#

Wednesday, August 19, 2009

Сципионы зүүд

Цицероны бүтээлүүд дотор шашны ч гэх юм уу, гүн ухааны агуулгаараа Somnium Scipionis буюу “Сципионы зүүд” гэж нэрлэгддэг тийм хэсэг бий. Энэ нь “Төрийн тухай” номын VI хэсэгт Сципион Эмилианд түүний эцэг Сципион Африканский зүүдний тухай ярьж байгаа тэр яриа болно. Эцэг нь хүүдээ өндөр дээрээс Карфагеныг заан харуулаад хоёр жилийн дараа чи үүнийг байлдан эзэлнэ гэж хэлдэг. Мөн хүү нь Капитоли руу ялгуулсан ялалтаа дуурьсгасаар ирэхийг, энэ үед гэвч Ром эмх замбараагүй байдалд орсон байхыг урьдчилан хэлнэ. Тэр үед эрүүл сэтгэлгээ, ухаан, сэтгэл зүрхний гэрэл зайлшгүй хэрэгтэй болно. Хүүгийнхээ сэтгэл санааг зоригжуулахын тулд Сципион Африканский эх орон, ард түмэндээ чин сэтгэлээр зүтгэж, шударга ёс, сайн сайхныг тогтоосон хүний сүнс хаана хүрч болдгийг ярьсан аж.

Ийм хүний сүнс Тэнгэрийн Сүүн зам буюу Дээд Бурханы нутагт очно. Энэхүү гайхамшигт, төгс төгөлдөр Орчлон есөн мандалд хуваагдан, хөдөлгөөнөөрөө Бурхадын хөгжим эгшиглүүлж байдаг гэнэ. Тэнгэрийн одод байдаг тэр мандалд Дээд Бурхан залрах бөгөөд тэндээс хамаг удирдлага ирнэ. Хамгийн доод мандалд нь Сар орчиж, Сарны дор буюу Орчлонгийн гол дунд үхэх, дуусах, элэгдэх тавилантай манай Дэлхий хөдөлгөөнгүй оршино. Хүмүүн бид ес дэх хүрээний хамгийн доод талд, үхэх үйлт бие дотроо сүнс маань хоригдон оршдог авай. Тийнхүү шударга ёс, сайн үйлст хүрэхийн тулд зайлшгүй Дээш хандах хэрэгтэй, үхэл, мөнх бус үгүй тэр ертөнцтэй бидний сүнс ариун мөн чанараараа холбоотой байдаг. Хэрэв газрын элдэв цэнгэл, хоосон нэр алдарт шуналгүй, өөрөөр хэлбэл хоригдчихоод байгаагаа мэдрэн Дээш, гагцхүү тэр сайн сайхан үйл, шударга журамт үйл хэрэгт тэмүүлбэл төрсөн эх орондоо очиж байгаа юм шиг сүнс тэр дээд мандал өөд хүрч чадна. Үхэлгүй мөнхийн сүнс үхэж үрэгддэг бие цогцыг, Бурхан бүх Орчлонт ертөнцийг захирдагтай адил захирч байдаг ажээ. Иймээс сүнсээ дээш явуулахын тулд зайлшгүй сайн үйлэнд оролцох хэрэгтэй, энэхүү сайн үйлийн нэг нь эх орноо аврах ариун хэрэг мөн. Энэ нэр хүндтэй үүргээ биелүүлсэн сүнс Тэнгэрийн орноо залрах эрхээр шагнуулах агаад, газрын таашаал, жаргалд татагдсан нь зуун зуунаар энд уяатай байж, зовлон шаналанг туулан үлдэнэ.

Энэ санааг олон талаас нь авч үзсэн нь бий. Нэг хэсэг нь хөхүүлэн дэмжиж, нөгөө хэсэг нь эрс эсэргүүцдэг. Цицероны зурагласан энэхүү дүр төрх олон үеийн мэргэчүүлийн санаа бодолтой давхцаж, нэг талаас астраль шашны байр суурьтай, нөгөө талаас сэтгэл үхэшгүй мөнх гэдгийг үзүүлсэн сургаалтай, гуравт гэвэл сансар ертөнцийг зөвхөн сайн үйл хийсэн хүн алхаж орох эрхтэй нэгэн том сүм мэтээр дүрсэлдэг үзэлтэй нийлнэ.
“Сципионы зүүд”-ний нэг сэдэв бол аугаа их сансрын дэргэд энэ ертөнц дээрх хувь хүний амьдрал юу ч биш гэсэн санаа юм. Энэ санаа “Энеида”-гийн VI номд мөн тусгагдсан бий.

Хосе Ферратер Мор “Философийн толь бичиг” /1959 он/

#

No comments: