ нь дуусч, авдар, эрэгнэг, сандал, ер нь гэрт байсан түлж болох бүгдээ галдаад дуусгажээ. Шөнө дунд ч юм уу, хэзээ юм бэ, ер нь эдгээр айж ухаанаа алдсан хүмүүс хэзээ болохыг нь мэдэхгүй, бүгд өөр өөр цаг хугацаа хэлж буй, суурингийн арын жалганы ирмэг дээрээс дотор зурж, ухаан алдуулмаар аймшигт их дуугаар нэгэн чоно уртаар татан ульжээ. Тэр дууг сонссон Согсоо гэгч ухаан тавьж, доороо өтгөн нойтноо алдаж, намайг өглөө тэр сууринд очиход ч ухаан ороогүй байсан ба мөн нэг 20 гаруй насны хүүхэн аль хэдийнэ элий балай болчихсон, гараа учиргүй савчин уруулаа цохилон нэг хачин эвгүй авиа гаргадаг болчихсон байв. Түүний нүд нь хаашаа ч, юу ч харахгүй болчихсон, аль хэдийнэ амь тавьчихсан хүнийх шиг байлаа.
Харин энэ суурингийн хамгийн дээд талд буюу өнөөх Саравчирхуу юмтай хашааны баруун дээд буланд сондгойдуу гэртэй байх Борной гэсэн үү, Борлон гэсэн үү, нэг тийм хачин нэртэй дүлий самганых л шөнө юу болсоныг мэдэлгүй, бусад шигээ ухаан тавьтлаа айж дагжин, барагдашгүй урт шөнийн турш уйлж, мэгшиж чичирч хоносонгүй амар тайван шөнийг нойртой өнгөрөөжээ. Гэвч тэр амар тайван хоносныхоо төлөөсийг үүр дөнгөж цайсан даруйд л хүртсэн байна. Тэрхүү Борлон гэгч дүлий эмгэний ганц хүү, 16-17 насны хэрийн насны, баахан тэнэгдүү, зүүн талруугаа мэдрэлгүй татаж унжсан дарвагар завжаараа ямагт шүлсээ савируулж явдаг, харин хачин сайхан дуулчихдаг Том Бөөсгий нэртэй хүү өглөө сэрэнгүүтээ ээждээ аяга цайны цас авчирч өгөхөөр гэрээс гүйж гараад, арынхаа жалганы эхэнд очоод, жалганы ирмэгт хунгартан тогтсон цаснаас модон халбагаар халбагдахаар яг тонгойх мөчид л аймшигт том соёо шилэн хүзүүг нь тасар татан хаяж, хөөрхий хүү шүлсээ савируулсан дарвагар амаараа “ээжээ” гэж сулхан дуугараад, нэг ч их айж мэгдэх ч чөлөө гарсангүй, бас өвчин зовлонг ч мэдэрсэнгүй их хурдан, тэр дороо л амь тавьсан байна. Харин хөөрхий самган хүүгээсээ үлдсэн хэдэн баастай гэдэс доторыг нь сөхөрч суугаад цус, нөжтэй нь холилдсон цас, хайргатай хамт хаман хормойлон суулаа. Сөхөрч суусан эл атигар өчүүхэн дүлий самганы нүүр царай учир утгагүй татвалдан, шүдгүй ам нь ямар нэгийг бувтнана. Элэгдсээр өсгий нь цоорчихсон эсгий гуталных нь цорхойгоор үдээр шиг хатингар хар хөлийн үрчгэр өсгий цухуйж байхыг хараад тэрх жаахан самганыг өрөвдөөгүйгээрээ өрөвдөж, өр дотор эмтрээд л, хэмхрээд л явчихдаг юм байна. Харин би уйлсангүй, уйлах цаг ч биш байлаа. Тэр самганыг өрөвдөхийн хэрээр чононуудыг өширхөн занасан ер бусын өшил, хорсолдоо гар минь салганан чичирч, шүд маань хагшин зуурч байсан юм. Ер нь би урьд өмнө чононд бариулсан хүний тухай ганц нэгхэн дуулж л байснаас биш бариулчихсан хүний сэг харж байсангүй. Харин малын сэгийг бол харахаараа л нэг болсон. Гэтэл яг адилхан байдаг юм байна билээ. Чоно бүр өөр өөрийн сурсанаараа малыг барьдаг. Зарим чононууд хонины зөвхөн сүүлийг нь юуны түрүүнд тас татаад залгичихдаг бол зарим нь нурууг нь хөндлөн хуга хазна. Зарим нь шууд л багалзуурт нь асчихна. Бүүр мэргэшсэн нэг нь багалзуурыг нь ганцхан дайралтаар тас татчихдаг юм. Харин би нэг өвөрмөцөөр мал барьж сурсан чонотой таарч билээ. Тэр чоно бол хөөж буй хониныхоо зүүн урьд хаанаас нь хазаад харвуулж унагана. Унангууд шууд амьдаар нь өвчүүг нь хадарчихдаг юм. Тэгээд цээжний хөндий рүү нь толгойгоо шургуулаад амьд лугшиж байгаа зүрхийг нь залгидаг. Тэр бол их том азарган чоно байж билээ. Бараг гурван сар гаруй хөөцөлдөж байж би тэр чоныг арай гэж нэг юм дарж байсан юм.
Харин энэ чононууд бол эхний гурван хүнийг эхлээд хөлнөөс нь эхэлж идсэн байх юм. Нөгөөх амьд цээж нь амь тавитлаа их удаж, гараараа хөлдүү газар самардаж, бас чонын үс зогдорноос ч зулгаагаад авсан бололтой туг туг үс энд тэнд цацчихсан, зарим нь өөрийнхөө үсийг ч үгтээсэн бололтой байсан. Ямар ч чоно барьсан малаасаа хэсэг бусагхан ноостой арьснаас гадна гэдэс дотрыг нь бүрэн бүтэн, бүүр баас, сэвстэй гүзээг нь огтхон ч хагалалгүй, хөндөлгүй үлдээдэг. Хүнийг ч мөн яг тэгсэн байна билээ. Хүний гэдэс чинь гүзээгүй л болохоос биш яг л малын гэдэс шиг, ялгаа нь харин шар өөхтэй байх юм. Урьд орой идүүлсэн гурвын гэдэс дотор нь аль хэдийнээ газартайгаа наалдан хөлдчихсөн байсан. Сайн муу юм нэлээд үзэж явсан ч, ийм нүд хальтирмаар юм үзэж байсангүй, бас тийм хөөрхийлөлтэй ард түмэнтэй ч учир байсангүй.
Тэр өглөө тэгэхээс тэгэг гэсэн юм шиг, тэдгээр хүмүүсийн зовлон гаслан дээр нь нэрмээс болог гэсэн юм шиг ер бусын хүйтэн байлаа. Тэнгэр таг бүрхэг, юу юугүй цасан шуурга тавих гэж буй янзтай. Хөөрхий тэр гэлмэсэн хүмүүс дэмий л гасалцгааж, золгүй талийгаачдаасаа үлдсэн сэгийг ч яах ийх тухай ухаан сэхээ байхгүй, дахиад нөгөөх чононууд хэзээ ирж, хэнээс нь эхэлж, хэрхэн идэх бол л гэхээс өөр зүйл тэдний толгойд ер байхгүй бололтой. Намайг хараад зарим нь уйлж байна. Яг нөгөө үргэлж дээрэлхэж байдаг дээрэлхүү ярдаг нэгнээс ээлжит зодуур, доромжлолоо дөнгөж амсчихаад байж байтал хэн нэгэн өмгөөлөх, өмөөрөх хүн гэнэтхэн гараад ирэхэд учиргүй өмөлзөн уйлдаг шиг л уйлж байх юм, хөөрхийс минь....
Харин би цэл залуухан, яг л нөгөөх галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явсан хорин настай хонгор зүстэй үеийнхээрээ байх юм, аз байхгүй юу. Гарт минь аавын минь авч өгсөн Карибин буу байна. Тэр бууг намайг 15 настай байхад, анх удаа бие дааж чонын авд явахад аав минь “Одоо, миний хүү ийм буу барих болсон” гээд өмнө барьдаг байсан 250-ын хараатай Калибр бууг маань тэрхүү морин цэргийн оготор Карибинаар сольж өгч билээ. Буу ч гэж буу л даа, барьсан хүн л мэддэг, ёстой эр хүний нөхөр болсон буу. Дэлхийн Нэг, Хоёрдугаар дайныг элээсэн буу билээ. Хожим би буу саадагтай нөхөрлөхөө больж, амьтны амь хөнөөхгүй гэж өөртөө тангараг тавиад, өнөөх сайхан буугаа замын нэг зүс таних төдий тууварчинд зүгээр өгчихөж билээ. Нөгөөх тууварчин “Яаж хүний энэ ховор нандин эдийг зүгээр ингээд авахав дээ” гээд, санаа зовсондоо өвөртөө явсан хоёр толгой лаа, нэг хайрцаг чүдэнзээ гаргаж галын ширээний өнцөг дээр гэмшингүй тавьчихаад гарч байсан юм. Одоо эргээд бодохоор харамсамаар л байдаг. Аав маань л харин их харамсаж байж билээ. Одоо байж байвал ааваас минь үлдсэн юм гээд дурсгалтай байж л байхгүй юу, ямар хоол нэхэх биш. Гэхдээ тэр буугаар би олон амьтны амь хөнөөсөн болохоор, тэр бүхэн эргэж санагдаад, нүгэл бодогдоод, сэтгэлд тээртэй ч байх байсан байж бас магад юм.
Мөн би Сэгсээхэй Халтар морио уначихаж. Миний Сэгсээхэй Халтар ч морины хүү л дээ. Эрмэг ч гэж жигтэйхэн, номхон ч гэж таатай. Нүд нь яг л нялх хүүхдийн нүд шиг байдагт нь би мал малаас түүнд илүү их хайртай, мал гэж биш хүн шиг ханддаг, хамгийн дотнын анд нөхөр шигээ аливаа хүнд бэрх шийдлээ хүртэл түүнтэй зөвлөдөг байсансан. Хөөрхий, тэр жилийн зуднаар алдагдаж, хавар цас хайлахад цасан доороос зогсоороо үхчихсэн, нүд нь хараатай хэвээр гарч ирж, миний нулимсыг ганц барж байж билээ. Азарга шиг эрэмгий зоримог болохоор нь би дэлийг нь засдаггүй байсан учир Сэгсээхэй хоч авсан юм. За, ингээд би Сэгсээхэй Халтар морио уначихаад, Оготор цагаан Карибинаа үүрчихсэн байхад нэг биш нэлээд хэдэн чонын чацгыг нь ч савируулна л даа.
Дээр нь хөөрхий тэр гээдмэл суурингынханы төлөөх өш хорсол намайг хэд дахин ирлэж хурцалж өгчээ.
Тэгээд би юуны түрүүнд суурингийн эргэн тойрны хараа хүрэх газар бүрийг нягталж үзлээ. Нүдэнд торох амьтай голтой юм алга. Дөрвийн дөрвөн хүнээр гүнцэг барьчихсан тэдгээр чононууд аль нэгтээ жалгын мухарт хэл амаа долоолдон, ирэх шөнийнхөө зоогийг зүүдлэн унтаж хэвтээ биз. Мөн суурингийн тойрноос мөр үзлээ. Арваад, миний тоолсноор яг арван нэгэн чоно байсан бололтой юм. Тэдэн дотроос нэг нь чоно чонынхоос онцгой өөр, арваад жил би хээр гадаа тэнэж, ан ав гэж явахдаа тийм том атлаа өвөрмөц галбиртай чонын мөртэй таарч байсангүй. Уртаараа сайн тохой хирийн, чонынх гэхээсээ хүний нүцгэн хөлийн мөртэй их төстэй, хэрвээ түүнийг хүн гэвээс лавтай 2 метрээс багагүй нуруутай хүн байх нь. Чикагод миний нэг найз байдаг, тэр 2 метр 3 см өндөртэй, харин хөл нь миний яг тохойны хэмжээтэй таардаг билээ. Энэ бол жир нэг чоно биш, ямар нэгэн далдын хүчинтэй, муу ёртой хэлхээ холбоотой байж магад гэсэн хар сэжиг, таамаг надад төрж байна. Өнөөх дүлий самганы элий хүү дээр найрлачихаад тэд суурингаас зүүн урдуур өнгөрөх саартай хөвөөг дагаад явчихсан мөр нь зурайж байна аа. Би суурингынханыг жаахан тайвшруулав, мэдээж тэднийг тайвшруулахын тулд би тэдгээр чононуудыг ямар ч нөхцөлд алж чадах аймшиггүй, гайхалтай эрэлхэг анчин, чонын ганц эрлэг нь болсон хүн гэж танилцуулах шаардлагатай нь болсон юм. Тэгээд юутай ч айж мэгдэлгүй тайван байж, талийгаачдынхаа шарилыг яах ийхээ бодоцгоо гэдгийг хэллээ. Мөн чононууд суурингаас зүүн урагшаа өглөөгүүр явсан халуун мөр нь байгаа ба тэд ойр хавьд байхгүй болсон, тэднийг би энэ мөрөөр нь мөрдөөд одоохон хөөж гүйцээд бүгдийг нь амьдаар нь өвчиж, арьсыг нь хоншоор дээр нь тохчихоод тууж ирж та нарт үзүүлнэ гэж ам гарлаа. Энэ бол хий хоосон аархал, бардам ам, шалдан гуяа биш, хөөрхий тэр айсандаа сүнс нь гарчихсан хүмүүсийг тайвшруулж, аргадахын тулд л хэлсэн үг юм. Өөрөөр тэднийг аргадах ухаанаа би олоогүй юм, ер нь ч өөрөөр аргадах, тайвшруулах боломжгүй ч байсан байх аа даа. Яг үнэндээ нөхцөл байдал өмнө надтай учирч байснаас огт өөр байгааг, урьд өмнө огт тулж үзээгүй цоо шинэ, нууцлаг, хүчирхэг араатантай тулах болсоныгоо би маш сайн ойлгож байсан юм. Урьд өмнө би хэзээ ч хүн барьсан чонотой хөөцөлдөж үзээгүй. Мэдээж хэрэг мал барьсан чононоос арав дахин аймшигтай, аюултай нь ойлгомжтой. Тэгээд дээр нь тэрхүү хүн шиг урт мөртэй чоно надад нэг л хачин сэжигтэй санагдаад байх... Харин суурингынхан маань балчир хүүхдүүд шиг л миний тэр үгэнд эргэлзээгүй итгэцгээж, юу юугүй л энэхүү шавилхан биетэй, шингэхэн царайтай, жаахан шантгар хамартай нэр үл мэдэх, үл таних ганц гозгор залуу тэдгээр аймшигт чононуудын арьсыг нь хамар дээр нь тохчихсон гаслуулан гангинуулсаар, цулбуураараа тас няс ороолгочихсон хөөгөөд ирнэ гэдэгт яг таг итгэцгээсэн нь харцанд нь илт, тэр ч бүү хэл суурингаасаа амьд үлдсэн ганц эр сүвтэн болох, өнөөх шөнө чонын амнаас амь зулбан гэртээ шургаж амжсан Дэлчгий хэмээх үнэхээр дэлчгэр нэг эрийг надад хань, бараа болгохоор томилж байна аа, бас. Ингээд би Дэлчгэрийгээ дагуулаад гарлаа даа, хөөрхий.
Ямар ч үед, халуун цус ууж мэнэрсэн чоныг улаан мөрөөр нь мөрдөж болдоггүй. Тэд ирсэн замаа юу юунаас илүү ямагт сэрэмжлэн нягталж, хэрвээ амарч хэвтэхээр бол замаа отож хэвтдэг юм. Мөрөөр нь, мөн үнэр, салхи хийгээд гулгидасаар нь явсан чигийг нь баримжаалан тогтоогоод алсуур амдан тосож агнадаг билээ. Чоно авлах эрдэмийг, уучлаарай эрдэм, энэ тэр гэж өөрийгөө өөд нь татлаа гэж хэн нэгэн надтай санал нийлэхгүй байж магад, гэвч үнэхээр чонын ав гэдэг бол нэг төрлийг эрдэм юм, хэн дуртай нь чаддаггүй, мэддэг ч үгүй, тийм нарийн нандин эрдэм, хүнээс авхаалж самбаа, эр зоригоос гадна маш нарийн гярхай ухаан, хянуур нямбай тооцоо, ажигч сортоолог чанар, тэсвэр тэвчээр, олон төрлийн эрдэм мэдлэг, ядахдаа салхи тааруулах, мөр ул унших, гол горхи, цас бороог таних, цаг хийгээд хол ойрын зайг яг таг баримжаалан тогтоох гээд олон эрдэм мэдлэг шаарддаг. Яагаад гэвэл чоно гэдэг өөрөө асар нарийн уран ухаантай, дээд хэмжээний хартай, дээр нь ямар ч адгуусан амьтанд байдаггүй авхаалж самбаа, эр зоригтой амьтан билээ. За, тэгээд чонын анчины хамгийн гол “эрдэм” бол сүр-хиймор. Чонын өөрийнх нь нэг ийм үг байдаг гэлцдэг шүү дээ. “Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагдана” гэж. Харин сүүлийн үеийн чонын авчид, нөгөөх Ерөнхий сайд байсан болдгор Ц.Элбэгдоржоос эхлээд л бүгдээрээ моторт хурдан унаа, хурдан бууны хүчээр, заримдаа ч нисдэг тэргээр чоно алдаг болчихсоноос тэрхүү чоно авлах эрдэм мэдлэг маань үнэндээ гадуурхагдан, өнөөх гээгдсэн суурингийнхан шиг л гээгдчихээд байгаа л даа.
Ингэхэд би тэрхүү чоно авлах эрдэмийг Чоно хочтой Бааваа гэдэг нутгийн хөгшнийг 2 жил хээр дагаж явж заалгасан юм. Бүгдийг нь сураагүй нь мэдээж, гэвч юутай ч чоно авлах бага ч гэсэн эрдэмтэй л үлдсэн. Би сайндаа, санаачлагатайдаа ч Чоно Бааваад шавилсан юм биш. Тэр бүхэн аавын маань санаа. Үүний учрыг заавал тодруулж гаргах хэрэгтэй санагдана.
Би багийн их эрх, айлын отгон л доо, аавынхаа 48, ээжийнхээ 44-н дээр гарсан, хэнз бяцхан, аймхай бүлтгэр үр нь байлаа. Аймхай гэж хэнтэй ч, юутай ч зүйрлэмгүй, гэгээ тасарсанаас хойш бол үеийн хүүхдүүд гадаа ишиг хурга хөөцөлдөн, үймэлдэн тоглож байхад аавынхаа, эсвэл ээжийнхээ хормойноос зүүгдэчихээд уйлагнаад салдаггүй, тооноор харагдах харанхуй тэнгэр өөд ч харж чаддаггүй байсансан. Манай эгч нар намайг айлгахад тун амархан, зүгээр л харанхуйлан харагдах авдарын хөндий юм уу, орны доогуур хуруугаараа зүглүүлэх төдийд л салганаж чичрээд, ухаан алдчихна. Шөнө бүр аймшигтай их хар дарж зүүдлэнэ, орилж бархираад унтдаггүй, аав маань байнга нэг өргөстэй харгана, тарнитай давс хоёрыг дэрэн дээрээ зүүлттэй байлгадагсан. Тэгээд байнгын өвчин зовлон ороогоостой, эмч домч залаастай. Тэр ч бүү хэл аав маань ширүүн дүртэй, улаан нүдтэй хүнийг гэртээ оруулдаггүй байсан юм. Тийм хүн харахаараа л би хэдэн өдрөөр бархирчихдаг, өвдчихдөг. Аавын маань багын найз, нэг гол усны Улаан Дэмчиг гэж хөгшин түүнээс болоод аавд маань гомдоод, тангараг тасарч байсан юм гэнэ лээ. Үеийн хүүхдүүд өдөржин гадаа тоглож, наадаж байхад, ганцаараа хонь малд явж, морь мал унаж байхад би гэрээс ч гарахаас айж, бас гэртээ ч ганцаараа үлдэж чадахгүй, хөөрхий муу ээж минь айл саахалтынхандаа зочилсон ч, аргал түлшинд явсан ч арван нас хүрсэн том тэнтгэр намайг байнга үүрч явдагсан. Нүүдэл, суудал хийх, явдал зам болоход надад тусгайлан ачаа хөсөг гаргаад аав маань хөтөлж, зөвхөн өглөөгүүр явдаг, гэхдээ их зам голж шилдэг. Тэгэхгүй бол нэг жаахан л харанхуй эрэг, гангатай газар, эсвэл хөдөөгийнхөний ярьдаг өнөөх гүйцтэй, энэ тэртэй гэгддэг газрын ойролцоогуур л гарах юм бол би орилж чарлаад сүйд болчихно. Би том болсон байсан учир өөрөө түүнээ одоо ч сайн санадаг юм. Тэгээд өвдөөд, хавдаад хэвтчихнэ. Манай нутгийнхан намайг нөгөө “тэдний өвчит, солиот” гэлцдэг, намайг эрүүл биш өвчтэй, солиотой гэж бодоцгоодог, харин аав маань л ганцаараа тэр бүхний эсрэг байсан байх. Сэтгэлийн ямар их тээр, тээгтэй явдаг байсан болдоо, хөөрхий муу аав минь. Мэдээж би сургуульд ороогүй л дээ.
Тийм л аймхай, хэврэг, эмзэг хүүхэд бүүр арван нас хүртлээ тэгэж явсан юм. За тэгээд, тэнгэрийн дуунаас бол сүнс гарчихна, олон ч удаа ухаан алдаж байсан. Тэгээд арван нас хүрсэн хойно аав намайг эр хүн болгохоор шийдэж... Тийм нялцгар, тийм арчаагүй аймхай үртэй аав маань нэг том шийдвэр, сонголт хийхэд хүрсэн байна. Аав маань Дайчин Хөх Тайжын үр хойчис болдог, өөрөө ч Байтаг богдод хасаг, гоминдануудтай цавчилдаж, Жанчхүүгийн даваанд Самуурай нартай нэгийгээ үзэж явсан, Цусан гавьяаны хошой одонтой, Улсын баатарт хүртэл нэр нь дэвшээд амжсан, нутаг орондоо эр зориг, эрэмгий чанараараа гайхагддаг, шагшигддаг хүн. Тийм атал удам залгах эр ганц үрийнх нь байж буй царай тэр. Нөгөөх Францын зохиолч Проспер Мариме-гийн нэг өгүүллэг байдаг даа. Корсик арлын Матью Палькон ч билүү нэг сүрхий анчин эр, голомт залгах ганц хүүгээ яг над шиг 10 настай байхад нь эр хүн шиг эр хүн болж чадахгүй нь гээд, ээжийг нь гаслуулан гангинуулж байгаад хээр аваачаад өөрийн гараар буудчихдаг даа. Маримегийн дуртгалыг уншиж байхад энэ өгүүллэгийг бодит түүхээс сэдэвлэж бичсэн гэсэн байсан. Аавд минь яг л нэг тиймэрхүү сонголт тулгарсан санагддаг юм, одоо бодож байхад. Тэгээд аав маань намайг маш хатуу чанга сорилтоор оруулсан юм. Хүү нь тэр сорилтыг давж чадвал жинхэнэ эр хүн болно, эс давбаас тэгээд галзуурч солиороод, эсвэл үхэж хатаад л дуусахаар.... Юуны өмнө аав надад гаанс тамхи бэлдэж өгөв. Гашуу оргиод эхлээд хэцүү байсан ч гуравхан өдрийн дараа под хийтэл нэрчихдэг болж сурсан. Дараа нь архи уулгав. Гэхдээ өдөр бүр... Хахац цацаад, уйлж майлаад хэцүү байсан ч гурван сарын дараа 50 граммыг бол нэг амьсгаагаар татчихдаг болсон.
Дараа нь надад калибр буу авч өгөөд, буу буудуулж сургав. Буун дуунаар л доороо нойтоглочихно. Эхлээд аав маань цөхөрсөн байх. Буу буудах нь бүү хэл буунаасаа айгаад ойртохгүй. Архи, тамхи энэ тэртэй элбэж байгаад сүүлдээ буудаж сурав. Аав надад өдөрт 50 сум/нэг хайрцаг/-аар буудахийг шаарддаг. Хавирганы яс, хар хэрээ, аргал, хоргол, зурам мөндөлнөөс эхлээд л харагдсан бүхнээ буудна. Нэг удаа хотны захад хэвтэж байсан үхрийн эвэр буудчихаад сүрхий сайн ташуурдуулж билээ. Аа, тийм, тэр цагаас эхлээд аав нэг гурамсан ташуур бэлдэж аваад, ямар нэг буруу, болохгүй юм болсон үед түүгээрээ намайг хайр найргүй, гурвуу гартал ороолгоно. Ээж нүдээ дараад бушуухан холддогсон.
11 настайд маань манай нутгийн хамгийн хэцүү, бартаатай төдийгүй гэгээн цагаан өдрөөр ч барагтай хүн айгаад ойртдоггүй чөтгөр шуламтай гэгддэг Хавчигийн Голомт нэртэй хойшоо харсан хадтай бургастай, чонотой, ирвэстэй харанхуй их хавцалын гүнд намайг аваачаад төөрүүлээд хаячихаж билээ. Гэхдээ буутай минь хамт, чүдэнз, гаанс тамхи, жаахан борц, цай чанах данх, хутга, бас ч болоогүй хар ваартай литр орчим нэрмэл архи үлдээсэн байгаа юм. Эхлээд аавыгаа дуудсаар хоолойгоо сөөлгөөд, дараа нь хавцалаас гардаг гарцыг нь олохгүй харанхуй хавцалд хоёр хоноод, гурав дахь хоног дээрээ арай гэж нэг гараад, өдөржин гүйсээр гэрийнхээ арын давааруу орж ирэхэд аав араас байдгаараа нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадаачихсан давхиж ирээд, буун харайн намайг тэврээд л эхэр татан татан ихээр уйлж билээ. Би аавыгаа өөрөөр нулимс гаргах нь бүү хэл уярч байхыг нь дахиж хараагүй. Тэгэж л би эр хүн болсон юм даа. Мэдээж хэрэг аав маань алсаас биеэ далдалчихаад нууцаар намайг дурангаар ажиглаж байсан байгаа юм. Тэрнээс хойш аав надтай яг л үеийн хүн шигээ харьцдаг болсон. Намайг дахиж ташуурдах нь бүү хэл нэг ч удаа ширүүн үг хэлээгүй. Хоёулаа Ар Цайдмын айлуудыг хэсч архидаад л..., авгай хүүхэн ярьсан шиг л явдагсан. Хүмүүс нөгөө “тэдний өвчит, солиот“ гэж ярьдагаа больчихоод “тэдний том толгойт, данхар” гэдэг болж билээ. Би ч хээр гадаа насанд хүрсэн эрээс ч илүүгээр ганцаараа тэнэчихдэг, адуу мал хөөчихдөг, архи уугаад бас хөөрхөн агсамначихдаг, гэртээ ирэхгүй 7 хоногоор ч тэнэчихдэг болсон. Аав маань насан туршидаа миний архины хамгийн сайн найз болсон юм. Би жаахан юм олдвол аавтайгаа хуваах гэдэг, аавд хүн жаахан юм өгвөл хүүд гээд талыг нь заавал үлдээдэг. Тэглээ гээд би архичин болсонгүй. Одоо бол ханасан, ер тоох ч үгүй. Хожим эхнэр авсаны дараа нөгөөх багын ариншингаараа гэрээс гарч хэдэн хоногоор гадуур архи дарс уугаад алга болчихно. Эхнэр аавд очоод ховлохоор харин аав намайг өмөөрөөд залуухан бэрээ тас хангинаад, уйлуулаад буцаачихна. Эр хүн архи, хүүхэн хоёрыг тойрч гардаггүй, дайрч гардаг юм гэж хэлдэг. Ингээд би 15 насанд хүрэхэд өнөөх аймхай бүлтгэр хүүхэд төрөл арилжсан юм шиг болж, архи уудаг, тамхи нэрдэг, чоно авладаг, эмнэг сургадаг, нутаг нугынханаа нүүлгэж суулгаж өгдөг, алдагдсан адуу малыг нь ойртуулж хурааж явдаг, үеийнхээ охидуудыг харамлаад цэргийн насны ах нартай ясаа хэмхэртэл нүдэлдчихдэг хэгжүүхэн, хэлбүүхэн банди болон өсч билээ. Аав маань намайг 14 настайд минь дагуулан тэрхүү Чоно Бааваад хэрэг болгон их говь гаталж зорьж очсон юм. 4 жилийн өмнөсөн бол би харангуутаа л ухаан алдаад уначихмаар час улаан нүдтэй, яриа хөөрөө муутай жижигхээн дэрчгэр хөх өвгөн байх. Гэвч тэр шавилхан дэрчгэр хөх өвгөн бол баруун гурван аймагтаа алдар цуугаа дуурсгасан чонын жинхэнэ эрлэг нь болсон хүн дээ. Түүнийг оцойж суугаад улихад дуу нь гурван голын цаана сонсогддог, өнөөх үхэх үйлтэй чононууд сүүлээ хавчаад л, хамраа шурд шурд татаад л шогшоод ирдэгсэн. Өөрөө ч яг чоно шиг. Хоёр өдөр, хоёр шөнө булгын хүйтэн ус залгилчихаад л юу ч болоогүй юм шиг исгэрээд шогшочихно. Тэгэхэд 70 гаруй настай байсан. Харин миний бол гэдэс тасарчих шахна. Нөгөөх Тунгалаг Тамир кинон дээр Цахиур Төмөрийг дагаад давхиж яваа Түгжил “Гэдэс тасарлаа” гээд орилж байдаг даа. Харин 14 настай би хичнээн хэцүү байсан ч, морин дээрээсээ ерхөгний толгой шүүрч зажилчихаад, тэгэж орилоогүй л явсан юм даа. Ямаа/Янгирыг манай нутгийнхан ингэж дууддаг юм/ буудчихаад амь нь тасраагүй тийчигнэж байхад гэдсийг нь хүү татаад, уур савссан халуун элгийг нь базаж гаргаж ирээд завжаараа тод улаан цусыг нь савируулан савируулан амтархан сордогсон. Надад заасан олон юмнаас нь сураагүй нэлээд зүйл үлдсэний нэг нь тэр. Чоно Бааваа хөгшинийг хоёр жил дагаж, 15 насандаа би бие даасан чонын анчин болчихсон байж билээ. Чоно Бааваа ч тээршаасан янзтай “Одоо, чи яв, яв” гэж билээ. Буу эзэмших эрдэмийг ч чамгүй сайн сурсан. Түүндээ эрдэж, эрэмшиж хулгана зурамнаас эхлээд хулан тахийг нь хүртэл мөн ч олон гэмгүй номхон амьтаны амийг сүйтгэсэн дээ, ум мани пад ми хум. Одоо бол би сохор хорхой ч алахгүй гэж өөртөө тангарагласан хүн. Гэхдээ энэ удаад бол онцгой тохиолдол болж байгааг эрх биш хэн нэгэн нь ойлгох байх аа.
Хэдийгээр би жирийн нэг анчиныг бодвол нэлээд бэлтгэгдсэн гайгүй сайн чонын анчин ч гэсэн одоо тэрхүү хүн барьдаг аймшиггүй, дээр нь чоно чононоос гаж том ХҮН-ЧОНО-оор толгойлуулсан сүрэг чонын авд айснаасаа болоод юу хийгээд, хаана яваагаа ч ойлгохоо байчихсан нэг гөлчгий хөгшинтэй хамт гарч байна даа. Бас хоёулаа нэг мориндоо сундлаастай.
Бид хоёр чононуудын мөрийг дагаад сууриангаас 3 км орчим явлаа. Тэгээд ер нь ойлгомжтой болов. Тэдгээр чононууд эргэж ирэхгүйгээр явжээ гэдэг нь үлдээсэн мөр, хаялагнаас нь тодорхой болов. Баруун өмнө зүгийг бариуд шулуухан явчихаж. Гэхдээ бас их хачин. Өмнө нь би мөн тийм зүйлтэй бас таарч байгаагүй. Яг жагсаалаараа яваа цэрэг шиг хоёр эгнээ болоод, нэгнийхээ мөр дээр яг гишгээд явчихсан байгаа юм. Сайн анзааргагүй хүнд бол ердөө хоёр чоно л зуузай холбоод шогшчихжээ гэмээр.... Гэхдээ хичнээн шулуухан явцгаасан ч гэсэн чоно л бол чоноос хойш ирсэн мөрөө заавал хянаж байгаа. Тийм болохоор тэднийг мөрдөөд хэрэггүй, харин амдах, амдахдаа нэлээд алсуур амдах хэрэгтэй. Гай болоход тэр орчины газар нутгийг би огтхон ч мэдэхгүй, хар таамгаар явахаас аргагүй. Нөгөөх Дэлчгий маань ер намайг хормойдоод л шогшихоос өөр ухаан байхгүй, яг л нөгөөх миний аймхай багийнх шиг. Ингээд газрын баримжааг багцаалан тооцоод нэгэн дэл хадтай урт хамрын араар тойрон амдахаар морио шавдуулав. Миний Сэгсээхий Халтар ч ийм үед л хэрэг болдог морь л доо. Зөөлөн сул хайргатай нарийн сайр даган давхиулсаар яваад нөгөө үзүүрт нь хүрч, морио орхиод, буугаа түлхэн дэл хамраар өнгийлөө. Ялимгүй л жаахан, 10 секуд л хоцорсхийсэн болохоос яг л зөв тооцоолж. Нөгөөх дэл хамартай параллел үргэлжлэх хөх дэнжийн хөмөг дагаад нөгөө хэд чинь шогшиж явна аа. Би тэднийг хараад гайхаагүйгээрээ гайхаж, чочоогүйгээрээ чочлоо. Эр хүн болсоноосоо хойш би тэгэж айж, чочиж үзээгүй юм. Арван чоно тав таваараа хоёр эгнээ болоод яг цэрэг шиг шогшиж явна. Харин тэр хоёр эгнээний дунд нөгөөх онцгой том чоно явна. Түүнийг би чоно уу, хүн үү гэдгийг ялгаж чадсангүй. Нэг харахад чоно шиг, нөгөө харахад хүн шиг. Тархи толгой нь бол ялимгүй жаахан ойлон л болохоос биш яг л хүний толгой. Их дэл зогдортой ч юм шиг, эсвэл нөгөөх манай яруу найрагчид шиг үс гэзгээ ургуулчихсан ойлон толгойтой нэгэн шиг. Чоно шиг урт шөвгөр хошуу алга. Гэхдээ жирийн хүнийхээс нэлээд том хүчирхэг эрүү түүшинтэй юм. Урд хоёр хөл нь газарт хүрээд ч байгаа юм уу, үгүй ч юм уу, сайн мэдэгдсэнгүй. Харин бүх биеэрээ ухаа хүрэн тачирхан халиурсан үстэй атлаа цээжиндээ ягаан элгэн цээживч маягын юм өмсчихөж. Тэр нь бүүр ардаа оноотойг нь яана. Харин сүүл гэхээр юм бараг байхгүй, гахайны сүүл шиг нэг жоохон годгор юм ар хондлой дээр нь гогцоорч байна. Өмнө нь мөр харахад яагаад энэ чонын мөр хоёр эгнээ чонын мөрний дунд гараагүй байсан юм бол гэдгийг ойлгосонгүй. За, юутай ч тэр бүгдийг харж, гайхаж хугацаа алдалгүйгээр хурдлах хэрэгтэй. Тэр томоос нь эхлээд л түүгээд буудчихья. Би бол угсраад 15 буудахад их сайндаа л 3 алддаг бууч хүн. Дахиад л 10 секунд алдвал тэд холдоод явцгаачихна.
Тэгээд би замгаа дараад шагайх гэтэл нөгөөх Дэлчгий чинь миний гарнаас зуураад авлаа.
Эрүү нь хагшчихсан, нүд нь аяганаасаа юу юугүй бүлтэрчих шахсан, намайг гуйсан аргадсан, энэрэл, хайр өршөөл хүссэн, бас үзэн ядсан харцаар тас ширтээстэй. Царай нь мэнчийж хөхрөөд, моорогт хонуулчихсан юм шиг болчихож. Би эхлээд гайхлаа. Дараа нь айх ч шиг, энэ дэлчгэр нөхөр чинь арай энэ хүн-чонотой ямар нэгэн сэжмээр холбоотой юм биш байгаа гэж....
Арай ч биш ээ. Тэгээд тэр зуурчихсан шүднийхээ завсараар сийгүүлэн байж ингэж хэлж байна. “Амь өршөө”, “Амь өршөө”
Үргэлжлэл бий.

Энэ дөнгөж эхлэл нь. Энэ зүүднийхээ төлөөсөнд өдөржин толгой янгинаж өнжлөө. Шөнө ер унтаж амарсан шинжгүй ээ.

# # Read more! #

Thursday, March 29, 2007

Диваажингийн цэцэрлэгийн ирмэг дээрээс буцчихлөө.


Нэг л таатай анхилуун үнэрт салхи сэвэлзээд, хучлага хөдийрөхөд сэрлээ. Гэтэл ортойгоо нэг их хавцалын яг торгон ирмэг дээр байж байх юм. Тэгээд зогсохгүй би ч өөрөө орныхоо ирмэг дээр, бүүр зүүн гар, хөл хоёр маань хий унжчихсан санжигнаж байна. Уналаа, уналаа. Хамаг бие арзайж, бадайраад, амьсгаа давчдаад ирлээ. Өчүүхэн төдий л хөдөлбөл тэр хавцалын ёзоор луу нисэх нь ээ... Хуруу гараа хөдөлгөх, хэн нэгнийг дуудан аврал, энэрэл эрэн хашгирах нь бүү хэл ширүүхэн ч амьсгаа авч боломгүй.
За, ийм байдалд орсон хүнд ямар эвгүй байдгыг..., тэгээд л олон үг ярилтгүй орхие.
Эцсийн мөчид хүн “цайх” гэж нэг юм байх юм. Өнөөх “Согтуу хүн сохор ухаантай” гэдэг шиг одоо нэгэнт л унахаас хойш, харин хаана унахаа харж авья, бас ч энд тэнд бут бургаснаас гогдогдоод тээглэчих ч юу магад гэсэн сохор горьдлого тэнээд ороод ирдэгийн байна. Тэгээд нүдээ, аяган дотор нь аяар аяархан эргэлдүүлж, тэр хавцалаа, ёзоорыг нь, эргэн тойрныг нь ч харлаа. Хавцалын дунд хэрд байх сиймгэр цэнхэр манангийн чөлөөгөөр ёзоорт нь ер бусын виртуал бүтэц, зохион байгуулалттай цэцэрлэг байнаа. Вашингтон ДиСи-гийн Байгалийн түүхийн музейн стерио орон зайг үзүүлдэг буланд очоод зогсоход их олон хэмжээст орон зайд буйгаа мэдэрдэг дээ. Бүдүүн барагаар зүйрлүүлбэл нэг тиймэрхүү.... Нөгөөх ертөнцийн долоон гайхамшигийн нэг гэгддэг асан Серамидагийн дүүжин цэцэрлэг чухам ямар байсныг зүүдэндээ даанчиг үзсэнгүй болохоор өөр зүйрлүүлж ойлгох юм надад алга. Харин хоёр зүйлийг яг таг ойлгов. Эхнийх нь энэ цэцэрлэгт үргэлжийн мөнхөд бага үд болж байдгыг, нөгөө нь энэ бол нөгөөх үлгэр, домогт хэлцэгдээд байдаг Диваажингийн цэцэрлэг мөн болохыг... Тэгээд эхлэнгүүт сонь маань хөдөлж, өнөөх унах, хийсэхийн зовлон гачаал, айдаснаасаа аажим аажимаар ангижирч, эсвэл тэр айдас намайг орхин одож буй бололтой юм. Харин сонь маань хөдөлж шохоорхохын хирээр өнөөх нимгэн сиймгэр пансан манан өтгөрөн харанхуйлсаар, Диваажингийн цэцэрлэгийг халхалаад, өнөөх өндөр хавцал ч намсан намссаар, эцэс сүүлдээ би ортойгоо зүгээр л нэг зүлгэн дээр буугаад ирдэг гэнэ дээ. Тэгээд өнөөх хавцалаас нисэх, хийсэх гэж байсан айдас маань оргүй алга болж, тайвширч амарсан би дахиад сайхан унтаад өглөө. Харин одоо бол Диваажингийн цэцэрлэг мөн гэж танихаасаа өмнө л хавцал руу уначих минь ч яав даа гэж харамсаад л, харамсаад л, толгойгоо сэгсэрээд л, шогшироод л сууж байна. Уйлах ч багадах нь ээ. Дахиад ийм боломж мянган жил насалсан ч олдохгүй байж мэдэх л юм.

# # Read more! #

Tuesday, March 27, 2007

Хурдны 72 дугаар зам дээр МОРЬТОН БААТРУУД-ад хөөгдөв


Иллинойс мужийн төв Спрингфийлд хэмээх хотыг дайран гарч жирийлгэсээр Декатур хотын дэргэдүүр өнгөрдөг хурдны 72 дугаар зам дээр давхиж явтал ийм хачин юм болдог юм байна. Зам Декатурын дэргэдүүр өнгөрөхдөө 3 эгнээ болж/нэг талдаа/ өргөсөн, бас нэг багахан гүвээг даваад тонгойдог ч билүү, эсвэл нэг гол давуулсан гүүрээр давж тонгойдог ч билүү, юутай ч нэг жаахан өгсөсгээд тонгойх тэр үед, гэнэтхэн дэргэдүүр маань машинууд сүүн сүн, шийп шап, хүүп хип гээд л учиргүй гүйцэж түрүүлээд эхэлдэг юм байна. Би ийм хурд багатай явна уу гэтэл үгүй, 74m/h /манайхаар бол 120 км/цаг орчим/ давхиж явахад шүү дээ. Тэдний давхицгааж байгаа нь нэг л жир биш, учиргүй айсан, сандарсан, үймсэн шинжтэй. Тэдэн дотор бүр цагдаа нь хүртэл хутгалдчихсан давхиж ч явах шиг... Америкчууд заасан хурдны дээд лимитээс хэт хэтийдсэн хурдаар ингэж сүрэг сүргээрээ давхицгаана гэж хэзээ ч үгүй. Зүүдэлж ч байна уу дээ гэж хүртэл бодогдоодхов. Бүх машинууд намайг гүйцэж түрүүлээд бүүр бараагүй алга болж өглөө. Би л өргөн зам дээр ганцаараа торойтол үлддэг гэнэ. Ард талд ямар нэгэн онцгой юм болж дээ, Спрингфийлдэд арай атомын бөмбөг энэ тэр юм болсон юм биш байгаа гэж ч хүртэл бодогдож байна. Арын толиндоо хялалзаад л яваа. Тэнгэр цэлмэг, ямар нэгэн мөөгөн үүл, энэ тэр юмны шинжгүй. Араас нь дагаад гишгэх үү, яах вэ??
ГЭТЭЛ...., гэтэл нөгөө гүдгэр дээгүүр МОРЬТОН БААТРУУД гараад ирдэгийм... Тод цэнхэр судалтай цэгээн нөмрөгс нь салхинаа хийсэх нь тэнгэрийн өнгөтэй нийлэн, тэнгэр тэр чигтээ тэдгээр баатруудын нөмрөг болон намирч байна уу даа гэлтэй. Ган дуулганых нь сэрээнд нарны гэрэл бүдчинэ. Аргамаг сайхан хүлэг морьд тэнгэрийн хүлэг ээ, давхиж бус, нисэж явна уудаа гэлтэй. Хүлэг морьдын хүчирхэг хөлд бөмбөрдүүлсэн цардмал барагшин зам тэр аяараа чичигнэн доргиж, тэр доргио нь хар хурдаараа давхиж яваа надад хүртэл мэдэгдэж, хаа нэгтэйгээ хага, ханз үсрэн буй мэт. Туурайснаас нь очис үсрэх нь дардан замаар дүүрэн гагнуурын алх, эсвэл баярын очис хаялчихсан мэт. Юутай гайхамшигт, үгээр илэрхийлж хүч хүрэмгий тийм сүрлэг, бахардан бахдам үзэгдлийг ингэж нэг үздэг байж, бурхан минь... Одоо ч сэтгэл минь хөөрөн догдолсон хэвээр...
Би энэ үзэгдэлд бүрнээ автаж, яах аргагүй хэсэг зуур шоконд орсон байх юм. Тэгээд нөгөө гүйцэж түрүүлээд алга болдог нөхдийн араас шурдхийсэнгүй бололтой. Морьтонгууд юу юугүй ар талд минь тулаад ирлээ. Тэд долуулаа юм. Магнайд яваа нь хүрэн халзан азарга унажээ. Цогилт бүрээр далайн түрлэгт давалгаа мэт хөвөлзөх өтгөн их дэл юу нь хүлэг баатрын бүсэлхээс доошхийг халхалаад харагдуулсангүй. Азарганы хамраас хөхөө өвлийн зул сарынх мэт уур цан хүүгэнэ. /Одоо бол гадаа + 30 гарай градустай байгаа л даа/ Тэр баатар эр ганцаараа алтан дуулгатай юм. Нумарсан өтгөн хар хөмсөгөн дороос ширүүн ч гэсэн сая сая жилийн салхи, хувиралийг элээж хатаагдсан Алтайн атираат их уулсын гуу жалга мэт гүн үрчлээт, хатаагдаж хатингаршсан эрэлхэг төрх хальт харагдаад өнгөрөв. Гартаа лавтайяа 10 кг-аас илэх хоёр ирт илдийг циркийн илбэчин саваагаа эргүүлэх шиг эргэлдүүлэн явахад нарны гэрлийг илдний хурц ир тасар тасар хярган, очис үсэргэн цацлах аж. Бусад нь ч ер түүнээсээ дутах ч юм алга.
Би ямар ч эргэлзээгүйгээр Хүлэг баатрууд мөн гэдэгт итгэсэн. Ямар нэгэн кино зураг авалт, энэ тэр тохиолдол биш, хий үзэгдэл бол бүүр ч биш. Тэд бол жинхэнэ хүлэг баатрууд мөн. Зүрхэний минь ховдол руу ямар нэгэн ер бусын хүчээр их цус шахах мэт, цээжинд нэг юм багтаж ядан бахардаад, нүд эрээлжлээд, жолоогоо арай ядан барьж, замаа чүү ай л онож байна аа. Муу хуучин машин минь салганан санжигнана. Эд эсийн минь хаа нэг хананд очиж наалдаад, өөх тосоор хучуулан, хэдэн зуунаар зүүрмэглэн байсан хэдэн ч үе дамжсан юм, алдар цуут дайчин өвөг дээдсийн маань омгыг сэргээн цочоожээ, гар маань хүндрэн, цээжинд бяр, ааг, зориг амтагдан, яг амтагдах ч бас биш юм аа, нэг л юм байж ядаад, багтаж дүүрээд ирэв ээ, таминь. Одоо цаг үед даанчиг нэг сохор зоосны ч үнэ хүрэхгүй болчихсон болохоос биш, эртний их дайчин язгуур удамтай юмсан, би. Тэр сайхан хүлэг баатрууд шиг аргамаг хүлгийн нуруун дээр хөндөлдөж, хат сайт илдийн ирэнд салхи исгэрэхэд сэтгэлээ сэргээж, тэрх баатруудын замыг хөндөлдөөд нэг зогсохсон, тэрх очис цацалсан илдэнд нь хяргагдан унасан ч яахав, би жинхэнэ эр бахдалыг мэдрэхсэн. Тэгээд үхэхсэн. Ийм хүсэл, зориг дүүрэн байгаагаа би мэдэж байвч, өнөө цагийн, оюун ухаан нь хордож, сэтгэл зүрх нь хиртэж дууссан, ааг зориг нь хар хор, авхаалж самбаа нь арга заль, сүр сүлд нь тооцоо данс болсон 20 дугаар зууны адгийн би яахсан билээ. Би бол арслан нь харх болсон энэ цаг үеийн өчүүхэн хүнэнцэр. Энэ цаг үеэсээ зайлж яахан чадна. Тэгээд ч энэ цаг үеийг тэрх агуу сүрлэг үеийн өөдөөс сөргөлдүүлэн тавьж яахан болно, даанчиг дүйцэмгүй, даанчиг гутаанам бус уу. Тэгээд надад зугтаахаас өөр зам ч үгүй, гарц ч үгүй... Дэмий л байдгаараа бахардан хашгичиж, уйлж чарлаж, хуучин муу машиныхаа жолоог тэнхээгээрээ угзчиж, хаазных нь онсыг гацтал гишгэчиж явлаа. /Нээрээ машины маань рүүлийн речакт эврэл гарсан байна лээ, арай дэндүүлсэн бололтой, хэ, хэ/


***
5-6 жилийн өмнө би нэг морьтон баатрын тухай туурирхуу юм бичсэн юм. Яг л энэ 72 дугаар хурдны зам дээр уржигдар надтай тааралддаг шиг тийм сүрлэг баатар эр л дээ. Эргэсэн газраараар догол гаргаад л, сүр хүчинд нь доодчуул хуйлран сөхөрцгөөгөөд л... Гэтэл надтай хамт ажиллаж байсан, орчин цагийн шилдэг боловсролтой нэгэн сэхээтэн залуу/Одоо бол сайдын зиндааны ажил хийж байгаа/ “Чи хүүхэд шиг хөгийн юм бичих юм. Ийм хүчтэй, чадалтай юм гэж хаана байсан юм бэ? Зөвхөн үлгэр домогт л байдаг байх” гэж билээ. “Байсийм даа” гэхээс өөр үг надад олдоогүй.
Би бүүр жаахан, 5-6-тай л байсан байх. Гэрийнхээ хойт жалганд аварга том могойтой таарч билээ. Тэгээд гэртээ үсэрч орж ирээд, энэ яндан шиг том могой байна гэсэн чинь манайхан бүгдээрээ намайг шоолох нь шоолж, өхөөрдөх нь өхөөрдөцгөөгөөд, гэрээр дүүрэн инээдэм, наадам..., хүмүүс миний үгэнд яагаад итгэхгүй байгааг нь ойлгож яадаад, би цааш юу ч хэлж чадахгүй дэмий л мэлмэрүүлээд зогсож байсансан. Үнэхээр л яндан шиг том хар эрээн могой байсан л юм даа. Орчин цагийн шилдэг боловсролтон залууг ч мөн тэгэж хэлэхэд надад яг л тэр балчир цагт яндангийнхаа хажууд мэлмэрүүлээд зогсож байхад төрж байсан тэр бачимдал төрж, “Байсан л юм даа” гэж гараад явсан хойно нь өөртөө дахин бат нут хэлж байж билээ. Гэхдээ би нэг зүйлийг маш баттай мэдэрсэн нь, үнэхээр ХӨЛӨГ БААТРУУД байсан юм аа гэдгийг нотлох л хэрэгтэй юм байна гэдгийг. Харин яаж нотлох вэ? Гэдэг одоо болтол миний хувьд асуултын тэмдэг хэвээрээ л яваа.

***
Худгийн мэлхий худгынхаа хэмжээгээр л далайг хэмждэгийн адил өнөө цагийн хүмүүс өөрсдийнхөө ядмагхан булчингийн хэмжээгээр л тэрх ХӨЛӨГ БААТРУУД-ын хүчийг хэмжиж хэрхэвч боломгүй. Одоо цагийн хамгийн шилдэг сор болсон хүчтэнгүүд болох бөхчүүд л гэхэд, жишээ нь чөлөөтийнхөн дундаа нэг минутын амралттайгаар 3, 3 минутаар /минутаар шүү, цагаар ч биш, өдрөөр бол бүүр ч төсөөлөшгүй/ барилдахдаа л хялайцгаачихдаг шүү дээ. Тэгээд бас байнгын бэлтгэлтэй гэлцэцгээхийг нь яана.
Харин ХӨЛӨГ БААТРУУДЫН үед бол шүүдрийн усаар өл залгачихаад гурвын гурван өдрөөр цавчилдаж явах нь ер хэвийн үзэгдэл байж. Ийм хоёр зүйлийг яахан харьцуулна. Мөн эхнийхээр нь хоёрдахийг нь яахан хэмжүүлж болнов дээ.
Энэ бол зүгээр нэг ганц булчингийн хүч биш юм. Энэ бол эр зориг, оюун санааны хүч, сүр сүлдний нөлөөлөл юм.

***
Хасагын гурван Жузийг /аймагийн холбоо ч юм уу даа/ анх нэгтгэн нэгэн жолоонд оруулсан баатар-хаан Аблай нэг зүүд зүүдэлжээ. /Тэр бас над шиг зүүдчин байсан шиг байгаа юм./ Тэр зүүдэндээ, анд явж байтал нь шугуй дотроос нь нэг их дэл зогдор болсон хүчирхэг цагаан арслан гараад зугтаж гэнэ, Хөөж гүйцээд намнатал арслан дотроос нь нэг бар гараад зугтаж, барыг нь хөөж гүйцээд агнатал чоно гарч, чоно дотроос үнэг, харин үнэгийг нь алтал даанчиг альяа гэсэн ч тоож алах юмгүй өт, хорхой, адгийн муу шавьжнууд гарч ирээд тал тал тийшээ арвалдацгаажээ. Аблай баатар хаан энэ зүүднээсээ баахан сэжиглэж, Бухар мэргэнийг дуудаж ирүүлээд зүүдээ тайлуулжээ.
Бухар мэргэн ийн тайлсан байна.
Тэрх хүчирхэг цагаан арслан бол Аблай хаан та өөрөө. Тэр бар нь таны хүү. Чоно бол таны ач. /Үнэхээр Аблай хааны ач Ксенары баатар чоно шиг эрэмгий, дайчин эр байсан гэдэг. Түүний үед хасаг задарч, Оросын хасаг цэргүүдэд цохиулсаар, Ксенары баатар ч хасаг цэргийн суманд сийчүүлж үхсэн гэдэг/ Түүнээс хойш таны улс үнэг шиг амьдарна. Дараа нь, та ойлгож байгаа байх аа, авьяа гэхэд ч авч болохгүй, альяа гэхэд ч тоож аламгүй тийм амьтад болно.
Энэ зүүдний тайлал Аблай хааны удмын тухай ч ер нь хүний сүр сүлд, эр зориг, чадал тэнхээний доройтлын тухай хэлээд ч байх шиг. Нээрээ ч одоо цагийн хүмүүн гэгч авьяа гэхэд авах юмгүй, альяа гэхэд ч тоож аламгүй л амьтад байгаа л даа, ХӨЛӨГ БААТРУУДЫН хувьд....
Нөгөөх солиотой Франц эр Жан Поль Сартрийн эхнэр болж явсан санагдах юм, Семоон Дө Бөвүүр гэдэг эмэгтэйн /Энэ эмэгтэй нөхөр шигээ бас Нобелийн шагнал авсан санагдаад байна, эндүүрсэн ч байж магад/ нэгэн зохиолын баатар нь “Хүмүүс бид ая тухтай амьдрал, орчин цагийн хөгжил дэвшилийнхээ төлөөсөнд маш их үнэтэй юм аа, огтхон ч анзааралгүй өгчихөж байна” гэсэн утгатай үг хэлдэг шиг билээ. Тэр эмэгтэй яг миний бодоод байгааг, одоо хэлэх гээд ядаад байгааг л хэлээд байх шиг ээ. Тэр огтхон ч анзааралгүй өгөөд байгаа олон олон юман дотроос л би тэр ХӨЛӨГ БААТРУУД байсан юм аа гэдэг нотолгоог олох юм гэдгийг харин маш сайн ойлгосон юм.
***
Би нотлох л болно, үүндээ итгэлтэй байгаа. 72 дугаар хурдны зам дээр тааралдсан тэр долоон баатар эр надад нэгийг сануулав. Бас би тэдний сүр сүлдэнд нь хишиглэн залбирч сууна. Харин яагаад ДОЛОО байсныг нь бодоод бодоод олохгүй байна. Уг нь ДӨРӨВ л байх ёстой юмсан.

# # Read more! #

Thursday, March 22, 2007

Үнэтэй байх тусмаа л ҮНЭТЭЙ



Удаан хугацаагаар өвдөж зовсоны эцэст, эсвэл аль нэгтээ хэл сураггүй одож, бүүр цөллөгөнд ч юм уу явж явж ирсэн байдалтайгаар би буцаж ирлээ. Цайр нь ховхорсон хуучин муу толинд өөрийгөө харахуй царай төрх маань жаал алжаангүй, гэвч нэгэнт зан төрхөө олж, хөдөлбөргүй хувирашгүй чигч, шийдмэг шинжтэй болж. Нэг бор бааздуухан хэлхэгэр хар куртка өмссөн маань хэн хүний нүдэнд тусамхай. Магад миний царай төрх ч бусдын нүдэнд содон байж болох.... Би лавтай 7 жилийг хаана ч юм өнгөрөөжээ. Миний буцаж ирж буй суурин бол жижгэвтэр, багахан аймгийн төв ч байж мэдэх, төвдөө их дээр цагт дэлгүүр хоршоо байсан хоёр давхар ганц байшинтай, тэр байшин нь одоо тус суурингийн олигтой өөдтэй бүхний оффис болсон, төвийнхөө ар хормойгоор гүн гуу жалгатай, хуурай шороо боссон, тийм нэгэн суурин аж.
Би нөгөөх хоёр давхарын дээд давхарт гарлаа. Хэзээ ч юм бэ, өмнө нь би энд ирж байсан юм байна. Сайн мэдэх юм. Миний ирж байх үеэс доторх зохион байгуулалтыг нь өөрчлөн нэлээд барууны шинж маягын стилээр тохижуулжээ. Хаана ч тэр жижиг сууринд гаднаас шинэ ирсэн хүн содон харагддаг, тэр л жамаар би тэнд байгсдад содон харагдаж буй бололтой. Миний аль ч биш газар өнгөрөөсөн долоон жилд би аль хэдийнэ энд шинэ хүн болж, эсвэл энэ суурин миний хувьд шинэ болчихож. Миний таньдаг, мэддэг хүн нэг ч алга бололтой. Миний мэддэг юм гэвэл зөвхөн гуниг сэнхийлгэсэн дурсамж л байна даа.
Хэн нэг нь "Та яах гэж явна" гэж надаас нэлээд санаа зовонгуй асууж байх юм. Их ядруу царайтай байгаа маань түүний санаа зовохын шалтгаан болов уу, яав? Өөр зүйлд ч юм уу мэдсэнгүй,
"Би хэн нэгнийг хүлээж байна" гэлээ. Ингэхэд би нээрээ хэнийг хүлээсэн юм бол... Нэг л хүнийг гэж, өөрийн мэдэлгүй, зөнгөөрөө ийшээ ороод ирчихсэн байх юм. Яах гэж, уулзах гэсэн юм болов уу, уулзаад юу хэлэх гэсэн юм бол, ер нь яах гэж ирсэнээ ч сайн мэдэхгүй юм. Гараа хар куртканыхаа халаасанд хийчихээд ийш тийш энэ тэрхэнийг сонирхон зогсож байтал чи ороод ирлээ. Бас над шиг хар өнгөтэй энгийн хийцтэй атлаа гоолиг биед чинь тун ч зохисон урт, нарийхан цув өмсөж. Би чамайг хараад "Ингэхэд би үүнтэй уулзах гэж зорьж ирсэн хэрэг үү? Яах гэж... Бид чинь хэн, хэнсэн билээ. Зүгээр л нэг ангийн найзууд. За, их сайндаа нэг ширээний хоёр". Зүггүйтэх, сахилгагүйтэхдээ л бид хоёр нийлдэг байсан байх. Бусдаар бол нэг их бусдаас илүү дотносож, нөхөрлөсөн нь үгүй. Тиймээ, бид хоёр уулзалгүй их удсан, бараг долоон жил болсон байна. Энэ хугацаанд бид бие биенээ нэг ч удаа сураглаж байсангүй, нэг ч удаа утсаар, ядахдаа майлаар ч мэндээ асуулцаж байсангүй.
Өмнө нь ч тэр, сургууль төгсөнөөс хойшхи хэдэн жилд уулзвал нэг их сүйд болоод байхгүй, мэндтэй, хоёр үгийн солиотой л өнгөрдөг байсансан. Хааяа нэг сонин хэвлэлээр ч юм уу, бие биесийнхээ сургийг сонсвол, өө, тийм үү гэсхийгээд л өнгөрөх. Тус тусийнхаа ажил, амьдралыг хөөж л одсон хоёр. Гэтэл энэ холоос, энэ бүхнийг үүрч, зовж, туулсаны эцэст, эцсийн мөчид энэ хүнийг гэн ирдэг маань чухам юунд болохыг би тайлбарлан хэлж чадахгүй байна.
Чиний царайг би тогтоож удаан харлаа. Чи их өөрчлөгджээ. Урьдын хөнгөн айлгүй ч гэж болох, эрчүүдийг бол ёстой хуйлруулж орхидог инээмсэглэл чинь ор сураггүй алга болчихож, чухам тэрхүү инээдэнд чинь би их дургүй байж билээ. Тэр үед ч, хожим ч чамайг энэ тэртэй явж байна, тэгэж байна, түүний хүүхдийг гаргаад..., гэсэн хов жив, дэл сул яриа бүхнийг сонсоход надад чухам чиний тэр инээмсэглэл л хамгийн түрүүнд санаанд ордог байсансан. Харин одоо чи их төлөвшиж, буурьшсан шинжтэй, харин хэзээ ч, амьдралын ямар ч сорилтонд дарагдашгүй цоглог, жавхаалаг чинь хэвээрээ... Үл ялиг ногоовтор нүд чинь очтон гялалзана. Нэг их дуу шуу болсонгүй, чимээгүйхэн инээмсэглэж ирээд гарыг минь барив. Харин гарын чинь алганаас би чиний дотор ямар их догдлол буйг мэдэрлээ. Тэгээд хоёулаа гарав. Нэгэн тоостой, эл хульхан гудамж уруудан зэрэгцээд алхлаа. Өмнө нь ингээд алхахад ер нь бидний явдал таардаггүй, нэг бол чи түрүүлээд, нэг бол би түрүүлчихдэг байсансан. Харин одоо өөр болжээ. Бас би чамаас хавьгүй өндөр байгаагаа анзаарлаа. Нээрээ ийм байл уу? Эсвэл чи намайг өндөр гэж хараад байгаа ч юм уу?. Хоёул гудамжинд байх элдэв зүйлс, энэ тэрхэний тухай аманд орсоноо л хэлэлцэн алхана. Яриа чинь намуухан, аядуу дөлгөөн болж... Гудамжны адагт байх нэгэн байшингийн зэрэгцээ очоод чи:
- "Би энэ байшингаар нэг хурдан ороод гарах ажил байгаа. Чамд энэ хавиар түр эргэлдэж байх..." ,
- "Өө, тэгье, тэгье. Надад ч бас энэ хавьд уулзах, сураглах хүн байгаа санагдана.",
- "Би удахгүй. Харин чи өөрийгөө уйдаахгүйхэн шиг байж байгаарай"
- "За, би энэ байшингийн үүд хавиар эргэлдэж байя"
Тэгээд чи орчихлоо. Тэртээ хойно байх ганганы арын толгойн өвөрт урдуураа гүйцээгээгүй хагас хашаатай хэд гурван гэр харагдана. Мөн ойрхон нэгэн хуучны дүнзэн байшин байх ажээ. Энд би бас нэг хүнтэй уулзаж болох юм байна. Би тийш алхлаа. Ганга гатлаад, өнөөх айлуудын нэгнийд нь оров. Эзгүй. Гэрээс гарч өнөөх хуучин дүнзэн байшинг зорилоо. Орвол чийг ханхална. Энэ байшин, эсвэл энэ ганганы ирмэг дээрх жижиг хадтай толгой миний амьдралтай ямар нэгэн сэжмээр холбоотой болохыг би мэдэрч байвч, харин юу болохыг нь санахгүй юм. Тэгээд л түүнийхээ сэжүүрийг гаргахаар ийн хэн нэгэн таньдаг, эсвэл зүс харсан хүн таарах, ямар нэгэн дурсамж сэдрэн сэргэх магад гэж ийн яваа ажээ. Өөрөө хэлбэл алдагдсан дурсамжаа л эрэн яваа гэх үү дээ. Ямар нэгэн сураг мэдрэгдэхгүй. Би тэрхүү хуучин дүнзэн байшингийн эзгүй, чийг ханхалсан бүдэг гэрэлтэй өрөөний голд зогсоод ямар нэгэн дурсамж маань эргэн сэдрэх болов уу хэмээн сэрэл мэдрэмжээ тэмтрэн зогслоо. Тэгээд гарав. Харин үүдэн дээр чи хүрээд ирж. Ихэд сандарсан, агдсан байдалтай зогсоно. Намайг хараад сэнгэнэтэл шүүрс алдан, тайвшрах шиг болов.
- "Өө, чи хүрээд ирэв үү? Чи ийм хурдан ажлаа амжуулах байсан юм уу? Намайг наашаа ирсэнийг яаж мэдэв?"
- "Миний нөгөө уулзах гэсэн хүн маань алга байна. Тэгээд гараад иртэл чи энэ байшин руу орж байгаа нь харагдлаа"
- "Ийм холоос намайг хараад танина гэж үү. Чиний нүдний хараа үнэхээр гайхалтай юм аа"
- "Энгийн нүдээр бол нэг хүн гэдэг нь л харагдана л даа. Харин би сэтгэлээрээ, зөнгөөрөө чамайг харсан. Ийм үед чинь тэгэж л харна шүү дээ". Тиймээ, хожим эргээд бодоход тэр чийг ханхалсан байшин бол намайг хар нүх мэт өршөөлгүй татах шидтэй байсан шиг санагдана. Чи түүнийг мэдэрсэн юм болов уу,
Энгийн нүдэнд бол хүн гэдэг нь ялгагдах төдий нэлээд хол газар байх юм. Нээрээ хүнд бас ингэж, сэтгэл, бүх сэрэл, мэдрэмж хүртэл хөвчрөн энгийн нүдээр ч харах аргагүйг харах, энгийн оюун бодлоор ч тайлах аргагүйг хялбархаан тайлчих үе бас бий. Тэр үе бол тун ховор, барьж авч чадвал гайхамшиг, магад, хүнд энэ насанд нэг хоёрхон л тохиолддог байх... Чиний хэлсэн энэ "Сэтгэлээрээ, зөнгөөрөө харсан" гэсэн үг зүрхэнд минь хүрчээ.
- "Надад их сайхан байна. Би энэ мөчийг л хүлээж байсан шиг ээ"
- "Сайхан байна гэж битгий хэл. Нэгд, тэгэж хэлүүлэлтгүй би мэдэж байна. Хоёрт, ерөөс наад сайхан байна гэдэг үг чинь чиний ч, миний ч сэтгэлд байгаа бүхнийг бүрэн дүүрэн бүү хэл тал хагасыг нь ч илэрхийлж чадахгүй"
- "Тиймээ, хоёлаа чимээгүй байсан нь дээр юм байна. Чимээгүй, энэ бүхнийг л мэдрэе"
Чи мөрийг минь түшлээ. Нүүрээ мөрөнд минь наагаад битүүхэн мэгшив. Нулимсыг чинь арчиж өгөхөөр гараа өргөвөл:
- "Хэрэггүй ээ, би нулимс гаргаагүй. Зүгээр л, бие гэнэт сулраад... Гэхдээ энэ бие муугийнх биш шүү. Сэтгэл догдолсных...."
Шанхны чинь үсийг зөөлөн имэрч, чиний үнэрийг мэдэрч зогсоно. Хонгор шаргал үс чинь ийм сорлог мяндаслаг, нялх хүүхдийнх шиг байсныг би урьд нь нэг ширээн дээр дөрвөн жил суухдаа анзаардаггүй байж дээ. Нэг удаа чи миний дэвтрийг ч билүү, номыг ч бил үү аваад зугтаахад чинь би гэзэгнээс чинь шүүрч, угз татан зогсоож билээ. Чи арай л арагшаа савж унаагүй. Намайг гэнэт тийм эрээгүй аашилж гэзгэнд чинь халдана гэж огтхон ч санаагүй байсан бололтой, айсан, гайхсан, бас уурлах эсэхээ мэдэхгүй шинжтэй над руу том хархад чинь би чиний гараас дэвтэрээ сугалж аваад бушуухан эргэж билээ. Гэзэгдүүлсэнийхээ хариуг чи харин дараа нь сайн авсан даа. Хэнийх нь ч билээ, “Манан будан” ч билүү, нэг хатуу хавтастай том зузаан номоор толгой дундуур минь нүд эрээлжилж, ёстой манан будан таттал гайгүй сайн буулгаж, хариуд нь би гарыг чинь часхийж орилтол нь базаж байсансан. Араас "Мангар хар" гэсэн гомдонгүй дуу... Бидний оюутны амьдралд нэг ийм хүүхдэрхүү адал явдал олон байж дээ. Аа, тийм, тийм. Тэгэхэд би нэг шүлэг ч билүү, юм тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж байтал чи тонгойж ирээд л, юу бичээд байгаа юм гэж их сонжихоор чинь би гараараа халхалмар болсон юм. Тэгээд чиний чочмог, зоримог ааш, гэдэн чинь гэнэт хөдөлж, дэвтэрийг минь гар дороос суга татан аваад эргэж, тэгэж гэзэгдүүлж байсан юм байна шүү дээ.
- "Хоёулаа нэг тийшээ явьяа. Чамд амралт хэрэгтэй байгааг би харж байна. Чамайг амраах газар олое"
- "Тийм ээ, надад амралт хэрэгтэй. Түүнээс ч илүүгээр хоёулаа нам гүмхэн суух газар олъе"
- "Бүгдэд одоо мартагдаж хоёулахнаа хоцорчээ
Бүлээн дулаан газар чимээгүйхэн сууцгаая.
Анир гүм өрөөнийхөө булангаас
Аравдугаар сарын харанхуй шөнийг харцгаая"
- "Чи Блокийг уншдаг болоо юу?"
- "Чи л намайг тэгэж боддогоос биш, би өмнө нь ч уншдаг л байсан"
- "Би одоо Блокийг уншихаа больчихсон."
- "Тэр нь дээр дээ, Би ч уншихаа больчихсон"
Ганц нэгхэн бороо хаялж эхлэв. Урин цагийн үнэр ханхийнэ.
- "Энэ хаврын анхны борооны үнэр үү"
- "Тийм, одоо чинь аравдугаар сар биш гуравдугаар сар шүү дээ"
- "Нээрээ тийм байна шүү дээ"
Ингэж хэлэхэд чи дээш тэнгэр өөд харав. Яг тэгтэл хамрын чинь шонтгор үзүүр дээр нэг борооны дусал под хийтэл дуслаа. Тэр дусал хацрын чинь хонхорхойд очоод тогтчихов. Би чиний энэ царайг мянга мянган жил харж, хажууд чинь байсан мэт тийм дотно байгааг мэдрэв. Би унаж боссон бүх нь амьдралынхаа туршид энэ л царайг эрэн энэ амьдрал дундуур эцэл, цөхрөлийг умартан тэнүүчилж ирж дээ.
- "Чи эндээ зогсож байгаарай. Би унаагаа аваад ирье, тун хурдан" гээд чи явж одлоо. Нээрээ тун ч удсангүй, чи жижигхээн, хуучин Хонда мотоцикль уначихсан давхиж ирэв. Үсээ боож, бариу жийнсэн өмд, цамц өмсчихөж.. Би уг нь чамайг машинтай ирэх байх гэж бодсон юм. Долоон жилийн өмнө хамгийн сүүлд уулзахад чи нэг улаан Соната-4 уначихсан ч байл уу. Нэг хэсэг чи эр, машин хоёрыг ч сайн сольсон л доо. Жил болоод машин солихгүй бол ер нь машин унах хэрэггүй шахуу л ойлголттой байсан хүн маань хуучин муу мотоциклоор хөл дүүжилдэг болж... Харин надад энэ нь их таалагдаж, ялангуяа үсээ боочихсон, жийнсэн өмд цамцтай мотоцикль бариад явж байгаа чинь.... Чиний угийн шийдмэг, зоримог занд чинь тун ч догь цохиж ээ. Анжела Жоли ч чиний дэргэд ямар л харагдах бол... Намайг араараа суулгаад давхих чинь юутай сурмаг, дадмаг болоов. Би нуруунд чинь цээжээ нааж, бэлхэсээр чинь зөөлөн тэврээд, чихэнд салхи исгэрэхийг сонсон, чиний үс гэзэг нүүрийг минь илбэн энхрийлэхийг мэдрэн явна. Их багадаа ээждээ үүрүүлчихээд, ээжийнхээ нуруунд наалдаад, ээжийнхээ алхаанд бүүвэйлэгдэн явдаг байсан минь санаад орж ирж байна. Даанчиг сайхан байж, одоо ч мөн л тийм байна.
Бид хоёр хэсэг явав. Нэг модтой уулын ам өгсөөд баахан давхив. Хэд хэдэн амралтын бололтой газрын хажуугаар гарлаа. Би:
- "Энэ газрууд ямар вэ?"
- "Уг нь зүгээр, гэхдээ хэрэггүй ээ"
- "Яагаад?"
- "Үнэтэй. Хямдхан атлаа бас тохитой газар олно оо, хоёулаа"
- "Чи урьд аль үнэтэйг нь л сонгодог байсан даа?"
- "Одоо бол тэр цаг биш. Тэгээд ч бидэнд мөнгө бага байгаа"
- "Тэр цаг өөрчлөгджээ. Харин мөнгөний хувьд өөр шүү. Надад мөнгө байгаа"
- "Чи яаж тэр газраас мөнгөтэй ирэхэв дээ?" Түүний хэлж буйгаас миний ирсэн газар бол тун хэцүү газар бололтой юм. Цөллөг ч юм уу, шорон юм байна гэж би баттай ойлгов.
- "Мөнгөтэй ирсээн. Үлдсэн насандаа хангалттай хүрэлцэх мөнгөтэй ирсэн. Энэ хар л даа". Би куртканыхаа хармаанд түнтийх бөөн боодолтой мөнгөнүүдийг түүний гарт хүргэж үзүүлэв.
Тэгээд хоёул явсаар нэгэн голын хөвөөн дэх бяцхан ойн чөлөөнд ирэв. Ойрхон амралтын камп байгаа бололтой. Ойн цоорхойд жижигхэн будаггүй модон вандан байх юм. Түүн дээр хоёулаа нуруугаараа биесээ налаад хоёр тийш хараад суулаа. Ойрмогхон голын усны шожигнох нь сонсогдоно. Чи нэрээр минь дуудаад
- "..... Чи бид хоёр их удаан төөрөлдөж явж ээ."
- "Та бидний амьдрал жаргал
Таарч хэчнээн ойрхон байж вэ?
Гэвч хувь заяа ийм хойно...
- Би Татьяана биш шүү дээ. Чи минь ч Онегин биш. Бидний тавилан ч тэднийхээс огт өөр юм. Чи бид ч тэднээс огт өөр хүмүүс..."
- Тийм ээ.
- Чи минь тэгээд яагаад Татьяанагийн үгийг?
- Чи минь, миний үгийг гүйцээсэнгүй шүү дээ. Би төгсгөлийн мөрийг нь өөрчилж хэлэх гэсэн юм.
- Гэвч, хувь заяа ийм хойно
Гэмшин харамсаад ч юүхэв дээ гэж үү?
- Яг тийм....
Тэгээд хоёулаа юунд ч юм учиргүй хөхрөлдөв. Уг нь хүн хөхрөөд, инээж баясаад байх юм байхгүй л дээ. Бид хоёр анх 20 жилийн өмнө уулзсан. Тэгэхэд аль аль бага балчир, чи бүүр дунд сургуулийн годгор гэзэгтэй, урт хөлтэй, улаан хацартай ч нүүрэмгий гэж жигтэйхэн охин байсансан. Гурван жилийн дараа хоёулаа дээд сургуульд нэг ангид орж, бүүр нэг ширээнд суудаг болсон. Хааяа муудалцдаг, ихэвчлэн чиний ил задгай, шулуун занд чинь дургуйцсэн миний хэдэр араншингаас л болдог байсан байх даа, бас хааяа нийлж ангийнхнаа шоглоно. Хамгийн зүггүй, сахилгаггүй хоёр нь бид байсан. Бас хичээл тасалдагаараа ч, хоёр авчихаад хэнэггүйрхээд зогсож байхаараа ч адилхан байж. Харин бид хоёрын хооронд хайр дурлалын, янаг амрагын ямар ч, бүүр сэдэл ч гарсангүй. Чи ангийнхаа хөвгүүдийг нэг их тоохгүй, хар драптай, хар шилтэй, хар машинтэй том том ах нар чамайг эргүүлдэг. Нэгэнтэй нь чи бүүр ханилан сууж, хоёрдугаар курсэд байхад зүүн хязгаарт байх нутагт нь очиж, айлын бэр болчихож ирээд, бас л бидэнтэй цаасан чавхаар байлдаж тоглосоор байж билээ. Нэг удаа нөхөр чинь чамайг авахаар ирсэн байсныг мэдэлгүй, би чиний толгойд хогийн хувин углах гээд анги дотуур хөөж яваад яг үүдэн дээр нөхөртэй чинь мөргөлдөж, тэр хүний бүдүүн гүзээг биеэрээ мэдэрч, тун их эвгүйрхэж билээ. Тэгэхэд чиний тэр анхны нөхрийн их хартай харсан харц одоо ч санаанаас гардаггүй юм. Чи тэр нөхрөөсөө нэг хүүтэй л салсан, удаагүй, жил болоод... Харин би чиний найзад дурлачихаад, бараг галзуурч, ухаан санаа орон гарах болчихсон, юун тэр ангийн охин нөхөртэй болох, салах энэ тэрийг анзаарах сэхээгүй л явсан даа. Миний дурласан охин бас чам шиг гал цогтой, зоримог. Мөн чам шиг хөнгөн явдалтай. Тэр бүгдийг нь би мэддэг. Мэддэг ч гэж, чи надад найзынхаа, миний тэр дурласан охины бүх явдлыг нэгд нэгэнгүй, нүдэнд харагдтал ярина. Тэр бүхэнд би бараг галзуурах нь холгүй, ер нь галзуурч, ухаан санаа самуурч явсан даа. Бас нэг удаа миний тэр дурласан охиныг аборт хийлгэх гээд, мөнгө олдохгүй сандарч байна гэж чамайг хэлэхээр чинь би ааваасаа үлдсэн ганц мөнгөн аягаа зах гаргаж зараад, 10 000 төгрөгийг чамаар дамжуулж өгч байж билээ. Түүнд хичнээн их хайртайгаа хэлж ч чадахгүй, бас орхиод ч явж чадахгүй. Тийм л хэцүү байсан даа. Шим шүүстэй залуу халуун насны хамаг эрч хүч, цаг хугацааг тийм золгүй дурлалд өргөл болгож орхисон юм. Тэгээд дурласан охины маань найз болох чамайг ч мөн тийм хөнгөн, хийсгэлэн явахад чинь би тэвчиж чаддаггүй, дургүйцдэг, түүнээ ч заримдаа ил тод илэрхийлчихд
эг, түүнээс болоод үе үе сүрхий ширүүн муудалцчихдаг байсансан. Гэвч хичнээн муудалцсан ч чи төдхөн л огт юу ч болоогүй юм шиг нүдээ гялалзуулан инээсээр ирдэгсэн. 
Сургууль төгсөөд л, аль аль нь ажил төрлийнхөө мөрийг хөөж одсон. Хааяа нэг ажлын шугамаар уулзана. Сургууль төгссөнөөс хоёр жилийн ч дараа билүү, чи "Өмнөх нөхөр маань дахиж нийлэе гуйгаад салахаа байлаа, бид одоо бүр түүнийг үзэн ядаж байна. Би хүнийг ингэж үзэн ядаж байгаагүй. Тийм атлаа хүүдээ хичнээн хайртай гээч..." гэж ярьж байсныг чинь санаж байна. Тэгэхдээ чи миний нэг сайн таних залуутай явдаг байсан. Түүнтэй лав суугаагүй. Аа, тийм нэг удаа, чи бид хоёр "Бамбарууш" кафе-д хамт нэг цайлсан юм байна. Би тэгэхэд гэрлэх гэж байсан юм. Би гэр бүл болох гэж байгаа тухайгаа ярьж, чи "Чи ч түүнийг бүр мартаа юу?" гэж өнөөх найз охиныхоо нэрийг хэлээд асууж байсансан. Бас дөнгөж сургууль төгссөний дараахан, чи дөнгөж ажилд орж байхад, байрны мөнгөгүй болчихлоо гэж нэг утасдаж, би хэдэн ч билээ төгрөг чамд өгч байсан санагдана. Түүнээс хойш ч чи тун хурдан дэвшсэн дээ. Хэлтэс, газрын дарга болж, сонинд байн байн зураг, ярилцлага чинь залагдаж..., Бас алтан, мөнгөн мисс ч болж, Байраа, унаагаа хэд хэд сольж, бас нөхрөө ч хэд солиод авсан. Хамгийн сүүлд долоон жилийн өмнө, энэ цөллөгөнд явахын өмнөхөн бид хоёр нэг том даргын цайллаган дээр тааралдаж билээ. Тэгэхэд чи, хэдэн хүүхэдтэй болсон бэ, би төдөн хүүхэдтэй болсон гэсэн юм ярилцаад л, инээж наадаад өнгөрсөн санагдана.
Ингэж нуруугаа нийлүүлж суугаад өнгөрсөн энэ бүхнээ эргэн санахад нүдний өмнүүр дүрс зураг мэт жирэлзэнэ. Бид хоёр баахан хөхрөлдөж, хөхрөлдөж.. гэнэт хоёул яг хамт, гэнэт таг дуугаа хураачихав.
- Чи минь.... Ингэж аяархан хэлээд тэр гараа арагш нь явуулж миний гартай зэрэгцүүлэв. Гар хүрэлцэж буй тэр хэсгээр ер бусын халуу оргино.
- Зүгээр л гар шүргэлцэхэд л хангалттай байгаа биз?
- Юу тэр вэ? гэж би гайхасхийн асуув.
- Тэр тэврэлдэх, үнгэлдэх, сексдэх энэ тэр бол яг үнэндээ хайрын хажууд юу ч биш, бүүр юу ч биш гэдгийг би мэдрэх болсон.
- Юу ч биш л дээ...
- Чи нэг домог ярьж байснаа санаж байна уу?
- Ямар домог...?
- Эртний Грекийн нэг домог. Уг нь хүн гэдэг амьтан...
- Аа, санаж байна, санаж байна...
Нээрээ нэг тийм домог байдаг юм. Уг нь хүн гэдэг амьтан эр, эм аль аль шинжийг нь хадгалсан нэг цул амьтан байж л дээ. Тийм хосолмол хүйстэй болохоороо асар их хүчтэй. Тэр хүчиндээ эрдэж, дээд тэнгэр нартай тэрсэлдсэн юм гэнэ лээ. Тэгээд Тэнгэр нар дийлж, уурлаад хүн гэдэг амьтны эр эмийн хосолмол шинжийг нь салгаж, эр, эмээр нь хувааж орхисон ажээ. Түүнээс хойш хүн гэдэг амьтан энэ дэлхий дээр өөр хэнээр ч оруулашгүй нөгөө нэг өрөөл тал биеэ эрж хайх хязгааргүй, няцаагдашгүй эрэлхийлэл, тэмүүлэлтэй болсон юм гэнэ билээ. Би энэ домгийг Платоны номон дотроос уншиж байл уу, эсвэл бас зүүдэлсэн ч билүү. Үүнийг чамд нэг удаа анги дээр ярьж байсан юм. Энэ ч үнэн шүү. Хүн нээрээ өөрийнхөө нэг өрөөл биеийг, өөр хэнээр ч орлуулашгүй тийм хүнийг насан туршдаа өөрийн мэдэлгүй эрж хайж явдаг гэдгийг би бүх туулсан амьдралынхаа сэрэл, мэдрэмжээр нотолж бүрнээ чадах байна. Харин одоо тэр өрөөл биесээ бид олжээ. Тэр маань уг нь даанч их ойрхон байж. Даанчиг танилгүй ч юм уу, анзааралгүй ч юм уу, эсвэл хувь төөрөг нь ч тэр юм уу, их удаж байж олж байх юм.
- Чи бид хоёр, хэн хэн маань ийм амьдрал туулж, зовж, алдаж, онож яваагүйсэн бол бие биенийхээ хэн болохыг олж харж чадахгүй л явсаар, явсаар л байх байж дээ....
- Харин тийм..., Би бас яг энэ тухай бодож байна. Энэ 20 жил бид хоёрын нүдийг нээж өгчээ.
- Энэ мөч бидэнд бас их үнээр олдлоо шүү.
- Үнэтэй байх тусмаа л ҮНЭТЭЙ юм аа...
- Цаг ирж байна даа.
Хаа нэгтээ шувуудын шулганаан сонсогдоно. Бас моддын мөчирт салхины хөнгөн гүйдэл өнгөрөх нь мэдрэгдэж, тэнгэр өндөр агаад налгар байх ажээ.
- Хамтдаа бидэнд хоёрыг амьд байхад
- Хайр сэтгэлийн минь цэцэрлэг үргэлж зунаараа байна даа...
Зүүдчин

2007 оны 3 сарын 21-ны үүр шөнөөр ийн зүүдлэснээ бодон бодсоор энэ өдөр сийрүүлэн тэмдэглэв ээ.

# # Read more! #

Saturday, March 3, 2007

Чамаас гэрэл гэгээ цацарч байлаа

Чамайг тийм их тэмүүлэлтэй, ер бусын байхыг би ер хараагүй. Чи үнэхээр ер бусын байлаа. Нүднийхээ шилийг авчихаж, ялимгүй жаахан турсан, гэвч чи улам ч залуу болчихсон мэт. Сэтгэл санааны чинь догдлол, тэмүүлэл нүүр царайнд чинь юутай хурц тодоор илэрнэ вэ? Харц чинь ер бусаар гялалзана. Тэр хурц, тод харцтай чинь харц талгарахад зүрх сэтгэл рүү бөөн бөөн баяр, цэнгэл, гэрэл гэгээ урсан ирж байх шиг. Нялх хонгор, энхрий ялдам, эрс шулуун, цагаан цайлган, цэвэр ариухан, итгэл найдвар, баяр хөөр.... хүний сэтгэл зүрхэнд өөр ямар л сайн сайхан байдаг билээ тэр бүгд чамд нэгдэн нийлжээ.
Манайхан, нэг их олуулаа ч биш бололтой, намайг ирсэн хэмээн бүгдээрээ нэг ширээ тойроод сууцгаачихаж. Нэг хоёр шил гожин юм гаргаж ч буй бололтой. Бүгдээрээ баяртай байгаа ч тэр бүгдийн сэтгэлийн баяр чамаас, чиний нүүр царайнаас, үг ярианаас чинь цацарч буй илч, гэрэл гэгээнд үл харагдана. Чиний байдал бүгдэд нөлөөлж, бүг д нэг ер бусын догдлолд автчихаж. 16 насанд анхны хайрын харцан дор догдлон зогсож байхдаа ч ийм сэрэл мэдрэмж төрж байснаа санахгүй юм. Бидний сууж буй өрөө баахан давчуудуу, нэг шатны эхэн дээр буй бололтой. Нэг нь чамайг нэг дуулаач гэлээ. Чи гитар мөрөвчлөөд дууллаа. Аялгууг нь тогтоож авсангүй, харин дуу хоолой чинь ер бусын нялх уян зөөлөн байх юм. Нэг цэцэг ургаж байна. Тэр цэцэг зүрхэн дээр ургадаг цэцэг юм. Харин ямар өнгөтэй юм бол доо гэж дуулах юм. Тэгээд шатан дээр зогсоод надруу инээмсэглэн харна. Чи намайг явьяа гэж байгааг би зөнгөөрөө, зүрхээрээ мэдэрч байна. Тэнд байгсад ч бүгдээрээ энэ байдлыг маш сайн ойлгож байх юм. Хэдий намайг явуулмааргүй байсан ч хэн нь ч дургүйцсэн шинжгүй, бүгдийг ойлгож, бас баярлаж, хөөрөн догдолж буй бололтой юм .. Харин чи бид хоёр хамтдаа явж чадсан болов уу. Юутай ч өдөржин энэ сэтгэгдэлд автсаар, нэг л хөгжүүн, догдлуун, хөнгөн шингэн өдрийг өнгөрөөлөө.

# # Read more! #

Айл нүүлгээд Инд мөрөн гаталлаа

Ойрд айл амьтан нүүлнэж өгсөнгүй байжээ. Хэнийх нь ч юм, нэг их сайн мэддэг л бололтой, бага шиг ачаатай, хоёр хүүхэдтэй, харин нэлээд мал ахуйтай айлыг нүүлгэж өглөө. Тэдний хамаг ачаа нь хоёр тэмээнд багтаж байна. Гэхдээ нэлээд ачаа болов. Би ачаатай хоёр тэмээг нь хөтлөөд, дээр нь тэдний охин, хүү хоёрыг нь суулгачихаад шинэ нутаг руу нь алхаж гарваа. Харин гэрийн эзэн эр, хүүхэнтэйгээ малаа туугаад ойрхон дагав. Ачааны хоёр тэмээ маань харин нэлээд танидаг, тэр ч бүү хэл надтай болдог бол нэг хоёр үг соличих санаатай байгаа бололтой юм. Би ч тэр хоёрыгоо ачаа нь хүндэдчихсэн гэж өрөвдөөд л явлаа. Ер нь их ачаатай байгаа нь мэдэгдэж, хоёр тэмээ нэлээд амисгаадаж, хөлөө чанга чанга гишгэж, их хүч гарган яваа нь мэдэгдэнэ. Гартаа хөтөлсөн тэмээний амьсгаа чихэн дээр минь мэдэгдэж, тэр хүнд хөлөөрөө юу юугүй намайг ч гишгэчих гэж буй мэт сэтгэгдэл төрнө. Удалгүй нэг их гол усанд хүрч ирэв. Уг голын хөндий нь их том уудам юм. Харин гол ус нь бараг 90 хувь нь татарсан бололтой, олон жижиг салаа, сархинаг болж, ногоорсон замаг нь хуйларсан, хайрга шажигнаж, хоормог болсон булингартай ус урсаж байх юм. Би гэрийн эзэнтэй гар утсаар ярьж байна аа.
"За нэг ийм татарсан гол мөрөн дээр ирлээ. Гаталхуу, яах вэ?", "Гатал, гатал, наадхыг чинь гатлаад л ойрхон манай шинэ нутаг байгаа, Аль гүехэнийг нь харж байгаад гараарай хө" гэж байна.
За даа, гүехэнийг нь харалцаад байх ч юм алга даа, аль дуртай газраараа туучаад л гарчихмаар гүехэн юм. Их сайндаа л шилбээр татсан ус байна. Харин их олон салаа гатлах бололтой. Хөлд ноолорсон, усанд дэвтээсэн ноолуур мэт замаг орооцолдоно. Нөгөө гэрийн эзэн залуу хэлж байх юм. "Наад гатлага чинь одоо ус нь татраад ийм болчихсон юм аа. Уг нь наадах чинь нөгөө Желаль Ад-Диний гаталсан Инд мөрний домогт гатлага шүү дээ" гэж байна. Аа, Нөгөө Чингис хаан Хорезм шахын хүү, зоригт дайчин Желаль Ад-Динийг мөрдөн хөөсөөр Инд мөрний хөвөөнд гүйцэж, баридагийн даваанд дээр тэрээр морьтойгой их мөрний ус руу үсэрч ороод, сэлсээр цаана нь гарсан гэдэг. Араас нь Монголын хэдэн баатрууд орох гэтэл Чингис хаан хорьж, тэгээд "Эцэг хүн ийм хүүхдүүдтэй байваас зохилтой" гэж хэлсэн юм гэнэ лээ. Нөгөөх Желаль Ад-Дин нь мөрний цаад талд гарчихаад сэлэмнийхээ усыг шувтрангаа монголчуудыг занан зангаж байсан юм гэнэ лээ. Тэр гатлага нь энэ юм байж л дээ. Одоо ч олигтойхон дэвхрэг ч харайгаад гарчихаар болж дээ. Цаг хугацаа их ч юмыг өөрчлөх юм даа. Би хоёр тэмээгээ хөтлөөд гаталчихлаа. Өөрөөр хэлбэл Инд мөрнийг шүү дээ. Хоёр газар л нэлээд гүнзгий өвдөгөөр татсан ус таарсанаас биш өөр гүн юм алга. Цагтаа энэ их ус хичнээн сүрлэг догшиноор хуйлран, эсвэл их хүчийг илтгэн мэлтэгнэн урсаж байсан бол доо.
Би мөрнийг гатлаад мөрний нэгэн оломд ойролцоо байх жаахан зүлэгтэй газарт хоёр тэмээгээ хэвтүүлж жаал нуруу, хөлийг нь амрааж, далимд нь нөгөө айлын буух буудлыг эрж олоё гэж бодлоо. Харин тэмээ хэвтүүлчихээр газар олдсонгүй, арай гэж нэг жаахан зүлэгтэй халтирхайтай, налуу газар олж, гарт байсан тэмээгээ хэвтүүлчихээд, нөгөөг нь хөтлөөд айлынхаа буух буудлыг хайж явав. Удсан ч үгүй оллоо. Инд мөрөн гатлаад нэг их холгүй байх нөмөртэй нөөлөгтэй газарт дулаахан байж мэдэх буудал байх юм. Нөгөө хөтөлж яваа тэмээгээ тэнд орхичоё гэтэл тэр тэмээний ачаан дээр суусан хоёр хүүхдийг нь яалтай, аргагүйн эрхэнд нөгөөхөө хөтлөөд, түрүүчийн тэмээгээ орхисон газарлуугаа эргээд алхлаа. Нэг мөсөн хоюуланг л хөтлөөд ирдэг байж дээ. Ингээд л нэгэн цагт Хорезм гүрний их цэргийг залгиж, бас хорезмийн ордны 130 эхнэр, хүүхдийг ч үйж орхисон Инд мөрний их тавилганаар явган, хормойгоо ч шуулгүйгээр, ачаа нь хүндэдсэн хоёр тэмээ хөтөлчихөөд, /бас ч болоогүй, тэр ачаан дээр нь айлын хоёр балчир хүүхэд сууж байгаа/ гаталчихдаг юм байна.

# # Read more! #