#

Sunday, August 30, 2015

ГАЗЕЛЬ - 7


Дурлалын цэцэгс анхилам дэлбээгээ дэлгэнхэн байж, би мэдсэнгүй
Дуулим хорвоо хайрын уянгыг тэнгэрийн бошгоор аялан байж, би мэдсэнгүй

Даамай гэнэхэн сэтгэлээр бидэн бие биедээ дассан байж, би мэдсэнгүй
Дахин эргэхгүй хайрын хавар дэргэд минь ирчихээд нялхран байж, би мэдсэнгүй
.
Сунгасан гарыг чинь ч тосолгүй, чамаас салан одохдоо ч би мэдсэнгүй
Сувдан үрэл харцанд чинь бөнжигнөхөд гайхан зогсознохдоо ч би мэдсэнгүй
.
Зүрхэнд минь чи нэгэнт байраа олон төвхнөсөнийг ч би мэдсэнгүй
Зүүдэнд минь чиний харц хайр нэхэн мэлмэрэхийг ч би мэдсэнгүй ээ
.
Чамаас салан одсон тэр хормоос хойш хичнээн ч өдрүүд урсав..
Царай барайн үлдсэнийг чинь санахад зүрхэнд мэс хүрэх шиг ээ, би мэдсэнгүй
.
Анзааралгүй гишгэчээд өнгөрсөн хайрын хаврын цэцэгс
Ахин дэлбээлдэг юм уу?, тэнгэр минь надад хэлээч, би мэдсэнгүй
.
Гунихарсан сэтгэлийг чинь би одоо юугаараа нөхдөг билээ?
Гуйж сөхчин унавч цагийн эрхээр сэдэрсэн байвал яанам, би мэдсэнгүй
.
Уулзал үгүй чи надаас эгнэгт нүүр буруулсан бол би хаачих билээ?
Увиагүй зангийнхаа горыг эдлэн шаналанг үүрд тэврэх хувьтай гэж үү? би мэдсэнгүй
.
Салан одсон тэрхэн хоромд нүдэнд чинь нулимс тунарч байсансан...
Санаж сэхээрээд одоо гиншихэд Навой минь, миний зүрх цусаар уйлах шиг ээ, би мэдсэнгүй дээ...
...
1993.4.3

#

No comments: